Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг үү?

Та Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг үү?

Та Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэг үү?

«Үндэстнүүдийн дунд: „ЭЗЭН захирдаг...“ гэж хэл» (ДУУЛАЛ 96:10).

1, 2. а) МЭ 29 оны 10 дугаар сарын орчим ямар чухал үйл явдал болсон бэ? б) Тэр үйл явдал Есүсийн хувьд юу гэсэн үг байсан бэ?

 ДЭЛХИЙД урьд өмнө хэзээ ч болж байгаагүй маш чухал үйл явдал МЭ 29 оны 10 дугаар сарын орчим болжээ. Евангели бичигчдийн нэг Матай: «Есүс баптисм хүртээд, голын уснаас тэр даруй гарах үед тэнгэр заагдаж, Бурхны Сүнс тагтаа лугаа адил бууж, [Есүс] дээр ирэхийг [баптисм хүртээгч Иохан] харав. Тэнгэрээс „Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог“ гэх дуу гарлаа» хэмээн бичжээ. Евангелийг бичсэн дөрвөн хүн дөрвүүлээ нэг үйл явдлыг бичсэн нь ховор байдаг. Дээрх үйл явдал бол тэдгээрийн нэг юм (Матай 3:16, 17; Марк 1:9–11; Лук 3:21, 22; Иохан 1:32–34).

2 Дээр нь ариун сүнс асгарснаар Есүс Мессиа буюу Христ хэмээх Тослогдсон Нэгэн болсон (Иохан 1:33). Амласан «үр» (ШЕ) тийнхүү тодорчээ. Баптисм хүртээгч Иоханы өмнө зогсож байсан тэрбээр Сатанд өсгийгөө няцлуулж, Ехова болон Еховагийн хэмжээгүй эрх мэдлийн гол дайсны толгойг няцлах учиртай байлаа (Эхлэл 3:15). Еховагийн хэмжээгүй эрх мэдэл болон Хаанчлалтай холбоотой санаа зорилгыг нь биелүүлэх ёстойгоо Есүс тэр үед сайн мэдэж байв.

3. Есүс Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих үүргээ биелүүлэхэд хэрхэн бэлдсэн бэ?

3 Есүс даалгавраа биелүүлэх бэлтгэлээ хангахын тулд «Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж, цөлд Сүнсээр хөтлөгдөж» очжээ (Лук 4:1; Марк 1:12). Тэнд, Сатаны босгосон хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудал болон Еховагийн захирах эрхийг хэрхэн дэмжих тухайгаа 40 хоног сайтар эргэцүүлэн бодсон. Тэрхүү маргаантай асуудал тэнгэр, газар дахь оюун ухаант бүх бүтээлд хамаатай юм. Тиймд бид Есүсийн, Бурханд хэрхэн үнэнчээр үйлчилж байсныг ярилцаж, өөрсдөө ч бас Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжихийг хүсдэгээ яаж харуулах тухай авч үзэх нь зүйтэй (Иов 1:6–12; 2:2–6).

Хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг хурцатгасан нь

4. Сатан хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг хэрхэн хурцатгасан бэ?

4 Дээр дурдсан үйл явдлын аль алиныг Сатан мэдэж байсан нь ойлгомжтой. Тиймээс, Бурхны «эмэгтэйн» «үрийн» (ШЕ) гол хэсэг рүү шууд довтолсон (Эхлэл 3:15). Есүсийг гурван удаа сорихдоо Эцгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхийн оронд өөртөө ашигтай гэсэн юмаа хийхийг зөвлөжээ. Ялангуяа, гурав дахь удаа сорихдоо орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг улам хурцатгасан. Сатан Есүст «дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг» үзүүлээд, «Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье» хэмээн омог бардам хэлжээ. «Дэлхийн бүх хаанчлал» үнэхээр Диаволын гарт байдгийг Есүс сайн мэдэх учир: «Зайл, Сатан аа! „Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг юм» хэмээн хариулж, хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар ямар байр суурь баримталдгаа харуулсан (Матай 4:8–10).

5. Есүс ямар хэцүү даалгавар биелүүлэх ёстой байсан бэ?

