Дөлгөөн бөгөөд ухаалаг байгтун
Дөлгөөн бөгөөд ухаалаг байгтун
«Дөлгөөн байхыг ...тэдэнд сануул» (ТИТ 3:2).
1, 2. Дөлгөөн байх талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ? Дөлгөөн байх нь ямар учраас чухал бэ?
ТЭНГЭРИЙН Эцэг Ехова маань хайр халамжтай, хязгааргүй мэргэн Бурхан билээ. Бид Еховагийн бүтээл учраас амьдралдаа хэрэгтэй удирдлага зааврыг Бүтээгчээсээ авах нь зүйтэй (Дуу. 48:14). «Дээрээс ирэгч мэргэн ухаан нь нэгд ариун, тэгээд амар тайван, эелдэг, ул суурьтай, өршөөл ба сайн үр жимсээр дүүрэн, ялгаварладаггүй, хоёр нүүр гаргадаггүй» гэж шавь Иаков бичжээ (Иак. 3:17).
2 «Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг» гэж элч Паул уриалжээ * (Флп. 4:5). Христ Есүс бол бидний Эзэн бөгөөд христиан хурлын тэргүүн билээ (Еф. 5:23). Христэд дуулгавартай захирагдаж, бусадтай зөв харьцахын тулд дөлгөөн байх нь чухал юм.
3, 4. а) Дөлгөөн байхын ач тусыг жишээгээр хэлнэ үү. б) Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?
3 Дөлгөөн бөгөөд ухаалаг байхын ач тусыг харуулах хоёр жишээ үзье. Болзошгүй террорист халдлагаас сэргийлэх зорилгоор Их Британийн онгоцны буудалд шинэ журам нэвтрүүлж, урьд нь онгоцонд оруулахыг зөвшөөрдөг байсан эд зүйлийг оруулахаа болиход ихэнх зорчигч уг журмыг дуулгавартай мөрдөж эхэлжээ. Үүний ачаар аюулгүй байдлыг хангах боломж бүрдсэн байна. Одоо хоёр дахь жишээг үзье. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч осол гаргахаас сэргийлж, хөдөлгөөнд саад учруулахгүйн тулд бусдад зам тавьж өгөх гэх зэргээр эрх ашгаа хойш нь тавьдаг.
4 Ямагт дөлгөөн байж, эрх ашгаа хойш нь тавина гэдэг үнэндээ амаргүй ч дараах гурван асуултыг авч үзэх нь тустай байх болов уу. Яагаад дөлгөөн байх хэрэгтэй вэ? Дөлгөөн хүн эрх мэдэлтнүүдэд хэрхэн ханддаг вэ? Хэзээ, яаж дөлгөөн байх нь зөв бэ?
Дөлгөөн байхын учир
5. Мосегийн хуулийг үзвэл, боол хүн ямар учраас боол хэвээрээ үлдэж болдог байсан бэ?
5 Дөлгөөн байхын учрыг эртний израильчуудын жишээнээс мэдэж болно. Мосегийн хуульд зааснаар, еврей боол эзэндээ зургаан жил үйлчлээд долоо дахь жилдээ чөлөөлөгдөх эрхтэй байлаа. Гэхдээ долоо дахь жилээс өмнө «Тавь дахь жил» таарвал бас чөлөөлөгдөж болдог байжээ. Гэвч өөрөө хүсвэл боол хэвээрээ үлдэж болдог байв (Египетээс гарсан нь 21:5, 6-г уншина уу). Яагаад тэгдэг байсан юм бол оо? Өршөөнгүй сэтгэлт эзэндээ хайртай учир тийм шийдвэр гаргадаг байжээ.
6. Хайр дөлгөөн зантай ямар холбоотой вэ?
6 Бид ч гэсэн Ехова Бурхандаа хайртай учир Бурханд өөрийгөө зориулдаг бөгөөд тэр амлалтаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийдэг (Ром 14:7, 8). «Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» гэж элч Иохан бичсэн байдаг (1 Иох. 5:3). Ийм хайр «өөрийнхийг эрдэггүй» (1 Кор. 13:4, 5). Өөрөөр хэлбэл, бусдыг хайрладаг хүн бусадтай харьцахдаа аминч үзэл гаргалгүй, дөлгөөн байж, эрх ашгийг нь өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг (Флп. 2:2, 3).
