Skip to content

Гарчиг руу орох

Залуус аа, Еховад үйлчлэх замыг сонгогтун

Залуус аа, Еховад үйлчлэх замыг сонгогтун

Залуус аа, Еховад үйлчлэх замыг сонгогтун

«Юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга бай» (2 ТИМ. 3:14).

1. Ехова өөрт нь үйлчилдэг залуучуудыг хэрхэн үздэг вэ?

 ЕХОВА өөрт нь үйлчилдэг залуучуудыг эрхэмлэдэг учраас тэдний талаар зөгнөл бичүүлжээ. Дуулалч: «Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ» хэмээн дуулсан байдаг (Дуу. 110:3). Эндээс үзвэл, Ехова өөрт нь сайн дураараа үйлчилдэг залуусыг өндөр үнэлдэг ажээ.

2. Залуусыг амьдралын замаа сонгох үед ертөнцийн зүгээс ямар дарамт шахалт учирдаг вэ?

2 Охид хөвгүүд ээ, та нар Еховад өөрсдийгөө зориулсан уу? Жинхэнэ Бурханд үйлчлэх шийдвэр гаргаж зүрхэлдэггүй залуус цөөнгүй байдаг. Яагаад гэвэл, бизнесменүүд, багш нар, заримдаа гэрийнхэн, найз нөхөд нь эд хөрөнгөтэй болох зорилго тавихыг зөвлөдөг. Сүнслэг зорилго тавьж, түүндээ хүрэхийн төлөө явах нь ертөнцийн хүмүүст таалагддаггүй. Гэтэл жинхэнэ Бурханд үйлчлэх нь амьдралын хамгийн сайн замаар явж байгаа хэрэг юм (Дуу. 27:4). Үүнтэй уялдуулан, «Яагаад Бурханд үйлчлэх хэрэгтэй вэ? Хүмүүс юу ч хэлж, яаж ч байсан, Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахын тулд яах хэрэгтэй вэ? Бурханд үйлчлэх ямар ямар сайхан боломж та нарын өмнө байна вэ?» гэсэн гурван асуултыг авч үзье.

Еховад үйлчлэх нь хамгийн зөв зам

3. Еховагийн бүтээлүүдийн талаар бодож үзвэл ямар хүсэл төрөх вэ?

3 Жинхэнэ, амьд Бурханд үйлчлэх хэрэгтэйн учир юу вэ? Гол шалтгааныг Илчлэлт 4:11-ээс мэдэж болно. Тэнд: «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» гэж байдаг. Ехова бол орчлонт ертөнцөд байгаа бүхнийг бүтээсэн гайхамшигтай Бүтээгч юм. Дэлхий л гэхэд хэчнээн үзэсгэлэнтэй! Ой мод, цэцэг навч, ан амьтан, далай тэнгис, уул ус, энэ бүхнийг Ехова бүтээсэн. «Газар дэлхий [Бурхны] баялгаар дүүрэн юм» гэж Дуулал 104:24-т бичжээ. Бидэнд амьдралын баяр баяслыг мэдрүүлэх гэж бие махбод, оюун ухаан өгсөн Еховад талархаад баршгүй. Гайхан бишрэм ийм олон сайхан зүйл бүтээж өгсөнд нь чин сэтгэлээсээ талархдаг хүн Еховад үйлчлэхийг хүсэхгүй гэж үү?

4, 5. Иошуа ямар ямар үйлсийг нь үзээд Еховатай ойр дотно болсон бэ?

4 Еховад үйлчлэх бас нэг шалтгааныг Израилийн удирдагч Иошуагийн үгнээс мэдэж болно. Насныхаа эцэст тэрбээр Бурхны ард түмэнд хандан: «Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа» гэж хэлсэн. Яагаад тэгж хэлсэн бэ? (Иош. 23:14).