5 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих нь Есүсийн гол зорилго байсныг амьдрал, үйл ажиллагаа нь харуулдаг. Тэрбээр эмэгтэйн «үр» өсгийгөө няцлуулна хэмээн зөгнөснөөр, Сатаны гарт амь үрэгдтэлээ Бурханд үнэнч байж, Еховагийн хэмжээгүй эрх мэдэл хууль ёсных гэдгийг батлах ёстойгоо сайн ойлгож байв (Матай 16:21; 17:12). Түүнчлэн, Бурхны Хаанчлалын тусламжтайгаар Ехова самуун этгээд Сатаныг дарж, бүх бүтээлийг дахин эмх журамтай, амар тайван болгоно гэдгийг тайлбарлан таниулах учиртай байлаа (Матай 6:9, 10). Энэ хэцүү даалгавраа яаж биелүүлсэн бэ?

«Бурхны хаанчлал ойрхон байна»

6. Хаанчлал бол «Диаволын үйлсийг устгах» Бурхны хэрэгсэл гэдгийг Есүс хэрхэн мэдүүлсэн бэ?

6 «Есүс Галилд ирж, Бурхны сайн мэдээг тунхаглан, „Тэр үе биеллээ оллоо. Бурхны хаанчлал ойрхон байна“» хэмээн дэлгэрүүлж эхэлжээ (Марк 1:14, 15). Мөн, «Би Бурхны хаанчлалыг ...тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ» гэж хэлсэн (Лук 4:18–21, 43). Тэрбээр Палестины нутгаар хөндлөн гулд яван, «Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» (Лук 8:1). Түүний зэрэгцээ, байгалийн хүчийг захирч, өлссөн олныг хооллон, өвдсөнийг эдгээж, үхсэнийг амилуулах зэргээр олон гайхамшиг үйлдэж байлаа. Үүгээрээ, Еденд дэгдсэн самуунаас үүдэлтэй зовлон гамшиг, хор хөнөөлийг Бурхан арилгаж, «Диаволын үйлсийг устгаж» чадна гэдгийг батлан харуулсан (1 Иохан 3:8).

7. Есүс дагалдагчдадаа ямар даалгавар өгсөн бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

7 Есүс Хаанчлалын тухай сайн мэдээг бүрэн хэмжээгээр дэлгэрүүлэхийн тулд үнэнч дагалдагчдыг цуглуулж, энэ ажилд бэлдсэн. Эхлээд 12 элчдээ даалгавар өгч, «Бурхны хаанчлалыг тунхаглуулахын тулд... тэднийг илгээсэн» (Лук 9:1, 2). Дараа нь, «Бурхны хаанчлал та нарт ойрхон байна» гэсэн мэдээ тунхаглуулахаар өөр 70 хүнийг илгээжээ (Лук 10:1, 8, 9). Тэд буцаж ирээд, дэлгэрүүлэх ажилд гаргасан амжилтынхаа талаар илтгэхэд, Есүс: «Би Сатаныг аянга адил тэнгэрээс буухыг нь харав» хэмээн хэлжээ (Лук 10:17, 18).

8. Есүсийн амьдралын замналаас юу тодорхой харагддаг вэ?

8 Есүс биеэ бүрэн дайчилж, Хаанчлалын тухай гэрчлэх боломж бүрийг ашигладаг байв. Ая тухтай амьдралаас ч татгалзан, өдөр шөнөгүй ажилладаг байсан тэрбээр: «Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй» гэж хэлжээ (Лук 9:58; Марк 6:31; Иохан 4:31–34). Үхэхийнхээ өмнөхөн Понти Пилатад: «Би үнэний тухай гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний тулд л ертөнцөд ирсэн» гэж зоригтой хэлсэн (Иохан 18:37). Есүс зөвхөн агуу багш, гайхамшиг үйлдэгч, Аврагч болох гэж ирээгүй, хамгийн гол нь, орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн хүсэл тааллыг дэмжихийн зэрэгцээ Еховаг Хаанчлалын тусламжтайгаар хүсэл тааллаа биелүүлнэ гэдгийг гэрчлэхээр ирсэн нь амьдралынх нь замналаас харагддаг (Иохан 14:6).

«Гүйцэлдлээ!»

9. Сатан Бурхны эмэгтэйн «үрийн» өсгийг хэрхэн няцалсан бэ?

