Skip to content

Гарчиг руу орох

Мөс чанарынхаа мэдрэмжийг сайжруулагтун

Мөс чанарынхаа мэдрэмжийг сайжруулагтун

Мөс чанарынхаа мэдрэмжийг сайжруулагтун

«Цэвэр [хүмүүсийн] хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш» (ТИТ 1:15).

1. Элч Паул Кретийн христиан хурлуудад хамаатай ямар асуудлыг хөндсөн бэ?

 ЭЛЧ ПАУЛ гурван удаа миссионерийн аялал хийснийхээ дараа баривчлагдаж, Ромд хүргэгджээ. Тэнд хоёр жил хоригдоод суллагджээ. Хэсэг хугацааны дараа тэрбээр Титийн хамт Крет аралд очсон байна. Паул тэндээс явсныхаа дараа Титэд: «Би чамайг Кретэд үлдээсэн учир нь чи дутуу зүйлийг гүйцээж [«дутагдлыг засаж», ШЕ], ...ахлагчдыг томилохын тулд юм» хэмээн бичжээ (Тит 1:5). Тит христиан хүний мөс чанартай холбоотой олон асуудлыг шийдвэрлэх хариуцлагатай үүрэг хүлээжээ.

2. Тит ямар хүмүүсийг засах ёстой байсан бэ?

2 Эхлээд, Паул ахлагч хүний хангавал зохих шаардлагыг Титэд хэлж өгчээ. Дараа нь, «заах ёсгүй юмсыг зааж, айл өрхийг ч бүхэлд нь хөмрөн хаядаг» «тэрслүү хүмүүс, дэмий яригчид хийгээд мэхлэгчид» олон байгааг сануулжээ. Тит «тэднийг хатуу зэмлэх» учиртай байв (Тит 1:10–14; 1 Тимот 4:7). Паул тийм хүмүүсийн оюун ухаан болон мөс чанарыг «бузартсан» гэж бичихдээ хувцсанд суусан толбо гэсэн утгатай үг хэрэглэжээ (Тит 1:15). Тэдний зарим нь хөвч хөндөх ёслол үйлддэг байсныг үзвэл, урьд нь иудей шашин шүтдэг байсан бололтой. Мэдээж, орчин үеийн христиануудын дунд хөвч хөндөхийг шаардах хүн байхгүй боловч Титэд өгсөн зөвлөгөө бидэнд ч гэсэн ач холбогдолтой юм.

Бузартсан мөс чанартай хүмүүс

3. Паул мөс чанарын тухай юу гэж бичсэн бэ?

3 Паул ямар учраас мөс чанарын тухай бичих болов? Тэрбээр: «Цэвэр [хүмүүсийн] хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг. Тэд Бурхныг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа... үйлсээрээ үгүйсгэдэг» хэмээжээ. Тэгэхлээр, «итгэл дотор эрүүл байхын» тулд зарим христиан зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай байсан байна (Тит 1:13, 15, 16). Тэд цэвэр болон бузар юмыг ялгаж салгаж чаддаггүй байсан нь мөс чанар нь мэдрэмжгүй болсных ажээ.

4, 5. Кретийн зарим христиан ямар дутагдалтай байсан бэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэсэн бэ?

4 Уг нь, арваад жилийн өмнө Удирдах зөвлөл христиан болохын тулд хөвч хөндөх шаардлагагүй хэмээн шийдэж, энэ шийдвэрийнхээ талаар хурлуудад мэдэгдсэн билээ (Үйлс 15:1, 2, 19–29). Гэтэл Кретийн зарим христиан «заах ёсгүй юмсыг заан», «хөвч хөндөх ёслол үйлдсээр», Удирдах зөвлөлийн шийдвэрийг илт зөрчиж байв (Тит 1:10, 11). Ийм буруу үзэлтэй байсан учир Мосегийн хуулийн дагуу зарим хоол хүнсийг цээрлэж, цэвэр байхын тулд үйлддэг зан үйлийг сахидаг байсан бололтой. Түүгээр зогсохгүй, Мосегийн хуульд оруулсан нэмэлт заалт, «үлгэр домгууд болон... хүмүүсийн хууль тушаалуудыг» сахин мөрдөхийг Есүсийн үеийн иудейчүүдийн адилаар дэмжин сайшаадаг байсан байж болох юм (Марк 7:2, 3, 5, 15; 1 Тимот 4:3).

