Skip to content

Гарчиг руу орох

«Анхны хайраа» сахигтун

«Анхны хайраа» сахигтун

«Анхны хайраа» сахигтун

«Өөрт байгаагаа бат сахь» (ИЛЧ. 3:11).

1, 2. Еховагийн тухай заалгасан бүхнээ үнэн гэж итгэхэд танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?

 ЕХОВА өөрт нь дуулгавартай хүмүүст сайхан ирээдүй амласныг анх мэдсэн цагаа та санаж байна уу? Урьд нь та өөр шашин шүтдэг байсан бол Бурхны санаа зорилгыг, бас ойлгодоггүй байсан сургаалаа Еховагийн Гэрчүүдийн тусламжтайгаар Библиэс мэдээд яасан бэ? Төөрөлдөж явснаа ухаарсан биз ээ. Гэхдээ үнэнийг мэддэг болсондоо хэчнээн их баярласан бол оо! Хэрэв та Гэрч айлд өссөн бол Еховагийн тухай заалгасан бүхэн үнэн гэдэгт сэтгэл зүрхээрээ итгэж, сурч мэдсэнийхээ дагуу амьдрахаар шийдэхэд ямар сэтгэгдэл төрж байсныг санаж байна уу? (Ром 12:2).

2 Сүнслэг ах дүүс тань ямар их баярласнаа, Еховатай дотно харьцаатай болсноо, Бурхан өөрсдийг нь татсанд талархаж явдгаа танд хэлэх байх (Иох. 6:44). Тийм ч учраас тэд христиан үйл хэрэгт оролцон, баяр хөөрөөр бялхсан сэтгэлээ хүн бүртэй хуваалцахыг хүсдэг болсон нь эргэлзээгүй. Танд бас тэгж санагдаж байсан уу?

3. Есүсийг зөвлөгөө өгөх үед Ефесийн христиануудын нөхцөл байдал ямар байсан бэ?

3 Есүс І зууны Ефес хотын христиануудад «анхны хайрынх» нь тухай сануулсан байдаг. Тэд олон сайхан зан чанартай байсан ч Еховаг хайрлах анхны хайр нь хөрсөн байжээ. Тийм учраас, Есүс: «Би чиний ажил үйлс, нөр хөдөлмөр, тэвчээрийг чинь болон муу хүмүүсийг тэсвэрлэж чадаагүйг болон өөрсдийгөө элч нар хэмээдэг атлаа, чухамдаа элч биш хүмүүсийг шалгаж, хуурамч хүмүүс байсныг нь илчилснийг чинь мэднэ. Чи тэвчээртэй байж, Миний нэрийн төлөө хүлцэн тэвчиж, цуцаагүй. Харин Надад чиний эсрэг зүйл байна. Юу гэвэл, чи анхны хайраа орхижээ» хэмээн хэлсэн аж (Илч. 2:2–4).

4. Ефесийн христиануудад өгсөн Есүсийн зөвлөгөө өнөө үед ч тохирдог гэж хэлж болохын учир юу вэ?

4 1914 оноос хойших хэсэг хугацаанд бий болсон нөхцөл байдлыг үзэхэд, Ефес болон бусад хотын хурлуудад элч Иоханаар өгүүлсэн Есүсийн зөвлөгөө орчин үеийн тослогдсон христиануудад ч мөн тохирдог (Илч. 1:10). Гэхдээ одоо ч гэсэн христиануудын дунд Еховаг болон Библийн үнэнийг хайрлах «анхны хайраа» орхих аюул байдгийг бид мартах ёсгүй. Тийм учраас, өнгөрснөө эргэн санаж, эргэцүүлэн бодоод, Бурхныг болон үнэнийг анх мэдэхэд бий болсон идэвх зүтгэл, хайраа хэрхэн сахиж, сэргээж, лавшруулж болохыг үзэцгээе.

Та үнэнийг олсон гэдэгтээ яагаад итгэсэн бэ?

5, 6. а) Христиан бүр юунд итгэх ёстой вэ? б) Еховагийн Гэрчүүдийн заасан сургаал үнэн гэдэгт та яагаад итгэдэг болсон бэ? в) Анхны хайраа сэргээхэд юу туслах вэ?

