Та бусдыг Еховагийн нүдээр хардаг уу?
Та бусдыг Еховагийн нүдээр хардаг уу?
«Бие дотор хагарал гарахгүй, харин эрхтнүүд нь бие биедээ адилхан халамжтай байх юм» (1 КОР. 12:25).
1. Анх сүнслэг диваажинд хөл тавихад танд ямар санагдаж байсан бэ?
АНХ ёс бус ертөнцөөс ангижран, Еховагийн ард түмний дунд орж, халуун дотно хайр халамжийг нь мэдрэхэд үнэхээр сайхан байж билээ. Тэд Сатаны ертөнцийн бүдүүлэг, муу санаатай, дайсагнасан хүмүүсээс эрс ялгарч байсан! Энх амгалан, эв нэгдэл ноёлсон сүнслэг диваажинд хөл тавьсан маань тэр байлаа (Ис. 48:17, 18; 60:18; 65:25).
2. а) Бусдыг үзэх үзэлд маань юу нөлөөлж болох вэ? б) Яах хэрэгтэй вэ?
2 Гэвч бид яваандаа төгс бусынхаа харгайгаар итгэл нэгтнүүдээ нөлөөтэй шилээр харж байгаа юм шиг өөрөөр хардаг болж магадгүй. Алдаа дутагдлыг нь томруулж харчихаад, Еховад таалагддаг олон сайхан чанарыг нь анзааралгүй өнгөрч мэднэ. Өөрөөр хэлбэл, тэднийг Еховагийн нүдээр харахаа больж болох юм. Үнэхээр тийм юм болбол үзэл бодлоо хянаж үзээд, Еховагийн үзэл бодолд нийцүүлэн засах хэрэгтэй (Ег. 33:13).
Ехова итгэл нэгтнүүдийг маань хэрхэн үздэг нь
3. Библид христиан хурлыг юутай зүйрлэсэн байдаг вэ?
3 1 Коринт 12:2–26-д элч Паул тослогдсон христиануудын хурлыг «олон эрхтэн» бүхий биетэй зүйрлэн бичжээ. Биеийн эрхтнүүд нэг нэгнээсээ өөр байдаг шиг хурлын гишүүд ааш зан, авьяас чадвараараа харилцан адилгүй байдаг. Гэсэн ч Ехова бүгдийг нь хүлээн авдаг. Тэрбээр хүн нэг бүрийг үнэлж хүндэтгэдэг. Тийм ч учраас, Паул хурлын гишүүдийг «бие биедээ адилхан халамжтай байх» хэрэгтэй гэж зөвлөсөн аж. Харин хүн болгон адилгүй тул энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхэд амаргүй байж болох юм.
4. Хурлынхаа ах дүүсийн талаарх үзэл бодлоо ямар үед өөрчлөх хэрэгтэй вэ?
4 Бид нэгнийхээ сул талыг л олж хардаг хандлагатай болж мэднэ. Энэ нь бага талбайг багтаадаг зургийн аппаратаар харахтай адилхан гэсэн үг. Харин Ехова тухайн объектыг орчин тойрных нь бүх юмтай нь багтаан авдаг зургийн аппарат шиг, итгэл нэгтнүүдийг маань тийн хардаг. Бид дургүй юмаа томруулж хардаг хандлагатай. Харин Ехова тухайн хүнийг бүхэлд нь харж, бүх сайн чанарыг нь анхаардаг. Еховаг дуурайхын хэрээр хурлын уур амьсгал халуун дулаан болж, эв нэгдэл бэхэжнэ (Еф. 4:1–3; 5:1, 2).
5. Бусдыг шүүх нь яагаад буруу вэ?
