Еховагийн замаар замнагтун
Еховагийн замаар замнагтун
«ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ!» (ДУУ. 128:1).
1, 2. Жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч болдог гэж хэлэхийн учир юу вэ?
АЗ ЖАРГАЛЫН эрэлд хүн бүхэн морддог. Гэвч жинхэнэ ёсоор жаргалтай амьдардаг хүн тун цөөхөн гэдэгтэй таны санал нийлэх биз ээ.
2 Гэхдээ Дуулал 128:1-д: «ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй [«жаргалтай», ШЕ] вэ!» хэмээсэн байдаг. Хэрэв бид Бурхнаас эмээж, хүсэл тааллыг нь биелүүлэн, замаар нь явбал аз жаргалыг олно. Тэгэхлээр, жинхэнэ ёсоор жаргалтай амьдарч болдог гэсэн үг. Бурхны замаар явахын тулд ямар ямар зан чанарыг хөгжүүлж, биеэ хэрхэн авч явах хэрэгтэй вэ?
Үнэнч байх нь
3. Амласнаа биелүүлэх, Бурханд өөрийгөө зориулах хоёр ямар уялдаатай вэ?
3 Бурхнаас эмээдэг хүн Бурхнаа дуурайн үнэнч байдаг. Ехова эртний Израилийн ард түмэнд амласан бүхнээ биелүүлсэн (Х.дээд 8:56). Бурханд өөрийгөө зориулна гэдэг бол хүний өгч болох хамгийн чухал амлалт юм. Бид ийм амлалт өгсөн хүмүүс билээ. Ам тангаргаасаа няцахгүйн тулд байнга залбирах хэрэгтэй. «Бурхан, Та миний тангаргуудыг сонссон билээ. [...] Өдөр өдрөөр өөрийн тангаргуудыг биелүүлэхийн тулд би Таны нэрийг мөнхөд магтан дуулна» хэмээсэн дуулалч Давидыг дуурайн залбирах нь зүйтэй (Дуу. 61:5, 8; Ном. 5:4–6). Бурхны анд нөхөр байя гэвэл үнэнч байж амласнаа биелүүлэх хэрэгтэй (Дуу. 15:1, 4).
4. Иефта Еховад амласнаа хэрхэн биелүүлсэн бэ? Охин нь яасан бэ?
4 Эртний Израилийг шүүгчид удирдаж байх үеийн нэгэн явдлыг санацгаая. Иефта аммончуудыг ялахад нь Еховаг тусалбал өөрийг нь угтан гэрээс нь хамгийн түрүүнд гарч ирэх хүнийг Еховад «тахил болгон өргөнө» гэж амлажээ. Гэтэл Иефтагийн цорын ганц хүүхэд болох охин нь гэрээсээ гараад иржээ! Гэсэн ч Иефта амлалтаа үнэнчээр биелүүлсэн. Тэр үед израиль эмэгтэйчүүдийн хувьд хадамд гарч, үр хүүхэд төрүүлнэ гэдэг нэр төрийн хэрэг байсан боловч Иефтагийн охин насан туршдаа ганц бие явж, Еховагийн асарт дуртайяа үйлчлэн эцгийнхээ амлалтыг биелүүлжээ (Шүү. 11:28–40).
5. Ханна үнэнч хүн гэдгээ хэрхэн баталсан бэ?
5 Бурханд үнэнч гэдгээ батлан амлалтаа биелүүлсэн бас нэг хүн бол Ханна юм. Түүний нөхөр леви хүн Елкана, Пенинна гэдэг өөр нэг эхнэртэй байсан бөгөөд тэднийх Ефраимын уулархаг нутагт суудаг байжээ. Гэр бүлээрээ Бурхны асарт очих болгонд олон хүүхэдтэй Пенинна үрийн зулай үнэрлээгүй Ханнаг басамжилдаг байв. Нэгэн удаа Ханна хүүтэй болбол Бурхандаа өгнө гэж амлажээ. Удалгүй тэрбээр хөл хүнд болж, хүү төрүүлээд Самуел гэж нэрлэжээ. Ханна хүүгээ хөхнөөс гарахлаар нь Шилод аваачиж «амьдралынх нь бүх өдрийн туршид» Еховад үйлчлүүлэхээр өгчээ (1 Сам. 1:11). Тэрбээр дахин хүүхэдтэй болохоо мэдэхгүй байсан ч амлалтаа биелүүлсэн юм (1 Сам. 2:20, 21).
6. Тухик итгэл хүлээсэн хүн байснаа хэрхэн харуулсан бэ?
