Skip to content

Гарчиг руу орох

Утга учиртай амьдрагтун

Утга учиртай амьдрагтун

Утга учиртай амьдрагтун

«Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!» (ДУУЛАЛ 150:6).

1. Амьдралын утга учрыг хайж явсан нэгэн залуугийн жишээг ярина уу.

 «ХҮНД тусална гэдэг миний амьдралын зорилго байв. Тиймээс, би анагаах ухааны сургуульд сурч байлаа. Олонд нэр хүндтэй сайн эмч болбол баян чинээлэг, жаргалтай амьдарна гэж боддог байв. Гэхдээ хэчнээн сайн эмч байгаад ч хүмүүст жинхэнэ ёсоор тусалж чадахгүйгээ ойлгоод урам хугарч билээ. Тэгээд урлагийн хүн болохоор шийдсэн ч миний уран бүтээл хүмүүст их тус болоогүй. Ердөө л өөрийн хүслийг биелүүлж байсан хэрэг байж. Дараа нь би багш болсон. Гэхдээ хичээлээ л заахаас, жинхэнэ аз жаргалд хүргэх замыг зааж чадахгүй юм байна гэдгээ ухамсарласан» гэж Сон Жин гэдэг солонгос залуу ярьжээ. * Олон хүн Сон Жин шиг амьдралын утга учрыг хайдаг.

2. а) Утга учиртай амьдрах гэж яахыг хэлдэг вэ? б) Бурхан хүнийг тодорхой зорилготой бүтээсэн нь юунаас харагддаг вэ?

2 Утга учиртай амьдрах гэдэг нь амьд явахын жинхэнэ учрыг олж, тодорхой зорилго тавин түүндээ хүрэхийн тулд хүчин чармайлт гаргана гэсэн үг юм. Тэгвэл хүн үнэхээр утга учиртай амьдарч болдог уу? Бололгүй яах вэ! Бүтээгч Бурхан хүнд оюун ухаан, мөс чанар, сэтгэн бодох чадвар өгсөн нь хүнийг тодорхой зорилготой бүтээснийг нь баталдаг. Тэгэхлээр, гагцхүү Бүтээгчийнхээ санаа зорилгын дагуу амьдарвал жинхэнэ ёсоор утга учиртай амьдарна гэж үзэх нь зүйд нийцнэ.

3. Бурхны санаа зорилгын дагуу амьдаръя гэвэл яах хэрэгтэй вэ?

3 Библиэс хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилгыг мэдэж болно. Жишээлбэл, хүнийг гайхамшигтай бүтээсэн нь чин сэтгэлийн хайрынх нь баталгаа юм (Дуулал 40:5; 139:14). Тиймээс, Бурхны санаа зорилгын дагуу амьдаръя гэвэл Бүтээгчээ дуурайн, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах хэрэгтэй (1 Иохан 4:7–11). Бас санаа зорилгыг нь биелүүлэхэд тусалдаг хууль тушаалыг сахих ёстой (Номлогчийн үгс 12:13; 1 Иохан 5:3).

4. а) Утга учиртай амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? б) Хүний амьдралын хамгийн эрхэм зорилго юу вэ?

4 Түүнээс гадна, Бурхан хүнийг аз жаргалтай, амар тайван амьдруулж, мал адгуусыг захируулж, бусад бүтээлээ арчлан тордуулахыг зорьж байсан. (Эхлэл 1:26; 2:15). Тэгвэл аз жаргалтай, амар тайван, санаа зовох юмгүй амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? Хүүхэд эцэг эхийнхээ дэргэд жаргалтай, санаа амар байдаг шиг хүн тэнгэрийн Эцэгтэйгээ сайн харьцаатай байвал амьд явахын учрыг олж, утга учиртай амьдарна (Еврей 12:9). Бурхан өөртэй нь ойртон дотносох боломж олгож, залбирлыг маань сонсдогийн ачаар бид Бурхантай сайн харьцаа тогтоох завшаантай болсон (Иаков 4:8; 1 Иохан 5:14, 15). Хэрэв бид Еховад бат итгэн, «хамт явж», анд нөхөр нь болбол тэнгэрийн Эцгээ баярлуулж, магтан алдаршуулна (Эхлэл 6:9, 10; Сургаалт үгс 23:15, 16; Иаков 2:23). Энэ бол хүний амьдралын хамгийн эрхэм зорилго юм. «Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!» гэж дуулалч уриалжээ (Дуулал 150:6).

