Skip to content

Гарчиг руу орох

Ехова биднийг анчны урхинаас авардаг

Ехова биднийг анчны урхинаас авардаг

Ехова биднийг анчны урхинаас авардаг

«Чамайг анчны урхинаас... авардаг нэгэн бол [Ехова] юм» (ДУУЛАЛ 91:3).

1. «Анчин» гэж хэн бэ? Ямар аюултай вэ?

 ХҮНЭЭС давуу ухаантай, заль мэхтэй нэгэн дайсан жинхэнэ христиануудад аюул учруулдаг. Дуулал 91:3-т түүнийг «анчин» гэжээ. «Анчин» гэж хэн бэ? «Харуулын цамхаг» сэтгүүл 1883 оны 6-р сарын 1-ний дугаараасаа эхлэн түүнийг Сатан Диавол гэж тодорхойлдог болжээ. Урхи тавьж шувуу агнадаг анчин мэт энэ аймшигт дайсан Бурхны ард түмнийг залилан мэхэлж, урхиндаа оруулахыг оролддог.

2. Сатаныг «анчинтай» зүйрлэсэн нь ямар учиртай вэ?

2 Эрт цагт хүмүүс шувууг сайхан жиргэдэгт нь, өнгө алаглам өд сөдөнд нь дурлаж, эсвэл хоол хүнсэнд хэрэглэх, тахил өргөх зорилгоор барьдаг байжээ. Гэхдээ шувуу гэдэг амьтан сонор сэрэмжтэй, хурдан шалмаг учир амархан баригддаггүй. Тийм ч учраас, анчин хүн барих гэж байгаа шувууныхаа онцлог шинж, зан араншинг нарийн судалж байгаад зальжин арга сэддэг ажээ. Библид Сатаныг анчинтай зүйрлэдэг бөгөөд заль мэхийг нь тодорхой бичсэн байдаг. Диавол хүн нэг бүрийг нарийн судалж, дадал зуршил, ааш авирыг нь ажиглаж байгаад амьдаар нь барихын тулд нууцаар урхи тавьдаг (2 Тимот 2:26). Сатанд баригдвал Бурхантай тогтоосон харьцаагаа алдана. Эцэст нь, бүрмөсөн устгагдаж болзошгүй. Тиймээс, өөрийгөө хамгаалъя гэвэл «анчны» заль мэхийг сайн мэдэх хэрэгтэй.

3, 4. Сатан арслан шиг, наж могой шиг довтолдог гэдэг нь юу гэсэн үг вэ?

3 Дуулалч Сатаныг залуу арслан, наж могойтой зүйрлэн хурц тод бичсэн байдаг (Дуулал 91:13). Арслан шууд довтолдгийн адилаар Сатан заримдаа Бурхны ард түмний эсрэг мөрдлөг хавчлага өрнүүлж, үйл ажиллагааг нь хааж боох зорилгоор хууль тогтоол гаргуулдаг (Дуулал 94:20). Сатаныг арслан шиг шууд довтлоход Бурхан үйлчлэгчдийн дунд бүдрэх хүн мэр сэр гардаг боловч бүхэлдээ эв нэгдлээ зузаатгадаг учир тэрбээр довтлоод ч амжилт олддоггүй. Тэгвэл яаж наж могой шиг довтолдог вэ?

4 Хортой могой далдаас гэнэт довтолдог шиг Диавол хүнээс давуу ухаанаа ашиглан, зальжин аргаар довтолж, хөнөөл учруулдаг. Ийм аргаар Сатан зарим христиан хүний ухаан санааг хордуулж, Еховагаас урвуулан, өөрийнхөө хүслийг хийлгэн, гашуун үр дагаварт хүргэдэг. Гэхдээ бид Сатаны хөнөөх санааг ямар мэдэхгүй биш (2 Коринт 2:11). Одоо, «анчны» хэрэглэдэг үхлийн аюултай олон аргын дөрвийг нь дэлгэрэнгүй ярилцъя.

Хүнээс айдаг бол урхинд орно

5. «Хүнээс айдаг» хүнийг Сатан амархан урхиддаг гэж хэлэхийн учир юу вэ?

