Skip to content

Гарчиг руу орох

«Заах урлагтаа» анхаарал тавигтун

«Заах урлагтаа» анхаарал тавигтун

«Заах урлагтаа» анхаарал тавигтун

«Үгийг тунхагла. ...Сайтар хүлцэн тэвчиж, заах урлагийг ашиглан зэмлэ, сануул, ятга» (2 ТИМ. 4:2, ШЕ).

1. Есүс дагалдагчдадаа ямар даалгавар өгсөн бэ? Ямар жишээ үлдээсэн бэ?

 ЕСҮС дэлхийд байхдаа олон хүнийг гайхамшгаар эдгээсэн түүхтэй. Гэхдээ тэрбээр эмч, гайхамшиг үйлдэгч гэдгээрээ бус, харин багш хэмээн олон түмэнд алдаршсан билээ (Марк 12:19; 13:1). Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажил Есүсийн гол ажил байсан. Орчин үеийн христианууд ч энэ ажлыг эн тэргүүнд тавьдаг. Бид Есүсийн тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг хүмүүст зааж, шавь бэлдэх даалгавартай (Мат. 28:19, 20).

2. Шавь бэлдэх даалгавраа биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

2 Бид шавь бэлдэх тушаалыг биелүүлэхийн тулд заах ур чадвараа сайжруулахыг цаг ямагт хичээдэг. Элч Паул хамтран зүтгэгч Тимотдоо: «Өөртөө болон хэрхэн зааж байгаадаа анхаарлаа нарийн хандуул. Эдгээр зүйлд туйлбартай бай. Учир нь үүнийг хийхдээ чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэж бичихдээ чадварлаг багш байхын чухлыг онцолжээ (1 Тим. 4:16, ШЕ). Хүнийг мэдлэгтэй л болговол, Паулын хэлсэн шиг, сайн багш болчихож байгаа хэрэг биш ээ. Чадварлаг дэлгэрүүлэгч Бурхны тухай үнэнийг хүний зүрх сэтгэлд хүргэж, амьдралаа өөрчлөх хүсэл эрмэлзэл төрүүлдэг. Энэ нь нэг ёсны урлаг юм. Тэгвэл Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг амжилттай дэлгэрүүлэхийн тулд «заах урлагийг» хэрхэн эзэмших вэ? (2 Тим. 4:2, ШЕ).

«Заах урлагийг» эзэмших нь

3, 4. а) «Заах урлагийг» эзэмшихийн тулд ямар гурван алхам хийх хэрэгтэй вэ? б) Теократ үйлчлэлийн сургууль биднийг яаж чадварлаг багш болгодог вэ?

3 Дэлгэрүүлэгч хүн «заах урлагийг» эзэмшихийн тулд судлах, бусдыг ажиглах, сурснаа амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн гурван алхам хийх хэрэгтэй. Заах хичээлээ зөв ойлгохын тулд Еховад залбирч байгаад эхлээд өөрөө судлах шаардлагатай (Дуулал 119:27, 34-г уншина уу). Бас туршлагатай дэлгэрүүлэгчдийг ажиглаж, арга барилаас нь суралцаж, дуурайх нь зүйтэй. Эцэст нь, сурсан зүйлээ амьдралдаа тогтмол хэрэгжүүлэх нь ур чадвараа сайжруулахад их тустай (Лук 6:40; 1 Тим. 4:13–15).

4 Ехова бол бидний Багш билээ. Биднийг дэлхий дэх байгууллагаараа дамжуулан сургаж, дэлгэрүүлэх ажлаа амжилттай хийхэд тусалдаг (Ис. 30:20, 21). Тухайлбал, долоо хоног бүр Теократ үйлчлэлийн сургуулиар сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлэх арга ухааныг заадаг. Энэ сургуулийн гол сурах бичиг нь Бурхны ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Библи юм. Юуг, ямар аргаар заавал үр дүнтэй, оновчтой байхыг Бурхан бидэнд Үгээрээ зааж өгдөг. Бас Библид үндэслэн заах, асуултыг үр өгөөжтэй ашиглах, энгийн ойлгомжтой заах, хүмүүст санаа тавих гэх мэтийн аргыг Теократ үйлчлэлийн сургуулиар эзэмшүүлдэг. Одоо эдгээрийг нэг бүрчлэн үзэнгээ яаж хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэхийг ярилцана.

Библид үндэслэн заах нь

5. Бид юунд үндэслэн заах ёстой вэ? Яагаад?