5 Хүн бүр Еховад өөрийгөө зориулахаасаа өмнө Бурхны «сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг» өөртөө «баталсан» байх ёстой (Ром 12:1, 2). Үүний тулд, Библийн үнэнийг мэдэх хэрэгтэй. Еховагийн Гэрчүүдийн заадаг сургаалыг үнэн гэдэгт итгэдэг болсон шалтгаан хүн болгонд харилцан адилгүй байдаг. Зарим хүн Библиэс Бурхны нэрийг олж үзээд, эсвэл хүн үхээд яадгийг мэдээд үзэл бодлоо өөрчилдөг (Дуу. 83:18; Ном. 9:5, 10). Харин зарим хүн Еховагийн ард түмний дунд хайр ноёлж байгааг хараад сэтгэл нь хөдөлсөн байдаг (Иох. 13:34, 35). Өөр нэг хэсэг нь ертөнцийнх биш байх гэж юу гэсэн үг болохыг эргэцүүлж бодсоны эцэст жинхэнэ христианууд дайн дажин, улс төрийн үйл ажиллагаанд оролцох ёсгүй гэдгийг ойлгодог (Ис. 2:4; Иох. 6:15; 17:14–16).

6 Энэ мэт олон зүйлийг мэдэж авсан хүмүүсийн зүрхэнд Бурхныг хайрлах анхны хайр бадамлан асдаг. Тэгвэл, та өөрөө Библийн үнэний юунд нь итгэснээ цаг гаргаад санахыг хичээгээрэй. Хүн бүрийн амьдрал ахуй, зан чанар харилцан адилгүй тул Еховаг хайрлаж, амлалтад нь итгэдэг болсон шалтгаан бас өөр өөр байдаг. Таны хувьд чухал байсан тэр шалтгаан одоо ч үнэ цэнээ алдаагүй нь лав. Библийн үнэн өөрчлөгддөггүй. Тийм учраас, анх төрж байсан бодол, сэтгэгдлээ эргэн санавал үнэнийг хайрлах анхны хайраа сэргээж чадна (Дуулал 119:151, 152; 143:5-ыг уншина уу).

«Анхны хайраа» лавшруулагтун

7. Үнэнийг хайрлах анхны хайраа лавшруулах хэрэгтэйн учир юу вэ? Яаж лавшруулах вэ?

7 Та Еховад өөрийгөө зориулсныхаа дараа амьдралаа ихээхэн өөрчилсөн нь эргэлзээгүй. Үнэнийг хайрлах анхны хайр тань чухал байсан боловч яваандаа итгэлийн шинэ шинэ сорилттой тулгарахын хэрээр хайраа улам гүнзгийрүүлэх шаардлага гарсан биз ээ. Гэхдээ Ехова танд тусалж байсан (1 Кор. 10:13). Тиймээс, таны олон жил хуримтлуулсан туршлага ч бас үнэ цэнтэй. Үүний ачаар та анхны хайраа лавшруулж байгаа. Бас энэ нь Бурхны сайн, тааламжит хүслийг өөртөө батлах нэг арга болдог (Иош. 23:14; Дуу. 34:8).

8. Ехова өөрийгөө Мосед хэрхэн илчилсэн бэ? Израильчууд Бурхныг яаж илүү сайн мэддэг болсон бэ?

8 Ехова Египетэд боолчлогдож байсан израильчуудыг аврах санаа зорилгоо мэдэгдэх үед тэдний нөхцөл ямар байсныг авч үзье. Бурхан Мосед өөрийгөө илчилж, «Би юу болмоор байна, тэр болдог» гэж хэлжээ (Ег. 3:7, 8, 13, 14, ШЕ). Энэ нь, ард түмнээ чөлөөлөхийн тулд юу хийх шаардлагатай байна, тэр бүгдийг хийнэ гэсэн үг байлаа. Ехова, нөхцөл байдлаас шалтгаалан, янз бүрийн үүрэг гүйцэтгэдгээ, тухайлбал, Төгс хүчит Бурхан, Шүүгч, Удирдагч, Аврагч, Дайчин, Тэжээгч болдгоо израильчуудад дараа нь болсон үйл явдлуудаар үзүүлсэн (Ег. 12:12; 13:21; 14:24–31; 16:4; Нех. 9:9–15).

