Skip to content

Гарчиг руу орох

Амийн усны булгууд руу хөтлөгдөх зохистой хүмүүс

Амийн усны булгууд руу хөтлөгдөх зохистой хүмүүс

Амийн усны булгууд руу хөтлөгдөх зохистой хүмүүс

«Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд руу хөтлөх болно» (ИЛЧ. 7:17).

1. Бурхны Үгэнд тослогдсон христиануудыг юу гэдэг вэ? Есүс тэдэнд ямар үүрэг оноосон бэ?

 ХРИСТИЙН дэлхий дэх эзэмшлийг хариуцдаг тослогдсон христиануудыг Бурхны Үгэнд «итгэмжит, ухаалаг боол» гэдэг. «Эзэн» буюу Есүс Христ 1918 онд «боолыг» шалгаад, тэдгээр тослогдсон христианыг «цагт нь» сүнслэг «хоол унд» өгөх ажилд итгэмжит байгааг нь харсан учир таалан соёрхож, «хамаг эзэмшил хөрөнгөө» тэдэнд даатгажээ (Матай 24:45–47-г уншина уу). Ийнхүү тэд тэнгэр дэх өвөө авахаасаа өмнө, дэлхийд байх хугацаандаа Еховагийн бусад үйлчлэгчийн төлөө үйлчлэх болсон.

2. Есүсийн хөрөнгө гэж юу вэ?

2 Эзэн хүн эд хөрөнгөө хүссэнээрээ захиран зарцуулах эрх мэдэлтэй байдаг. Еховагийн, хаан ширээнд залсан Есүс Христийн хөрөнгө гэдэгт дэлхийд байгаа, Хаанчлалтай холбоотой бүх юм ордог. Түүний дотор элч Иоханы үзсэн «үй олон хүн» ч багтдаг. Иохан үй олон хүнийг: «Харагтун, ...сэнтийн өмнө болон Хурганы өмнө зогсон, цагаан дээл өмссөн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ» хэмээн дүрслэн бичжээ (Илч. 7:9).

3, 4. Үй олон хүнд ямар боломж байдаг вэ?

3 Үй олон хүн Есүсийн хэлсэн «өөр хонинуудын» тоонд багтдаг (Иох. 10:16, ШГ). Тэдэнд диваажин дэлхийд мөнх амьдрах найдвар бий. Есүс өөрсдийг нь «амийн усны булгууд руу хөтөлж», Бурхан өөрсдийнх нь «нүднээс урсах нулимс бүрийг арчина» гэдэгт итгэдэг үй олон хүн «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ» (Илч. 7:14, 17). Тэд Есүсийн золиосонд итгэдэг учир Бурхны нүдэнд цагаан дээлтэй юм шиг харагддаг. Бурхан тэднийг Абрахам шиг зөвт хэмээн тунхаглаж, найзаа гэж үздэг.

4 Түүнчлэн, өөр хонинуудын өсөн нэмэгдэж буй үй олон хүнийг Бурхан зөвт хэмээн тунхагладаг учир тэд үлэмж их зовлонгийн үед энэ ертөнцийн сүйрлийг эсэн мэнд давах найдвартай (Иак. 2:23–26). Тэдний хувьд Еховатай дотно анд нөхөр болж, Хармагедоныг бөөнөөрөө эсэн мэнд давах сайхан боломж бий (Иак. 4:8; Илч. 7:15). Тэд биеэ даасан бүлэг биш бөгөөд тэнгэрийн Хаан болон түүний, дэлхий дэх тослогдсон ах дүүсийн удирдлага дор дуртайяа үйлчилдэг.

5. Үй олон хүн Христийн тослогдсон ах дүүсэд яаж тусалдаг вэ?

5 Тослогдсон христианууд Сатаны ертөнцийн зүгээс хатуу эсэргүүцэлтэй тулгарч ч байсан, тулгарах ч болно. Гэсэн хэдий ч тэд хамтран зүтгэгчдийнхээ буюу үй олон хүний тусламж дэмжлэгийг авна гэдэгтээ итгэлтэй байдаг. Эдүгээ тослогдсон христианууд цөөхөн ч, үй олон хүний тоо жил бүр хэдэн зуун мянгаараа нэмэгдэж байна. Тийм учраас, тослогдсон христианууд дэлхий дахинд буй 100 000 орчим хурлыг биечлэн харгалзах боломжгүй юм. Үй олон хүний дундаас шаардлага хангасан эрчүүд хурлын ахлагчаар үйлчилдэг нь өөр хонинуудаас ирдэг нэг тусламж ажээ. Олон сая христианд санаа тавих үүргээ биелүүлэхэд нь тэд «итгэмжит, ухаалаг боолд» тусалдаг.