Та ямар зорилготой вэ?

5. Эд баялгийг амьдралынхаа эн тэргүүнд тавих нь яагаад ухаалаг хэрэг биш вэ?

5 Бурхны санаа зорилгын дагуу хүн өөрийгөө ч, гэр бүлээ ч халамжлан анхаарч, бие махбодын болон сүнслэг хэрэгцээгээ хангах учиртай. Гэхдээ махан биеийн хэрэгцээг хэт их анхаарвал түүнээс илүү чухал сүнслэг хэрэгцээгээ орхигдуулах аюултай тул дүн нуруутай байх хэрэгтэй (Матай 4:4; 6:33). Олон хүн эд баялаг цуглуулахыг л гол зорилгоо болгодог нь тоогүй. Эд хөрөнгөтэй бол бүх хэрэгцээгээ хангачихна гэж бодох нь үнэндээ эндүүрэл юм. Азийн саятнуудын дунд явуулсан саяхны нэг судалгаагаар тэдний ихэнх нь «мөнгө хөрөнгөний ачаар нийгэмд өндөр байр суурь эзэлдэг, хийсэн бүтээсэн юмтай гэж бахархдаг боловч сэтгэлийн зовлонтой, түгшүүртэй явдаг» нь илэрхий болжээ (Номлогчийн үгс 5:11).

6. Эд баялаг хураах тухайд Есүс юу гэж зөвлөсөн бэ?

6 Есүс эд баялгийг «хуурамч» гэж хэлжээ (Марк 4:19). Яагаад хуурамч гэсэн юм бол оо? Эд баялаг хүнийг жаргаах юм шиг санагддаг боловч үнэндээ тэгдэггүй. «Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах» гэж мэргэн ухаант Соломон хаан бичжээ (Номлогчийн үгс 5:10). Гэхдээ Бурханд чин сэтгэлээсээ үйлчлэнгээ эд хөрөнгөтэй болох зорилго тавьж болдоггүй юм болов уу? «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» гэж Есүс хэлсэн. Тэрбээр шавь нартаа: «Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. [...] Харин тэнгэрт эд баялгийг өөрсөддөө хураа» гэж захисан. Энэ нь «юу хэрэгтэй байгааг гуйхаас [маань] өмнө мэддэг» Бурхантай дотно харьцаа тогтоохыг уриалсан хэрэг байв (Матай 6:8, 19–25).

7. «Жинхэнэ аминд» яаж «хүрэх» вэ?

7 Элч Паул энэ асуудлаар чухал зөвлөгөө өгсөн байдаг. Тэрбээр хамтран зүтгэгч Тимотдоо: «Чи... баячуудад хандан, ...эд хөрөнгөний тодорхойгүй байдалд найдвар бүү тавь, харин биднийг баясаж цэнгэх бүх зүйлсээр элбэг хангадаг Бурханд найд... ...Өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн... тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» гэж бичжээ (1 Тимот 6:17–19).

«Жинхэнэ амь» гэж юу вэ?

8. а) Ямар учраас олон хүн эд хөрөнгө, нэр хүндтэй болох гэж зүтгэдэг вэ? б) Тэд юуг ухаардаггүй вэ?

8 Өнөө цагт ихэнх хүн жинхэнэ ёсоор амьдрах гэдгийг баян тансаг болох гэж бодох байх. Азийн нэг мэдээллийн сэтгүүлд: «Кино, зурагт их үздэг хүмүүс үзсэн харснаа олж авахыг хүсэж, өөрт байхгүй юмаа эзэмшихийг мөрөөддөг болдог» гэж бичжээ. Эд хөрөнгө, нэр хүндтэй болохыг олон хүн амьдралынхаа зорилго болгон, үүний хойноос улайран хөөцөлдөж, залуу нас, эрүүл мэнд, гэр бүл, сүнслэг байдлаа ч золиосолдог. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байгаа бүхэн нь, үнэндээ «ертөнцийн сүнсний» илрэл буюу ертөнцийн хүмүүсийн дунд давамгайлж буй, Бурхны санаа зорилгыг эсэргүүцэх хандлага, үзэл санаа гэдгийг цөөхөн хүн ухаардаг (1 Коринт 2:12; Ефес 2:2). Тэгэхлээр, өнөөдөр олон хүн жаргалтай амьдарч чадахгүй байгаагийн учир ойлгомжтой (Сургаалт үгс 18:11; 23:4, 5).