7. Христиан хүн бусдад яаж дөлгөөн ханддаг вэ?
7 Бид үг яриагаараа ч, биеэ авч явах байдлаараа ч бусдыг бүдрүүлэх ёсгүй (Еф. 4:29). Бусдыг хайрладаг хүн өөр яс үндэс, хэл соёл, зан заншилтай хүмүүсийг сүнслэгээр өсөж, Еховад үйлчилдэг болоход нь саад учруулах аливаа бүхнээс зайлсхийдэг. Үүний тулд бусдын ашиг сонирхлыг харж, дөлгөөн байх хэрэгтэй болдог. Жишээ нь, миссионерээр үйлчилдэг Гэрч эмэгтэйчүүд томилогдсон газрынхаа хүмүүсийн нийтлэг ойлголтыг хүндэтгэж, тэдэнд таагүй сэтгэл төрүүлж, бүдрүүлэхгүйн тулд оо энгэсэг түрхэх, шилэн оймс өмсөх зэргээ больдог (1 Кор. 10:31–33).
8. Бурхныг хайрладаг хүн «өчүүхэн» байж чаддагийн учир юу вэ?
8 Еховаг хайрладаг хүн бардам занг дийлж чаддаг. Есүсийн шавь нар хэн нь хамгийн агуу болох талаар хоорондоо маргахад Есүс тэдний дунд нэг жаахан хүүхэд зогсоогоод, «Хэн энэ хүүхдийг Миний нэрээр хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг. Хэн Намайг хүлээн авна, тэр нь Намайг илгээсэн Түүнийг хүлээн авдаг. Учир нь та нарын дундаас хамгийн өчүүхэн нь хамгийн агуу юм» гэж хэлдэг (Лук 9:48; Марк 9:36). Ер нь, хүн төгс бус байдал, төрөлхийн бардам зангийн гайгаар нэр алдрын хойноос хөөцөлддөг хандлагатай учир «өчүүхэн» байх нь зарим хүнд тун амаргүй байж болох юм. Гэхдээ даруу занг хөгжүүлбэл бусдыг дээдлэн хүндэлж, ашиг сонирхлыг нь өөрийнхөөсөө дээгүүр тавьж чадна (Ром 12:10).
9. Эрх мэдэлтнүүдэд захирагдан дөлгөөн байхын тулд яах ёстой вэ?
9 Эрх мэдэлтнүүдэд захирагдан дөлгөөн байхын тулд Бурхны тогтоосон эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Христианууд бүгдээрээ тэргүүллийн зарчмыг баримталдаг. Тэр зарчмыг элч Паул: «Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна» хэмээн Коринт хотын христиануудад бичжээ (1 Кор. 11:3).
10. Еховагийн эрх мэдэлд захирагддаг дөлгөөн хүн юу харуулдаг вэ?
10 Халамжит Эцэг Ехова Бурхандаа итгэж найддагаа харуулах нэг арга бол эрх мэдэлд нь захирагдан дөлгөөн байх явдал юм. Ехова үйлчлэгчдэдээ юу тохиолдож байгааг бүгдийг нь мэддэг бөгөөд эцэст нь тэднийгээ шагнана гэдэгт бид итгэдэг. Үүнийг санаж явбал хүмүүс биднийг үл хүндэтгэж, бидэнд уурлан унтууцаж, муухай ааш гаргахад ч дөлгөөн байж чадна. Паул: «Хэрэв боломжтой бол, та нараас шалтгаалж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун» гэж захисан. Тэрбээр цааш нь: «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Учир нь „Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө“ гэж Эзэн айлдав» хэмээн дөлгөөн байхын чухлыг онцолжээ (Ром 12:18, 19).
11. Христийн эрх мэдэлд захирагддагаа хэрхэн харуулах вэ?
