Ехова биднийг тусламж гуйн хашхирахад сонсдог
Ехова биднийг тусламж гуйн хашхирахад сонсдог
«ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн рүү чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» (ДУУ. 34:15).
1, 2. а) Өнөөдөр ямар хүн олон байна вэ? б) Христианууд үүнд яагаад гайхдаггүй вэ?
ТА зовж шаналж байна уу? Тийм бол, ганцаараа биш гэдгээ санаарай. Өнөөгийн ёс бус тогтолцоонд амьдарч буй олон сая хүн өдөр тутам бэрхшээлтэй тулгардаг. Энэ нь зарим хүний хувьд дааж давшгүй юм шиг санагдан, тэд Давид шиг шаналдаг. Давид: «Намайг сульдуулан доройтуулж, маш хүндээр бэртээжээ. Зүрхний минь шаналлаас болж би ёолдог. Миний зүрх давчдаж, хүч чадал минь алдардаг. Нүдний минь гал ч бөхсөн» хэмээжээ (Дуу. 38:8, 10).
2 Христианууд бид амьдралын хатуу хүтүүг гайхдаггүй. Бид «төрөх өвдөлтийг» Есүсийн зөгнөн хэлсэн залран байх үеийнх нь «шинж тэмдэг» гэж мэддэг (Марк 13:8; Мат. 24:3). «Төрөх өвдөлт» гэж орчуулсан грек үгээр зовлон бэрхшээл, гай түйтгэрийг хэлж болдог ажээ. Тэгэхлээр, өнөөгийн «хэцүү» буюу «харгис хэрцгий» цаг үед хүмүүст тохиолдох их гай зовлонг Библид тун оновчтой үгээр хэлсэн байна (2 Тим. 3:1, Kingdom Interlinear).
Ехова бидний зовлонг ойлгодог
3. Бурхны ард түмэн юуг сайн ойлгодог вэ?
3 Еховагийн ард түмэн бусдын адил зовно гэдгээ ч, зовлон бэрхшээл улам ихэснэ гэдгийг ч сайн ойлгодог. Тэд хүний амьдралд тохиолддог зовлон үздэгийн зэрэгцээ итгэл үнэмшлийг нь эвдэн бусниулах гэж улайран зүтгэдэг «өрсөлдөгч болох диаволтай» тэмцэх ёстой болдог (1 Петр 5:8). Тиймээс, «Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй» хэмээсэн Давидын үгийг өөрийн эрхгүй хэлмээр санагдаж болох юм (Дуу. 69:20).
4. Зовж зүдрэх цагтаа яаж тайвшрах вэ?
4 Тэгвэл Давидын найдвар тасраад байсан гэсэн үг үү? Үгүй ээ. Тэрбээр дээрх үгийг хэлснийхээ дараа: «ЭЗЭН гачигдагсдыг сонсдог бөгөөд Өөрийн хоригдлуудыг жигшдэггүй» хэмээжээ (Дуу. 69:33). Энэ үгийг бодож үзвэл, Бурхны үйлчлэгч хүнд зовлон шаналлын «хоригдол» болсон мэт санагдах үе байдаг ажээ. Нээрээ ч, тэгж бодогддог шүү. Яаж зовж байгааг маань хүмүүс ойлгодоггүй юм шиг санагдаж магадгүй. Хүмүүс ойлгодоггүй байж болох ч Ехова сайн ойлгодог гэж бодохлоор Давидын адилаар тайвширч болно (Дуу. 34:15).
5. Соломон хаан юунд итгэлтэй байсан бэ?
5 Давидын хүү Соломон Иерусалим хотод барьсан сүмээ нээж залбирахдаа Ехова бидний зовлонг ойлгодог гэдгийг онцлон тэмдэглэжээ (Шастирын дэд 6:29–31-ийг уншина уу). Тэрбээр «өөрийн зовлон шаналлын» талаар чин сэтгэлээсээ залбирах хүн бүрийг сонсохыг Еховагаас гуйжээ. Зовсон хүнийг залбирахад Бурхан яадаг вэ? Гуйлт залбирлыг нь сонсдог төдийгүй тусалдаг гэдэгт Соломон итгэлтэй байсан. Учир нь Бурхан «хүний хөвгүүдийн зүрх сэтгэлийг» сайн мэддэг.
6. Зовнилоо хэнд үүрүүлэх вэ? Яагаад?