9. Хүмүүс шударга, сайн нийгмийг байгуулж чадах уу? Тайлбарлана уу.

9 Тэгвэл өлсгөлөн, өвчин эмгэг, шударга бус явдлыг арилгах гэж бусдын сайн сайхны төлөө амь биеэ хайрлахгүй хөдөлмөрлөдөг хүмүүсийн талаар юу гэж хэлж болох вэ? Ийм сайхан зорилго өвөрлөн, өөрийгөө золиосолдог тэр хүмүүсийн ачаар их зүйл бүтдэг нь үнэн. Гэхдээ тэд яаж ч хичээгээд энэ ертөнцийг үндсээр нь өөрчлөн, шударга, сайн нийгмийг байгуулж хэзээ ч чадахгүй шүү дээ. Учир нь «бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг». «Муу нэгэн» буюу Сатан энэ ертөнцийг өөрчлөхийг огт хүсдэггүй (1 Иохан 5:19).

10. Бурханд үнэнч хүмүүс хэзээ «жинхэнэ амьтай» болох вэ?

10 Одоогийн амьдралаар бүх юм дуусна гэвэл хэчнээн харамсалтай вэ! «Хэрэв бид зөвхөн энэ амьдралдаа Христ дотор найдсан бол бид бүх хүнээс хамгийн өрөвдөлтэй нь болно» гэж Паул бичжээ. «Нэг л амьдрахаас хойш» гэж боддог хүмүүс: «Маргааш бид үхэх учраас цөмөөрөө идэж ууцгаая» гэсэн уриаг баримталдаг (1 Коринт 15:19, 32). Гэхдээ Библид бичсэнээр, ирээдүйд «[Бурхны] амлалтын дагуу... зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газар» бий болно (2 Петр 3:13). Тэр цагт бүх христиан тэнгэрт, эсвэл Бурхны Хаанчлалын удирдлага дор дэлхий дээр төгс болж, «мөнх амь» авна. Энэ бол «жинхэнэ амь» юм (1 Тимот 6:12).

11. Бурхны Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэх ажилд хувь нэмэр оруулах нь хамгийн ухаалаг зорилго гэхийн учир юу вэ?

11 Өнөөдөр хүн төрөлхтөнд тулгарч байгаа бүх бэрхшээлийг ганцхан Бурхны Хаанчлал бүрэн дүүрэн шийдвэрлэнэ. Тийм учраас, Бурхны Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэх ажилд хувь нэмэр оруулах нь хамгийн ухаалаг зорилго юм (Иохан 4:34). Энэ ажлын ачаар бид тэнгэрийн Эцэгтэйгээ халуун дотно харьцаа тогтоож, зорилго нэгтэй сүнслэг ах дүү нартайгаа мөр зэрэгцэн үйлчлэхийн баяр хөөрийг эдэлдэг.

«Жинхэнэ аминд» хүрэхийн тулд өөрийгөө золиослох нь

12. «Жинхэнэ амь» өнөөгийн ертөнцөд олж болох бүхнээс ямар ялгаатай вэ?

12 Өнөөгийн «ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө» гэж Библи хэлдэг. Сатаны ертөнцөд олж авсан нэр хүнд, хөрөнгө мөнгө гэх мэтийн бүх юм үгүй болж, «харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршино» (1 Иохан 2:15–17). Ертөнцөд хүн эд баялаг цуглуулж, нэр алдар олж, зугаацан цэнгэж болох ч энэ бүхэн түр зуурын, хий хоосон, эцэстээ ямар ч ашиггүй. Харин «жинхэнэ амь» бол Бурхны Хаанчлалын удирдлага дор бидний олж авах мөнхийн амь бөгөөд үнэ цэнтэй юм. Үүний төлөө өөрийгөө золиослох нь зүйтэй.

13. Нэг хос «жинхэнэ аминд» хүрэхийн тулд юу золиосолсон бэ?