5 Тэд буруу үзлийнхээ гайгаар ухаалаг шийдвэр гаргах чадвар болон ёс суртахуунаа алдаж, нэг үгээр хэлбэл, мөс чанарынхаа мэдрэмжийг сулруулжээ. Паул: «Бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш» гэж бичсэн. Бараг мэдрэмжгүй болсон мөс чанар нь үйл хэрэг, үзэл бодлыг нь зөв захирч чадахгүй болжээ. Түүнээс гадна, тэд итгэл нэгтнүүдийнхээ хувийн шийдвэрийг шүүмжилж, Бурхны хувьд цэвэр зүйлийг бузар гэж үзэж байв (Ром 14:17; Колоссай 2:16). Бурхныг мэддэг гэж хүлээн зөвшөөрдөг атлаа үйлсээрээ үгүйсгэдэг байжээ (Тит 1:16).

«Цэвэр хүмүүсийн хувьд цэвэр»

6. Паул ямар хоёр бүлэг хүний тухай бичсэн бэ?

6 Тэгвэл Паулын үг бидэнд ямар сургамжтай вэ? Паул ямар хоёр бүлэг хүний тухай бичсэнийг анхааръя. «Цэвэр хүмүүсийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш» гэжээ (Тит 1:15). Энэ нь юу гэсэн үг вэ? Паул өөр нэг захидалдаа шүтээн шүтдэг, эсвэл завхайрал, ид шид зэргийг үйлддэг хүн «Бурхны хаанчлалыг өвлөхгүй» гэж тодорхой бичсэнээс нь үзэхэд бүх юм цэвэр учир юу ч хийсэн буруудахгүй гэж үздэг христианыг цэвэр гэж хэлээгүй нь харагддаг (Галат 5:19–21). Тэгэхлээр, Паул хоёр бүлэг хүний тухай бичсэн хэрэг байжээ. Нэг нь ёс суртахууны хувьд болон сүнслэгээр цэвэр, нөгөө нь бузар хүмүүс ажээ.

7. Еврей 13:4-т ямар тушаал байдаг вэ? Үүнтэй холбогдон ямар асуулт гарч ирэх вэ?

7 Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг христиан хүн Библид илт хориглодог зүйлээс л зайлсхийдэг юм биш ээ. Жишээ нь, Библид: «Гэр бүл олны дунд нэр хүндтэй байг. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь садарлагчид болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэж тодорхой бичсэн байдаг (Еврей 13:4, ШЕ). Энд завхай явдлыг буруушаасан байна гэдгийг христиан биш хүн, Библийг огт мэддэггүй хүн ч шууд ойлгох нь лавтай. Гэр бүлтэй хүн ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд орохыг Бурхан буруушаадаг нь Библийн энэ болон бусад зүйлээс харагддаг. Тэгвэл гэр бүл болоогүй хүмүүс амаар секс хийх тухайд юу хэлж болох вэ? Амаар секс хийх нь жам ёсны бэлгийн харьцаа биш учраас буруу юм биш гэж үздэг залуус олон байдаг. Христиан хүн үүнийг буруу юм биш гэж үзэж болох уу?

8. Амаар секс хийхийг христианууд хэрхэн үзэх ёстой вэ?

8 Бурхан завхайрал, садар самууныг буруушаадаг нь Еврей 13:4 болон 1 Коринт 6:9-өөс шууд харагддаг. Садар самуун гэж юу вэ? Садар самуун гэж орчуулсан порнея гэдэг грек үгээр Библийн хэм хэмжээнд нийцдэг гэр бүлээс гадуурх бэлгийн бүх харьцааг, тэр дундаа бэлэг эрхтнийг гаж байдлаар хэрэглэхийг хэлдэг. Орчин үед амаар секс хийхийг гаж буруу юм биш гэж сурталчилж, өсвөр насныхан болон залуучууд ч үүнийг хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь үнэндээ порнеягийн нэг хэлбэр юм. Жинхэнэ христианууд санаа бодол, үйл хэргээ «дэмий яригчид хийгээд мэхлэгчдийн» үзэлд захируулдаггүй (Тит 1:10). Библийн өндөр хэм хэмжээг чанд баримталж, амаар секс хийхийг зөвтгөх шалтаг далим хайлгүй, харин ч порнея буюу садар самууны нэг хэлбэр гэж үзэн, мөс чанараа Библийн дагуу сургадаг * (Үйлс 21:25; 1 Коринт 6:18; Ефес 5:3).

«Хүн болгон адилгүй...»

9. Хэрэв «бүх юм цэвэр» бол мөс чанар ямар үүрэгтэй вэ?