6 Бид ч гэсэн «өөрийн зовлон шаналлын» талаар Еховад залбирч болно. Ехова зовлонг маань ойлгодог бөгөөд бидэнд санаа тавьдгийг бодохлоор үнэхээр сэтгэл уужирна. Элч Петр: «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж батлан хэлсэн билээ (1 Петр 5:7). Бидэнд юу тохиолдож байгааг Ехова анхаарлынхаа гадна орхидоггүй. Есүс Еховагийн хайр халамжийг онцлон: «Хоёр бор шувууг задгай зоосоор худалддаг биш үү? Эцгийн тань зөвшөөрөлгүйгээр тэдний нэг нь ч газарт унахгүй. Та нарын толгой дээрх ширхэг үсийг чинь хүртэл бүгдийг нь тоолсон байна. Иймээс бүү ай! Та нар олон бор шувуунаас ч илүү үнэтэй» гэж хэлсэн (Мат. 10:29–31).
Еховагийн тусламжид найдах нь
7. Бид юунд итгэлтэй байж болох вэ?
7 Ехова Бурхан зовж шаналсан үйлчлэгчдэдээ туслахыг хүсдэг төдийгүй тусалж чаддаг гэдэгт итгэлтэй байх бүрэн үндэс бий. «Бурхан бол бидний хоргодох газар болон хүч чадал, зовлон дундах бодит тусламж юм» (Дуу. 34:15–18; 46:1). Бурхан яаж тусалдаг вэ? 1 Коринт 10:13-т: «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» гэж байдаг. Бурхан биднийг зовлонгоос ангижруулахын тулд нөхцөл байдлыг өөрчлөх юм уу, эсвэл зовлонг тэвчих хүч өгч болох юм. Аль нь ч байсан, бидэнд тусалдаг гэсэн үг.
8. Бурхнаас тусламж авахын тулд яах хэрэгтэй вэ?
8 Бурхнаас тусламж авахын тулд яах хэрэгтэй вэ? Библийн зөвлөгөөний дагуу «бүх зовнилоо түүнд үүрүүлэх» хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зовлон шаналлаа Бурхны мутарт даатган, санаа зовохоо болихыг хичээж, хэрэгцээг маань хангана гэж найдах хэрэгтэй (Мат. 6:25–32). Бурханд найддаг хүн өөрийн хүч чадал, мэргэн ухаанд эрдэлгүй, даруу байдаг. «Бурхны хүчирхэг мутрын дор» даруу байдаг хүн Бурхны өмнө хүчин мөхөс гэдгээ ухамсарладаг (1 Петр 5:6-г уншина уу). Өөрт нь ямар зовлон тохиолдоод байгааг Бурхан мэдэж байгаа гэдэгт итгэдэг даруу хүн ямар ч зовлонг тэвчиж чаддаг. Бид зовлонгоос даруйхан ангижрахыг хүсдэг боловч Еховаг чухам хэзээ, хэрхэн яаж туслахаа мэддэг гэдэгт бат итгэн тэвчдэг (Дуу. 54:7; Ис. 41:10).
9. Давид Еховад ямар зовлонгоо даатгасан бэ?
9 Дуулал 55:22-т: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» гэж бичсэн Давидын үгийг санацгаая. Тэрбээр зовж явахдаа энэ үгийг бичжээ (Дуу. 55:4). Тэр үед хүү Абсалом нь хаан ширээг нь булааж, хамгийн итгэлт зөвлөх Ахитофел нь урваж, хүүтэй нь хуйвалдсаныг мэдээд Давид амиа аврахын тулд арга буюу Иерусалимаас явсан билээ (2 Сам. 15:12–14). Давид гашуун зовлон амсаж байхдаа ч Бурхандаа найдаж байсан бөгөөд Бурхан итгэлийг нь хөсөрдүүлээгүй.
10. Зовлон тулгарахад яах ёстой вэ?
10 Зовлон тулгарах цагт Давидын адилаар Еховад залбирах нь амин чухал. Энэ тухайд элч Паул ямар зөвлөгөө өгснийг үзье (Филиппой 4:6, 7-г уншина уу). Паулын хэлснээр шаргуу залбирахын ач тус юу вэ? «Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурхны амар тайван нь Христ Есүс дотор [бидний] зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална».
11. «Бурхны амар тайван» бидний зүрх сэтгэл, санаа бодлыг яаж хамгаалдаг вэ?
11 Бурханд залбирахад нөхцөл байдал өөрчлөгдөх үү? Магадгүй. Гэхдээ Ехова залбиралд тэр болгон бидний хүссэнээр хариулдаггүйг ойлгох хэрэгтэй. Гэсэн ч залбирлын ачаар дүн нуруугаа алдалгүй, сэтгэлийн тэнхээтэй байж болдог. Сэтгэл санаа тавгүйтэхэд «Бурхны амар тайван» биднийг тайвшруулдаг. Харуулын цэрэг хотыг дайснаас хамгаалдаг шиг Бурхны амар тайван бидний зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална. Бас эргэлзээ, айдас, гутранги үзлээ ялахад тусалж, яаруу тэвдүү, ухаалаг бус алхам хийхээс сэргийлнэ (Дуу. 145:18).
