Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн хэмжээгүй эрх мэдэл ба Бурхны Хаанчлал

Еховагийн хэмжээгүй эрх мэдэл ба Бурхны Хаанчлал

Еховагийн хэмжээгүй эрх мэдэл ба Бурхны Хаанчлал

«Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан... Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол [«хаанчлал», ШЕ] ч Таных» (ШАСТИРЫН ДЭЭД 29:11).

1. Ехова яагаад орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Захирагч байх эрхтэй вэ?

 «ЭЗЭН Өөрийн сэнтийг тэнгэрт залсан бөгөөд Түүний хаанчлал бүхнийг захирдаг» (Дуулал 103:19). Дуулалч энэ үгийг хэлэхдээ эрх мэдлийн талаарх үндсэн зарчмыг тодорхойлсон. Ехова Бурхан Бүтээгч учраас орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Захирагч байх эрхтэй.

2. Зөнч Даниел Еховагийн сүнсэн бүтээлүүдийн талаар хэрхэн дүрсэлсэн бэ?

2 Аливаа захирагч харьяат албаттай байж гэмээнэ эрх мэдлээ хэрэгжүүлэх нь ойлгомжтой. Ехова анх сүнсэн бүтээлүүдээ захирдаг байсан. Ингэхдээ эхлээд цорын ганц Хүүгээ, дараа нь тэнгэр элчүүдийг захирах болжээ (Колоссай 1:15–17). Олон жилийн дараа зөнч Даниел Еховагийн эрх мэдлийг харуулсан нэгэн үзэгдэл үзээд, «Намайг харсаар байтал сэнтийнүүд тавигдаж, Эртний Нэгэн Өөрийн суудалд залрав. [...] Үй түмээрээ Түүнд үйлчилж, үй түмээрээ түүний өмнө зогсоцгоож байлаа» хэмээн бичжээ (Даниел 7:9, 10). «Эртний Нэгэн» болох хэмжээгүй эрхт Эзэн Ехова «хүслийг [нь] биелүүлэн, [өөрт нь] үйлчилдэг» сүнсэн хөвгүүдээсээ бүрдсэн эмх журамтай, өнөр өтгөн гэр бүлээ асар олон жил удирдан жолоодсоор ирсэн (Дуулал 103:20, 21).

3. Ехова захирах эрх мэдлийнхээ хүрээг хэрхэн өргөжүүлсэн бэ?

3 Дараа нь Ехова хязгааргүй уудам орчлонт ертөнцийн нарийн бүтэц, зохион байгуулалттай гариг эрхэс, түүний дотор, дэлхийг бүтээснээр захирах эрх мэдлийнхээ хүрээг өргөжүүлсэн (Иов 38:4, 7). Тэнгэрийн эрхсийн эмх журамтай, нарийн зохион байгуулалттай орчиж хөдлөхийг харвал тэдгээрт ямар ч захирагч хэрэггүй мэт. Гэвч дуулалч: «[Еховагийн] тушааснаар тэд бүтээгдсэн билээ. Тэр бас үүрд мөнхөд тэднийг байрлуулсан юм. Тэрээр хэзээ ч өнгөрөн одохгүй зарлигийг гаргасан юм» хэмээн дуулжээ (Дуулал 148:5, 6). Ехова сүнсэн бүтээлүүд хийгээд гариг эрхсийг цаг үргэлж залж чиглүүлэн, захиран удирдаж, хэмжээгүй эрх мэдлээ хэрэгжүүлдэг (Нехемиа 9:6).

4. Ехова хүмүүсийг яаж захирдаг вэ?

