Skip to content

Гарчиг руу орох

Утга учиртай амьдрахын нууц

Утга учиртай амьдрахын нууц

Утга учиртай амьдрахын нууц

«Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун» (НОМ. 12:13).

1, 2. «Номлогчийн үгс» номыг судлахын ач тус юу вэ?

 БАЙХГҮЙ юмгүй нэгэн хүн байжээ. Тэрбээр алдар цуутай төрийн зүтгэлтэн, дэлхийн толгой баячуудын нэг, үеийнхэн дотроо хамгийн ухаантай эр байлаа. Тийм их амжилтад хүрсэн хэр нь «Утга учиртай амьдрахын нууц юу вэ?» гэсэн асуултын хариуг хайсаар байв.

2 Тэр бол гурван мянган жилийн өмнө амьдарч байсан түүхэн хүн юм. Соломон гэдэг энэ хүн сэтгэл хангалуун амьдралыг хаанаас олж болохыг эргэцүүлсэн тухайгаа «Номлогчийн үгс» номдоо бичиж үлдээжээ (Ном. 1:13). Соломоны үзэж туулсан бүхнээс сурах юм их бий. «Номлогчийн үгс» ном мэргэн ухаан өгч, жинхэнэ утга учиртай амьдрах зорилго тавихад тусална.

«Салхины хойноос хөөцөлдөхтэй адил»

3. Бид ямар бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

3 Гайхаж бишрээд баршгүй, нүд баясгаж, сэтгэл сэргээм олон сайхан зүйлийг Бурхан бүтээсэн тухай Соломон бичжээ. Гэхдээ хүний нас дэндүү богинохон учраас Бурхны бүтээлээс хумсын төдийхнийг ч судалж амждаггүй (Ном. 3:11; 8:17). Хүмүүний амьдрал үүлэн чөлөөний нар мэт нүд ирмэх зуур өнгөрдөг (Иов 14:1, 2; Ном. 6:12). Энэхүү бодит үнэн ухаалаг амьдрахыг бидэнд сануулдаг. Гэхдээ буруу замаар будаа тээлгэхийг оролддог Сатаны ертөнцөд ухаалаг амьдрах амаргүй.

4. а) «Хоосон» гэдэг үг ямар утгатай вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай ярилцах вэ?

4 Соломон «Номлогчийн үгс» номдоо амьдралаа дэмий үрэхийн аюулыг онцолж, «хоосон» гэдэг үгийг 30 орчим удаа бичжээ. «Хоосон» гэж орчуулсан еврей үгээр дэмий, үргүй, утгагүй, тусгүй, үнэгүй зүйлийг хэлдэг байна (Ном. 1:2, 3). Соломон бас «салхины хойноос хөөцөлдөхтэй адил» гэдэг үгийг «хоосон» гэдэг үгтэй адилхан утгаар хэрэглэжээ (Ном. 1:14; 2:11). Салхийг барьж авах гэж хэчнээн хичээвч үр ашиггүй, хоосон хоцордог шиг, ухаалаг бус зорилгын хойноос хөөцөлдвөл эцэст нь «ниргэсэн хойно нь хашгирав» гэгч болно. Бидний амьдрал маш богинохон учраас дэмий зүйлд зарцуулах цаг байхгүй. Тиймээс сүүлд нь амаа барихгүйн тулд ихэнх хүний хөөцөлддөг зарим зүйлийн талаар Соломоны юу гэж тайлбарласныг үзье. Эхлээд, зугаа цэнгэл, эд хөрөнгөний хойноос хөөцөлдөх тухай авч үзье. Дараа нь, ямар ажил Бурханд таалагддаг талаар ярилцъя.

Зугаа цэнгэл жинхэнэ жаргал авчирдаг уу?

5. Соломон сэтгэл хангалуун амьдрахын тулд яадаг байсан бэ?