12. Зовж байхдаа ч тайван байж болдгийг жишээгээр тайлбарлана уу.
12 Зовж байхдаа ч тайван байж болдог гэж үү? Зарим талаараа бидэнд тохирох нэг жишээ татъя. Нэг хүн ааш авир муутай, хатуу ширүүн менежерийн удирдлагад ажилладаг байжээ. Гэтэл тэр хүнд сайхан сэтгэлтэй, дөлгөөн зантай, захиралтайгаа нүүр тулан уулзаж, нөхцөл байдлаа хэлэх боломж олджээ. Захирал зовлонг нь ойлгож байгаагаа, удахгүй тэр менежерийг ажлаас нь халах гэж байгаагаа хэлжээ. Тэр ажилчин яах бол? Захирлынхаа үгэнд тайвширч, удахгүй байдал өөрчлөгдөхийг мэдсэн тул менежерийг халагдтал тэвчих хэрэгтэй болж байгаа ч ажлаа хийж байхаар шийдэх биз ээ. Сайхан сэтгэлтэй тэр захирлын адилаар Ехова бидний зовлонг ойлгодог. Бас удахгүй «энэ ертөнцийн захирагч зайлуулагдах болно» гэж амласан билээ (Иох. 12:31). Энэ бүхнийг мэдэхлээр тайвшрахгүй гэж үү?
13. Залбирахаас гадна яах хэрэгтэй вэ?
13 Тэгвэл Еховад залбираад л боллоо гэсэн үг үү? Яалаа гэж! Залбирлынхаа дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Саул хаан өөрийг нь алуулахаар хүмүүсээ явуулахад Давид: «Бурхан минь ээ, намайг дайснуудаас минь авраач. Миний эсрэг босогчдоос хол, өндөр газарт намайг тавиач. Гэм буруу үйлдэгчдээс намайг чөлөөлж, цус урсгадаг хүмүүсээс намайг авраач» гэж залбирсан (Дуу. 59:1, 2). Давид Еховад залбирсны зэрэгцээ эхнэрийнхээ зөвлөгөөг дагаж, амиа аврах арга хэмжээ авсан (1 Сам. 19:11, 12). Бид ч бас зовлонг давах юм уу тэвчихэд туслах мэргэн ухаан гуйж залбирах хэрэгтэй (Иак. 1:5).
Яаж тэвчих вэ?
14. Зовлон бэрхшээлийг тэвчихэд юу туслах вэ?
14 Нөхцөл байдал дээрдэхгүй, зовлон бэрхшээл байдгаараа байж болох юм. Тэгвэл тэвчээртэй байхад юу туслах вэ? Нэгдүгээрт, хэцүү байсан ч Ехова Бурхандаа үнэнчээр үйлчилбэл хайртайгаа харуулна гэдгийг санаж яваарай (Үйлс 14:22). Сатан: «Иов утга учиргүйгээр Бурхнаас эмээдэг гэж үү? Та түүний дээр болон түүний гэр орон, түүнд байгаа бүхний дээр бүх талд нь хэрэм босгоогүй гэж үү? Та түүний гарын бүтээлийг ерөөж, түүний эд баялаг нутагт нь олширлоо. Харин одоо Өөрийн мутраа сунган, түүнд байгаа бүхэнд хүрээч. Тэрээр Таны нүүрэн дээр Таныг зайлшгүй хараах болно» хэмээн Иовыг гүтгэснийг битгий мартаарай (Иов ). Иов гуйвшгүй үнэнч байсныхаа ачаар Сатаны худалч болохыг нотолсон. Бид ч бас зовлонг тэвчиж чадвал Сатаны худалчийг батална. Цаашлаад, тэвчээрийн ачаар Бурханд улам их итгэж найддаг болно ( 1:9–11Иак. 1:4).
15. Ямар хүмүүсийн жишээ бидэнд урам зориг нэмэх вэ?
15 Хоёрдугаарт, «дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг» санаж яваарай (1 Петр 5:9). Сорилт бол «хүнд тохиолддог... зүйл» гэж Библид байдаг учир бид бүгдээрээ л зовлон эдэлдэг (1 Кор. 10:13). Тиймээс, би л зовж байна гэж бодохын оронд үнэнч хүмүүсийн жишээг эргэцүүлэн бодвол зоригжиж, эрч хүчтэй болно (1 Тес. 1:5–7; Евр. 12:1). Хүнд сорилтод, ялангуяа, танд тулгараад байгаа шиг зовлон бэрхшээлд сөхрөөгүй итгэл нэгтнүүдийнхээ жишээг эргэцүүлэн бодоорой. Танд их урам зориг нэмэх болов уу.
