Skip to content

Гарчиг руу орох

Бурхны Хаанчлалын аврах цаг ойрхон байна!

Бурхны Хаанчлалын аврах цаг ойрхон байна!

Бурхны Хаанчлалын аврах цаг ойрхон байна!

«Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» (МАТ. 6:10).

1. Есүсийн гол сургаал юу вэ?

 ЕСҮС ХРИСТ Ууланд айлдсан номлолдоо нэгэн жишээ залбирал оруулсан бөгөөд энэ нь гол сургаалынх нь хураангуй юм. Тэрбээр: «Таны хаанчлал ирэх болтугай. Хүсэл тань тэнгэрт шигээ газар дээр биелэгдэх болтугай» хэмээн залбирч байхыг дагалдагчдадаа заажээ (Мат. 6:9–13). «Есүс нэг хот, суурингаас нөгөөд хүрч, Бурхны хаанчлалыг тунхаглаж, дэлгэрүүлж байв» (Лук 8:1). «Эхлээд ...хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун» хэмээн дагалдагчдадаа уриалж байлаа (Мат. 6:33). Та энэ өгүүллийг судлах явцдаа, эндээс сурч мэдсэн зүйлээ дэлгэрүүлэх ажилд хэрхэн ашиглаж болохыг бодож үзээрэй. Жишээ нь, «Хаанчлалын тухай мэдээ хэр зэрэг чухал бэ? Хүн төрөлхтөн юунаас аврагдах шаардлагатай вэ? Бурхны Хаанчлал биднийг яаж аврах вэ?» гэх зэргийн асуултад хэрхэн хариулахаа бодоорой.

2. Хаанчлалын тухай мэдээ хэр зэрэг чухал бэ?

2 Есүс: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэж зөгнөжээ (Мат. 24:14). Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээ бол энэ ертөнц дэх хамгийн чухал мэдээ юм! Еховагийн Гэрчүүдийн 100 000 гаруй хурлын 7 сая орчим гишүүн Хаанчлал байгуулагдсан тухай мэдээ тунхаглах хосгүй ажил хийж байна. Хаанчлал байгуулагдсан гэдэг нь Бурхан дэлхийн нөхцөл байдлыг бүрэн хянах засгийн газрыг тэнгэрт байгуулсан гэсэн үг учраас энэ бол үнэхээр сайн мэдээ юм. Ехова Хаанчлалын тусламжтайгаар хүсэл тааллаа тэнгэрт биелүүлсэн шигээ газар дээр биелүүлнэ.

3, 4. Бурхны хүсэл газар дээр биелэхэд амьдрал ямар болох вэ?

3 Бурхны хүсэл газар дээр биелэх цагт хүмүүсийн амьдрал ямар болох вэ? Ехова «тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно» (Илч. 21:4). Төрөлхийн нүгэл, төгс бусын үр дагавар болсон өвчин, үхэл байхгүй болно. Бурхны ой санаанд буй нас барагсдад мөнх амьдрах ирээдүй бий. Учир нь Библид: «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилна» гэсэн амлалт байдаг (Үйлс 24:15). Дайн, өвчин, өлсгөлөн үгүй болж, дэлхий диваажин болон хувирна. Араатан амьтад хүртэл хүнд аюул занал учруулахаа больж, өөр хоорондоо эв найртай амьдардаг болно (Дуу. 46:9; 72:16; Ис. 11:6–9; 33:24; Лук 23:43).

4 Хаанчлал захирах үед амьдрал ийм сайхан болно гэж бодохлоор, «Даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлана» хэмээсэн Библийн зөгнөл хэтрүүлэг биш гэдэг нь тодорхой болно. Тэгвэл мууг үйлддэг хүмүүс яах вэ? «Тун удахгүй хорон санаатан үгүй болно. ...Тэр байхгүй байх болно» гэж Сударт зөгнөжээ. Харин «ЭЗЭНийг хүсэн хүлээгчид газар нутгийг өвлөнө» (Дуу. 37:9–11).

5. Өнөөгийн ертөнц яах вэ?

