Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн өдөрт бэлэн үү?

Та Еховагийн өдөрт бэлэн үү?

Та Еховагийн өдөрт бэлэн үү?

«ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна. Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна» (ЗЕФАНИА 1:14).

1–3. а) Еховагийн өдрийн талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? б) Ирээдүйд Еховагийн ямар өдөр болох вэ?

 ЕХОВАГИЙН агуу өдөр гэдэг бол Ехова ёс бус бүхнийг шүүж, шийтгэх онцгой үе юм. Бурхнаас эмээдэггүй хүмүүс хилэн, аймшигтай уур хилэн бадарсан, бэрхшээл, эзгүйрлийн тэр харанхуй өдрөөс айх учиртай (Исаиа 13:9; Амос 5:18–20; Зефаниа 1:15). Зөнч Иоел: «Тэр өдөр гаслантай яа! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Тэр өдөр нь Төгс хүчит Нэгнээс ирдэг сүйрэлтэй адил ирнэ» хэмээжээ (Иоел 1:15). Харин «цэх шулуун зүрхтэн» тэр агуу өдөр Бурхныхаа авралыг үзнэ (Дуулал 7:10).

2 Еховагийн өдөр түүхэнд нэг бус удаа болж байсан. Жишээ нь, МЭӨ 607 онд Еховагийн өдөр болоход Иерусалимын оршин суугчид вавилончуудын гарт орсон (Зефаниа 1:4–7). Үүнтэй төстэй бас нэг явдал МЭ 70 онд болсон. Бурхан Хүүгийнх нь амийг хөнөөсөн иудейчүүдийг шийтгэхдээ ромчуудыг ашигласан юм (Даниел 9:24–27; Иохан 19:15). Ирээдүйд Еховагийн өдөр бас дахин болж, тэрбээр «үндэстнүүдийн эсрэг ...дайтна» гэж Библид зөгнөсөн байдаг (Зехариа 14:1–3). Еховагийн өдөр нь Христийн «залран байх» үетэй холбоотойг элч Паул ариун сүнсээр удирдуулан тайлбарлажээ. Энэ үе нь Христийг тэнгэрийн хаанаар өргөмжилсөн 1914 оноос эхэлсэн (2 Тесалоник 2:1, 2, ШЕ). Еховагийн өдөр хаяанд ирчихээд байгааг бодож үзвэл Зефаниа 1:14-т (ШЕ) үндэслэсэн «Еховагийн агуу өдөр ойрхон байна» гэсэн 2007 оны уриа тун цагаа олсон байлаа.

3 Бурхны агуу өдөр ойртож байгаа тул өөрийгөө бэлдэх цаг бол одоо юм. Харин яаж бэлдэх вэ? Бэлтгэлээ бүрэн хангахын тулд ямар нэмэлт арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Бэлэн байгтун

4. Есүс ямар хүнд сорилтод бэлэн байсан бэ?

4 Есүс өнөөгийн тогтолцооны төгсгөлийн үеийн тухай зөгнөхдөө шавь нартаа: «Та нар... бэлэн бай» гэж хэлжээ (Матай 24:44). Тэрбээр энэ үгийг хэлэхдээ хүнд сорилтод орж, амиа золиос болгон өгөхөд бэлэн байсан (Матай 20:28). Есүс сорилтод хэрхэн бэлдсэн бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

5, 6. а) Бурхныг болон бусдыг хайрлах хайр Еховагийн өдөрт бэлэн байхад хэрхэн туслах вэ? б) Есүс бусдыг яаж хайрладаг байсан бэ?

5 Есүс Ехова Бурхныг, Бурхны тогтоосон хэм хэмжээг чин сэтгэлээсээ хайрладаг байв. Есүсийн тухай Еврей 1:9-д: «Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн. Тиймээс Бурхан, Таны Бурхан нөхдөөс чинь дээр Таныг баяр баясгалангийн тосоор тослов» гэж бичжээ. Тэрбээр тэнгэрийн Эцэгтээ хайртай учраас үнэнч үлдэж чадсан. Хэрэв бид Есүсийг дуурайн Бурхныг хайрлаж, хууль тушаалыг нь биелүүлдэг бол Бурхан биднийг хамгаална (Дуулал 31:23). Бурхнаа чин сэтгэлээсээ хайрлаж, бүрэн дуулгавартай байх нь Еховагийн агуу өдөрт бэлдэхэд тусална.

