Skip to content

Гарчиг руу орох

Төгсгөлийн цагт гэрлэх ба хүүхэдтэй болох тухайд

Төгсгөлийн цагт гэрлэх ба хүүхэдтэй болох тухайд

Төгсгөлийн цагт гэрлэх ба хүүхэдтэй болох тухайд

«Цаг хугацаа охор богино болжээ» (1 КОР. 7:29).

1. а) «Хэцүү» зүйлсийн тоонд одоо болж буй ямар ямар өөрчлөлт ордог вэ? б) Гэр бүлийн талаарх үзэл бодол өөрчлөгдөж байгааг бид яагаад анхаарах ёстой вэ?

 «ТӨГСГӨЛИЙН цагт» дайн, газар хөдлөлт, өлсгөлөн, гамшиг болно гэж Бурхны Үгэнд зөгнөжээ (Дан. 8:17, 19; Лук 21:10, 11). Хүний түүхийн ийм эгзэгтэй үед нийгэм асар ихээр өөрчлөгдөх тухай ч бас анхааруулсан. Гэр бүлийн амьдралд эмх журамгүй байдал бий болох нь энэхүү «эцсийн өдрүүдийн» «хэцүү» юмны нэг байх ажээ (2 Тим. 3:1–4). Бид энэ бүх өөрчлөлтийг анхаарч үзэх хэрэгтэй. Яагаад гэвэл, энэ нь хүрээгээ тэлж, гэрлэх, хүүхэдтэй болох талаарх Еховагийн Гэрчүүдийн үзэл бодолд нөлөөлж байна. Чухам яаж?

2. Гэрлэх, салах тухайд ертөнцийнхний үзэл ямар байдаг вэ?

2 Орчин үед гэрлэлтийг цуцлуулахад ядах юмгүй болж, гэр бүл салах явдал олон оронд улам газар авч байна. Гэхдээ гэрлэх, салах тухайд Ехова Бурхны үзэл бодол ертөнцийнхний нийтлэг үзэл бодлоос тэс өөр гэдгийг санах хэрэгтэй.

3. Ехова Есүс хоёр гэрлэлтийг хэрхэн үздэг вэ?

3 Ехова Бурхан гэрлэсэн хосуудыг бие биедээ өгсөн ам тангарагтаа үнэнч байгаасай гэж хүсдэг. Тэрбээр анхны эр эмийг гэр бүл болгон нийлүүлэхдээ: «Эр хүн... эхнэртэйгээ нийлэн, тэр хоёр нэгэн бие болох ажгуу» хэмээн хэлжээ. Хожим нь, Есүс Христ энэ үгийг давтсаныхаа дараа: «Иймээс Бурхны хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээн нэмж хэлсэн. Мөн цааш нь: «Хэн садар самуунаас өөр шалтгаанаар эхнэрээсээ салж, өөр эмэгтэйтэй гэрлэнэ, тэр нь завхайрсан болно» гэж анхааруулжээ (Эх. 2:24; Мат. 19:3–6, 9). Тэгэхлээр, Ехова Есүс хоёр гэрлэлтийг насан туршийн холбоо гэж үздэг бөгөөд энэ холбоог зөвхөн үхэл салгах ажээ (1 Кор. 7:39). Гэрлэлт нь ариун нандин зүйл учир салахыг урьтал болгож болохгүй. Библийн үндэслэлгүйгээр салахыг Ехова үзэн яддаг * (Малахи 2:13–16; 3:6-г уншина уу).

Гэрлэх асуудалд ул суурьтай хандах нь

4. Зарим христиан залуус яаран гэрлэсэндээ яагаад харамсдаг вэ?

