Skip to content

Гарчиг руу орох

Есүс Христ бол хамгийн агуу Миссионер мөн

Есүс Христ бол хамгийн агуу Миссионер мөн

Есүс Христ бол хамгийн агуу Миссионер мөн

«Би Түүнээс ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн» (ИОХ. 7:29).

1, 2. Ямар хүнийг миссионер гэдэг вэ? Хэнийг хамгийн агуу Миссионер гэж хэлж болох вэ?

 «МИССИОНЕР» гэдэг үгийг сонсоход таны санаанд юу буудаг вэ? Ажиллаж, амьдарч байгаа тухайн орныхоо улс төр, эдийн засгийн асуудалд хөндлөнгөөс оролцдог христ шашны ертөнцийн номлогчдын тухай зарим хүн боддог. Гэхдээ та Еховагийн Гэрчийн хувьд, Удирдах зөвлөлөөс илгээлт авч, янз бүрийн улс оронд сайн мэдээ дэлгэрүүлэхээр очсон миссионерүүдийг боддог байх (Мат. 24:14). Тэд хүмүүсийг Ехова Бурхантай дотно танилцуулж, эрхэм нандин харьцаатай болгох хүндтэй ажилд цаг зав, хүч чадлаа харамгүй зориулдаг (Иак. 4:8).

2 «Миссионер» гэдэг үг Библид байдаггүй. Гэхдээ Ефес 4:11-д «сайн мэдээг тунхаглагч» гэж орчуулсан грек үгийг бас «миссионер» гэж хөрвүүлж болдог. Ехова бол сайн мэдээг тунхаглагч хамгийн агуу Нэгэн боловч түүнийг хэн ч, хэзээ ч илгээж байгаагүй учраас Миссионер гэж хэлэх аргагүй юм. Харин Есүс Христ: «Би Түүнээс [тэнгэрийн Эцгээсээ] ирсэн бөгөөд Тэр Намайг илгээсэн» гэж хэлжээ (Иох. 7:29). Ехова хүн төрөлхтөнд агуу хайраа илэрхийлж, цорын ганц Хүүгээ дэлхий рүү илгээсэн (Иох. 3:16). Есүсийн дэлхийд ирсэн нэг зорилго нь «үнэний тухай гэрчлэх» байсан болохоор түүнийг хамгийн агуу, хамгийн гарамгай Миссионер гэж хэлж болно (Иох. 18:37). Тэрбээр Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажлаа төгс сайн хийсэн бөгөөд тэр ажлынх нь ач тусыг бид ч бас хүртдэг. Жишээ нь, бид миссионер мөн эсэхээсээ үл хамааран, Есүсийн заах аргыг дэлгэрүүлэх ажилдаа ашигладаг.

3. Бид ямар ямар асуулт авч үзэх вэ?

3 Есүс Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах үүрэг гүйцэтгэж байсан. Тэгвэл үүнээс үүдэн, «Есүс дэлхийд байхдаа юу үзэж туулсан бэ? Сургаал нь яагаад үр өгөөжтэй байсан бэ? Юуны ачаар амжилттай дэлгэрүүлдэг байсан бэ?» гэсэн асуулт гарч байна.

Ямар ч орчин нөхцөлд үйлчлэхэд бэлэн

4-6. Есүс дэлхийд ирээд ямар ямар шинэ нөхцөлтэй тулгарсан бэ?

4 Орчин үед дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүж очсон зарим христиан болон миссионерүүд амьжиргааны түвшин доогуур нөхцөлд дасан зохицох хэрэгтэй болж болох юм. Тэгвэл Есүсийн, тэнгэр болон дэлхий дэх амьдралын нөхцөлийн ялгааг төсөөлж үзвэл ямар вэ? Тэрбээр тэнгэрт Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэг тэнгэр элчүүдийн дунд, Эцэгтэйгээ хамт амьдарч байсан (Иов 38:7). Гэтэл завхарсан ертөнцөд ирж, нүгэлт хүмүүсийн дунд амьдрахад хэчнээн их ялгаатай байсан бол оо! (Марк 7:20–23). Тэр байтугай, хамгийн дотнын шавь нарынхаа өрсөлдөхийг ч тэвчихэд хүрч байжээ (Лук 20:46; 22:24). Гэхдээ ямар ч асуудал тулгарсан, хамгийн зохистойгоор шийддэг байсан нь ойлгомжтой.