5 Төгс бус хүмүүс шүүмжлэх дуртайг Есүс сайн мэддэг байсан. Тэрбээр: «Шүүгдэхгүйн тулд чи бүү шүү» хэмээн зөвлөжээ (Мат. 7:1). Эх Библийг үзвэл, Есүс зүгээр нэг, «бүү шүү» гэж хэлээгүй ажээ. Харин сонсогчдынх нь дундаас олон хүн бусдыгаа шүүмжлэх зуршилтайг мэддэг байсан учраас «шүүхээ боль» гэж хэлсэн байна. Бид ч бас бусдыг шүүх зуршилтай юм биш биз? Хэрэв тийм бол шүүгдэхгүйн тулд энэ дутагдлаа засах талаар анхаарах шаардлагатай. Еховагийн томилсон хүнийг шүүмжлэх юм уу хуралд байх ёсгүй гэж хэлж болно гэж үү? Итгэл нэгтэн маань алдаа дутагдалтай байж болно. Гэхдээ Ехова тэр хүнийг голоогүй байхад бид голж болох уу? (Иох. 6:44). Ехова байгууллагаа удирддаг бөгөөд шаардлагатай бол цаг нь болохоор засаж залруулна гэдэгт бид үнэхээр итгэдэг үү? (Ром 14:1–4-ийг уншина уу).
6. Ехова үйлчлэгчдээ хэрхэн үздэг вэ?
6 Ехова биднийг шинэ ертөнцөд төгс байдалд хүрээд ямар болохыг маань урьдчилан мэдэх хосгүй чадвартай. Бас одоо сүнслэгээр хэрхэн өсөж, ямар амжилт гаргаж байгааг маань мэддэг. Тийм учраас, сул талыг маань дөвийлгөдөггүй. Дуулал 103:12-т: «Өрнө дорноос хол байдаг шиг Тэр бидний алдаа зөрчлийг биднээс тийн холдуулсан» гэж бичжээ. Бид үүнд талархах учиртай! (Дуу. 130:3).
7. Ехова Давидыг хэрхэн үздэг байсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?
7 Ехова хүний сайн талыг анхаарах онцгой чадвартай нь Библиэс харагддаг. Тэрбээр Давидыг: «Миний зарц Давид ...Миний тушаалуудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв гэгдэх зүйлсийг л үйлдэхээр Намайг бүх зүрх сэтгэлээрээ дагасан» гэж хэлжээ (Х.дээд 14:8). Давид алдаа гаргаж байсныг бид мэднэ. Гэхдээ Ехова түүний «чин үнэнч зүрхтэйг» мэддэг байсан тул сайн талыг нь илүү анхаардаг байжээ (Ш.дээд 29:17).
Итгэл нэгтнүүдээ Еховагийн нүдээр харагтун
8, 9. а) Еховаг хэрхэн дуурайж болох вэ? б) Ехова хүнийг яаж үздэгийг жишээгээр тайлбарлана уу. Энэ жишээ ямар сургамжтай вэ?
8 Ехова хүний зүрхийг хардаг. Харин бид харж чаддаггүй. Тийм учраас бусдыг шүүмжлэх ёсгүй. Хүн дотроо юу бодож явааг бид мэдэхгүй. Хүний төгс бус байдал хэзээ нэгэн цагт арилж устах нь дамжиггүй. Тиймээс Еховаг дуурайн, бусдынхаа төгс бус байдлыг анхаарахгүй байх зорилго тавиарай. Тэгвэл итгэл нэгтнүүдтэйгээ илүү эвтэй байж чадна (Еф. 4:23, 24).
9 Жишээ нь, эвдэрхий хаалгатай, хагархай цонхтой, цоорхой дээвэртэй, хуучин байшин байлаа гэж бодъё. Ихэнх хүн ийм байшинг нураах хэрэгтэй гэж бодох байх. Гэтэл тэднээс шал өөр бодолтой хүн байж болно. Байшингийн гадаад үзэмж тааруу ч, яс чанар нь сайн байгааг хараад сэргээн засаж болно гэж бодож болох юм. Тэгээд байшинг худалдан авч, гаднах төрхийг нь засаж янзлаад, өнгө үзэмжтэй болгомогц хажуугаар нь өнгөрсөн хүн бүр ямар сайхан байшин бэ гэж шагшин магтана. Бид тэр хүн шиг болж болно биз дээ? Итгэл нэгтнүүдийнхээ ил харагддаг муу талыг анхаарахын оронд тэр бүр ил гараад байдаггүй сайн чанарыг нь олж харахыг хичээн, хэзээ нэгэн цагт сүнслэгээр өсөх ирээдүйтэй гэж бодож болохгүй гэж үү? Тийм бол Еховатай адилхан, итгэл нэгтнүүдийнхээ сайхан чанарыг нь үнэлж, тэднийг хайрладаг болно (Еврей 6:10-ыг уншина уу).
