Танай гэр бүл жаргалтай байг
Танай гэр бүл жаргалтай байг
«Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун ухаанаар тогтдог» (СУР. 24:3).
1. Бурхан анхны хүнд хамаатай, ямар мэргэн ухаалаг шийдвэр гаргасан бэ?
МЭРГЭН ухаант тэнгэрийн Эцэг маань бидний сайн сайхан амьдралд юу хэрэгтэйг мэддэг. Бурхан хүнийг Еден цэцэрлэгт «ганцаараа байх нь сайн биш» гэж үзэж байв. Учир нь гэрлэсэн хосоос төрөх үр хүүхдээр «газар дэлхийг дүүргэх» санаа зорилготой байлаа (Эх. 1:28; 2:18).
2. Ехова хүн төрөлхтний сайн сайхны төлөө юу санаачилсан бэ?
2 Ехова: «Би түүнд тохирох туслагчийг бүтээе» хэмээн айлджээ. Тэгээд анхны хүнийг бөх гэгч унтуулаад, төгс биеэс нь нэг хавирга авч, түүгээрээ эмэгтэй хүн бүтээжээ. Ехова Ева гэгч тэр төгс эмэгтэйг Адамд авчирсанд тэрбээр: «Энэ бол яснаас минь авсан яс, махнаас минь тасалсан мах бөгөөд түүнийг эрэгтэй хүнээс гаргаж авсан тул эмэгтэй гэж нэрлэе» гэж хэлжээ. Ева Адамд яг тохирох туслагч байлаа. Тэр хоёр «Бурхны дүр төрхөөр» бүтээгдсэн, давтагдашгүй зан чанартай төгс хүмүүс байсан. Ийнхүү Ехова анхны гэр бүлийг санаачлан бий болгов. Адам Ева хоёр ч Бурхны санаачилсан, хэн хэнд нь тустай арга хэмжээг дуртайяа хүлээн зөвшөөрчээ (Эх. 1:27; 2:21–23).
3. Орчин үед хүмүүс гэр бүлийн талаар ямар үзэлтэй болсон бэ? Үүнээс үүдэн ямар ямар асуулт гардаг вэ?
3 Өнөөдөр хүмүүс Бурхны санаачилсан арга хэмжээ болох гэр бүлийг үнэлж хүндэлдэггүй тэрслүү хандлагатай болсон нь харамсалтай. Олон хүн гэр бүл болохыг хуучинсаг явдал, зовлон бэрхшээл, зөрчил тэмцлийн эхлэл гэж үздэг. Хүмүүс тийм үзлээсээ болж зовж шаналдагт Бурхныг буруутгах учиргүй. Нөгөө талаас, гэр бүл болдог хүмүүсийн дунд салж сарних явдал жирийн үзэгдэл болжээ. Үүний уршгаар үр хүүхэд эцэг эхийн хайр халамжийг үзэхээ больсноор барахгүй гэр бүлийн зөрчлийг хувьдаа ашигтайгаар эргүүлэх гэсэн увайгүй эцэг эхийнхээ барьцааны хэрэгсэл болдог. Гэр бүлийнхээ эв нэгдэл, амар тайвныг дээдлэн, хувийн ашиг сонирхлыг хойш нь тавьдаг эцэг эх цөөн болжээ (2 Тим. 3:3). Тэгвэл энэ хэцүү цагт айл гэрийг жаргалтай байлгах ямар арга байна вэ? Гэр бүлийг тогтвортой, бат бэх байлгахад дөлгөөн зан ямар үүрэгтэй вэ? Гэр бүлээ сайн сайхан авч яваа орчин үеийн христиануудын жишээнээс юунд суралцаж болох вэ?
Еховад захирагдан, дөлгөөн байх нь
4. а) Гэр бүл болох тухайд Паул ямар зөвлөгөө өгсөн бэ? б) Дуулгавартай христианууд Паулын зөвлөгөөг яаж хэрэгжүүлдэг вэ?
