«Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?»
«Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ?»
«Та нарын дунд хэн чинь мэргэн агаад ухаалаг вэ? Тэр хүн өөрийн үйлсийг мэргэн ухааны дөлгөөн байдлаар биеэ зөв авч яван харуул» (ИАК. 3:13).
1, 2. Мэргэн ухаантай гэгддэг хүмүүсийн талаар юу хэлж болох вэ?
ТАНЫ бодлоор хэн жинхэнэ мэргэн ухаантай вэ? Эцэг эх тань уу, ахмад буурлууд уу? Эсвэл их сургуулийн эрдэмтэн профессорууд уу? Энэ асуултад хүмүүс соёл боловсрол, орчин ахуй зэргээсээ шалтгаалаад өөр өөрөөр хариулах байх. Харин Бурхны үйлчлэгчид Бурхныхаа үзэл бодлыг гол болгодог.
2 Ертөнцийн хүмүүсийн мэргэн ухаантай гэсэн болгон Бурхны нүдэнд мэргэн байдаггүй. Жишээ нь, өөрсдийгөө мэргэн үгээр ярьдаг, ухаантай гэж үздэг хүмүүст Иов: «Та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна» гэж хэлсэн (Иов 17:10). Бурхны тухай мэдэхийг хүсдэггүй хүмүүсийн талаар элч Паул: «Мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон» хэмээн бичжээ (Ром 1:22). Бас Ехова: «Өөрийнхөө нүдэнд мэргэн... байгчид гаслантай яа!» хэмээн зөнч Исаиагаар хэлүүлжээ (Ис. 5:21).
3, 4. Жинхэнэ мэргэн ухаантай байя гэвэл яах ёстой вэ?
3 Ер нь, Бурхан ямар хүнийг жинхэнэ мэргэн ухаантай гэж үзэж, таалдгийг мэдэх хэрэгтэй. Сургаалт үгс 9:10-т: «ЭЗЭНээс эмээхүй нь мэргэн ухааны эхлэл мөн. Ариун Нэгнийг таньж мэдэх нь оюун ухаан мөн» хэмээн бичсэн байдаг. Мэргэн ухаантай хүн Бурхнаас зохих ёсоор эмээж, хэм хэмжээг нь хүндэтгэдэг. Гэхдээ, энэ нь Бурхан байдаг бөгөөд хэм хэмжээ тогтоосон гэдгийг нь хүлээн зөвшөөрөх төдий хэрэг биш юм. Өөр яах ёстойг шавь Иаковын хэлсэн үгнээс мэдэж болно (Иаков 3:13-ыг уншина уу). «Тэр хүн өөрийн үйлсийг ...биеэ зөв авч яван харуул» гэж бичсэнийг анхаарвал жинхэнэ мэргэн ухаан бидний өдөр тутмын үйл хэрэг, үг ярианаас харагдах ёстой ажээ.
4 Жинхэнэ мэргэн ухаан бол эрүүлээр сэтгэж, мэдлэг, ойлголтоо амжилттай хэрэгжүүлэх чадвар юм. Жинхэнэ мэргэн ухаантай хүнийг ямар үйлсээр таньж болох вэ? Иаков мэргэн хүнийг илчлэх үйлсийг тоочжээ. * Энэ нь итгэл нэгтнүүдтэйгээ болон итгэгч бус хүмүүстэй сайн харьцаатай байхад бидэнд тустай.
Жинхэнэ мэргэн хүнийг харуулах үйлс
5. Жинхэнэ мэргэн ухаантай хүн биеэ хэрхэн авч явдаг вэ?
5 Иаков мэргэн ухааныг биеэ зөв авч явахтай холбосныг дахин нэг анхааръя. Мэргэн ухааны эхлэл нь Еховагаас эмээх явдал учир мэргэн ухаантай хүн Бурхны тогтоосон хэм хэмжээний дагуу биеэ авч явахыг хичээдэг. Хүн анхнаасаа Бурхны мэргэн ухаантай төрдөггүй. Гэхдээ Библийг тогтмол судалж, байнга эргэцүүлэн боддог бол мэргэн ухаантай болж болдог. Тийм хүн «Бурхныг дуурайгчид болцгоо» хэмээн Ефес 5:1-д бичсэн зөвлөгөөг дагаж чадна. Еховаг хэдийчинээ сайн дуурайна, үйл хэрэг маань төдийчинээ мэргэн байна. Еховагийн «зам» хүнийхээс дэндүү агуу билээ (Ис. 55:8, 9). Тийм учраас, аливаа зүйлийг хийхдээ Еховагийн арга барилыг дуурайхын хэрээр бусдаас нэг л өөр байдгийг маань итгэгч бус хүмүүс анзаарах болно.