10. Филиппой 2:3, 4-т бичсэн зөвлөгөө бидэнд ямар ач тустай вэ?
10 Элч Паул бидэнд хурлынхаа бүх гишүүнтэй сайн харьцаатай байхад тустай хэдэн зөвлөгөө өгчээ. Тэрбээр: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» хэмээн уриалсан байна (Флп. 2:3, 4). Зөв үзэлтэй байж, бусдыг Еховагийн нүдээр харахын тулд даруу байх шаардлагатай. Бас бусдын ашиг сонирхлыг өөрийнхөөсөө дээгүүр тавьж, сайн талыг нь олж харахыг хичээх хэрэгтэй.
11. Сүүлийн үед зарим хуралд ямар өөрчлөлт гардаг болсон бэ?
11 Сүүлийн үед дэлхий дахинаа болж буй үйл явдлаас болоод хүмүүсийн нүүж суух нь их болжээ. Зарим хотод гадаадын иргэд олноороо суурьшсан байдаг. Тэдний дунд Библийн үнэнийг сонирхож, Еховаг шүтдэг болсон хүн цөөнгүй. Тэд бол «үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн» хүмүүс юм (Илч. 7:9). Үүний дүнд, олон үндэстнээс бүрдсэн хурал бий болдог.
12. Христианууд нэг нэгнээ хэрхэн үздэг байх ёстой вэ? Энэ нь яагаад амаргүй вэ?
12 Тийм тохиолдолд, бид хурлынхаа гишүүдийг Еховагийн нүдээр хардаг байх талаар илүү анхаарах хэрэгтэй болж болох юм. Үүний тулд «чин сэтгэлээс ах дүүсээ хайрлаж», «бие биеэ зүрх сэтгэлээс халуунаар хайрла» хэмээсэн элч Петрийн зөвлөгөөг санах нь зүйтэй (1 Петр 1:22). Олон үндэстнээс бүрдсэн хуралд чин сэтгэлийн, халуун хайрыг хөгжүүлэх амаргүй байж мэднэ. Итгэл нэгтнүүдийн маань соёл боловсрол, амьдрал ахуй биднийхээс тэс өөр байж магадгүй. Таны хувьд тэдний бодох сэтгэх, аливаад хандах хандлагыг ойлгоход хэцүү байдаг уу? Тэд ч бас таны тухай тэгж бодож байж болох юм. Ямар ч байлаа гэсэн, христиан хүн бүр «Ахан дүүсийн барилдлагааг хайрла» гэсэн тушаалыг сахих учиртай (1 Петр 2:17).
13. Ямар үзэл бодлыг өөрчлөх хэрэгтэй байж болох вэ?
13 Итгэл нэгт ах дүүсээ хайрлах сэтгэлээ «өргөнөөр нээхийн» тулд үзэл бодлоо өөрчлөх хэрэг гарч мэднэ (2 Коринт 6:12, 13-ыг уншина уу). «Би тэр хүнийг муулж байгаа юм биш л дээ. Гэхдээ л...» гэж хэлээд, аль нэг үндэстний нийтлэг дутагдлыг тоочдогоо та анзаарсан байж магадгүй. Тийм хандлагатай байвал сэтгэлийнхээ гүнд нуугдсан атгаг санааг ул мөргүй арилгах хэрэгтэй. Та өөрөөсөө: «Би өөр хэл, соёлтой итгэл нэгтнүүдтэйгээ илүү дотно танилцахыг үргэлж хичээдэг үү?» гэж асуугаарай. Ингэж өөрийгөө шалгавал олон улсын ахан дүүсийн барилдлагааг илүү үнэлдэг болно.