4 Бурхны ариун сүнсээр удирдуулсан элч Паул дахин гэрлэхийг хүссэн бэлэвсэн эмэгтэйчүүдэд «зөвхөн Эзэн дотор» гэрлэхийг зөвлөжээ (1 Кор. 7:39). Энэ зөвлөгөө урьд нь иудей шашин шүтдэг байсан христиануудын хувьд цоо шинэ ойлголт биш байлаа. Учир нь Бурхан эртний израильчуудад өгсөн Хуульдаа хөрш зэргэлдээ харь үндэстнүүдтэй «бүү гэрлэ» хэмээн тушаасан байв. Уг тушаалыг нь зөрчвөл ямар аюул учрахыг тайлбарлан: «[Харь үндэстэн] тэрээр хүүг чинь өөр бурхдыг шүтүүлэхийн тулд Миний араас холдуулан эргүүлнэ. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэж, та нарыг даруй устгах болно» гэж хэлжээ (Д. хууль 7:3, 4). Тэгвэл Ехова орчин үеийн үйлчлэгчдэдээ ямар шаардлага тавьдаг вэ? Христиан хүн ирээдүйн ханиа «зөвхөн Эзэн дотор» буюу Бурханд өөрийгөө зориулж, баптисм хүртсэн хүмүүсийн дундаас л сонгох ёстой. Энэ чухал асуудлаар Еховад захирагдан, дөлгөөн байх нь ухаалаг хэрэг юм.
5. Ехова Бурхан болон христианууд гэрлэлтийн тангаргийг хэрхэн үздэг вэ?
5 Гэрлэлтийн тангараг Бурхны хувьд их ариун бөгөөд чухал юм. Бурхны Хүү Есүс гэр бүлийн үүслийн талаар ярихдаа: «Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» гэж хэлсэн (Мат. 19:6). Дуулалч тангаргаа биелүүлэхийн чухлыг сануулан: «Бурханд талархлын өргөлийг өргөж, Хамгийн Дээд Нэгэнд амлалтуудаа биелүүл» хэмээсэн байдаг (Дуу. 50:14). Тоонот гэрт толгой холбож буй хоёр хүн жаргалтай сайхан амьдралыг хүсэн мөрөөдөх нь зүйн хэрэг. Гэхдээ хуримын өдөр өргөсөн гэрлэлтийн тангараг үүрэг хариуцлага дагуулдаг бөгөөд хөнгөн хуумгай хандаж болох зүйл биш гэдгийг санах нь зүйтэй (Д. хууль 23:21).
6. Иефтагийн жишээнээс юунд суралцаж болох вэ?
6 МЭӨ 12-р зуунд амьдарч байсан Израилийн шүүгч Иефтагийн жишээг үзье. Тэрбээр Еховад: «Хэрэв Та үнэхээр Аммоны хөвгүүдийг миний гарт өгвөл би Аммоны хөвгүүдээс амар мэнд буцаж ирэх үед гэрийн минь үүднээс намайг угтан гарч ирэх тэр л хүн ЭЗЭНийх байх бөгөөд би түүнийг шатаалт тахил болгон өргөнө» гэж амлажээ. Гэтэл түүнийг ялалт байгуулаад Мизпад гэртээ харьж ирэхэд угтан гарч ирсэн хүн нь цорын ганц хүүхэд нь болох охин нь байлаа! Иефта хэлснээсээ буцах шалтаг хайсан уу? Үгүй ээ. Харин ч тэрбээр: «Би ЭЗЭНд ам алдсан бөгөөд үгээ буцааж авч чадахгүй» гэж хэлсэн (Шүү. 11:30, 31, 35). Иефта өв хөрөнгийг нь эзэмшиж, үе залгамжлах үр хүүхэдгүй болсон ч Бурханд өргөсөн тангаргаа биелүүлсэн. Иефтагийн тангараг гэрлэлтийн тангараг биш байсан нь үнэн. Гэхдээ тэрбээр амлалтаа биелүүлсэн нь христиан нөхөр, эхнэрүүдэд сайхан жишээ болдог.
Гэр бүлээ сайн сайхан авч явахын нууц
7. Шинэхэн нөхөр эхнэр юугаа өөрчлөх хэрэгтэй вэ?