6. Бурхныг дуурайх нэг арга нь дөлгөөн зантай байх явдал гэж хэлж болохын учир юу вэ? Дөлгөөн зантай хүн ямар байдаг вэ?
6 Еховаг дуурайх нэг арга бол «мэргэн ухааны дөлгөөн» зантай байх явдал гэж Иаков хэлсэн. Мэргэн ухааны дөлгөөн зантай хүн нөхцөл байдалд тохируулан, уян зөөлөн ч байж чаддаг, ёс суртахууны асуудалд хатуу чанд ч байж чаддаг. Тиймд аливаа асуудалд дүн нуруутай ханддаг. Бурхан хэдийгээр хязгааргүй хүчтэй ч дөлгөөн зантай учир бид түүнээс айж халгадаггүй. Бурхны Хүү Эцгийгээ дуурайсан дөлгөөн зантай хүн байсан тул: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно» хэмээн хэлсэн (Мат. 11:28, 29; Флп. 2:5–8).
7. Мосег ямар учраас дөлгөөн зангийн сайхан жишээ үзүүлсэн гэж хэлж болох вэ?
7 Библид дөлгөөн, даруу зангаараа алдартай хүмүүсийн тухай гардаг. Тэдний нэг нь Мосе юм. Тэрбээр өндөр үүрэг хариуцлага хүлээдэг байсан ч «дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа» (Тоол. 11:29; 12:3). Тийм учраас, Ехова өөрийнх нь хүсэл тааллыг биелүүлдэг байсан түүнд тусалж, хүч, зориг өгдөг байсныг бид мэддэг. Ер нь, Ехова санаа зорилгоо биелүүлэхдээ дөлгөөн хүмүүсийг ашигладаг.
8. Төгс бус хүмүүс «мэргэн ухааны дөлгөөн» занг хэрхэн илэрхийлж болох вэ?
8 Тэгэхлээр, хүн төгс бус ч гэсэн «мэргэн ухааны дөлгөөн» зан илэрхийлж болдог ажээ. Харин энэ чанарыг яаж илүү сайн илэрхийлдэг болох вэ? Дөлгөөн зан бол Еховагийн ариун сүнсний үр жимсний нэг хэсэг юм (Гал. 5:22, 23). Тиймд сүнсний энэ үр жимсийг хөгжүүлэхэд Бурхан тусална гэж найдан, сүнсийг нь гуйн залбирч, дөлгөөн зан илэрхийлэхийг зориуд хичээх хэрэгтэй. Дуулалчийн: «[Бурхан] даруу хүнийг шударгаар удирдаж, тэдэнд Өөрийн замыг сургадаг» гэж хэлсэн үг бидэнд урам нэмдэг (Дуу. 25:9).
9, 10. Бурхныг дуурайн дөлгөөн зан илэрхийлэхэд аль хэр хүчин чармайлт гаргах хэрэгтэй вэ? Яагаад?
9 Гэхдээ дөлгөөн занг хөгжүүлэхэд нэлээд хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Зарим хүний хувьд соёл, хүмүүжлээсээ болоод дөлгөөн байх амаргүй байж болох юм. Мөн эргэн тойрныхон маань, «хүмүүс яаж харьцана, адилхан харьц» гэсэн үзлийг хөөрөгддөг. Гэтэл ингэх нь үнэхээр ухаалаг хэрэг мөн үү? Жишээ нь, гэрт тань гал гарвал та тос хийх үү, ус хийх үү? Тос хийвэл гал улам дүрэлзэж, ус хийвэл унтарна. Үүнтэй адилхан санаа Библид байдаг. Сургаалт үгс 15:1, 18-д: «Эелдэг [буюу дөлгөөн] хариулт уур хилэнг зайлуулна. Харин хүйтэн цэвдэг үгс уур хилэнг хөдөлгөнө» хэмээн сануулжээ. Та итгэл нэгтэн юм уу итгэгч бус хүний аль нэгтэй ам муруйлаа гэхэд дөлгөөн байж, жинхэнэ мэргэн ухаантай гэдгээ харуулж чадах уу? (2 Тим. 2:24).
