Skip to content

Гарчиг руу орох

Хамгийн агуу Миссионерийг дуурайгтун

Хамгийн агуу Миссионерийг дуурайгтун

Хамгийн агуу Миссионерийг дуурайгтун

«Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» (1 КОР. 11:1).

1. Есүс Христийг дуурайх хэрэгтэйн учир юу вэ?

 ЭЛЧ Паул хамгийн агуу Миссионер Есүс Христийг дуурайхын зэрэгцээ итгэл нэгтнүүддээ: «Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» гэж уриалжээ (1 Кор. 11:1). Есүс элч нарынхаа хөлийг угааж, даруу байхын жишээ үзүүлээд: «Миний та нарт юу хийснийг та нар бас хийх хэрэгтэй гэж Би ийм жишээ үзүүлсэн юм» хэмээн хэлсэн байдаг (Иох. 13:12–15). Үг яриа, үйл хэрэг, зан чанараараа Есүс Христийг дуурайх нь христианууд бидний үүрэг мөн (1 Петр 2:21).

2. Удирдах зөвлөлөөс миссионерийн томилолт аваагүй ч ямар сэтгэлгээтэй байж болох вэ?

2 Бид өмнөх өгүүллээр, бусдад сайн мэдээ тунхаглах зорилгоор илгээгдсэн хүнийг миссионер гэж хэлдэг тухай ярилцсан. Энэ талаар элч Паул хэдэн сонирхолтой асуулт тавьсан байдаг (Ром 10:11–15-ыг уншина уу). Тэрбээр: «Тэд номлогчгүйгээр яаж сонсох вэ?» гэж асуугаад, Исаиагийн зөгнөлөөс иш татан: «Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан!» гэж бичжээ (Иса. 52:7). Гадаад оронд миссионерээр үйлчлэх томилолт аваагүй хүн ч Есүсийг дуурайн, «сайн мэдээг тунхаглагчийн» сэтгэлгээтэй байж болдог. Өнгөрсөн жил 236 оронд 6 957 854 дэлгэрүүлэгч «сайн мэдээг дэлгэрүүлэгчийн ажлыг хийжээ» (2 Тим. 4:5).

«Бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан»

3, 4. Есүс тэнгэрт юу орхисон бэ? Бид Есүсийн дагалдагч байхын тулд яах ёстой вэ?

3 Есүс дэлхийд гүйцэтгэх ёстой үүрэг даалгавраа биелүүлэхийн тулд тэнгэрийн амьдрал, суу алдраа орхин, «Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авсан» (Флп. 2:7). Есүсийг дагахын тулд орхисон зүйл маань, түүний дэлхийд ирэхдээ орхисон зүйлтэй харьцуулахад юу ч биш гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ ямар ч байсан, бид түүний дагалдагчдын хувьд Сатаны ертөнцөд орхисон зүйлдээ харамсахгүйгээр, гуйвж дайвалгүй бат зогсож чадна (1 Иох. 5:19).

4 Элч Петр нэгэнтээ: «Хараач, бид бүх зүйлийг орхиод Таныг дагасан» гэж Есүст хэлжээ (Мат. 19:27). Петр Андрей Иаков Иохан нар Есүсийн урилгыг тэр дор нь хүлээн авч, тороо орхиод, түүнийг дагасан. Тэд загасчны ажлаа орхиж, дэлгэрүүлэх ажлыг гол болгожээ. Лукийн бичсэнээр Петр: «Хараач, бид өөрсдийн юмсыг орхиж, Таныг дагасан» гэж хэлжээ (Лук 18:28). Бидний ихэнх нь Есүсийг дагахын тулд «өөрсдийн юмсыг» бүгдийг нь орхих шаардлагагүй байсан ч Христийн дагалдагч буюу Еховагийн чин сэтгэлтэй үйлчлэгч болохын тулд «өөрийгөө үгүйсгэх» хэрэгтэй болсон (Мат. 16:24). Энэ алхмыг хийхэд их ивээл хүртдэг (Матай 19:29-ийг уншина уу). Христийг дуурайн «сайн мэдээг тунхаглагчийн» сэтгэлгээтэй байхад зүрх сэтгэл маань баяр хөөрөөр бялхдаг. Бурхан болон Бурхны хайртай Хүүтэй дотно харьцаатай болоход нь хүмүүст туслах үйлсэд дуслын төдий хувь нэмэр оруулахдаа бид бүр ч их баярладаг.

