Доторх хүнээ сонсогтун
Доторх хүнээ сонсогтун
«Харь үндэстнүүд [Бурхны] Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлд[дэг]» (РОМ 2:14).
1, 2. а) Бусдад тусалсан хүний жишээ хэлнэ үү. б) Бусдад тусалсан ямар хүний жишээ Библид байдаг вэ?
УНАДАГ өвчтэй, хорин настай нэгэн залуу татвалзаж байгаад метроны зам руу уначихав. Хажууд нь байсан нэг эр үүнийг хармагцаа хоёр охиноо орхин араас нь үсрэв. Тэрбээр өнөөх залууг цувимал замын хонхорт оруулан биеэрээ халхалж, хурдаа хасаж чадалгүй, дугуйгаа чахруулан давхисаар дээгүүр нь өнгөрөх цахилгаан тэрэгнээс амийг нь аварчээ. Зарим хүн тэр эрийг баатарлаг гавьяа байгуулжээ гэх байх. Харин тэрбээр: «Хүн зөв юм хийх ёстой шүү дээ. Би нэр алдар, магтаал сайшаалд дурлаагүй. Сайхан сэтгэлийн угаас тусалсан юм» гэж хэлжээ.
2 Аз туршин байж бусдад тусалсан хүнийг та мэддэг байх. Дэлхийн хоёрдугаар дайны үед олон хүн харь элгийн хүнийг нууж, амь насыг нь аварч байсан тохиолдол бий. Бас элч Паул 275 хүний хамт Сицилийн ойролцоох Мальт гэдэг жижиг арлын орчим усан онгоцны сүйрэлд өртөхөд нутгийн хүмүүс тэдэнд «маш их элэгсэг хандан» тусалсан түүхтэй (Үйлс 27:27–28:2). Түүнээс гадна, арамейчуудад олзлогдсон бяцхан израиль охин эзэндээ сайхан сэтгэл гаргасан (Хаадын дэд 5:1–4). Есүсийн ярьсан ёгт үлгэрт гардаг өршөөнгүй сэтгэлтэй самари хүнийг санацгаая. Дээрэмчдэд тонуулаад үхлүүт хоцорсон иудей хүнийг яс үндэс нэгтэй тахилч леви хоёр тоомжиргүй орхиод явсан байтал тэр самари хүн өөрийн хэргийг хойш нь тавьж тусалсан билээ. Энэ үлгэр одоо ч олон үндэстний хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг (Лук 10:29–37).
3, 4. Олон хүн бусдын төлөө өөрийгөө золиосолдгийг бодож үзвэл эволюцийн онолын талаар юу хэлж болох вэ?
3 «Хэрцгий, сайныг үзэн ядагч» хүн олширсон «хэцүү цагт» та бид амьдарч байна (2 Тимот 3:1–3). Гэхдээ бид сайхан сэтгэлтэй хүмүүстэй учирч, заримдаа тус дэмийг нь хүртдэг шүү дээ. Өөрөө хохирсон ч, бусдад тусалдаг хүн цөөнгүй байдаг нь зарим хүний ярьдгаар, хүн чанартай холбоотой.
4 Үндэс угсаа, хэл соёлоосоо хамаарахгүй олон хүн өөрөө хохирсон ч, бусдад тусалдаг нь хүн «байгалийн шалгарлаар» бий болсон буюу «хамгийн сайн дасан зохицож чаддаг нь амьд үлддэг» гэсэн үзлийг үгүйсгэдэг. АНУ-ын засгийн газраас хэрэгжүүлсэн хүний генийн кодыг тайлж унших тусгай төслийг удирдан явуулсан эрдэмтэн Франсис Коллинз: «Бусдын тусын тулд сэтгэл харамгүй хүчин зүтгэж, тэдний сайн сайхны төлөө хувийнхаа эрх ашгийг хохирооход бэлэн байх зан суртахууны зарчим нь эволюцийн онолтой зөрчилддөг. [...] Хэрэв хүний генд хувиа бодох үзэл шингэсэн байсан бол өөрөө хохирон байж бусдын сайн сайхны төлөө зүтгэх хүн гарахгүй байх байсан. Зарим хүн өөрт нь огт хамаагүй, харь элгийн хүний төлөө өөрийгөө золиосолдог. [...] Үүнийг Дарвины онолоор тайлбарлах аргагүй л байх» гэж хэлжээ.
«Мөс чанартаа захирагдах» нь
5. Хүнд ямар нийтлэг шинж байдаг вэ?
