Skip to content

Гарчиг руу орох

Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлдээ анхаарал тавигтун

Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлдээ анхаарал тавигтун

Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлдээ анхаарал тавигтун

«Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь» (КОЛ. 4:17).

1, 2. Христианууд хүмүүсийн өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?

 ХРИСТИАНУУД бид хүмүүсийн өмнө нэг хариуцлагатай үүрэг хүлээдэг. Хаяанд тулж ирчихээд байгаа «үлэмж их зовлонг» хүмүүс эсэн мэнд давах уу үгүй юү гэдэг нь одоо гаргах шийдвэрээс нь шалтгаалах юм (Илч. 7:14). «Сургаалт үгс» номд: «Үхэлд баригдсан хүмүүсийг авар. Алагдах газрынхаа зүг гэлдрэх хүмүүсийг буцааж авчир» гэж бичсэн байдаг. Ямар сүрдмээр үг вэ! Одоо ямар шийдвэр гаргахаас үхэх сэхэх нь шалтгаална гэдгийг хүмүүст сануулах үүргээ биелүүлэхгүй бол бид хүн амины хэрэгт холбогдоно. «Сургаалт үгс » номд цааш нь: «„Бид энэ талаар мэдээгүй“ гэж чи хэлж байгаа бол Зүрхийг Дэнслэгч үүнийг анхааралдаа авахгүй гэж үү? Сүнсийг чинь хамгаалагч энэ бүхнийг мэдэхгүй гэж үү? Мөн хийсэн үйлийнх нь хариуг Тэр хүмүүнд өгөхгүй гэж үү?» гэж бичжээ. Хүн төрөлхтөнд ямар аюул тулгарсныг «мэдээгүй» гэж хэлэх эрх Еховагийн үйлчлэгчдэд байхгүй (Сур. 24:11, 12).

2 Хүний амь бол Еховагийн хувьд их үнэтэй зүйл юм. Тийм учраас, аль болох олон хүний амь аврахын тулд чадах бүхнээ хийхийг Ехова үйлчлэгчдэдээ уриалдаг. Бурханд үйлчилдэг бүх хүн Библид бичсэн амь аврах мэдээг хүмүүст хүргэх ёстой. Бидний ажил бол ард олныг аюулаас сэрэмжлүүлэх үүрэгтэй харуулын ажилтай төстэй юм. Амь нас нь хутганы ирэн дээр байгааг хүмүүст сэрэмжлүүлээгүйн улмаас буруутан болохыг бид хүсэхгүй (Езе. 33:1–7). Тиймээс, «үгийг тунхаглах» ажлаа тасралтгүй хийх нь амин чухал юм (2 Тимот 4:1, 2, 5-г уншина уу).

3. Цуврал өгүүллээр юу юуны тухай үзэх вэ?

3 Энэ цуврал өгүүллийн эхнийхээр амь аврах ажилд тулгардаг бэрхшээлийг хэрхэн даван туулах, яаж аль болох олон хүнд тусалж болохыг ярилцана. Хоёр дахь өгүүллээр Библийн үнэнийг заах ур чадвараа сайжруулах аргыг үзнэ. Гурав дахь өгүүллээс дэлхий дахинд Гэрчүүд дэлгэрүүлэх ажилдаа ямар амжилт гаргаж байгааг мэдэж авна. Гэхдээ эхлээд, өнөө үе ямар учраас ийм эгзэгтэй болоод байгааг товчхон ярилцъя.

Хүмүүс ирээдүйдээ итгэдэггүйн учир

4, 5. Өнөөдөр амьдрал ямар байна вэ? Үүнээс болж хүмүүс яадаг вэ?

