Skip to content

Гарчиг руу орох

Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй

Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй

Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй

«Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» (ИСАИА 54:17).

1, 2. Исаиа 54:17-д бичсэн үг үнэн гэдгийг Албанийн Еховагийн Гэрчүүдийн түүх хэрхэн баталдаг вэ?

 ЗҮҮН өмнөд Европын нэг орны христианууд олон жил эр зоригийн жишээ үзүүлжээ. Шашингүйн үзлийг баримталдаг коммунист засгийн газар тэднийг нухчин дарахын тулд тамлан зовоох, засан хүмүүжүүлэх газар явуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайрч давшлах гэх мэтийн бүх аргаа хэрэглээд яаж ч чадаагүй. Энэ явдал Албанийн Еховагийн Гэрчүүдэд тохиолдсон юм. Цуглаанд явж, дэлгэрүүлэх ажил хийхэд туйлын хэцүү байсан боловч жинхэнэ христианууд цөхрөлтгүй байсныхаа ачаар Еховагийн нэрийг алдаршуулж, өөрсдөө ч олны хүндэтгэл хүлээдэг болжээ. Бурханд олон жил үнэнч үйлчилж байгаа нэг христиан өнгөрсөн жил болсон Еховагийн Гэрчүүдийн салбарын нээлтийн үеэр: «Сатан яаж ч хичээсэн ялагдал хүлээж, харин Ехова ялж байна» гэж хэлжээ.

2 Ехова ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлдгийг дээрх явдал баталж байна. Бурхан: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана» хэмээсэн нь Исаиа 54:17-д байдаг. Сатаны ертөнц яаж ч байсан, Еховагийн үйлчлэгчид Бурхнаа шүтсээр байдгийг түүх харуулдаг.

Сатаны бүтэлгүй оролдлого

3, 4. а) Сатаны «зэвсэгт» юу юу ордог вэ? б) Диаволын бүтээсэн «зэвсэг» хэрхэн бүтэлгүйтдэг вэ?

3 Еховагийн үйлчлэгчдийн үйл ажиллагааг хориглох, тэдний эсрэг хүч хэрэглэн бөөнөөр дайрах, шоронд хорих юм уу «тушаалаар зовлон тарих» гэх зэрэг нь Сатаны бүтээдэг «зэвсгийн» нэгээхэн хэсэг юм (Дуулал 94:20, ШЕ). Та биднийг энэ өгүүллийг уншиж байгаа яг энэ үед дэлхийн өөр нэг өнцөгт итгэл нэгтнүүд маань итгэлийн сорилтод орж байгаа (Илчлэлт 2:10).

4 Еховагийн Гэрчүүдийн нэгэн салбарын мэдээлснээр, Гэрчүүдийг дэлгэрүүлж явахад нь бие махбодод нь халдсан тохиолдол ганцхан жилийн дотор 32 удаа гарсан байна. Бас цагдаа нар Гэрчүүдийг хөгшин залуу, эр эм гэж ялгалгүй барьж саатуулсан явдал 59 удаа гарсан бөгөөд заримынх нь хурууны хээг буулган авч, зургийг нь аваад, гэмт хэрэгтэн адил шоронд суулгажээ. Заримынх нь биед халдан, айлган сүрдүүлсэн байна. Өөр нэг улсад Еховагийн Гэрчүүдийг баривчилсан, торгосон, зодсон 1100 гаруй тохиолдол бүртгэгдсэний 200 гаруй нь нэг өдөр буюу Есүсийн үхлийг дурсахаар цуглах үед нь болжээ. Гэлээ ч Ехова эдгээр болон бусад орны үйлчлэгчдэдээ ариун сүнсээрээ туслан, ийм аймшигтай харгис явдлыг тэвчих хүч өгдөг (Зехариа 4:6). Догшин ууртай эсэргүүцэгчид Еховагийн үйлчлэгчдийг дуугүй болгож чадахгүй. Бурхны санаа зорилгод ямар ч «зэвсэг» саад учруулж чадахгүй.

