Бат Зогсож, Еховагийн Авралыг Харагтун
Бат зогсож, Еховагийн авралыг харагтун
«ЭЗЭН [Ехова] миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» (ДУУЛАЛ 118:6).
1. Хүн төрөлхтөн ямар эгзэгтэй үйл явдлын өмнө тулж ирээд байна вэ?
ХҮН ТӨРӨЛХТӨН урьд хожид ер болж байгаагүй үйл явдлын өмнө тулж ирчихээд байна. Есүс тэр явдлыг зөгнөхдөө: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно. Хэрэв тэр өдрүүдийг богиносгоогүйсэн бол нэг ч махан бие аврагдахгүй байх байсан. Харин сонгогдогсдын төлөө тэр өдрүүдийг богиносгоно» гэж дагалдагчдадаа хэлсэн (Матай 24:21, 22).
2. Агуу их гай гамшиг эхлээгүй байгаа нь ямар учиртай вэ?
2 Тэр агуу их гай гамшгийг үл үзэгдэх сүнсэн бүтээлүүд одоохондоо тогтоон барьж байна. Ийн саатуулж байгаагийн учрыг нас дээр гарсан элч Иохан Есүсийг ирээдүйн үйл явдлыг үзүүлэхэд нь мэдэж авчээ. Тэрбээр: «Би дэлхийн дөрвөн өнцөгт зогсон, ...дэлхийн дөрвөн салхийг барих дөрвөн тэнгэр элчийг харав. Би мөн амьд Бурхны тамгатай өөр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. ...Дөрвөн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хашхиран: „Бурхныхаа боолуудын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хөнөөл учруул“ хэмээв» гэж бичжээ (Илчлэлт 7:1–3).
3. Агуу их гай гамшиг юугаар эхлэх вэ?
3 «Бурхны боолууд» буюу тослогдогсдыг эцэслэн тамгалах ажил эдүгээ дуусах дөхжээ. Дөрвөн тэнгэр элч хөнөөлт салхийг юу юугүй тавих гэж байна. Салхи тавихад эхлээд юу болох вэ? Тэнгэр элч: «Агуу хот Вавилон ...хүчээр доош хаягдана. Тэгээд хойшид олдохгүй» гэж хэлсэн (Илчлэлт 18:21). Хуурамч шашин бүхлээрээ устах тэр цагт тэнгэрт агуу их баяр хөөр болно (Илчлэлт 19:1, 2).
4. Дараа нь ямар үйл явдал болох вэ?
4 Тэгэхэд бүх үндэстэн Еховагийн ард түмний эсрэг нэгдэнэ. Тэд үнэнч христиануудыг газрын хөрснөөс арчиж чадах юм шиг санагдаж болох юм. Гэхдээ Бурхны ард түмэн рүү довтлох үндэстнүүдийг Есүс Христийн удирдлагаар тэнгэрийн цэргүүд устгана (Илчлэлт 19:19–21). Эцэст нь, Диавол болон чөтгөрүүд «ёроолгүй гүнд» хаягдаж, мянган жил идэвхгүй байх учир хүн төрөлхтнийг мэхэлж чадахгүй. Тэр цагт агуу их гай гамшгийг эсэн мэнд давсан үй олон хүн хэчнээн их тайвшрах бол оо! (Илчлэлт 7:9, 10, 14; 20:1–3).
5. Еховад үнэнч хүмүүсийг ямар ирээдүй хүлээж байна вэ?
5 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөхтэй холбоотой ийм гайхалтай, бишрэм үйл явдлыг та бид үзэх гэж байна. Хэрэв Еховад үнэнч байж, эрх мэдлийг нь чин сэтгэлээсээ дэмжвэл Еховагийн нэрээ ариусгаж, санаа зорилгоо биелүүлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулна гэдгийг бодоод үз дээ. Юутай хосгүй завшаан бэ!
6. Удахгүй болох үйл явдалтай холбогдуулан бид юуны тухай үзэх вэ?
