Skip to content

Гарчиг руу орох

«Зөв хандлагатай» хүмүүс сайн мэдээг хүлээж авдаг

«Зөв хандлагатай» хүмүүс сайн мэдээг хүлээж авдаг

«Зөв хандлагатай» хүмүүс сайн мэдээг хүлээж авдаг

«Мөнхийн аминд зөв хандлагатай бүх хүн итгэв» (ҮЙЛС 13:48, ШЕ).

1, 2. Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдах тухай Есүсийн зөгнөлийг І зууны христианууд хэрхэн биелүүлсэн бэ?

 БИБЛИЙН «Үйлс» номд Хаанчлалын тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана хэмээсэн Есүсийн зөгнөлийг эртний христианууд идэвх зүтгэлтэй биелүүлсэн түүхийг бичсэн байдаг (Мат. 24:14). Тэдний хичээл зүтгэл дараа дараагийн дагалдагчдад жишээ болжээ. Иерусалимд байсан Есүсийн шавь нар шаргуу дэлгэрүүлсний үрээр хэдэн мянган хүн, тэр дундаа «тахилчдаас маш олон хүн» Христийн дагалдагч болж байв (Үйлс 2:41; 4:4; 6:7).

2 Эртний миссионерууд ч бас олон хүнийг Христийн шавь болоход нь тусалсан түүхтэй. Жишээ нь: Филип Самарид очиж, олон хүнд сайн мэдээг хүргэжээ (Үйлс 8:5–8). Элч Паул Кипр, Бага Азийн зарим нутаг, Македони, Грек, Итали гэх мэтийн газраар итгэл нэгтнүүдтэйгээ хамтран аялж, сайн мэдээ тунхагласан. Түүний очсон олон хотын «иудейчүүд болон грекчүүд үй олноороо итгэцгээв» (Үйлс 14:1; 16:5; 17:4). Бас Тит гэдэг христиан Крет аралд үйлчилсэн (Тит 1:5). Вавилонд идэвхтэй дэлгэрүүлж байсан элч Петрийн МЭ 62-64 оны орчим бичсэн анхны захиаг үзвэл, тухайн үеийн христианууд Понт, Галат, Каппадок, Ази, Битун гэх мэтийн нутагт сайн мэдээг идэвхийлэн тунхаглаж байсан нь харагддаг (1 Петр 1:1; 5:13). Христиан үйл хэрэг үнэхээр өрнөж байжээ. Нэгдүгээр зууны христианууд дэлгэрүүлэх ажлаасаа болж «дэлхийг үймүүлсэн» хэмээн буруутгагдаж байсныг нь бодохлоор тэд ажлаа үнэхээр өргөн далайцтай хийж байжээ (Үйлс 17:6; 28:22).

3. Орчин үеийн дэлгэрүүлэгчид ямар амжилт гаргаж байна вэ? Энэ нь танд ямар санагддаг вэ?

3 Орчин үед ч гэсэн христиан хурал их өсөж байна. Та жил тутмын тайланг үзэж, таван тивийн итгэл нэгтнүүдийнхээ амжилт бүтээлтэй танилцаад баярладаг биз дээ? Тухайлбал, 2007 оны үйлчлэлийн жилд бид зургаан сая гаруй хүнд Библийн хичээл заасныг мэдэхэд таатай байгаа биз? Түүнчлэн, Есүсийн үхлийг дурсах цуглаанд Гэрчүүдээс гадна арваад сая хүн ирсэн нь сайн мэдээг багагүй сонирхож байгааг нь харуулж байна. Тэгэхлээр, та бидэнд хийх ажил их байна.

4. Хаанчлалын тухай сайн мэдээг ямар хүмүүс хүлээн авч байна вэ?

4 Өнөөдөр Хаанчлалын тухай сайн мэдээг «мөнхийн аминд зөв хандлагатай бүх хүн» хүлээн авч байна (Үйлс 13:48, ШЕ). Ехова тийм хүмүүсийг байгууллагадаа татдаг (Иохан 6:44-г уншина уу). Тэгвэл энэ үйл хэрэгт аль болох их хувь нэмэр оруулахын тулд дэлгэрүүлэх ажилд хэрхэн хандах хэрэгтэй вэ?