4 Бурхан анхны хүмүүн хосыг бүтээгээд, эрх мэдлээ арай өөр аргаар хэрэгжүүлж эхэлсэн. Хүмүүст утга учиртай, сэтгэл хангалуун амьдрахад хэрэгцээтэй бүх зүйлийг өгсний зэрэгцээ дэлхий дээрх, хүнээс бусад бүх бүтээлийг захирах эрхийг өгчээ. Тийнхүү Ехова өөрийнх нь өмнөөс захирах харьцангуй эрх мэдлийг хүмүүст олгосон (Эхлэл 1:26–28; 2:8, 9). Тэгэхлээр, Бурхан харьяат албатаа энэрэнгүй, сайхан сэтгэлээр захирдаг төдийгүй, тэднийг үнэлж, хүндэтгэдэг нь харагдаж байна. Адам Ева хоёр Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд захирагдвал диваажин дэлхийд мөнх амьдрах боломжтой байлаа (Эхлэл 2:15–17).

5. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн талаар ямар дүгнэлт хийж болох вэ?

5 Энэ бүхнээс ямар дүгнэлт хийж болох вэ? Нэгдүгээрт, Ехова бүх бүтээлээ захирдаг. Хоёрдугаарт, Бурхан бүтээлээ үнэлж хүндэтгэн, сайхан сэтгэлээр захирдаг. Гуравдугаарт, Бурханд захирагдаж, эрх мэдлийг нь дэмжсэн хэн боловч үүрд жаргалтай, сэтгэл хангалуун амьдарна. Эртний Израилийн хаан Давид: «Өө, ЭЗЭН минь, агуу сүр, хүч чадал, яруу алдар, ялалт, цог жавхлан бөгөөд үнэхээр тэнгэр, газар дахь бүх юм Таных билээ. Өө, ЭЗЭН минь, ноёрхол [«хаанчлал», ШЕ] ч Таных бөгөөд Та Өөрийгөө бүхний тэргүүнээр өргөмжилдөг билээ» хэмээн дуу алдсанд гайхах хэрэггүй (Шастирын дээд 29:11).

Бурхны Хаанчлал хэрэгтэй болсны учир

6. Бурхны хэмжээгүй эрх мэдэл болон түүний Хаанчлал хоорондоо ямар холбоотой вэ?

6 Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Ехова бүхнийг захирах эрх мэдэл, хүч чадалтай атал Бурхны Хаанчлал хэрэгтэй болсны учир юу вэ? Ер нь, аливаа удирдагч тусгай байгууллагаар дамжуулан эрх мэдлээ хэрэгжүүлдэг. Тэгвэл, Бурхны Хаанчлал бол Еховагийн хэмжээгүй эрх мэдлээ хэрэгжүүлэх нэг хэрэгсэл нь юм.

7. Ехова хэмжээгүй эрх мэдлээ яагаад өөр аргаар хэрэгжүүлэх болсон бэ?

7 Ехова хэмжээгүй эрх мэдлээ янз бүрийн цаг үед, янз бүрийн аргаар хэрэгжүүлж ирсэн бөгөөд шинэ нөхцөл байдал үүссэн учир үүнтэй уялдуулан хэмжээгүй эрх мэдлээ өөр аргаар хэрэгжүүлж эхэлсэн. Ямар нөхцөл байдал үүссэн бэ? Бурхны эсрэг самуун дэгдээсэн сүнсэн хүү нь болох Сатан, Адам Ева хоёрыг Еховагийн эрх мэдлийн эсрэг босгож чадсан. Ийнхүү Бурхны хэмжээгүй эрх мэдэлд халджээ. Сатан Евад хориотой жимс идвэл «ерөөсөө үхэхгүй» гэсэн нь битүүдээ Еховаг худалч, найдваргүй этгээд гэж хэлсэн хэрэг байлаа. Цааш нь: «Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Бурхан шиг болж, сайн мууг мэдэх болно гэдгийг Бурхан мэддэг билээ» гэж хэлсэн. Энэ нь, Адам Ева хоёр Бурхны тушаалыг үл хэрэгсэн, түүнд захирагдахгүйгээр илүү сайхан амьдарч болно гэсэн санаа байв (Эхлэл 3:1–6). Ийнхүү Бурхны захирах эрхэд шууд халдаж, зөв захирдаг эсэхэд эргэлзээ төрүүлжээ. Ехова яасан бэ?