5 Хүн өөрийгөө золиослон бусдад тусалдгийн нэг шалтгааныг эрдэмтэн Ф. Коллинз: «Ямар ч хариу харахгүйгээр нөгөөдөө тусалдаг нь мөс чанартаа захирагдаж байгаа хэрэг юм» гэж тайлбарлажээ. * «Мөс чанар» гэж бичсэнийг уншихлаар элч Паулын үг санаанд буух байх. Тэрбээр: «Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл, Хуульгүй боловч тэдгээр нь өөрсдөд нь хууль болдог. Хуулийн шаарддаг үйлс нь тэдний зүрх сэтгэлд бичигдсэнийг тэд харуулдаг. Тэдний мөс чанар ч хамт гэрчилж, тэдний бодол санаа ч нэг нэгнээ буруутгадаг, эсвэл өмгөөлдөг» хэмээжээ (Ром 2:14, 15).
6. Бүх хүн Бүтээгчид тайлагнах ёстойн учир юу вэ?
6 Паулын «Ром» номд бичсэнийг үзвэл, Бурхан байдгийн баталгаа, зан чанарынх нь илрэл «ертөнц бүтээгдсэнээс хойш» тодорхой байсаар байгаа тул Бурхныг мэдэх боломж олдоогүй гэж шалтаг тоочих эрх хэнд ч байхгүй бөгөөд бүх хүн Бурханд тайлагнах учиртай ажээ (Ром 1:18–20; Дуулал 19:1–4). Олон хүн Бүтээгчээ үл тоомсорлон, ёс бус үйл хэргээр хөөцөлддөг. Харин Бурхан хүнийг зөв шударга хэм хэмжээг нь сахин, муу үйл хэргээ гэмшээсэй гэж хүсдэг (Ром 1:22–2:6). Бурхан Мосегоор дамжуулан хууль өгсөн тул иудейчүүд тэр хуулийг сахиж, нүглээ гэмших учиртай байв. Гэхдээ «Бурхны үгс» даатгагдаагүй хүмүүс ч Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх учиртай ажээ (Ром 2:8–13; 3:2).
7, 8. Шударга зан хэр зэрэг түгээмэл байдаг вэ? Энэ нь юуны илрэл бэ?
7 Хүн сайн мууг ялгах чадвартай учир Бурхан байдаг гэдэгт итгэж, энэ итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах ёстой. Хүний шударга зан бол мөс чанарын илрэл мөн. Нэг жишээ татъя. Хэдэн хүүхэд савлуураар тоглож байтал нэг нь ганцаархнаа тоглох гэж зүтгэвэл бусад нь үүнийг шударга хэрэг гэж үзэхгүй нь лавтай. Одоо, дараах асуултыг бодож үзье. Хүүхдэд хүртэл шударга зан байдаг нь юуг харуулж байна вэ? Хүнд мөс чанар байдгийг харуулж байна. Паул: «Харь үндэстнүүд Хуульгүй боловч төрөлх байдлаараа Хуулийн зүйлсийг үйлдвэл...» гэж бичсэн шүү дээ. Сонирхолтой нь, энэ зүйлд «үйлдвэл» гэж орчуулсан үгийг Библийн зарим орчуулгад «үйлдэх бүрдээ» гэж буулгасан байдаг ажээ. Тэгэхлээр, Бурхны хуулийг мэддэггүй хүн ч хуульд заасан зүйлийг үйлдэх нь олонтаа байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн «Хуулийн зүйлийг» «төрөлх байдлаараа» үйлддэг нь мөс чанартаа захирагдан, таньж мэдэхгүй Бурхны хуулийг биелүүлж байгаа хэрэг юм.
8 Ийм хандлага олон үндэстэнд түгээмэл байдаг ажээ. Жишээ нь, Кембрижийн их сургуулийн нэгэн профессорын тэмдэглэснээр вавилон, египет, грек үндэстэн, австрали болон америкийн уугуул иргэд «бусдыг дарлах, хүн алах, хуурч мэхлэх, худал хэлэхийг жигшиж, харин ахмад настан, хүүхэд багачууд, сул дорой хүмүүст энэрэнгүй хандахыг эрхэмлэдэг» ажээ. Бас эрдэмтэн Ф. Коллинз: «Сайн муугийн тухай ойлголт бол хүн төрөлхтний түгээмэл ойлголт юм» гэж бичжээ. Энэ үг Ром 2:14-ийг санагдуулж байгаа биз?
Мөс чанар ба мөс чанарын үүрэг
9. Мөс чанар гэж юу вэ? Шийдвэр гаргахаас өмнө яадаг вэ?