14, 15. а) Бусдын талаарх үзэл бодлоо өөрчилсөн хүмүүсийн жишээ хэлнэ үү. б) Тэднийг хэрхэн дуурайж болох вэ?
14 Үзэл бодлоо өөрчилсөн олон хүний жишээ Библид гардаг. Тэдний нэг нь элч Петр юм. Иудейчүүдийн нэгэн адил, харь үндэстэн айлд орохыг цээрлэдэг байсан тэрбээр хөвч хөндүүлээгүй Корнелийн гэрт очих даалгавар аваад юу бодсон бол оо! Бурхан бүх үндэстний хүмүүсийг христиан хурлын гишүүн болгохыг хүсдэг гэдгийг ойлгоод, үзэл бодлоо өөрчилсөн (Үйлс 10:9–35). Элч Паул болсон Саул ч бас үзэл бодлоо өөрчилж, атгаг санаагаа орхих хэрэгтэй болжээ. Христиануудыг ихэд үзэн яддаг байсан тэрбээр «Бурхны чуулганыг хэт хавчиж, устгахыг оролдож байв». Гэсэн хэдий ч Есүс Христ түүнийг засаж залруулсан учраас үзэл бодлоо өөрчилж, түүгээр зогсохгүй, хавчдаг байсан хүмүүсийнхээ удирдлага зааврыг дагах болсон (Гал. 1:13–20).
15 Үүнээс үзвэл, бид ч гэсэн Еховагийн сүнсний тусламжтайгаар үзэл бодлоо өөрчилж чадна. Хэрэв бид өөрсдөөсөө атгаг санааны ул мөр олж харсан бол үндсээр нь арилгаж, «амар тайвны хүлээс дотор Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээцгээе» (Еф. 4:3–6). Библи бидэнд «хайрыг өмсөхийг» уриалдаг. Учир нь «хайр бол эв нэгдлийн төгс холбоос юм» (Кол. 3:14).
Дэлгэрүүлэх ажилдаа Еховаг дуурайх нь
16. Бурхны хүсэл юу вэ?
16 «Бурханд ялгаварлах үзэл байдаггүй» гэж элч Паул бичжээ (Ром 2:11). Ехова бүх үндэстний хүмүүсээр өөрийгөө шүтүүлэхийг хүсдэг (1 Тимот 2:3, 4-ийг уншина уу). Энэ хүслээ биелүүлэхийн тулд «мөнхийн сайн мэдээг» «аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд» тунхаглах арга хэмжээ авсан (Илч. 14:6). Есүс ч бас: «Талбай нь дэлхий» гэж хэлжээ (Мат. ). Тэгвэл энэ үг танд болон таны гэр бүлийнхэнд ямар ач холбогдолтой вэ? 13:38
17. Янз бүрийн хүмүүст туслахын тулд яах хэрэгтэй вэ?
17 Хаанчлалын тухай сайн мэдээг тунхаглахын тулд дэлгэрүүлэгч болгон дэлхийн өнцөг булан бүрд очоод байх боломжгүй. Гэхдээ нутагт маань амьдардаг олон үндэстний хүмүүст энэ мэдээг хүргэх сайхан боломж бидэнд бий. Та дэлгэрүүлж дассан хүмүүсээсээ гадна өөр янз бүрийн хүмүүст дэлгэрүүлэх боломж хайдаг уу? Сайн мэдээг сонсож байгаагүй хүмүүст дэлгэрүүлэх зорилго тавивал ямар вэ? (Ром 15:20, 21).
18. Есүс хүмүүсийн талаар ямар бодолтой байсан бэ? Үүнийгээ хэрхэн илэрхийлсэн бэ?
18 Бүх хүнд тусламж хэрэгтэйг Есүс сайн мэддэг байсан. Тэрбээр нэг л газраа дэлгэрүүлээд байдаггүй байв. Библийн нэг номд бичсэнээр, Есүс «бүх хот тосгоноор явж байлаа». Тэгээд «хүмүүсийг хараад ...өрөвдөж», тэдэнд туслах хэрэгтэй гэж хэлсэн (Мат. 9:35–37).