11 Бид бас христиан хуралд Бурхны тогтоосон эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх ёстой. «Илчлэлт» номын 1-р бүлэгт Христ Есүс баруун мутартаа христиан хурлын «долоон одыг» барьж байгаагаар гардаг (Илч. 1:16, 20). Өргөн хүрээнд авч үзвэл, тэр «од» нь христиан хурлын ахлагчдын зөвлөлийг бэлэгддэг. Ахлагчид дөлгөөн байж, Тэргүүн Христийнхээ эрх мэдэлд захирагдан, бусадтай харьцахдаа түүнийг дуурайдаг. Хурлын гишүүд бүгдээрээ Христийн томилсон, сүнслэг хоолыг цагт нь өгөх үүрэгтэй «итгэмжит, ухаалаг боолд» захирагддаг (Мат. 24:45–47). Энэхүү өгүүллийг уншиж судлаад, амьдралдаа хэрэгжүүлбэл Христийн эрх мэдэлд захирагддагаа дор бүрнээ харуулна. Христэд захирагдах нь хуралд амар тайван байдлыг бүрдүүлж, эв нэгдлийг бэхжүүлэх ач тустай (Ром 14:13, 19).
Хэнд, хэзээ, яаж дөлгөөн хандах вэ?
12. Дөлгөөн байна гэдэг нь итгэл үнэмшлээсээ няцна гэсэн үг үү? Тайлбарлана уу.
12 Дөлгөөн байна гэдэг нь бусдын эрхэнд орон, итгэл үнэмшлээсээ няцаж, Библийн зарчмыг баримтлахаа болино гэсэн үг биш юм. Нэгдүгээр зуунд шашны удирдагчид христиануудыг Есүсийн нэрээр дэлгэрүүлэхгүй байхыг тушаахад тэд яасан билээ? Петр болон бусад элч: «Бид хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагах ёстой» гэж зоригтойгоор хэлсэн (Үйлс 4:18–20; 5:28, 29). Өнөөдөр төр засгийн эрх мэдэлтнүүд сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг маань хориглоход бид арга барилаа ухаалгаар өөрчлөн, ажлаа үргэлжлүүлдэг. Айлаар дэлгэрүүлэхийг хориглолоо гэхэд хүмүүстэй уулзаж ярилцах өөр арга олж, Бурхны даалгасан ажлыг хийсээр байдаг. «Дээд эрх мэдлүүд» цуглаан хийхийг хоригловол бид олны анхаарал таталгүй, цөөхүүлээ цугладаг (Ром 13:1; Евр. 10:24, 25).
13. Эрх мэдэлтнүүдэд захирагдан дөлгөөн байх талаар Есүс юу хэлсэн бэ?
13 Есүс Ууланд айлдсан номлолдоо эрх мэдэлтнүүдэд дөлгөөн хандахын чухлыг онцлон: «Хэрэв хэн нэг хүн чамтай заалдаж, цамцыг чинь авахыг хүсвэл дээлээ бас түүнд өг. Хэн нэг хүн чамайг нэг бээр газар явахыг хүчилбэл түүнтэй хамт хоёр бээр яв» гэж хэлжээ (Мат. 5:40, 41) *. Бусдыгаа боддог, тус болохыг чин сэтгэлээсээ хүсдэг христиан хүн Есүсийн хэлснээр, «хоёр бээр явах» буюу бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг (1 Кор. 13:5; Тит 3:1, 2).
14. Тэрслэгчдэд буулт хийж, эвлэрэх ёсгүйн учир юу вэ?
14 Хэдийгээр христианууд дөлгөөн байхыг хичээдэг ч тэрслэгчдэд хэзээ ч буулт хийж, эвлэрэх ёсгүй. Байр сууриа чанд, тууштай баримталж байж шүтлэгээ цэвэр байлган, хурлын эв нэгдлийг хадгална. Паул «хуурамч ах дүү нараас» болгоомжлуулан: «Бид тэдний эрхэнд хормын зуур ч ороогүй. Ингэснээр сайн мэдээний үнэн нь та нарт үлдэх юм» гэж бичжээ (Гал. 2:4, 5). Итгэл нэгтнүүдийнх нь дундаас тэрслэгчид мэр сэр гарахад ч үнэнч христианууд зөв шударгын төлөө бат зогсох ёстой.
Харгалзагчид дөлгөөн байх хэрэгтэй
15. Ахлагчид уулзаж ярилцахдаа бие биедээ хэрхэн дөлгөөн ханддаг вэ?