5 Есүс гайхамшгаар хүний хэлээр ярьдаг болчихоогүй. Тэнгэрт байхдаа тэнгэр элчүүдэд тушаал өгдөг байсан тэрбээр хүний жамаар хэлд орж, ярьж сурах хэрэгтэй байсан гээд бод доо! Есүс дэлхийд байхдаа, наад зах нь нэг хэлээр ярьдаг байсан. «Хүний» хэл «тэнгэр элчийн хэлээс» тэс ондоо байсан нь лавтай (1 Кор. 13:1). Тэгсэн хэр нь хэнээс ч илүү, «дур булаам үгээр» ярьдаг байлаа (Лук 4:22, ШГ).

6 Бурхны Хүү дэлхийд ирээд өөр ямар ямар шинэ нөхцөлтэй тулгарсныг авч үзье. Есүс Адамын нүглийг өвлөж аваагүй ч гэсэн, хожим нь «ах дүү нар» нь буюу тослогдсон дагалдагчид нь болсон хүмүүстэй адилхан, хүн болсон билээ (Еврей 2:17, 18-ыг уншина уу). Есүс дэлхий дэх амьдралынхаа сүүлчийн шөнө «арван хоёр легионоос олон тэнгэр элч» явуулахыг тэнгэрийн Эцгээсээ гуйгаагүй юм. Гэтэл Михаел гэдэг тэргүүн тэнгэр элч байхдаа бусад тэнгэр элчийг захирах эрх мэдэлтэй байсан шүү дээ! (Мат. 26:53; Иуда 9). Түүнээс гадна, дэлхийд байхдаа гайхамшиг үйлддэг байсан хэдий ч тэнгэрт байсан бол түүнтэй харьцуулшгүй илүү гайхамшигт үйлс хийх байсан.

7. Иудейчүүд Хуулийг хэрэгжүүлэхдээ ямар байсан бэ?

7 «Үг» буюу Есүс хүн болохоосоо өмнө Бурхныг төлөөлөн, израильчуудыг цөлд удирдаж байсан байж болох юм (Иох. 1:1; Еги. 23:20–23). Гэвч израильчууд «хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон [«дамжуулан өгсөн», ШГ] гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй» (Үйлс 7:53; Евр. 2:2, 3). I зууны иудейн шашны удирдагчид ч Хуулийн зорилгыг ойлгоогүй. Жишээ нь, Амралтын өдрийн тухай хуулийг авч үзье (Марк 3:4–6-г уншина уу). Хуулийн багш нар болон фарисайчууд «хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлтэй байдлыг орхигдуулсан» (Мат. 23:23). Гэсэн ч Есүс тэднийг ямар ч найдлагагүй болсон гэж бодолгүй, үнэнийг тунхагласаар байсан.

8. Есүс бидэнд тусалж чадахын учир юу вэ?

8 Есүс ямар ч орчин нөхцөлд үйлчлэхэд бэлэн байв. Тэрбээр хүмүүст хайртай учраас тэдэнд туслахыг ихэд хүсдэг байсан бөгөөд «сайн мэдээг тунхаглагчийн» сэтгэлгээгээ хэзээ ч орхиж байгаагүй юм. Дэлхийд байхдаа Еховад үнэнч байсан учир «Өөрт нь дуулгавартай байдаг бүх хүнд мөнх авралын эх үндэс нь болсон». Түүнээс гадна, «Тэр Өөрөө соригдон зовлон эдэлж байсан тул сорилтод орогсдод [буюу бидэнд] тусалж чадна» (Евр. 2:18; 5:8, 9)

Багшийн эрдэмд суралцсан нь

9, 10. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө хэрхэн суралцсан бэ?