6 Нэгдүгээр зуунд амьдарч байсан Тухик гэдэг христиан «итгэлт үйлчлэгч» байжээ (Кол. 4:7). Тэрбээр элч Паултай хамт Грекээс Македониор дамжин Бага Ази руу явсан бөгөөд дараа нь Иерусалимд очсон бололтой (Үйлс 20:2–4). Бас Иудейн христиануудад зориулсан хандивын ажил хариуцаж байсан Титэд тусалсан «дүү» гэдэг нь Тухик байсан бололтой (2 Кор. 8:18, 19; 12:18). Элч Паул Ромд хорионд байхдаа Ефес болон Колоссай хотын итгэл нэгтнүүддээ бичсэн захидлаа үнэнч төлөөлөгч Тухикээр хүргүүлжээ (Еф. 6:21, 22; Кол. 4:8, 9). Бас хоёр дахь удаагаа Ромд хоригдож байхдаа түүнийг Ефес рүү явуулж байжээ (2 Тим. 4:12). Бид ч гэсэн итгэл хүлээсэн үнэнч христиан гэдгээ батлан харуулбал Еховагаас ивээл хүртэж, сүнслэг үйл хэргээр баяжна.
7, 8. Ионатан Давид хоёрыг үнэнч андууд байсан гэж үзэхийн учир юу вэ?
7 Бурхан биднээс үнэнч нөхөр байхыг хүсдэг (Сур. 17:17). Үнэнч нөхөрлөлийн сайхан жишээг Саул хааны хүү Ионатан түүний анд Давид хоёр үзүүлжээ. Давид Голиатыг алсныг дуулаад «Ионатаны сэтгэл Давидын сэтгэлтэй нийцэв. Ионатан Давидыг өөрийн адил хайрлалаа» гэж Библид байдаг (1 Сам. 18:1, 3). Эцэг Саул нь Давидыг алахаар шийдэхэд Ионатан найзыгаа сэрэмжлүүлдэг. Давидыг арга буюу зугтсанаас нь хойш Ионатан түүнтэй уулзаж гэрээ байгуулдаг. Ионатан Давидын талаар эцэгтээ яриад амиа алдах шахсан боловч анд Давидтайгаа дахин уулзаж, тэдний нөхөрлөл улам зузаарсан (1 Сам. 20:24–41). Тэрбээр Давидтай эцсийн удаа уулзахдаа түүнийг «Бурхны дотор» зоригжуулжээ (1 Сам. 23:16–18).
8 Хожим нь Ионатан филистчүүдтэй тулалдахдаа амиа алджээ (1 Сам. 31:6). Тэгэхэд нь Давид ихэд гашуудан: «Ах Ионатан минь, таны төлөө би зовон шаналж байна. Та надад маш тааламжтай байв. Намайг гэсэн таны хайр надад бүсгүй хүний хайраас илүү гайхамшигтай байв» гэж дуулжээ (2 Сам. 1:26). Энэ нь ижил хүйстний хайр сэтгэлийг бус, үнэнч нөхөрлөлийг магтан дуулсан дуу юм. Давид Ионатан хоёр үнэнч андууд байсан билээ.
Үргэлж даруу байх нь
9. «Шүүгчид» номын 9-р бүлэг даруу байхын чухлыг хэрхэн онцолсон бэ?
9 Бурхны анд нөхөр болъё гэвэл даруу байх ёстой (1 Петр 3:8; Дуу. 138:6). «Шүүгчид» номын 9-р бүлгийг анхааралтай уншвал даруу байхын чухлыг ухаарна. Гидеоны хүү Иотам: «Нэгэн удаа модод өөрсдийн хааныг өргөмжлөн тослохоор явцгаав» хэмээн битүү утгатай үлгэр ярьжээ. Үлгэрт гардаг чидун, инжир, усан үзмийн модоор Израилийн ард түмнийг захирах эрх мэдэлд шунаагүй даруу хүмүүсийг бэлэгдэж байв. Харин түлэхээс өөр ашиггүй «нохойн хошуугаар [«өргөст бут», ШЕ]» эрх мэдэлд шунан хүний амь хөнөөж, өөрийгөө хаанд өргөмжилсөн бардам ихэмсэг Абимелехийг бэлэгдэж байжээ. Тэрбээр Израилийг «гурван жил захираад» зуурдаар үхжээ (Шүү. 9:8–15, 22, 50–54). Даруу байх нь үнэхээр чухал ажээ!
10. «Бурханд алдрыг өргөөгүй» Херодын жишээ танд ямар сургамжтай вэ?