6 Есүсийн нэг гайхалтай сайхан чанар бол хүнийг хайрлах хайр байв. Библид: «Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонин сүрэг мэт тарж, туйлдсан байлаа» гэж байдаг (Матай 9:36). Тиймээс, хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлдэг байв. Бид ч гэсэн хайрын сэтгэлээр бусдад сайн мэдээг хүргэдэг. Бурхныг болон бусдыг хайрлах хайр дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож, Еховагийн агуу өдөрт бэлдэхэд тусалдаг (Матай 22:37–39).

7. Бид Еховагийн агуу өдрийг хүлээнгээ баяр баясгалантай байдгийн учир юу вэ?

7 Есүс Еховагийн хүсэл тааллыг гүйцэлдүүлэхдээ баярладаг байсан (Дуулал 40:8). Хэрэв бид Есүсийн адилаар, Бурхны хүсэл тааллыг дуртайяа биелүүлдэг бол жинхэнэ ёсоор баяр хөөртэй амьдарна. Бас амин хувиа бодолгүй, бусдад өгөөмөр сэтгэл гаргаж, баяр хөөр эдэлнэ (Үйлс 20:35). Тийм ээ, «ЭЗЭНий баяр баясгалан бол [бидний] хүч чадал юм». Баяр баясгалантай хүн Бурхны агуу өдөрт сайн бэлдэж чадна (Нехемиа 8:10).

8. Еховад залбирч, улам дотно харьцаа тогтоох хэрэгтэйн учир юу вэ?

8 Есүс Еховад шаргуу залбирдаг байсныхаа ачаар итгэлийн сорилтыг давах бэлтгэлээ хангасан. Тэрбээр баптисм хүртэхдээ залбирч байсан бөгөөд элч нараа сонгохдоо ч шөнөжингөө залбирсан (Лук 6:12–16). Бас үхэхийнхээ өмнөх шөнө сэтгэлээ уудлан Эцэгтээ хэрхэн залбирсныг нь Библиэс уншсан хэний ч сэтгэл хөдлөх нь лавтай (Марк 14:32–42; Иохан 17:1–26). Та Есүсийг дуурайж залбирдаг уу? Цагаа харамлалгүй, чин сэтгэлээсээ, аажуу тайван, тогтмол залбирч байгаарай. Ариун сүнснийх нь удирдлага гуйж байгаарай. Тэгээд удирдлага өгч байгааг нь мэдэрвэл даруйхан хүлээж аваарай. Бурхны агуу өдөр асар хурдтай ойртож буй энэ эгзэгтэй цагт Бурхантай дотно харьцаатай байх нь амин чухал юм. Тиймээс, Еховад залбирч, түүнтэй улам дотно харьцаа тогтоохыг хамаг чадлаараа хичээцгээе (Иаков 4:8).

9. Еховагийн нэрийг ариусгах хүсэл хэр зэрэг чухал бэ?

9 Есүс Еховагийн нэрийг ариусгахыг хүсдэг байсан нь сорилтыг давах бэлтгэлээ базаахад нь бас тусалсан. Тэрбээр Бурханд хэрхэн залбирахыг шавь нартаа заахдаа: «Таны нэр ариунаар дуурсгагдаг» гэсэн хүсэлтэйгээ хэлж байхыг захисан (Матай 6:9). Бид Еховагийн нэрийг ариусгах чин хүсэлтэй бол нэрийг нь гутаах аливаа бүхнээс зайлсхийнэ. Энэ бүхний ачаар Еховагийн агуу өдөрт бэлэн байх юм.

Өөрийгөө өөрчлөх нь

10. Ямар учраас өөрийгөө шалгах хэрэгтэй вэ?

10 Еховагийн өдөр маргааш ирлээ гэхэд та бэлэн үү? Засаж залруулах шаардлагатай зан ааш, дадал зуршил байгаа эсэхийг мэдье гэвэл хүн бүр өөрийгөө шалгах нь зүйтэй. Бидэнд хэзээ ч юу ч тохиолдож болох бөгөөд хүний амьдрал ахархан гэдгийг бодож үзвэл өдөр бүр сүнслэгээр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй (Номлогчийн үгс 9:11, 12; Иаков 4:13–15). Тиймээс, христиан хүний амьдралд чухал үүрэгтэй зарим зүйлийг авч үзье.