6 Ийм онцгой үйл явдалд та бэлэн үү? Ехова биднийг аврах хүчтэй бөгөөд цаг тухайд нь тохирсон аргаар аварна гэдэгт бат итгэдэг үү? Иймэрхүү асуултыг дор бүрнээ эргэцүүлэн бодож, элч Паулын Ром дахь христиануудад бичсэн үгийг санаж явцгаая. Тэрбээр: «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» гэж бичсэн билээ (Ром 15:4). Биднийг сургаж, урамшуулж, найдвар өгөх Библийн нэгэн түүх бол Ехова израильчуудыг Египетийн харгис савраас аварсан явдал юм. Ехова ард түмнээ гайхалтай уран аргаар аварсныг дэлгэрэнгүй авч үзэх нь тун удахгүй болох гэж буй агуу их гай гамшгийг хүлээж байгаа та бидэнд урам зориг нэмнэ.
Ехова ард түмнээ аварсан нь
7. МЭӨ 1513 онд Египетэд байдал ямар байсан бэ?
7 МЭӨ 1513 он байлаа. Ехова египетчүүдэд есөн гамшиг учруулчихаад байв. Ес дэх гамшгийн дараа Фараон: «Надаас зайл. Миний нүүрийг дахин үзэхээс болгоомжил. Чи миний нүүрийг харсан өдөртөө л үхэх болно» гэж Мосег хөөжээ. Тэгэхэд нь Мосе: «Та зөв ярьж байна. Би таны нүүрийг дахин харахгүй» гэж хэлэв (Египетээс гарсан нь 10:28, 29).
8. Ехова израильчуудыг аврахдаа ямар заавар өгсөн бэ? Тэгээд юу болсон бэ?
8 Ехова Фараон болон египетчүүдэд дахин нэг гамшиг учруулахаа Мосед мэдэгдэв. Энэ нь сүүлчийнх байх байв. Абиб (хожим нь Нисан гэдэг болсон) сарын 14-нд египет хүн бүрийн ууган хүү, анхны төл бүгд үхэх ажээ. Харин израильчууд Бурхны Мосегоор хэлүүлсэн зааврыг нэгбүрчлэн сахивал гарз хохирол үзэхгүй байх байлаа. Тэд хаалганыхаа баруун, зүүн хатавчинд болон тотгонд эр хурганы цус нялж, өөрсдөө гэрээсээ гарах ёсгүй байв. Тэгээд юу болсныг Мосегийн бичсэнээс сонирхъё. «Шөнө дөлөөр, ...Египет газар дахь бүх анхны төрөгсдийг ЭЗЭН цохилоо». Фараон тэр дор нь Мосе Аарон нарыг дуудуулан: «Босож, миний ард түмний дундаас зайл. Та нар хэлснээрээ явж, ЭЗЭНд [Еховад] үйлчил» хэмээжээ. Гурван сая гаруй израиль хүн өөрсөдтэй нь «холилдсон» өөр үндэстний «үй олон» хүний хамтаар тэр даруй замд гарав (Египетээс гарсан нь 12:1–7, 29, 31, 37, 38).
9. Ехова израильчуудыг ямар замаар явуулсан бэ? Энэ нь ямар учиртай байсан бэ?
9 Уг нь, Амласан газар руу хамгийн дөт замаар явъя гэвэл Газрын дундад тэнгисийн хөвөөгөөр филистчүүдийн нутгаар дайран өнгөрч болох байв. Гэтэл филистчүүд тэдэн рүү довтолж мэдэхээр байжээ. Тиймээс, Ехова израильчуудыг Улаан тэнгисийн цөлөөр явуулсан нь дайсантай тулгарахаас хамгаалсан хэрэг бололтой. Тэд хэдэн саяулаа байсан боловч эмх журамтай байлаа. «Израилийн хөвгүүд Египетийн газраас жагсаалаар цувран гарлаа» гэж Библид бичсэн байдаг (Египетээс гарсан нь 13:17, 18).