13 Хенри Сузан хоёрын жишээг үзье. Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавибал Бурхан туслана гэдэгт тэд бат итгэдэг ажээ (Матай 6:33). Тэд хоёр охинтойгоо хамт сүнслэг үйл хэрэгт илүү цаг гаргаж байхын тулд нэг хүний цалингаар амьдарч, хямдхан байранд суудаг болжээ (Еврей 13:15, 16). Ингэж шийдсэнд нь санаа зовж байсан нэг найз нь Сузанд: «Сайхан гэрт амьдаръя гэвэл заавал ямар нэг юмаа золиосолж таарна шүү дээ» гэж хэлжээ. Гэхдээ Хенри Сузан хоёр Еховагийн санаа зорилгыг тэргүүн зэрэгт тавьж байж «одоогийн болон ирэх амийн төлөөх амлалтыг» авна гэдэгт эргэлзэхгүй байв (1 Тимот 4:8; Тит 2:12). Хоёр охин нь өсөж томроод, байнгын эхлэгч болцгоожээ. Хенригийнх «жинхэнэ аминд» хүрэхийг зорилгоо болгосноор юугаар ч дутаагүй бөгөөд харин ч их ач тус хүртсэн байна (Филиппой 3:8; 1 Тимот 6:6–8).

«Ертөнцийг... бүрэн дүүрнээр» бүү ашигла

14. Зорилгоосоо хазайх нь ямар аюултай вэ?

14 Хэрэв бид зорилгоосоо хазайж, «жинхэнэ амийг» чанга барихаа боливол элдэв «зовнил, эд баялаг, өнөөгийн амьдралын тааламжид автах» ноцтой аюултай (Лук 8:14). Ханаж цадахгүй дур хүсэлдээ дийлдэж, «амьдралын санаа зовнилоор дарамтлагдвал» энэ ертөнцийн үйл хэрэгт хэт их татагдан орно (Лук 21:34). Зарим хүн өнөөдрийн эдийн засгийн тогтворгүй байдалд хөл алдан, «итгэлээсээ төөрөн одож, түмэн зовлонгоор өөрсдийгөө сүлбэн», бүр Еховатай тогтоосон харьцаагаа алддаг нь даанч харамсалтай. «Мөнх амийг барьж» байхаа болих нь яасан аюултай юм бэ! (1 Тимот 6:9, 10, 12; Сургаалт үгс 28:20).

15. «Ертөнцийг... бүрэн дүүрнээр ашиглахгүй» байх нь нэг айлд ямар ач тустай байсан бэ?

15 «Энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглахгүй» байхыг элч Паул зөвлөжээ (1 Коринт 7:31). Кийт Бонни хоёр энэ зөвлөгөөг хэрэгжүүлжээ. Кийт: «Би анагаах ухааны сургууль төгсөж, шүдний эмчээр ажиллаж эхлэхдээ Еховагийн Гэрч болсон юм. Тэр үед би нэг шийдвэр гаргах хэрэгтэй болж билээ. Уг нь, олон үйлчлүүлэгчтэй болж их мөнгө олж болох байлаа. Гэтэл энэ нь сүнслэг үйл хэрэгт маань саад болох байв. Тийм учраас, ажлын цагаа багасгаж, гэр бүлийнхээ сүнслэг болон сэтгэл санааны хэрэгцээг хангахад илүү их цаг гаргахаар шийдсэн. Манайх таван охинтой айл. Бид тэр бүр их мөнгөтэй байгаагүй ч, байгаагаа арвилан хэмнэж сурсан учраас дутах юмгүй амьдардаг байсан. Дотно сайхан харьцаатай, халуун дулаан уур амьсгалтай, баяр хөөртэй амьдарч ирсэн. Яваандаа манайх гэр бүлээрээ байнгын эхлэгч болсон юм. Одоо охид маань гэрлэж, гурав нь хүүхэдтэй болсон. Тэд маань ч Еховагийн санаа зорилгыг эн тэргүүнд тавьдаг учир жаргалтай амьдарч байна» гэж ярьсан юм.

Бурхны санаа зорилгыг амьдралынхаа эн тэргүүнд тавих нь

16, 17. Авьяас чадвартай ямар хүмүүс Библид гардаг вэ? Тэд христиануудын дунд юугаараа алдартай вэ?

16 Библийг үзвэл, зарим хүн Бурхны санаа зорилгыг биелүүлэх үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан байхад зарим нь үл тоомсорлосон байдаг. Тэдний түүх нас хүйс, хэл соёл, амьдрал ахуйгаас нь шалтгаалахгүйгээр бүх хүнд сургамжтай (Ром 15:4; 1 Коринт 10:6, 11). Нимрод агуу хот олныг барьж босгосон ч, үнэндээ Еховад тэрслэн энэ бүхнийг хийсэн (Эхлэл 10:8, 9). Гэхдээ сайн жишээ үзүүлсэн хүн олон бий. Тухайлбал, Мосе Египетийн язгууртны амьдралд шуналгүй, Бурхны өгсөн даалгаврыг «Египетийн эрдэнэсээс агуу их баялаг» гэж үзсэн (Еврей 11:26). Эмч Лук, Паул нарын өвдөж зовсон итгэл нэгтэндээ тусалж байсан бололтой. Гэхдээ сайн мэдээ дэлгэрүүлж, Библийн ном бичсэн нь бусдын төлөө хийсэн хамгийн сайн үйлс байсан. Бас Паул христиануудын дунд хуулийн мэргэжилтнээр бус, харин миссионер, «харь үндэстнүүдийн элч» гэдгээрээ алдаршсан (Ром 11:13).