10 Хүмүүс ертөнцийн сүнсний нөлөөнд автвал уян зөөлөн, эв найртай, амгалан тайван байж чадахгүй, хатуу ширүүн, ууртай догшин болдог. Иаков үүнийг мэддэг байсан бөгөөд хурлын гишүүдийг тийм «сүнсэнд» хордохоос нь сэргийлж, анхааруулжээ. Тэр анхааруулгаас бид өөр юу мэдэж болох вэ?
Мэргэн бус хүмүүсийн гаргадаг зан авир
11. Ямар ямар зан Бурхны мэргэн ухаантай харшилдаг вэ?
11 Иаков: «Та нар зүрхэндээ хорссон атаархал, хувиа хичээсэн зорилготой [«дайсагнах зантай», ШГ] бол бүү бардамна, үнэний эсрэг худал бүү ярь» хэмээн жинхэнэ мэргэн ухаантай харшилдаг занг тодорхой бичжээ (Иаков 3:14). Атаархал, дайсагнал зэрэг нь махан биеийн хандлага бөгөөд сүнслэг хүмүүс ийм зан гаргадаггүй. Сүнслэг бус үзэлд автвал юу болдгийг авч үзье. Есүсийг цаазалж, оршуулсан гэж олон хүний боддог газар барьсан Иерусалим дахь Ариун бунхны сүмийг Христ шашны зургаан бүлэг хамтран эзэмшдэг ажээ. Гэхдээ тэд өнөөг хүртэл өөр хоорондоо дайсагналцсаар байна. 2006 оны «Тайм» сэтгүүлд, санваартнууд «хэдэн цагаар хэрэлдэж, лааны том сууриар зодолддог... байсан» тухай бичжээ. Хэл амаа ололцож чадахгүй болсон тэд эцэстээ сүмийн түлхүүрийг лалын шашинтанд өгч хадгалуулахад хүрсэн байна.
12. Мэргэн ухаан дутвал юу болох вэ?
12 Жинхэнэ христиануудын дунд ийм дайсагналцал байх ёсгүй. Гэхдээ төгс бусынхаа улмаас зарим христиан өөрийнхөөрөө зүтгэснээс болоод хэрүүл маргаан гардаг. Элч Паул Коринтын хуралд ийм явдал байгааг ажиглаад, «Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү?» хэмээн бичжээ (1 Кор. 3:3). Тэгэхлээр, I зууны Коринтын хуралд нэгэн үе тийм таагүй уур амьсгал байсан аж. Орчин үеийн христиан хуралд ч бас дайсагналцал бий болж болзошгүй тул бид анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.
13, 14. Хүн яаж сүнслэг бус үзэл гаргаж болдгийг жишээгээр хэлнэ үү.
13 Тийм уур амьсгал шалихгүй юмнаас үүсдэг. Жишээ нь, Хаанчлалын танхим барих үед тухайн зүйлийг яаж хийх вэ гэдэг дээр санал зөрөлдсөнөөс маргаан гарч магадгүй. Саналыг нь хүлээж аваагүй бол бусдынхаа гаргасан шийдвэрийг шүүмжлэх юм уу, тэр бүү хэл, ажлаа орхих хүн ч гарч болох юм. Энэ нь, хуралтай холбоотой ажлын амжилт тусгай арга барилаас бус, эв нэгдлээс ихээхэн шалтгаалдгийг мартаж байна гэсэн үг юм. Ехова дайсагнасан зантай хүнийг ивээдэггүй, харин дөлгөөн хүнийг ивээдэг (1 Тим. 6:4, 5).
