Skip to content

Гарчиг руу орох

Паулын жишээг дуурайж, сүнслэгээр өсөгтүн

Паулын жишээг дуурайж, сүнслэгээр өсөгтүн

Паулын жишээг дуурайж, сүнслэгээр өсөгтүн

«Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан» (2 ТИМ. 4:7).

1, 2. Тарсын Саул хэрхэн өөрчлөгдсөн бэ? Ямар чухал ажил хийдэг болсон бэ?

 УХААЛАГ, шийдэмгий боловч, «махан биеийнхээ хүсэл тачаалууд дотор амьдардаг» нэгэн хүн байжээ (Еф. 2:3). Хожим нь тэрбээр өөрийгөө «доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн» байсан хэмээн дурсжээ (1 Тим. 1:13). Түүнийг Тарсын Саул гэдэг байв.

2 Саул яваандаа эрс өөрчлөгдөн, хуучин амьдралаа орхиж, «өөрийн ашгийг бус, харин олны ашгийг хайдаг» хүн болжээ (1 Кор. 10:33). Урьд нь өширхөн дайсагнадаг байсан хүмүүсээ халуунаар хайрлаж, тэдэнд зөөлөн ханддаг болсон байна (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина уу). Тэрбээр: «Би сайн мэдээний үйлчлэгч болсон. Бүх ариун хүнээс хамгийн өчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл өгөгдсөний учир нь Христийн нэвтэршгүй баялгийг Харь үндэстэнд тунхагла[хын тулд байлаа]» гэж бичжээ (Еф. 3:7, 8).

3. Паулын бичсэн захидлууд болон дэлгэрүүлдэг байсан аргыг нь судалбал ямар ач тустай вэ?

3 Паул нэрээр алдаршсан Саул сүнслэгээр гайхалтай сайн өссөн билээ (Үйлс 13:9). Паулын бичсэн захидлууд болон дэлгэрүүлдэг байсан аргыг нь судалж, итгэлийг нь дуурайвал бид ч бас сүнслэгээр хурдан өснө (1 Коринт 11:1; Еврей 13:7-г уншина уу). Бие даан судлах сайн хэвшилтэй болж, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлаж, өөрийгөө зөв үнэлдэг болоход Паулын жишээ яаж туслахыг одоо үзье.

Паул судлах хэвшилтэй байсан

4, 5. Паул бие даан судалдаг байсныхаа ачаар ямар амжилтад хүрсэн бэ?

4 Паул «Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч» боловсорсон фарисай хүн байсан учраас Судрыг тодорхой хэмжээгээр мэддэг байв (Үйлс 22:1–3; Флп. 3:4–6). Тэрбээр баптисм хүртсэн даруйдаа «Арабт очжээ». Энэ нь эргэцүүлэн бодоход тохирсон Сирийн цөл ч юм уу, эсвэл Арабын хойгийн аль нэгэн буйд газар байсан биз ээ (Гал. 1:17). Паул Есүсийн Мессиа мөн болохыг баталдаг Судрын зүйлүүдийг эргэцүүлэн бодохыг хүссэн нь лавтай. Бас, хийх ажилдаа өөрийгөө бэлдэх гэсэн болов уу (Үйлс 9:15, 16, 20, 22-ыг уншина уу). Ийнхүү, сүнслэг зүйлийг эргэцүүлэн бодох цаг гаргажээ.

5 Паул бие даан судалж, Судрыг сайн мэддэг, ойлгодог болсон учраас үнэнийг үр өгөөжтэй зааж чаддаг болжээ. Жишээ нь, Писидийн Антиохын синагогт дэлгэрүүлэхдээ Есүсийг Мессиа мөн байсныг батлахын тулд Еврей Судраас наад зах нь таван зүйлийг иш татдаг. Бас нэлээд хэдэн удаа Ариун Судрын санааг өөрийн үгээр хэлдэг. Библийн үндэстэй баримт татсан нь тун үнэмшилтэй байсан учир «иудейчүүдээс болон Бурхнаас эмээгч шинэ итгэгчдээс олонх нь» илүү их зүйлийг сурч мэдэх гэж «Паул, Барнаб нарыг дагалджээ» (Үйлс 13:14–44). Үүнээс хойш хэдэн жилийн дараа, Паул хорионд байхдаа Ромын иудейчүүдийг өөр дээр нь ирэхэд «Бурхны хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлажээ» (Үйлс 28:17, 22, 23).