6. Өөр хонинууд тослогдсон христиануудад тусална гэдгийг Библид юу гэж зөгнөсөн бэ?

6 Өөр хонинууд тослогдсон христиануудад дуртайяа туслахыг Исаиа зөгнөн: «ЭЗЭН ингэж айлдаж байна. „Египетийн бүтээгдэхүүн [«хөлсгүй ажилчид», ШЕ], Кушийн наймаа, өндөр биетэй сабеанчууд чам дээр ирж, чинийх болно. Тэд чиний араас явна“» хэмээн бичжээ (Иса. 45:14). Дэлхийд амьдрах найдвартай христианууд боолын анги болон Удирдах зөвлөлийн зааврыг дагадаг нь, бэлэгдлийн утгаар тэдний араас явж байгаа хэрэг юм. Мөн, «Есүсийг гэрчлэх ажил» буюу Христийн даалгасан сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг дэлхий даяар хийхэд нь тослогдсон христиануудад чин сэтгэлээсээ туслан, хүч чадлаа харамгүй зориулж, боломж бололцоогоо дайчлан, «хөлсгүй ажилчид» гэдгээ харуулдаг (Үйлс 1:8; Илч. 12:17, ШЕ).

7. Үй олон хүн ямар бэлтгэл хангаж байна вэ?

7 Үй олон хүн тослогдсон ах дүү нартаа тусламж дэмжлэг үзүүлдэг нь Хармагедоны дараа шинэ нийгмийн суурь болох бэлтгэлээ хангаж байгаа хэрэг юм. Энэ суурь бат бөх бөгөөд гишүүд нь Эзнийхээ зааврыг дуртайяа дагадаг байх ёстой. Хаан Есүс Христийнхээ тушаал зарлигийг дагаж биелүүлэх боломж христиан бүрд бий. Өнөөдөр тэд итгэлтэй, үнэнч байвал шинэ ертөнцөд Хааныхаа өгсөн зааврыг биелүүлэхэд бэлэн байна гэсэн үг юм.

Үй олон хүн итгэлээ баталдаг

8, 9. Үй олон хүн итгэлээ хэрхэн баталдаг вэ?

8 Тослогдсон христиануудын хамтран зүтгэгчид болох өөр хонинууд итгэлээ янз бүрийн аргаар баталдаг. Юуны түрүүнд, тэд тослогдсон христиануудыг дэмжиж, Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлдэг (Мат. 24:14; 28:19, 20). Хоёрдугаарт, Удирдах зөвлөлөөс гаргасан зааврыг дуртайяа сахин биелүүлдэг (Евр. 13:17; Зехариа 8:23-ыг уншина уу).

9 Гуравдугаарт, үй олон хүн Еховагийн хууль тушаалыг сахин амьдардаг нь тослогдсон ах дүү нараа дэмжиж байгаа хэрэг юм. Тэд «хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах байдлыг» хөгжүүлэхийг хичээдэг (Гал. 5:22, 23). «Махан биеийн үйлсээр» амьдардаг өнөөгийн ертөнцөд ийм сайхан чанарыг илэрхийлдэг хүн ховорхон байдаг. Гэсэн ч үй олон хүн «завхайрал, бузар байдал, тачаангуй байдал, шүтээн шүтэх, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, өрсөлдөөн, хагарал, тэрс үзэл санаа, атаархал, архидалт, утга учиргүй наргиж цэнгэх гэх зэргээс» хол байхаар хатуу шийддэг (Гал. 5:19–21).

10. Үй олон хүн юунд шийдвэр төгс байдаг вэ?

10 Төгс бус хүнд сүнсний үр жимс илэрхийлж, махан биеийн үйлсээс зайлсхийхийн зэрэгцээ Сатаны ертөнцийн зүгээс учрах дарамт шахалтыг эсэргүүцэх амаргүй байж болох юм. Хүн өндөр нас, өвчин эмгэг, алдаа дутагдал, сул тал зэргээсээ болоод сэтгэлээр унадаг. Ингэвэл итгэл суларч, Еховаг хайрлах хайр бөхөх аюултай учир бид сэтгэлээр унахгүй байх шийдвэр төгс байдаг. Ехова үй олон хүнийг үлэмж их зовлонгийн үед амьд үлдээнэ гэж амласнаа биелүүлнэ гэдгийг бид мэддэг.

11. Сатан христиануудын итгэлийг сулруулахын тулд ямар ямар арга хэрэглэдэг вэ?

