Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн үг хэзээ ч «бүтэлгүйтэж унадаггүй»

Еховагийн үг хэзээ ч «бүтэлгүйтэж унадаггүй»

Еховагийн үг хэзээ ч «бүтэлгүйтэж унадаггүй»

«Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, ...бүгд биелсэн» (ИОШУА 23:14).

1. Иошуа ямар хүн байсан бэ? Насныхаа эцэст яасан бэ?

 ТЭРБЭЭР эрч хүчтэй, аймшиггүй зоригт жанжин, Бурханд итгэлтэй, үнэнч хүн байлаа. Мосег дуулгавартай дагадаг байсан түүнийг Ехова Израилийн ард түмнийг аймшигт цөлөөр дагуулан, сүү балаар бялхсан нутагт оруулах удирдагчаар сонгожээ. Бусдын хүндэтгэлийг хүлээсэн тэр хүн нь Иошуа байсан бөгөөд насныхаа эцэст Израилийн ахмадуудад сэтгэл хөдөлгөм сүүлчийн үгээ хэлжээ. Тэр үг нь сонссон хүмүүсийн итгэлийг бэхжүүлсэн нь эргэлзээгүй. Бидний итгэлийг ч бэхжүүлэх нь лавтай.

2, 3. Иошуаг ахмадуудад сүүлчийн үгээ хэлэх үед Израилийн нөхцөл байдал ямар байсан бэ? Иошуа юу гэж хэлсэн бэ?

2 Тэр үед Израилийн нөхцөл байдал ямар байсныг Библид: «ЭЗЭН Израилийг тал бүрийн дайснаас нь амруулсан» хэмээн бичжээ. Тэгээд цааш нь: «[Түүнээс] хойш олон өдөр өнгөрсний дараа, бас Иошуа нас ахиж хөгширсний дараа бүх Израилийг, тэдний настангууд, тэргүүлэгчид, шүүгчид болон түшмэдийг дуудан ирүүлж, тэдэнд: „Би хөгширч, нас минь ахив“ гэв» хэмээн бичсэн байдаг (Иошуа 23:1, 2).

3 Иошуа Бурхны ард түмний түүхийн хамгийн сэтгэл хөдөлгөм үед амьдарч, 110 насалсан. Тэрбээр Бурхны хүчирхэг үйлсийг нүдээр үзэж, олон амлалтаа биелүүлэхийг нь харжээ. Тийм ч учраас: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» гэж бүрэн итгэлтэйгээр хэлсэн (Иошуа 23:14).

4. Ехова израильчуудад юу гэж амласан бэ?

4 Еховагийн хэлсэн ямар ямар үг Иошуагийн үед биелсэн бэ? Одоо, Еховагийн израильчуудыг чөлөөлнө, хамгаална, тэжээнэ хэмээсэн гурван амлалтын талаар ярилцъя. Орчин үеийн ард түмэндээ ч бас тийн амладаг бөгөөд тэрхүү амлалт өнөө үед, бидний нүдэн дээр биелж байна. Орчин үед Еховагийн юу хийснийг ярилцахаасаа өмнө, Иошуагийн үед хэрхсэнийг нь авч үзье.

Ехова ард түмнээ чөлөөлдөг

5, 6. Ехова израильчуудыг Египетээс хэрхэн чөлөөлсөн бэ? Энэ нь юу харуулсан бэ?

5 Израильчууд Египетийн дарлалаас болоод тусламж гуйн хашхирахад Ехова тэднийг анхаарчээ (Египетээс гарсан нь 2:23–25). Тэрбээр шатаж буй бутны дэргэд байсан Мосед: «[Ард түмнээ] египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, ...сүү балаар бялхсан сайхан уудам нутаг руу аваачихаар Би бууж ирлээ» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 3:8). Хэлсэндээ хүрэхийг нь харах хэчнээн сэтгэл хөдлөм байсан бол оо! Фараон израильчуудыг явуулахгүй гэхэд нь Нил мөрний усыг цус болгоно гэсэн Бурхны үгийг Мосе уламжилсан. Еховагийн үг «бүтэлгүйтэж унаагүй». Нил мөрний ус цус болон хувирч, загас нь үхэж, Нилийн уснаас уух аргагүй болжээ (Египетээс гарсан нь 7:14–21). Фараон зөрүүдэлсээр байсан тул Ехова есөн гамшиг учруулсан. Гамшиг болгоны өмнө урьдчилан анхааруулж байв (Египетээс гарсан нь 8–12-р бүлэг). Арав дахь гамшгаар египетчүүдийн ууган хүү, ууган төл бүрийг үхсэний дараа фараон израильчуудад явахыг тушаасан. Израильчууд ч тэр даруй явжээ (Египетээс гарсан нь 12:29–32).