5 Иошуа Египетэд төрж өсөхдөө израильчуудыг өөрийн гэсэн газар нутагтай болгоно хэмээн Бурхны амласныг дуулж мэдсэн нь лавтай (Эх. 12:7; 50:24, 25; Ег. 3:8). Ехова Египетэд Арван гамшиг учруулан, зөрүүд фараоныг номхруулж, Израилийн хөвгүүдийг чөлөөлөх зэргээр амлалтаа биелүүлж эхэлснийг нь ч үзсэн. Иошуа Улаан тэнгисийг гаталсан хүмүүсийн нэг байсан бөгөөд тэр тэнгист фараон болон түүний цэргүүдийн живж үхэхийг харсан. Синаин «өргөн уудам, аймшигт цөл дундуур» аялан, урт зам туулахдаа израильчууд Еховагийн ачаар юугаар ч дутаж байгаагүйг биеэрээ амссан. Өлсөж, цангаж үхсэн хүн нэг ч байгаагүй (Д.хууль 8:3–5, 14–16; Иош. 24:5–7). Цаг нь болоход, өөрийнх нь болон элэг нэгтнүүдийнх нь шүтдэг Бурхан Канаан нутгийн хүчирхэг үндэстнүүдийг дарж, Амласан газрыг эзлэн авахад нь хэрхэн тусалсныг Иошуа үзсэн (Иош. 10:14, 42).

6. Бурханд үйлчлэх хүсэлтэй болохын тулд яах хэрэгтэй вэ?

6 Иошуа Еховаг амлалтаа заавал биелүүлдгийг мэддэг байсан учраас: «Би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ» гэж хэлжээ (Иош. 24:15). Тэгвэл, чиний тухайд юу хэлж болох вэ? Жинхэнэ Бурхны биелсэн болон хараахан биелээгүй амлалтыг бодоод, Иошуатай адил, Бурханд үйлчилмээр байна уу?

7. Баптисм хүртэхийг яагаад чухал алхам гэж хэлж болох вэ?

7 Еховагийн бүтээлүүд болон гайхамшигтай бөгөөд найдвартай амлалтуудыг нь эргэцүүлэн бодвол Еховад өөрийгөө зориулаад зогсохгүй, үүнийгээ батлан харуулж баптисм хүртэх хүсэл төрдөг. Баптисм бол Бурханд үйлчлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хийх ёстой чухал алхам юм. Үүнийг бидний Үлгэр жишээ болсон Есүс өөрийн биеэр үзүүлсэн. Тэрбээр Мессиагийн ажлаа эхлэхийнхээ өмнөхөн Баптисм хүртээгч Иохан дээр очиж баптисм хүртсэн. Чухам яагаад ийм алхам хийснээ тайлбарлаж: «Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм» хэмээн хожим нь хэлжээ (Иох. 6:38). Есүс Эцгийнхээ хүслийг биелүүлэх үйлсэд өөрийгөө зориулснаа батлан харуулахын тулд баптисм хүртжээ (Мат. 3:13–17).

8. Тимот ямар учраас Бурханд үйлчлэхээр шийдсэн бэ? Чиний тухайд юу хэлж болох вэ?

8 Еховагаас хариуцлагатай олон үүрэг даалгавар авч байсан Тимотын жишээг бас ярилцъя. Тимот ямар учраас залуу байхдаа жинхэнэ Бурханд үйлчлэхээр шийдсэн бэ? Түүнийг «юунд итгэсэн болон юу сурсан дотроо байнга байсан» гэж Библид бичжээ (2 Тим. 3:14). Чи Бурхны Үгийг судалж, сургаалыг нь үнэн гэж итгэсэн бол Тимоттой адилхан болжээ гэсэн үг. Одоо шийдвэр гаргах л үлджээ. Энэ тухайгаа эцэг эхдээ хэлбэл ямар вэ? Баптисм хүртэхэд Библийн ямар ямар шаардлага хангах ёстойг эцэг эх чинь болон хурлын ахлагчид хэлж өгнө (Үйлс 8:12-ыг уншина уу).

9. Чамайг баптисм хүртэхэд хүмүүс яаж хүлээж авах бол?