9 Орчин үед Удирдах зөвлөл миссионерүүдийг илгээхээсээ өмнө сургадаг. Есүс Христ ч бас Мессиагаар томилогдохоосоо өмнө суралцсан. Гэхдээ шашны сургуульд сурч, шашны алдартай удирдагчдад шавь ороогүй (Иох. 7:15; Үйлс 22:3-тай харьцуулна уу). Тэгвэл яагаад тийм чадварлаг заадаг байсан бэ?

10 Есүс төрсөн эх Мариа, хойд эцэг Иосефоосоо их юм сурсан нь лавтай. Гэхдээ, гол нь, хамгийн дээд Эх булгаас суралцаж, Бурханд үйлчлэх ажилд бэлтгэгдсэн. Энэ тухайгаа Есүс: «Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг Намайг илгээсэн Эцэг Өөрөө Надад өгсөн юм» гэж хэлжээ (Иох. 12:49). Яаж заах нарийн заавар зөвлөгөөг Бурхан Хүүдээ өгсөн нь дээрх зүйлээс харагдаж байна. Есүс дэлхийд ирэхээсээ өмнө Эцгийнхээ заавар зөвлөгөөг сонсоход их цаг зарцуулдаг байсан нь эргэлзээгүй. Хамгийн сайн Багшаар заалгасан байгаа биз?

11. Есүс хүмүүст хандахдаа Эцгийгээ аль хэр дуурайдаг байсан бэ?

11 Бурхны Хүү бүтээгдсэн цагаасаа л Эцэгтэйгээ дотно харьцаатай байв. Тэнгэрт байхдаа, Эцгийгээ хүмүүстэй хэрхэн харьцахыг ажиглан, тэдэнд ямар сэтгэлээр ханддагийг нь ойлгожээ. Бурхан хүн төрөлхтнийг яаж хайрладаг байсан шиг Есүс тийн хайрладаг байсан. Энэ нь өөрийгөө хүнчилсэн мэргэн ухаанаар төлөөлүүлэн: «Би хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» хэмээн хэлсэн үгнээс нь харагддаг (Сур. 8:22, 31).

12, 13. а) Есүс Эцгийнхээ, израильчуудтай харьцахыг ажиглаад, юунд суралцсан бэ? б) Есүс сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

12 Эцэг нь ярвигтай асуудалд хэрхэн хандаж, яаж зохицуулдгийг Есүс бас ажиглан суралцсан. Жишээ болгон, Ехова тэрслүү израильчуудтай хэрхэн харьцсаныг авч үзье. Нехемиа 9:28-д: «Амсхиймэгцээ тэд дахин [Ехова] Таны өмнө мууг үйлдэв. Тиймээс Та тэднийг дайснуудынх нь гарт орхисон. Ингэснээр дайснууд нь тэднийг ноёлов. Тэд дахиад Таныг дуудахад Та тэнгэрээс сонсов. Та тэднийг Өөрийн энэрлээр олон удаа аварсан» хэмээн бичжээ. Есүс Еховатай хамтран ажиллаж, Еховаг ажиглан хардаг байсан учир томилогдсон газрынхаа хүмүүст Эцэг шигээ өрөвч сэтгэлээр ханддаг байжээ (Иох. 5:19).