5 Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу багш Есүс сургаалаа Библид үндэслэн заадаг байв (Мат. 21:13; Иох. 6:45; 8:17). Тэрбээр өөрийнхөө санааг бус, харин өөрийг нь илгээгч Нэгний үгийг заадаг байсан (Иох. 7:16–18). Энэ бол дуурайвал зохих жишээ юм. Бид айлаар дэлгэрүүлэхдээ ч, Библийн хичээл хийхдээ ч зөвхөн Библид үндэслэн заах учиртай (2 Тим. 3:16, 17). Хүний үг хэчнээн цэцэн цэлмэг байлаа ч ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Бурхны Үг шиг хүчтэй нөлөөлж, гүн сэтгэгдэл төрүүлдэггүй. Ямар ч сэдвээр ярьсан, гол санааг ойлгуулах хамгийн сайн арга бол Библиэс уншуулах явдал юм (Еврей 4:12-г уншина уу).

6. Хичээлийн гол санааг ойлгуулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

6 Библид үндэслэн заах гэдэг нь урьдчилан бэлдэх хэрэггүй гэсэн үг үү? Яалаа гэж! Тухайн гарын авлагад заасан Библийн зүйлийн чухам алийг нь хичээл дээр уншуулахаа урьдаас бодох хэрэгтэй. Ер нь, хичээлийн гол санааг батлах Библийн зүйлийг уншуулах нь зүйтэй. Мөн утгыг нь ойлгуулах шаардлагатай (1 Кор. 14:8, 9).

Асуултыг үр өгөөжтэй ашиглах нь

7. Асуулт тавих нь ямар учраас үр дүнтэй арга вэ?

7 Асуултыг үр өгөөжтэй ашиглавал суралцагчаа эргэцүүлэн бодуулах төдийгүй зүрх сэтгэлд нь хүрч болдог. Тиймээс, Библийн зүйлийг өөрөө тайлбарлахын оронд суралцагчаараа тайлбарлуулах хэрэгтэй. Бас зөв дүгнэлт хийлгэхийн тулд зарим үед нэгээс ч олон асуулт тавих шаардлага гарч болох юм. Асуултыг ийнхүү оновчтой тавивал суралцагч маань тухайн дүгнэлтийн учир шалтгааныг ойлгоод зогсохгүй хийсэн дүгнэлтдээ тулгуурлан бат итгэлтэй болно (Мат. 17:24–26; Лук 10:36, 37).

8. Суралцагчийн үзэл бодлыг яаж мэдэх вэ?

8 Бид байгууллагын ном хэвлэлээр Библийн хичээл заахдаа асуултыг өргөн хэрэглэдэг. Ер нь, ихэнх суралцагч асуултын хариуг догол мөрөөс төвөггүй олж сурдаг. Гэхдээ зөв хариу хэлүүлэх нь хэрсүү багшийн гол зорилго биш ээ. Жишээ нь, суралцагч Библид садар самуун явдлын талаар юу гэж байдгийг зөв хариуллаа гэж бодъё (1 Кор. 6:18). Гэхдээ нэмэлт асуулт тавьж Библийн сургаалд чухамдаа хэрхэн ханддагийг нь мэдэж болно. Тиймээс, «Гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг Библид яагаад хориглодог вэ? Бурхан ийм харьцааг буруушаадгийг та юу гэж бодож байна вэ? Таны бодлоор, Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахих нь ашигтай юу?» гэх мэтээр асууж болох юм. Чухам ямар бодолтой явдаг нь хариултаас нь харагдана (Матай 16:13–17-г уншина уу).

Ойлгомжтой заах нь

9. Библийн хичээл заахдаа юу анхаарах хэрэгтэй вэ?

9 Библийн ихэнх сургаал энгийн байдаг. Харин суралцагч маань хуурамч шашны сургаалд төөрөлдсөн байж мэднэ. Тиймээс, бидний үүрэг бол Библийн сургаалыг ойлгомжтой заах явдал юм. Сайн багш энгийн, тодорхой, зөв заадаг. Бид ч гэсэн энэ зарчмыг баримталбал Библийн сургаалыг ойлгомжтой зааж чадна. Үүний тулд Библийн зүйлийг олон талаас нь ухаж тайлбарлах хэрэггүй. Онцлох санааг л хэлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, үзэж буй сэдвийнхээ гол санааг тодруулна гэсэн үг. Суралцагч мэдлэг нь тэлэхийн хэрээр Библийн гүнзгий сургаалыг ч ойлгодог болно (Евр. 5:13, 14).

10. Нэг удаагийн хичээлээр хэр их хэмжээний материал үзэхээ яаж шийдэх вэ?