8, 9. а) Улс оронд нь үймээн самуун дэгдвэл удирдагч яах вэ? б) Еденд самуун дэгдэхэд Ехова яасан бэ?

8 Улс оронд нь үймээн самуун дэгдвэл удирдагч яах вэ? Түүх мэддэг хүмүүс иймэрхүү асуудлыг хэрхэн шийдэж байсан түүхийг эргэн санах байх. Сайхан сэтгэлтэй удирдагч хүртэл асуудлыг нухацтай авч үзэн, самуун дэгдээгчдийг эх орноосоо урвасныг нь зарлан мэдэгдэж, шийтгэл оноогоод, самууныг дарж, улс орондоо амар тайвныг сэргээх бүрэн эрхийг хэн нэг хүнд олгож болох юм. Үүнтэй адил, Ехова тэр даруйд нь арга хэмжээ авч, самуун этгээдүүдэд шийтгэл оноон, нөхцөл байдлыг бүрэн хянадгаа харуулсан. Адам Ева хоёрт мөнх амьдрах эрхгүй болсныг нь мэдэгдээд, Еден цэцэрлэгээс хөөж гаргасан (Эхлэл 3:16–19, 22–24).

9 Сатанд ял тулгахдаа, хэмжээгүй эрх мэдлээ өөр аргаар хэрэгжүүлж, тэнгэр газарт энх тайван, эмх журмыг тогтоох болсноо тунхаглан, «Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг [«үрийг», ШЕ] тэр эмэгтэйн үр хүүхэдтэй [«үртэй», ШЕ] өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд [«үр», ШЕ] чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн хэлжээ (Эхлэл 3:15). Тийнхүү Ехова Сатан болон түүний талынхныг устгаж, хэмжээгүй эрх мэдэл нь хууль ёсных гэдгийг батлах бүрэн эрхийг «үрд» өгөх санаа зорилгоо мэдэгдсэн (Дуулал 2:7–9; 110:1, 2).

10. а) Хэн «үр» болж тодорсон бэ? б) Анхны зөгнөл хэрхэн биелэх талаар элч Паул юу гэж хэлсэн бэ?

10 Тэрхүү «үр» нь Есүс Христ болон түүний хам захирагчид болох нь тодорхой болжээ. Тэд хамтдаа Мессиагийн Хаанчлалыг бүрдүүлдэг (Даниел 7:13, 14, 27; Матай 19:28; Лук 12:32; 22:28–30). Гэхдээ энэ бүхэн шууд илчлэгдээгүй юм. Анхны зөгнөл хэрхэн биелэх нь «өнө эртний турш... нууц» хэвээрээ байлаа (Ром 16:25). «Нууц» тайлагдан, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөх цагийг Бурханд үнэнч хүмүүс олон зууны туршид хүлээж байв (Ром 8:19–21).

«Нууц» аажмаар тайлагдсан нь

11. Ехова Абрахамд юу мэдүүлсэн бэ?

11 Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр, Ехова хүмүүст «Бурхны хаанчлалын нууцаас» аажим аажмаар мэдүүлж байлаа (Марк 4:11). Тэр хүмүүсийн нэг нь «Бурхны анд нөхөр» гэгдсэн Абрахам байв (Иаков 2:23). Ехова Абрахамыг «аугаа их үндэстэн» болгохоо амласан. Тэгээд хожим нь: «Чамаас хаад гарч», «газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр [«үрээр», ШЕ] дамжуулан ерөөгдөх болно» гэж айлдсан (Эхлэл 12:2, 3; 17:6; 22:17, 18).

12. Усан галавын дараа Сатаны үрийн нэг хэсэг хэрхэн тодорсон бэ?

