Амьдралын бүх хүрээнд Бурхнаар удирдуулагтун
Амьдралын бүх хүрээнд Бурхнаар удирдуулагтун
«Энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно» (ДУУ. 48:14).
1, 2. Өөрийн ухаанд найдах бус, Еховагаар удирдуулах хэрэгтэйн учир юу вэ? Энэ өгүүллээс ямар ямар асуултын хариуг авах вэ?
ХҮН утгагүй юмыг ялгаж салгахдаа өөрийгөө хуурдаг талтай (Сур. 12:11). Христиан хүнд зохисгүй юм хиймээр санагдаад байж ядах үед зүрхэндээ хууртан, өөрийгөө зөвтгөх аян шалтаг олох нь амархан (Иер. 17:5, 9). Тиймээс дуулалч: «Өөрийн гэрэл ба Өөрийн үнэнийг илгээж, тэдгээрээр намайг удирдуулаач» хэмээн Еховад залбирсан нь ухаалаг хэрэг юм (Дуу. 43:3). Тэрбээр өөрийн ухаанд бус, Еховад найджээ. Үнэндээ Ехова л хамгийн зөв удирддаг Нэгэн билээ. Бид дуулалчийг дуурайн, Бурхнаар удирдуулах нь зүйтэй.
2 Еховагаар удирдуулах нь хамгийн сайн гэж үзэхийн учир юу вэ? Хэзээ удирдуулах хэрэгтэй вэ? Еховагаар удирдуулахын ач тусыг хүртэхийн тулд бид ямар байх ёстой вэ? Ехова биднийг яаж удирддаг вэ? Эдгээр чухал асуултын хариуг энэ өгүүллээс мэдэж авцгаая.
Еховагаар удирдуулах хэрэгтэйн учир
3-5. Ехова биднийг хамгийн сайн удирдана гэж үзэхийн учир юу вэ?
3 Ехова бол бидний тэнгэрийн Эцэг (1 Кор. 8:6). Тэрбээр хүн нэг бүрийг сайн мэддэг бөгөөд зүрхийг хардаг (1 Сам. 16:7; Сур. 21:2). Давид хаан, Бурханд: «Миний сууж, босохыг ч хүртэл Та мэддэг юм. Та хаа холоос миний санаа бодлуудыг ойлгодог. Намайг ганц үг өгүүлэхээс ч өмнө, харагтун, ЭЗЭН Та бүгдийг мэддэг» гэж хэлжээ (Дуу. 139:2, 4). Ехова хүнийг тийм сайн мэддэг юм чинь хүнд юу хамгийн сайн болохыг бас мэддэг л байж таарна биз дээ? Түүнээс гадна, Ехова бол хамгийн ухаантай бодгаль. Тэрбээр бүх юмыг ойлгож, аливаа зүйлийн учир шалтгаан болон эхлэлээс төгсгөлийг нь мэддэг (Ис. 46:9–11; Ром 11:33). Ехова «цорын ганц мэргэн Бурхан» билээ (Ром 16:27).
4 Бас биднийг хайрлан, үргэлж хамгийн сайн сайхныг хүсдэг (Иох. 3:16; 1 Иох. 4:8). Бидэнд хайртай учир өгөөмөр сэтгэл гаргадаг. Шавь Иаков: «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцгээс бууж ирдэг» гэж бичжээ (Иак. 1:17). Бурхнаар удирдуулдаг хүмүүс өгөөмөр сэтгэлийнх нь ач тусыг арвин ихээр хүртдэг.
5 Түүнчлэн, Ехова төгс хүчит Бурхан билээ. Энэ талаар дуулалч: «Хамгийн Дээд Нэгний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгний сүүдэр дор амьдарна. Би ЭЗЭНд хандан: „Миний хоргодох газар, миний бат цайз, миний итгэдэг Бурхан минь“ гэнэ» хэмээн бичжээ (Дуу. 91:1, 2). Еховагаар удирдуулна гэдэг нь итгэл найдварыг хэзээ ч хөсөрдүүлдэггүй Бурхныг хоргодох газраа болгож байгаа хэрэг юм. Эсэргүүцэл хавчлага тулгарах цагт Ехова биднийг хаяж орхилгүй, тусалж дэмждэг (Дуу. 71:4, 5; Сургаалт үгс 3:19–26-г уншина уу). Ехова биднийг яаж сайхан амьдруулахаа мэддэг бөгөөд сайхан амьдруулахыг хүсдэг ч, чаддаг ч Бурхан. Тийм байтал Еховагаар удирдуулахгүй бол мунхаг хэрэг болох бус уу! Тэгвэл хэзээ удирдуулах хэрэгтэй вэ?