15 Харгалзагч буюу ахлагч болох хүсэлтэй хүний хангавал зохих нэг шаардлага бол дөлгөөн байх явдал юм. Паул: «Харгалзагч нь... дөлгөөн ...байх ёстой» гэж бичжээ (1 Тим. 3:2, 3). Ахлагчид хурлын ажил хэргийг ярилцахдаа дөлгөөн байх нь онцгой чухал. Бүх ахлагч саналаа хэлэх албагүй боловч шийдвэр гаргахаас өмнө хүссэн хүн нь үзэл бодлоо илэрхийлж болдог. Ярилцах явцад, тухайн асуудалд хамаатай Библийн зарчимд үндэслэсэн бусдынхаа саналыг сонсоод бодлоо өөрчилж болох юм. Төлөвшсөн ахлагч бусдад үзэл бодлоо тулгахын оронд буулт хийдэг. Ахлагчид эхэндээ өөр өөр саналтай байж болох ч Бурханд залбирч байгаад ярилцахад бие биедээ дөлгөөн хандаж, эв нэгдлээ хадгалж чаддаг (1 Кор. 1:10; Ефес 4:1–3-ыг уншина уу).
16. Христиан ахлагч ямар байх ёстой вэ?
16 Дөлгөөн зантай христиан ахлагч бүх ажил хэргээ Бурхны тогтоосон журамд нийцүүлэх гэж мэрийдэг. Сүрэгт дөлгөөн хандаж, бусдыг харж үзэн, аядуу зөөлөн байх учиртай. Элч Петр: «Та нарын дунд байгаа Бурхны хонин сүргийг» «албадлагаар бус, харин сайн дураараа, ...хомхой ашгийн төлөө бус, харин хичээл зүтгэлээр» «хариул» гэж бичжээ (1 Петр 5:2, 3).
17. Христиан хурлын гишүүд бусдадаа хэрхэн дөлгөөн хандаж болох вэ?
17 Ахмад настай христианууд хурлынхаа залуу итгэл нэгтнүүдийн тус дэмийг өндөр үнэлж, тэднийг хүндэтгэдэг. Залуучууд ч бас Еховад үйлчлэх арвин баялаг туршлагатай ахмадуудаа хүндэтгэдэг (1 Тим. 5:1, 2). Ахлагчид шаардлага хангасан христиануудад тодорхой үүрэг хүлээлгэн, Бурхны сүргийг хариулах ажилд сургадаг (2 Тим. 2:1, 2). Христиан хүн бүр Бурхны ариун сүнсээр удирдуулсан элч Паулын: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» хэмээн зөвлөснийг биелүүлэх учиртай (Евр. 13:17).
Гэрийнхэндээ дөлгөөн хандах нь
18. Гэр бүлийн гишүүд бие биедээ дөлгөөн хандах ёстойн учир юу вэ?
18 Христиан хүн гэр бүлийнхэндээ ч гэсэн дөлгөөн хандах ёстой (Колоссай 3:18–21-ийг уншина уу). Библид бичсэнээр, гэр бүлийн гишүүн болгон тус тусдаа үүрэг хүлээдэг. Эцэг хүн өрхийн тэргүүн бөгөөд үр хүүхдээ хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Эхнэр нь эр нөхрөө өрхийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрч, хүүхдүүд нь эцэг эхдээ дуулгавартай байх үүрэгтэй. Ийм айл Бурханд таалагддаг. Гэр бүлийн гишүүд бие биетэйгээ харьцахдаа ухаалаг, жинхэнэ ёсоор дөлгөөн байж чадвал тэр айл эв нэгдэлтэй, амар тайван байна. Жинхэнэ ёсоор дөлгөөн байхын чухлыг харуулах хоёр жишээ Библиэс үзэцгээе.
19, 20. а) Дөлгөөн байх тухайд Ели болон Ехова ямар жишээ үзүүлсэн бэ? б) Эцэг эхчүүд тэднээс ямар сургамж авч болох вэ?