6. Паул сорилттой тулгарсан ч юуны ачаар сүнслэгээр бат бэх байж чадсан бэ?

6 Паул сорилттой тулгарсан үедээ ч Бурхны онгодоор бичигдсэн Судрыг нягтлан судалж, хүч авдаг байжээ (Евр. 4:12). Ромын шоронд хоригдон, цаазлагдах гэж байхдаа «номууд» болон «илгэн арьсан дээрх бичгүүдийг» авчрахыг Тимотоос хүсжээ (2 Тим. 4:13). Тэдгээр нь Паулын нарийвчлан судлахдаа ашигладаг Еврей Судрын хэсгүүд байсан нь лавтай. Паул Судрыг тогтмол судлаад олж авсан мэдлэгийнхээ ачаар сүнслэгээр бат бэх байж чаджээ.

7. Библи тогтмол судлаад ямар ач тус хүртсэнээ хэлнэ үү.

7 Библийг тогтмол судалж, тодорхой зорилготойгоор эргэцүүлэн бодвол сүнслэгээр өсдөг (Евр. 5:12–14). Бурхны Үг хэчнээн үнэ цэнтэй байдаг тухай дуулалч: «Таны амнаас гарсан хууль надад мянга мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм. Таны тушаалууд намайг дайснуудаас минь илүү мэргэн болгодог. Учир нь тэд үргэлж надтай хамт байдаг. Би Таны үгийг сахин биелүүлэхийн тулд бүх бузар замаас хөлөө татсан юм» хэмээн дуулжээ (Дуу. 119:72, 98, 101). Та Библиэ бие даан судалж хэвшсэн үү? Библийг өдөр бүр уншиж, уншсан зүйлээ эргэцүүлэн бодох зэргээр ирээдүйд Бурхандаа илүү өргөн хүрээтэй үйлчлэх бэлтгэлээ базааж байна уу?

Саул хүмүүсийг хайрлаж сурсан нь

8. Саул иудейн шашин шүтдэггүй хүмүүст хэрхэн ханддаг байсан бэ?

8 Саул христиан болохоосоо өмнө шашныхаа төлөө идэвх зүтгэлтэй нэгэн байсан хэдий ч, иудейн шашныг шүтдэггүй хүмүүст хайр найргүй ханддаг байлаа (Үйлс 26:4, 5). Жишээ нь, Стефан руу чулуу нүүлгэж байсан хэсэг иудей хүнийг сайшаан харж байсан нь Стефаныг зохих шийтгэлээ авч байна гэж бодсоных бололтой. Энэ явдлыг үзээд зоригжсон тэрбээр христиануудыг улам хатуу ширүүн мөрдөн хавчих болжээ (Үйлс 6:8–14; 7:54—8:1). Бурхны Үгэнд: «Саул чуулганыг хоосруулж, айлаас айлд орж, эр, эм гэлгүй баривчлан, шоронд хийж байлаа» хэмээн бичжээ (Үйлс 8:3). Тэрбээр «харийн хотуудад ч очиж, тэднийг мөшгөн мөрдөж байв» (Үйлс 26:11).

9. Хүмүүстэй өөрөөр харьцдаг болоход нь Саулд юу нөлөөлсөн бэ?

9 Саулыг Христийн шавь нарыг мөрдөн хавчихаар Дамаск орох замд нь Эзэн Есүс үзэгджээ. Бурхны Хүүгээс цацарсан ер бусын хурц гэрэлд сохорсон Саул хүнээр хөтлүүлэн явахад хүрчээ. Ананиа гэдэг христианыг Еховагийн тушаалаар Саулд хараа оруулахаар ирэхэд Саул хүмүүст хандах хандлагаа хэдийнээ өөрчилсөн байлаа (Үйлс 9:1–30). Саул Христийн дагалдагч болсныхоо дараа хүмүүст хандахдаа Есүсийг дуурайхыг ихэд хичээдэг болов. Тэрбээр урьдынх шигээ харгис дээрэнгүй байхаа больж, «бүх хүнтэй эвтэй» харьцдаг болжээ (Ром 12:17–21-ийг уншина уу).