12 Абрахамаас өмнө хүмүүс аль хэдийнээ бие биеэ эзэрхэн захираад эхэлчихсэн байв. Жишээ нь, Ноагийн жич хүү Нимродын талаар Библид: «Тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ. Тэрээр ЭЗЭНий өмнө [«Еховаг эсэргүүцдэг», ШЕ] хүч чадалтай анчин байв» гэж бичжээ (Эхлэл 10:8, 9). Нимрод мэтийн өөрийгөө удирдагчаар томилсон хүмүүс Сатаны гар хөл болж байсан нь тодорхой. Тэд ч, тэднийг дэмжигчид ч Сатаны үрийн нэг хэсэг болжээ (1 Иохан 5:19).

13. Ехова Иаковт ямар зөгнөл хэлсэн бэ?

13 Сатан хүмүүн удирдагчдыг бий болгохыг оролдож байсан хэдий ч санаа зорилгоо биелүүлэхэд нь Еховад саад болж чадаагүй. Ехова Абрахамын ач Иаковт санаа зорилгоо илчлэн: «Шилог иртэл хааны таяг Иудагаас салахгүй. Захирагчийн шийдэм түүний хөлийн хоорондоос салахгүй. Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно» хэмээн хэлжээ (Эхлэл 49:10). «Шило» гэдэг үг «Тэр ийм юмтай, энэ бол Түүнийх» гэсэн утгатай ажээ. Тэгэхлээр, энэ зөгнөл нь «хааны таягтай» буюу хэмжээгүй эрх мэдэлтэй, «захирагчийн шийдэмтэй» буюу «бүх хүнийг» захирах хууль ёсны эрхтэй нэгэн ирэх ёстойг заажээ. Тэр нь хэн байсан бэ?

«Шилог иртэл»

14. Ехова Давидтай ямар гэрээ байгуулсан бэ?

14 Иудагийн овгоос Израилийн ард түмний хаанаар сонгогдсон анхны хүн нь Иессийн хүү, хоньчин Давид байлаа * (1 Самуел 16:1–13). Давид гэм нүгэлтэй, алдаа дутагдалтай хүн байсан хэдий ч Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд үнэнч байсан учир тааллыг нь олжээ. Ехова Еденд хэлсэн анхны зөгнөлөө илүү тодорхой болгон: «Би чамаас гарах үрийг чиний дараа босгож, түүний хаанчлалыг тогтооно» хэмээн хэлж, Давидтай гэрээ байгуулсан. Гэрээндээ: «Би түүний хаанчлалын суудлыг мөнхөд тогтооно» гэж мэдэгдсэн тул тэр үр нь Давидын хүү, хаан ширээг нь залгамжлагч Соломоноор тогтохгүй байв. Амласан «үр» Давидын удмаас гарна гэдгийг уг гэрээ тодорхой харуулсан (2 Самуел 7:12, 13).

15. Иудагийн хаанчлал Бурхны Хаанчлалын дүр зураг болж байсан гэж үзэхийн учир юу вэ?

15 Давидын угсааны хаадыг тэргүүн тахилч ариун тосоор тосолдог байжээ. Тийм учраас, тэдгээр хаадыг тослогдогсод буюу мессиа гэж нэрлэж болно (1 Самуел 16:13; 2 Самуел 2:4; 5:3; Хаадын дээд 1:39). Тэднийг Еховагийн сэнтийд заларч, Еховагийн төлөө Иерусалимд хаад болсон гэдэг (Шастирын дэд 9:8). Тиймээс, Иудагийн хаант улс нь Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн илрэл болсон Бурхны Хаанчлалыг төлөөлж байв.

16. Иудагийн хаант улс эцэстээ яасан бэ?