9 Паул «Цэвэр хүмүүсийн хувьд бүх юм цэвэр» гэж бичихдээ хэнийг цэвэр гэж хэлсэн бэ? Үзэл бодол, мөс чанараа Библид бичигдсэн Бурхны хэм хэмжээнд нийцүүлж чадсан христиануудыг хэлсэн ажээ. Библид эрс буруушаагаагүй олон асуудалд христианууд өөр өөрөөр ханддаг гэдгийг тэд ойлгодог. Тиймээс, бусдыг шүүмжлэхийн оронд Бурхны буруушаадаггүй зүйлийг «цэвэр» гэж үздэг. Библид нарийвчлан заагаагүй асуудлаар христианууд харилцан адилгүй шийдвэр гаргаж болохыг ухамсарладаг. Үүнийг ойлгохын тулд жишээ авч үзье.

10. Гэрч бус ханьтай христиан хүнд ямар бэрхшээл тулгарч болох вэ?

10 Гэр бүлтэй болсноосоо хойш христиан болж, ханиасаа өөр итгэл үнэмшилтэй болсон Гэрчүүд цөөнгүй байдаг (1 Петр 3:1; 4:3). Ийм христиануудад хамаатан садангийнхаа оршуулгад очих гэх зэргийн шийдэхэд амаргүй асуудал тулгардаг. Гэрч бус нөхөртэй христиан эмэгтэй байна гэж бодъё. Нөхрийнх нь садангийн хүн нас барж, ажил явдлыг нь шашны зан үйлийн дагуу явуулахаар болжээ. Нөхөр нь эхнэртэйгээ хамт оршуулгад явна гэжээ. Одоо Гэрч эмэгтэйн мөс чанар яах бол? Нөхөртэйгөө хамт явах болов уу? Хоёр христиан эмэгтэй дор бүрнээ яаж шийдэхийг үзье.

11. Оршуулгад явах эсэхээ нэг христиан эмэгтэй хэрхэн шийдсэн бэ?

11 Жишээ нь, Оюун гэдэг эмэгтэй «Агуу Вавилон» буюу хуурамч шашнаас гарагтун хэмээсэн Бурхны тушаалыг бодож байна гэнэ (Илчлэлт 18:2, 4). Оюун урьд нь шүтлэгтэй хүн байсан бөгөөд оршуулгын үеэр бүх хүн шашны зан үйлийг дагадаг гэдгийг мэдэж байв. Тэрбээр шашны зан үйлийг дагахгүй гэж шийдсэн бөгөөд оршуулгад явж, болзошгүй сорилтод орохыг хүсэхгүй байв. Уг нь, Оюун нөхрөө хүндэтгэдэг, гаргасан шийдвэрийг нь дэмждэг боловч Библийн зарчмыг зөрчихийг хүсдэггүй хүн (Үйлс 5:29). Тиймээс, нөхөр нь оршуулгад явахаар болсон ч Оюун өөрөө явахгүй гэдгээ эвтэйхэн хэлж тайлбарлана. Бас оршуулгын зан үйлийг дагахгүй тул олны өмнө нөхрөө эвгүй байдалд оруулахаас болгоомжилсондоо явахгүй байх нь дээр гэж шийдсэнээ нөхөртөө хэлнэ. Ийм шийдвэр гаргасан энэ христиан эмэгтэйн мөс чанар цэвэр үлдэнэ.

12. Оршуулгад очих эсэхээ өөр нэг христиан эмэгтэй хэрхэн шийдсэн бэ?

12 Тэгвэл Сувд гэдэг христиан эмэгтэй яах бол? Сувд бол эр нөхрөө хүндэтгэдэг, Бурхандаа үнэнч байх гэж чармайдаг, мөс чанараа Библийн зарчмаар сургадаг хүн. Тэрбээр асуудлыг Оюуны адил бодож үзсэний зэрэгцээ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 3-р сарын дугаараас «Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» гэдэг өгүүллийг анхааралтай судалж, залбирч байгаад эргэцүүлж бодно. Бас гурван еврей залуу хааны зарлигаар хиймэл шүтээний ёслолд очсон хэдий ч уг ёслолд оролцолгүй, Бурханд үнэнч үлдэж чадсаныг санана (Даниел 3:15–18). Ингээд нөхөртэйгөө хамт явах боловч ямар ч зан үйлийг сахихгүй гэж мөс чанарынхаа дагуу шийджээ. Гэхдээ мөс чанарын улмаас хийж болох юм, болохгүй юм байдгийг нөхөртөө эвтэйхэн хэлж, тодорхой ойлгуулна. Нөхрийгөө жинхэнэ болон хуурамч шашны ялгааг ойлгох болов уу гэж найдна (Үйлс 24:16).