10, 11. Паул хүмүүсийг жинхэнэ ёсоор хайрладгаа яаж харуулсан бэ?

10 Паул хүмүүстэй эв найрамдалтай болоод зогсолгүй, тэднийг жинхэнэ ёсоор хайрлахыг хүсжээ. Энэ хүслээ биелүүлэхэд нь христиан үйлчлэл тус болсон. Тэрбээр миссионерийн анхны аяллаараа Бага Азид сайн мэдээ дэлгэрүүлжээ. Паул болон түүний хамтран зүтгэгчид ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсан ч, даруу хүмүүсийг христиан болоход нь туслах ажилд бүх анхаарлаа төвлөрүүлж байлаа. Өмнө нь Паулыг алахыг завдаж байсан Лустр болон Икониум хотод тэд айж хулчийлгүй дахин очжээ (Үйлс 13:1–3; 14:1–7; 19–23).

11 Хожим нь Паул нөхдийнхөө хамт зөв хандлагатай хүмүүсийг хайж, Македонийн Филиппой хотод сайн мэдээ дэлгэрүүлжээ. Тэр үеэр, Еховаг шүтдэг Лудиа гэдэг харь үндэстэн эмэгтэй тэдний дэлгэрүүлсэн мэдээг хүлээн аваад, христиан болдог. Хотын захирагчдын тушаалаар, Паул Силас нарыг саваагаар жанчиж, шоронд хорьдог. Тэгэхэд нь Паул шоронгийн хуягт дэлгэрүүлсэнд хуяг гэр бүлийнхэнтэйгээ хамт баптисм хүртэж, Еховагийн үйлчлэгч болжээ (Үйлс 16:11–34).

12. Харгис дээрэнгүй Саул юунаас болоод Есүс Христийн хайртай элч болсон бэ?

12 Саул яагаад урьд нь хавчиж байсан хүмүүсийнхээ шашинд орсон бэ? Тийм харгис дээрэнгүй хүн юунаас болоод Бурхан болон Христийн тухай үнэнийг хүмүүст мэдүүлэхийн төлөө амь насаараа дэнчин тавихад бэлэн, сайхан сэтгэлтэй, хайр халамжтай элч болсон бэ? Үүнийхээ учрыг Паул өөрөө: «Нигүүлслээрээ дуудсан [Бурхан] Өөрийн Хүүг миний дотор илчлэхээр таалсан юм» хэмээн тайлбарласан байна (Гал. 1:15, 16). Тэрбээр Тимотод: «Мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм» гэж бичжээ (1 Тим. 1:16). Паул Еховагийн өршөөл, нигүүлслийг хүртсэн учраас хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлж, хайраа илэрхийлэх хүсэлтэй болсон.

13. Бид ямар учраас хүмүүсийг хайрлах ёстой вэ? Хайраа хэрхэн илэрхийлэх вэ?

13 Ехова бидний гэм нүгэл, алдаа дутагдлыг ч бас уучилдаг (Дуу. 103:8–14). Дуулалч: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» хэмээн асуужээ (Дуу. 130:3). Хэрэв Бурхан өршөөгөөгүй бол бидний хэн маань ч түүнд үйлчлэхийн баяр жаргалыг амсахгүй, мөнх амьдрах найдвартай болохгүй байх байсан. Түүнчлэн, бид бүгдээрээ Бурхны нигүүлслийг хүртсэн. Тийм учраас, Паулын адилаар хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлж, үнэнийг зааж, христиан ах дүүсийнхээ итгэлийг бэхжүүлэх зэргээр хайраа илэрхийлэх учиртай (Үйлс 14:21–23-ыг уншина уу).

14. Дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэх ямар ямар боломж байна вэ?

14 Сайн мэдээ тунхаглах ажлаа өргөжүүлж, илүү сайн дэлгэрүүлэгч болохыг хүсэж байсан Паулд Есүсийн жишээ тус болжээ. Бурхны Хүүгийн, хүмүүст агуу хайраа илэрхийлэх нэг арга нь дэлгэрүүлэх ажил байлаа. Есүс: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэж хэлжээ (Мат. 9:35–38). Паул ч бас ийнхүү залбираад, залбирсныхаа дагуу өөрөө хичээл зүтгэлтэй ажилчин байх гэж мэрийдэг байсан биз ээ. Таны тухайд юу хэлж болох вэ? Дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулах талаар юу бодож байна вэ? Эхлэгчээр үйлчлэх зэргээр Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд түлхүү оролцох тухай бодвол ямар вэ? Хүмүүст «амийн үгнээс баттай барихад» нь тусалж, тэднийг жинхэнэ ёсоор хайрладгаа харуулцгаая (Флп. 2:16).

Паул өөрийгөө зөв үнэлдэг байсан

15. Паул итгэл нэгтнүүдийнхээ дунд өөрийгөө хэрхэн үнэлдэг байсан бэ?

15 Паул христиан үйлчлэгч байхын бас нэгэн гайхамшигтай жишээг бидэнд үлдээжээ. Тэрбээр хуралд хариуцлагатай олон үүрэг хүлээдэг байсан ч өөрийгөө тийм ивээл хүртэх ач гавьяа, авьяас чадвартай хүн гэж бодож байгаагүй. Харин Бурхан нигүүлслээ үзүүлж байна гэдгийг ойлгож байсан. Бусад христианууд ч гэсэн сайн мэдээг үр өгөөжтэй дэлгэрүүлдэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв. Паул Бурхны үйлчлэгчдийн дунд өндөр байр суурьтай байсан хэр нь даруу зангаа орхиогүй юм (1 Коринт 15:9–11-ийг уншина уу).

16. Хөвч хөндөхтэй холбоотой асуудлыг шийдэхэд Паул даруу гэдгээ яаж харуулсан бэ?

16 Паул Сирийн Антиох хотын христиан хуралд үүссэн маргааныг хэрхэн шийдсэнийг авч үзье. Тэндхийн христианууд хөвч хөндөх асуудлаар санал зөрөлджээ (Үйлс 14:26–15:2). Паул хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүдэд дэлгэрүүлэх ажлыг удирдахаар томилогдсон байсан тул иудей биш хүмүүстэй харьцах туршлагадаа дулдуйдан уг асуудлыг шийдэж чадна гэж бодсон болов уу (Галат 2:8, 9-ийг уншина уу). Гэтэл уг асуудлыг шийдэх гэсэн оролдлого нь бүтэлгүйтэхэд Иерусалим дахь Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх саналыг даруухнаар хүлээн авчээ. Тэрбээр Удирдах зөвлөлд маргааны талаар танилцуулан, шийдвэр гаргалцаж, уг шийдвэрийг хуралд хүргүүлэх хүмүүсийн нэгээр томилогдсон (Үйлс 15:22–31). Тийнхүү итгэл нэгтнүүдээ «өөрөөсөө дээгүүр дээдлэн хүндэлдэг» байжээ (Ром 12:10б).

17, 18. а) Паул итгэл нэгтнүүддээ ямар сэтгэлээр ханддаг байсан бэ? б) Ефес хотын хурлын ахлагчид Паулыг үдэхдээ яасан бэ? Эндээс Паулын талаар юу мэдэж болох вэ?

17 Даруу зантай Паул итгэл нэгтнүүдээсээ дөлдөггүй, харин ч тэдэнтэй их ойр дотно байдаг байжээ. Тэрбээр Ромын христиануудад бичсэн захидлынхаа төгсгөлд 20 гаруй хүний нэрийг дурдан, мэнд хүргэсэн байдаг. Тэдний дунд хариуцлагатай үүрэг хүлээдэг хүн цөөхөн, харин ихэнх нь Судрын бусад хэсэгт нэр нь огт гараагүй хүмүүс байлаа. Гэхдээ тэд бүгдээрээ Еховагийн үнэнч үйлчлэгчид байсан учир Паул тэднийг эрхэмлэн хайрладаг байжээ (Ром 16:1–16).