4 Бидний амьдарч буй ёс бус ертөнц сексийн далайд живжээ. Хуял тачаал хөдөлгөх кино, нэвтрүүлэг, зураг гэх мэт зүйлтэй өдөр бүр тулгарч болно. Энэ бүхэн, ялангуяа, хурлын маань залууст нөлөөлөх вий хэмээн болгоомжлох нь зүйтэй. Буруу хүсэлтэйгээ тэмцэж байгаа залуу христианууд сексийн гаж хүсэл төрүүлж болох иймэрхүү зохисгүй үзэгдлийг хэрхэн эсэргүүцэх ёстой вэ? Зарим нь энэ асуудлыг шийдэхийн тулд хэтэрхий эрт гэрлэдэг. Үүнийг садар самуунаас сэргийлэх арга гэж боддог. Гэтэл тун удалгүй, ийм шийдвэр гаргасандаа харамсах нь цөөнгүй. Яагаад гэвэл, хосууд өдөр тутмын амьдралын асуудалд өөр өөрөөр ханддагаа яваандаа ойлгодог. Ийм үед байдал хүндрэх нь ойлгомжтой.

5. Бие биедээ өгсөн ам тангарагтаа үнэнч байхад нь гэрлэсэн хосуудад юу туслах вэ? (Зүүлтийг үзнэ үү.)

5 Хань нь итгэл нэгт христиан байлаа ч бодож байснаас нь өөр хүн болох нь мэдэгдвэл, гэр бүлийн амьдрал мэдээж хэцүү болно (1 Кор. 7:28). Гэхдээ хэчнээн хэцүү байлаа гээд жинхэнэ христианууд Библийн үндэслэлгүйгээр салдаггүй. Учир нь үүнийг гэр бүлийн бэрхшээлийг шийдэх зохистой арга биш гэж мэддэг. Тэд бие биедээ өгсөн ам тангарагтаа үнэнч байхыг хүсдэг учраас гэр бүлээ аврахын төлөө чадах бүхнээ хийдэг. Тийм хосуудыг хурлынхан нь хүндэтгэж, хайрын сэтгэлээр дэмжих нь зүйтэй. *

6. Залуу христианууд гэрлэх тухайд ямар ямар асуудлыг бодож үзэх нь зүйтэй вэ?

6 Хэрэв та нас залуу, хараахан гэрлээгүй байгаа бол гэрлэх тухайд ямар ямар асуудлыг бодож үзэх нь зүйтэй вэ? Итгэл нэгтэнтэйгээ хайр сэтгэлийн холбоотой болохоосоо өмнө бие махбод, оюун санаа болон сүнслэг талаар өсөж төлөвшихөө хүлээвэл, гэрлэсний дараа харамсахгүй. Библид төдөн насандаа гэрлэх ёстой гэсэн тодорхой заалт байдаггүй. * Гэхдээ сексийн хүчтэй хүсэл тачаалдаа хэт автаж болзошгүй үеэ өнгөртөл хүлээх нь дээр гэж зөвлөдөг. Учир нь, хуял тачаал хөдөлсөн үед бие, сэтгэлээ захирч дийлэлгүй, хожим нь харуусмаар, мунхаг шийдвэр гаргаж болзошгүй. Ехова таныг сайн сайхан, аз жаргалтай амьдраасай гэсэндээ гэр бүл болох талаар мэргэн зөвлөгөө өгснийг санаарай (Исаиа 48:17, 18-ыг уншина уу).

Хүүхэдтэй болох асуудалд ул суурьтай хандах нь

7. Зарим залуу хос ямар бэрхшээлтэй тулгардаг вэ? Үүнээс болж хоорондох харьцаанд нь сэв сууж болохын учир юу вэ?

7 Зарим залуус хэтэрхий эрт гэрлээд, аав ээж болчихдог. Бие биеэ ч сайн таньж амжаагүй байтал хүүхэд төрж, 24 цагийн турш хүүхдээ л халамжлан асрах хэрэгтэй болдог. Залуу эх жам ёсоор хүүхдэдээ хамаг сэтгэл зүрхээ зориулж эхлэхэд нөхөрт нь атаархан харамлах сэтгэл төрж магадгүй. Түүнээс гадна, олон шөнө нойроо хассанаас болоод уур уцаартай болох, үл ойлголцох зэргээр эхнэр нөхрийн харьцаанд сэв сууж болох юм. Урьд нь ямар их эрх чөлөөтэй байснаа тэгэхэд л ойлгодог. Өмнөх шигээ хүссэн газраа очиж, сонирхсон зүйлээ дураараа хийх аргагүй болдог. Нөхцөл байдал ийнхүү өөрчлөгдвөл яах хэрэгтэй вэ?