10 МЭ нэгдүгээр зуунд Иудей мужийн бардам хаан Херод Агрийп болон Тир, Сидоны хүмүүсийн хооронд хурцадмал байдал үүссэн байв. Нэгэн удаа Херод хааныг ард олонд хандан үг хэлэхэд нь байдлыг намжаахыг хүсэж байсан хүмүүс: «Хүний дуу биш, бурхны дуу байна» гэж хашхирчээ. Херод энэ зусар үгийг няцаах учиртай байсан ч тэгсэнгүй. Тиймээс «Бурханд алдрыг өргөөгүй» Херодыг тэнгэр элч «цохиж» шившигтэйгээр үхүүлжээ (Үйлс 12:20–23). Христиан хүн Библийн хичээл сайн заадаг юм уу уран илтгэх авьяастай байж болох юм. Тийм бол тэр авьяас чадвараараа Бурхнаа алдаршуулах нь зүйтэй (1 Кор. 4:6, 7; Иак. 4:6).
Тууштай бөгөөд зоригтой байх нь
11, 12. Ехова үйлчлэгчдээ эр зориг өгдгийг Енохын түүх хэрхэн баталдаг вэ?
11 Еховагийн замаар даруухан явбал тэрбээр бидэнд эр зориг өгч, сэтгэлийн тэнхээ хайрлана (Дэд. х 31:6–8, 23). Адамын удмын долоо дахь үеийн хүн Енох бузар муу хүмүүсийн дунд зөв шударга амьдран Бурхантай хамт зоригтой явж байжээ (Эхл. 5:21–24). Тэрбээр ёс бусыг ярьж, ёс бусыг үйлддэг үеийнхээ хүмүүсийг Еховагийн дэмжлэгтэйгээр зоригтой буруушааж байсан юм (Иуда 14, 15-ыг уншина уу). Та Бурхны шүүх мэдээг эр зоригтой тунхагладаг уу?
12 Ехова Ноагийн үед ёс бус хүмүүсийг Усан галаваар устгасан. Тун удахгүй Бурхан өнөө үеийн ёс бус хүмүүсийг мянга мянган ариун нэгнээрээ устгуулах учир Енохын зөгнөл бидэнд урам зориг нэмдэг (Илч. 16:14–16; 19:11–16). Бид залбирлынхаа хариуд Еховагаас эр зориг авч, шүүлтийн тухай ч бай, ирээдүйн ивээлийн тухай ч бай, Бурхны ямар ч мэдээг тунхагладаг.
13. Ехова эр зориг, сэтгэлийн тэнхээ өгдөг гэдэгт яагаад итгэж болох вэ?
13 Сэтгэлийн зовлонг даван туулахад Бурхны өгөх эр зориг, сэтгэлийн тэнхээ их чухал байдаг. Есавын эхнэр болсон хоёр хит эмэгтэй «[Есавын эцэг эх] Исаак Ребека хоёрт сэтгэлийн зовлон болжээ». Ребека: «Би хитчүүдийн охидоос болж амьдрах дургүй боллоо. Хэрэв Иаков [хүү маань] түүн шиг энэ нутгийн охидоос, хитчүүдийн охидоос эхнэр авбал миний амьдрал юу болохсон билээ?» хэмээн халаглажээ (Эхл. 26:34, 35; 27:46). Тэгэхэд нь Исаак арга хэмжээ авч, Иаковыг Еховаг шүтдэг эхнэртэй болгуулахаар явуулдаг. Хэдийгээр Исаак Ребека хоёр хүү Есавынхаа нэгэнт зохиосон амьдралыг өөрчлөх аргагүй байсан ч Бурхны өгсөн мэргэн ухаан, эр зоригийн ачаар сэтгэлийн тэнхээтэй байж насан туршдаа үнэнч явсан. Ехова залбиралд маань хариулан, тэдэнд тусалсан шигээ бидэнд ч гэсэн хэрэгтэй тусламж үзүүлнэ (Дуу. 118:5).
14. Израиль охин эр зоригтойгоо яаж харуулсан бэ?
14 Дээрх явдлаас хойш олон зууны дараа арамейчуудад олзлогдсон нэгэн израиль охин Нааман гэдэг жанжны гэрийн зарц болжээ. Нааман уяман өвчтэй байв. Зөнч Елишагийн үйлдсэн гайхамшгийн тухай сонсож байсан тэр охин зориг гарган: «Хэрэв манай эзэнтэн Израильд очвол Еховагийн зөнч түүнийг уяман өвчнөөс нь эдгээнэ» гэж Нааманы эхнэрт хэлдэг. Нааман ч Израильд очиж, гайхамшгаар эдгэсэн түүхтэй (Х. дэд 5:1–3). Еховагаас эр зориг авч сургуулийн багш нар, ангийн хүүхдүүд, бусад хүнд дэлгэрүүлэхэд израиль охины жишээ өнөөгийн хүүхэд залууст үлгэр дуурайл болдог.