Хэнийг ч алаг үзэхгүй дэлгэрүүлэх нь

5. Бурханд ямар хүн таалагддаг вэ?

5 «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» гэдгийг нэгдүгээр зууны христианууд ойлгодог байв (Үйлс 10:34, 35). Бурхны тааллыг олъё гэсэн хэн боловч Есүсийн золиосонд итгэх учиртай (Иох. 3:16, 36). Ехова Бурхан «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг рүү ирээсэй гэж хүсдэг» (1 Тим. 2:3, 4).

6. Дэлгэрүүлэгч хүн яах ёсгүй вэ? Яагаад?

6 Дэлгэрүүлэгч хүн бусдыг яс үндэс, зэрэг зиндаа, зүс царай, шашин шүтлэг гэх мэтээр нь ялгаварлан гадуурхах учиргүй. Бодоод үз л дээ. Танд анх дэлгэрүүлсэн хүн таныг алаг үзээгүйд та баярладаг биз дээ? Тэгвэл та амь аврах мэдээг тэгж дэлгэрүүлж болохгүй нь юу билээ? Хүлээж авах хүн байгаа шүү дээ (Матай 7:12-г уншина уу).

7. Бид хүнийг гаднах байдлаар нь үнэлж дүгнэхээс яагаад зайлсхийх ёстой вэ?

7 Ехова Есүсийг Шүүгчээр томилсон билээ. Тиймээс, бид бусдыг «шүүх» буюу гаднах байдлаар нь үнэлж дүгнэх эрхгүй. Энэ нь ч зөв юм. Учир нь, хүн аливааг «нүдэндээ үзэгдсэнээр..., чихэндээ сонсогдсоноор» дүгнэж цэгнэдэг. Харин Есүс хүний бодол санаа, зүрх сэтгэлийг мэддэг (Ис. 11:1–5; 2 Тим. 4:1).

8, 9. а) Саул христиан болохоосоо өмнө ямар хүн байсан бэ? б) Элч Паулын түүх бидэнд ямар сургамжтай вэ?

8 Үзэл бодол, эрдэм мэдлэг, ажил мэргэжлээрээ харилцан адилгүй янз бүрийн хүмүүс Бурхны үйлчлэгч болдог. Үүний нэг тод жишээ бол хожим нь элч Паул хэмээн алдаршсан Тарсын Саул юм. Тэрбээр фарисай байхдаа христиануудыг харгисаар хавчиж явсан нь тэднийг буруу урсгалынхан гэж боддогийнх байжээ (Гал. 1:13). Тийм хүнийг христиан болно гэж хэн ч бодоогүй байх. Харин Есүс зүрх сэтгэлийг нь мэдээд, Саулыг сонгож, тусгай даалгавар өгсөн. Эцэст нь, Саул хамгийн идэвхтэй, хичээл зүтгэлтэй христиануудын нэг болсон билээ.

9 Элч Паулын түүх бидэнд ямар сургамжтай вэ? Жишээ нь, дэлгэрүүлдэг хэсгийн маань зарим хүн бидэнд дайсагнан ханддаг юм шиг санагдаж болох юм. Тэдний нэг нь ч христиан болохгүй юм шиг санагдлаа ч тэднийг орхилгүй, ярилцах боломж хайж байгаарай. Заримдаа огтхон ч бодоогүй хүн сайн мэдээг хүлээж авдаг. Бидний зорилго бол сайн мэдээг бүх хүнд «тунхагласаар» байх явдал юм (Үйлс 5:42-г уншина уу).

Сайн мэдээг тасралтгүй тунхаглахын үр дүн

10. Харгис хэрцгий зан авиртай юм шиг санагдсан хүнд ч дэлгэрүүлэх хэрэгтэйн учир юу вэ? Танай нутагт болсон явдал юм уу мэддэг түүхээ ярина уу.