Худал хэл «яллагддаг»

5. Еховагийн үйлчлэгчдийг нэгдүгээр зуунд хэрхэн гүтгэж байсан бэ?

5 Бурхны ард түмэн өөрсдийнх нь эсрэг боссон аливаа худал хэлийг «яллах» буюу гүтгэлгийг няцаана гэж Исаиа зөгнөсөн билээ. Нэгдүгээр зуунд христиануудыг гэмт хэрэгтэн мэт үзэж, гүтгэн гүжирддэг байжээ. Үйлс 16:20, 21-д: «Энэ ...хүмүүс манай хотыг үймүүлж, ромчууд бидний хувьд хүлээн авч сахихад ёсонд нийцэхгүй ёс заншлыг тунхаглаж байна» гэж байдаг нь тийм гүтгэлгийн нэг жишээ юм. Бас нэг удаа шашны удирдагчид хотын эрх баригчдаар христиануудын эсрэг арга хэмжээ авахуулах гэж ятган: «Дэлхийг үймүүлсэн эдгээр хүмүүс энд бас хүрч ирсэн байна. [...] Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцдэг» гэж хэлдэг (Үйлс 17:6, 7). Элч Паулд «тахал адил үймээн дэгдээгч», «дэлхий даяар» самуун дэгдээгч бүлэглэлийн толгойлогч гэсэн нэр хоч өгч байсан (Үйлс 24:2–5).

6, 7. Христианууд гүжир гүтгэлгийг яаж «ялладаг» вэ?

6 Орчин үеийн христианууд тэдний адил элдвээр хэлүүлж, гүтгүүлэн гүжирдүүлдэг ч, гайхаж цочирддоггүй. Харин ч иймэрхүү хэл амыг «ялладаг». Жишээ үзье (Исаиа 54:17).

7 Еховагийн Гэрчүүд биеэ зөв авч яван, гүжир гүтгэлэг, худал суртал ухуулгыг няцаадаг (1 Петр 2:12). Христианууд бол хууль журмыг чанд сахидаг, ёс суртахууны өндөр хэм хэмжээг баримталдаг, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг хүмүүс гэдэг нь батлагдахад тэр бүх гүтгэлэг худал болох нь нотлогддог. Өөрөөр хэлбэл, бид үлгэр жишээ байдлаараа гүтгэлгийг үггүйгээр няцаадаг. Сайн үйлсийн төлөөх бидний хичээл зүтгэлийг ажигладаг хүмүүс христиан хүний амьдралын хэв маягийг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч, тэнгэрийн Эцгийг маань алдаршуулах хүсэлтэй болдог (Исаиа 60:14; Матай 5:14–16).

8. а) Итгэл үнэмшлээ хамгаалахын тулд заримдаа яах шаардлага гардаг вэ? б) Есүсийг дуурайн, худал хэлийг яаж «яллах» вэ?

8 Бид биеэ зөв авч явахаас гадна заримдаа эр зориг гарган итгэл үнэмшлээ хамгаалдаг. Тухайлбал, төр засгийн болон хууль хяналтын байгууллагад ханддаг (Естер 8:3; Үйлс 22:25–29; 25:10–12). Есүс өөрийг нь шүүмжилдэг хүмүүсийн гүтгэлгийг шаардлагатай үед нь шууд няцаадаг байсан (Матай 12:34–37; 15:1–11). Итгэл үнэмшлийнхээ талаар тодорхой тайлбарлах боломж гарахад Есүс шиг бэлэн байх нь зүйтэй (1 Петр 3:15). Ажил сургууль дээрээ юм уу хамаатан садныхаа дунд элэг доог болохоос айж хулчийлгүй, Библийн үнэнийг тунхаглаж байцгаая (2 Петр 3:3, 4).

Иерусалим «хүнд чулуу» болсон нь

9. Зехариа 12:3-т бичсэн «хүнд чулуу болсон» Иерусалим гэж юу вэ? Дэлхий дэх төлөөлөгч нь хэн бэ?