16. Биднийг янз бүрийн сорилтод ороход Бурхан яаж «тайвшруулдаг» вэ?
16 Гуравдугаарт, Ехова бол «өршөөлийн Эцэг, мөн бүх тайвшралын Бурхан мөн. Бурхан биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулах чадвартай байхын тулд Тэр биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» гэдгийг санах хэрэгтэй (2 Кор. 1:3, 4). Бурхан ямагт биднийг зоригжуулж, эрч хүч өгдөг нь «бүх зовлон дотор» хажууд маань зогсож байгаатай адил юм. Бурхны өгдөг эр зориг, эрч хүч биднийг «аливаа зовлонд орогсдыг» тайвшруулах чадвартай болгодог. Дээрх үгийг бичсэн элч Паул энэ бүхнийг биеэрээ үзсэн ажээ (2 Кор. 4:8, 9; 11:23–27).
17. Зовлонг даван туулахад Библи яаж тусалдаг вэ?
17 Дөрөвдүгээрт, бидэнд Бурхны Үг Библи байдаг. Библи нь «заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурхны хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм» (2 Тим. 3:16, 17). Библийн ачаар бид «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгддэг» төдийгүй зовлон бэрхшээлийг давах арга ухаанд суралцдаг. «Бүрэн бэлтгэгдсэн» гэж орчуулсан грек үг нь «бүрэн тоноглогдсон» гэсэн утгатай бөгөөд усан онгоцыг аялалд гарахын өмнө хэрэгтэй бүх юмаар тоноглох, эсвэл суурь машиныг ямар ч үйлдлийг гүйцэтгэх чадвартай болгох гэх мэтийг хэлэхэд хэрэглэдэг байсан бололтой. Үүнтэй адилаар, Ехова биднийг Үгээрээ сургаж, аливаа саад бэрхшээл, сорилтыг давахад хэрэгтэй бүхнийг эзэмшүүлдэг. Тэгэхлээр, бид «Бурхан надад ийм сорилт тулгарсныг мэдэж байгаа учир би Бурхныхаа тусламжтайгаар давж чадна» гэж боддог байх нь зүйтэй.
Бүх зовлонгоос ангижирна
18. Юуг санаж явбал тэвчээртэй байж чадах вэ?
18 Тавдугаарт, Ехова тун удахгүй хүн төрөлхтнийг бүх зовлонгоос бүрмөсөн ангижруулна гэдгийг ямагт санаж яваарай (Дуу. 34:19; 37:9–11; 2 Петр 2:9). Бурхан биднийг одоогийн зовлон бэрхшээлээс ангижруулаад зогсохгүй, Есүстэй хамт тэнгэрт юм уу, эсвэл диваажин дэлхийд мөнх амьдруулна.
19. Яавал тэвчээртэй байж чадах вэ?
19 Тэр цагийг болтол бид энэ ёс бус ертөнцөд амьдрахдаа багагүй зовлон амсахаа ч мэддэг, зовлонгоос ангижрах цагаа ч тэсэн ядан хүлээдэг (Дуу. 55:6–8). Зовлонг тэвчин, Бурхандаа үнэнч байвал Сатаны худалчийг батална гэдгийг санаж явцгаая. Еховад залбирахын зэрэгцээ бидэнтэй адил соригдож яваа итгэл нэгтнүүдээ санаж, үлгэр жишээг нь бодон, эрч хүч авцгаая. Бурхны Үгийн тусламжтайгаар өөрсдийгөө бүрэн бэлтгэцгээе. Хайр халамжтай, «бүх тайвшралын Бурхандаа» үргэлж найдацгаая. «ЭЗЭНий мэлмий зөв шударга хүн рүү чиглэсэн байдаг бөгөөд Түүний сонор тэдний хашхирахыг чагнадаг» гэдгийг мартахгүй байцгаая (Дуу. 34:15).
Хариулна уу
• Зовлон тохиолдоход Давид яасан бэ?
• Соломон хаан юунд итгэлтэй байсан бэ?
• Зовлон бэрхшээлийг тэвчихэд юу юу туслах вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны зураг]
Соломон Еховаг зовж шаналсан ард түмэндээ тусална гэдэгт итгэлтэй байсан
[15-р хуудасны зураг]
Давид Еховад залбирч, ачаагаа даатгаад, амиа аврах арга хэмжээ авсан