10 Хүнийг гаднаас нь хараад дүгнэх буруу. Өмнөд Америкт суудаг Игнасио шоронд байхдаа Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болжээ. * Тэрбээр харгис хэрцгий авираараа зартай хүн байв. Тиймээс, шоронд наймаа хийдэг хоригдлууд Игнасиогоор далайлган, өртэй хоригдлуудаас мөнгөө нэхдэг байжээ. Гэхдээ Игнасио сүнслэгээр өсөж, мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлдэг болоод харгис зэрлэг авираа засаж, төлөв түвшин, номхон даруу хүн болжээ. Одоо Игнасио урьдынх шигээ «алдартай» өр нэхэмжлэгч биш болсон ч Библийн үнэнийг мэдэж, ариун сүнсний тусламжтайгаар өөрчлөгдөж байгаадаа баяртай байдаг аж. Бас өөрт нь уужим сэтгэл гарган Библийн үнэнийг зааж өгсөн Гэрчүүдэд үнэхээр их баярлаж явдаг гэнэ.

11. Урьд нь дэлгэрүүлсэн хүмүүс дээр дахин очдогийн учир юу вэ?

11 Хүний амьдрал ахуй, үзэл бодол цагийн аясаар өөрчлөгдөж байдаг тул бид урьд нь дэлгэрүүлсэн хүмүүс дээр дахин очдог. Сүүлчийн удаа уулзсанаас маань хойш хүнд өвчин тусах, ажилгүй болох, үхэл хагацал үзэх гэх зэргийн «санамсаргүй тохиолдлоор» зовж байж болох шүү дээ (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Бас дэлхий дахины үйл явдлыг ажиглаад ирээдүйнхээ талаар нухацтай боддог болсон ч байж мэднэ. Тиймээс, өмнө нь сайн мэдээг үл тоомсорлодог, эсвэл бүр эсэргүүцдэг байсан хүн одоо дуртайяа хүлээн авч болох юм. Тэгэхлээр, хүмүүст сайн мэдээ хүргэх боломж бүрийг алдахгүй байхыг хичээцгээе!

12. Дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүсийн талаар ямар бодолтой байх нь сайн бэ? Яагаад?

12 Хүн бусдыг яс үндэс, зэрэг зиндаа, мэдлэг боловсрол гэх зэргээр нь ялгаварлаж, үнэлж дүгнэдэг зантай. Харин Ехова хүн нэг бүрд чин сэтгэлээсээ хандаж, сайн талыг нь хардаг (1 Самуел 16:7-г уншина уу). Бид дэлгэрүүлэхдээ Еховаг дуурайх ёстой. Дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүсийн талаар өөдрөг бодолтой байвал сайн үр дүнд хүрдгийг харуулах жишээ олон бий.

13, 14. а) Нэг эхлэгч дэлгэрүүлж яваад тааралдсан эмэгтэйг яагаад буруу дүгнэсэн бэ? б) Энэ явдлаас ямар сургамж авч болох вэ?

13 Карибын тэнгисийн нэгэн арал дээр байнгын эхлэгчээр үйлчилдэг Сандра айлаар дэлгэрүүлж яваад Рут гэдэг эмэгтэйтэй таарчээ. Рут бүжигчин хүн бөгөөд багт наадмын үндэсний тэмцээнд хатан хаанаар хоёр ч удаа шалгарч байсан аж. Тэрбээр Сандрагийн яриаг ихэд сонирхож, Библийн хичээл хийхээр болжээ. Сандра: «Зочны өрөөнд нь ортол Рутын бүжгийн хувцастай авахуулсан том зураг, тэмцээнд түрүүлж авсан цомууд нь нүдэнд тусаж билээ. Тэгээд би: „Ийм алдартай, багт наадамд дуртай хүн Библи сонирхоно гэж юу байх билээ?“ гэж бодоод тэднийд очихоо больсон» гэж ярьжээ.