13 Есүс сурсан зүйлээ ажил хэрэг болгон, шавь нартаа өрөвч сэтгэлээр ханддаг байв. Өөрөөсөө ч илүү хайрлаж байсан элч нар нь үхэхийнх нь өмнөх шөнө бүгд «Түүнийг орхин зугтжээ» (Мат. 26:56; Иох. 13:1). Тэр бүү хэл, элч Петр Христийг мэдэхгүй гэж гурван ч удаа мэлздэг! Гэсэн хэдий ч, Есүс элч нартаа эргэж ирэх боломж олгосон. Тэрбээр Петрт: «Итгэл чинь сульдахгүйн тулд Би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул» гэж хэлжээ (Лук 22:32). Сүнслэг Израиль «элч нар болон эш үзүүлэгчид» дээр амжилттай суурилагдсан бөгөөд Шинэ Иерусалимын хэрмийн суурийн чулуунууд Хурга Есүс Христийн үнэнч 12 элчийн нэрээр нэрлэгджээ. Тослогдсон христианууд Бурханд өөрийгөө зориулсан хамтран зүтгэгч «өөр хонинуудынхаа» хамт Бурхны хүчирхэг мутар болон түүний хайртай Хүүгийн удирдлага дор Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилдаа амжилт гаргасаар байна (Ефес 2:20; Иох. 10:16, ШГ; Илч. 21:14).

Есүс хэрхэн заадаг байсан бэ?

14, 15. Есүсийн заах арга хуулийн багш нар болон фарисайчуудынхаас ямар ялгаатай байсан бэ?

14 Есүс дагалдагчдадаа заахдаа Эцгээсээ сурсан зүйлээ хэрхэн хэрэгжүүлдэг байсан бэ? Иудейн шашны удирдагчдын заах аргатай харьцуулбал Есүсийнх хавьгүй илүү гэдэг нь тодорхой харагддаг. Хуулийн багш нар болон фарисайчууд «ёс заншлынхаа төлөө Бурхны үгийг хүчингүй болгосон». Харин Есүс санаанаасаа ярьдаггүй, үргэлж Бурхны үг сургаалыг заадаг байв (Мат. 15:6; Иох. 14:10). Бид ч бас тэгэх хэрэгтэй.

15 Есүсийг шашны удирдагчдаас ялгаруулж байсан өөр нэг зүйл байдаг. Тэрбээр хуулийн багш нар болон фарисайчуудын тухай: «Тэдний хэлсэн болгоныг та нар үйлд, сахь. Харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд. Учир нь тэд ярьдаг ч, түүнийгээ үйлддэггүй» гэж хэлжээ (Мат. 23:3). Есүс заасан сургаалаа өөрөө хэрэгжүүлдэг байсан. Үүнийг батлах нэг жишээ үзье.

16. Есүсийг Матай 6:19–21-д бичигдсэн үгийнхээ дагуу амьдардаг байсан гэж хэлж болохын учир юу вэ?

16 Есүс шавь нартаа «тэнгэрт эд баялаг... хураахыг» уриалдаг байсан (Матай 6:19–21-ийг уншина уу). Харин өөрөө тэр дагуу амьдардаг байсан болов уу? «Үнэгэнд нүх, тэнгэрийн шувуудад үүр бий. Харин Хүний Хүүд толгой хоргодох ч газар байхгүй» гэж хэлснээс нь үзвэл тийм гэж баттай хэлж болно (Лук 9:58). Есүс даруухан амьдардаг байв. Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах нь түүний хамгийн гол ажил байсан бөгөөд газар дээр эд баялаг хурааснаас үүддэг сэтгэлийн зовлонгоос ангид байна гэж юу гэсэн үг болохыг өөрийн биеэр үзүүлсэн. Түүнчлэн, «хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг[гүй], хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг[гүй]» тэнгэрт эд баялаг хураах нь хавьгүй илүү гэдгийг үзүүлсэн. Та Есүсийн зөвлөснөөр, тэнгэрт эд баялаг хурааж байна уу?

Хүмүүс Есүсийн зан чанарт татагддаг байсан

17. Есүсийг ямар ямар чанар нь хосгүй дэлгэрүүлэгч болгосон бэ?

17 Есүсийг ямар ямар чанар нь сайн мэдээг гарамгай тунхаглагч болгосон бэ? Хүмүүст туслахдаа яаж ханддаг байснаас нь тэдгээр зан чанар нь харагддаг. Тэрбээр Еховагийн олон сайхан чанарыг, тэр дундаа, даруу зан, хайр, өрөвч сэтгэлийг дуурайдаг байсан. Эдгээр зан чанарт нь олон түмэн хэрхэн татагддаг байсныг үзье.