9 Хаанчлалын төлөө Есүсийн хийсэн бүхнийг Дайсан нь болох Сатан Диавол зүгээр хараад суугаагүй. Сатан «үрийнхээ» дэлхий дэх хэсэг буюу улс төр, шашныг ашиглан Бурхны эмэгтэйн «үрийг» цааш нь харуулахыг удаа дараа оролдсон. Есүс төрөхөөсөө эхлээд дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл Сатан болон түүний талынхны бай болж байв. Эцэст нь, МЭ 33 оны хавар хүний Хүү Дайсныхаа гарт орж, өсгийгөө няцлуулах цаг нь болжээ (Матай 20:18, 19; Лук 18:31–33). Искариотын Иудасаас эхлээд ахлах тахилчид, хуулийн багш нар, фарисайчууд, ромчууд хэрхэн Сатаны гар хөл болж, Есүсийг шонд хадан тарчлааж алах ял тулгасныг Евангелид тодорхой бичсэн байдаг (Үйлс 2:22, 23).

10. Есүс тарчлаах шонд хадуулж үхсэнээрээ, гол нь, юуг гүйцэлдүүлсэн бэ?

10 Есүсийг шонд хадуулан, удаан тарчилж үхсэн тухай бодох үед таны санаанд юу буудаг вэ? Нүгэлт хүн төрөлхтний төлөө амиа золиосолсныг нь санадаг биз ээ (Матай 20:28; Иохан 15:13). Тэрхүү золиосыг өгсөн Еховагийн агуу хайрыг та гайхан биширдэг байж болох юм (Иохан 3:16). Бас, «Үнэхээр энэ хүн Бурхны Хүү байжээ» хэмээн өөрийн эрхгүй дуу алдсан Ромын цэргийн даргатай санал нийлдэг байх (Матай 27:54). Энэ нь ч зөв юм. Нөгөөтэйгүүр, үхэхийнхээ өмнөхөн: «Гүйцэлдлээ!» хэмээн хэлснийг нь санах хэрэгтэй (Иохан 19:30). Чухам юу гүйцэлдсэн бэ? Есүс үйл хэрэг болон үхлээрээ олон юмыг гүйцэлдүүлсэн. Гэхдээ дэлхийд ирсэн гол зорилго нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг шийдэх явдал байжээ. Түүнчлэн, амласан «үр» Бурхны нэрийг ариусгахын тулд, зөгнөсөн ёсоор, Сатаны учруулах аймшигт сорилтыг тэсвэрлэх ёстой байв (Исаиа 53:3–7). Энэ бүхэн туйлын хүнд даалгавар байсан хэдий ч Есүс бүгдийг нь нэр төртэй биелүүлж чадсан. Үнэхээр ч, «гүйцэлдлээ» гэж хэлэхээс өөр яах вэ!

11. Эхлэл 3:15-ын зөгнөлийг бүрэн биелүүлэхийн тулд Есүс юу хийх вэ?

11 Есүсийг итгэмжтэй, үнэнч байсных нь төлөө Бурхан түүнийг «амь өгөгч сүнс» болгон амилуулсан (1 Коринт 15:45; 1 Петр 3:18). Ехова алдрын оргилд хүрсэн Хүүдээ: «Би чиний дайснуудыг хөлийн чинь гишгүүр болгох хүртэл Миний баруун гар талд суу» хэмээжээ (Дуулал 110:1). «Дайснууд» гэдэг нь хэргийн эзэн Сатан болон түүний «үрийг» бүрдүүлдэг бүхэн юм. Бурхны Хаанчлалын Хаан Есүс Христ тэнгэр, газар дахь самуун этгээдүүдийг бүгдийг нь устгах ажлыг удирдана (Илчлэлт 12:7–9; 19:11–16; 20:1–3, 10). Дараа нь Эхлэл 3:15-ын зөгнөлийг бүрэн биелүүлэхийн зэрэгцээ «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн дагалдагчдадаа заасан залбирлынхаа агуулгыг бодитойгоор хэрэгжүүлнэ (Матай 6:10; Филиппой 2:8–11).

Дуурайвал зохих жишээ

12, 13. а) Хаанчлалын тухай сайн мэдээг өнөөдөр хүмүүс хэрхэн хүлээж авдаг вэ? б) Христийн мөрөөр дагахын тулд юу бодож үзэх шаардлагатай вэ?

