Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөгтүн
Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөгтүн
«Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ» (1 ИОХ. 5:3).
1, 2. а) Хүмүүс эрх мэдэлд захирагдах дургүй байдгийн учир юу вэ? б) Эрх дураараа амьдрахыг хүсдэг хүмүүс үнэхээр хэнээс ч хараат бус байдаг уу? Тайлбарлана уу.
БУСДАД захирагдах дургүй хүн өнөөдөр олон болжээ. Эрх дураараа амьдрахыг хүсдэг хүмүүс: «Би юу хийхээ хэнээр ч заалгахгүй» гэсэн бодолтой байдаг. Тэд үнэхээр хэнээс ч хараат бус байдаг уу? Яалаа гэж! Ихэнх нь «энэ үеийн явдалд нийцдэг» хүмүүсийн үзэл бодлыг аялдан дагадаг (Ром 12:2). Элч Петрийн хэлснээр тэд «ялзралын боол» учир тэднийг хараат бус гэж хэлэх аргагүй (2 Петр 2:19). Мөн «энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч» буюу Сатан Диаволыг дагадаг (Еф. 2:2).
2 Нэг зохиолч: «Би яаж амьдрахаа эцэг эх, лам хувраг, сүмийн пастор, ...Библийн алинаар нь ч заалгахгүй» хэмээн бардамнан хэлжээ. Үнэндээ зарим хүн эрх мэдлээ урвуулан ашигладаг учраас тэдэнд захирагдах нь утгагүй юм шиг санагдаж магад. Гэхдээ удирдлага заавар огт хэрэггүй гэж үзэх нь зөв үү? Сонин гарчиглах төдийд л зөв биш гэдэг нь тодорхой харагддаг. Удирдлага заавар зайлшгүй хэрэгтэй ийм цаг үед ихэнх хүн эрх мэдэлд захирагдахыг хүсдэггүй нь даанч харамсалтай.
Бид эрх мэдлийг хэрхэн үздэг вэ?
3. І зууны христианууд эрх мэдэлтэй хүмүүсийн үг тушаалыг мухар сохроор дагадаг хүмүүс биш гэдгээ хэрхэн харуулсан бэ?
3 Бид эрх мэдэлд захирагдах дургүй ертөнцийнхнөөс өөр үзэлтэй. Гэхдээ хэн нэгний үг тушаалыг мухар сохроор дагадаг хүмүүс биш ээ. Эрх мэдэлтэнд захирагдахаас татгалзах үе ч гардаг. І зууны христиануудад тийм явдал тохиолдож байжээ. Тухайлбал, элч нар тэргүүн тахилч болон Зөвлөлийн нөлөө бүхий гишүүдээс дэлгэрүүлэхийг хориглосон тушаал авсан ч биелүүлээгүй. Тэд хүний эрх мэдэлд захирагдан, хийх ёстой ажлаа орхиогүй (Үйлс 5:27–29-ийг уншина уу).
4. Ихэнх хүнээс өөр шийдвэр гаргасан Бурхны үйлчлэгчдийн ямар ямар жишээ Еврей Сударт байдаг вэ?
4 Христиануудаас өмнө амьдарч байсан Бурхны үйлчлэгчид ч мөн тийм байсан. Жишээ нь, Мосе «Фараоны охины хүү гэж нэрлэгдэхээсээ татгалза[н] ...Бурхны хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг ...сонгохдоо» «хааны уур хилэнгээс» айгаагүй (Евр. 11:24, 25, 27). Потифарын эхнэр өш санан, өөрийг нь хорлож чадах байсан ч Иосеф садар самуунд уруу татах гэхэд нь эрс шийдвэртэй татгалзсан (Эх. 39:7–9). Вавилоны тайгануудын тэргүүлэгч саналыг нь тийм амар хүлээн авахааргүй байсан ч Даниел «хааны амттан шимттэнээс ... хувь хүртэн биеэ бузарлахгүй гэж ...сэтгэлдээ шийдсэн» байлаа (Дан. 1:8–14). Бурхны эртний үйлчлэгчид хожим нь ямар ч үр дагавар амсах байсан, зөв юмны төлөө бат зогсдог байсныг энэ мэт жишээ харуулдаг. Тэд тааллыг нь олохын тулд л эрх мэдэлтнүүдэд захирагддаг байсан юм биш ээ. Бид ч мөн тийм байх ёстой.
5. Эрх мэдлийн талаарх бидний үзэл ертөнцийнхөөс ямар ялгаатай вэ?
5 Бурхны үйлчлэгчдийн ийнхүү зоригтой байдгийг зөрүүд юм уу төрд тэрсэлдэг хүмүүсийнхтэй хольж хутган ойлгож болохгүй. Бид Еховагийн эрх мэдлийг хүний эрх мэдлээс хамаагүй давуу гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүний тогтоосон хууль Бурхны хуультай зөрчилдвөл бид огтхон ч эргэлзэж тээнэгэлзэлгүй, І зууны элч нарын адилаар, хүнийг дагахаасаа илүү Бурхныг дагадаг.
6. Еховагийн тушаалд захирагдах нь ямагт тустай байдгийн учир юу вэ?