18. Есүсийг даруу байсан гэж хэлж болохын учир юу вэ?

18 Есүс дэлхийд очих даалгавар аван, «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ» (Флп. 2:7). Энэ бол даруу зангийн илрэл юм. Түүнээс гадна, хүмүүсийг дорд үзэж, «Би тэнгэрээс ирсэн. Тиймд та нар намайг сонсох ёстой» гэсэн өнгөөр хандаж байгаагүй. Өөрийгөө Мессиа гэж нэрийдэгчдээс ялгаатай нь, тэрбээр жинхэнэ Мессиа гэдгээ зарлан тунхагладаггүй байсан. Заримдаа өөрийг нь хэн болох хийгээд юу хийснийг нь хэлэхгүй байхыг хүмүүст захидаг байв (Мат. 12:15–21). Хүмүүс өөрсдөө ажиглаж харсны үндсэн дээр өөрийг нь дагах шийдвэр гаргаасай гэж хүсдэг байсан. Багш нь өөрсдөөс нь, тэнгэрт хамт байсан төгс тэнгэр элчүүд шиг байхыг шаарддаггүй байсан нь шавь нарт нь хэчнээн амар байсан бол оо!

19, 20. Есүс хайр болоод өрөвч сэтгэлийн үүднээс хүмүүст яаж тусалдаг байсан бэ?

19 Есүс Христ бас тэнгэрийн Эцгийнхээ гол чанар болох хайрыг илэрхийлдэг байсан (1 Иох. 4:8). Хүмүүст хайрын үүднээс сургаал айлддаг байв. Жишээ болгон, нэгэн залуу удирдагчид ямар сэтгэлээр хандсаныг нь үзье (Марк 10:17–22-ыг уншина уу). Есүс тэр залуу удирдагчийг «хайрлан», туслахыг хүссэн боловч залуу удирдагч Христийн дагалдагч болохын тулд их хөрөнгөнөөсөө салж чадаагүй.

20 Хүмүүсийн сэтгэлийг татдаг байсан Есүсийн нэг чанар нь өрөвч сэтгэл юм. Тэрбээр сургаалыг нь хүлээн авч байсан хүмүүсийг төгс бусаасаа болоод бусдын л адил янз бүрийн бэрхшээлтэй тулгардгийг мэдэж байсан учир өрөвч, энэрэнгүй сэтгэлээр сургаалаа заадаг байв. Элч нарынхаа хамт хийх ажил ихтэй, хоол идэх ч завгүй байхдаа хүртэл үй олон хүнийг хараад, «тэднийг өрөвд[жээ]. Учир нь хүмүүс хоньчингүй хонь мэт байв. Тэр тэдэнд олон зүйлийг зааж эхлэв» (Марк 6:34). Есүс томилогдсон газрынхаа хүмүүсийн өрөвдмөөр байдалтай байгааг хараад, цаг хүчээ хайрлалгүй сургаал зааж, гайхамшиг үйлддэг байсан. Зарим хүн Есүсийн сайхан чанарт татагдан, үг сургаалд нь сэтгэл нь хөдөлж, шавь нь болдог байжээ.

21. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

21 Есүсийн хийж байсан дэлгэрүүлэх ажлаас цаашид ч сурах юм их байдгийг дараагийн өгүүллээс үзнэ. Хамгийн агуу Миссионер Есүс Христийг яаж дуурайх вэ?

Хариулна уу

• Есүс дэлхийд ирэхээсээ өмнө хэрхэн суралцсан бэ?

• Есүсийн заах арга хуулийн багш нар болон фарисайчуудынхаас хавьгүй илүү байсны учир юу вэ?

• Хүмүүс Есүсийн ямар ямар зан чанарт татагддаг байсан бэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны зураг]

Есүс олон түмэнд хэрхэн заадаг байсан бэ?