8. Эцэг эх болохыг юу гэж үзэх хэрэгтэй вэ? Яагаад?

8 Гэр бүл болох асуудалд ул суурьтай хандах ёстой байдаг шиг, эцэг эх болохыг ч бас Бурхны өгсөн үүрэг хариуцлага, нэр төрийн хэрэг гэж үзэх учиртай. Хүүхэдтэй болсноос болоод нөхцөл байдал яаж ч өөрчлөгдлөө гэсэн христиан хос түүнд нийцүүлж амьдрахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Ехова хүмүүст хүүхэд төрүүлэх чадвар заяасан учраас эцэг эхчүүд нялх үрээ «ЭЗЭНээс ирдэг бэлэг» гэж үзэх нь зүйтэй (Дуу. 127:3). Христианууд эцэг эхийн үүргээ «Эзэн дотор» биелүүлэх ёстой (Еф. 6:1).

9. а) Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ? б) Нөхөр нь эхнэрээ сүнслэгээр сулрахаас хэрхэн сэргийлж болох вэ?

9 Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн тулд бие сэтгэл, цаг зав, хүч чадлаа олон жил золиослох хэрэгтэй болдог. Хүүхэдтэй болсноос хойш эхнэр нь нэг хэсэгтээ цуглаан дээр анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй, Библи судалж, эргэцүүлэн бодож амжихгүй болдгийг христиан нөхөр ойлгох ёстой. Энэ нь эхнэрийнх нь сүнслэг эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Эцгийн үүргээ ухамсарладаг нөхөр хүүхдээ асрахад нь эхнэртээ чадах бүхнээрээ тусалдаг. Цуглааны үеэр эхнэрийнхээ анхаараагүй өнгөрсөн зүйлийг нөхөхийн тулд гэртээ ирээд, хөтөлбөрийн зарим санааг эхнэртэйгээ ярилцаж болох юм. Бас эхнэрээ Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд үр дүнтэй оролцуулахын тулд хүүхдээ харж болно (Филиппой 2:3, 4-ийг уншина уу).

10, 11. а) Хүүхдийг яаж Еховагийн «сургамж дотор» хүмүүжүүлэх вэ? б) Христиан эцэг эхчүүдийг яагаад магтах хэрэгтэй вэ?

10 Үүргээ ухамсарладаг эцэг эхчүүд үр хүүхдээ хоол унд, хувцас хунар, орон гэрээр хангаж, эрүүл мэндэд нь санаа тавихаас илүү ихийг хийдэг. Ялангуяа, өнөөгийн аюултай цаг үед хүүхдийг багаас нь ёс суртахууны зөв зарчимд сургах нь чухал. Хүүхдийг Еховагийн «дэг журам болон сургамж дотор» хүмүүжүүлэх учиртай (Еф. 6:4). Еховагийн «сургамж дотор» хүмүүжүүлнэ гэдэг нь бага балчраас нь эхлээд нас бие гүйцтэл нь, тэр дундаа шилжилтийн насны эгзэгтэй үед нь ч Еховагийн үзэл бодлыг оюун ухаанд нь суулгана гэсэн үг юм (2 Тим. 3:14, 15).

11 Есүс шавь нартаа «бүх үндэстнийг дагалдагч болгохыг» захисан нь эцэг эхчүүдэд ч бас үр хүүхдээ дагалдагч болгохыг даалгасан хэрэг юм (Мат. 28:19, 20). Залуу хүмүүст энэ ертөнцийн зүгээс учрах дарамт шахалт их байдаг тул уг даалгаврыг биелүүлэх амаргүй. Тиймд, үр хүүхдээ Бурхны үйлчлэгч болгон хүмүүжүүлж, үүргээ нэр төртэй биелүүлэн, итгэл, үнэнч байдлаараа ертөнцийн нөлөөг «ялсан» эцэг эхчүүдийг хурлынхан нь халуун сэтгэлээр магтвал зохино (1 Иох. 5:4).