11. Та ямар зорилго тавьж, ямар хуваариар Библи уншдаг вэ?

11 «Итгэмжит боолын» сануулгын дагуу Библийг өдөр бүр унших нь нэг чухал зүйл юм (Матай 24:45). Библийг эхнээс нь дуустал жил бүр нэг удаа унших зорилго тавьж яагаад болохгүй гэж? Гэхдээ гүйлгэж уншаад өнгөрөх биш, эргэцүүлэн бодож уншаарай. Өдөрт дунджаар дөрвөн бүлэг уншаад байвал нийтдээ 1189 бүлэгтэй Библийг жилийн дотор уншиж амжина. Эртний Израилийн хаан Еховагийн Хуулийг «амьдралынхаа бүхий л өдрүүдийн турш унших ёстой» байсан. Иошуа ч бас ийм хэвшилтэй байсан бололтой (Дэд хууль 17:14–20; Иошуа 1:7, 8). Христиан ахлагчид «эрүүл сургаал» заах үүргээ биелүүлэхийн тулд Бурхны Үгийг өдөр бүр унших ёстой (Тит 2:1).

12. Еховагийн өдөр ойрхон байгааг ойлгодог хүн яах ёстой вэ?

12 Еховагийн өдөр ойрхон байгааг ойлгодог хүн цуглаанд тогтмол очиж, аль болохоор идэвхтэй оролцохыг хичээдэг (Еврей 10:24, 25). Энэ нь «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийг» эрж олоод, тэдэнд туслах ур чадвараа сайжруулахад их ач холбогдолтой (Үйлс 13:48, ШЕ). Бас өндөр настай итгэл нэгтнүүддээ туслах, залуу христиануудыг урамшуулах гэх мэтээр хурлынхаа үйл хэрэгт илүү идэвхтэй оролцох боломж олддог. Ийм үйл хэрэг христиан хүнд баяр баясгалан авчирдаг.

Бусадтай харьцах нь

13. «Шинэ хүнийг өмсөхийн» тулд өөрөөсөө юу юу асуух нь зүйтэй вэ?

13 Еховагийн өдөр хаяанд ирчихээд байгаа тул «зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөхийг» илүү их хичээх хэрэгтэй байж болох юм (Ефес 4:20–24). Бурханд таалагддаг зан чанар хөгжүүлэхийн хэрээр Бурхны «сүнсээр явж», үр жимсийг нь хөгжүүлж байгааг тань бусад хүн ажиглана шүү дээ (Галат 5:16, 22–25). Та болон танай гэрийнхэн «шинэ хүнийг өмсөх» тодорхой алхам хийж байна уу? (Колоссай 3:9, 10). Та итгэл нэгтнүүд болон бусад хүнд «сайныг үйлддэг» үү? (Галат 6:10). Бурханд таалагддаг эдгээр чанарыг хөгжүүлж Еховагийн өдөрт бэлдье гэвэл Библийг тогтмол судлах нь чухал.

14. Өөрийгөө захирч сурахын тулд ариун сүнс гуйхын учир юу вэ?

14 Хэрэв христиан хүн түргэн ууртай, биеэ барихдаа тааруухан бол яах хэрэгтэй вэ? Өөрийгөө захирах байдал нь ариун сүнсний үр жимсний нэг хэсэг билээ. Тиймээс, энэ чанарыг хөгжүүлэхийн тулд ариун сүнс гуйж залбирах нь зүйтэй. Есүс: «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ. [...] Хэрэв та нар бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:9–13).

15. Итгэл нэгтэнтэйгээ түнжин хагарсан бол яах ёстой вэ?

15 Итгэл нэгтэнтэйгээ түнжин хагарсан бол яах вэ? Эв зүйгээ олохын тулд чадах бүхнээ хийж, хурлынхаа эв нэгдэл, амар тайван байдлыг хадгалаарай (Дуулал 133:1–3). Матай 5:23, 24 юм уу 18:15–17-д байдаг Есүсийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй. Хэрэв таны «уур хилэн дээр нар жаргадаг» бол үүнийг даруйхан засах хэрэгтэй. Уучилъя гэсэн сэтгэл байвал ихэнх хүнтэй учраа олж болдог. Элч Паул: «Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд» хэмээн бичжээ (Ефес 4:25, 26, 32).