11 Гэсэн хэдий ч, жинхэнэ дайсан маань Диавол бөгөөд тийм амар бууж өгөхгүй нь нэгэнт тодорхой учир бид байнга болгоомжтой байх хэрэгтэй (1 Петр 5:8-ыг уншина уу). Сатан тэрслэгчид болон бусад хүнийг ашиглан, бидний баримталдаг сургаалыг хуурамч гэж итгүүлэхийг оролддог. Гэхдээ энэ арга нь голдуу бүтэлгүйтдэг. Мөн, хавчлагаас болж дэлгэрүүлэх ажил заримдаа удааширдаг ч, хавчлагад өртсөн хүмүүсийн итгэл бэхэждэг сайн талтай. Харин хүмүүс сэтгэлээр унадаг нь түүний хувьд олз болдог байна. Тийм болохоор, Сатан бидний итгэлийг сулруулахад ихээхэн үр дүнтэй гэсэн энэ аргыг түлхүү хэрэглэдэг. I зууны христиануудад: «Сэтгэлээр унахгүй..., тэнхээгээ барахгүйн тулд [Христийг] санагтун. Тэрбээр Өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг тэвчсэн ажээ» гэж сэрэмжлүүлсэн байдаг (Евр. 12:3).

12. Библид үндэслэсэн зөвлөгөө сэтгэлээр унасан хүмүүст хэрхэн хүч өгдөг вэ?

12 Танд, Еховад үйлчлэхээ болимоор санагдах үе байсан уу? Заримдаа нэг л болж бүтэхгүй байгаа юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол үүнийгээ Сатанд ашиглуулж, Еховад үйлчлэхээ болиузай. Библийг гүнзгий судалж, шаргуу залбирч, цуглаанд тогтмол очиж, итгэл нэгтнүүдтэйгээ үргэлж харьцаж байвал хүч авч, «сэтгэлээр унахгүй» байж чадна. Ехова үйлчлэгчдийнхээ хүчийг шинэчилнэ гэж амладаг бөгөөд амласандаа ч хүрдэг (Исаиа 40:30, 31-ийг уншина уу). Христиан үйл хэргийг эн тэргүүнд тавиарай. Цаг хугацаа их шаардсан, ашиггүй зүйлд сатааралгүй, бусдад туслахаа түрүүлж бодоорой. Тэгвэл сэтгэлээр унасан ч тэвчих хүч авна (Гал. 6:1, 2).

«Үлэмж их зовлонг» даваад...

13. Хармагедоныг эсэн мэнд давах хүмүүсийг ямар ажил хүлээж байгаа вэ?

13 Хармагедоны дараа, дахин амилсан өдий төдий «хилэнцэт» хүн Еховагийн хуульд суралцана (Үйлс 24:15). Тэд Есүсийн золиосны тухай заалгаж мэдэхийн зэрэгцээ, хамгийн гол нь, ач тусыг нь хүртэхийн тулд золиосонд итгэх хэрэгтэй болно. Түүнчлэн, өмнө нь баримталж байсан хуурамч шашны үзэл сургаалаа орхиж, хуучин амьдралаасаа татгалзах хэрэг гарна. Бас, жинхэнэ христиануудыг ялгаруулдаг шинэ хүнийг өмсөхөд суралцах учиртай (Ефес 4:22–24; Кол. 3:9, 10). Тэгэхлээр, Хармагедоныг эсэн мэнд давсан өөр хонинуудыг их ажил хүлээж байна гэсэн үг. Одоогийнх шиг ёс бус ертөнцийн дарамт шахалт, анхаарал сарниулам зүйлгүй орчинд Еховадаа үйлчлэхэд хэчнээн сайхан байх бол оо!

14, 15. Үлэмж их зовлонг эсэн мэнд давсан хүмүүс болон дахин амилсан зөвт хүмүүсийн хэрхэхийг дүрслэн хэлнэ үү.

14 Есүсийг дэлхийд ирэхээс өмнө нас барсан, Еховагийн үнэнч үйлчлэгчид ч бас тэр үед их зүйлийг сурна. Хүсэн хүлээж байсан ч, үзэж амжаагүй Мессиагаа чухам хэн болохыг мэдэж авна. Тэд хуучин ертөнцөд амьдарч байхдаа Еховагаар заалгах дуртай хүмүүс гэдгээ хэдийнээ баталсан. Тэдэнд туслахад, тухайлбал, Даниелд өөрөө бичсэн ч ойлгоогүй зөгнөлийг нь хэрхэн биелснийг тайлбарлаж өгөхөд хэчнээн сайхан, хэчнээн нэр төртэй хэрэг байх бол оо! (Дан. 12:8, 9).