5 Ер нь, хүн бусдын сэтгэлд нийцэж, хүндэтгэл хүлээх дуртайг «анчин» сайн мэддэг. Христианууд бол бусадтай л адил хүмүүс. Гэхдээ, хүн намайг юу гэх бол гэж хэтэрхий их зовдог бол Диавол үүнийг дор нь өөртөө ашигтайгаар эргүүлнэ. Жишээ нь, зарим христиан «хүнээс айдгийн» гайгаар хөл алддаг (Сургаалт үгс 29:25, ШЕ). Бурхны үйлчлэгч, хүнээс айсандаа Бурхныхаа хориглодог зүйлийг хийх юм уу тушаалыг нь биелүүлдэггүй бол «анчны» урхинд орох нь тэр ээ (Езекиел 33:8; Иаков 4:17).

6. Хүүхэд залуусыг «анчин» хэрхэн урхидаж болохыг жишээгээр хэлнэ үү.

6 Жишээ нь, христиан хүүхэд сургуулийнхаа хүүхдүүдээс айсандаа тамхи татжээ гэж бодъё. Уг нь, хичээлдээ явахдаа тамхи татна гэж бодоо ч үгүй байх. Гэтэл тамхи татан биеэ ч хордуулж, Бурхныхаа таашаадаггүй зүйлийг ч хийчих нь тэр (2 Коринт 7:1). Яагаад ийм юм болов? Муу хүүхэдтэй нөхөрлөж, дургүйг нь хүргэхээс айсандаа ингэсэн байх. Хүүхэд залуус аа, «анчны» урхинд бүү ороорой. Амьдаараа баригдахгүйн тулд бага юманд ч сэрэмжтэй байгаарай. Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэн, муу нөхрөөс зайлсхийгээрэй (1 Коринт 15:33).

7. Сатан зарим христианы дүн нурууг хэрхэн алдуулж болох вэ?

7 Христиан үүргээ сайн биелүүлэхийг хичээдэг эцэг эхчүүд гэр бүлээ тэжээх гэж нөр их хөдөлмөрлөдөг (1 Тимот 5:8). Гэтэл Сатан энэ асуудлаар христиануудын дүн нурууг алдуулахыг оролддог. Жишээлбэл, зарим христиан, даргынхаа үгэнд орж, илүү цагаар ажилласаар байгаад цуглаан тасалдаг зуршилтай болсон байж болох юм. Эсвэл Ехова Бурхныг шүтэх нэг чухал арга хэмжээ болсон чуулганд очихын тулд ажлаасаа чөлөө авахаас айдаг байж мэднэ. Ийм урхинд орохгүй байх арга бол Бурханд итгэж найдах явдал юм (Сургаалт үгс 3:5, 6). Дүн нуруугаа алдахгүй байх бас нэг арга бол өөрийгөө Еховагийн гэр бүлийн гишүүн бөгөөд Ехова гэрийнхнийгээ халамжилдаг гэдгийг санаж байх явдал юм. Эцэг эхчүүд ээ, та бүхэн дараах асуултыг залбирч байгаад эргэцүүлж бодоорой. «Хүсэл тааллыг нь биелүүлж байсан цагт Бурхан намайг болон манай гэрийнхнийг хайрлан халамжилна гэдэгт би итгэдэг үү? Эсвэл хүнээс айдаг зандаа дийлдэн, Диаволын хүслийг биелүүлж, эцэст нь амьдаараа баригдах юм биш биз?»

Эд баялгаар хөөцөлдвөл урхинд орно

8. Сатан эд баялгийг ямар зорилгоор ашигладаг вэ?

8 Сатан христиануудыг урхидахын тулд эд баялгаар татдаг. Хурдан түргэн баяжиж хөлжихийг уриалдаг өнөөгийн бизнесийн тогтолцоонд христианууд хүртэл уруу татагдах аюултай. Зарим христиан итгэл нэгтнээсээ: «Сайн ажиллах хэрэгтэй. Хөрөнгөтэй болбол санаа зовох юмгүй болно шүү дээ. Тэгээд эхлэгч болсон ч яах вэ дээ» гэсэн үг сонсож болох юм. Иймэрхүү яриа нь итгэл нэгтнээ хувийн зорилгоор ашиглах гэсэн санаархал, дүн нуруу алдсаны дохио байж мэднэ. Тийм үгэнд орж, эд баялгаар хөөцөлдвөл Есүсийн ёгт үлгэрт гардаг «мунхаг» хүнтэй адил болох бус уу? (Лук 12:16–21).

9. Зарим христиан «бусад зүйлсийг» хүссэнээр Сатаны урхинд яаж ордог вэ?