7 Олон хүний хувьд ирээдүйн ханьтайгаа үерхэж байсан үе нь нандин дурсамж болон үлддэг. Хамт байх тусам бие биедээ ижилдэн дасаж, ирээдүйн ханьтайгаа дотно танилцах сайхан байсан нь лавтай. Өөрсдөө танилцсан ч бай, зуучлуулж танилцсан ч бай, нэгэнт нөхөр эхнэр болсон бол үзэл бодлоо өөрчлөх шаардлага зайлшгүй гардаг. Нэг христиан нөхөр: «Бид гэрлэснийхээ дараахнаас, урьдынх шигээ ганц бие хүмүүс биш гэдэг чухал зүйлийг ойлгох ёстой болсон юм. Гэр бүлээ найз нөхөд, хамаатан садангаасаа дээгүүр тавьж сурах нь эхэндээ амаргүй л байсан» гэж илэн далангүй ярьжээ. Гэр бүл болоод 30 гаруй жилийн нүүрийг үзэж буй өөр нэг эрэгтэй «би гэх биш, бид гэж бодож сурах ёстойгоо» гэрлэснийхээ дараахнаас ойлгосон ажээ. Тэрбээр одоо аливаа шийдвэр гаргахаасаа өмнө, тухайлбал, бусдын урилгыг хүлээн авах эсэхээ шийдэхдээ гэргийтэйгээ санал бодлоо хуваалцаж, харилцан зөвлөдөг болжээ. Нөхөр эхнэр хоёр шийдвэр гаргахдаа дөлгөөн байх нь чухал юм (Сур. 13:10).
8, 9. а) Илэн далангүй харьцаа ямар учраас чухал бэ? б) Ямар асуудалд уян хатан байх хэрэгтэй вэ? Яагаад?
8 Өөр өөр зан заншил, хэл соёлтой хүмүүс гэр бүл болох нь бий. Тийм гэр бүлд илэн далангүй харьцаа их чухал. Ер нь, хүмүүсийн харьцах арга барил өөр өөр байдаг учир гэрийнхэнтэйгээ яаж харьцдагийг нь ажиглавал ханиа сайн ойлгодог болно. Заримдаа хүний дотоод сэтгэлийг ямар үг хэлснээс нь бус, яаж хэлж байгаагаас нь, бас байгаа байдал, нүүрнийх нь хувирлаас ойлгож болдог (Сур. 16:24; Кол. 4:6). Нөхөр эхнэр хоёр «Гэр орон мэргэн ухаанаар сүндэрлэж, оюун [«хэрсүү», ШЕ] ухаанаар тогтдог» гэж Библид бичсэн байдгийг санан, хэрсүү байвал аз жаргалтай амьдарна (Сургаалт үгс 24:3).
9 Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх асуудалд ч уян хатан байх нь чухал гэдгийг гэр бүлтэй болохлоороо олон хүн ойлгодог. Ганц бие байхдаа спортоор хичээллэх гэх мэтээр өөртөө их цаг гаргадаг байсан бол одоо амьдралын хэв маягаа өөрчлөх нь зүйтэй болов уу (1 Тим. 4:8). Бас эцэг эх, ах дүүтэйгээ хамт өнгөрүүлдэг байсан цагаа ч багасгах хэрэг гарах биз ээ. Гэр бүлийн хосууд сүнслэг үйл хэрэгт хамтдаа оролцохын зэрэгцээ ар гэрийн гэх мэтийн бусад ажлаа ч хамт хийх цаг гаргах нь зүйтэй (Мат. 6:33).
10. Эцэг эхчүүд болон өрх тусгаарласан хүүхдүүдийн хоорондын харьцаанд дөлгөөн зан ямар ач холбогдолтой вэ?
10 Эр хүн өрх тусгаарлан, эцэг эхээ орхидог. Эмэгтэй хүн ч хадамд очиж, эцэг эхээ орхидог (Эхлэл 2:24-ийг уншина уу). Гэсэн ч эцэг эхээ хүндэтгэх Бурхны тушаал тэдний хувьд хүчин төгөлдөр хэвээрээ байдаг. Тиймээс, гэрлэсэн хүүхдүүд төрсөн болон хадам эцэг эхдээ зав чөлөө гаргаж, санаа тавих үүрэгтэй. 25 жилийн өмнө өрх тусгаарласан нэг эрэгтэй: «Ханийнхаа болон төрсөн эцэг эх, ах дүү, хадмуудынхаа хэн хэнийх нь сэтгэлд нийцсэн шийдвэр гаргахад амаргүй байдаг. Энэ асуудлаар ухаалаг шийдвэр гаргахад Эхлэл 2:24 надад их тус болдог. Мэдээж, төрөл төрөгсдөө харж хандалгүй яах вэ. Гэхдээ юуны түрүүнд, ханиа халамжлан анхаарч байх ёстойг би энэ зүйлээс ойлгосон юм» гэж туршлагаасаа хуваалцжээ. Эцэг эхчүүд ч бас хүүхдүүдээ хүндэтгэж, өөрийн гэсэн тэргүүнтэй, туурга тусгаарласан айл болсныг нь ухамсарлан, тэдэндээ дөлгөөн хандах хэрэгтэй.
