Skip to content

Гарчиг руу орох

«Утгагүй юмыг» үгүйсгэгтүн

«Утгагүй юмыг» үгүйсгэгтүн

«Утгагүй юмыг» үгүйсгэгтүн

«Утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг» (СУР. 12:11).

1. Бидэнд ямар ямар үнэт зүйл байдаг вэ? Үнэт зүйлээ юунд зориулах нь хамгийн ухаалаг хэрэг болох вэ?

 БИД бүгдээрээ ямар нэгэн үнэт зүйлийг эзэмшдэг. Эрүүл мэнд, хүч чадал, авьяас чадвар, мөнгө төгрөг зэргийг үнэт зүйл буюу Библид бичсэн «эд хөрөнгөтэй» адилтгаж болох юм. Бид Еховад хайртай учраас Бурханд үйлчлэхдээ үнэт зүйлээ харамгүй зориулж, «Эд хөрөнгөөрөө ЭЗЭНийг дээдэл» хэмээсэн уриалгыг биелүүлдэг (Сур. 3:9).

2. Библи утгагүй юмаар хөөцөлдөхийн аюулаас хэрхэн сэрэмжлүүлдэг вэ? Тайлбарлана уу.

2 Библийг үзвэл, утгагүй юм гэж бас байдаг бөгөөд тийм юмаар хөөцөлдвөл үнэт зүйлээ үрэн таран хийх аюултай ажээ. Сургаалт үгс 12:11-д: «Өөрийн газар дээр хөдөлмөрлөгч нь талх тариагаар элбэг дэлбэг байх болно. Харин утгагүй юмны араас хөөцөлдөгч нь эрүүл ухааны гачаалд орсон хэрэг» гэж бичсэн байдаг. Энэ үг хэнд ч ойлгомжтой. Ар гэрээ тэжээх гэж нөр их хөдөлмөрлөдөг хүн тодорхой хэмжээгээр сэтгэл хангалуун амьдардаг (1 Тим. 5:8). Харин утгагүй юмаар хөөцөлддөг хүн «эрүүл ухааны гачаалд орсон» буюу эрүүлээр сэтгэх чадваргүй, ухаалаг бус нэгэн байж таарна. Тийм хүн юм юмаар гачигдах нь ойлгомжтой.

3. Утгагүй юмаар хөөцөлдөхийн аюулыг сэрэмжлүүлсэн Библийн зарчмыг сүнслэг асуудалд хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

3 Тэгвэл сүнслэг үйл хэрэгт энэ зарчмыг хэрэгжүүлбэл ямар вэ? Еховад үнэнчээр үйлчлэн, нөр их хөдөлмөрлөдөг христиан хүн жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун байдаг. Тийм хүн одоо ч Бурхнаасаа ивээл хүртэж, ирээдүйн сайхан найдвар өвөрлөн явдаг (Мат. 6:33; 1 Тим. 4:10). Харин утгагүй юманд татагдсан хүн Еховатай тогтоосон харьцаагаа, мөнх амьдрах найдвараа алдах аюултай. Ийм аюулд өртөхгүйн тулд яах вэ? «Утгагүй» юмыг ялгаж салгаж сураад, эрс шийдэмгий үгүйсгэдэг байх хэрэгтэй (Тит 2:11, 12-ыг уншина уу).

4. Утгагүй юм гэж юу вэ?

4 Тэгвэл утгагүй юм гэж юу вэ? Ерөнхийдөө, Еховад чин сэтгэлээсээ үйлчлэхэд саад болох бүх юмыг хэлнэ. Тухайлбал, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх асуудал байж болох юм. Уг нь, амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх нь буруу юм биш ээ. Гэхдээ сүнслэг үйл хэргийг гаргуунд нь хаян, хэтэрхий их амарч зугаацвал энэ нь утгагүй юм болж, Еховатай тогтоосон харьцаанд маань аюул учруулна (Ном. 2:24; 4:6). Тиймээс, христиан хүн үнэт цагаа юунд зориулдгаа анхаарч, ухаалаг байх учиртай (Колоссай 4:5-ыг уншина уу). Гэхдээ, бүр аюултай утгагүй юм бас бий. Үүний нэг нь хуурамч бурхад юм.