4 Хүн төрөлхтөн «эд юмсын энэхүү тогтолцооны төгсгөлийн үед» амьдарч байгаа бөгөөд уг тогтолцооны устгагдах цаг ойртсоныг дэлхий дахинд болж буй үйл явдлууд харуулдаг. Өнөөгийн цаг үеийн байдал, үйл явдал Есүсийн болон шавь нарынх нь хэлсэн «эцсийн өдрүүдийн» шинж тэмдэг юм. Хүмүүс «төрөх өвдөлт» буюу дайн, өлсгөлөн, газар хөдлөлт гэх мэтийн гай зовлонд нэрвэгдэж байна. Бурхнаас эмээдэггүй, аминч үзэлтэй, ёс бус хүмүүс хаа сайгүй байна. Библийн хэм хэмжээг сахиж амьдардаг хүмүүсийн хувьд ч «хэцүү цаг» иржээ (Мат. 24:3, ШЕ,6–812; 2 Тим. 3:1–5).

5 Гэхдээ ихэнх хүн энэ бүхний цаад учрыг мэдэхгүй байгаа. Тиймдээ ч, өөрийнхөө болон гэр бүлийнхнийхээ ирээдүйд санаа зовж явдаг. Үхэл хагацал, золгүй явдал зэргээс болж олон хүн гашууддаг. Иймэрхүү явдал яагаад болдгийн учрыг мэддэггүй, эдгээрийг даван туулах аргаа олоогүй хүмүүс ирээдүйдээ итгэж найддаггүй (Еф. 2:12).

6. «Агуу их Вавилон» хүн төрөлхтөнд тус болоогүйн учир юу вэ?

6 Хүн төрөлхтөн ингэж их зовж байхад «Агуу их Вавилон» буюу хуурамч шашин огтхон ч туслаагүй. Харин ч «завхайрлынхаа дарсаар» олон түмнийг согтоож, жинхэнэ Бурхны тухай үнэнээс төөрүүлсэн. Бас янхан эм шиг аашлан «дэлхийн хаадыг» уруу татаж, гартаа оруулсны зэрэгцээ хүн төрөлхтнийг хуурамч сургаал, зан үйлээр боолчлон, улс төрд хүлцэнгүйгээр захирагддаг болгожээ. Ийнхүү «Агуу их Вавилон» эрх мэдэлтэй, нөлөө бүхий болсон ч үнэнээс бүрмөсөн хөндийрчээ (Илч. 17:1, 2, 5; 18:23).

7. Ихэнх хүнийг ямар ирээдүй хүлээж байна вэ? Юуны ачаар зарим хүн өөрчлөгдөж болох вэ?

7 Есүсийн хэлснээр, өнөөдөр ихэнх хүн сүйрэл рүү хөтөлдөг өргөн замаар явж байна (Мат. 7:13, 14). Өргөн замаар яваа хүмүүсийн зарим нь Библийн сургаалыг санаатайгаар үгүйсгэдэг байхад олонх нь хуурамч шашинд төөрөлдсөн буюу Еховагийн талаар мэддэггүй хүмүүс байдаг. Гэхдээ зарим нь Библийн үнэнийг зөв ойлгоод амьдралаа өөрчилж магадгүй. Харин Агуу их Вавилоноос гараагүй, эсвэл Библийн хэм хэмжээг сахихаас эрс татгалздаг хүмүүс «үлэмж их зовлонгоор» газрын хөрснөөс арчигдана (Илч. 7:14).

Зогсолтгүй дэлгэрүүлэгтүн

8, 9. Нэгдүгээр зууны христианууд эсэргүүцэл тулгарахад яасан бэ? Яагаад?

8 Есүс дагалдагчдадаа Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлж, шавь бэлдэхийг тушаасан билээ (Мат. 28:19, 20). Тиймээс, жинхэнэ христианууд дэлгэрүүлэх ажлыг Бурханд үнэнчээ батлан, итгэл үнэмшлээ харуулах үндсэн арга гэж үзэж иржээ. Тийм ч учраас, Есүсийн эртний дагалдагчид эсэргүүцэлтэй тулгарсан ч дэлгэрүүлсээр байсан. Тэд Бурхны хүчинд найдан, «үгийг ярих зүрх зориг» өгөхийг гуйж залбирдаг байв. Ехова ч залбиралд нь хариулан, ариун сүнсээ өгөхөд тэд Бурхны үгийг зоригтойгоор ярьдаг байсан (Үйлс 4:18, 29, 31).