12 Есүсийн зөгнөсөн ёсоор, Хаанчлалын тухай сайн мэдээг өнөөдөр олон оронд тунхаглаж байна (Матай 24:14). Үүний дүнд, олон сая хүн Бурханд өөрсдийгөө зориулж байна. Хаанчлал дэлхийг захирах цагт ямар ивээл хүртэхээ мэдээд тэдний сэтгэл их хөдөлж, диваажин дэлхийд үүрд айх аюулгүй, амар тайван амьдрах цагаа тэсэн ядан хүлээнгээ энэ баяр хөөрөө хүмүүстэй хуваалцдаг (Дуулал 37:11; 2 Петр 3:13). Та Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажилд оролцдог уу? Оролцдог бол их сайн. Гэхдээ бид дор бүрнээ бас нэг зүйлийг бодох нь зүйтэй.

13 Элч Петр: «Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайлыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн» гэж бичжээ (1 Петр 2:21). Тэрбээр Есүсийн идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг, чадварлаг заадаг байсныг дурдаагүй, харин зовлон эдэлснийг нь онцолжээ. Петр Есүстэй хамт байсны хувьд, Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, Сатаны худалч гэдгийг батлахын тулд зовлон эдлэхэд хэзээд бэлэн байсныг нь сайн мэдэж байв. Тэгвэл бид Есүсийн мөрөөр яаж дагах вэ? «Би Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эрхэмлэн дээдэлж, дэмжихийн тулд зовоход хэзээд бэлэн үү? Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжих нь миний гол зорилго гэдгийг амьдралын хэв маяг болон дэлгэрүүлэх ажлаараа харуулдаг уу?» гэдгээ бодож үзэх учиртай (Колоссай 3:17).

14, 15. а) Гоомой санал, зөвлөгөөг Есүс хэрхэн хүлээж авдаг байсан бэ? Яагаад? б) Ямар асуудлыг цаг үргэлж санаж явах ёстой вэ? («Еховагийн талд бат зогсох нь» гэсэн хавсралт үзнэ үү)

14 Бид өдөр бүр сорилттой тулгарч, том жижиг асуудал шийдэх шаардлагатай болдог. Тийм үед юун тухай бодох нь зүйтэй вэ? Жишээ нь, христиан байр сууринд маань аюул учруулж болзошгүй асуудал тулгарвал яах вэ? Элч Петрийг: «Хаанаас даа! Тийм юм яасан ч болохгүй» гэж хэлэхэд Есүс яалаа? «Миний араас зайл, Сатан аа! Чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» хэмээн хэлсэн шүү дээ (Матай 16:21, 22, ШГ, 23). Эсвэл ашиг орлогоо өсгөх юм уу албан тушаал дэвших боломжтой ч, христиан үйл хэргийг цалгардуулж, Бурхантай тогтоосон харьцаанд сэв суулгаж болзошгүй саналыг яаж хүлээж авах вэ? Есүсийг дуурайж чадах болов уу? Гайхамшиг үйлдэхийг нь харж байсан хүмүүс «ирж, Өөрийг нь хүчлэн хаан болгохыг хүсэж байгааг» Есүс мэдээд, зугтсан (Иохан 6:15).

15 Иймэрхүү асуудалтай тулгарахдаа Есүс яагаад тийм хатуу байр суурьтай байсан бэ? Яагаад гэвэл, өөрийнх нь аюулгүй байдал, эрх ашгаас илүү чухал зүйл байгааг сайн мэддэг байжээ. Тэрбээр ямар ч үнээр хамаагүй, Эцгийнхээ хүсэл тааллыг биелүүлж, хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжихийг хүсэж байсан (Матай 26:50–54). Бид ч бас Есүсийг дуурайн маргаантай асуудлыг байнга санаж явах учиртай. Эс тэгвэл Сатаны заль мэхэнд автаж, буруу юмтай эвлэрэх юм уу буруу юм хийж болзошгүй. Бурууг зөв болгохдоо гарамгай Сатан Еваг ч мөн тийн мэхэлсэн билээ (2 Коринт 11:14; 1 Тимот 2:14).

16. Хүмүүст туслах туйлын зорилго маань юу вэ?