«Еховагийн авралыг харцгаа»
10. Бурхан израильчуудыг Пи-хахиротын өмнө буудаллахыг тушаасан нь ямар учиртай вэ?
10 Гэтэл санаанд оромгүй явдал болов. Ехова Мосед: «„Эргэж, Мигдол ба тэнгисийн дунд, Пи-хахиротын өмнө буудалла“ гэж чи Израилийн хөвгүүдэд хэл. Та нар Баалзефоны харалдаа эсрэг талд, далайн эрэгт буудалла» гэж тушаав. Ард түмэн заасан ёсоор явтал уул болон Улаан тэнгисийн буланд хашигдах нь тэр. Ингээд гарах гарцгүй болж мухардалд оржээ гэж бодов. Харин Ехова юу хийж байгаагаа мэдэж байлаа. Тэрбээр Мосед: «Би Фараоны зүрхийг хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр дамжуулан алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН [Ехова] мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Египетээс гарсан нь 14:1–4).
11. а) Фараон израильчуудыг явуулсныхаа дараа яасан бэ? Израильчууд яасан бэ? б) Мосе израильчуудад юу гэж хэлсэн бэ?
11 Фараон израильчуудыг Египетээс явуулсан нь буруу хэрэг болж гэж бодоод, 600 шилдэг тэргээ хөлөглөн хойноос нь мөшгөн хөөлөө. Израилийн ард түмэн египетийн цэргийн барааг хараад ихэд айж, Мосед хандан: «Египетэд оршуулгын газар байхгүй гэж та биднийг цөлд үхүүлэхээр авчирсан уу?» гэж хашхиралдав. Тэгэхэд нь Еховаг аварна гэдэгт бат итгэлтэй байсан Мосе: «Бүү айцгаа! Бат зогсож, ЭЗЭНий [Еховагийн] авралыг харцгаа. Тэр өнөөдөр үүнийг та нарын төлөө гүйцэтгэх болно. [...] ЭЗЭН та нарын төлөө байлдана. Та нар чимээгүй бай!» гэж хэлэв (Египетээс гарсан нь 14:5–14).
12. Ехова ард түмнээ хэрхэн аварсан бэ?
12 Ехова өөрөө израильчуудын төлөө байлдана гэсэн Мосегийн үг батлагдаж, Ехова тэнгэр элчүүдээ явуулав. Нэгэн тэнгэр элч Израилийн хуарангийн өмнө байсан үүлэн баганыг ард нь аваачлаа. Ингэхэд үүлэн багана египетчүүдийн байгаа газрыг харанхуй болгож, харин Израилийн хуаранг гэрэлтүүлэв (Египетээс гарсан нь 13:21, 22; 14:19, 20). Мосе Бурхны тушаасан ёсоор гараа сунгалаа. Тэгтэл «ЭЗЭН шөнийн турш дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд... Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явахад, ус тэдний баруун, зүүн талд хана мэт байв». Египетчүүд израильчуудыг дахин хөөж эхлэв. Гэхдээ Ехова ард түмнийхээ талд байлаа. Бурхан Египетийн цэргүүдийг самууруулаад, Мосед: «Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун» гэжээ. Ехова Бурхан Фараоны цэргүүдээс нэгийг нь ч амьд үлдээлгүй бүрмөсөн устгав (Египетээс гарсан нь 14:21–28; Дуулал 136:15).
Израильчуудыг аварсан түүх бидэнд сургамжтай
13. Израилийн хөвгүүд аврагдсаныхаа дараа яасан бэ?
13 Бурхан өөрсдийг нь ийнхүү гайхамшгаар аврахад израильчууд яасан бэ? Мосе болон Израилийн хөвгүүд: «Би ЭЗЭНд [Еховад] дуулъя. Учир нь Тэр өндөрт өргөмжлөгджээ. [...] ЭЗЭН үүрд мөнх хаанчилна» гэж өөрийн эрхгүй дуулцгаажээ (Египетээс гарсан нь 15:1, 18). Тийм ээ, тэд хамгийн түрүүнд Бурхнаа магтан алдаршуулахыг хүссэн. Ийнхүү Ехова хэмжээгүй эрх мэдэлтэй гэдгээ батлан харуулсан билээ.