9 Тэгвэл эсэргүүцэл хавчлага улам ширүүсэхэд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа зогсоосон уу? Үгүй ээ. Идэвх зүтгэлтэй дэлгэрүүлдэг элч нарт уурлан хорссон иудейн шашны удирдагчид тэднийг баривчлаад, айлган сүрдүүлж, ташуурдсан. Гэсэн ч элч нар «Есүс бол Христ мөн гэдгийг сургаж, тунхагласаар байв». Учир нь тэд «хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстойгоо» сайн ойлгож байжээ (Үйлс 5:28, 29, 40–42).

10. Өнөөдөр христиануудад ямар ямар сорилт тулгардаг вэ? Гэхдээ биеэ зөв авч явдаг бол ямар үр дүнд хүрч болох вэ?

10 Дэлгэрүүлснээсээ болж зодуулсан юм уу шоронд хоригдсон хүн орчин үеийн христиануудын дунд цөөн байдаг. Гэхдээ христианууд бүгдээрээ ямар нэг сорилтод орж, хорхой хүргэм зүйлтэй тулгардаг. Жишээ нь, христиан хүн Библиэр сургасан мөс чанарынхаа дагуу биеэ авч явдаг тул бусдаас сондгойрдог. Энэ нь нэг ёсны сорилт болдог. Бас Библийн зарчимд нийцсэн шийдвэр гаргадгаасаа болж ажлын хамт олон, ангийн хүүхдүүд болон бусдад ад үзэгдэх үе байдаг. Гэсэн ч бид бусдыг ингэж таагүй ханддаг гээд итгэл үнэмшлээсээ няцах учиргүй. Өнөөгийн нийгэм сүнслэг харанхуйд байдаг. Харин христианууд «гэрэл мэт үзэгдэх» ёстой (Флп. 2:15). Учир нь, чин сэтгэлтэй хүмүүс бидний сайн үйлсийг хараад, эцэст нь Ехова Бурхныг алдаршуулдаг болж болох шүү дээ (Матай 5:16-г уншина уу).

11. а) Биднийг дэлгэрүүлэхэд зарим хүн яадаг вэ? б) Элч Паул ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ? Тэглээ гээд шантарсан уу?

11 Хаанчлалын тухай мэдээг зогсолтгүй дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй. Зарим хүн, тэр дундаа хамаатан садан тань таны зоригийг мохоох гэж элэглэн дооглох гэх мэтээр оролдож мэднэ (Мат. 10:36). Элч Паул сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлдгээсээ болж нэг бус удаа зодуулж байсан. Ийм эсэргүүцлээс болж шантарсан болов уу? Тэрбээр: «Биднийг... зовоож, бидэнтэй зүй бусаар харьцсан. Үүний дараа маш хүчтэй эсэргүүцлийн дунд Бурхны сайн мэдээг та нарт ярих зориг Бурхны минь дотор бидэнд байсан юм» гэжээ (1 Тес. 2:2). Баригдаж, хувцсаа хүү татуулж, саваагаар жанчуулж, шоронд хоригдсон ч сайн мэдээг зогсолтгүй дэлгэрүүлнэ гэдэг үнэхээр амаргүй байсан байж таарна (Үйлс 16:19–24). Тэрбээр Бурхнаас авсан даалгавраа биелүүлэх чин хүсэлтэй байсан учир тийм эр зоригтой байжээ (1 Кор. 9:16).

12, 13. Зарим хүн ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Яаж даван туулж болох вэ?

12 Дэлгэрүүлэх хэсэгт айлууд эзгүй байх нь их байдаг бол, эсвэл сайн мэдээг сонирхдоггүй хүн олон байдаг бол хичээл зүтгэлтэй дэлгэрүүлнэ гэдэг бас нэг сорилт юм. Ийм нөхцөлд яах нь зүйтэй вэ? Илүү их зориг гаргаж, албан бусаар дэлгэрүүлэх боломж хайгаарай. Бас дэлгэрүүлэх цагаа өөрчлөх юм уу аль болох олон хүнтэй газраар дэлгэрүүлэхийг хичээгээрэй (Иох. 4:7–15; Үйлс 16:13; 17:17-той харьцуулна уу).