5. Гадаадад цагаачлан суудаг хүмүүс Библийн үнэнийг сурч мэдсэнийхээ дараа ямар шийдвэр гаргаж болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Валмир гэдэг бразил эр Суринам улсын төв хэсэгт алт олборлон амьдардаг байжээ. Тэрбээр садар самуун явдалтай, архи дарс ахиухан хүртчихдэг хүн байлаа. Нэгэн удаа хотод орж ирээд, Еховагийн Гэрчүүдтэй таарч, Библийн хичээл заалгахаар болжээ. Өдөр бүр Библи судалж, их өөрчлөгдөж, удалгүй баптисм хүртэв. Библийн дагуу амьдрахад ажил нь саад болж байгааг ойлгосон тэрбээр ашиг орлоготой ажлаа орхиж, гэр бүлийнхэндээ сүнслэг алт олборлоход нь туслахаар Бразил руугаа буцжээ. Ер нь, өндөр хөгжилтэй оронд ажил хийхээр очоод, Библийн үнэнийг сурч мэдмэгцээ ажлаа орхин, төрөл төрөгсөд болон бусад хүнд сүнслэг тусламж үзүүлэхээр нутаг буцдаг хүн олон байдаг. Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлдэг тэр хүмүүс үнэхээр «сайн мэдээг тунхаглагчийн» сэтгэлгээтэй ажээ.

6. Дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүж очиж чадахгүй хүнд ч гэсэн ямар боломж байдаг вэ?

6 Дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар нүүж очих боломжтой Гэрч олон байдаг. Зарим нь бүр хилийн чанадад очдог. Тийм бололцоогүй хүн ч дэлгэрүүлэх ажилд чадах чинээгээрээ оролцон, Есүсийг дуурайж болно.

Ехова сургадаг

7. Хаанчлалын мэдээ тунхаглах ур чадвараа сайжруулахыг хүсдэг хүмүүст зориулсан ямар ямар сургууль байдаг вэ?

7 Есүс Эцгээрээ заалгасан шиг, бид ч бас Еховагийн олгодог боловсролын ач тусыг хүртэх боломжтой. Есүс: «„Тэд бүгд Бурхнаар сургагдах болно“ гэж эш үзүүлэгчдийн номд бичигджээ» хэмээн хэлсэн (Иох. 6:45; Иса. 54:13). Эдүгээ Хаанчлалын тухай мэдээ тунхаглагч бэлтгэхэд зориулсан сургууль олон бий. Теократ үйлчлэлийн сургуулиас бид их зүйлийг сурч мэддэг. Бас эхлэгчдэд зориулсан тусгай сургууль байдаг бөгөөд тэр сургуулийг Эхлэгчийн сургууль гэдэг. Удаан хугацаагаар эхлэгчээр үйлчилж байгаа Гэрчүүд тус сургуульд хоёр дахь удаагаа суралцах боломжтой. Ахлагчид, туслах үйлчлэгчид хурлынхаа гишүүдэд үйлчлэх болон заах ур чадвараа сайжруулах зорилгоор Ахлагчийн сургууль, Туслах үйлчлэгчийн сургуульд суралцдаг. Ганц бие ахлагч, туслах үйчлэгчид Үйлчлэл дээшлүүлэх сургуульд суралцаж, итгэл нэгтнүүддээ дэлгэрүүлэх ажилд нь туслах арга ухаанаа баяжуулдаг. Түүнчлэн, «Гилеад» сургуулийг дүүргэсэн олон Гэрч хилийн чанадад миссионерээр үйлчилдэг.

8. Зарим Гэрч Еховагийн олгодог боловсролыг хэрхэн үнэлдэг вэ?

8 Эдгээр сургуульд сурахын тулд Еховагийн Гэрчүүд тодорхой өөрчлөлт хийдэг. Канадад Юүгү гэдэг Гэрч Үйлчлэл дээшлүүлэх сургуульд сурахаар болжээ. Гэтэл дарга нь чөлөө өгөөгүй тул ажлаасаа гарсан байна. Юүгү: «Би ер харамсдаггүй. Хэрэв дарга маань надад сайхан сэтгэл гарган чөлөө өгсөн бол би компанидаа үүрд хадагдах байсан байж магадгүй. Харин одоо бол Ехова ямар ч томилолт өгсөн, би хүлээн авахад бэлэн» гэж ярьсан юм. Бурхны олгодог боловсролын ач тусыг хүртэхийн тулд урьд нь үнэтэй гэж үздэг байсан юмаа дуртайяа золиосолдог хүн олон бий (Лук 5:28).