Бурхнаар хэзээ удирдуулах хэрэгтэй вэ?
6, 7. Бурхнаар хэзээ удирдуулах хэрэгтэй вэ?
6 Хүн насан туршдаа Бурхнаар удирдуулах учиртай. Дуулалч: «Энэ Бурхан бол мөнхийн мөнхөд бидний Бурхан билээ. Тэр биднийг үхэн үхтэл хөтлөх болно» хэмээжээ (Дуу. 48:14). Дуулалчийг дуурайдаг ухаалаг христианууд цаг ямагт Бурхнаар удирдуулахыг хичээдэг.
7 Хавчлагад өртөх, хүнд өвчин тусах, гэнэт ажилгүй болох гэх зэргийн «зовлон шаналал» тохиолдоход Бурхны тусламж онцгой хэрэг болдог (Дуу. 69:16, 17). Тийм л үед тэвчих хүч, зөв шийдвэр гаргах ухаан өгнө гэж Еховад найдаж, залбирах нь тустай (Дуулал 102:17-г уншина уу). Гэхдээ Бурхны удирдлага бусад ч үед хэрэг болдог. Тухайлбал, Хаанчлалын тухай сайн мэдээг амжилттай тунхаглая гэвэл Еховагаар удирдуулах нь зүйтэй. Бас амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хувцас хунараа тохируулах, үс зүсээ янзлах, найз нөхөр болон ажил сургууль сонгох гэх мэтийн янз бүрийн асуудлыг шийдэх болбол Еховагаар удирдуулж байж л ухаалаг шийдвэр гаргаж чадна. Тиймээс, амьдралынхаа бүхий л хүрээнд Бурхнаар удирдуулах шаардлагатай.
Бурхны удирдлагыг үл хэрэгсэхийн аюул
8. Ева хориотой жимснээс идсэн нь цаанаа ямар учиртай байсан бэ?
8 Бид Еховагаар удирдуулъя гэсэн чин хүсэлтэй байх ёстой. Учир нь биднийг дургүй байвал Ехова албадахгүй. Бурхнаар удирдуулахгүй гэж шийдсэн анхны хүн бол Ева юм. Тийм мунхаг шийдвэр нь ямар уршиг тарьсныг та бид мэддэг. Тэр шийдвэр нь цаанаа учиртай байжээ. Ева «Бурхан шиг болж, сайн мууг мэдэхийг» хүссэндээ хориотой жимснээс иджээ (Эх. 3:5). Энэ нь Еховагийн удирдлагыг үл хэрэгсэн, сайн мууг өөрөө мэдэн шийдэж, өөрийгөө Бурхны оронд тавьсан хэрэг байв. Ийнхүү Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үгүйсгэсэн юм. Тэрбээр юу хүссэнээ хийж, дур зоргоороо амьдрахыг хүсжээ. Нөхөр Адам нь ч эхнэрээ даган тэрслүү замаар орсон (Ром 5:12).
9. Еховагийн удирдлагыг үл хэрэгсэх нь мөн чанартаа юу гэсэн үг вэ? Энэ нь яагаад мунхаг хэрэг вэ?
9 Тэгэхлээр, бид Еховагаар удирдуулахгүй бол хэмжээгүй эрх мэдлийг нь үгүйсгэж байгаа хэрэг болно. Үүнийг жишээгээр тайлбарлая. Христиан хүн порно үздэг зуршилтай болжээ гэж бодъё. Уг нь, тэр хүн энэ асуудлаар Бурхан ямар бодолтой байдгийг, христиан хүн аливаа бузар булай юмыг тачаадан үзэх нь бүү хэл, дурсах ч учиргүйг мэддэг (Еф. 5:3). Гэтэл Бурхны удирдлагыг үл хэрэгсэж байгаа нь хэмжээгүй эрх мэдлийг нь үгүйсгэж, Бурханд захирагддаггүйгээ харуулж байна гэсэн үг (1 Кор. 11:3). Иеремиагийн бичсэнээр, «алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» учир Бурхны удирдлагыг үл хэрэгсэх нь хамгийн мунхаг явдал мөн (Иер. 10:23, ШЕ).