13 Олон хүнд тулгардаг өөр нэг сорилт бол өндөр нас, өвчин эмгэгийн улмаас хүссэнээрээ дэлгэрүүлж чаддаггүй явдал юм. Хэрэв танд ийм сорилт тулгардаг бол сэтгэлээр бүү унаарай. Ехова таны боломж бололцоог сайн ойлгодгийн зэрэгцээ чадлынхаа хэрээр хийдэг бүхнийг тань үнэлдэг юм шүү (2 Коринт 8:12-г уншина уу). Эсэргүүцэл, тоомжиргүй хандлага, эсвэл бие муутай байх гэх зэргийн ямар ч бэрхшээлтэй тулгарсан, сайн мэдээ хүргэх ажлыг чадах чинээгээрээ хийгээрэй (Сур. 3:27; Марк 12:41–44-тэй харьцуулна уу).

Үйлчлэлдээ анхаарал тавигтун

14. Элч Паул итгэл нэгтнүүддээ ямар жишээ үлдээсэн бэ? Юу гэж зөвлөсөн бэ?

14 Элч Паул дэлгэрүүлэх ажилд их буурь суурьтай ханддаг байсан бөгөөд итгэл нэгтнүүдээ ч тийм байхыг уриалжээ (Үйлс 20:20, 21; 1 Кор. 11:1). Тэрбээр нэгдүгээр зуунд амьдарч байсан Архийп гэдэг христианд нэгэн зүйлийг аминчлан захисан аж. Паул Колоссайн христиануудад илгээсэн захидалдаа: «Архийпт: „Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь“ гэж хэлээрэй» хэмээн бичжээ (Кол. 4:17). Архийп гэж чухам хэн болох, амьдрал ахуй нь ямар байсан талаар Библид тоймтой юм бичээгүй боловч үйлчлэлийг хүлээн авсан хүн байсан нь тодорхой. Хэрэв та Бурханд өөрийгөө зориулсан бол Бурханд үйлчлэхээр шийдсэн гэсэн үг шүү дээ. Тэгвэл та үйлчлэлдээ анхаарал тавьдаг уу?

15. Бурханд өөрийгөө зориулсан хүн ямар үүрэг хүлээдэг вэ? Ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

15 Бид баптисм хүртэхээсээ өмнө Еховад чин сэтгэлээсээ залбирч, өөрийгөө зориулсан билээ. Өөрөөр хэлбэл, хүсэл тааллыг нь биелүүлж амьдрахаар шийдсэн. Тиймээс: «Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйл хэрэг миний амьдралд хамгийн чухал байр эзэлдэг үү?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Христиан хүн гэр бүлээ тэжээх гэх мэтийн үүрэг хариуцлагыг Бурхны өмнө хүлээдэг (1 Тим. 5:8). Гэхдээ үүргээ биелүүлэхийн зэрэгцээ чөлөөт цаг, хүч чадлаа юунд зориулдаг вэ? Юуг амьдралынхаа эн тэргүүнд тавьдаг вэ? (2 Коринт 5:14, 15-г уншина уу).

16, 17. Залуу болон боломж бололцоотой христианууд юун тухай бодож үзэх нь зүйтэй вэ?

16 Бурханд өөрийгөө зориулсан залуу христиан та сургуулиа төгсчихсөн юм уу төгсөх гэж байж болох юм. Одоохондоо та гэр бүлээ тэжээх гэх мэтийн үүрэг хүлээгээгүй байх л даа. Тэгвэл таны ирээдүйн зорилго юу вэ? Хүсэл тааллыг нь биелүүлнэ гэж Бурханд амласандаа хүрэхийн тулд ямар шийдвэр гаргах нь зүйтэй вэ? Олон залуу христиан ажил амьдралаа зохицуулаад эхлэгчээр үйлчлэн сэтгэл хангалуун, баяр хөөртэй явдаг (Дуу. 110:3; Ном. 12:1).