14. а) Израильчуудыг Египетээс аварсан түүх Еховагийн талаар юу хэлдэг вэ? б) 2008 оны уриа юу вэ?
14 Энэ гайхалтай түүх биднийг юунд сургаж, хэрхэн урамшуулж, ямар найдвар төрүүлдэг вэ? Ехова ард түмэнд нь учирсан ямар ч саадыг арилгаж чаддаг, ямар ч нөхцөлд туслахад бэлэн байдаг нь тодорхой байна. Ехова дорнын салхийг салхилуулахад Улаан тэнгис израильчуудын хувьд ямар ч саад биш болсон атал фараоны цэргүүдийн хувьд жинхэнэ булш болсон. Үүнийг бодож үзэхлээр, «ЭЗЭН [Ехова] миний талд, би айхгүй. Хүн надад юу хийж чадах вэ?» хэмээсэн дуулалчийн үгийг өөрийн эрхгүй хэлмээр санагддаг (Дуулал 118:6). Бас Ром 8:31-д Паулын: «Хэрэв Бурхан бидний талд юм бол, хэн биднийг эсэргүүцэх вэ?» гэсэн үг бидэнд урам зориг нэмдэг. Библид бичигдсэн эдгээр үг биднийг үнэхээр зоригжуулдаг. Бас элдэв эргэлзээгээ ялахад туслан, найдвар өгдөг. Тэгэхлээр, «Бат зогсож, Еховагийн авралыг харцгаа» гэсэн зүйлийг 2008 оны уриа болгох нь тун оновчтой хэрэг юм (Египетээс гарсан нь 14:13, ШЕ).
15. Дуулгавартай байх нь израильчуудын хувьд хэр зэрэг чухал байсан бэ? Бидний хувьд хэр зэрэг чухал бэ?
15 Израильчуудыг Египетээс аварсан түүх өөр ямар сургамжтай вэ? Ехова юу ч тушаасан, бид тушаалыг нь дуулгавартай сахих ёстой. Израильчууд Нисан сарын 14-ний үдэш тэнгэр элчийг дээгүүр нь өнгөрөх үед эсэн мэнд үлдэхийн тулд Еховагийн өгсөн нарийн зааврыг дуулгавартай биелүүлсэн. Тэд гэрээсээ ч гараагүй. Эцэст нь, Египетээс явахдаа «жагсаалаар цувран гарлаа» гэж Библид байдаг (Египетээс гарсан нь 13:18). Үүнтэй адилаар, өнөөдөр бид «итгэмжит ухаалаг боолоор» өгүүлдэг Еховагийн удирдлага зааврыг дуулгавартай сахих нь амин чухал юм (Матай 24:45). Бид «баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, ...„Энэ бол зам. Үүгээр алхагтун“» гэсэн Бурхны үгийг анхааралтай сонсох ёстой (Исаиа 30:21). Агуу их гай гамшиг ойртохын хэрээр Бурхан бидэнд нарийн заавар өгөх биз ээ. Тэр амаргүй цагийг эсэн мэнд давах эсэх маань Бурхны үнэнч үйлчлэгчидтэй мөр зэрэгцэн алхахаас шалтгаална.
16. Бурхан израильчуудыг аварсан түүх бидэнд ямар сургамжтай вэ?