9 Баптисм хүртэх нь жинхэнэ Бурханд үйлчлэх гараагаа эхэлж байна гэсэн үг юм. Энэ алхмыг хийвэл холын зайн гүйлтийн тэмцээнд орж байгаа хэрэг болох бөгөөд ирээдүйд мөнхийн амийн шагнал хүртэнэ. Эдүгээ Бурхны хүсэл тааллыг биелүүлсний баяр баясгалан эдэлнэ (Евр. 12:2, 3). Бас энэ уралдаанд оролцож байгаа гэрийнхнээ болон христиан анд нөхдөө баярлуулна. Хамгийн гол нь, Еховаг баярлуулна (Сургаалт үгс 23:15-ыг уншина уу). Гэхдээ зарим хүн Еховад үйлчлэхээр шийдсэнийг чинь ойлгохгүй, гайхаж магад. Бүр, эсэргүүцэж ч болох юм. Гэхдээ чи тийм сорилтыг амжилттай давж чадна.

Хүмүүс гайхаж, эсэргүүцвэл...

10, 11. а) Бурханд үйлчлэх шийдвэрийн чинь талаар хүмүүс юу гэж асууж магадгүй вэ? б) Итгэл үнэмшлийнхээ талаар хүмүүст хариулахдаа Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

10 Чамайг Еховад үйлчлэхээр шийдвэл ангийнхан, танилууд, хамаатнууд чинь гайхаж мэднэ. Ийм зам сонгосны чинь учрыг, юунд итгэж үнэмшдэгийг чинь асуувал чи юу гэж хариулах вэ? Тэгж шийдсэнийхээ учрыг тайлбарлаж чаддаг байхын тулд үзэл бодол, сэтгэл санаагаа шалгаж, сайн бодох хэрэгтэй. Асуусан хүмүүст итгэл үнэмшлийнхээ талаар хэлэхдээ Есүсийн жишээг дуурайх нь хамгийн сайн арга юм.

11 Иудейн шашны удирдагчдыг дахин амилалтын тухай асуухад Есүс тэдний огт анзаарч байгаагүй Судрын хэсэгт анхаарлыг нь хандуулсан (Ег. 3:6; Мат. 22:23, 31–33). Нэгэн хуулийн багш хамгийн агуу тушаал юу вэ гэж асуухад Есүс Библиэс тохирох зүйлийг үзүүлдэг. Тэгэхэд нь тэр хүн ихэд талархдаг (Лев. 19:18; Д.хууль 6:5; Марк 12:28–34). Есүс Судрыг хэрхэн ашиглаж, хэрхэн ярьж байгаагаас болж «олон түмний дотор хагарал гарчээ». Үүний улмаас, эсэргүүцэгчид нь Есүсийг хорлож чаддаггүй (Иох. 7:32–46). Хүн итгэл үнэмшлийн чинь талаар асуувал Библиэсээ, «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулаарай» (1 Петр 3:15). Хэрэв юу гэж хариулахаа мэдэхгүй бол үнэнээ хэлээд, судалж үзсэний дараа хариу өгье гэж хэлээрэй. Тэгээд, «Монгол хэлээрх „Харуулын цамхаг“-ийн судлах өгүүллийн товъёг», эсвэл «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг», «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн номын сан» (компакт диск) мэддэг хэлээр чинь байвал тэдгээрийг ашиглаад судалгаа хийгээрэй. Сайн бэлдвэл, «яаж хариулах ёстойгоо мэддэг» болно (Кол. 4:6).

12. Хавчигдсан ч сэтгэлээр унах ёсгүйн учир юу вэ?

12 Хүмүүс байр суурь, итгэл үнэмшлийн чинь талаар асуугаад л болчихгүй. Бурхны дайсан Сатан Диавол энэ ертөнцийг захирдгийг санаарай (1 Иохан 5:19-ийг уншина уу). Тийм учраас, дандаа л магтаал, сайшаал хүлээнэ гэж битгий бодоорой. Эсэргүүцэлтэй ч тулгарч магадгүй. Зарим хүн чамайг «муу хэлдэг» болж ч мэднэ (1 Петр 4:4). Гэхдээ ганцхан чамайг тэгж байгаа юм биш ээ. Есүс Христийг ч бас хавчдаг байсан. Энэ зовлонг тойроогүй Петр: «Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх. Харин та нар Христийн зовлонгуудыг хуваалцдагтаа баярла» гэж бичжээ (1 Петр 4:12, 13).