9 Сатаны ёс бус ертөнц хүмүүст «бусад зүйлсийг хүсэх хүсэл» төрүүлдэг. Ийм хүсэл христиан хүний амьдралыг сүйрүүлж, Бурхны «үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог» (Марк 4:19). Харин Библи биднийг хоол хүнс, хувцас хунартай бол сэтгэл хангалуун байхыг уриалдаг (1 Тимот 6:8). Гэтэл олон хүн энэ зөвлөгөөг үл тоомсорлосны гайгаар «анчны» урхинд ордог. Тэд бардам ихэмсэг зандаа дийлдэн, дээгүүр зиндаанд байх гэж зүтгэсээр ийм хохирол амсдаг байж болох юм. Харин бид яадаг вэ? «Бусад зүйлсийг» хүсэж, сүнслэг үйл хэргийг орхигдуулдаг уу? (Хаггаи 1:2–8). Зарим хүн мөнгө төгрөгөөр гачигдахын зовлон амсахлаараа урьдах янзаараа байх гэж зүтгэсээр байгаад Еховатай тогтоосон харьцаагаа золиосолсон нь дэндүү харамсалтай. Эд баялгаар хөөцөлдвөл «анчныг» л баярлуулна шүү!

Юу үзэж сонирхохоо зөв сонгохгүй бол урхинд орно

10. Христиан хүн бүр юугаа шалгах нь зүйтэй вэ?

10 «Анчны» бас нэг арга нь сайн мууг ялгах чадварыг алдуулах явдал юм. Эртний Содом Гоморрагийн хүмүүсийнх шиг сэтгэлгээ өнөөдрийн соёл урлагийн салбарт ноёрхох болжээ. Бүр зурагт радио, сонин сэтгүүлд хүчирхийлэл, садар самууны холбогдолтой мэдээ давамгайлдаг болжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээнээс болж хүний «сайн мууг ялгах» чадвар суларч байна (Еврей 5:14). Ехова: «Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид... гаслантай яа!» гэж зөнч Исаиагаар хэлүүлсэн байдаг (Исаиа 5:20). Хүн бүр: «Миний ухаан санаа „анчны“ буруу суртал ухуулгаар хордоогүй биз?» гэж шалгаж үзэх нь амин чухал юм (2 Коринт 13:5).

11. «Харуулын цамхаг» сэтгүүл хайр дурлалын сэдэвтэй телевизийн олон ангит киноны аюулыг хэрхэн сэрэмжлүүлсэн бэ?

11 Бараг 25 жилийн өмнө «Харуулын цамхаг» сэтгүүлд зарим хүний ярьдгаар «савангийн дуурь» буюу хайр дурлалын сэдэвтэй телевизийн олон ангит кино ямар аюул учруулж болохыг сэрэмжлүүлсэн өгүүлэл нийтэлж байсан. * Уг өгүүлэлд: «Хайр сэтгэлээр ёс журамгүй явдлыг хаацайлдаг. Жишээ нь, нэг кинонд хүнтэй гэрлээгүй атлаа хөл хүнд болсон нэг бүсгүй: „Гэхдээ би Викторт хайртай. Бусад юм надад хамаагүй. [...] Хайртай хүнийхээ хүүхдийг төрүүлнэ гэдэг хамгийн чухал“ гэж найздаа хэлэх үед цаана нь эгшиглэх намуун хөгжим үзэгчдийг уяраана. Ингээд сэтгэл нь хөдөлсөн үзэгч Викторт дурласан бүсгүйг өрөвдсөндөө зовлонг нь „ойлгож“, буруу хэрэг хийсэн гэж бодохоо болих жишээтэй. Олон ангит кинонд дуртай байсан нэг Гэрч эмэгтэй: „Киноны баатрыг зөвтгөхөд ямар амархан байдаг гээч. Садар самуун үйлдэж болохгүй гэдгийг бид мэддэг шүү дээ... Гэхдээ би кино үзэхлээрээ тийм хэргийг ухаан санаандаа үйлддэг юм байна гэдгээ ойлгосон“ хэмээн бичжээ» гэж тэмдэглэсэн байна.

12. Телевизийн олон ангит киноны аюулаас болгоомжлох нь одоо яагаад чухал бэ?

12 Хүний зүрх сэтгэлийг урвуулах чадалтай кино ший дээрх өгүүллийг нийтэлж байсан тэр үеийг бодвол одоо илүү их гардаг болжээ. Олон оронд иймэрхүү киног 24 цагаар үзүүлдэг. Өнөөдөр хөгшин залуу, эрэгтэй эмэгтэй гэлгүй олон хүн ийм л юм үзэж байна. Гэхдээ христиан хүн кинонд дүрсэлдэг ёс суртахуунгүй явдлыг байдаг л зүйл гэж бодоод, үзэж сонирхдог бол өөрийгөө хуурч байгаа аюултай хэрэг юм. Христиан хүн ёс журамгүй хүнийг гэртээ урьдаггүй. Тэгвэл тийм хүний тухай киног дурлаж үзэх нь зөв үү?