15 Дахин амилсан хүмүүс ч биднээс их зүйлийг сурч, бид ч тэднээс олон юм асуух нь лавтай. Библид нарийн тайлбарлалгүй, зүгээр дурдаад өнгөрсөн олон үйл явдлыг тэд бидэнд нэгбүрчлэн ярьж өгөх байх. Есүс чухам ямар хүн байсан тухай бүх нарийн ширийн зүйлийг түүний хаяал ах, баптисм хүртээгч Иоханаас сонсоход хэчнээн их сэтгэл хөдлөх бол оо! Бид тэднээс их юм мэдэж, Бурхны Үгийг одоогийнхоосоо илүү сайн ойлгох нь дамжиггүй. Еховагийн, нас барсан үнэнч үйлчлэгчид, түүний дотор, төгсгөлийн цаг үед амиа алдсан үй олон хүн «илүү дээр амилалтыг» хүлээн авна. Сатаны ертөнцөд Еховагийн үйлчлэгч болсон тэд шинэ ертөнцөд илүү таатай нөхцөлд Бурхандаа үргэлжлүүлэн үйлчлэхдээ юутай жаргалтай байх бол оо! (Евр. 11:35; 1 Иох. 5:19).

16. Зөгнөлд бичсэнээр, Шүүх өдөр ямар ямар үйл явдал болох вэ?

16 Шүүх өдрийн явцад номууд дэлгэгдэнэ. Тэр үед амьд байх бүх хүнийг Библи болон уг номуудад үндэслэн шүүж, мөнхийн амь авах эсэхийг нь шийднэ (Илчлэлт 20:12, 13-ыг уншина уу). Шүүх өдрийн эцэст хүн бүрд орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлаар хэний талд зогсож байгаагаа харуулах боломж олдоно. Тэд нэг бол Бурхны Хаанчлалыг дэмжиж, Хурганд хөтлөгдөн, «амийн усны булгууд» руу очно, эсвэл Бурхны Хаанчлалд захирагдахаас татгалзана (Илч. 7:17; Иса. 65:20). Тэр үед бүх хүн өвлөж авсан нүгэл юм уу орчны муу нөлөөнд автахгүйгээр шийдвэр гаргах боломжтой болно. Еховаг эцсийн удаа шүүх ажиллагаагаа явуулахад зөв эсэхийг нь асуух хүн гарахгүй. Учир нь Ехова зөвхөн муу хүмүүсийг л бүрмөсөн устгах юм (Илч. 20:14, 15).

17, 18. Тослогдсон христианууд болон өөр хонинууд Шүүх өдрийг ямар учраас тэсэн ядан хүлээдэг вэ?

17 Хаанчлалыг хүлээн авбал зохистойд тооцогдсон тослогдсон христианууд Шүүх өдрийн туршид Христтэй хамт захирах цагаа тэсэн ядан хүлээж байна. Юутай завшаантай хүмүүс вэ! Ийм сайхан ирээдүйтэй учраас тэд Петрийн зөвлөгөөг дагах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг. Петр тухайн үеийнхээ христиануудад: «Түүний та нарыг дуудан, сонгосныг бататгахын тулд бүр ч илүү хичээнгүй бай. Учир нь та нар эдгээрийг үйлдэж л байвал хэзээ ч бүдрэхгүй. Ингэснээр бидний Эзэн бөгөөд Аврагч Есүс Христийн мөнх хаанчлал руу хангалттай орох болно» гэж зөвлөжээ (2 Петр 1:10, 11).

18 Тослогдсон итгэл нэгтнүүд нь ийм сайхан ирээдүйтэйд өөр хонинууд туйлын баяртай байдаг бөгөөд тэднийгээ тууштай дэмждэг. Бурхны анд нөхөд болсон тэд Бурхандаа «бүр ч илүү хичээнгүй» үйлчлэх ирмүүн хүсэлтэй. Тэд Шүүх өдрийн туршид Есүсээр амийн усны булгууд руу хөтлүүлэнгээ, Бурхны арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмжиж байгаадаа баярлах болно. Тэгээд эцэст нь Ехова тэднийг дэлхий дэх үүрдийн үйлчлэгчээ байх зохистой хүмүүс гэж тооцно (Ром 8:20, 21; Илч. 21:1–7).

Санаж байна уу?

• Есүсийн хөрөнгө гэдэгт юу орох вэ?

• Үй олон хүн тослогдсон ах дүү нараа хэрхэн дэмждэг вэ?

• Үй олон хүнийг ямар гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа вэ? Тэд ямар хосгүй ажил хийх вэ?

• Та Шүүх өдрийн талаар ямар бодолтой явдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны зураг]

Үй олон хүн Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ

[27-р хуудасны зураг]

Та дахин амилсан үнэнч хүмүүсээс юу мэдэхийг хүсэж байна вэ?