9 Библийн үүднээс үзвэл, мөс чанар гэдэг нь үйл хэргээ хянах хүний төрөлхийн чадвар буюу аливаа юмны зөв бурууг хэлж өгдөг доторх хүн юм. Паул: «Миний мөс чанар... Ариун Сүнсээр гэрчилж байна» хэмээсэн байдаг (Ром 9:1, 2). Заримдаа мөс чанар маань ёс суртахууны холбогдолтой асуудлаар шийдвэр гаргахаас өмнө мэдрэмжтэй байдаг. Энэ нь хийх гэж байгаа үйлдлийг хянаж үзээд, хийсний дараа ямар сэтгэгдэл төрөхийг урьдаас хэлж өгдөг гэсэн үг юм.
10. Мөс чанар хэзээ өвддөг вэ?
10 Гэхдээ мөс чанар ихэнх тохиолдолд ямар нэг үйл хийсний дараа өвддөг. Давид Саул хаанаас зугтаж явахдаа Бурхны тосолсон энэ хаанд нэг тусгүй юм хийчихжээ. Дараа нь «сэтгэл нь ихэд зовов» (1 Самуел 24:1–5; Дуулал 32:3, 5). Энэ зүйлд хэдийгээр «мөс чанар» гэж бичээгүй ч, үнэндээ Давидын мөс чанар нь өвджээ. Мөс чанар өвддөгийг хүн болгон мэдэрдэг. Ямар нэг юм хийчихээд дараа нь санаа зовж, дэмий л тэгж дээ гэж шаналдаг. Жишээ нь, зарим хүн татвараа төлөөгүйдээ их шаналж яваад дараа нь нөхөж төлдөг. Бас садар самуун үйлдсэн хүн мөс чанар нь өвдөж шаналахад ханьдаа үнэнээ хэлдэг (Еврей 13:4). Мөс чанартаа захирагдвал сэтгэл амар тайван болдог.
11. Мөс чанартаа сохроор захирагдах нь ямар аюултайг жишээгээр тайлбарлана уу.
11 Тэгвэл мөс чанартаа л захирагдах нь зөв үү? Ер нь, мөс чанартаа захирагдах нь сайн хэрэг боловч мөс чанар бас буруу зүг залах аюултай. «Доторх хүн маань» биднийг хуурч мэднэ (2 Коринт 4:16). Нэг жишээ үзье. Христийн үнэнч дагалдагч Стефан бол «нигүүлсэл болон хүчээр дүүрэн» хүн байсныг Библид бичсэн байдаг. Гэтэл зарим иудей хүн түүнийг Иерусалим хотоос чирч гаргаад, чулуу шидэлж алжээ. Тэгэхэд Саул (хожим нь элч Паул болсон) энэ хэргийг үйлдсэн хүмүүсийн дэргэд зогсоод, «түүнийг алсан явдлыг... сайшааж байлаа». Энэ хүмүүс зөв юм хийж байна гэдэгтээ огтхон ч эргэлзээгүй тул мөс чанар нь ерөөсөө өвдөөгүй бололтой. Саулынх ч гэсэн өвдөөгүй байх. Учир нь тэрбээр энэ явдлын дараа ч «Эзний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлж» байсан. Мөс чанар нь Саулыг буруу зүг залж байсан нь тодорхой (Үйлс 6:8; 7:57–8:1; 9:1).
12. Мөс чанарт нөлөөлдөг нэг хүчин зүйл юу вэ?
12 Саулын мөс чанар яагаад өвдөөгүй юм бол? Дотносон нөхөрлөсөн хүмүүс нь нөлөөлсөн бололтой. Үүнийг ойлгохын тулд жишээ татъя. Эцэгтэйгээ тун адилхан дуутай залуутай утсаар ярилаа гэж бодъё. Удам дагаж эцгийнхээ дууг дуурайсан тэр залуугийн хэлж ярих нь ч гэсэн эцэгтэйгээ адилхан байж болох юм. Үүнтэй адилаар, Есүсийг үзэн ядаж, сургаалыг нь эсэргүүцдэг иудейчүүдтэй дотно нөхөрлөдөг байснаас Саул өөрөө ч тэдэн шиг болсон болов уу (Иохан 11:47–50; 18:14; Үйлс 5:27, 28, 33). Тийм ээ, нөхөрлөж явсан хүмүүс нь Саулын мөс чанарт нөлөөлсөн бололтой.
13. Орчин мөс чанарт хэрхэн нөлөөлдөг вэ?