6 Ийнхүү чөлөөлөгдсөн нь израильчуудад Еховагийн сонгосон ард түмэн болох замыг нээсэн. Энэ явдал Еховаг амлалтаа Биелүүлэгч бөгөөд хэлсэн үг нь хэзээ ч «бүтэлгүйтэж унадаггүй» болохыг баталжээ. Түүнчлэн, бусад үндэстний бурхдаас илүү агуу болохыг нь харуулсан. Энэ түүх итгэл бэхжүүлдэг. Тэр бүгдийг та өөрийн нүдээр үзсэн бол ямар сэтгэгдэл төрөх байсан бол? Иошуа Еховаг «бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн» гарцаагүй мөн гэдгийг ойлгожээ (Дуулал 83:18).

Ехова ард түмнээ хамгаалдаг

7. Ехова израильчуудыг фараоны армиас хэрхэн хамгаалсан бэ?

7 Еховагийн хоёр дахь амлалт буюу ард түмнээ хамгаална гэсэн амлалтын тухайд юу хэлж болох вэ? Ехова тэднийг Египетээс чөлөөлж, Амласан газар аваачна гэж амлахдаа энэ санааг далд утгаар илэрхийлсэн. Галзууртлаа уурласан фараон олон зуун тэрэг бүхий хүчирхэг армитайгаа Израилийн араас нэхсэнийг эргэн саная. Бардам ихэмсэг тэрбээр израильчуудыг уул тэнгис хоёрын дунд хавчуулагдаж, хаашаа ч гарах газаргүй болсныг хараад, тэднийг гүйцнэ гэдэгтээ хэчнээн итгэлтэй байсан бол оо! Гэвч Ехова ард түмнээ хамгаалахаар хөндлөнгөөс оролцож, хоёр хуарангийн хооронд үүл хуралдуулахад, египетчүүдийн талд харанхуй нөмөрч, харин израильчуудын тал гэрэлтэй байлаа. Үүл египетийн цэргүүдийг саатуулж байх зуур Мосе таягаа сунгасанд Улаан тэнгисийн ус хуваагдаж, израильчуудад зугтах боломж, египетчүүдэд урхи занга болжээ. Ехова фараоны хүчирхэг армийг бүрмөсөн устгаж, ард түмнээ ялагдахаас хамгаалсан (Египетээс гарсан нь 14:19–28).

8. а) Бурхан израильчуудыг цөлд хэрхэн хамгаалсан бэ? б) Амласан газар орох үед нь яаж хамгаалсан бэ?

8 Израильчууд Улаан тэнгисийг гаталсныхаа дараа «өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал» газраар тэнүүчилсэн (Дэд хууль 8:15). Ехова тэнд ч бас ард түмнээ хамгаалж байсан. Тэднийг Амласан газар орох үед юу болсон бэ? Канаан нутгийн хүчирхэг цэргүүд тэднийг эсэргүүцсэн. Тэгэхэд нь Ехова Иошуад: «Босож, энэ бүх хүний хамт энэ Иорданыг гатлан, Израилийн хөвгүүд болох тэдэнд Миний өгч буй тэр газар руу яв. Хэн ч чамайг амьдралын чинь туршид эсэргүүцэн зогсож чадахгүй. Би Мосетой хамт байсан шигээ мөн чамтай хамт байх болно. Би чамайг хаяхгүй, мөн чамайг орхихгүй» хэмээн айлджээ (Иошуа 1:2, 5). Энэ үг ч бас «бүтэлгүйтэж унаагүй». Иошуа зургаахан жилийн дотор 31 хааныг дарж, Амласан газрын ихэнх хэсгийг эзлэн авчээ (Иошуа 12:7–24). Ехова хамгаалаагүй бол ийм ялалтад хүрч чадахгүй байсан.