9, 10. Бурхантай илүү сайн танилцахад тань ямар ямар тохиолдол тус болсон бэ? Тиймэрхүү тохиолдлоо эргэн санаж байх нь яагаад сайн бэ?

9 Таны нөхцөл байдал эртний израильчуудынхаас өөр ч гэлээ, Ехова танд биечлэн санаа тавьдгийг хараад, итгэл тань бэхэжсэн нь эргэлзээгүй. Ехова ямар нэгэн байдлаар Тэжээгч, Тайвшруулагч, Багш болдгийг та биеэрээ мэдэрсэн байж болох юм (Исаиа 30:20б, 21-ийг уншина уу). Эсвэл залбирлынхаа хариуг авснаа тодорхой мэдсэн байх. Таныг ямар нэгэн бэрхшээлтэй тулгарах үед итгэл нэгт нөхөд тань тусалсан байж магадгүй. Эсвэл бие даан судалж байхдаа цагаа олсон Библийн зүйлийг анзаарсан ч байж мэднэ.

10 Тэгээд тэр тухайгаа хүмүүст ярихад заримд нь тийм ч сонин санагдаагүй байх. Таны ярьсан зүйл тэр хүмүүст гойд биш ч танд чухал байсан. Ехова таны төлөө юу болох хэрэгтэй байсан, тийм юм болсон хэрэг. Та үнэний замаар яваад хэр удаж байна вэ? Ехова танд биечлэн санаа тавьж байсан тохиолдлуудаас сана даа. Тиймэрхүү явдал болон тэр үед ямар сэтгэгдэл төрж байснаа санах нь Еховаг хайрлах анхны хайраа сэргээхэд тус болно. Амьдралынхаа тэр чухал үеүдийг эрдэнэ адил үнэлж, эргэцүүлэн бодож байгаарай. Тэгвэл Ехова танд биечлэн санаа тавьдаг гэдэгт улам итгэлтэй болох бөгөөд энэ итгэлийг тань хэн ч булааж чадахгүй.

Өөрийгөө шалгаарай

11, 12. Үнэнийг хайрлах хайр хөрсөн бол юунаас болсон байж болох вэ? Есүс юу гэж зөвлөсөн байдаг вэ?

11 Хэрэв Бурхныг болон үнэнийг хайрлах анхны хайр тань хөрсөн юм шиг санагдвал Бурхан өөрчлөгдсөн гэсэн үг үү? Ехова хэзээ ч өөрчлөгддөггүй (Мал. 3:6; Иак. 1:17). Ехова өмнө нь ч танд санаа тавьдаг байсан, одоо ч урьдын адил санаа тавьж байгаа. Хэрэв Еховатай тогтоосон харьцаа тань ямар нэг хэмжээгээр өөрчлөгдсөн бол юунаас болсон байж болох вэ? Өмнөхөөсөө илүү их бэрхшээлтэй тулгараад, санаа зовох зүйл их болсон уу? Урьд нь та одоогийнхоосоо илүү шаргуу залбирдаг, Библиэ илүү идэвхтэй судалдаг, байнга эргэцүүлэн боддог байсан байж болох юм. Бас илүү гал цогтой дэлгэрүүлдэг, цуглаанд тогтмол оролцдог байсан байж магадгүй (2 Кор. 13:5).

12 Гэхдээ одоо ч урьдынх шигээ идэвхтэй байгаа бол сайн хэрэг. Харин тийм биш бол юунаас болсон байж болох вэ? Гэр бүлээ тэжээх, эрүүл мэнддээ санаа тавих гэх зэргийн тодорхой шалтгаанаас болоод, улам ойртож буй Еховагийн өдрийг анхаарахаа жаахан ч гэсэн больсон юм биш биз? Есүс элч нартаа: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ. Энэ нь газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх болно. ...Болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун» хэмээн зөвлөсөн байдаг (Лук 21:34–36).