5 Өнөөгийн хүмүүсийн адил Соломон ч бас сэтгэл хангалуун амьдрахын тулд зугаа цэнгэл хөөж үзжээ. Тэрбээр: «Ямар ч цэнгэл тааламжаас би өөрийгөө татаж байсангүй» гэж бичсэн байдаг (Ном. 2:10). Соломон яаж зугаацаж цэнгэдэг байсан бэ? «Номлогчийн үгс» номын 2-р бүлгийг үзвэл, тэрбээр «сархад дарсыг» тохируулан хүртэж «өөрийн биеийг ...цэнгүүлдэг» байсан бөгөөд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, орд харш сүндэрлүүлж, дуу хөгжим сонсож, амтат хоол зооглодог байжээ.

6. а) Цагийг зугаатай өнгөрүүлэх нь яагаад буруу биш вэ? б) Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ яаж дүн нуруутай байх вэ?

6 Найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрөөхийг Библи буруушаадаг уу? Үгүй. Жишээ нь, Соломон хүнд ажлын дараа сэтгэл сэргээм орчинд сайхан хоол зооглохыг Бурхны бэлэг гэж бичжээ (Номлогчийн үгс 2:24; 3:12, 13-ыг уншина уу). Түүнээс гадна, залуу хүмүүсийг ухамсартайгаар «баярлаж цэнгэн», «зүрх сэтгэлээ баясгахыг» Ехова өөрөө уриалдаг (Ном. 11:9). Зөв зохистой амралт, зугаалга бидэнд зайлшгүй хэрэгтэй (Марк 6:31-тэй харьцуулна уу). Гэхдээ амралт, чөлөөт цагийг амьдралынхаа эн тэргүүнд тавилгүй, хоолны дараа иддэг амттан шиг үзэх нь зүйтэй. Амттанд хэчнээн дуртай байлаа гээд, өөр юм идэхгүй бол удалгүй залхана. Тэгээд ч хоол болдоггүй. Түүн шиг, зугаа цэнгэл хөөсөн амьдрал «салхины хойноос хөөцөлдөхтэй адил» дэмий хоосон байдгийг Соломон ухаарчээ (Ном. 2:10, 11).

7. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ яагаад болгоомжтой байх хэрэгтэй вэ?

7 Түүнээс гадна, зугаа цэнгэл болгон зохистой байдаггүй. Сүнслэг байдал болон ёс суртахуунд аюул учруулдаг зугаа цэнгэл цөөнгүй бий. Олон сая хүн цагаа сайхан өнгөрүүлж байна гээд архи дарсанд хөлчүүрч, мансууруулах бодис хэрэглэн, мөрийтэй тоглож амьдралаа үрэн таран хийдэг. Аюултай зүйлийг нүдээрээ харж, зүрхээрээ хүсвэл горыг нь амсана гэж Ехова бидэнд сайхан сэтгэлээр анхааруулдаг (Гал. 6:7).

8. Амьдралаа эргэн харах нь яагаад ухаалаг хэрэг вэ?

8 Бас зугаа цэнгэл хэт хөөх нь илүү чухал зүйлийг анхаарахад саад болно. Бидний нас дэндүү богинохон бөгөөд амьдралын маань зам дандаа дардан байдаггүй. Тийм учраас, Соломоны цааш нь бичсэнээр, «зугаацагчдын гэрт» очсоноос өөд бологсдын гэрт, ялангуяа, үнэнч итгэл нэгтнийхээ оршуулгад очсон нь хамаагүй дээр ажээ (Номлогчийн үгс 7:2, 4-ийг уншина уу). Яагаад гэвэл, оршуулгын илтгэл сонсож, нас барсан үнэнч Гэрчийн амьдралын түүхийг эргэцүүлэн бодвол өнгөрүүлсэн амьдралаа эргэн харж, үлдсэн амьдралаа ухаалаг өнгөрөөхийн тулд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрч болох юм (Ном. 12:1).

Сэтгэл хангалуун амьдрахын нууц нь эд хөрөнгө мөн үү?

9. Соломон эд хөрөнгөний талаар юу ойлгосон бэ?