11, 12. Гэр бүлийн хичээл хийх, хамтдаа залбирах нь ямар учраас чухал бэ?
11 Гэр бүлийн хичээл хийж хэвших нь христиан айлд амин чухал. Үүнийг олон гэр бүлийн туршлага харуулдаг. Гэр бүлийн хичээл хийж хэвших нь амаргүй байдаг. Нэгэн өрхийн тэргүүн: «Цаг хугацааг ухрааж болдогсон бол бид гэр бүл болсон тэр л цагаас гэр бүлийн хичээл хийж хэвших байсан. Гэр бүлийн хичээлээс сургамжтай, сонирхолтой санаа олж, сүнслэг зүйлд баярлаж байгаа гэргийгээ харахад хэчнээн сайхан байдаг гээч!» гэж ярьсан юм.
12 Гэр бүлд тустай бас нэг хэвшил бол хамтдаа залбирах явдал юм (Ром 12:12). Еховаг шүтдэг нөхөр эхнэр хоёр Бурхантайгаа дотно харьцаатай байдгийн ачаар гэр бүлийнхээ харьцааг ч бат бэх байлгадаг (Иак. 4:8). Нэгэн христиан нөхөр: «Аар саар юманд эхнэрээ гомдоосондоо чин сэтгэлээсээ харамсаж байгаагаа харуулахын тулд эхнэрээсээ уучлал гуйхын зэрэгцээ хамт залбирахдаа Еховад алдаа дутагдлаа хэлдэг» гэж ярьжээ (Еф. 6:18).
Ханьдаа дөлгөөн хандах нь
13. Паул бэлгийн харьцааны талаар ямар зөвлөгөө өгсөн бэ?
13 Гэр бүлтэй христианууд хормойн дон туссан өнөөгийн нийгэмд жирийн болсон гаж явдлаас зайлсхийх хэрэгтэй. Элч Паул: «Нөхөр нь эхнэрийнхээ өмнө өөрийн үүргийг биелүүлэг. Үүнчлэн эхнэр нь мөн нөхрийнхөө өмнө өөрийн үүргийг биелүүлэг. Эхнэр нь өөрийн биеийг захирах эрх мэдэлгүй бөгөөд харин нөхөр нь захирна. Түүнчлэн нөхөр нь өөрийн биеийг захирах эрх мэдэлгүй бөгөөд харин эхнэр нь захирна. Та нар нэг нэгнээсээ хагацахаа зогсоо. Зөвхөн өөрсдийгөө залбиралд зориулахаар тохиролцсон цагт тус тусдаа байгаад, дахин хамтдаа байгаарай» хэмээн зөвлөөд: «Эс тэгвэл Сатан та нарыг биеэ барьж тэвчихгүй байдлаар чинь сорьж магадгүй юм» гэж сэрэмжлүүлжээ (1 Кор. 7:3–5). Тэрбээр залбирлын талаар дурдсан нь христиан хүний хувьд сүнслэг асуудал эн тэргүүнд байх ёстойг хэлсэн хэрэг байсан. Гэхдээ гэр бүлтэй христиан болгон ханийнхаа бие махбод болон сэтгэл санааны хэрэгцээг хангах учиртайг тодорхой хэлжээ.
14. Бэлгийн харьцааны асуудалд Библийн ямар зарчмуудыг баримтлах хэрэгтэй вэ?
14 Ханийнхаа бие махбодын хэрэгцээг үл тоомсорловол нөхөр эхнэрийн харьцаанд сэв суух аюул байдгийг анхаарч, энэ асуудлаар илэн далангүй ярилцах хэрэгтэй (Филиппой 2:3, 4-ийг уншина уу. Матай 7:12-той харьцуулна уу). Шашин шүтлэгийн хувьд хуваагдмал гэр бүлд иймэрхүү явдал мэр сэр гардаг. Гэхдээ христиан хүн биеэ зөв авч яван, ханьдаа сайхан сэтгэл гаргаж, эрх ашгийг нь өөрийнхөөсөө дээгүүр тавьдаг бол ханьтайгаа эв зүйгээ олж чадна (1 Петр 3:1, 2-ыг уншина уу). Ехова Бурхнаа болон ханиа хайрлах сэтгэлийг дөлгөөн зантай хослуулбал энэ ярвигтай асуудлыг ухаалгаар шийдэж чадна.
15. Нөхөр эхнэр хоёр бие биеэ хүндэтгэх нь яагаад чухал бэ?