16. Нөхөр эхнэр хоёр бие биедээ хэрхэн энэрэнгүй хандах вэ?

16 Гэр бүлийн амьдралд нөхөр эхнэр хоёр бие биедээ энэрэнгүй хандаж, нэг нь нөгөөгөө уучлах хэрэг гардаг. Ханьдаа илүү хайр халамж үзүүлж, энэрэнгүй хандах хэрэгтэй юм байна гэдгээ ойлговол Бурхан болон Библийн тусламжтайгаар дээрх чанаруудыг хөгжүүлээрэй. Та гэр бүлдээ таатай уур амьсгал бүрдүүлэн, садар самуунаас сэрэмжлэхийн тулд 1 Коринт 7:1–5-д байдаг зөвлөгөөг бүх талаар хэрэгжүүлдэг үү? Энэ асуудлаар гэр бүлийн хосууд бие биедээ «уян зөөлөн сэтгэлээр хандах» нь чухал юм.

17. Ноцтой нүгэл үйлдсэн хүн ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

17 Хэрэв христиан хүн ноцтой нүгэл үйлдсэн бол яах ёстой вэ? Сүнслэгээр эдгэхийн тулд яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй. Христиан ахлагчдаас тусламж заавал аваарай. Тэдний залбирал, зөвлөгөө таныг сүнслэгээр эдгэхэд тус болно (Иаков 5:13–16). Гэмшсэнээ хэлж Еховад залбираарай. Эс бөгөөс өөрийгөө буруутгаж, мөс чанар тань өвдөнө. Давидад тохиолдсон явдал үүнийг харуулдаг. Тэрбээр гэм буруугаа хүлээснийхээ дараа л сэтгэл нь амарсан шүү дээ. Давид: «Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ! ЭЗЭНд гэмтэн гэж үл тооцогддог бөгөөд сүнсэндээ заль мэхгүй хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээн бичсэн (Дуулал 32:1–5). Нүгэл үйлдсэн ч гэлээ, чин сэтгэлээсээ гэмшсэн хүнийг Ехова уучилдаг (Дуулал 103:8–14; Сургаалт үгс 28:13).

Ертөнцөөс тусгаар байх нь

18. Энэ ёс бус ертөнцөд хэрхэн хандах хэрэгтэй вэ?

18 Тэнгэрийн Эцгийнхээ амласан ирээдүйн шинэ ертөнцөд амьдрах тэр цагийг бид тэсэн ядан хүлээдэг. Гэхдээ өнөөгийн ёс бус ертөнц буюу Бурхнаас хөндийрсөн хүний нийгэмд хэрхэн хандах нь зүйтэй вэ? Есүс «ертөнцийн захирагч» Сатанд дийлдээгүй (Иохан 12:31; 14:30). Та ч гэсэн Сатан болон түүний ертөнцөд дийлдэхийг хүсэхгүй нь лавтай. Тиймээс, элч Иоханы: «Ертөнц болон ертөнцөд байгаа зүйлсийг бүү хайрла» хэмээн зөвлөснийг хэрэгжүүлээрэй. Ингэх нь ч ухаалаг хэрэг юм. Учир нь «ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурхны хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 Иохан 2:15–17).

19. Христиан хүүхэд залуус ямар зорилго тавих нь зүйтэй вэ?

19 Христиан эцэг эхчүүд ээ, та бүхэн үр хүүхдээ энэ ертөнцөөс тусгаар байж, «өөрийгөө хамгаалахад нь» тусалдаг уу? (Иаков 1:27). Хүн загасыг дэгээгээр барьдаг шиг Сатан хүүхэд залуусыг «дэгээдэж» барихыг оролддог. Сатан тэднийг ертөнцийн хэвэнд цутгах зорилгоор соёл хүмүүжлийн үйл ажиллагаа явуулдаг янз бүрийн байгууллага, дугуйлан дамжаа зэргийг ашигладаг. Харин Еховагийн үйлчлэгчид энэ ёс бус тогтолцоог устаж үгүй болоход үлдэх цорын ганц байгууллагад нэгдээд байгаа билээ. Тиймээс, христиан хүүхэд залууст «Эзний үйл хэрэгт үргэлж бялхаж байхыг» уриалах нь зүйтэй (1 Коринт 15:58). Бурхнаас эмээдэг эцэг эхчүүд сүнслэг зорилго тавихад нь үр хүүхдэдээ тусалбал тэд Бурхнаа алдаршуулан жаргалтай амьдарч, Еховагийн өдөрт бэлэн байж чадна.