9 Соломон «Номлогчийн үгс» номыг бичиж байхдаа дэлхийн хамгийн баян хүн байв (Ш.дэд 9:22). Тэрбээр хүссэн болгоноо авч чаддаг байсан учраас «Миний нүд хүсэмжилж буй бүгдээс би татгалзсангүй» гэж бичжээ (Ном. 2:10). Гэвч сэтгэл хангалуун амьдрахын нууц нь эд хөрөнгө биш гэдгийг ойлгоод, «Мөнгийг хайрлагч нь мөнгөнд үл ханах ба элбэг дэлбэгийг эрхэмлэгч нь орлогодоо цаддаггүй» хэмээн дүгнэжээ (Ном. 5:10).

10. Жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун, баян чинээлэг амьдрахын тулд яах хэрэгтэй вэ?

10 Эд хөрөнгө үнэ цэнээ алддаг ч хүмүүсийн сэтгэлийг татсаар л байна. Саяхан АНУ-д явуулсан судалгаагаар, их сургуулийн 1-р курсийн оюутнуудын 75 хувь нь амьдралын гол зорилгоо «чинээлэг болох» гэж тодорхойлжээ. Хэрэв тэд зорилгодоо хүрвэл үнэхээр жаргах уу? Юу л бол. Судлаачдын тэмдэглэснээр, эд хөрөнгийг эн тэргүүнд тавих нь үнэн хэрэгтээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрахад чөдөр тушаа болдог ажээ. Гэтэл Соломон үүнээс олон жилийн өмнө ийм дүгнэлтэд хүрчихсэн байсан. Тэрбээр: «Би бас өөртөө алт, мөнгө хийгээд хаад[аас] эрдэнэсийг хураан цуглуулсан. ...Гэтэл энэ бүхэн хоосон бөгөөд салхины хойноос хөөцөлдөхтэй адил байв» гэж бичжээ * (Ном. 2:8, 11). Хэрэв бид Еховад амьдралаа зориулж, чин сэтгэлээсээ үйлчилбэл, арвин их ивээл хүртэж, жинхэнэ ёсоор баян болно (Сургаалт үгс 10:22-ыг уншина уу).

Ямар ажил хийвэл жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун амьдрах вэ?

11. Библид бичсэнээр, ажил хөдөлмөр ямар ач тустай вэ?

11 Есүс: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна» хэмээн айлджээ (Иох. 5:17). Ехова Есүс хоёр ажлаасаа таашаал авдаг байсан нь эргэлзээгүй. Ехова бүтээн туурвих ажилдаа сэтгэл хангалуун байсныг Библид: «Бурхан Өөрийнхөө бүтээсэн бүгдийг харахад нэн сайхан байжээ» хэмээн бичжээ (Эх. 1:31). Тэнгэр элчүүд Бурхны бүтээсэн бүхнийг хараад «баярлалдан уухайлсан» (Иов 38:4–7). Соломон ч бас утга учиртай ажлыг үнэлдэг байжээ (Ном. 3:13).

12, 13. а) Шударга хөдөлмөрөөс сэтгэлийн таашаал авдаг тухайгаа хоёр хүн юу гэж хүүрнэсэн бэ? б) Ажлаас болж заримдаа сэтгэлээр унадгийн учир юу вэ?

12 Шударга хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгодог хүн олон бий. Жишээ нь, Хосе гэдэг авьяаслаг зураач: «Толгойд буусан зургаа зотон дээр тэр чигээр нь амилуулж чадвал өндөр уулын оройд гарсан юм шиг л санагддаг» гэж хэлжээ. Мигел * гэдэг бизнесмен: «Ажилтай хүн сэтгэл хангалуун байдаг. Яагаад гэвэл, ажил хийж байж л гэр бүлээ тэжээнэ шүү дээ. Бас зорилгодоо хүрэх шиг сайхан юм юу байх билээ» гэж ярьсан юм.