10. Эрх чөлөөг ухаалаг эдлэх ёстойн учир юу вэ?
10 Ехова нэгэнт л биднийг сонгох эрх чөлөөтэй бүтээсэн юм бол эрх чөлөөгөө хэрхэн эдлэхийг маань зааж зааварлах эрхгүй гэж үздэг хүмүүс Иеремиагийн үгийг таашаахгүй байж болох юм. Хэдийгээр Бурхан хүнд сонгох эрх чөлөөг бэлэг болгон өгсөн боловч хариуцлага тооцно гэдгийг санах нь зүйтэй. Бид хэлсэн ярьсан, хийсэн үйлдсэн бүхнийхээ төлөө хариуцлага хүлээдэг (Ром 14:10). Есүс: «Зүрхний бялхлаас ам ярьдаг», «Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг» гэж хэлсэн (Мат. 12:34; 15:19). Тэгэхлээр, бидний зүрхэнд чухам юу байдаг нь үг яриа, үйл хэргээс маань харагддаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дотор хүн маань танигддаг. Тиймээс, ухаалаг христиан хүн амьдралынхаа бүх хүрээнд Еховагаар удирдуулахыг хичээдэг. Ехова тийм хүнийг «шулуун шударга зүрхтэй» гэж үзээд, түүнд «сайныг үйлдэнэ» (Дуу. 125:4).
11. Израилийн түүх бидэнд ямар сургамжтай вэ?
11 Эртний Израилийн түүхийг санацгаая. Ехова израильчуудыг ухаалаг шийдвэр гарган, тушаалыг нь биелүүлэхэд ивээж хамгаалдаг байв (Иош. 24:15, 21, 31). Гэвч тэд сонгох эрх чөлөөгөө ихэвчлэн буруу эдэлдэг байлаа. Зөнч Иеремиагийн үед Ехова израильчуудын талаар: «Тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин өөрсдийн бузар муу зүрхний зөвлөгөө ба зөрүүд байдал дотор урагшаа бус, хойшоо явав» гэж хэлсэн (Иер. 7:24–26). Ямар харамсалтай юм бэ! Зөрүүд зан гарган дур зоргоороо аашилж, Бурхныхаа удирдлагыг үл хэрэгсэн «урагшаа бус, хойшоо явсан» израильчуудын алдааг давтахгүй байцгаая!
Бурхнаар удирдуулахын тулд ямар байх ёстой вэ?
12, 13. а) Ямар хүн Еховагаар удирдуулахыг хүсдэг вэ? б) Итгэл яагаад чухал бэ?
12 Бид Ехова Бурхнаа хайрладаг учир Бурхнаараа удирдуулахыг хүсдэг (1 Иох. 5:3). Гэхдээ элч Паулын: «Бид үзэгдэж байгаагаар бус, харин итгэлээр алхаж байна» гэж бичсэнийг үзвэл Бурхнаар удирдуулахад бас итгэл хэрэгтэй ажээ (2 Кор. 5:6, 7). Ямар учраас итгэл хэрэгтэй вэ? Ехова биднийг «зөвийн замаар... хөтөлдөг». Гэвч тэр нь энэ ертөнцийн эд баялаг, нэр алдарт хүргэдэг зам биш ээ (Дуу. 23:3). Тиймээс, Еховад үйлчлээд хүртдэг хосгүй сүнслэг шагналаа үргэлж харж байхад итгэлийн мэлмий хэрэгтэй (2 Коринт 4:17, 18-ыг уншина уу). Бас баян чинээлэг биш ч, сэтгэл хангалуун амьдрахад итгэл тусалдаг (1 Тим. 6:8).