16 Ехова хэмжээгүй эрх мэдэлд нь захирагддаг хааныг ард түмэнтэй нь ивээж, хамгаалдаг байв. Ялангуяа, Соломон хааны үед ард түмэн нь аль ч үетэй харьцуулшгүй амар тайван, аз жаргалтай амьдарч байсан нь Бурхны Хаанчлалын үед Сатаны нөлөө бүрэн арилж, Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөх цагийн дүр зураг байлаа (Хаадын дээд 4:20, 25). Харамсалтай нь, Давидын удмын хаадын ихэнх нь Еховагийн шаардлагыг хангахаа больж, ард түмэн нь хиймэл шүтээн шүтэж, садар самуун үйлдэх болжээ. Эцэст нь, МЭӨ 607 онд Ехова Иудагийн хаант улсыг вавилончуудаар устгуулсан. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг гутаах гэсэн Сатаны оролдлого амжилтад хүрсэн гэмээр байв.

17. Давидын хаанчлал мөхсөн хэдий ч Ехова бүх бүтээлээ захирсаар байсан нь юунаас харагддаг вэ?

17 Давидын хаанчлал болон Израилийн хойт хаант улс мөхсөн нь Ехова бүтээлээ захирах эрхгүй юм уу, эсвэл зөв захирах чадваргүй гэсэн үг биш, харин Сатаны нөлөө хийгээд хүн Бурхнаас хамааралгүй байсны гунигт үр дагавар байлаа (Сургаалт үгс 16:25; Иеремиа 10:23). Ехова бүх бүтээлээ захирсаар байгаагаа батлан: «Малгайг авч, титмийг тайл. [...] Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө» гэж зөнч Езекиелээр хэлүүлжээ (Езекиел 21:26, 27). «Үүнийг эзэмших эрхтэй Нэгэн» буюу амласан «үр» хараахан ирээгүй байсныг дээрх үг харуулдаг.

18. Габриел гэдэг тэнгэр элч Мариад юу гэж хэлсэн бэ?

18 МЭӨ 2 онд юу болсныг үзье. Бурхан Габриел гэдэг тэнгэр элчээ Палестины хойт хэсэгт орших Галил мужийн Назар хотод амьдардаг Мариа гэгч онгон бүсгүй рүү илгээж, «Үзэгтүн, чи хэвлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Есүс гэж нэрлэх болно. Тэр Хүү агуу Нэгэн болох ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана. Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь хаан ширээг өгөх болно. Тэр Иаковын гэрийг үүрд хаанчлах бөгөөд Түүний хаанчлалд төгсгөл байхгүй» хэмээн хэлүүлжээ (Лук 1:31–33).

19. Сэтгэл хөдөлгөм ямар үйл явдал болох дөхсөн байсан бэ?

19 «Нууц» тайлагдах цаг дөхжээ. Амласан «үрийн» гол хэсэг мөдхөн тодрох байв (Галат 4:4; 1 Тимот 3:16). Эцэстээ Сатаны толгойг няцлах буюу Сатан болон түүний хамсаатнуудын үйлсийг таслан зогсоох тэр «үр» эхлээд Сатанд өсгийгөө няцлуулах учиртай байсан. Мөн Бурхны Хаанчлал Сатаны учруулсан бүх хор хохирлыг арилгаж, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг зөвтгөнө гэдгийг тунхаглах ёстой байв (Еврей 2:14; 1 Иохан 3:8). Энэ бүхэн хэрхэн биелсэн бэ? Есүс дуурайвал зохих ямар жишээ бидэнд үлдээсэн бэ? Хариуг нь дараагийн өгүүллээс мэдэж авцгаая.

[Зүүлт]

^ Ард түмнээ удирдуулахаар Бурхны анх сонгосон Саул Бениамины овгийн хүн байсан (1 Самуел 9:15, 16; 10:1).

Тайлбарлана уу

• Ехова яагаад орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Захирагч байх эрхтэй вэ?

• Ехова Хаанчлал байгуулах болсны учир юу вэ?

• Ехова «нууцыг» аажим аажмаар хэрхэн илчилсэн бэ?

• Давидын хаанчлал мөхсөн хэдий ч Ехова бүх бүтээлээ захирсаар байсан нь юунаас харагддаг вэ?

[Догол мөрийн асуулт]