13 Нөгөө талаар, уйтгартай, бүтээлч бус ажил бишгүй байдаг. Ажлын байр заримдаа уур бухимдлын үндэс, шударга бус явдлын талбар болох нь ч бий. Эрх мэдэлтнүүдийн нөмөр нөөлөгт байдаг залхуучууд ажилсаг нэгнийхээ хөлс хүчийг сордгийг Соломон тэмдэглэжээ (Ном. 2:21). Сэтгэлээр унагах юм үүгээр дуусахгүй. Ашигтай гэж үзээд эхэлсэн бизнес улс орны эдийн засгийн хямрал юм уу санамсаргүй тохиолдлоос болж бүтэлгүйтэж мэдэх юм. «Наран доор миний харсан зүйл гэвэл хурдан нь түрүүлдэг юм биш, хүчтэй нь дийлдэг юм биш, мэргэн нь хоол олдог юм биш, ухаантайд нь баялаг байдаг юм биш, мэдлэгтэй нь сайшаал хүртдэг юм биш, харин бүх юманд цаг хугацаа хийгээд санамсаргүй тохиолдол гэж байдаг» (Номлогчийн үгс 9:11, ШЕ). Амжилтад хүрэх гэж мэрийж мэрийж, эцэст нь «салхины төлөө хөдөлмөрлөснөө» ойлгоод, уурлаж бухимдан, сэтгэлээр унадаг хүн олон (Ном. 5:16).

14. Ямар ажил хийдэг хүн жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун явдаг вэ?

14 Хэзээ ч сэтгэлээр унагадаггүй ажил байна уу? Дээр дурдсан зураач Хосе: «Зурагнууд яваандаа гэмтэж муудах юм уу алга болдог. Харин бидний хийдэг сүнслэг ажил тийм биш. Еховад захирагдан, сайн мэдээ дэлгэрүүлдэг маань алга болдоггүй, гэмтэж мууддаггүй барилга барьж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, хүмүүст Бурхантай анд нөхөд болоход нь тусалдаг. Үүнээс эрхэм ажил гэж юу байх вэ» хэмээн ярьсан юм (1 Кор. 3:9–11). Мигел ч бас Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх нь ямар ч ажлаас илүү, сэтгэлийн таашаал өгдөг тухай ярьжээ. Тэрбээр: «Бидний дэлгэрүүлдэг Библийн үнэнийг хүмүүс зүрх сэтгэлээрээ хүлээж авч байгааг харахаас илүү баяр баясгалан байхгүй» гэжээ.

«Өөрийн талхыг... хая»

15. Жинхэнэ утга учиртай амьдрахын нууц юу вэ?

15 Эцэст нь дүгнэхэд, утга учиртай амьдрахын нууц юу вэ? Удахгүй өнгөрөн одох энэ ертөнцөд сайн үйл хийж, Еховаг баярлуулахын төлөө бүх амьдралаа зориулбал жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун явна. Тухайлбал, Бурхантай тогтоосон харьцаагаа батжуулж, Библийн хэм хэмжээг үр хүүхдэдээ зааж, Еховатай танилцахад нь бусдад тусалж, итгэл нэгтнүүдтэйгээ үнэнчээр нөхөрлөж болно (Гал. 6:10). Энэ бүх зорилгын төлөө гаргасан хичээл зүтгэл үнэ цэнээ хэзээ ч алддаггүй бөгөөд зорилгодоо хүрвэл ивээл хүртдэг. Соломон сайныг үйлдэхийн ач тусыг тайлбарлахдаа нэгэн зүйрлэл хэлсэн нь тун сонирхолтой. Тэрбээр: «Өөрийн талхыг усны гадаргуу дээр хая! Учир нь олон хоногийн хойно чи түүнийгээ эрж олох болно шүү дээ» гэж хэлжээ (Ном. 11:1). Есүс шавь нартаа: «Өгөгтүн, тэгвэл [та нарт] өгөгдөх болно» хэмээн уриалжээ (Лук 6:38). Бас Ехова бусдад сайн юм хийдэг хүмүүсийг шагнахаа амласан (Сур. 19:17; Еврей 6:10-ыг уншина уу).

16. Яаж амьдрахаа хэзээнээс бодох нь зөв бэ?

16 Библи биднийг амьдралын ямар зам сонгохоо эртнээс бодож, ухаалаг шийдвэр гаргахыг уриалдаг. Залуудаа зөв шийдвэр гаргавал хожим харамсахгүй (Ном. 12:1). Энэ ертөнцийн гял цал бүхний хойноос явж, амьдралынхаа хамгийн сайхан үеийг дэмий үрвэл хэчнээн харамсалтай вэ! Салхины хойноос хөөцөлдөж явснаа л ойлгох болно шүү дээ.