13 Бурхныг жинхэнэ ёсоор шүтэхэд өөрийгөө золиослох сэтгэл хэрэгтэйг Есүс хэлсэн. Өөрийгөө золиослоход бас л итгэл хэрэгтэй (Лук 9:23, 24). Бурхны үнэнч үйлчлэгчдийн зарим нь ядуу зүдүү байдал, зүй бус харьцаа, мөрдлөг хавчлага зэргийг тэвчиж, юм юмаа золиосолж байсан (2 Кор. 11:23–27; Илч. 3:8–10). Тэд бат итгэлтэй байсан тулдаа тэр бүхнийг баяр хөөртэй давж чаджээ (Иак. 1:2, 3). Бат итгэлтэй хүн Бурхнаар удирдуулах нь хэзээд хамгийн ухаалаг хэрэг бөгөөд дандаа ач тустай гэдэгт эргэлздэггүй. Бид одоогийн түр зуурын зовлонг тэвчиж, Бурхандаа үнэнч байвал том шагнал хүртэнэ гэж итгэдэг (Евр. 11:6).
14. Хагар яагаад даруу байх ёстой болсон бэ?
14 Еховагаар удирдуулахын тулд даруу байх хэрэгтэйг Сарагийн зарц бүсгүй Хагарын жишээ харуулдаг. Сара хүүхэд төрүүлж чадахгүйгээ ойлгоод зарц бүсгүй Хагараа Абрахамд өгчээ. Бүсгүй хөл хүнд болмогцоо үрийн зулай үнэрлээгүй эзэгтэйдээ бардам ихэрхэг зан гаргах болов. Тэгэхэд нь Сара «ширүүн харьцсанд» Хагар зугтжээ. Замд нь Еховагийн тэнгэр элч уулзаж: «Чи эзэгтэйдээ буцаж очоод, гарын дор нь дуулгавартай бай» гэжээ (Эх. 16:2, 6, 8, 9). Тэнгэр элчийн зөвлөгөө Хагарын сэтгэлд төдийлөн нийцээгүй байж болох юм. Тиймээс зөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бардам зангаа засах хэрэгтэй болсон биз ээ. Тэрбээр тэнгэр элчийн үгийг даруухнаар хүлээн аваад, хүү Ишмаелаа эцгийнх нь нөмөр нөөлөгт төрүүлж өсгөсөн юм.
15. Ямар үед Еховагаар удирдуулж, даруу байх амаргүй вэ?
15 Еховагаар удирдуулъя гэвэл бид ч гэсэн даруу байх учиртай. Христиан хүн амралт, чөлөөт цагаараа Бурханд таалагддаггүй юм хийдгээ хүлээн зөвшөөрөх, итгэл нэгтнээ гомдоочихоод уучлал гуйх, алдаа дутагдал гаргачихаад үүнийгээ хүлээх ёстой болбол даруу байх хэрэгтэй. Бас ноцтой нүгэл үйлдсэн хүн ахлагчдад нүглээ илчлэхэд, эсвэл хурлаас хасагдсан хүн эрхээ сэргээлгэхийн тулд гэмшиж, өөрийгөө өөрчлөхөд даруу зан зайлшгүй хэрэгтэй. Энэ мэтийн хэцүү үед Сургаалт үгс 29:23-ын «Бардам зан нь хүнийг дорд болгоно. Харин даруу сүнс хүндэтгэл хүлээдэг» гэсэн үгийг санавал даруу байж чадна.
Ехова биднийг яаж удирддаг вэ?
16, 17. Библийн ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
16 Бурхан биднийг, гол нь, онгод оруулан бичүүлсэн Үгээрээ буюу Библиэр удирддаг (2 Тимот 3:16, 17-г уншина уу). Бурхны Үгийн ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд бэрхшээл тулгарахад л зөвлөгөө хайн Библийг сөхөх бус, өдөр бүр уншиж хэвших учиртай (Дуу. 1:1–3). Ингэж хэвшвэл Бурхны Үгийг сайн мэддэг болно. Бурхны үзэл бодлыг өөрийн болгосон хүн гэнэт тохиолдсон зовлон бэрхшээлийг ч давж чаддаг.