5 Энэ бүхэн болохоос өмнө эв нэгдэлгүй засгийн газрууд, шашнууд болон худалдааны тогтолцоо бүхий өнөөгийн ертөнцийг устгах хэрэгтэй бөгөөд уг ажлыг тэнгэрийн засгийн газар гүйцэтгэнэ. Бурхан зөнч Даниелд онгод оруулан: «[Одоо байгаа] тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан [тэнгэрт] байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь [одоо байгаа] тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн бичүүлжээ (Дан. 2:44). Дараа нь Бурхны Хаанчлал буюу тэнгэрийн шинэ засгийн газар хүний шинэ нийгмийг захирна. «Зөвт байдал оршдог шинэ тэнгэр, шинэ газар» гэдэг нь тэр байх юм (2 Петр 3:13).

Бурхны аврал одоо хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй

6. Өнөөгийн ёс бус ертөнцийн муу муухай бүхнийг Библид хэрхэн дүрсэлсэн байдаг вэ?

6 Сатан Адам Ева гурав зөв, бурууг өөрсдөө шийдэхийг хүсэж, Бурхны эсрэг самуун дэгдээснээр хүн төрөлхтний зовлонт түүх эхэлжээ. Тэр цагаас хойш 1600 жилийн дараа буюу Усан галав юүлэхийн өмнө «дэлхий дээрх хүмүүсийн бузар гэм нь үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсон» байлаа (Эх. 6:5). Усан галаваас хойш 1300 жил өнгөрөхөд байдал улам дордсоныг ажигласан Соломон: «Одоог хүртэл амьд байгсдаас хэдийн насан өөд бологсдыг би илүүд үзэв. Гэвч наран доор хийгддэг бузар үйлийг хэзээ ч хараагүй, эсвэл амьгүй төрсөн нэгэн нь мөнөөх хоёроосоо ч илүү дээр аж» гэж бичжээ (Ном. 4:2, 3). Тэр үеэс хойш 3000 шахам жил өнгөрсөн бөгөөд өнөөдөр муу муухай явдал улам гаарч байна.

7. Бурхны аврал одоо хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаагийн учир юу вэ?

7 Муу муухай явдал аль ч үед байсан нь үнэн боловч, Бурхны аврал одоо хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болжээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд нөхцөл байдал урьд урьдынхаасаа дордсон бөгөөд одоо улам муудаж байна. Нэгэн судалгааны байгууллагаас гаргасан тайланд: «ХХ зуунд дайнд үрэгдэгсдийн тоо МЭ І зуунаас 1899 оны хооронд гарсан дайнд амиа алдсан хүний тооноос даруй гурав дахин их байна» гэж тэмдэглэжээ. 1914 оноос хойш 100 сая гаруй хүн дайнд амь үрэгджээ! Нэгэн нэвтэрхий тольд бичсэнээр, дэлхийн II дайнд 60 сая хүн амь насаа алдсан байна. Өнөөдөр зарим улсад байгаа цөмийн зэвсэг дэлхийн хүн амын ихэнх хэсгийг устгах чадалтай. Шинжлэх ухаан, анагаахын салбар хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч жил бүр таван сая орчим хүүхэд өвчин эмгэг, өлсгөлөнгийн улмаас үхэж байна («Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 9-р бүлгийг үзнэ үү).

8. Хүн хүнээ захирсан олон мянган жилийн түүхийг үзвэл юу батлагддаг вэ?

8 Улам газар авч буй муу муухай явдлыг зогсоох гэсэн хүний оролдлого талаар болж байна. Дэлхийн улс төр, худалдаа, шашны байгууллагууд хүн ардын амгалан тайван, ая тухтай, эрүүл энх амьдрах үндсэн хэрэгцээг хэзээ ч хангаж байгаагүй. Хүн төрөлхтөнд нүүрлээд байгаа бэрхшээлүүдийг шийдэх нь битгий хэл, бүр нэрмээс болдог. Хүн хүнээ захирсан олон мянган жилийн түүхийг үзвэл, «Газар дэлхийн хүний зам өөрийн нь мэдлийнх биш... Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй» гэдэг үг үнэн болох нь батлагддаг (Иер. 10:23, ШЕ). Үнэхээр, «хүн хүнээ захирснаар хор хөнөөлд хүргэдэг» (Ном. 8:9, ШЕ). Тэгээд ч «бүх бүтээл нь хамтдаа ёолон, хамтдаа төрөх зовлонг эдэлдэг» (Ром 8:22).