Хуурамч бурхдыг үгүйсгэх нь

5. «Шүтээн» шүтэх тухайд Библид юу гэж бичсэн байдаг вэ?

5 Ехова эртний израильчуудад: «Та нар өөрсдөдөө зориулан бөхийн мөргөх гэж нутагтаа шүтээнүүдийг хийх ёсгүй. Өөрсдөдөө хөрөг эсвэл чулуун баганыг ч босголгүй, хэлбэрт чулууг ч бүү байрлуул» хэмээн тушаасан байдаг (Лев. 26:1). Давид хаан: «ЭЗЭН бол агуу бөгөөд агуугаар магтагдах Нэгэн. Мөн бүх бурхдаас дээгүүр Түүнээс эмээгтүн. Учир нь хүмүүсийн бүх бурхад бол шүтээнүүд юм. Харин ЭЗЭН тэнгэрүүдийг бүтээсэн билээ» гэж хэлсэн (Ш. дээд 16:25, 26).

6. Хуурамч бурхдыг «утгагүй юм» гэж үзэж болохын учир юу вэ?

6 Давидын бичсэнээр, Еховагийн агууг илтгэн харуулах баримт нотолгоо бидний эргэн тойронд байдаг (Дуу. 139:14; 148:1–10). Тийм агуу Бурхан өөрсөдтэй нь гэрээ байгуулсан нь израильчуудын хувьд үнэхээр завшаан байжээ! Гэтэл тэд Еховагаас нүүр буруулан, элдэв хөрөг, чулуун багана шүтдэг болсон нь мунхаг хэрэг байлаа. Тэр бурхад нь шүтэн бишрэгчдээ бүү хэл, өөрсдийгөө ч гай зовлонгоос аварч чадаагүй учраас, үнэндээ, «утгагүй юм» байсан (Шүү. 10:14, 15; Ис. 46:5–7).

7, 8. «Эд баялаг» хэрхэн бурхан болдог вэ?

7 Өнөөдөр ч гэсэн олон хүн, хүний бүтээсэн бурхдыг шүтдэг. Тийм бурхад эрт цагт ч ямар ч ашиггүй байсан, одоо ч ашиггүй (1 Иох. 5:21). Гэхдээ Библид өөр юмыг ч бас бурхан гэж бичсэн байдаг. Жишээ нь, Есүс: «Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй» гэж хэлсэн (Мат. 6:24).

8 «Эд баялаг» хэрхэн бурхан болдог вэ? Үүнийг ойлгохын тулд нэг жишээ татъя. Эртний Израильд гэр байшин, хана хэрэм барихад чулууг өргөн хэрэглэдэг байсан тул чулуу израильчуудын хувьд хэрэгтэй юм нь байжээ. Харин шүтэж мөргөх гэж «чулуун багана» босгох юм уу «хэлбэрт чулуу» байрлуулбал Бурхны ард түмэнд аюул учруулах байлаа (Лев. 26:1). Мөнгө ч гэсэн амьдралд хэрэгтэй юм мөн. Идэх хоол, өмсөх хувцас, орох оронтой байх, Еховад үйлчлэхийн аль алинд нь мөнгө хэрэгтэй (Ном. 7:12; 2 Кор. 9:7). Гэтэл мөнгө төгрөгийг сүнслэг үйл хэргээс дээгүүр тавивал бурхан шиг шүтсэн хэрэг болно (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу). Өнөөдөр олон хүн эд баялгаар хөөцөлддөг болсон тул бид энэ асуудалд ухаалаг хандах нь их чухал юм (1 Тим. 6:17–19).

9, 10. а) Христиан хүн боловсрол эзэмших асуудалд хэрхэн ханддаг вэ? б) Дээд боловсрол гэж туйлшрах нь ямар аюултай вэ?