13 Хүн амьдран суугаа нутаг орныхоо хэл аялгуугаар ярьдаг шиг мөс чанар соёлын болон орчны нөлөөнд автдаг (Матай 26:73). Эртний ассиричууд дайн тулаан их хийдэг, олзны хүмүүсийг тамлан зовоодог байсан нь хадны зураг зэргээс харагддаг (Нахум 2:11, 12; 3:1). Зөнч Ионагийн үеийн Ниневе хотын хүмүүсийг «баруун зүүн гарынхаа хоорондхыг мэддэггүй» гэсэн нь Бурхны хэм хэмжээнд юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэггүй байсныг нь хэлсэн хэрэг ажээ. Ийм орчинд төрж өссөн хүний мөс чанар ямар байх нь ойлгомжтой (Иона 3:4, 5; 4:11). Өнөөдөр ч гэсэн хүний мөс чанарт орчин их нөлөөлдөг.
Мөс чанараа мэдрэмжтэй байлгах нь
14. Эхлэл 1:27-гоос мөс чанарын тухай юу мэдэж болох вэ?
14 Ехова анхны хосод мөс чанар заяасан бөгөөд бид тэднээс мөс чанарыг өвлөн авсан билээ. Эхлэл 1:27-д Бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэж байдаг. Энэ нь хүн гадаад төрхөөрөө Бурхантай адилхан гэсэн үг биш ээ. Учир нь Бурхан сүнсэн биетэй, харин хүн махан биетэй. Тэгвэл үүнийг юу гэж ойлгох вэ? Бурхан хүнд зан чанараа шингээж, ялангуяа мөс чанар буюу сайн мууг ялгах чадвар өгсөн гэж ойлгох нь зүйтэй. Тэгэхлээр, Бүтээгчийнхээ талаар ихийг мэдэж, түүнтэй дотно харьцаа тогтоовол мөс чанар маань мэдрэмжтэй, илүү зөв удирддаг болно.
15. Бурхныг мэдэхийн ач тус юу вэ?
15 Библид бичсэнээр, Ехова «бидний Эцэг билээ» (Исаиа 64:8). Христианууд тэнгэр газрын алинд нь ч амьдрах бай, Бурхныг Эцгээ гэж үздэг (Матай 6:9). Бид Эцэгтэйгээ улам дотно харьцаа тогтоож, үзэл бодол, хэм хэмжээг нь өөрийн болгохыг хүсэх учиртай (Иаков 4:8). Гэтэл ихэнх хүн тийм хүсэлгүй байдаг учир нэгдүгээр зуунд амьдарч байсан иудейчүүдтэй адилхан юм. Есүс иудейчүүдийн талаар: «Та нар хэзээ ч Түүний дууг сонсоогүй, Түүний дүр төрхийг ч хараагүй. ...Та нарын дотор Түүний үг оршдоггүй» гэж хэлжээ (Иохан 5:37, 38). Бид Бурхны дууг сонсоогүй нь үнэн. Гэхдээ үгийг нь дотроо байлгавал Эцэгтэйгээ улам адилхан болж, аливаад Эцэг шигээ хандаж сурна.
16. Иосефт тохиолдсон явдлаас мөс чанараа сургаж, мэдрэмжтэй байлгах талаар юу мэдэж болох вэ?
16 Потифарын гэрийн даамал байсан Иосефийн жишээ дээрхийг баталдаг. Потифарын эхнэр Иосефийг садар самуунд уруу татжээ. Тэр үед Библийн нэг ч ном бичигдээгүй, Бурхан Хуулиа өгөөгүй байсан боловч тэрбээр: «Би яаж ийм их муухай хэрэг үйлдэж, Бурхандаа нүгэл үйлдэх билээ?» гэж хэлсэн (Эхлэл 39:9). Ингэж хэлсэн нь алс хол суугаа ар гэрийнхнийгээ биш, хамгийн гол нь, Бурхнаа баярлуулахыг хүссэн хэрэг байв. Тэрбээр Бурхны тогтоосон гэр бүлийн хэм хэмжээ буюу эр эм хоёр нийлж, «нэг бие» болдгийг мэддэг байсан. Түүнээс гадна, Иосеф өөр нэг явдлыг мэддэг байсан бололтой. Абимелех Ребекаг хүний эхнэр гэдгийг нь мэдээд гэр бүлтэй эмэгтэйг авч буруу юм хийвэл ард түмэндээ гай тарина гэж боджээ. Ийнхүү Абимелехийг зөв алхам хийсэнд Бурхан энэ хэрэг явдлыг сайнаар төгсгөснийг Иосеф бодож үзээд Ехова садар самуунд хэрхэн ханддагийг сайн ойлгосон биз ээ. Тэрбээр энэ мэдлэгтээ тулгуурлан, мөс чанартаа захирагдаж, садар самуунаас эрс шийдэмгий зугтсан (Эхлэл 2:24; 12:17–19; 20:1–18; 26:7–14).