19 Израилийн тэргүүн тахилч байсан Елийн хөвгүүд болох Хофни Финехас хоёр «ЭЗЭНийг мэддэггүй», «үл бүтэх хүмүүс» байлаа. Ели тэднийг мөргөлийн асрын үүдэнд үйлчилдэг эмстэй унтах гэх мэтийн муу юм хийдгийг дуулжээ. Тэгээд яасан бол? Хөвгүүдээ засаж залруулан, сахилга батын арга хэмжээ авахын оронд Еховагийн эсрэг нүгэл үйлдвэл тэдний төлөө залбирах хүн байхгүй гэж хэлсэн болоод өнгөрчээ. Тиймээс хөвгүүд нь муу явдлаа зассангүй. Эцэст нь, Ехова шударга хэм хэмжээнийхээ дагуу тэднийг шийтгэхээр болжээ. Тэдний үхсэнийг дуулаад Ели ч бас үхдэг. Ямар гашуун түүх вэ! Ели хөвгүүддээ дэндүү дөлгөөн хандсан нь, үнэн хэрэгтээ, тэдний муу явдлыг өөгшүүлсэн, буруу хэрэг байв (1 Сам. 2:12–17, 22–25, 34, 35; 4:17, 18).
20 Одоо өөр жишээ буюу Бурхан сүнсэн хөвгүүдтэйгээ хэрхэн харьцдагийг үзье. Зөнч Микаиа, Ехова Бурхан тэнгэр элчүүдтэйгээ уулзаж байгаа ер бусын үзэгдэл үзжээ. Ехова тэнгэр элчүүдээсээ Израилийн хорон муу хаан Ахабыг сүйрүүлэхийн тулд хэн нь «уруу татаж» чадахыг асуугаад, саналыг нь сонсдог. Нэг тэнгэр элч тэр ажлыг хийх хүсэлтэйгээ хэлэхэд Ехова «Яаж?» гэж асуужээ. Еховад тэр тэнгэр элчийн санал таалагдсан учир хэлснийг нь хийлгэсэн (Х. дээд 22:19–23). Тэгвэл хүмүүс бид Еховагийн энэ жишээг дуурайж, дөлгөөн байж болохгүй гэж үү? Христиан нөхөр, эцэг хүн эхнэр хүүхдүүдийнхээ санал бодлыг харгалзан үзэх учиртай. Эхнэр, хүүхдүүд нь ч санал бодол, хүсэл сонирхлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ тэд тэргүүллийн зарчмыг баримтлан дөлгөөн байж, нөхөр буюу эцгийн гаргасан шийдвэрийг дагах ёстой.
21. Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
21 Хайр халамжтай, хосгүй мэргэн ухаантай Ехова Бурхан маань бидэнд дөлгөөн байхыг сануулж байдагт нь үнэхээр талархууштай! (Дуу. 119:99). Дөлгөөн байх нь гэр бүлийн амьдралд аз жаргал авчирдгийг дараагийн өгүүллээр үзье.
[Зүүлт]
^ Элч Паулын бичсэн грек үгийг ганц үгээр орчуулах аргагүй бөгөөд монгол Библид «дөлгөөн», «эелдэг», «тэвчээр» гэх зэргээр орчуулжээ. Энэ үг нь 1) бусдын төлөө өөрийн эрх ашгийг хойш нь тавих, 2) эрх мэдэлтнүүдэд дуулгавартай захирагдах гэсэн үндсэн утгатай ажээ.
^ Энд Есүс Ромын засаг захиргаанаас иудейчүүдээр хийлгэдэг байсан албадлагын ажлын талаар хэлжээ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2005 оны 2-р сарын 15-ны дугаарын 23–26-р хуудаснаас «Хэн нэгэн чамайг... хүчилбэл» гэдэг өгүүллийг үзнэ үү (англи).
Хариулна уу
• Дөлгөөн байхын ач тус юу вэ?
• Харгалзагчид дөлгөөн занг хэрхэн харуулдаг вэ?
• Гэрийнхэндээ дөлгөөн хандах хэрэгтэйн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[4-р хуудасны зураг]
Ахлагчид Христийг дуурайн, бусдад дөлгөөн ханддаг
[6-р хуудасны зураг]
Ахлагчид уулзаж ярилцахдаа Бурханд залбирдаг, бие биедээ дөлгөөн ханддаг бол эв нэгдлээ хадгална