13. Христианууд хавчигдахдаа баярладгийн учир юу вэ?

13 Христиан гэдгээсээ болоод хавчлага, эсэргүүцэлтэй тулгарах нь баярлах шалтгаан мөн. Яагаад ингэж хэлж болох вэ? Хэрэв ертөнц чамайг сайшааж байвал чи Бурхны бус, Сатаны хэм хэмжээгээр амьдарч байна гэсэн үг. Есүс: «Бүх хүмүүс та нарын тухай сайнаар ярих цагт та нар золгүй еэ! Учир нь тэдний эцэг өвгөд хуурамч эш үзүүлэгчдэд ч тэгж хандсан юм» гэж хэлсэн байдаг (Лук 6:26). Хавчлага байна гэдэг нь Еховад үйлчилдгээс чинь болж Сатан болон түүний ертөнц чамд уурлаж байгаа хэрэг юм (Матай 5:11, 12-ыг уншина уу). Бас Библид, «Христийн нэрээс болж зүхэгдвэл» баярлах хэрэгтэй гэж байдаг (1 Петр 4:14).

14. Хавчигдсан ч Еховад үнэнч байвал ямар сайн үр дүнд хүрэх вэ?

14 Эсэргүүцэлтэй тулгарсан ч Еховад үнэнчээр үйлчилбэл, ядаж, дөрвөн сайн үр дүнд хүрнэ. Бурхан болон түүний Хүүг гэрчилнэ. Тэвчээртэй, үнэнч байвал итгэл нэгтнүүд чинь урамшин зоригжино. Бусад хүн Еховаг мэдэх хүсэлтэй болно (Филиппой 1:12–14-ийг уншина уу). Бас сорилтод орсон үед Ехова хүч өгдгийг биеэрээ мэдэрвэл Еховаг хайрлах хайр чинь улам нэмэгдэнэ.

«Үлэмж том... хаалга» нээлттэй байна

15. Элч Паулын өмнө «үлэмж том... хаалга» нээгдсэн гэдэг нь юу гэсэн үг вэ?

15 Элч Паул Ефес дэх үйлчлэлийнхээ тухай: «Миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм» гэж бичжээ (1 Кор. 16:8, 9). «Хаалга» гэж, Ефес хотод сайн мэдээг үлэмж үр нөлөөтэй дэлгэрүүлж, олон шавь бэлдэх сайхан боломжийг хэлжээ. Паул энэ хаалгаар ороод, Еховаг мэдэж, шүтдэг болоход нь олон хүнд тусалсан.

16. Тослогдсон үлдэгсэд 1919 онд «нээлттэй хаалгаар» хэрхэн орсон бэ?

16 1919 онд сүр жавхлант Есүс Христ «нээлттэй хаалгыг» тослогдсон үлдэгсдийн өмнө «тавьсан» (Илч. 3:8). Тэд тэр хаалгаар орж, сайн мэдээ дэлгэрүүлэх болон Библийн үнэнийг заах ажилд урьдынхаасаа улам илүү гал цогтой оролцох болжээ. Тэдний ажил ямар үр дүнд хүрсэн бэ? Сайн мэдээ эдүгээ дэлхийн хязгаарт хүрч, долоон сая орчим хүн Бурхны шинэ ертөнцөд мөнх амьдрах найдвар өвөрлөн явна.

17. «Үлэмж том, үр нөлөөтэй хаалгаар» яаж орох вэ?

17 «Үлэмж том, үр нөлөөтэй хаалга» Еховагийн бүх үйлчлэгчийн өмнө одоо ч дэлгээтэй байна. Энэ хаалгаар орж, сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцдог хүмүүс сэтгэл хангалуун, баяр баясгалантай байдаг. Еховагийн залуу үйлчлэгчид та нар «сайн мэдээнд итгэхэд» нь хүмүүст туслах хосгүй завшаанаа хэр зэрэг өндөр үнэлдэг вэ? (Марк 1:14, 15). Байнгын юм уу туслах эхлэгчээр үйлчлэх талаар бодож үзсэн үү? Хаанчлалын танхим барих, Бетелд ажиллах, миссионерээр үйлчлэх зэрэг өргөн боломж залуучууд та нарын өмнө нээлттэй байна. Сатаны ёс бус ертөнцийн төгсгөл улам ойртож байгаа учраас бүрэн цагаар үйлчлэх нь өдөр ирэх бүр улам чухал болоод байна. Цаг байгаа дээр нь энэ «том хаалгаар» орох тухай бодож үзвэл ямар вэ?

«ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз»

18, 19. а) Давид яагаад Еховад үйлчлэх оргилуун хүсэлтэй болсон бэ? б) Давид Бурханд үйлчилсэндээ огтхон ч харамсаагүй нь юунаас харагддаг вэ?

18 Дуулалч онгодоор хөтлүүлэн: «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз» хэмээн уриалжээ (Дуу. 34:8). Ехова эртний Израилийн хаан Давидыг хоньчин хүү байхад нь зэрлэг араатнаас хамгаалдаг байсан. Бас Голиаттай тулалдахад нь тусалж, өөр янз бүрийн аюулаас хамгаалж байжээ (1 Сам. 17:32–51; Дуу. 18, оршил). Давид Бурхны агуу энэрлийг хүртээд, сэтгэл нь хөдөлж: «Миний Бурхан ЭЗЭН, Таны үйлдсэн гайхамшиг болоод биднийг бодсон Таны бодол санаа олон юм. Тантай эн зэрэгцэхүйц хэн ч байхгүй» хэмээн дуулжээ (Дуу. 40:5).

19 Давид Еховаг сэтгэлийнхээ угаас хайрладаг болж, бүх зүрх, оюун ухаанаараа магтахыг хүсжээ (Дуулал 40:8–10-ыг уншина уу). Цаг хугацаа улиран өнгөрсөн ч тэрбээр жинхэнэ Бурхныг шүтэж амьдарсандаа огтхон ч харамсаагүй. Насан туршдаа Бурханд үнэнч байсан нь түүний хувьд хамгийн нандин эрдэнэ буюу юутай ч зүйрлэшгүй жаргалын эх булаг байсан. Давид өтөл буурал болсон хойноо: «Та бол миний найдвар. БУРХАН Эзэн, Та бол залуугаас минь миний итгэл юм. Бурхан, хөгширч, бууралтах үед минь ч намайг бүү орхиоч» хэмээн хэлжээ (Дуу. 71:5, 18). Тамир тэнхээ нь муудаж байсан хэдий ч, Еховад итгэх итгэл болон түүнтэй тогтоосон анд нөхрийн харьцаа нь улам бэхжиж байв.

20. Бурханд үйлчлэх нь яагаад амьдралын хамгийн сайн зам бэ?

20 Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам мөн гэдгийг Иошуа Давид Тимот нарын амьдрал баталдаг. Энэ ертөнцийн ажилд хамаг бүхнээ зориулсны ашиг зуурдынх байдаг бөгөөд Еховад «бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчилсний» үүрдийн ашгийн хаана нь ч хүрдэггүй (Иош. 22:5). Хэрэв чи Еховад өөрийгөө зориулж залбираагүй байгаа бол өөрөөсөө: «Еховагийн Гэрч болоход минь юу саад болж байна вэ?» гэж асуугаарай. Харин баптисм хүртчихсэн бол илүү баяр баясгалантай амьдрахын тулд үйлчлэлээ өргөжүүлж, сүнслэгээр тасралтгүй өсөөрэй. Сүнслэгээр өсөхөд элч Паулын жишээ тус болно. Энэ тухай дараагийн өгүүллээр үзье.

Хариулна уу

• Бурханд үйлчлэх ёстойн хоёр шалтгааныг хэлнэ үү.

• Тимот ямар учраас Бурханд үйлчлэхээр шийдсэн бэ?

• Хавчигдсан ч Еховад үнэнч байх хэрэгтэйн учир юу вэ?

• Бурханд үйлчлэх ямар ямар боломж та нарын өмнө нээлттэй байна вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны зураг]

Еховад үйлчлэх нь амьдралын хамгийн сайн зам мөн

[19-р хуудасны зураг]

Итгэл үнэмшлийн чинь талаар асуувал чи хариулж чадах уу?