15 Дөлгөөн зантай нөхөр бусад асуудалд ч эхнэрээ хүндэтгэж, аар саар юманд ч сэтгэлийг нь боддог. Гэрлээд 47 жил болсон нэг нөхөр: «Би одоо ч гэсэн энэ талаар суралцаж байна» гэж хэлсэн юм. Библийн зарчмаар, христиан эхнэр нөхрөө «хүндэтгэх» учиртай (Еф. 5:33, ШГ, 2005). Хүний дэргэд ханиа шүүмжилдэг, алдаа дутагдлыг нь хэлдэг эмэгтэйг нөхрөө хүндэтгэдэг гэж хэлэх аргагүй. Сургаалт үгс 14:1-д: «Мэргэн эмэгтэй орон гэрээ төвхнүүлдэг бол мунхаг эмэгтэй өөрийн гараар орон гэрээ нураадаг» гэж байдаг.
«Диаволд байр бүү өг»
16. Гэр бүлийн амьдралд Ефес 4:26, 27-г хэрхэн хэрэгжүүлж болох вэ?
16 «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» гэж Библид байдаг (Еф. 4:26, 27). Нөхөр эхнэр хоёр энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл санал зөрөхөөс сэргийлэх юм уу зөрлөө гэхэд үг хэлээ олж чадна. Нэг Гэрч эмэгтэй: «Нөхөр бид хоёр санал зөрөлдвөл хэдэн цагаар ч хамаагүй ярилцаж байгаад заавал учраа олдог. Юу ч тохиолдсон, бие биеэ уучилж, маргаанаа мартаж, өдөр бүрийг шинээр эхэлж байхаар шийдсэн юм» гэж ярьсан. Тэд аливаа асуудлыг тухайн өдөрт нь шийдэж байхаар анхнаасаа тохиролцсон аж. Ийнхүү тэд «Диаволд байр өгдөггүй» ажээ.
17. Гэр бүлийн хоёр таарамж муутай бол юун тухай санах нь тустай вэ?
17 Хэрэв та ханиа буруу сонгосон гэж боддог бол яах вэ? Бусдын адил ханийн жаргал эдэлдэггүй гэж боддог байж болох ч гэр бүлийг Санаачлагч Еховагийн үзэл бодлыг санаж явбал тустай. Паул Бурхны сүнсээр удирдуулан: «Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ» гэж христиануудад зөвлөжээ (Евр. 13:4). Бас «Гурамсалж гөрсөн сур тийм ч амар тасардаггүй» гэдгийг санаж явах хэрэгтэй (Ном. 4:12). Гэр бүлийн хоёр Ехова Бурхныхаа нэрийг ариусгахыг бүхнээс чухалд үздэг бол Бурхантайгаа ч, бие биетэйгээ ч дотно харьцаатай байна. Гэр бүлээ сайн сайхан авч явбал гэр бүлийг санаачилсан Еховаг магтан алдаршуулна гэдгийг ухамсарлаж, хүчин чармайлт гаргах ёстой (1 Петр 3:11).
18. Гэр бүлтэй христианууд юунд итгэлтэй байж болох вэ?
18 Христиан хүн ханьтайгаа жаргалтай амьдарч болдог нь тодорхой байна. Үүний тулд дор бүрнээ хичээж, христиан зан чанар, тэр дундаа, дөлгөөн занг хөгжүүлэх хэрэгтэй. Жаргалтай гэр бүлийг цогцлоон байгуулж болдгийн сайхан жишээ үзүүлдэг олон хүн Еховагийн Гэрчүүдийн дунд бий.
Хариулна уу
• Христиан хүн ханьтайгаа жаргалтай амьдарч болдог гэж үзэхийн учир юу вэ?
• Гэр бүлээ сайн сайхан авч явахын нууц юу вэ?
• Гэр бүлтэй хүмүүс ямар ямар зан чанар хөгжүүлэх хэрэгтэй вэ?
[Догол мөрийн асуулт]
[9-р хуудасны зураг]
Нөхөр эхнэр хоёр бусдын урилгыг хүлээж авах эсэхээ шийдэх, эсвэл ямар нэг ажил төлөвлөхдөө бие биетэйгээ зөвлөх нь ухаалаг хэрэг
[10-р хуудасны зураг]
Санал зөрөлдвөл тэр өдөртөө эв зүйгээ олохыг хичээгтүн. «Диаволд байр бүү өг»