13, 14. «Харуулын цамхаг» сэтгүүлд нийтэлсэн сэрэмжлүүлэг зарим хүнд ямар ач тустай байсан бэ?

13 Олон хүн «итгэмжит ухаалаг боолын» өгсөн дээрх сэрэмжлүүлгийг хүлээн аваад ач тус хүртжээ (Матай 24:45–47). Библийн үндэстэй, илэн далангүй зөвлөгөөг «Харуулын цамхаг» сэтгүүлээс уншсан зарим хүн юу ойлгосноо нууж хаалгүй бичжээ. * Нэг Гэрч эмэгтэй: «Би телевизийн олон ангит киног 13 жил тасралтгүй үзсэн. Цуглаанд очиж, хааяа нэг дэлгэрүүлээд байхад Еховатай тогтоосон харьцаанд минь ямар ч аюул учрахгүй гэж боддог байлаа. Гэтэл би савангийн дуурьд бүрмөсөн автаж, нөхөр нь хайр халамжгүй бол эхнэр нь өөр хүнтэй учрахад буруудахгүй гэж боддог болчихсон байлаа. Тэгээд өөрийгөө тийм „эрхтэй“ гэж бодоод, муухай хэрэг хийж, Еховад болон ханьдаа нүгэл үйлдсэн юм даа» гэж бичжээ. Энэ эмэгтэй хурлаас хасагдсан аж. Гэхдээ яваандаа хийсэн хэргээ ухаарч, гэмшээд, эрхээ сэргээлгэжээ. Тэрбээр дээрх өгүүллийг уншаад Еховагийн үзэн яддаг зүйлийг үзэхгүй байхаар шийджээ (Амос 5:14, 15).

14 Өөр нэгэн уншигч: «Би тэр өгүүллийг уншаад Еховад урьдынх шигээ чин сэтгэлээ зориулахаа больж гэдгээ ухаараад уйлж билээ. Тэгээд дахиж ийм киноны боол болохгүй гэж Ехова Бурхандаа амласан» гэж хэлжээ. Дээрх өгүүллийг нийтэлсэнд талархсан бас нэг Гэрч эмэгтэй: «Би Еховатай ямар харьцаатай болсноо бодож эхэлсэн. Кинотой найзалсан хүн яаж Бурхны анд нөхөр болох билээ дээ?» хэмээгээд тийм кинонд гүнзгий татагдан орсон байснаа нууж хаалгүй бичжээ. Хэрэв ийм кино 25 жилийн өмнө хүний сэтгэл зүрхийг ингэж завхруулж байсан юм бол өнөөдөр ямар байх вэ? (2 Тимот 3:13). Христиан хүнд зохимжгүй хайр дурлалын сэдэвтэй олон ангит кино, хүчирхийллийг сурталчилсан видео тоглоом, садар самууныг өөгшүүлсэн дууны клип гэх мэтийн буруу юм үзэж Сатаны урхинд орохоос болгоомжилцгооё.

Санал зөрөлдөөнийг даамжруулбал урхинд орно

15. Зарим христиан юунаас болж Сатанд амьдаараа баригддаг вэ?

15 Сатан христиануудын дунд гардаг санал зөрөлдөөнийг урхи болгон ашиглаж, хагарал үүсгэдэг. Хурлын ямар ч гишүүн ийм урхинд амархан орох аюултай. Зарим христиан бусадтайгаа санал зөрсний улмаас Бурхны ард түмний амар тайван, эв нэгдэл, сүнслэг уур амьсгалыг эвдэн бусниулж, Сатанд амьдаараа баригддаг (Дуулал 133:1–3).

16. Сатаны зальт аргад хууртан урхидуулбал ямар аюул болох вэ?

16 Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Сатан Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг рүү шууд довтлон, устгахыг оролдсон ч бүтээгүй (Илчлэлт 11:7–13). Тэр цагаас хойш биднийг хагалан бутаргах зорилгоор зальт арга хэрэглэсээр ирсэн. Хэрэв санал зөрснөөс болж хагарал гарвал «анчинд» ашигтай байрлал өгсөн хэрэг болно. Ингэвэл Бурхан бидэнд ч, хуралд ч ариун сүнсээ өгөхөө болино. Хуралд хагарал гарч, амар тайван байдал алдагдвал дэлгэрүүлэх ажил урагшгүй болж, Сатаны бах нь ханадаг (Ефес 4:27, 30–32).

17. Санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд юу туслах вэ?

17 Тэгвэл итгэл нэгтэнтэйгээ санал зөрвөл яах хэрэгтэй вэ? Санал зөрсөн шалтгаан харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Шалтгаан нь олон байж болох ч, зөрчилдөөнийг даамжруулах шалтаг байх ёсгүй (Матай 5:23, 24; 18:15–17). Библийн зөвлөгөө бол ариун сүнсний удирдлагаар бичигдсэн, төгс зөвлөгөө юм. Хэрэгжүүлж л чадах юм бол заавал үр дүнгээ өгдөг!

18. Санал зөрөлдөөнийг шийдэхдээ Еховаг дуурайх нь ямар учраас тустай вэ?

18 Ехова бол «уучлахад бэлэн» Бурхан билээ (Дуулал 86:5; 130:4). Хэрэв Бурхнаа дуурайн, бусдыг уучилдаг бол хайрлагдсан хүүхдүүд нь гэдгээ харуулна (Ефес 5:1). Төгс бус хүмүүс бид бүгдээрээ Еховагаар нүглээ уучлуулах шаардлагатай. Тиймээс, бусдыг уучлахдаа дурамжхан байдаг бол энэ зантайгаа тэмцэх ёстой. Есүсийн нэгэн ёгт үлгэрт гардаг харгис боол шиг болох нь тун амархан. Уг нь, тэр боолын асар их хэмжээний өрийг эзэн нь хэлтрүүлсэн атал тэрбээр өөрт нь өчүүхэн өртэй хүнийг хэлтрүүлээгүй. Эзэн нь энэ тухай дуулаад өнөөх боолыг зандалчинд тушаадаг. Есүс үлгэрийнхээ төгсгөлд: «Та нарын нэг бүр чинь ах дүүгээ зүрх сэтгэлээсээ уучлахгүй бол Миний тэнгэрлэг Эцэг ч та нарт мөн тэгж хандах болно» гэж хэлсэн (Матай 18:21–35). Энэ жишээг эргэцүүлж сайн бодоод, Ехова биднийг дандаа уучилдгийг санавал зөрөлдөөнийг шийдэхэд тус болно (Дуулал 19:14).

«Хамгийн Дээд Нэгний халхавчинд» байх нь аюулгүй

19, 20. Өнөөгийн аюултай цагт Еховагийн «халхавч», «сүүдэр» бидний хувьд ямар ач холбогдолтой вэ?

19 Бид үнэхээр аюултай цаг үед амьдарч байна. Хэрэв Ехова биднийг хамгаалдаггүй байсан бол Сатан биднийг бүгдийг нь устгачих байсан. Тиймээс, «анчны» урхинд орохгүйн тулд «Хамгийн Дээд Нэгний халхавч... Төгс Хүчит Нэгний сүүдэр» буюу бэлэгдлийн хамгаалах газар байх ёстой (Дуулал 91:1).

20 Ехова Бурхан маань удирдлага, сануулга өгдөг нь бидний эрх чөлөөг хааж боосон хэрэг биш, харин хамгаалж байгаа хэрэг гэж бодож байцгаая. Хүнээс давуу ухаантай дайсан бид бүгдэд аюул учруулдаг. Еховагийн тусламжгүйгээр хэн ч түүний урхинаас зугтаж чадахгүй (Дуулал 124:7, 8). Тиймээс, «анчны» урхинаас авраач гэж Еховад залбирч байцгаая! (Матай 6:13).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1982 оны 12-р сарын 1-ний дугаарын 3–7-р хуудсыг үзнэ үү (англи).

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1983 оны 12-р сарын 1-ний дугаарын 23-р хуудсыг үзнэ үү (англи).

Санаж байна уу?

• «Хүнээс айдаг» бол үхлийн аюултай урхинд орно гэж үзэхийн учир юу вэ?

• Диавол эд хөрөнгийг хэрхэн урхи болгодог вэ?

• Сатан зарим христианыг буруу юм үзэх урхинд хэрхэн оруулсан бэ?

• Биднийг хагалан бутаргахын тулд Сатан ямар урхи тавьдаг вэ?

[Догол мөрийн асуулт]