17 Давидыг бид цэргийн гарамгай жанжин, авьяаслаг хөгжимчин гэдэггүй, гол нь, Бурхны «зүрх сэтгэлийн дагуух хүн» гэдгээр нь мэддэг (1 Самуел 13:14). Бид Даниелыг Вавилоны төрийн зүтгэлтэн гэхээсээ Еховагийн үнэнч зөнч; Естерийг Персийн хатан хаан гэхээсээ эр зориг, итгэлийн жишээ; Петр Андрей Иаков Иохан нарыг сайн загасчин гэхээсээ илүү Есүсийн элч гэж сайн мэддэг. Есүс ч гэсэн бидний хувьд «мужаан» бус, харин «Христ» билээ (Марк 6:3; Матай 16:16). Хүн ямар ч авьяас чадвар, давуу тал, байр суурьтай байсан, амьдралаа ертөнцийн үйл хэрэгт бус, Бурханд үйлчлэхэд зориулах ёстой гэдгийг тэд бүгдээрээ сайн ойлгодог байжээ. Бурхны үйлчлэгч байх нь тэдний хувьд хамгийн эрхэм зорилго, хамгийн утга учиртай амьдрал байсан.

18. Нэг залуу христиан ямар шийдвэр гаргасан бэ? Эцэст нь юу ойлгосон бэ?

18 Өгүүллийн эхэнд гарсан Сон Жин ч бас үүнийг ойлгожээ. Тэрбээр: «Би анагаах ухаан, соёл урлаг, багшийн ажилд хүч чадлаа зориулахын оронд Бурханд өөрийгөө зориулсан тэр амлалтынхаа дагуу амьдрахаар шийдсэн. Одоо дэлгэрүүлэгч шаардлагатай газар үйлчилж, хүмүүсийг мөнх амийн зам дээр гарахад нь тусалж байна. Үнэнийг хэлэхэд, Еховад бүрэн цагаар үйлчлэхийг авьяас чадвар сорьсон, сонирхолтой ажил гэж боддоггүй байлаа. Харин одоо христиан зан чанар хөгжүүлж, өөр зан заншилтай хүмүүстэй харьцаж сурч байгаа болохлоор бүх юм их сонирхолтой байна. Еховагийн санаа зорилгыг биелүүлэх үйл хэргийг гол зорилгоо болгох нь утга учиртай амьдрах цорын ганц арга гэдгийг ойлгосон» гэж ярьсан юм.

19. Яавал утга учиртай амьдрах вэ?

19 Ехова Бурхан бидэнд амин чухал мэдлэг, мөнх амьтай болох найдвар өгсөн (Иохан 17:3). Тиймээс, «Бурхны нигүүлслийг... дэмий хоосон авахаас» болгоомжлох ёстой (2 Коринт 6:1). Ехова Бурхнаа магтан алдаршуулахад амь амьдралаа зориулцгаая. Өнөөдрийн жаргалтай амьдрал, ирээдүйн мөнх амь руу хөтлөх мэдлэгийг бусдад хүргэцгээе. Ингэвэл «Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй» хэмээсэн Есүсийн үгийн үнэнийг өөрийн биеэр үзнэ (Үйлс 20:35). Энэ бол утга учиртай амьдрал юм.

[Зүүлт]

^ Энэ өгүүлэлд гарах зарим хүний нэрийг өөрчлөв.

Тайлбарлана уу

• Хүний амьдралын хамгийн эрхэм зорилго юу вэ?

• Эд баялгийн хойноос явах нь яагаад ухаалаг биш вэ?

• Бурхны амласан «жинхэнэ амь» гэж юу вэ?

• Бурхны санаа зорилгыг биелүүлэх үйлсэд амьдралаа хэрхэн зориулах вэ?

[Догол мөрийн асуулт]