14 Өөр жишээ авъя. Нэлээд хэдэн жил ахлагчаар үйлчилж байгаа нэг хүн Библийн шаардлага хангаж чадахаа больсоныг хурлын бусад ахлагч анзаарчээ. Өмнө нь тодорхой зөвлөгөө өгсөн ч засраагүй тул ахлагчид түүний ахлагч байх эрхийг хасахаар шийдсэнийг дүүргийн харгалзагч дэмжжээ. Тэр ахлагч яах бол? Ахлагчдын санал нэгтэй баталсан шийдвэр болон Библид үндэслэсэн зөвлөгөөг даруу бөгөөд дөлгөөн зангаар хүлээж аваад, ахлагчаар дахин үйлчлэхийн тулд Библийн шаардлагыг биелүүлэхээр сэтгэл шулуудах болов уу? Эсвэл нэр хүндтэй байр сууриа алдах болсондоо дотроо дургүйцэн гомдож, бусад ахлагчид атаархах болов уу? Шаардлага хангахгүй хүн ахлагчаар үйлчилж чадахгүй нь ойлгомжтой. Даруу байж, учир байдлыг ойлгох нь мэргэн ухаантайн шинж юм.
15. Иаков 3:15, 16-ийн зөвлөгөөг тийм чухал гэж үзэхийн учир юу вэ?
15 Дээрх хандлага өөр үед ч илэрч болох нь ойлгомжтой. Гэхдээ юу ч болж байсан, тийм зан гаргахгүйг хичээх хэрэгтэй (Иаков 3:15, 16-г уншина уу). Шавь Иаков атаархал, дайсагнал зэргийг сүнслэг бус учир «газрынх» хэмээгээд, оюун ухаангүй адгуусны зан авиртай төстэй тул «төрөлхийнх» гэжээ. Бас Бурхныг эсэргүүцдэг сүнсэн бүтээлүүдийн илэрхийлдэг чанар учраас «чөтгөрийнх» гэж нэрлэсэн аж. Тэгэхлээр, христиан хүн ийм хандлагатай байж хэрхэвч болохгүй!
16. Бид ямар хандлагыг засах хэрэгтэй вэ? Яавал бүрмөсөн засаж чадах вэ?
16 Христиан хурлын гишүүд дор бүрнээ өөрсдийгөө шалгаж, тийм хандлага илрэх бүрд засаж байх шаардлагатай. Энэ нь «багш нар» буюу харгалзагчдад бүр ч их хамаатай. Гэхдээ төгс бус байдал болон энэ ертөнцийн нөлөөнөөс болоод атаархал, дайсагнах үзлээс бүрмөсөн ангижрах тэр бүр амаргүй. Үүнийг шавар шавхайтай жимээр уул өөд өгсөхтэй зүйрлэж болно. Хэрэв ямар нэг юмнаас барихгүй бол эргээд гулсана. Харин Библийн зөвлөгөөг чанга барих буюу хэрэгжүүлж, дэлхий даяар байдаг Бурхны хурлаас тусламж авбал урагшаа явж чадна (Дуу. 73:23, 24).
Мэргэн хүмүүсийн илэрхийлэхийг хичээдэг зан чанар
17. Мэргэн ухаантай хүн бузар муутай тулгарахдаа яадаг вэ?
17 Иаков 3:17-г уншина уу. «Дээрээс ирэгч мэргэн ухаанаас» гардаг зарим чанарыг авч үзээд, ач тус хүртэцгээе. Ариун байна гэдэг нь үйл хэргээрээ ч, зүрх сэтгэлээрээ ч цэвэр ариун, бузартаагүй байна гэсэн үг. Бид бузар муу юмнаас нэн даруй, тэгэхдээ бүр, өөрийн мэдэлгүй нүүр буруулдаг байх шаардлагатай. Та мэдрэлийн алхаар тойгныхоо шөрмөсийг тогшуулж үзсэн байх. Хөлөө хөдөлгөе гэж бодоогүй байхад хөл тань өөрийн мэдэлгүй өшиглөж байгаа юм шиг хөдөлсөн биз дээ? Бид бузар муугийн сорилттой тулгарахдаа бас ийм байх ёстой. Өөрөөр хэлбэл, ариун байдал хийгээд Библиэр сургасан мөс чанартаа хөтлөгдөн, бузар муугаас өөрийн мэдэлгүй нүүр буруулдаг байх учиртай (Ром 12:9). Энэ талаар Иосеф Есүс нар сайхан жишээ үлдээснийг Библид тэмдэглэсэн байдаг (Эх. 39:7–9; Мат. 4:8–10).