14 Тэгтэл хэсэг хугацааны дараа Рут өөрөө Хаанчлалын танхимд очоод, цуглааны дараа Сандрагаас: «Та яагаад манайд очиж, хичээл заахаа байчихаа вэ?» гэж асуужээ. Тэгэхэд нь Сандра уучлал гуйгаад, дахин хичээл хийхээр болжээ. Рут ч сүнслэгээр түргэн өсөж, багт наадмын зургуудаа хананаасаа авч, бүх цуглаанд очиж, дэлгэрүүлдэг болоод эцэст нь Еховад өөрийгөө зориулжээ. Харин Сандра Рутын талаар анх буруу бодож байснаа ойлгожээ.

15, 16. а) Нэг Гэрч садангийнхаа хүнд дэлгэрүүлээд ямар үр дүнд хүрсэн бэ? б) Зан авир, үзэл бодол, дадал зуршил нь ямар ч байсан, хамаатан садандаа цааргалахгүй дэлгэрүүлэх хэрэгтэйн учир юу вэ?

15 Хамаатан садангийн хүмүүс сайн мэдээг хүлээж авахгүй юм шиг санагдсан ч дэлгэрүүлбэл сайн үр дүнд хүрдгийг олон Гэрч биеэрээ үзжээ. Америкт амьдардаг Жойс гэдэг Гэрч эмэгтэйн жишээг сонирхъё. Жойсын хүргэн дүү нь бага залуугаасаа олон удаа шоронд орсон хүн байжээ. «Мансууруулах бодис болон хулгайн хэрэгт холбогддог, бас олон муу зуршилтай болохлоор нь хүмүүс түүнийг засаршгүй хүн гэж үздэг байсан юм. Ямар ч найдваргүй юм шиг санагдаж байсан ч би Библийн үнэнийг ойлгуулах гэж 37 жил мэрийсэн юм» гэж дурсжээ. Жойсыг ийнхүү тэвчээртэй байсны ачаар хүргэн дүү нь Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгадаг болж, амьдралаа эрс өөрчилжээ. Саяхан тэрбээр АНУ-ын Калифорнид болсон мужийн чуулганаар 50 настайдаа баптисм хүртжээ! Жойс: «Би баярласандаа уйлсан. Дэлгэрүүлэхээ болиогүй минь ямар сайн хэрэг вэ!» гэж хэлжээ.

16 Зан авир, үзэл бодол, дадал зуршлыг нь бодохлоор хамаатан садандаа дэлгэрүүлээд нэмэргүй мэт санагдаж болох юм. Гэхдээ хүргэн дүүдээ дэлгэрүүлэхээс цааргалаагүй Жойсын жишээг санаарай. Тэгээд ч бид хүний зүрх сэтгэлийг мэдэхгүй шүү дээ. Үнэнийг чин сэтгэлээсээ хайж яваа ч юм билүү? Тиймээс, үнэнийг олоход нь хүн болгонд туслахыг хичээцгээе! (Сургаалт үгс 3:27-г уншина уу).

Ашигтай гарын авлага

17, 18. Дэлгэрүүлэгчдэд тохиолдсон явдлыг харахад «Библийн сургаалыг зөв ойлгох нь» ном ямар ач тустай вэ?

17 Чин сэтгэлтэй хүмүүс «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын * тусламжтайгаар сайн мэдээг нааштай хүлээн авч байгааг газар газрын дэлгэрүүлэгчдэд тохиолдсон явдал харуулж байна. Жишээ нь, АНУ-д суудаг байнгын эхлэгч Пени энэ номоор нэлээд хэдэн хүнтэй Библийн хичээл хийдэг болсны хоёр нь олон жил сүмд явсан, сүсэг бишрэл ихтэй, ахимаг насны хүн байжээ. Тэднийг «Библийн сургаал» номоор хичээл хийгээд урьд нь буруу сургаалд итгэж явснаа мэдэхлээрээ яах бол гэж Пенигийн санаа зовж байжээ. Тэгтэл «Библийн сургаалыг энгийн, ойлгомжтой, товч тайлбарласан энэ номын ачаар тэд маргаж мэтгэлгүй, үнэнийг тэр дор нь тайван хүлээж авсан юм» гэж Пени бичсэн байна.