13. Иаков Бурхны Үгийг юутай зүйрлэсэн бэ?

13 Иаков итгэл нэгтнүүдээ Бурхны Үгийн тусламжтайгаар өөрсдийгөө шударгаар шалгахыг уриалжээ. Тэрбээр: «Өөрсдийгөө хуурдаг зүгээр нэг сонсогчид биш, үгийг хэрэгжүүлэгчид бологтун. Учир нь үгийг сонсоод үйлддэггүй аливаа хүн бол төрөлх нүүр царайгаа толинд харж байгаа хүнтэй адил юм. Тэр хүн өөрийгөө хараад эргэхдээ өөрөө ямар байснаа тэр даруйд мартдаг. Харин мартамхай сонсогч бус, хэрэгжүүлэгч болж, эрх чөлөөний хууль болох төгс хуулийг няхуур үздэг бөгөөд түүгээр байдаг хүн нь үйлс дотроо ерөөгдөх болно» хэмээн бичсэн байдаг (Иак. 1:22–25).

14, 15. а) Сүнслэгээр өсөхөд Библи хэрхэн туслах вэ? б) Ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

14 Хүн ямар байгаагаа толинд харж, мэддэг. Жишээ нь, эрэгтэй хүн зангиагаа муруй байхыг харвал тэгшилдэг. Эмэгтэй хүн, үс нь сэгсийсэн бол засаж янзалдаг. Судар ч бас өөрийгөө шалгахад бидэнд тусалдаг. Бид Библид бичсэн зүйлтэй өөрийгөө харьцуулдаг нь Библийг толь болгон ашиглаж байгаа хэрэг юм. Гэхдээ ямар нэгэн дутагдал олж харчихаад, огт засахгүй бол толинд харахын хэрэг юу байх билээ? Бурхны «төгс хуулиас» харж мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлбэл ухаалаг хэрэг болно. Ехова болон үнэнийг хайрлах анхны хайр нь хөрснийг мэдсэн хэн боловч «Амьдралд минь ямар бэрхшээл тулгараад байна вэ? Энэ бэрхшээлээ яаж шийдэж байна вэ? Өмнө нь яаж шийддэг байсан билээ? Бэрхшээлээ шийдэх арга маань өөрчлөгдсөн үү?» гэж бодох нь зүйтэй. Өөрийгөө шалгаж үзээд, ямар нэгэн дутагдал байгааг анзаарвал тоохгүй өнгөрч болохгүй. Засах шаардлагатай бол, хойш тавилгүй заавал засаарай (Евр. 12:12, 13).

15 Бас, тийнхүү өөрийгөө шалгаж эргэцүүлэн бодох нь хүрч болох зорилго тавихад тань тус болно. Энэ нь сүнслэгээр өсөхөд хэрэгтэй. Элч Паул хамтран зүтгэгч Тимотдоо: «Ахиц дэвшил чинь бүгдэд илэрхий болохын тулд эдгээрт санаа тавь. Тэдгээрийн дотор бай» хэмээн, үйлчлэлээ сайжруулахад нь тус болох зөвлөгөө өгчээ. Бид ч бас Бурхны Үгийн толинд харж байгаад, ахиц дэвшил гаргах ямар боломж байгааг бодох хэрэгтэй (1 Тим. 4:15).

16. Библийн тусламжтайгаар өөрийгөө шалгахдаа ямар аюул байгааг санах хэрэгтэй вэ?