Ехова ард түмнээ тэжээдэг

9, 10. Ехова ард түмнээ цөлд хэрхэн тэжээж байсан бэ?

9 Еховагийн гурав дахь амлалт буюу ард түмнээ хэрхэн тэжээснийг авч үзье. Бурхан израильчуудыг Египетээс чөлөөлснийхөө дараахан тэдэнд: «Би та нарт тэнгэрээс талхыг оруулна» гэж амлаад, «Ард түмэн гарч, өдөр бүр хоногийнхоо хэрэгцээгээр цуглуул» гэсэн заавар өгчээ. Тэгээд хэлсэн ёсоороо «тэнгэрээс талх» өгсөн. «Израилийн хөвгүүд түүнийг хараад, юу болохыг нь мэдэхгүй учир бие биеэсээ: „Энэ юу вэ?“ гэж асууцгаав». Энэ нь Еховагийн өгнө гэж амласан манна гэдэг талх байлаа (Египетээс гарсан нь 16:4, 13–15).

10 Израильчуудыг цөлд байх 40 жилийн хугацаанд Ехова санаа тавьж, идэх хоол, уух усаар хангасан. Тэр байтугай, Бурхны ачаар тэдний хувцас элэгдээгүй, хөл нь ч цэврүүтээгүй (Дэд хууль 8:3, 4). Иошуа энэ бүхнийг нүдээрээ үзсэн. Ехова амласан ёсоороо ард түмнээ чөлөөлж, хамгаалж, тэжээсэн.

Орчин үед ард түмнээ чөлөөлсөн нь

11. 1914 онд Нью-Йоркийн Бруклин дэх Бетелд Чарлз Расселл юун тухай мэдэгдсэн бэ? Энэ нь юу гэсэн үг байсан бэ?

11 Орчин үеийн тухайд юу хэлж болох вэ? 1914 оны 10 дугаар сарын 2-ны баасан гаригийн өглөө, тухайн үеийн Библи Судлаачдыг тэргүүлж байсан Чарлз Тейз Расселл Нью-Йоркийн Бруклин дэх Бетелийн хоолны танхимд том том алхсаар орж ирэн: «Бүгдээрээ сайн байцгаана уу?» гэж их л баяртайгаар мэндлээд, суухынхаа өмнө: «Харь үндэстний цаг гүйцэж, хаадынх нь өдрүүд дууссан байна» хэмээн мэдэгджээ. Энэ нь, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова ард түмнийхээ төлөө дахин арга хэмжээ авах цаг ирсэн гэсэн үг байлаа. Арга хэмжээгээ ч авсан.

12. 1919 онд Ехова ард түмнээ юунаас чөлөөлсөн бэ? Үр дүн нь юу байсан бэ?

12 Үүнээс хойш таван жилийн дараа Ехова ард түмнээ «Агуу Вавилон» буюу хуурамч шашны ертөнцөөс чөлөөлсөн (Илчлэлт 18:2). Тэр гайхамшигтай үйл явдлыг өөрийн нүдээр үзсэн хүн цөөхөн байгаа. Гэсэн ч үр дүн нь бид бүгдэд тодорхой харагддаг. Ехова цэвэр шүтлэгийг сэргээж, өөрийг нь шүтэх гэсэн чин хүсэлтэй хүмүүсийг нэгтгэсэн. Энэ тухай зөнч Исаиа: «Эцсийн өдрүүдэд ЭЗЭНий өргөөний уул нь уулсын тэргүүнээр тохоогдон, толгодын дээгүүр өргөгдөнө. Бүх үндэстэн түүн рүү цутгана» хэмээн зөгнөжээ (Исаиа 2:2).

13. Еховагийн ард түмэн таны нүдэн дээр хэрхэн өсөн нэмэгдэж байна вэ?