9 Уг нь хэрэгтэй боловч утгагүй юм болж мэдэх нэг зүйл бол боловсрол юм. Христиан эцэг эхчүүд үр хүүхдээ хүний дайтай яваасай гэсэндээ мэдлэг боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Тэгээд ч Библи уншиж ойлгох, аливааг эргэцүүлэн бодож, ухаалаг шийдвэр гаргах, Библийн сургаалыг бусдад ойлгуулан итгүүлэх чадвартай байхын тулд христиан хүнд боловсрол хэрэгтэй. Мэдлэг боловсролтой болоход цаг хугацаа шаардлагатай бөгөөд зохих цаг гаргах нь ч зөв.

10 Гэхдээ заавал их дээд сургуульд сурч, дээд боловсрол эзэмших хэрэгтэй юү? Дээд боловсрол эзэмшиж байж л сайн сайхан амьдарна гэсэн ойлголт түгээмэл байдаг. Олон хүн ирээдүйгээ бодож, боловсрол эзэмших гэж туйлшраад буруу үзэл бодолтой болдог. Ялангуяа, христиан хүн дээд боловсрол эзэмших гэж улайрвал залуугаасаа Еховад үйлчлэх хайран цагаа дэмий үрэх аюултай (Ном. 12:1). Зарим улс оронд сүсэг бишрэлтэй хүний тоо урьд урьдынхаас цөөрч байгаа нь хүн амын ихэнх нь дээд боловсрол эзэмшсэнтэй холбоотой байж болох юм. Христиан хүн сайн сайхан амьдрахын тулд дээд боловсролд бус, Бурхандаа найддаг (Сур. 3:5).

Махан биеийн хүсэл тачаалыг бурхан болгож болохгүй

11, 12. Паул зарим хүний тухайд «Тэдний бурхан бол ходоод» гэж хэлсэн нь ямар учиртай вэ?

11 Элч Паул Филиппой хотын христиануудад бичсэн захидалдаа бурхан болох аюултай бас нэг зүйлийг дурджээ. Тэрбээр христиан байсан зарим хүний талаар: «Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн Христийн загалмайн дайснууд мэт явдаг гэж би одоо уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл бол сүйрэл. Тэдний бурхан бол ходоод... Тэд дэлхийн юмыг л сэтгэж боддог» гэж бичжээ (Флп. 3:18, 19). «Тэдний бурхан бол ходоод» гэсэн нь ямар учиртай юм бол оо?

12 Тэр хүмүүс махан биеийн хүсэл тачаалаа хангахыг Паултай хамт Бурханд үйлчлэхээс илүү чухалд үздэг болсон бололтой. Тэдний зарим нь үнэхээр ховдоглон иддэг, согттолоо уудаг болсон байж мэднэ (Сур. 23:20, 21; Д.хууль 21:18–21-тэй харьцуулна уу). Харин зарим нь тухайн үеийн нийгмийнхээ хамаг сайн сайхныг амсаж эдлэх гэж хүсээд, Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавихаа больсон байж болох юм. Тэднээс сургамж авч, баян чинээлэг амьдралд татагдалгүй, Еховадаа чин сэтгэлээсээ үйлчилцгээе (Кол. 3:23, 24).

13. а) Шунахайрал гэж юу вэ? Элч Паул юу гэж хэлсэн бэ? б) Шунахай зан гаргахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13 Паул өөр нэг захидалдаа хуурамч шүтлэгийн бас нэг хэлбэрийг бичжээ. Тэрбээр: «Та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм» хэмээсэн байдаг (Кол. 3:5). Шунахайрах гэдэг нь өөрт байхгүй юмыг эзэмших, авахын тулд хэтэрхий дурших, хүсэхийг хэлдэг. Шунал гэдэгт эд агуурст дурлах сэтгэл, бүр хуял тачаалыг ч оруулж болно (Ег. 20:17). Хэрэв бид шунахайрдаг бол шүтээн буюу хуурамч бурхан шүтэж байгаа хэрэг юм. Ийм муу хүсэлтэйгээ хайр найргүй тэмцэх ёстойг Есүс нэгэн жишээгээр тодорхой хэлсэн (Марк 9:47-г уншина уу; 1 Иох. 2:16).