16 Ер нь, хүн өөрийгөө шударгаар шалгахад ямар нэг дутагдал заавал илэрдэг бөгөөд үүнээс болж сэтгэлээр унадаг талтай. Гэсэн ч сэтгэлээр унахгүй байхыг хичээгээрэй. Өөрийгөө шалгадгийн учир нь дутагдлаа л засах гэж тэр шүү дээ. Сатан төгс бусаар маань далимдуулж, өөрсдийгөө чамлах сэтгэлийг бидэнд төрүүлэхийг хүсдэг. Үйлчлэгчдийнхээ гаргасан хүчин чармайлтыг Бурхан огтхон ч үнэлдэггүй гэж ойлгуулахыг оролддог (Иов 15:15, 16; 22:3). Энэ бол худал бөгөөд Бурхан үйлчлэгч нэг бүрээ үнэлдгийг Есүс хөдөлгөөнгүй нотолсон (Матай 10:29–31-ийг уншина уу). Төгс бус гэдгээ мэдэрдэг бол, харин ч даруухан байж, Еховагийн тусламжтайгаар өөрийгөө засахыг бодно (2 Кор. 12:7–10). Өвчин эмгэг тусах юм уу нас хөгширснөөс болоод Бурхандаа хүссэнээрээ үйлчилж чадахаа боливол бууж өгөн, хайраа хөргөхийн оронд хүрч болох зорилго тавиарай.

Талархах шалтгаан олон бий

17, 18. Анхны хайраа улам лавшруулбал ямар ямар ивээл хүртэх вэ?

17 Анхны хайраа улам лавшруулбал асар их ивээл хүртэнэ. Бурхны тухай мэдлэг тань нэмэгдэнэ. Хайрын үүднээс заавар зөвлөгөө өгдөгт нь Бурханд улам талархдаг болно (Сургаалт үгс 2:1–9; 3:5, 6-г уншина уу). Дуулалчийн хэлсэнчлэн, Еховагийн хууль тушаалыг «сахин биелүүлснээр агуу их шагнал» хүртдэг бөгөөд түүний «гэрчлэл нь баттай, гэнэнийг ухаантай болгодог». Бас, «явдал үйл нь гэм зэмгүй, ЭЗЭНий хуулиар явагч хүмүүс» үнэхээр жаргалтай байдаг (Дуу. 19:7, 11; 119:1).

18 Еховад талархах шалтгаан олон байдаг гэдэгтэй та санал нийлэх байх. Жишээ нь, та энэ ертөнцөд болж буй бүхний цаад учрыг ойлгодог. Ард түмнийхээ төлөө Бурхны авч хэрэгжүүлдэг сүнслэг арга хэмжээний ач тусыг хүртдэг. Ехова таныг олон улсын байгууллагадаа татаж, Гэрчээ болгосонд та их талархдаг биз ээ. Ямар ямар ивээл хүртсэнээ тоол доо! Жагсааж бичвэл, лав олон хуудас болно доо. Бурхан яаж ивээснийг байнга санаж явбал, «Өөрт байгаагаа бат сахь» хэмээсэн зөвлөгөөг дагаж чадна (Илч. 3:11).

19. Бурхантай тогтоосон харьцааныхаа талаар эргэцүүлэн бодохоос гадна, өөр яавал сүнслэгээр эрүүл байж чадах вэ?

19 Цагийн аясаар итгэл тань хэрхэн бэхэжсэнийг эргэцүүлэн бодвол өөрт байгаагаа сахих нэг алхам хийж байгаа нь тэр ээ. Сүнслэгээр эрүүл байхад тустай өөр олон зөвлөгөөг «Харуулын цамхаг» сэтгүүлээр өгдөг. Тухайлбал, залбирах, цуглаанд очиж, оролцох, дэлгэрүүлэх ажлыг идэвхтэй хийх зэргийг нэрлэж болно. Энэ бүх зөвлөгөөг хэрэгжүүлбэл та анхны хайраа дахин сэргээж, цааш нь улам лавшруулж чадна (Еф. 5:10; 1 Петр 3:15; Иуда 20, 21).

Хариулна уу

• Еховад хайртай болсон шалтгаанаа эргэн санавал одоо урам авч болно гэж хэлэхийн учир юу вэ?

• Өөрийнхөө туршлагыг эргэцүүлж бодвол бид юунд итгэлтэй болох вэ?

• Бурхныг хайрлах хайраа шалгаж үзэх хэрэгтэйн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Та үнэнийг олсон гэдэгтээ яагаад итгэсэн бэ? Үнэний юунд нь татагдсан бэ?

[25-р хуудасны зураг]

Танд засах хэрэгтэй юм байна уу?