9. Библийн сургаалыг хичээл зүтгэлтэй заавал үр дүнд хүрдгийг харуулах жишээ хэлнэ үү.

9 Библийн сургаалыг хичээл зүтгэлтэй заавал үнэхээр үр дүнд хүрдэг (2 Тим. 3:16, 17). Гватемал улсын Саулод тохиолдсон явдлыг авч үзье. Сауло төрөлхийн оюун ухааны хомсдолтой учир нэг багш ээжид нь, хүүгээ уншуулж сургах гэж хүчилсний хэрэггүй, урмыг нь л хугалахын нэмэр гэж хэлжээ. Сауло уншиж суралгүй сургуулиасаа гарчээ. Гэтэл нэг Гэрч Нийгэмлэгээс гаргасан «Уншиж, бичиж сурцгаая» («Apply Yourself to Reading and Writing») гэдэг товхимлын тусламжтайгаар түүнийг уншуулж сургасан байна. Сүүлдээ Сауло ч Теократ үйлчлэлийн сургуулийн даалгавраа сайн биелүүлдэг болж. Ээж нь нэгэн удаа айлаар дэлгэрүүлж яваад мөнөөх багштай тааралджээ. Шавиа уншиж чаддаг болсныг дуулсан багш, дараа ирэхдээ Саулог дагуулж ирэхийг ээжээс нь гуйсан байна. Тэгээд ирэхэд нь, Саулогоос: «Чи надад юу заах гэж байна?» гэж асуусанд «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын нэг догол мөрөөс уншиж эхэлжээ. Тэгтэл багш нь: «Одоо чи надад зааж байна гэж бодохлоор итгэж чадахгүй байна» хэмээн хэлээд, сэтгэл нь хөдөлсөндөө нулимс унаган, шавиа тэврэн авчээ.

Зүрхэнд хүрдэг сургаал

10. Библийн үнэнийг заахад тустай ямар гарын авлага байдаг вэ?

10 Есүс сургаалаа заахдаа, Еховагаар биечлэн заалгасан зүйл болон Бурхны Үгэнд бичигдсэн тушаал зааврыг үндэс болгодог байсан (Лук 4:16–21; Иох. 8:28). Бид Есүсийг дуурайн Библийг чанд баримталж, зөвлөгөөг нь хэрэгжүүлдэг. Тийм учраас, бүгд адилхан юм ярьж, адилхан юм боддог бөгөөд энэ нь биднийг эв нэгдэлтэй байлгадаг (1 Кор. 1:10). «Итгэмжит ухаалаг боол» биднийг нэг ижил сургаал зааж, «сайн мэдээг тунхаглагчийн» ажлаа амжилттай хийхэд туслах, Библид үндэслэсэн ном хэвлэл өгдөгт нь талархаад баршгүй! (Мат. 24:45; 28:19, 20). Эдүгээ 179 хэлээр гараад буй «Библийн сургаал» ном бол тэдгээрийн нэг юм.

11. Этиопын нэг Гэрч эмэгтэй «Библийн сургаал» номын тусламжтайгаар эсэргүүцлийг яаж давсан бэ?

11 Биднийг эсэргүүцдэг хүмүүс хүртэл «Библийн сургаал» номын ачаар бодлоо өөрчилдөг. Этиопт эхлэгчээр үйлчилдэг Лула гэдэг эмэгтэйг нэг удаа Библийн хичээл зааж байтал суралцагчийнх нь хамаатан хөндлөнгөөс оролцож, бидэнд ийм хичээл хэрэггүй гэж ууртай хэлжээ. Тэгэхэд нь Лула түүнтэй тайван ярилцаж, «Библийн сургаал» номын 15-р бүлгээс хуурамч мөнгөний тухай жишээ татан, эвтэйхэн тайлбарлажээ. Мөнөөх эмэгтэй тайвширч, тэдэнд хичээлээ үргэлжлүүлэхийг нь зөвшөөрсөн байна. Түүгээр ч барахгүй, дараагийн хичээлд нь суун, өөрөө бас Библийн хичээл заалгах хүсэлтэй байгаагаа хэлж, бүр, мөнгө төлье гэсэн санал тавьжээ! Тэгээд 7 хоногт 3 удаа хичээл заалгадаг болсон бөгөөд сүнслэгээр хурдан өссөн аж.