Утгагүй үг ярианаас болгоомжлох нь

14, 15. а) Иеремиагийн үед ямар «хоосон зүйл» олон хүнийг бүдрүүлсэн бэ? б) Мосегийн үг ямар учраас ач холбогдолтой байсан бэ?

14 Зарим үг яриа утгагүй юм болдог. Ехова зөнч Иеремиад: «Эш үзүүлэгчид Миний нэрээр худал хуурмагийг эш үзүүлж байна. Би тэднийг илгээгээ ч үгүй, тэдэнд айлдаа ч үгүй. Тэд та нарт худал үзэгдэл, мэргэ төлөг, хоосон зүйлс болон өөрсдийн санааны мэхлэлтийг эш үзүүлж байна» гэж хэлсэн (Иер. 14:14). Тэр зөнчид Еховагийн нэрээр ярьдаг гэдэг ч үнэндээ өөрсдийн үзэл санаа, мэргэн ухааныг ухуулж байжээ. Тиймээс, тэдний үг ямар ч ач холбогдолгүй, жинхэнэ шүтлэгт аюултай, ёстой «хоосон зүйл» байв. Хоосон үгийг дагасан олон хүн МЭӨ 607 онд Вавилоны цэргүүдийн гарт үрэгдсэн билээ.

15 Энэ явдлаас эрс ялгаатай нэг жишээ үзье. Мосе израильчуудад: «Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээ... Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт насална» гэж хэлжээ (Д.хууль 32:46, 47). Энэ үгийг Бурхны ариун сүнсээр удирдуулан хэлсэн. Тийм учраас, израильчуудыг сайн сайхан явахад чухал хэрэгтэй үнэт үг байв. Тэр үгийг дагасан хүмүүс урт насалж, сайхан амьдарсан. Утгагүй үг яриаг үгүйсгэж, үнэний үнэт үгийг сахиж явцгаая.

16. Бурхны Үгтэй зөрчилддөг эрдэмтдийн үгэнд хэрхэн хандах нь зүйтэй вэ?

16 Өнөөдөр ч гэсэн утгагүй үг яриа сонсогддог. Жишээлбэл, зарим эрдэмтэн эволюцийн онол болон шинжлэх ухааны янз бүрийн нээлт бүх юмны нууцыг тайлж байгаа учир Бурханд итгэх хэрэггүй боллоо гэж ярьдаг. Ингэж том дуугардаг хүмүүсийн үгэнд итгэх нь зөв үү? Яалаа гэж! Хүний мэргэн ухаан Бурхныхаас асар их ялгаатай (1 Кор. 2:6, 7). Хүний үзэл бодол Бурхны сургаал номлолоос зөрвөл хүнийх дандаа ташаа байдгийг түүх харуулдаг (Ром 3:4-ийг уншина уу). Хэдийгээр шинжлэх ухаан хөгжиж байгаа боловч «энэ ертөнцийн мэргэн ухаан бол Бурхны өмнөх мунхаглал ажээ» хэмээсэн Библийн үг одоо ч бодит байдалтай нийцдэг. Бурхны хязгааргүй мэргэн ухаантай харьцуулахад хүний эргэцүүлэл үнэндээ дэмий хоосон шүү дээ (1 Кор. 3:18–20).

17. Христ шашны ертөнцийн удирдагчид болон тэрслэгчдийн үгэнд хэрхэн хандах хэрэгтэй вэ?

17 Христ шашны ертөнцийн удирдагчдын үг бол утгагүй үг ярианы өөр нэг жишээ юм. Тэд Бурхны нэрээр ярьдаг гэдэг боловч ихэнхдээ Библийн үндэсгүй сургаал номлож, ач холбогдолгүй юм ярьдаг. Тэрслэгчид ч бас утгагүй юм ярьж, өөрсдийгөө Есүсийн томилсон «итгэмжит, ухаалаг боолоос» ч ухаантай гэцгээдэг (Мат. 24:45–47). Гэтэл тэдний мэргэн ухаан, хоосон үг яриа нь олон түмнийг бүдрүүлдэг (Лук 17:1, 2). Тэдэнд мэхлүүлэхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Утгагүй үг яриаг үгүйсгэх нь