13 Исаиагийн зөгнөл яг таг биелсэн. Тослогдсон үлдэгсэд 1919 онд дэлгэрүүлэх ажлыг дэлхий даяар зоригтой хийж эхэлснээр жинхэнэ шүтлэг мандан бадарсан. «Өөр хонинуудыг» цуглуулах ажил эхэлсэн нь 1930-аад оноос тодорхой болжээ (Иохан 10:16, ШГ). Эхэн үедээ хэдэн мянга, хэдэн зуун мянган хүн цугларч байсан бол өнөөдөр олон сая хүн жинхэнэ Бурхныг шүтэх болсон. Элч Иоханы үзсэн үзэгдэлд тэднийг «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн» гэж дүрсэлсэн байдаг (Илчлэлт 7:9). Бурхны ард түмэн тийнхүү өсөн нэмэгдэж байгааг та ч бас нүдээрээ үзэж байгаа биз ээ. Таныг анх Библи судалж эхлэх үед дэлхий даяар Еховагийн Гэрч хэд байсан бэ? Өнөөдөр 6 сая 700 мянга гаруй хүн Еховад үйлчилж байна. Ехова ард түмнээ Агуу Вавилоноос чөлөөлснөөр таван тивийн олон сая хүнд Бурхны үйлчлэгч болох үүд хаалга нээгдсэн. Үүнийг бид өөрийн нүдээр харж байгаа билээ.

14. Ехова удахгүй юу хийх вэ?

14 Ехова тун удахгүй бас нэгэн чөлөөлөх арга хэмжээ авна. Үүнд дэлхийн бүх хүн хамрагдана. Тэр үед Ехова агуу хүчээ харуулж, өөрийг нь эсэргүүцдэг бүхнийг газрын хөрснөөс арчих ба ард түмнээ аварч, зөвт байдал оршдог шинэ ертөнцөд аваачна. Ёс бус ертөнцийн төгсгөл хийгээд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигтай эрин үе эхлэхийг үзнэ гэдэг хэчнээн сайхан бэ! (Илчлэлт 21:1–4).

Орчин үед Ехова хэрхэн хамгаалдаг нь

15. Орчин үед Еховагийн хамгаалалт хэрэгтэйн учир юу вэ?

15 Иошуагийн үед израильчуудад Еховагийн хамгаалалт хэрэгтэй байсныг бид үзсэн. Бурхны орчин үеийн ард түмэн тэр үеийнхээс ялгаагүй. Есүс дагалдагчдадаа: «Хүмүүс та нарыг зовлон гамшигт тушааж, та нарыг ална. Миний нэрээс болж та нарыг бүх үндэстэн үзэн ядах болно» хэмээн анхааруулжээ (Матай 24:9). Олон оронд Еховагийн Гэрчүүд харгис ширүүн эсэргүүцэл хавчлагад өртсөөр ирсэн. Гэлээ ч Ехова ард түмнээ хамгаалдаг нь тодорхой харагддаг (Ром 8:31). Дэлгэрүүлэх, заах ажлыг маань юу ч, тэр байтугай, бидний «эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг» зогсоож чадахгүй гэдгийг Бурхны Үг бидэнд баталдаг (Исаиа 54:17).

16. Ехова ард түмнээ хамгаалдгийг та хэрхэн батлах вэ?

16 Еховагийн ард түмнийг ертөнцөд үзэн ядагддаг ч дэвжин дээшилсээр байна. Өнөөдөр Еховагийн Гэрчүүд 236 оронд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нь биднийг дуугүй болгох юм уу устгахыг хүсдэг хүмүүсээс Ехова хамгаалдгийн баттай нотолгоо юм. Бурхны орчин үеийн ард түмнийг харгис хэрцгийгээр хавчдаг байсан улс төрийн болон шашны нөлөө бүхий удирдагчдыг та мэднэ биз дээ? Тэд одоо яасан бэ? Хаана байгаа вэ? Ихэнх нь Мосе Иошуа нарын үеийн фараон шиг байхгүй болцгоосон. Тэгвэл Ехова үхэн үхтэлээ үнэнч байсаар нас барсан орчин үеийн Гэрчүүдээ хамгаалаагүй гэсэн үг үү? Яалаа гэж! Ехова тэднийг ой санаандаа хамгаалсан. Тэдний хувьд Еховагийн ой санаанаас илүү аюулгүй газар байхгүй. Ард түмнээ хамгаална гэж хэлсэн Еховагийн үг үнэхээр биелдэг.

Ехова өнөөдөр ч ард түмнээ тэжээдэг

17. Ехова орчин үеийн ард түмнээ тэжээх талаар ямар амлалт өгсөн бэ?