12. Хүүхдүүд Библийн үнэнийг үр дүнтэй зааж болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

12 Хүүхдүүд ч бас «Библийн сургаал» номыг ашиглаад бусдад тусалж болдог. Хавайд амьдардаг 11 настай Кеану гэдэг хүүг сургууль дээрээ эл номыг уншиж байтал ангийнх нь хүүхэд түүнээс: «Чи яагаад баяр тэмдэглэдэггүй юм бэ?» хэмээн асуужээ. Хариуд нь Кеану шууд л «Баяр ёслолд хэрхэн хандах хэрэгтэй вэ?» гэсэн гарчигтай хавсралтыг уншиж өгөөд, номын гарчгуудыг үзүүлэн, аль сэдвийг хамгийн их сонирхож байгааг нь асуужээ. Тэгээд Библийн хичээл эхэлсэн байна. Өнгөрсөн үйлчлэлийн жил Еховагийн Гэрчүүд 6 561 426 Библийн хичээл заасны дотор олон хичээлийг «Библийн сургаал» номоор заажээ. Харин монгол хэлээр Библийн хичээл хийхэд туслах «Мэдлэг» ном байдаг. Та энэ гарын авлагыг ашигладаг уу?

13. Библи судлах нь хүмүүст яаж хүчтэй нөлөөлдөг вэ?

13 Бурхны хүсэл тааллыг биелүүлэх хүсэлтэй хүмүүс «Библийн сургаал» номын тусламжтайгаар Библи судлаад, үзэл бодлоо эрс өөрчлөх нь бий. Норвегид тусгай эхлэгчээр үйлчилдэг гэр бүлийн хос Замби улсаас ирсэн эхнэр нөхөр хоёртой Библийн хичээл эхэлжээ. Шинэ суралцагчид нь гурван охинтой учир дахин хүүхэд төрүүлэх бодолгүй байв. Тийм болохоор, эхнэр нь бие давхар болмогцоо үр хөндүүлэхээр шийджээ. Гэтэл эмчид очихоосоо хэдхэн хоногийн өмнө «Амь бол Бурхны бэлэг» гэсэн гарчигтай бүлгийг судалсан байна. Уг бүлэгт нийтэлсэн, эхийн хэвлийд байгаа ургийн зураг зүрх сэтгэлд нь гүн хүрсэн учир гаргасан шийдвэрээ өөрчилсөн байна. Тэд сүнслэгээр өсөхийн зэрэгцээ шинэ төрсөн хүүдээ Библийн багшийнхаа нэрийг өгчээ.

14. Заадаг сургаалынхаа дагуу амьдрах нь сайн үр дүнд хүрдгийг жишээгээр хэлнэ үү.

14 Есүсийн заах аргын нэг чухал онцлог нь өөрөө сургаалынхаа дагуу амьдардаг байсан явдал юм. Еховагийн Гэрчүүд Есүсийн энэ чанарыг дуурайн, биеэ зөв авч явдгийг олон хүн шагшин гайхдаг. Шинэ Зеландын нэг бизнесмен машиндаа байсан цүнхээ хулгайд алдаад, цагдаад мэдэгдсэнд цагдаа: «Алдсан юмыг тань Еховагийн Гэрчүүд л олохгүй бол найдвар тун бага даа» гэж хэлжээ. Сонин түгээгчээр ажилладаг Гэрч эмэгтэй цүнх олсноо мэдэгджээ. Бизнесмен эр Гэрчийн гэрт очоод, маш үнэтэй бичиг баримт нь бүрэн бүтэн байхыг үзээд санаа нь амарчээ. Гэрч эмэгтэйг: «Юмаа бүрэн бүтэн байна гэж гайхах хэрэггүй ээ. Яагаад гэвэл, би Еховагийн Гэрч» гэж хэлэхэд мөнөөх бизнесмен тэр өглөө цагдаагийн хэлсэн үгийг санаад ихэд гайхсан байна. Жинхэнэ христианууд үнэхээр Есүсийг дуурайж, Библийн сургаалын дагуу амьдардаг хүмүүс юм (Евр. 13:18).