Еховагийн агуу өдрийг давсны дараа

20. Мөнх амьдарна гэдгээ санаж явах хэрэгтэйн учир юу вэ?

20 Ирээдүйд мөнх амьдарна гэдгээ санаж явбал Еховагийн өдрийг тайван хүлээж чадна (Иуда 20, 21). Бид Диваажинд мөнх амьдарна гэж найддаг. Тэр цагт бид эрч хүчтэй залуу насандаа эргэн очиж, Ехова Бурхныхаа тухай илүү ихийг мэдэж, хүсэж сонирхсон зүйлээ цаг хугацаанд хавчигдалгүй хийх болно. Одоо бид Еховагийн «замуудын өчүүхнийг» мэддэг бол ирээдүйд Бурхныхаа талаар эцэс төгсгөлгүй сурч мэдэх болно (Иов 26:14). Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байна вэ!

21, 22. Та дахин амилсан хүмүүстэй юуны тухай ярилцах вэ?

21 Диваажинд дахин амилсан хүмүүсээс бид эрт цагийн түүхийг сонсоно. Жишээ нь, Енох ёс бус хүмүүст Бурхны мэдээг хүргэхийн тулд яаж зориг гаргаснаа ярих биз ээ (Иуда 14, 15). Ноа хөвөгч авдар барьснаа дурсах нь лавтай. Абрахам Сара хоёр Ур хотоос явж, майханд суух болоход ямар санагдсанаа хуучилна. Естер ард түмнийхээ төлөө тэмцэж, хорон санаат Хаманы төлөвлөгөөг хэрхэн илчилснээ дэлгэрэнгүй ярих байх (Естер 7:1–6). Бас Иона аварга загасны гэдсэнд гурав хоноход, баптисм хүртээгч Иохан Есүст баптисм хүртээхэд ямар санагдсаныг лав өгүүлэх байх даа (Лук 3:21, 22; 7:28). Ирээдүйд ийм олон сонин сайхан зүйлийг мэдэж авна гээд бод доо!

22 Христийн Мянган жилийн засаглалын үед бид дахин амилсан хүмүүст «Бурхны [тухай] мэдлэгийг олж авахад» нь туслах завшаантай ажил хийнэ (Сургаалт үгс 2:1–6). Өнөөдөр хүмүүс Еховагийн тухай сурч мэдээд, хүсэл тааллыг нь биелүүлэн амьдрахыг харахад хэчнээн сайхан байдаг билээ. Тэгвэл эрт цагийн хүмүүсийг сургах ажлыг маань Ехова ивээж, хүмүүс ч тэр мэдлэгийг чин сэтгэлээсээ хүлээн авахыг үзээд бид бүр их баярлана даа.

23. Бид Еховагийн агуу өдрийг хүлээнгээ яах ёстой вэ?

23 Ехова Бурхны ард түмэндээ хүртээдэг ивээл хишгийг төгс бус хүмүүс бид бүрэн дүүрэн ухаарч чадахгүй (Дуулал 40:5). Бурхан биднийг сүнслэг хоол ундаар элбэг дэлбэг хангадагт нь талархаад баршгүй (Исаиа 48:17, 18). Ямар ч нөхцөлд байсан, Еховагийн агуу өдрийг хүлээнгээ чин сэтгэлээсээ үнэнчээр үйлчилцгээе.

Хариулна уу

• Еховагийн өдөр гэж юу вэ?

• Еховагийн өдөрт яаж бэлдэх вэ?

• Бурхны агуу өдөр ойрхон байгаа өнөө үед өөрийгөө хэрхэн өөрчлөх вэ?

• Та Еховагийн өдрийг давсныхаа дараа юу хийх хүсэлтэй вэ?

[Догол мөрийн асуулт]