10 Тэгвэл нэг удаагийн хичээлээр хэр их материал үзэх нь зөв бэ? Энэ асуудалд их ухаалаг, хэрсүү хандах хэрэгтэй. Багш болон суралцагчийн чадвар, боломж харилцан адилгүй байдаг ч багшийн гол зорилго бол суралцагчаа бат итгэлтэй болгох явдал юм. Тиймээс, нэг дор их хэмжээний материалыг хам хум үзэхийн оронд суралцагчдаа Библиэс унших, уншсанаа ойлгох, зөв дүгнэлт хийх хугацаа өгч байгаарай. Ойлгох хэмжээнээс нь хэтэрсэн их юм үзэх хэрэггүй боловч нэг дороо зогсох учиргүй. Тэгэхлээр, суралцагч үзэж буй сэдвийнхээ гол санааг ойлгосон бол урагшлах нь зүйтэй (Кол. 2:6, 7).

11. Элч Паулаас юунд суралцаж болох вэ?

11 Элч Паул сайн мэдээ дэлгэрүүлэхдээ энгийн ярьдаг байсан. Хэдийгээр өөрөө их өндөр боловсролтой хүн байсан боловч эрдэмтэн мэргэдийн үгээр ярьдаггүй байв (1 Коринт 2:1, 2-г уншина уу). Библийн сургаал энгийн байдаг тул чин сэтгэлтэй хүмүүс Бурханд татагдаж, сүнслэг хэрэгцээгээ хангадаг. Тиймээс, Библийн үнэнийг ойлгохын тулд өндөр боловсролтой байх албагүй (Мат. 11:25; Үйлс 4:13; 1 Кор. 1:26, 27).

Мэдлэгийн үнэ цэнийг ойлгуулах нь

12, 13. Мэдлэгээ хэрэгжүүлэх хүслийг яаж төрүүлэх вэ? Жишээгээр тайлбарлана уу.

12 Суралцагч мэдлэгийг зүрх сэтгэлээрээ хүлээж авсан цагт бидний ажил үр дүнд хүрнэ. Үүний тулд мэдлэгээ хэрхэн хэрэгжүүлэх, хэрэгжүүлбэл ямар үр дүнд хүрэх, Библийн зарчмыг сахивал амьдрал нь яаж сайжрахыг суралцагчдаа ойлгуулах хэрэгтэй (Ис. 48:17, 18).

13 Жишээ нь, Еврей 10:24, 25-г уншаад, итгэл нэгтнүүдтэйгээ хамт Библи судалж, бие биеэ урамшуулан зоригжуулах тухай ярилцаж байна гэж бодъё. Хэрэв суралцагч цуглаанд очиж үзээгүй бол цуглаан яаж явагддаг, цуглаанаар юу ярьдгийг товч тайлбарлах нь зүйтэй. Цуглаан бол шүтлэгийн маань нэг хэсэг бөгөөд хүн бүрд ач тустай байдгийг ойлгуулаарай. Тэгээд цуглаанд урих хэрэгтэй. Суралцагч Библийн багшдаа бус, гол нь Бурханд таалагдъя гэсэн сэтгэлээр Бурхны хууль тушаалыг биелүүлэх шийдвэр гаргах учиртай (Гал. 6:4, 5).

14, 15. а) Суралцагч Еховагийн талаар юу мэдэж авдаг вэ? б) Еховагийн зан чанарыг мэдэх нь суралцагчид ямар ач тустай вэ?

14 Библи судалж, зарчмыг нь хэрэгжүүлж сурахын гол ач холбогдол нь Еховатай танилцан, жинхэнэ амьд Бурхан гэдгийг нь мэдэж, дотно харьцаатай болох явдал юм (Ис. 42:8). Ехова бол Бүтээгч, халамжит Эцэг, орчлонт ертөнцийн Эзэн төдийгүй өөрийг нь хайрлаж, өөрт нь үйлчилдэг хүмүүст зан чанар, хүч чадлаа илчилдэг Бурхан билээ (Египетээс гарсан нь 34:6, 7-г уншина уу). Ехова Мосег удирдан Израилийн ард түмнийг Египетийн нутгаас гаргуулах гэж байхдаа өөрийнхөө тухай: «Би юу болмоор байна, тэр болдог» гэж хэлжээ (Ег. 3:13–15, ШЕ). Энэ нь Ехова ард түмнээ болгохоор сонгосон үндэстнийг боолчлолоос чөлөөлөх санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хүссэн бүхнээ хийнэ гэсэн үг байлаа. Үнэхээр ч израильчууд Еховаг Аврагч, Дайчин, Тэжээгч, санаа зорилгоо Биелүүлэгч болж, хүссэн бүхнээ хийдгийг биеэрээ үзсэн (Ег. 15:2, 3; 16:2–5; Иош. 23:14).