15. Ахабын гэрийн түшмэл Обадиа эр зориг гарган юу хийсэн бэ?
15 Бид Бурхнаас эр зориг авбал хавчлагыг тэвчиж чадна. Ахаб хааны гэрийн түшмэл, зөнч Елиагийн үед амьдарч байсан Обадиаг саная. Ахабын хатан Иезебел Бурхны зөнчдийг устгах тушаал буулгахад Обадиа «зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуужээ» (Х. дээд 18:13; 19:18). Итгэл нэгтнүүд тань хавчигдах цагт та Обадиагийн адил эр зориг гарган тэдэнд туслах уу?
16, 17. Аристарх Гайос хоёр хавчлагатай тулгарахдаа яасан бэ?
16 Бид эсэргүүцэл хавчлагатай тулгарахдаа Еховаг дэмжинэ гэдэгт итгэж найдах учиртай (Ром 8:35–39). Нэгэн удаа Ефес хотод ийм явдал болжээ. Мөнгөний дархан Деметр бусад дархчуудтай хамтран дарь эх Артемисийн сүмийг дуурайлган мөнгөн баримал урлаж, багагүй ашиг олдог байж. Гэтэл Паулыг дэлгэрүүлснээс болж тэр хотын олон хүн хиймэл шүтээн шүтэхээ больсон тул орлого нь багасах аюул нүүрлээд байв. Деметрийн ятгалгаар Ефесийн олон мянган суугч Паулын хамтран зүтгэгч Аристарх Гайос хоёрыг барьж аван хотынхоо задгай театрт чирч авчраад: «Ефесийн Артемис нь агуу билээ» гэж хашхирч гарав. Аристарх Гайос хоёр ч үхнэ гэж бодсон байх. Тэгтэл хотын захирагч ирж, хүмүүсийг тайвшруулан тараажээ (Үйлс 19:23–41).
17 Та иймэрхүү хавчлагад өртвөл арай аюулгүй арга зам хайх байсан уу? Юутай ч, Аристарх Гайос хоёрыг айж хулчийжээ гэж бодуулахаар зүйл Библид байдаггүй. Сайн мэдээг дэлгэрүүлснээсээ болж эсэргүүцэл хавчлагатай тулгарна гэдгээ Аристарх мэдэж байсан байх учиртай. Тэрбээр Тесалоникийн хүн байсан бөгөөд Паулыг тэнд дэлгэрүүлэхэд олон нийт эсэргүүцэж байсныг мэддэг байв (Үйлс 17:5; 20:4). Бурхан өөрийнх нь замаар явсан Аристарх Гайос хоёрт хавчлагыг тэвчих эр зориг, сэтгэлийн тэнхээ хайрласан.
«Бусдын ашиг сонирхлыг харах нь»
18. Приска Акул хоёр «бусдын ашиг сонирхлыг» хэрхэн «хардаг» байсан бэ?
18 Бид хавчигдсан ч, хавчигдаагүй ч, итгэл нэгтнүүддээ санаа тавих учиртай. Приска Акул хоёр «бусдын ашиг сонирхлыг хардаг» хүмүүс байв (Филиппой 2:4-ийг уншина уу). Тэд өнөөх мөнгөний дархан Деметрийн ятгалгаар Ефес хотын олон түмэн христиануудыг эсэргүүцэх үеэр Паулыг гэртээ хонуулж байсан бололтой. Паул тун хүнд байдалд байсан тул Акул Приска хоёр «өөрсдийгөө үхлийн аюулд оруулахад» ч бэлэн байжээ (Ром 16:3, 4; 2 Кор. 1:8). Хавчигдаж байгаа итгэл нэгтнүүдийнхээ «ашиг сонирхлыг хардаг» хүн «могой шиг хурц ухаантай» буюу болгоомжтой байх учиртай (Мат. 10:16–18). Хавчлагын үеэр христиан үйл хэргээ хашир болгоомжтой хийхийн зэрэгцээ итгэл нэгтнүүдийнхээ нэр, хаяг гэх мэтийн нарийн ширийн мэдээллийг хавчигчдад өгөх ёсгүй.
19. Доркас ямар сайн үйл хийдэг байсан бэ?