9. Христианууд «эцсийн өдрүүдэд» болж байгаа ямар үйл явдалд гайхдаггүй вэ?

9 Өнөө үеийн тухай Библид: «Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ» хэмээн зөгнөөд, хүн хүнээ захирдаг ертөнцийн энэхүү эцсийн өдрүүдэд нөхцөл байдал ямар болохыг дүрслэн бичжээ. Тэгээд цааш нь: «Муу хүмүүс, мэхлэгч нар ...улам бүр бузар муу болно» гэжээ (2 Тимот 3:1–5, 13-ыг уншина уу). Христианууд үүнд гайхдаггүй. Яагаад гэвэл, «бүх ертөнц нь муу нэгний [буюу Сатаны] дотор байдгийг» мэддэг (1 Иох. 5:19). Гэхдээ Бурхан өөрт нь хайртай хүмүүсийг улам хурдан муудаж байгаа энэ ертөнцөөс тун удахгүй аварна гэсэн сайхан мэдээ бий.

Цорын ганц, найдвартай Аврагч

10. Еховаг цорын ганц, найдвартай Аврагч гэж хэлж болохын учир юу вэ?

10 Сайн мэдээ дэлгэрүүлж явахдаа Ехова бол цорын ганц, найдвартай Аврагч гэдгийг хүмүүст тайлбарлах хэрэгтэй. Үйлчлэгчдээ ямар ч муу нөхцөл байдлаас аврах хүсэлтэй, чадалтай нэгэн Еховагаас өөр байхгүй (Үйлс 4:24, 31; Илч. 4:11). Тэрбээр: «Үнэхээр Миний бодсон хэрэг биелнэ» гэж амласан бөгөөд амлалт нь «хоосон буцаж ирдэггүй» учраас ард түмнээ хэзээд аварч, санаа зорилгоо биелүүлнэ гэдэгт нь итгэж болно (Исаиа 14:24, 25; 55:10, 11-ийг уншина уу).

11, 12. Бурхан үйлчлэгчдэдээ ямар баталгаа өгдөг вэ?

11 Ехова ёс бус бүхнийг устгахдаа үйлчлэгчдээ аварна гэсэн баталгаа өгдөг. Зөнч Иеремиа Бурхны мэдээг хорон муу хүмүүст зоригтой тунхаглах учиртай байв. Тэр үед Ехова түүнд: «Тэднээс бүү ай. Учир нь Би чамайг чөлөөлөхөөр [«аврахаар», ШЕ] чамтай хамт байна» гэж хэлжээ (Иер. 1:8). Мөн, ёс бус Содом, Гоморра хотыг устгахынхаа өмнө хоёр тэнгэр элчээ илгээн, Лотыг гэр бүлийнх нь хамт хамгаалуулж, тэр газраас эсэн мэнд гаргуулсныхаа дараа «Содом, Гоморра дээр хүхэр болон галыг ...бороо мэт буулгажээ» (Эх. 19:15, 24, 25).

12 Ехова дэлхийг бүхэлд нь хамарсан арга хэмжээ авахдаа ч хүсэл тааллыг нь биелүүлдэг хүмүүсийг авардаг. Тэрбээр эртний ёс бус ертөнцийг Усан галаваар устгахдаа «зөвт байдлыг тунхаглагч Ноаг өөр долоон хүний хамт хамгаалсан» (2 Петр 2:5). Одоогийн ёс бус ертөнцийг устгахдаа ч бас зөв шударга хүмүүсийг аварна. Үүний тулд Үгээрээ дамжуулан: «Дэлхийн бүхий л даруу хүмүүс ээ, та нар ЭЗЭНийг хай. ...зөв шударгыг хай, төлөв байдлыг хай» хэмээн уриалж, «Магадгүй ЭЗЭНий уурын өдөр та нар нуугдсан байх болно» гэж хэлдэг (Зеф. 2:3). Бурхан ёс бус бүхнийг дэлхийгээс устгахад «хар санаатан газраас тастагдаж», «цэх шулуун хүн л газар дэлхий дээр амьдарна» (Сур. 2:21, 22).