18 Паулын нөхөрсөг, даруу занд бусад нь сэргэж урамшдаг байв. Паулыг Ефесийн хурлын ахлагчидтай сүүлчийн удаа уулзахад тэд түүнийг «тэврэн авч дахин дахин үнсэцгээж байлаа. Ялангуяа, түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаажээ». Паул бардам зантай, хүйтэн хөндий хүн байсан бол тэд түүнийг тэгж үдэх байсан гэж үү? (Үйлс 20:37, 38).

19. Итгэл нэгтнүүдтэйгээ «даруухнаар» харьцах ямар арга байдаг вэ?

19 Сүнслэгээр өсөхийг хүсдэг хүн бүр Паул шиг даруу байх ёстой. Паул итгэл нэгтнүүддээ: «Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үз» хэмээн уриалжээ (Флп. 2:3). Энэ зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ? Нэг арга нь хурлынхаа ахлагчдын зааврыг дагаж, эрхзүйн хорооноос гаргасан шийдвэрийг дэмжих зэргээр тэдэнтэй хамтран ажиллах явдал юм (Еврей 13:17-г уншина уу). Бас нэг арга нь бүх итгэл нэгтнээ үнэлж хүндэтгэх явдал мөн. Христиан хуралд янз бүрийн соёл боловсрол, арьс өнгө, ястан үндэстний хүмүүс байдаг учраас, бид Паул шиг, хэнийг ч алаг үзэхгүй, бүгдэд нь хайр халамж үзүүлж сурах хэрэгтэй (Үйлс 17:26; Ром 12:10а). «Христ та нарыг Бурхны алдрын төлөө хүлээн авсны адил бие биеэ хүлээж авагтун» гэсэн уриалгыг христианууд бид санаж явах учиртай (Ром 15:7).

Амийн төлөөх уралдаанд «тэвчээртэйгээр гүйцгээе»

20, 21. Яавал амийн төлөөх уралдаанд амжилттай гүйж чадах вэ?

20 Христиан хүний амьдралыг холын зайн гүйлтийн тэмцээнтэй зүйрлэж болно. Паул: «Би сайн тэмцлээр тэмцсэн. Би замаа дуусгасан, итгэлээ сахисан. Ирээдүйд зөвт байдлын титэм нь надад зориулагдан зэхэгдсэн ажээ. Зөв шударга Шүүгч болох Эзэн намайг, зөвхөн намайг ч биш, Түүний үзэгдэхийг хүсэн хүлээгч бүх хүнийг бас түүгээр шагнах болно» гэж бичжээ (2 Тим. 4:7, 8).

21 Паулын жишээг дуурайвал мөнхийн амийн төлөөх уралдаанд амжилттай гүйж чадна (Евр. 12:1). Тэгэхлээр, бие даан судлах сайн хэвшилтэй болж, хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлахыг цаг ямагт хичээж, үргэлж даруу байх зэргээр сүнслэгээр тасралтгүй өсөцгөөе.

Хариулна уу

• Судрыг бие даан тогтмол судалдаг байсан нь Паулд ямар ач тустай байсан бэ?

• Жинхэнэ христианууд хүмүүсийг чин сэтгэлээсээ хайрлах нь яагаад чухал бэ?

• Хэнийг ч алаг үзэхгүй байхад ямар чанар туслах вэ?

• Хурлынхаа ахлагчидтай хамтран ажиллахад Паулын жишээ хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Паул шиг, Судраас хүч авагтун

[24-р хуудасны зураг]

Хүмүүст сайн мэдээ хүргэн, хайраа илэрхийлэгтүн

[25-р хуудасны зураг]

Итгэл нэгтнүүд нь Паулыг ямар учраас эрхэмлэн хайрладаг байсан бэ?