9 Үндэстнүүд жинхэнэ христиануудыг эсэргүүцдэгийн учрыг Зехариагийн зөгнөлд тайлбарладаг. Зехариа 12:3-т: «Тэр өдөр Би Иерусалимыг бүх ард түмнүүдэд хүнд чулуу болгоно» гэжээ. Энд бичсэн Иерусалим гэж юу вэ? Энэ зөгнөл «тэнгэрлэг Иерусалим» буюу тослогдсон христиануудаас бүрдэх тэнгэрийн Хаанчлалд хамаатай (Еврей 12:22). Мессиагийн Хаанчлалыг өвлөх тослогдсон христиануудын үлдэгдэл одоо ч дэлхийд байгаа. Тэд хамтран зүтгэгч «өөр хонинуудын» дэмжлэгтэйгээр, цаг хугацаа байгаа дээр нь Бурхны Хаанчлалын харьяат албат болохыг хүмүүст уриалдаг (Иохан 10:16, МБОХ, 1996; Илчлэлт 11:15). Харин хүмүүс тэр уриалгыг нь яаж хүлээж авдаг вэ? Ехова үйлчлэгчдээ яаж дэмждэг вэ? «Зехариа» номын 12-р бүлгийг дэлгэрэнгүй судлан дээрх асуултын хариуг мэдэж аваад, тослогдсон христианууд болон тэдний үнэнч хамтрагчдын эсрэг бүтээгдсэн «нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» хэмээсэн Еховагийн амлалтад итгэх итгэлээ бэхжүүлцгээе.

10. а) Ямар учраас үндэстнүүд Бурхны ард түмэн рүү довтолдог вэ? б) «Хүнд чулуу» өргөж замаасаа зайлуулах гэсэн хүмүүс яадаг вэ?

10 Зехариа 12:3-т үндэстнүүд «хүнд бэртэх болно» гэж байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглахыг ард түмэндээ тушаасан бөгөөд Еховагийн Гэрчүүд энэ тушаалыг сайн биелүүлдэг. Гэтэл, гагцхүү Бурхны Хаанчлал хүн төрөлхтний бүх бэрхшээлийг шийднэ гэдэг мэдээ үндэстнүүдэд «хүнд чулуу» болдог. Тиймээс, тэд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг хүмүүст саад тотгор учруулдаг нь «хүнд чулууг» замаасаа холдуулах гэж өргөхтэй адил юм. Ингэхдээ тэд биеэ энд тэндгүй зүсэж, «хүнд бэртдэг». Зорилгодоо хүрч чадалгүй шившиг болж, нэр хүндээ алддаг. Мессиа тэргүүтэй Бурхны Хаанчлалын тухай «мөнхийн сайн мэдээг» энэ тогтолцооны төгсгөлөөс өмнө тунхаглах ажлыг завшаанд тооцдог жинхэнэ христиануудыг тэд дуугүй болгож чадахгүй (Илчлэлт 14:6). Африкийн нэг оронд Еховагийн Гэрчүүдийг харгисаар хавчиж байгааг ажигласан шоронгийн хуяг: «Та нар энэ хүмүүсийг хавчиж байгаа нь цагаа л гарздаж байгаа хэрэг. Тэд итгэл үнэмшлээсээ хэзээ ч няцахгүй. Тэдний тоо ч нэмэгдэж байна шүү дээ» гэж хэлжээ.

11. Ехова Зехариа 12:4-т бичүүлсэн амлалтаа биелүүлдгийг батлах жишээ хэлнэ үү.