13. Ехова нас барсан үйлчлэгчдээ хэрхэн аврах вэ?

13 Гэхдээ Бурхны олон үйлчлэгч өвчин эмгэг, мөрдлөг хавчлага гэх мэтийн янз бүрийн шалтгаанаас болоод аль хэдийн нас барсан байгаа (Мат. 24:9). Тэгвэл тэд яаж аврагдах вэ? Дээр хэлсэнчлэн, «зөвт ...хүмүүс... амилна» (Үйлс 24:15). Үйлчлэгчдээ аврахад нь Еховад юу ч саад болж чадахгүй гэдгийг мэдэхлээр сэтгэл үнэхээр тайвширдаг!

Зөв шударга засгийн газар

14. Бурхны Хаанчлалыг зөв шударга засгийн газар гэдэгт бид яагаад итгэлтэй байдаг вэ?

14 Еховагийн байгуулсан тэнгэрийн Хаанчлал бол зөв шударга засгийн газар гэдгийг дэлгэрүүлж явахдаа тайлбарлах хэрэгтэй. Учир нь тэр засгийн газар Бурхны шударга чанар, зөвт байдал, хайр гэх мэтийн гайхамшигтай зан чанарыг тусган харуулдаг (Д.хууль 32:4; 1 Иох. 4:8). Бурхан дэлхийг хамгийн сайн захирч чадах Есүс Христэд Хаанчлалыг хариуцуулсан. Бас тослогдсон 144 000 христианыг дэлхийгээс авна. Тэд тэнгэрт амилж, Христтэй хамт өв залгамжилж, дэлхийг захирна (Илч. 14:1–5).

15. Бурхны Хаанчлал болон хүний засаглалын хоорондох ялгааг хэлнэ үү.

15 Есүс болон 144 000 хүний засаглал төгс бус хүмүүсийн засаглалаас асар их ялгаатай байх болно! Энэ ертөнцөд хатуу сэтгэлтэй, харгис удирдагч цөөнгүй байдаг. Тэд ард иргэдээ дайнд татан оролцуулдгийн улмаас олон сая хүн амь насаа алддаг. Тэгэхлээр, «авралгүй» хүнд бүү итгэ гэж Библид зөвлөсний учир ойлгомжтой байна (Дуу. 146:3). Харин Христ ямар захирагч байхыг бод доо! Тэрбээр: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над руу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» гэж хэлсэн (Мат. 11:28–30).

Эцсийн өдрүүд удахгүй дуусна!

16. Эцсийн өдрүүд юугаар дуусах вэ?

16 1914 оноос хойш энэ ертөнцийн эцсийн өдрүүд буюу «үеийн төгсгөл» үргэлжилж байна (Мат. 24:3). Тун удахгүй, Есүсийн хэлсэн «агуу их гай гамшиг» болно (Матай 24:21-ийг уншина уу). Урьд хожид болж байгаагүй энэ гамшгаар Сатаны ертөнц бүхэлдээ устана. Энэ үйл явдал юугаар эхэлж, юугаар дуусах вэ?

17. Библид бичсэнээр, агуу их гай гамшиг юугаар эхлэх вэ?

17 Агуу их гай гамшиг санаандгүй байтал эхэлнэ. «Хүмүүсийг „Амар тайван, аюулгүй байдал“ гэж ярьж байх үед» «Эзний [«Еховагийн», ШЕ] өдөр» гэнэт ирнэ (1 Тесалоник 5:2, 3-ыг уншина уу). Ард түмнүүд том бэрхшээлүүдээ шийдэх дөхөж байна гэж бодох тэр үед зөгнөсөн гамшиг учрах ажээ. «Агуу их Вавилон» буюу хуурамч шашны тогтолцоо гэнэт устгагдахыг харсан «хаад» болон бусад хүн гайхан цочирдоно (Илч. 17:1–6, 18; 18:9, 10, 15, 16, 19).