19, 20. Ехова Есүс хоёр хэнийг ч ялгалгүй, бүх хүнд санаа тавьдгийг бид хэрхэн дуурайх вэ?
19 Яавал Есүсийнх шиг сэтгэлээр үйлчлэх вэ? Зарим Гэрч албан газар, цэцэрлэг парк, буудал зогсоол, харуул хамгаалалттай орон сууцны ойр орчим гэх зэрэг хурлынхаа тогтмол дэлгэрүүлдэггүй хэсгээр явахыг хичээдэг. Дэлгэрүүлдэг хэсэгт нь нүүж ирсэн юм уу тэнд амьдраад удсан ч сайн мэдээ тогтмол сонсож байгаагүй гадаадын хүмүүст дэлгэрүүлэхийн тулд хэлийг нь сурдаг Гэрчүүд ч байдаг. Эх хэлээр нь мэндэлж сурвал тэдний төлөө үнэхээр санаа тавьдгаа харуулж буй хэрэг болно. Өөрөө гадаад хэл сурах боломжгүй бол бусдыг уриалж болно шүү дээ. Бид гадаад хүмүүст дэлгэрүүлэх гэж чармайдаг итгэл нэгтнүүдээ ойлгодог ба тэдний талаар буруугаар боддоггүй. Яагаад гэвэл, Бурхны хувьд бүх хүний амь үнэ цэнтэй бөгөөд бид ч бас Бурхныхтай адилхан үзэл бодолтой байхыг хүсдэг (Кол. 3:10, 11).
20 Амьдрал ахуй, орчин нөхцөлийг нь үл харгалзан, бүгдэд дэлгэрүүлэх нь бас хүмүүсийг Бурхны нүдээр харж байгаа хэрэг мөн. Орон гэргүй юм уу бохир заваан, завхай зайдан амьдралтай хүнд ч дэлгэрүүлэх хэрэгтэй. Хэн нэг хүний таагүй харьцаанаас болоод тухайн үндэстэн ястны талаар муу юм бодох нь зохисгүй. Паул зарим иудей хүнийг өөрт нь муу хандсанаас болоод бүх иудей үндэстэнд дэлгэрүүлэхээ больё гэж бодоогүй шүү дээ (Үйлс 14:5–7, 19–22). Тэдний дунд сайн мэдээг хүлээн авах хүн байгаа гэдэгт итгэлтэй байсан.
21. Бусдыг Еховагийн нүдээр хардаг байх нь танд ямар ач тустай вэ?
21 Хурлынхаа итгэл нэгтнүүдтэй сайн харьцаатай байж, олон улсын ахан дүүсийн барилдлагааг үнэлэн эрхэмлэж, янз бүрийн хүнд сайн мэдээг дуртайяа хүргэхэд зөв үзэлтэй байх буюу бусдыг Еховагийн нүдээр харах нь чухал гэдгийг одоо бид сайн ойлгодог боллоо. Бид Еховагийн үзэл бодлыг хэдийчинээ сайн тусган харуулна, төдийчинээ тайван амгалан, эв нэгдэлтэй байна. Түүнчлэн, хэнд ч «долигонолгүй», өөрийн «мутрын бүтээл» болох бүх хүнийг анхааран халамжилдаг Ехова Бурхныг мэдэж, хайрладаг болоход нь бусдад илүү сайн тусалж чадна (Иов 34:19).
Хариулна уу
• Итгэл нэгтнүүдийнхээ талаар юу гэж бодохгүй байх нь зөв бэ?
• Итгэл нэгтнүүдээ Еховагийн нүдээр хардаг болохын тулд яах хэрэгтэй вэ?
• Олон улсын ахан дүүсийн барилдлагааг үзэх талаар та ямар сургамж авсан бэ?
• Дэлгэрүүлж явахдаа хүмүүсийг яаж Еховагийн нүдээр харах вэ?
[Догол мөрийн асуулт]
[26-р хуудасны зураг]
Та өөр хэл, соёлтой хүмүүстэй илүү дотно танилцахын тулд яадаг вэ?
[28-р хуудасны зураг]
Та сайн мэдээг илүү олон хүнд хүргэхийн тулд яадаг вэ?