17. Иосефийн үетэй харьцуулбал орчин үед Бурхныг дуурайх боломж илүү байдгийн учир юу вэ?
17 Одоо бидний гар дээр бүтэн Библи байгаа учир Эцгийнхээ үзэл бодол, санаа сэтгэлийг ойлгож, юуг сайшааж, юуг жигшдэгийг нь сайн мэдэх боломж бүрджээ. Библийг нямбай судалж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхийн хэрээр Бурхантай илүү дотно харьцаа тогтоож, түүнийг сайн дуурайдаг болно. Үүний үрээр бид мөс чанараа тэнгэрийн Эцгийнхээ үзэл бодлоор сургаж, хүсэл таалалд нь нийцүүлж чадна (Ефес 5:1–5).
18. Мөс чанарыг зөв удирддаг болгоё гэвэл яах хэрэгтэй вэ?
18 Мөс чанараа мэдрэмжтэй байлгая гэвэл орчны нөлөөг анхаарах хэрэгтэй. Ойр дотны хүмүүсийн үзэл бодол, үйл хэрэг, бас өсөж хүмүүжсэн орчин бидэнд зохих хэмжээгээр нөлөөлдөг учир мөс чанар мэдрэмжээ алдах юм уу буруу зөрүү мэдэрдэг болсон байж мэднэ. Хүн туулж өнгөрүүлсэн амьдралаа өөрчлөх аргагүй ч найз нөхөд болон орчноо ухаалаг сонговол мөс чанараа зөв хүмүүжүүлж болдог. Нэг чухал арга бол Бурханд олон жил үнэнчээр үйлчилж байгаа христиануудтай нөхөрлөх явдал юм. Үүний тулд цуглаанд очиж, бас цуглааны өмнө болон дараа тэдэнтэй харьцаж байх нь ач тустай. Үзэл бодол, биеэ авч явах байдлаа Библийн зарчимд хэрхэн нийцүүлэн хөгжүүлснийг нь, мөс чанараа Бурхны үзэл бодол, зан чанарын дагуу хэрхэн сургасныг нь ажиглаж байгаарай. Ингэвэл бид аажимдаа мөс чанараа Библийн зарчмаар сургаж, Бурхнаа илүү сайн дуурайдаг болно. Библийн зарчмыг баримтлан, итгэл нэгтнүүдийнхээ үлгэр жишээнээс суралцвал мөс чанар маань илүү зөв удирддаг болох бөгөөд бид өөрсдөө ч мөс чанартаа захирагддаг болно (Исаиа 30:21).
19. Дараагийн өгүүллээр мөс чанарын талаар өөр юу үзэх вэ?
19 Мөс чанараа үргэлж мэдрэмжтэй байлгах нь зарим хүнд амаргүй байдаг. Дараагийн өгүүллээр христиануудад тулгардаг зарим асуудлыг авч үзэхдээ мөс чанар ямар үүрэг гүйцэтгэдгийг, хүмүүсийн мөс чанар яагаад харилцан адилгүй байдгийг, мөс чанараа яаж илүү мэдрэмжтэй болгохыг дэлгэрэнгүй ярилцъя (Еврей 6:11, 12).
[Зүүлт]
^ Үүнтэй төстэй санааг Харвардын их сургуулийн профессор Оуэн Гингрич бичжээ. Тэрбээр: «Бусдын төлөө өөрийгөө золиослох хүний занг... амьтдыг судалж байгаад, шинжлэх ухааны үндэстэй тайлбарлах аргагүй юм. Оновчтой тайлбар олъё гэвэл Бурхнаас хүнд заяасан мөс чанар гэх мэтийн өөр л юмнаас хайх хэрэгтэй болов уу» хэмээжээ.
Давтах асуулт
• Сайн мууг ялгах чадвар буюу мөс чанар хэл соёлоос нь хамаарахгүйгээр бүх хүнд байдгийн учир юу вэ?
• Мөс чанартаа сохроор захирагдахаас болгоомжлохын учир юу вэ?
• Мөс чанараа мэдрэмжтэй байлгахын юу юу хийх хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]