17 Түүнээс гадна, уншсанаа эргэцүүлэн бодоод, залбирдаг байх хэрэгтэй. Эргэцүүлэн бодох гэдэг нь Библиэс уншсан зүйлээ ямар нөхцөлд яаж хэрэгжүүлэхээ тунгааж бодно гэсэн үг (Дуу. 77:12). Христиан хүн төвөгтэй асуудалтай тулгарахад Еховад залбирч, хэрэгтэй удирдлага заавар өгөхийг гуйдаг. Тэгэхэд нь Ехова Библи болон Библид үндэслэсэн хэвлэлээс уншиж байсан зарчим, зөвлөгөөг ариун сүнсээрээ сануулдаг (Дуулал 25:4, 5-ыг уншина уу).
18. Еховагаар удирдуулахад христиан ах дүүсийн барилдлага ямар үүрэгтэй вэ?
18 Бурхны удирдлагыг авах бас нэг эх булаг бол христиан ах дүүсийн барилдлага юм. «Итгэмжит, ухаалаг боол» болон түүнийг төлөөлдөг Удирдах зөвлөл ах дүүсийн барилдлагын цөм болдог. Боолын анги биднийг сүнслэг хоол буюу ном хэвлэл болон цуглаан, чуулганы хөтөлбөрөөр тасралтгүй хангадаг (Мат. 24:45–47; Үйлс 15:6, 22–31-тэй харьцуулна уу). Бас төлөвшсөн христианууд, ялангуяа, ахлагчид бидэнд биечлэн тусалж, Библид үндэслэсэн заавар зөвлөгөө өгдөг (Ис. 32:1). Христиан гэр бүлд өсөж хүмүүжиж буй хүүхэд залуусын хувьд эцэг эхээсээ заавар зөвлөгөө авах бас нэг сайхан боломж байдаг. Бурхан эцэг эхчүүдэд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээлгэдэг (Еф. 6:1–3).
19. Еховагаар үргэлж удирдуулдаг хүн ямар ивээл хүртдэг вэ?
19 Ехова биднийг олон аргаар удирддагийг энэ өгүүллээр ярилцлаа. Бид Бурхнаараа удирдуулж, ач тусыг нь бүрэн дүүрэн хүртэх нь зүйтэй. Давид хаан: «Бидний эцэг өвгөд Танд итгэсэн. Тэд итгэсэн бөгөөд Та тэднийг аварсан. Тэд Тан руу хашхирч, аврагдаж байв. Тэд Танд итгэсэн бөгөөд ичгүүрт унасангүй» хэмээсэн нь израильчууд Бурханд үнэнч байхдаа ямар ивээл хүртэж байсныг хэлсэн хэрэг байлаа (Дуу. 22:3–5). Хэрэв Еховагаар удирдуулбал «ичгүүрт унахгүй», итгэл найдвар маань ч талаар болохгүй. Өөртөө найдахын оронд «өөрийн замыг ЭЗЭНд даатгавал» одоо ч гэсэн арвин их ивээл хүртэнэ (Дуу. 37:5). Еховад үнэнч, тэвчээртэй үйлчилбэл ирээдүйд мөнхийн ивээл хүртэнэ. Давид хаан: «ЭЗЭН шударга ёсыг хайрладаг бөгөөд Өөрийн бурханлаг хүмүүсийг орхидоггүй. Тэд мөнхөд хамгаалуулсан... Зөв шударга хүн газар нутгийг өвлөж, түүнд мөнхөд оршин суух болно» хэмээн бичжээ (Дуу. 37:28, 29).
Тайлбарлана уу
• Еховагаар удирдуулах нь хамгийн сайн гэж үзэхийн учир юу вэ?
• Еховагийн удирдлагыг үл хэрэгсэх нь мөн чанартаа юу гэсэн үг вэ?
• Христиан хүн ямар ямар үед даруу байх хэрэгтэй вэ?
• Ехова биднийг яаж удирддаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны зураг]
Та амьдралынхаа бүх хүрээнд Еховагаар удирдуулдаг уу?
[9-р хуудасны зураг]
Ева Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг үгүйсгэсэн
[10-р хуудасны зураг]
Тэнгэр элчийн зөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь Хагарт ямар зан хэрэгтэй байсан бэ?