17 Ехова ард түмнээ цөлд тэжээж байсан шигээ өнөөдөр ч мөн тэжээдэг. Ингэхдээ, «итгэмжит, ухаалаг боолоороо» дамжуулан сүнслэг хоол унд өгдөг (Матай 24:45). Бид олон зууны турш битүүмжлэгдсэн байсан Бурхны тухай үнэнийг мэддэг болсон. Нэгэн тэнгэр элч Даниелд: «Төгсгөл хүртэл эдгээр үгийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ» гэж хэлжээ (Даниел 12:4).

18. Өнөөдөр Бурхны тухай жинхэнэ мэдлэг «өсөн нэмэгдэж» байна гэж хэлэхийн учир юу вэ?

18 Бид өнөөдөр Даниелын хэлсэн төгсгөлийн цаг үед амьдарч байгаа бөгөөд Бурхны тухай жинхэнэ мэдлэг үнэхээр «өсөн нэмэгдэж» байна. Ариун сүнс Библийн үнэнд дуртай олон сая хүнд жинхэнэ Бурхан болон түүний санаа зорилгыг үнэн зөвөөр нь мэдэх боломж олгосон. Дэлхий даяар Библи маш олон тоогоор байдгийн зэрэгцээ Библийн үнэт сургаалыг ойлгоход туслах ном хэвлэл элбэг бий. Жишээ нь, Библи судлахад зориулсан «Мөнхийн амь руу хөтлөх мэдлэг» * номыг авч үзье. Энэ номд «Жинхэнэ Бурхан гэж хэн бэ?» «Насан өөд болсон ойр дотнын маань хүмүүст юу тохиолддог вэ?» «Бурхны Хаанчлал захирч байна» «Бурхан ямар учраас зовлон зүдүүрийг хүлцэн зөвшөөрдөг вэ?» гэх зэрэг бүлэг байдаг. Хүн төрөлхтөн дээрх асуултад олон мянган жилийн турш хариу хайсан. Харин одоо иймэрхүү номын тусламжтайгаар эдгээр асуултын хариуг мэдэх боломжтой болжээ. Библийг үл тоомсорлох явдал олон зууны турш ноёрхож, христ шашны ертөнц тэрс сургаал заасаар ирсэн хэдий ч Бурхны Үг энэ бүхэнд үл автан, Еховад үйлчлэх ирмүүн хүсэлтэй бүх хүнийг тэжээсээр байна.

19. Бурхны ямар ямар амлалт биелж байгааг та нүдээрээ үзэж, ямар дүгнэлтэд хүрч байна вэ?

19 Бид үзэж харсан зүйлдээ үндэслээд, «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн» гэж баттай хэлж чадна (Иошуа 23:14). Ехова үйлчлэгчдээ үнэхээр чөлөөлж, хамгаалж, тэжээдэг. Товлосон цагтаа амлалтаа биелүүлээгүй тохиолдол Бурханд бий юү? Байхгүй. Тэгэхлээр, заавал биелдэг Бурхны Үгэнд итгэж найдах нь ухаалаг хэрэг мөн.

20. Ирээдүйгээ итгэлтэйгээр харахын учир юу вэ?

20 Ирээдүйд яах вэ? Ехова бидний ихэнхийг үзэсгэлэнт диваажин болсон дэлхийд амьдрах найдвартай гэж хэлсэн. Харин цөөнх маань Христтэй хамт тэнгэрээс захирна. Бид хаана ч амьдрах бай, Иошуагийн адил Бурхандаа үнэнч үлдэх бүрэн үндэс бий. Итгэж найдаж байгаа зүйл маань биеллээ олох цаг заавал ирнэ. Тэр цагт Еховагийн амласан бүх амлалтыг эргэж хараад, бид ч бас «Бүгд биелсэн» гэж хэлэх болно.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүдийн хэвлэл

Тайлбарлана уу

• Иошуа Еховагийн ямар ямар амлалт биелэхийг үзсэн бэ?

• Та Еховагийн ямар ямар амлалт биелэхийг үзэж байна вэ?

• Бурхны үгийн тухайд юунд итгэлтэй байж болох вэ?

[Догол мөрийн асуулт]