15 Тэр үед Ехова Мосег гайхамшгаар удирдаж байсан. Гэхдээ өнөөдөр суралцагчдыг маань тэгж удирдахгүй нь ойлгомжтой. Гэлээ ч суралцагч маань итгэл нь бэхжиж, сурч мэдсэнээ үнэлдэг, амьдралдаа хэрэгжүүлдэг болохын хэрээр Еховад найдан эр зориг, мэргэн ухаан, удирдлага заавар авч сурдаг. Еховад найддаг хүн Еховаг найдвартай Зөвлөгч, Хамгаалагч, өгөөмөр сэтгэлтэй Тэжээгч гэдгийг өөрийн биеэр үздэг (Дуу. 55:22; 63:7; Сур. 3:5, 6).

Суралцагчдаа санаа тавих нь

16. Сайн багш болоход авьяас чадвар хамгийн чухал уу? Тайлбарлана уу.

16 Хэрэв та өөрийгөө чадварлаг багш биш гэж чамладаг бол сэтгэлээр бүү унаарай. Дэлхий дахинд явагдаж байгаа сургалтын ажлыг Ехова Есүс хоёр удирдан чиглүүлдэг шүү дээ (Үйлс 1:7, 8; Илч. 14:6). Тэдний тусламж дэмжлэгтэйгээр бид чин сэтгэлтэй хүмүүст сайн мэдээг хүргэж чаддаг (Иох. 6:44). Христиан багшид ур чадвар дутаж болох ч хайр нь дутуу бүхнийг нь нөхдөг. Элч Паул суралцагчаа хайрлахын чухлыг ойлгодог хүн байсан (1 Тесалоник 2:7, 8-г уншина уу).

17. Суралцагч болгондоо яаж санаа тавих вэ?

17 Түүнээс гадна, суралцагч нэг бүртэйгээ дотно танилцах зорилгоор цаг гарган санаа тавих нь зүйтэй. Ер нь, Библийн зарчмыг хэрэгжүүлэх талаар ярилцах явцад суралцагчийнхаа амьдрал ахуйтай сайн танилцах боломж гардаг. Бас мэдлэгээ зах зухаас нь амьдралдаа хэрэгжүүлдэг болсон нь ажиглагддаг. Засаж залруулах шаардлагатай юм байгаа нь ч анзаарагдаж болох юм. Библийн хичээлээр мэдсэн зүйлээ амьдралд хэрэгжүүлж сургавал эцсийн дүндээ Христийн жинхэнэ дагалдагч болоход нь тусалж байгаа хэрэг юм.

18. Суралцагчтайгаа хамт, бас суралцагчийнхаа төлөө залбирах нь яагаад чухал бэ?

18 Суралцагчтайгаа хамт, бас суралцагчийнхаа төлөө залбирах нь хамгийн чухал юм. Бид суралцагчдаа Бүтээгчтэйгээ сайн танилцан, дотно харьцаа тогтоож, Бурхнаар удирдуулахын ач тусыг хүртэхэд нь туслах гол зорилгоо ойлгуулах хэрэгтэй (Дуу. 25:4, 5-г уншина уу). Мэдлэгээ ажил хэрэг болгоход нь тусалж дэмжихийг Еховагаас гуйж залбирдаг бол суралцагч маань «үгийг хэрэгжүүлэгч болохын» чухлыг ойлгоно (Иак. 1:22). Бас чин сэтгэлээсээ залбирахыг маань сонсоод өөрөө залбирч сурна. Ийнхүү суралцагчаа Еховатай дотно харьцаатай болоход нь туслах хэчнээн сайхан бэ!

19. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?

19 Чин сэтгэлтэй хүмүүсийг Есүсийн тушаасан бүгдийг сахин биелүүлж сургах зорилгоор «заах урлагийг» эзэмшиж байгаа Гэрчүүдийн тоо дэлхий дахинд зургаан саяас хол давжээ. Харин дэлгэрүүлэх ажил маань ямар үр дүнд хүрч байна вэ? Энэ асуултад дараагийн өгүүлэл хариулна.

Санаж байна уу?

• Христиан хүн «заах урлагийг» эзэмшихийн учир юу вэ?

• Үр өгөөжтэй заахын тулд ямар ямар арга хэрэглэх хэрэгтэй вэ?

• Сайн багш байхад авьяас чадвараас илүү юу чухал бэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Теократ үйлчлэлийн сургууль танд ямар тустай вэ?

[10-р хуудасны зураг]

Библиэс уншуулах нь яагаад чухал бэ?

[12-р хуудасны зураг]

Суралцагчтайгаа хамт, бас суралцагчийнхаа төлөө залбираарай