16 Бид дэлгэрүүлж явахдаа хүмүүсийн санааг зовоодог асуудлын тухай ярилцаж, хариуг нь Библиэс үзүүлэхийг хичээдэг. Энэ бол Библи судлах сонирхлыг нь төрүүлэх үр дүнтэй арга юм. Гэхдээ Библид юун тухай өгүүлдэг хийгээд Бурхны Хаанчлал дэлхийг захирах үед амьдрал ямар болохыг хүмүүст мэдүүлэх нь бидний туйлын зорилго биш ээ. Хамгийн гол нь, Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг тэдэнд ойлгуулах ёстой. Тэд жинхэнэ христиан болж, «тарчлаах шонгоо» үүрэн, Хаанчлалын төлөө зовоход бэлэн үү? (Марк 8:34, ШЕ). Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, Сатаны худалч, гүтгэгч болохыг нь баталдаг хүмүүсийн эгнээнд орох учиртайгаа ойлгодог уу? (Сургаалт үгс 27:11). Өөрсдөө ч тийм байж, өрөөл бусдад ч тийм болоход нь тусална гэдэг бидний хувьд нэр төрийн хэрэг мөн (1 Тимот 4:16).

Бурхан «бүгдэд бүх юм болох» цагт

17, 18. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ батлан харуулдаг хүн ямар цагийг үзэх вэ?

17 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ биеэ авч явах байдал болон христиан үйл хэргээрээ батлан харуулж, чадах бүхнээ хийдэг хүн Есүс Христийн, «Бурхан ба Эцэгт хаанчлалыг тушаах» цагийг үзнэ. Тэр цаг хэзээ ирэх вэ? Энэ асуултад элч Паул: «Тэр бүх удирдлага, эрх мэдэл, хүчийг хүчингүй болгон[о]... Учир нь Тэр бүх дайснаа Өөрийн хөл дор оруулах хүртэл ноёрхох ёстой. [...] Өөрт нь бүх юмсыг захируулагч Нэгний эрхшээлд Хүү Өөрөө ч мөн орох болно. Энэ нь Бурхан бүгдэд бүх юм болохын тулд юм» гэж хариулжээ (1 Коринт 15:24, 25, 28).

18 Бурхан «бүгдэд бүх юм болох» цаг ямар сайхан байх бол оо! Тэр үед Хаанчлал зорилгоо бүрэн биелүүлсэн байна. Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэгч бүхэн устаж үгүй болно. Орчлонт ертөнц даяар эмх журам, энх тайван дахин тогтоно. Бурхны бүх бүтээл дуулалчийн адилаар, «ЭЗЭНд нэрийнх нь алдрыг өгөгтүн. [...] Үндэстнүүдийн дунд „ЭЗЭН захирдаг...“ гэж хэл» хэмээн дуулна (Дуулал 96:8, 10).

Хариулна уу

• ЕсүсүБурхны хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг хэрхэн эн тэргүүнд тавьдаг байсан бэ?

• Есүс үйл хэрэг болон үхлээрээ, гол нь, юуг «гүйцэлдүүлсэн» бэ?

• Еховүгийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ харуулахдаа Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[Хавсралт/10-р хуудасны зураг]

ЕХОВАГИЙН ТАЛД БАТ ЗОГСОХ НЬ

Сорилтын шалтгааныг сайн ойлгодог хүн хэцүү сорилтыг амжилттай даван туулж чаддагийг Солонгос гэх мэтийн олон оронд байдаг итгэл нэгтнүүд маань мэддэг.

Зөвлөлт засгийн үед шоронд хоригдож байсан

нэг Гэрч: «Бид Еден цэцэрлэгт дэгдсэн, Бурхны захирах эрхэд халдсан маргаантай асуудлыг маш сайн ойлгосон учраас сорилтыг тэвчиж чадсан. [...] Бид Еховагийн захирах эрхийг дэмжих завшаантай гэдгээ ойлгож байсан. [...] Энэ нь Бурхандаа үнэнч байх хүч, боломж өгч байлаа» хэмээн ярьжээ.

Засан хүмүүжүүлэх газар хоригдож байхад нь өөрт нь болон итгэл нэгтнүүдэд нь юу тусалж байсан тухай өөр нэг Гэрч: «Ехова бидэнд дэм өгдөг байлаа. Бид хэцүү нөхцөлд байсан ч сүнслэгээр сэргэг байдаг байв. Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар Еховагийн талд байгаа гэдгээ нэг нэгэндээ байнга сануулж, урам хайрладаг байсан» гэж ярьсан юм.