19 «Бусдын ашиг сонирхлыг харах» олон арга байдаг. Тухайлбал, наад захын хэрэгтэй зүйлээр гачигдаж байгаа итгэл нэгтэндээ тусалж болох юм (Еф. 4:28; Иак. 2:14–17). Нэгдүгээр зуунд Иоппа хотын хуралд Доркас гэдэг өгөөмөр сэтгэлтэй христиан эмэгтэй байжээ (Үйлс 9:36–42-ыг уншина уу). Тэрбээр ядуу бэлэвсэн эмэгтэйчүүдэд хувцас оёж өгдөг, «сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн» байв. МЭ 36 онд түүнийг нас барахад олон бэлэвсэн эмэгтэй уй гашууд автсан. Гэхдээ элч Петр Бурхны хүчээр Доркасыг дахин амилуулж, Доркас ч урьдынх шигээ сайн мэдээг идэвхтэй дэлгэрүүлэн бусдад сайныг үйлдэж байсан биз ээ. Өнөөдөр ч гэсэн христиануудын дунд Доркас шиг өгөөмөр сэтгэлтэй эмэгтэй олон байдагт бид баярладаг.
20, 21. а) «Бусдын ашиг сонирхлыг харах» өөр нэг арга юу вэ? б) Итгэл нэгтнүүдээ яаж урамшуулан зоригжуулах вэ?
20 «Бусдын ашиг сонирхлыг харах» бас нэг арга бол бусдыг урамшуулан зоригжуулах явдал юм (Ром 1:11, 12). Паулын хамтран зүтгэгч Силас бусдыг урамшуулдаг хүн байв. МЭ 49 онд Иерусалимд байсан удирдах зөвлөл хөвч хөндөх асуудлыг шийдсэний дараа бусад нутгийн хурлуудад захиа бичиж төлөөлөгчдөөр хүргүүлсэн. Силас, Иуда, Барнаб, Паул нар тэр захиаг Антиохт хүргэжээ. Тэнд Силас Иуда хоёр «үг хэлж итгэгчдийг урамшуулж тусалжээ» (Үйлс 15:32, ШГ).
21 Хожим нь Паул Силас хоёрыг Филиппой хотын шоронд хоригдож байхад нь газар хөдлөлт болжээ. Энэ явдлын далимд тэр хоёр шоронгийн хуяг болон түүний гэрийнхэнд сайн мэдээ дэлгэрүүлсэнд тэд бүгдээрээ христиан болжээ. Тэр хоёр хотоос явахынхаа өмнө итгэл нэгт ах дүү нартайгаа уулзан урамшуулан зоригжуулсан билээ (Үйлс 16:12, 40). Бид ч тэднийг дуурайх учиртай. Цуглаан дээр хариулж, даалгавар биелүүлж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцон бусдадаа урам зориг нэмж байцгаая. Хэрэв танд бусдыг «урамшуулах үг» байгаа л бол хэлж байгаарай (Үйлс 13:15, ШГ).
Еховагийн замаар тууштай замнах нь
22, 23. Библийн баатруудын жишээнээс сургамж авахын тулд яах хэрэгтэй вэ?
22 «Бүх тайвшралын Бурхан» Ехова биднийг урамшуулах зорилгоор бодит хүмүүсийн үлгэр жишээг Үгэндээ бичүүлсэнд талархаад баршгүй (2 Кор. 1:3). Тэдгээр жишээнээс сургамж авахын тулд Библиэс сурч мэдсэнээ амьдралдаа хэрэгжүүлж, Бурхны ариун сүнсээр удирдуулах ёстой (Гал. 5:22–25).
23 Библи уншиж эргэцүүлэн бодох нь Бурханд таалагддаг зан чанар хөгжүүлэхэд, бас «мэргэн ухаан, мэдлэг, баяр жаргал» өгдөг Еховатай улам ойр дотно харьцаатай болоход тустай (Ном. 2:26). Ингэвэл Бурхныхаа зүрхийг баярлуулна (Сур. 27:11). Тиймээс Бурхныхаа замаар тууштай замнацгаая.
Хариулна уу
• Үнэнч гэдгээ яаж харуулах вэ?
• Даруу байх хэрэгтэйн учир юу вэ?
• Эр зоригтой байхад Библийн баатруудын жишээ хэрхэн туслах вэ?
• «Бусдын ашиг сонирхлыг харах» ямар ямар арга байдаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны зураг]
Иефта болон түүний охинд амаргүй байсан ч тэд амлалтаа үнэнчээр биелүүлсэн
[10-р хуудасны зураг]
Хүүхэд залуус аа, та нар израиль охиноос ямар сургамж авсан бэ?
[11-р хуудасны зураг]
Доркас итгэл нэгтнүүддээ хэрхэн тусалдаг байсан бэ?