13. Нэг асуудлыг хоёр христиан эмэгтэй өөр өөрөөр шийдсэн нь яагаад гайхах хэрэг биш вэ?

13 Нэг асуудлыг хоёр христиан эмэгтэй өөр өөрөөр шийдсэн нь яаж ч шийдэж болдог, эсвэл тэр хоёрын нэг нь мөс чанараа сайн сургаагүй юм байна гэсэн үг биш ээ. Оюун урьд нь шашны ёс жаягийг чанд баримталдаг байсан учир тийм зан үйл сахиж байгаа хүмүүсийн дунд байх нь өөрт нь онц аюултай гэж үзжээ. Бас өмнө нь иймэрхүү асуудлаас болж нөхөртэйгээ санал зөрж байснаа тооцож үзээд мөс чанарынхаа дагуу дээрх шийдвэрийг гаргажээ. Энэ нь Оюуны хувьд ухаалаг шийдвэр байлаа.

14. Бусдын шийдвэрийг христиан хүн хэрхэн үзэх ёстой вэ?

14 Тэгвэл Сувдыг ухаалаг бус шийдвэр гаргасан гэх үү? Сувд шашны ямар ч зан үйл үйлдэхгүй боловч оршуулгад явахаар шийдсэнийг нь хэн ч шүүмжлэх эрхгүй. Элч Паул зарим хоол хүнсийг идэх эсэхээ шийдэх нь хувийн хэрэг гэдгийг тайлбарлан: «Иддэг нэгэн нь иддэггүй нэгнээ бүү басамжлаг. Иддэггүй нэгэн нь иддэг нэгнээ бүү шүүг. [...] Тэр өөрийнхөө эзний өмнө зогсдог эсвэл унадаг. Эзэн [Ехова] түүнийг босгох чадалтай учир тэр зогсох болно» гэж зөвлөснийг санацгаая (Ром 14:3, 4). Жинхэнэ христиан хүн бусдыг шахаж шаардан, Библиэр сургасан мөс чанартай нь зөрчилдөх шийдвэр гаргуулах учиргүй. Энэ нь мөс чанарын мэдрэмжийг алдуулах аюултай.

15. Бусдынхаа мөс чанарыг бодож үзэх ёстойн учир юу вэ?

15 Дээрх хоёр эмэгтэй олон зүйлийг харгалзан үзсэн байж таарна. Тэр тусмаа, гаргасан шийдвэр нь бусдад ямар сэтгэл төрүүлэхийг ч бодож үзсэн байх учиртай. Паул христиануудад: «Ах дүүдээ бүдрүүлэх чулуу эсвэл саад тотгор тавихгүй байя гэж шийдэгтүн» хэмээн зөвлөсөн (Ром 14:13). Оюун урьд нь болсон төстэй явдал хурлын зарим гишүүн болон гэр бүлийнхэнд нь таагүй сэтгэл төрүүлснийг мэддэг бөгөөд өөрийнх нь шийдвэр хүүхдүүдэд нь ямар санагдахыг бодож үзсэн байж болох шүү дээ. Харин Сувдын хувьд, тиймэрхүү явдал хурлынхан болон бусад хүмүүст муугаар нөлөөлөөгүйг мэдэж байж болох юм. Энэ хоёр христианы жишээг үзвэл, мөс чанараа зөв сургасан хүн аливаа шийдвэр гаргахдаа бусдад ямар санагдахыг тооцож үзэх учиртай нь харагдаж байна. Есүс: «Хэн Надад итгэгч эдгээр багачуудаас нэгийг нь бүрдүүлнэ, түүний хувьд хүзүүндээ тээрмийн хүнд чулуу зүүгээд тэнгисийн гүнд живсэн нь дээр» гэж хэлсэн (Матай 18:6). Бусдыг бүдрүүлэхийг юман чинээ санадаггүй хүн Кретийн зарим христиан шиг бузартсан мөс чанартай болох аюултай.

16. Христиан хүн аажмаар яадаг вэ?