Хүмүүст хандахдаа Есүсийг дуурайгтун

15, 16. Хүмүүсийн анхаарлыг сайн мэдээндээ хэрхэн татаж болох вэ?

15 Есүс өөрсдөд нь хэрхэн ханддагаас болоод хүмүүс сургаалд нь татагддаг байжээ. Жишээ нь, ядуу дорой хүмүүс хайр, даруу занд нь татагддаг байв. Тэрбээр өөр дээр нь ирсэн хүмүүсийг өрөвдөж, өвчнийг нь эдгээн, эелдэг зөөлөн үг хэлэн тайвшруулдаг байлаа (Марк 2:1–5-ыг уншина уу). Бид гайхамшиг үйлдэж чадахгүй ч хүмүүсийг Библийн үнэн рүү татдаг сайхан чанарууд болох хайр, даруу зан, өрөвч сэтгэл илэрхийлж чадна.

16 Тариуа гэдэг тусгай эхлэгч эмэгтэй Номхон далайн өмнөд хэсэгт орших Кирибати улсын алслагдсан аралд амьдардаг Бээрэ гэдэг настай хүний гэрт очжээ. Тэр хүн үгийг нь сонсох дургүйгээ хэлсэн ч тал бие нь саажсаныг Тариуа анзаараад ихэд өрөвдөн: «Бурхан өвчтэй, өндөр настай хүмүүст юу амладгийг та дуулсан уу?» гэж асуугаад, Исаиагийн зөгнөлөөс уншиж өгчээ (Исаиа 35:5, 6-г уншина уу). Тэгтэл нөгөө хүн нүдээ том болгон: «Би Библийг олон жил уншиж байна. Сүмийн маань номлогч ч манайхаар байнга ирдэг. Гэхдээ би Библиэс үүнийг хэзээ ч олж хараагүй юм байна» хэмээн хэлжээ. Бээрэ Библийн хичээл заалгаж, сүнслэгээр өссөн байна. Тэрбээр хүнд хэлбэрийн саажилттай байсан хэдий ч баптисм хүртжээ. Одоо арлынхаа Гэрчүүдийн бүлгийг удирдаж, арлаараа хөндлөн гулд явж, сайн мэдээ дэлгэрүүлж байгаа аж.

Христийг үргэлж дуурайгтун

17, 18. а) Сайн мэдээг амжилттай тунхаглагч болохын тулд яах хэрэгтэй вэ? б) Христиан үйл хэрэгт хариуцлагатай ханддаг хүмүүс ямар ивээл хүртэх вэ?

17 Есүсийн илэрхийлдэг байсан зан чанарыг хөгжүүлж, илэрхийлбэл хэн ч сайн мэдээг амжилттай тунхаглагч болж болдог нь дээрх сэтгэл сэргээм явдлуудаас харагдаж байна. Тэгэхлээр, Христийг дуурайн, сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглах нь туйлын чухал гэдэг нь тодорхой байна.

18 I зуунд Есүсийн шавь болсон хүмүүсийн нэг болох Петрийг: «Бид юу хүртэх вэ?» хэмээн асуухад Есүс: «Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» гэж хариулжээ (Мат. 19:27–29). Хамгийн агуу Миссионер Есүс Христийг цаашид ч дуурайсаар байвал энэ үг үнэн гэдгийг бид биеэрээ мэдрэх нь дамжиггүй.

Хариулна уу

• Ехова биднийг «сайн мэдээг тунхаглагч» болгохын тулд хэрхэн сургадаг вэ?

• «Библийн сургаал» ном христиан үйлчлэлд сайн үр дүнтэй байдаг гэж хэлж болохын учир юу вэ?

• Хүмүүст хандахдаа Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны зураг]

Есүс, Петр Андрей Иаков Иохан нарт: «Намайг дага» гэхэд, тэд шууд зөвшөөрсөн

[19-р хуудасны зураг]

Нэг ижил сургаал заахад «Библийн сургаал» гэх зэргийн ном хэвлэл тусалдаг