16 Түүнээс гадна, Ехова израильчуудын явсан зүгийг өөрчилсөн шүү дээ. Тэгэхэд израильчууд яагаад тийм заавар өгснийх нь учрыг ойлголгүй, уул болон тэнгисийн буланд хашигдлаа гэж бодож байв. Гэхдээ Ехова бүх юмыг хянаж байсан бөгөөд ард түмнээ авран өөрийгөө алдаршуулсан билээ. Бид ч бас байгууллагын зарим арга хэмжээг ойлгохгүй байж болох юм. Гэхдээ Ехова ард түмнээ үнэнч төлөөлөгчдөөрөө дамжуулан удирддаг гэдэгт итгэлтэй байх бүрэн үндэс бий. Заримдаа дайснууд биднээс хүчээр давуу юм шиг санагдах юм уу бид нөхцөл байдлыг бүрэн гүйцэд ойлгож чадахгүй байж болох юм. Гэхдээ Ехова эрт цагт израильчуудыг аварсан шигээ ямар ч саад тотгорыг цаг нь болоход арилгах чадалтай Бурхан билээ (Сургаалт үгс 3:5).
Еховад бат итгэгтүн
17. Бурхан биднийг удирдана гэдэгт бат итгэж болохын учир юу вэ?
17 «Бурхны тэнгэр элч» удирдаж байгааг батлах өдрийн үүлэн багана, шөнийн галан баганыг израильчууд эргэцүүлэн бодоод Еховад бат итгэх хүсэлтэй болсон байх учиртай (Египетээс гарсан нь 13:21, 22; 14:19). Ехова ард түмнээ удирдаж, хамгаалж, авардаг гэдэгт итгэх үндэс бидэнд бий. Бурхан үнэнч үйлчлэгчдээ орхихгүй бөгөөд үүрд хамгаална гэж амласан билээ (Дуулал 37:28). Хүчирхэг тэнгэр элчүүд Еховагийн үйлч лэгчдийг дэмждэгийг үргэлж санаж явцгаая. Тэдний тусламжтайгаар бид «бат зогсож, Еховагийн авралыг харна» (Египетээс гарсан нь 14:13).
18. «Бурхны бүрэн хуяг дуулгыг өмсөж», «бүрэн зэвсгийг авах» хэрэгтэйн учир юу вэ?
18 Үнэний зам дээр «бат зогсохын» тулд яах хэрэгтэй вэ? Элч Паул Ефесийн христиануудад Бурхны «бүрэн хуяг дуулгыг өмсөж», «бүрэн зэвсгийг ав» гэж аминчлан захисныг биелүүлэх хэрэгтэй. Бидний сүнслэг хуяг дуулга, зэвсэг бүрэн үү? Шинэ онд хүн бүр хуяг дуулгаа зөв өмсдөг, зэр зэвсгээ зөв хэрэглэдэг эсэхээ магадлах зорилго тавих нь зүйтэй. Бидний дайсан Сатан Диавол сул талыг маань мэддэг бөгөөд сонор сэрэмж алдмагц эмзэг газар руу маань дайрахад бэлэн байдаг. Бидний тэмцэл бол бузар муугийн сүнслэг хүчний эсрэг билээ. Гэхдээ Еховагийн тусламжтайгаар ялж чадна (Ефес 6:11–18; Сургаалт үгс 27:11).
19. Тэвчээртэй байвал бидэнд ямар завшаан тохиох вэ?
19 Есүс дагалдагчдадаа: «Та нар өөрсдийн тэвчээрээр амиа олж авна» гэж хэлсэн (Лук 21:19). Аливаа сорилт бэрхшээлийг тэвчиж, үнэнч байвал Ехова нигүүлслээ үзүүлнэ. «Бат зогсож, Еховагийн авралыг харцгаая!»
Хариулна уу
• Тун удахгүй ямар онцгой үйл явдал болох вэ?
• Ехова аврах чадалтай Бурхан гэдгээ МЭӨ 1513 онд хэрхэн батлан харуулсан бэ?
• Энэ өгүүллийг судлаад та ямар шийдвэр гаргаж байна вэ?
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны товчлол]
2008 оны уриа: «Бат зогсож, Еховагийн авралыг харцгаа» (Египетээс гарсан нь 14:13, ШЕ)