17 Эсвэл та ажил хөдөлмөр эрхэлж, өөрийгөө аваад явчихдаг болсон байж болох юм. Хурлынхаа үйл хэрэгт боломжийнхоо хэрээр оролцож, баяр хөөр эдэлдэг байх. Гэхдээ үйлчлэлээ өргөжүүлж, одоогийнхоосоо илүү баяр хөөртэй амьдрах тухай бодож байсан уу? (Дуу. 34:8; Сур. 10:22). Амь аврах мэдээ хүргэх ажилд хүн хүч дутагдалтай газар одоо ч байгаа шүү дээ. Та амьдралаа өөрчилж, дэлгэрүүлэгч шаардлагатай газар үйлчлэх боломжтой юу? (1 Тимот 6:6–8-г уншина уу).

18. Нэг хос амьдралаа хэрхэн өөрчилж, ямар үр дүнд хүрсэн бэ?

18 АНУ-д амьдарч байсан Кевин Элина хоёрын жишээг үзье. * Тэд гэрлэснийхээ дараа залуу гэр бүлүүдийн жишгийг дагаж, хувийн байшин худалдаж авчээ. Хоёулаа ажил хийж, тав тухтай амьдарч байв. Гэхдээ тэд ажил алба, ар гэр гэж гүйсээр дэлгэрүүлэх ажилд бага оролцдог болсноо, цаг зав, хүч чадлаа бараг тэр чигээр нь эд хөрөнгөнд зориулж байгаагаа ухаарчээ. Бас энгийн боловч жаргалтай амьдардаг нэгэн эхлэгч хосыг ажиглаад, амьдралаа өөрчлөхөөр шийджээ. Тэгээд Еховагаас мэргэн ухаан гуйж залбирсныхаа дараа хувийн байшингаа зарж, орон сууцанд оржээ. Элина богиносгосон цагаар ажиллаж, байнгын эхлэгч болов. Эхнэр нь амжилттай дэлгэрүүлж байгаад урамшсан Кевин бас ажлаа сольж, байнгын эхлэгч болжээ. Хожим нь тэд дэлгэрүүлэгч шаардлагатай Өмнөд Америкийн нэг улс руу нүүжээ. Кевин: «Эхнэр бид хоёр урьд нь жаргалтай байсан. Гэхдээ сүнслэг зорилго тавьж, зорьсондоо хүрээд урьдынхаасаа илүү жаргалтай амьдарч байна» гэж ярьсан юм (Матай 6:19–22-г уншина уу).

19, 20. Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг өнөөгийн хамгийн чухал ажил гэж хэлж болохын учир юу вэ?

19 Өнөөдрийн хамгийн чухал ажил бол сайн мэдээ дэлгэрүүлэх ажил юм (Илч. 14:6, 7). Энэ ажлын ачаар бид Еховагийн нэрийг ариусгах үйлсэд хувь нэмэр оруулдаг (Мат. 6:9). Библийн мэдээг жил бүр олон мянган хүн хүлээн авч, амьдралаа сайжруулж, ирээдүйд аврагдах найдвартай болдог. Гэхдээ «тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?» гэж элч Паул бичсэн байдаг (Ром 10:14, 15). Нээрээ бид л дэлгэрүүлэхгүй бол хүмүүс яаж сонсох билээ? Үйлчлэлээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийцгээе.

20 Өнөөгийн цаг үеийн чухлыг ойлгуулж, ухаалаг шийдвэр гаргахад нь хүмүүст туслах өөр нэг арга бол заах чадвараа сайжруулах явдал юм. Энэ тухай дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

Хариулна уу

• Христианууд хүмүүсийн өмнө ямар хариуцлагатай үүрэг хүлээдэг вэ?

• Дэлгэрүүлэх ажилд тулгардаг бэрхшээлийг яаж даван туулах вэ?

• Хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны зураг]

Эсэргүүцлийг сөрөн, сайн мэдээ дэлгэрүүлэхэд эр зориг хэрэгтэй

[7-р хуудасны зураг]

Танай хэсэгт эзгүй айл олон байдаг бол яах нь зүйтэй вэ?