11 Зехариа 12:4-г уншина уу. Хаанчлалын тухай мэдээг эр зоригтой тунхагладаг үйлчлэгчдэд нь дайсагнадаг этгээдүүдийг Ехова бэлэгдлийн утгаар сохлон, «самууруулахаа» амлажээ. Бурхан энэ амлалтаа биелүүлдэг. Жишээ нь, манай байгууллагын үйл ажиллагааг хориглодог байсан нэг улсад эсэргүүцэгчид Гэрчүүдийг сүнслэг хоол ундгүй болгох гэж оролдоод дийлээгүй аж. Тэндхийн нэг сонинд Еховагийн Гэрчүүд ном хэвлэлээ агаарын бөмбөлгөөр оруулж ирдэг гэж хүртэл бичиж байжээ! Бурхан: «Би... ард түмнүүдийн морь бүрийг сохлон цохих [бөгөөд] Би ...харуулдах болно» гэж амласандаа хүрдэг. Бурхны Хаанчлалд дайсагнадаг хүмүүс уур хилэндээ сохорч, учраа олохгүй байна. Харин бид Еховаг ард түмнээ бүхэлд нь хамгаалж, хэрэгцээг нь хангана гэдэгт итгэлтэй байдаг (Хаадын дэд 6:15–19).

12. а) Есүс «газар дээр гал хаяхаар ирсэн» гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Тослогдсон үлдэгдэл сүнслэг гал хэрхэн өрдөж байна вэ? Ямар үр дүнд хүрч байна вэ?

12 Зехариа 12:5, 6-г уншина уу. «Иудагийн тэргүүлэгчид» гэдэг нь Бурхны ард түмнийг харгалзах үүрэгтэй хүмүүс юм. Тэд Еховагийн дэмжлэгтэйгээр Хаанчлалын дэлхий дэх үйл хэргийг гал халуун идэвх зүтгэлтэй хийдэг. Нэгэн удаа Есүс шавь нартаа: «Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ» гэж хэлсэн (Лук 12:49). Үнэхээр ч Есүс бэлэгдлийн гал асаасан юм. Тэрбээр хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэн Бурхны Хаанчлалын тухай мэдээг иудейчүүдийн хувьд хамгийн чухал сэдэв болгосон бөгөөд тэд энэ сэдвээр маргадаг байв (Матай 4:17, 25; 10:5–7, 17–20). Орчин үед ч гэсэн Христийн дагалдагчид «зэрэглэсэн модон дундах галт тогоо мэт, юүжилсэн тариан дундах галт бамбар мэт» байж, сүнслэг гал өрдөж байна. Жишээ нь, 1917 онд христ шашны ертөнцийн булхай явдлыг илчлэн бичсэн «Нууц тайлагдсан нь» * гэдэг ном гарахад лам хуврагууд ихэд уурлан хилэгнэсэн. Бас саяхан «Хаанчлалын тухай мэдээ» цуврал танилцуулгын 37-рх нь «Хуурамч шашны төгсгөл ойрхон байна!» гэсэн нэртэйгээр гарахад олон хүн Бурхны Хаанчлалын талд зогсохоор шийдсэн ч бас цөөнгүй хүн эсэргүүцсэн.

Ехова «Иудагийн майхнуудыг» хамгаалдаг

13. «Иудагийн майхнууд» гэдэг үгээр юуг бэлэгддэг вэ? Ехова тэднийг яагаад хамгаалдаг вэ?

13 Зехариа 12:7, 8-г уншина уу. Эртний Израильд хоньчид, тариачид зарим үед майханд суудаг байжээ. Дайснууд Иерусалим руу довтоллоо гэхэд тэд хамгийн түрүүнд өртөх учир хамгаалалт хэрэгтэй байв. «Иудагийн майхнууд» гэдэг үгээр тослогдсон үлдэгдэл хамгаалалт сайтай хотод бус, харин аюул ихтэй тал газар ил байхыг бэлэгдэн бичжээ. Гэхдээ тэд Мессиагийн Хаанчлалын үйл хэргийг эр зоригтой дэмждэг. Сатан «Иудагийн майхнуудыг» бай болгодог учир Ехова эхлээд тэднийг «аварна».

14. Ехова «Иудагийн майхнуудад» суугчдыг «дорой» болохоос хэрхэн сэргийлдэг вэ?

14 Ехова тал газар «майхнуудад» суудаг Хаанчлалын элчин сайд нараа хамгаалдгийг түүх баталдаг. * Тэдэнд дайчин хаан Давидынх шиг эр зориг, хүч чадал өгдөг тул үйлчлэгчид нь «дорой» болдоггүй.