Эрхэм зорилгын төлөө ганц бие, эсвэл хүүхэдгүй байх нь

12. Зарим христиан яагаад нэг хэсэгтээ гэрлэдэггүй вэ?

12 «Цаг хугацаа охор богино болж», «ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байгаа» учир ганц бие байхын давуу талыг анхаарч үзэхийг Бурхны Үг бидэнд уриалдаг (1 Кор. 7:29–31). Тийм учраас, зарим христиан гэрлэхгүй байхаар, эсвэл гэрлэхээ түр хойшлуулахаар шийддэг. Тэд ганц бие байхын давуу талаа хувийн жаргалын төлөө ашигладаггүй нь сайшаалтай. Олон хүн Еховад «эргэлт буцалтгүйгээр» буюу өөр зүйлд сатааралгүй үйлчлэхийн тулд гэрлэдэггүй (1 Коринт 7:32–35-ыг уншина уу). Тэдний зарим нь эхлэгчээр үйлчлэх юм уу Бетелд ажилладаг. Зарим нь Еховагийн байгууллагад илүү үр бүтээлтэй үйлчлэхийн тулд Үйлчлэл дээшлүүлэх сургуульд сурч, ур чадвараа сайжруулдаг. Ганц бие байхдаа бүрэн цагаар үйлчилж байгаад, дараа нь гэр бүлтэй болсон христианууд бага залуудаа хуримтлуулсан туршлага нь хожим хойно гэр бүлийн амьдралд нь хэрэг болж байгааг мэдэрдэг.

13. Зарим христиан хос, хүүхэд төрүүлдэггүй нь ямар учиртай вэ?

13 Өнөөдөр хүүхэдгүй байхыг эрхэмлэдэг гэр бүл олон болжээ. Зарим нь хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс, зарим нь ажил албандаа ахиц дэвшил гаргах гэсэндээ энэ замыг сонгодог байна. Христиануудын дунд ч бас хүүхэдгүй хосууд бий. Тэд Еховад чөлөөтэй үйлчлэхийн тулд тийм шийдвэр гаргадаг ч гэсэн бусдын л адил гэр бүлийн жаргал эдэлдэг. Гэхдээ Хаанчлалын үйл хэргийн төлөө гэр бүлтэй хүний эдэлдэг зарим давуу эрхээ золиослоход бэлэн байдаг (1 Кор. 7:3–5). Нэг хэсэг нь Ехова болон христиан ах дүүсийнхээ төлөө явуулын үйлчлэлд оролцох юм уу Бетелд ажилладаг. Зарим нь эхлэгч, миссионерээр үйлчилдэг. Ехова өөрийнх нь нэрийн төлөөх тэдний үйл хэрэг болон хайрыг мартахгүй (Евр. 6:10).

«Махан биедээ зовлонтой»

14, 15. Христиан эцэг эхчүүд «махан биедээ» ямар «зовлонтой» болдог вэ?

14 Элч Паул гэр бүлтэй христиануудыг «махан биедээ зовлонтой» болно гэж хэлсэн байдаг (1 Кор. 7:28). Энэ нь эхнэр нөхрийн хэн нэг нь, эсвэл үр хүүхэд юм уу өндөр настай эцэг эх нь өвдөхийг хэлсэн хэрэг байж болох юм. Бас хүүхэд өсгөж хүмүүжүүлэхэд амаргүй, заримдаа сэтгэлийн зовлон шаналгаатай байдгийг хэлсэн биз ээ. «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» гэж Библид зөгнөсөн байдгийг өгүүллийн эхэнд дурдсан. «Хэцүү» юмны тоонд «эцэг эхдээ захирагдахгүй» хүүхдүүд ордог (2 Тим. 3:1–3).