18. 1 Иохан 4:1-д бичсэн зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

18 Өндөр настай элч Иохан бидэнд тустай нэг зөвлөгөө өгчээ. Тэрбээр: «Хайртууд минь, онгод оруулсан үг болгонд бүү итгэ. Харин тэдгээрийг Бурхнаас ирсэн эсэхийг мэдэхийн тулд онгод оруулсан үгсийг шалга. Учир нь олон хуурамч зөнч ертөнцөд гарсан байна» хэмээжээ (1 Иохан 4:1, ШЕ). Бид хүмүүсийг итгэж үнэмшдэг зүйлээ Библитэй харьцуулан шалгаж үзэхийг уриалан, Иоханы зөвлөгөөг хэрэгжүүлэхэд нь тусалдаг. Гэхдээ бид өөрсдөө ч энэ зөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай. Библийн сургаалыг шүүмжилсэн, эсвэл христиан хурал, ахлагчид, итгэл нэгтнүүдийн маань нэр хүндийг унагасан үг сонсогдвол шууд хүлээн зөвшөөрөх учиргүй. Үүний оронд «Ийм юм ярьж явдаг хүнийг Библийн зарчмыг баримталдаг гэж хэлж болох уу? Иймэрхүү яриа Еховагийн санаа зорилгыг хэрэгжүүлэх үйлсэд тустай юу? Хурлынхантайгаа эв нэгдэлтэй байхад тус болох уу?» гэх зэргийг бодож үзэх нь зүйтэй. Ахан дүүгийн барилдлагыг «байгуулдаг» бус «нураадаг» үг бол утгагүй үг яриа мөн (2 Кор. 13:10, 11).

19. Ахлагчид утгагүй юм ярихаас хэрхэн болгоомжилдог вэ?

19 Ахлагчид ч гэсэн утгагүй юм ярихаас болгоомжлох ёстой. Итгэл нэгтнүүддээ зөвлөгөө өгөхдөө дан ганц өөрийн мэдлэг, туршлагад үндэслэн өрөөсгөл юм ярилгүй, даруу байж, үргэлж Библид үндэслэсэн зөвлөгөө өгөх учиртай. «Бичигдсэнээс хэтрэхгүй бай» хэмээсэн элч Паулын чухал зөвлөгөөг баримтлах нь зүйтэй (1 Кор. 4:6). Тиймээс, тэд Библи болон итгэмжит ухаалаг боолын гаргасан хэвлэлд бичигдсэнээс хэтэрсэн заавар зөвлөгөө өгдөггүй.

20. Утгагүй юмыг үгүйсгэхийн тулд тусламж яаж авах вэ?

20 Хуурамч бурхан, хоосон үг яриа гээд өөр бусад юу ч бай, утгагүй юм бүхэн аюултай. Тиймээс, утгагүй юмыг ялгаж салгаад, тэдгээрийг үгүйсгэхэд туслахыг Еховагаас гуйн залбирч байх хэрэгтэй. Ингэж залбирах нь «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч» хэмээсэн дуулалчийг дуурайж байгаа хэрэг юм (Дуу. 119:37). Дараагийн өгүүллээр Еховагаар удирдуулахын ач тусыг ярилцъя.

Тайлбарлана уу

• Бид ямар ямар «утгагүй юмыг» үгүйсгэх ёстой вэ?

• Эд баялгийг бурхнаа болгохгүйн тулд яах ёстой вэ?

• Махан биеийн хүсэл тачаал шүтээн болдог гэж юу гэсэн үг вэ?

• Утгагүй үг яриаг яаж үгүйсгэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[3-р хуудасны зураг]

Ехова израильчуудад утгагүй юмаар хөөцөлдөлгүй, «газар дээрээ хөдөлмөрлөхийг» уриалсан

[5-р хуудасны зураг]

Баян чинээлэг амьдралд татагдалгүй, Еховадаа чин сэтгэлээсээ үйлчилцгээе

[6-р хуудасны зураг]

Ахлагчдын зөвлөгөө их үнэтэй