18. Сатаныг ард түмэн рүү нь довтлоход Ехова яах вэ?

18 «Нар, сар, одод дээр тэмдэг бий болж», «Хүний Хүүгийн тэмдэг тэнгэрт илэрхийлэгдэх» нь бидний «золилт [«аврал», МАБ] ойртож байгаагийн» шинж учраас бид «цэх зогсоно» (Лук 21:25–28; Мат. 24:29, 30). Сатан буюу Гог Бурхны ард түмэн рүү довтолно. Гэхдээ үнэнч үйлчлэгчид рүү нь довтлохыг Ехова өөрийнх нь «мэлмийн цэцгийд хүрсэнтэй» адил үзнэ гэж хэлсэн (Зех. 2:8). Тийм учраас, Бурхны үйлчлэгчдийг устгах гэсэн Сатаны оролдлого амжилтад хүрэхгүй. Яагаад гэвэл, Хэмжээгүй эрхт Эзэн Ехова үйлчлэгчдээ аврахын тулд даруй арга хэмжээ авна (Езе. 38:9, 18).

19. Бурхны илгээсэн сүнсэн бүтээлүүд Сатаны ертөнцийг устгана гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

19 Бурхныг өөрсдийнх нь эсрэг үйл ажиллагаа явуулахад үндэстнүүд түүнийг «ЭЗЭН [«Ехова», ШЕ] мөн гэдгийг мэдэх болно» (Езе. 36:23). Ехова Сатаны ертөнцийн үлдсэн хэсгийг устгуулахаар Есүс Христ тэргүүтэй тоо томшгүй сүнсэн бүтээлүүдээ илгээнэ (Илч. 19:11–19). Эрт цагт ганцхан тэнгэр элч нэг шөнийн дотор Бурхны дайсан болох «зуун наян таван мянган хүнийг цохисон» билээ. Тэгвэл, агуу их гай гамшгийн оргил үе болох Хармагедоноор тэрхүү тэнгэрийн дайчид Сатаны ертөнцийг бүхэлд нь ядах юмгүй устгана гэдэгт итгэлтэй байж болно (Х.дэд 19:35; Илч. 16:14, 16). Сатан чөтгөрүүдийнхээ хамт мянган жил ёроолгүй гүнд хаягдана. Тэгээд эцэст нь бүрмөсөн устгагдана (Илч. 20:1–3).

20. Ехова Хаанчлалын тусламжтайгаар юу хийх вэ?

20 Тийнхүү ёс бус бүхнээс цэвэршсэн дэлхийд зөв шударга хүмүүс мөнх амьдарна. Ехова Агуу Аврагч гэдгээ бүрэн батална (Дуу. 145:20). Тэрбээр Хаанчлалын тусламжтайгаар хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөн, нэрээ ариусгаж, дэлхийн талаарх агуу санаа зорилгоо биелүүлнэ. Энэ сайхан мэдээг тунхаглаж, «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүст» Бурхны Хаанчлалын тусламжтайгаар аврагдах цаг нь ойрхон байгааг ойлгуулах христиан үйл хэрэгт баяр хөөртэй оролцоцгооё (Үйлс 13:48, ШЕ).

Санаж байна уу?

• Есүс Хаанчлалын ач холбогдлыг хэрхэн онцолсон бэ?

• Аврал одоо хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй байгаагийн учир юу вэ?

• Агуу их гай гамшгийн үед ямар ямар үйл явдал болох вэ?

• Ехова Агуу Аврагч гэдгээ хэрхэн батлах вэ?

[Догол мөрийн асуулт]

[12, 13-р хуудасны зураг]

Бурхны Үгэнд зөгнөснөөр, одоо дэлхий даяар сайн мэдээ дэлгэрүүлэх хосгүй ажил явагдаж байна

[15-р хуудасны зураг]

Ехова Ноаг гэр бүлтэй нь аварсан шигээ биднийг бас аварна

[16-р хуудасны зураг]

Ехова «нулимс бүрийг ...арчина. ...Цаашид үхэл байхгүй болно» (Илч. 21:4).