15 Христиан эцэг эхчүүдийн хувьд хүүхэд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг тун амаргүй ажил. Өнөөгийн «хэцүү цагийн» муу нөлөө христианууд биднийг ч тойрдоггүй. Тиймд христиан эцэг эхчүүд үр хүүхдэд нь нөлөөлж болзошгүй «энэ ертөнцийн» хор хөнөөлтэй тууштай тэмцэх хэрэгтэй (Еф. 2:2, 3). Гэхдээ тулалдаанд дандаа ялна гэж байдаггүй! Үр хүүхэд нь Еховад үйлчлэхээ боливол тэднийгээ Бурхны замаар хүмүүжүүлэхийг хичээсэн эцэг эхэд үнэхээр «зовлон» болдог (Сур. 17:25).

«Агуу их гай гамшиг болно»

16. Есүс ямар «гамшгийн» талаар зөгнөсөн бэ?

16 Гэрлэх болон хүүхэд төрүүлж өсгөхөд янз бүрийн «зовлон» тулгардаг нь үнэн. Гэхдээ ирээдүйд болох зовлон түүнтэй харьцуулшгүй хүнд байх юм. Есүс өөрийнхөө залран байх үе болон ертөнцийн төгсгөлийн тухай зөгнөхдөө: «Ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй, мөн хэзээ ч болохгүй агуу их гай гамшиг болно» гэж хэлсэн (Мат. 24:3, 21). Тэрбээр энэ «гамшгийг» үй олон хүн эсэн мэнд давна гэдгийг хожим нь илчилжээ. Гэхдээ Сатаны ертөнц Еховагийн эв найртай ард түмний эсрэг эцсийн удаа бүх хүчээрээ довтолно. Энэ нь хүүхэд, томчууд ялгаагүй, бүгдэд маань хэцүү цаг байх нь ойлгомжтой.

17. а) Бид ямар учраас ирээдүйдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүй вэ? б) Гэрлэх, хүүхэдтэй болох эсэхээ шийдэхдээ юуг санах хэрэгтэй вэ?

17 Гэхдээ ирээдүйдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүй. Еховад үнэнч л бол эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аврагдана гэж найдаж болно (Исаиа 26:20, 21-ийг уншина уу; Зеф. 2:2, 3; 1 Кор. 7:14). Харин энэхүү төгсгөлийн цагт гэрлэх, хүүхэдтэй болох эсэхээ шийдэхдээ хэцүү цаг үед амьдарч байгаагаа санах нь зүйтэй (2 Петр 3:10–13). Хэрэв тийн санах аваас гэрлэсэн, гэрлээгүй, хүүхэдтэй, хүүхэдгүйн аль нь ч бай, хүмүүс биднийг хараад Ехова болон христиан хурлыг маань магтан хүндлэх болно.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2002 оны 5-р сарын 2-р өгүүллийн «Ханьтайгаа зүй бусаар харьцах» гэсэн жижиг гарчгийг үзнэ үү.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2007 оны 5-р сарын дугаарын 2-р өгүүллийн «Бурхны хамтад нь нийлүүлснийг бүү салгагтун» гэсэн гарчгийг үзвэл гэр бүлийн бэрхшээлийг шийдэхэд тус болох болов уу.

^ «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2001 оны 5-р сарын дугаарын 4-р өгүүллийн «Гэр бүл болох цаг» гэсэн жижиг гарчгийг үзнэ үү.

Давтах асуулт

• Залуу христианууд гэрлэх гэж яарах хэрэггүйн учир юу вэ?

• Хүүхэд өсгөж хүмүүжүүлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

• Христиануудын дунд хүүхэдгүй гэр бүл болон ганц бие хүн олон байдгийн учир юу вэ?

• Христиан эцэг эхчүүд ямар «зовлон» амсаж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны зураг]

Залуу христианууд гэрлэхээ түр азнах нь яагаад ухаалаг хэрэг вэ?

[18-р хуудасны зураг]

Эхнэрээ сүнслэг үйл хэрэгт үр дүнтэй оролцуулахад нөхрийн тус дэм их

[19-р хуудасны зураг]

Зарим христиан хос яагаад хүүхэд төрүүлдэггүй вэ?