18. а) Амар тайван байна гэж яахыг хэлдэг вэ? б) «Амар тайвныг бүтээгч» байна гэж юу гэсэн үг вэ?
18 Дээрээс ирэгч мэргэн ухаантай байя гэвэл амар тайван байх хэрэгтэй. Энэ нь амар тайвныг эвддэг түрэмгий явдал, хэрүүл маргаан гэх мэтээс зайлсхийнэ гэсэн үг. Иаков энэ санааг дэлгэрэнгүй тайлбарлаж: «Үр жимс нь зөв байгчийн үр нь амар тайвныг бүтээгчдээр амар тайванд таригддаг» гэж бичжээ (Иак. 3:18). «Амар тайвныг бүтээгч» гэдэг үгийг анхааръя. Та хуралдаа амар тайвныг бүтээгч гэдгээрээ алдартай юу, эсвэл амар тайвныг эвдэн бусниулагч гэдгээрээ зартай юу? Бусадтай байнга санал зөрөлдөн, өөрөө ч уурлаж, өрөөлийг ч уурлуулаад байдаг уу? Итгэл нэгтнүүд маань намайг байгаагаар минь хүлээн авах ёстой гэж боддог уу, эсвэл бусдын уурыг хүргэдэг муу зангаасаа салах гэж даруухнаар хичээдэг үү? Бусдыгаа дор нь уучилж, алдаа дутагдлыг нь мартан, эв эеэ хадгалахын тулд буулт хийхэд бэлэн байдаг уу? Ингэж өөрийгөө шударгаар шалгавал дээрээс ирэгч мэргэн ухааны нэг илрэл болох амар тайвныг «бүтээхэд» юу анхаарах хэрэгтэйгээ мэдэж авна.
19. «Эелдэг» хүн ямар байдаг вэ?
19 Иаков дээрээс ирэгч мэргэн ухаантай хүний нэг шинжийг эелдэг зан гэжээ. «Эелдэг» гэж орчуулсан грек үг бас буулт хийх гэсэн утгатай. Библийн зарчимтай холбоогүй асуудал гарвал та өөрийнхөө баримталдаг хэм хэмжээг бусдад тулгалгүй, буулт хийхэд бэлэн байдаг уу? Та харьцахад амархан, уян зөөлөн хүн үү? Хүмүүс таныг тийн үздэг бол та эелдэг хүн гэсэн үг.
20. Энэ өгүүллээр авч үзсэн чанаруудыг илэрхийлбэл ямар үр дүнд хүрэх вэ?
20 Христианууд Иаковын тоочин бичсэн зан чанаруудыг илэрхийлэхийг хэдийчинээ хичээнэ, хурлын уур амьсгал төдийчинээ сайхан болно! (Дуу. 133:1–3). Бие биедээ дөлгөөн зан гаргаж, амар тайван, эелдэг ханддаг бол хоорондох харьцаа маань сайхан байхын зэрэгцээ «дээрээс ирэгч мэргэн ухаантайгаа» батлан харуулна. Үүний тулд бусдыг Еховагийн нүдээр харж сурах хэрэгтэй. Дараагийн өгүүллээр энэ тухай үзнэ.
[Зүүлт]
^ Иаков, юуны түрүүнд, хурлын «багш нар» буюу ахлагчдын тухай хэлснийг хам сэдэв харуулдаг (Иак. 3:1). Жинхэнэ мэргэн ухаанаараа үлгэр жишээ болох хүмүүс нь ахлагчид мөн хэдий ч Иаковын зөвлөгөө бүх хүнд хамаатай.
Тайлбарлана уу
• Христиан хүн яавал жинхэнэ мэргэн ухаантай болдог вэ?
• Бурхны мэргэн ухааныг илүү сайн илэрхийлдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?
• «Дээрээс ирэгч мэргэн ухаангүй» хүмүүс ямар зан гаргадаг вэ?
• Дээр үзсэн чанаруудаас та алийг нь илүү их хөгжүүлмээр байна вэ?
[Догол мөрийн асуулт]
[23-р хуудасны зураг]
Маргаан юунаас үүсдэг вэ?
[24-р хуудасны зураг]
Та бузар муугаас өөрийн мэдэлгүй нүүр буруулдаг уу?