15. Ехова ямар учраас «бүх үндэстнийг устгахыг эрмэлзэх» вэ? Энэ явдал хэзээ болох вэ?

15 Зехариа 12:9-г уншина уу. Ямар учраас Ехова «бүх үндэстнийг устгахыг эрмэлзэх» вэ? Тэд Мессиагийн Хаанчлалыг эрс эсэргүүцэж, Бурхны үйлчлэгчдэд үргэлж дарамт шахалт үзүүлэн, хавчиж хяхдаг учир шийтгэл хүртэх нь гарцаагүй. Удахгүй Сатаны гар хөл бологсод Бурхны үйлчлэгчид рүү эцсийн удаа довтолно. Тэр үед бий болох нөхцөл байдлыг Библид «Хармагедон» гэж нэрлэсэн байдаг (Илчлэлт 16:13–16). Ийнхүү үйлчлэгчид нь рүү довтлоход Хамгийн дээд Шүүгч тэднийгээ хамгаалж, бүх үндэстний өмнө нэрээ ариусгана (Езекиел 38:14–18, 22, 23).

16, 17. а) Еховагийн үйлчлэгчдийн «өв» гэж юу вэ? б) Бурхны үйлчлэгчид Сатаны довтолгоонд өртдөг ч үнэнч, тэвчээртэй байдаг нь юуны баталгаа болдог вэ?

16 Бурхны үйлчлэгчдийн итгэлийг сулруулж, идэвхгүй болгох зорилготой Сатаны зэвсгийн нэг нь ч амжилтад хүрэхгүй. Бурхан аврах чадалтай гэдэгт бид итгэдэг учир амар тайван байдаг. Энэ бол Еховагийн үйлчлэгч бидний «өв» билээ (Исаиа 54:17). Бидний амар тайван, сүнслэг хөгжил дэвшлийг хэн ч эвдэн бусниулж чадахгүй (Дуулал 118:6). Сатан цаашдаа ч биднийг эсэргүүцэж, зовлон учруулахыг оролдоно. Гэхдээ доромжлолыг тэвчиж, үнэнч байж чаддаг маань Бурхны Сүнс бидний дээр оршдогийн баталгаа юм (1 Петр 4:14). Эдүгээ үйл ажиллагаагаа нэгэнт эхэлчихээд байгаа Еховагийн Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байна. Эсэргүүцэгчид Бурхны ард түмэн рүү «дүүгүүрээр чулуу» нүүлгэх мэт асар их саад учруулдаг. Гэсэн ч тэд Бурхныхаа тусламжтайгаар саадыг давдаг учир дайсны довтолгоо талаар болдог (Зехариа 9:15). Тослогдсон үлдэгдэл болон тэдний үнэнч хамтран зүтгэгчид үйл хэргээ хэзээ ч зогсоохгүй.

17 Удахгүй Ехова биднийг Диаволын довтолгооноос бүрмөсөн аварна. Ехова: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана» хэмээн амласан нь биднийг үнэхээр тайвшруулдаг.

[Зүүлт]

^ Уг ном нь («The Finished Mystery») Еховагийн Гэрчүүдийн хэвлэл бөгөөд одоо хэвлэлтээс гарсан.

^ Еховагийн Гэрчүүдийн эрхлэн гаргасан «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» («Jehovah’s Witnesses–Proclaimers of God’s Kingdom») номын 675, 676-р хуудаснаас дэлгэрэнгүй үзнэ үү.

Хариулна уу

• Сатаны бүтээсэн зэвсэг бүтэлгүй болдгийг юу харуулдаг вэ?

• Тэнгэрлэг Иерусалим «хүнд чулуу» болсон гэж юу гэсэн үг вэ?

• Ехова «Иудагийн майхнуудыг» яаж хамгаалдаг вэ?

• Хармагедон ойртож байгаа өнөө үед та юунд итгэлтэй байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]