16 Христиан хүн аажмаар сүнслэгээр ч өсөж, мөс чанараа ч сургаж, мэдрэмжийг нь сайжруулдаг. Баптисм хүртээд удаагүй байгаа Болд гэдэг христианыг жишээ болгон үзье. Тэрбээр мөс чанарынхаа улмаас хиймэл шүтээн шүтэхээ, цус хэрэглэхээ бүрмөсөн больжээ (Үйлс 21:25). Тэр байтугай, Бурхны хориглодог зүйлтэй өчүүхэн ч атугай төстэй юм шиг санагддаг зүйлийг огт хийдэггүй болжээ. Гэтэл зарим хүн өөрийнх нь үздэг телевизийн нэвтрүүлэг гэх мэтийн зүйлээс яагаад зайлсхийдгийг ойлгохгүй байв.

17. Христиан хүн сүнслэгээр өсөхийн хэрээр мөс чанарынх нь мэдрэмж болон шийдвэр гаргах чадвар нь сайжирдгийг жишээгээр тайлбарлана уу.

17 Яваандаа Болд мэдлэгээ гүнзгийрүүлж, Бурхантай илүү дотно харьцаатай болжээ (Колоссай 1:9, 10). Үүний дүнд мөс чанараа ч сайн сургажээ. Ингээд мөс чанарынх нь мэдрэмж сайжирч, Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх чадвар суусан байна. Бурхны хориглодог зүйлтэй «өчүүхэн ч атугай төстэй» юм шиг санагддаг байсан зүйл нь, үнэндээ Бурхны хуультай зөрчилддөггүй юм байна гэдгийг ухаарна. Түүнээс гадна, Библийн зарчмыг гүнзгий ойлгодог болсны зэрэгцээ мөс чанарынх нь мэдрэмж сайжирсан учир өмнө нь юу ч бодож саналгүй үздэг байсан зурагтын нэвтрүүлгийг үзэхээ больжээ. Ийнхүү мөс чанар нь цэвэршжээ (Дуулал 37:31).

18. Бид юунд баярладаг вэ?

18 Ер нь, христиан хурлын гишүүдийн сүнслэг өсөлт харилцан адилгүй байдаг. Зарим нь Гэрч болоод удаагүй тул мөс чанар нь зарим асуудалд огт өвддөггүй атлаа заримд нь хэт мэдрэмтгий байдаг. Тийм хүмүүсийн хувьд үзэл бодлоо Еховагийн удирдлага зааварт нийцүүлэн өөрчилж, мөс чанараа сургаж, аливаа шийдвэрийг мөс чанарынхаа дагуу гаргаж сурахад нь цаг хугацаа, тусламж дэмжлэг хэрэгтэй (Ефес 4:14, 15). Харин зарим нь гүнзгий мэдлэгтэй, Библийн зарчмыг хэрэгжүүлэх туршлагатай, мөс чанараа Бурхны үзэл бодолд нийцүүлэн сайн сургасан байдаг. Бурханд таалагдах юмыг мөс чанараараа ялгаж чаддаг «цэвэр» хүмүүстэй хамт байдагтаа бид үнэхээр их баярладаг (Ефес 5:10). Мөс чанараа бурханлаг байдал болон үнэний мэдлэгийн дагуу сурган, мэдрэмжийг нь үргэлж сайжруулан, цэвэр байлгах зорилго тавьцгаая (Тит 1:1).

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1983 оны 3-р сарын 15-ны дугаарын 30, 31-р хуудсанд гэр бүлтэй христиануудад зориулан дэлгэрэнгүй тайлбар нийтэлсэн (англи). Уг өгүүлэлд: «Христиан хүн Еховагийн бузар гэж үздэг бүх юмыг, тэр дундаа илэрхий гажууд бэлгийн харьцааг үзэн ядаж сурах ёстой. Тиймээс, гэр бүлтэй христианууд мөс чанараа цэвэр байлгахын тулд бие биедээ санаа тавьж, бэлгийн харьцаа бол хүндэтгэлтэй, ариун нандин зүйл бөгөөд хайр сэтгэлээ илэрхийлэх арга гэдгийг санаж явах учиртай. Энэ нь ханийнхаа сэтгэлийг зовоох аливаа бүхнээс зайлсхийнэ гэсэн үг юм (Ефес 5:28–30; 1 Петр 3:1, 7)» гэж зөвлөсөн байна.

Хариулна уу

• Кретийн зарим христианы мөс чанар яагаад бузартсан байсан бэ?

• Мөс чанараа сайн сургасан хоёр христиан нэг асуудлыг өөр өөрөөр шийдэж болохын учир юу вэ?

• Христиан хүн мөс чанараа яах ёстой вэ?

[Догол мөрийн асуулт]