18 Британид Пат гэдэг дэлгэрүүлэгч Азиас дүрвэж ирсэн нэг эмэгтэйд Библийн хичээл заадаг болжээ. Эмэгтэй нутагтаа байхдаа нөхөр болон хөвгүүдээ засгийн газрын эсрэг боссон цэргүүдийн гарт алджээ. Цэргүүд түүнийг айлган сүрдүүлж, гэрийг нь шатааж, өөрийг нь хүчирхийлсэн аж. Иймээс өнөөх эмэгтэй арга буюу нутгаасаа дүрвэсэн байв. Амьд явах нь ямар ч утга учиргүй санагдаж, бүр амиа хорлох гэж нэг бус удаа завджээ. Гэсэн ч Библийн хичээл заалгаснаасаа хойш ирээдүйгээ өөдрөгөөр хардаг болжээ. Пат: «„Библийн сургаал“ номын энгийн тайлбар, ойлгомжтой жишээ тэр хүнд их гүн сэтгэгдэл төрүүлсэн юм» гэж бичжээ. Эмэгтэй сүнслэгээр хурдан өсөж, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон бөгөөд дараагийн чуулганаар баптисм хүртэх хүсэлтэйгээ хэлсэн байна. Чин сэтгэлтэй хүмүүст Библийн сургаалыг ойлгуулж, ирээдүйдээ итгэлтэй болоход нь тусална гэдэг ямар сайхан хэрэг вэ!

«Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая»

19. Дэлгэрүүлэх ажлыг яаравчлан хийхийн учир юу вэ?

19 Сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэх ажлыг өдрөөс өдөрт яаравчлан хийх шаардлагатай болоод байна. Зөв хандлагатай хүмүүс сайн мэдээг жил бүр олон мянгаараа хүлээн авч байна. Гэхдээ «ЭЗЭНий агуу өдөр ойрхон» байгаа учир сүнслэг харанхуйд яваа хүмүүс «алагдах газрынхаа зүг гэлдэрч байна» гэсэн үг (Зеф. 1:14; Сур. 24:11).

20. Бид нэгдүгээр зууны христиануудыг дуурайн яах ёстой вэ?

20 Гэхдээ чин сэтгэлтэй хүмүүст туслах боломж одоо ч байна. Үүний тулд «Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар» байсан нэгдүгээр зууны христиануудыг дуурайх хэрэгтэй (Үйлс 5:42). Эсэргүүцэл хавчлагыг тэвчиж, заах ур чадвараа сайжруулан, хэнийг ч алаг үзэлгүй дэлгэрүүлцгээе! «Сайныг үйлдэхдээ зүрхшээхгүй байцгаая». Хэрэв бид шантрахгүй бол Бурхныхаа сайшаалыг хүлээнэ (2 Тим. 4:2; Галат 6:9-г уншина уу).

[Зүүлт]

^ Зарим хүний нэрийг өөрчлөв.

^ Уг ном нь (What Does the Bible Really Teach?) Еховагийн Гэрчүүдийн хэвлэл бөгөөд олон хэлээр гарсан болно.

Хариулна уу

• Сайн мэдээг ямар хүмүүс хүлээн авч байна вэ?

• Хүнийг гаднах байдлаар нь үнэлж дүгнэх ёсгүйн учир юу вэ?

• «Библийн сургаал» номын ачаар дэлгэрүүлэгчид ямар сайн үр дүнд хүрч байна вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Чин сэтгэлтэй олон мянган хүн сайн мэдээг хүлээн авч байна

[15-р хуудасны зураг]

Элч Паулын жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

[16-р хуудасны зураг]

Дэлгэрүүлэгч хүн бусдыг гаднаас нь харж дүгнэдэггүй