17. Амьдралын хамгийн сайн зам сонгоход юу туслах вэ?

17 Халамжит Эцэг Ехова маань биднийг сайхан амьдраасай, сайн үйл хийгээсэй, бүү зовоосой гэж хүсдэг (Ном. 11:9, 10). Яавал тэнгэрийн Эцгийнхээ хүслийг биелүүлэх вэ? Сүнслэг зорилго тавьж, тэр зорилгодоо хүрэхийн төлөө мэрийх хэрэгтэй. Хавиер гэдэг Гэрч 20-иод жилийн өмнө алдартай эмч болох уу, Бурханд бүрэн цагаар үйлчлэх үү гэдгээ шийдэх болжээ. Тэрбээр: «Эмчийн ажил сайхан ч хүмүүст үнэнийг мэдүүлэхээс илүү жаргал хаа ч байхгүй. Би Бурхандаа бүрэн цагаар үйлчилдэг учраас амьдрал маань дүүрэн жаргалтай байдаг. Гагцхүү, энэ ажлаа эрт эхлэх минь яав даа гэж харамсдаг юм» хэмээн ярьжээ.

18. Есүсийн дэлхий дэх амьдрал яагаад утга учиртай байсан бэ?

18 Бид ямар эд хөрөнгөтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй вэ? «Номлогчийн үгс» номд: «Үнэт сайн тосноос сайн нэр нь дээр, төрөх өдрөөс үхэх өдөр нь дээр буюу» хэмээн бичжээ (Ном. 7:1). Есүсийн амьдрал үүнийг тод томруун харуулдаг. Есүс Еховагийн өмнө үнэхээр сайн нэрийг олжээ. Тэрбээр үхэн үхтэлээ Эцэгтээ үнэнч байсан учраас хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөж, бидэнд авралын зам нээсэн золих тахилыг өргөсөн билээ (Мат. 20:28). Есүс хүн болж цөөн хэд наслахдаа жинхэнэ утга учиртай амьдрахын төгс жишээг бидэнд үлдээжээ (1 Кор. 11:1; 1 Петр 2:21).

19. Соломон ямар мэргэн зөвлөгөө өгсөн бэ?

19 Бид ч бас Бурхны өмнө сайн нэртэй байж болно. Бидний хувьд Еховагийн сайшаалыг хүлээх нь эд баялагтай байхаас хавьгүй илүү үнэ цэнтэй (Матай 6:19–21-ийг уншина уу). Бид Бурхандаа таалагдах зүйлийг өдөр бүр хийж чадна. Ингэснээр амьдрал маань ч баян болдог. Жишээ нь, хүмүүст сайн мэдээ хүргэж, гэр бүлийн амьдралаа батжуулж, бие даан Библи судлах, цуглаанд очих зэргээр Еховатай тогтоосон харьцаагаа улам бэхжүүлж болно (Ном. 11:6; Евр. 13:16). Та жинхэнэ утга учиртай амьдрахыг хүсдэг үү? Хүсдэг бол, «Бурхнаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна» хэмээсэн Соломоны зөвлөгөөг дагаарай (Ном. 12:13).

[Зүүлт]

^ Соломоны жилийн үндсэн орлого 666 талант (22 000 гаруй килограмм) алт байжээ (Ш.дэд 9:13).

^ Нэрийг өөрчлөв.

Хариулна уу

• Бид ямар учраас амьдралынхаа утга учрын талаар нухацтай бодох хэрэгтэй вэ?

• Зугаа цэнгэл, эд хөрөнгөний талаар бид ямар үзэлтэй байх ёстой вэ?

• Ямар ажил хийвэл хэзээд сэтгэл хангалуун байх вэ?

• Ямар эд хөрөнгөтэй болохын төлөө зүтгэх хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Амралт, чөлөөт цаг бидний амьдралд ямар байр эзлэх ёстой вэ?

[24-р хуудасны зураг]

Дэлгэрүүлэх ажилд оролцоход сэтгэл хангалуун болдгийн учир юу вэ?