6 Бид ямар учраас Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг вэ? Сургаалт үгс 3:5, 6-д: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно» гэж бичсэнтэй бид санал нийлдэг. Бурхан юу ч шаардсан, түүнийг нь биелүүлбэл эцэст нь сайн үр дүнд хүрнэ гэдэгт бид итгэдэг (Дэд хууль 10:12, 13-ыг уншина уу). Ехова өөрийгөө израильчуудад «тустайг сурган, ... явах ёстой замаар [нь] удирддаг» Нэгэн гэдгээ хэлээд, «Хэрэв чи зөвхөн Миний тушаалуудад анхаарлаа хандуулбал, чиний энх амгалан байдал гол мэт, чиний үнэн зөв нь далайн давалгаа мэт байх болно» хэмээн баталсан (Ис. 48:17, 18). Бид энэ үгэнд итгэдэг. Бурхны тушаалд захирагдах нь ямагт тустай гэдэгт бид эргэлздэггүй.
7. Библийн шаардлагыг гүйцэд сайн ойлгохгүй байлаа ч яах хэрэгтэй вэ?
7 Бид Библийн зарим шаардлагыг гүйцэд сайн ойлгохгүй байлаа ч Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч, түүнд дуулгавартай захирагддаг. Гэхдээ юу ч бодолгүйгээр итгэдэгтээ бус, харин Еховаг бидэнд юу сайн болохыг мэддэг гэдэгт чин зүрхнээсээ итгэдэг учраас захирагддаг юм. Бас Бурханд хайртай учраас түүнд захирагддаг. Энэ талаар элч Иохан: «Бурхныг хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм» гэж бичжээ (1 Иох. 5:3). Еховад дуулгавартай байхад тус болох бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй.
Мэдрэмжээ дадлагажуулах нь
8. «Мэдрэмжээ» «дадлагажуулах» нь Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхтэй ямар холбоотой вэ?
8 «Сайн мууг ялгаж» сурахын тулд «мэдрэмжээ» «дадлагажуулахыг» Библи бидэнд уриалдаг (Евр. 5:14). Тиймд бидний зорилго бол юу ч бодохгүйгээр Бурхны хууль тушаалд дуулгавартай захирагдах бус, харин тогтоосон хэм хэмжээнд нь үндэслэн «сайн мууг ялгаж» чаддаг байх явдал юм. Дуулалч нэгэнтээ: «Таны Хууль миний зүрхэнд бий» хэмээн хэлсэн байдаг. Бид ч бас тийн хэлдэг байхын тулд Еховагийн мэргэн ухааныг ойлгохыг хүсдэг (Дуу. 40:8).
9. Мөс чанараа Еховагийн хэм хэмжээний дагуу яаж сургах вэ? Энэ нь яагаад чухал бэ?
9 Бурхны хуулийг дуулалч шиг үнэлж эрхэмлэдэг болохын тулд Библиэс уншсан зүйлээ эргэцүүлэн боддог байх хэрэгтэй. Жишээ нь, Еховагийн тодорхой нэг шаардлагыг мэдэж аваад, «Энэ хууль буюу зарчмыг биелүүлэх нь яагаад ухаалаг хэрэг болох вэ? Үүнд захирагдах нь надад яагаад ач тустай вэ? Бурхны тушаалыг үл тоомсорлосон хүмүүс ямар гашуун үр дагавар амссан билээ?» гэх зэргээр бодож үзээрэй. Бид мөс чанараа Еховагийн шаардлагын дагуу сургавал хүсэл таалалд нь нийцсэн шийдвэр гаргадаг болно. Тэгээд «Эзний хүсэл юу болохыг ухаарч», улмаар дуулгавартай байж чадна (Еф. 5:17). Гэхдээ энэ нь тийм амархан биш.
Сатан Бурхны эрх мэдлийг эсэргүүцэж, нэр төрийг нь гутаахыг оролддог
10. Сатан Бурхны эрх мэдлийг эсэргүүцэж, нэр төрийг нь гутаахыг оролддог нь юунаас харагддаг вэ?
10 Сатан олон мянган жилийн турш Бурхны эрх мэдлийг эсэргүүцэн, нэр төрийг нь гутаахыг оролдож байна. Хараат бус байх гэсэн Сатаны үзэл олон хэлбэрээр илэрдэг. Жишээ нь, өнөөдөр хүмүүс гэрлэлтэд хүндэтгэлтэй хандахаа больжээ. Уг нь, Бурхны санаачилснаар, гэрлэсэн эр эм хоёр насан туршдаа хамт амьдрах ёстой. Гэтэл зарим хүн гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр нэг гэрт ордог байхад, зарим нь салж сарнихыг юман чинээ боддоггүй. Тэд нэгэн алдартай жүжигчний: «Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, хүмүүс бүх насаараа нэг л хүнтэй амьдрах аргагүй шүү дээ» гэж хэлсэнтэй санал нийлдэг байх. Тэр жүжигчин цааш нь: «Ханьдаа үргэлж үнэнч байдаг, эсвэл үнэнч байхыг хүсдэг хүнийг би л лав мэдэхгүй юм байна» гэж хэлжээ. Гэр бүлийн амьдрал нь бүтэлгүйтсэн бас нэгэн нэртэй жүжигчин: «Хүн гэдэг амьтан насан туршдаа нэг л хүнтэй амьдарч чадахгүй байх аа» гэж хэлсэн байна. Тэгэхлээр, бид өөрсдөөсөө: «Би гэрлэлттэй холбоотой асуудлаар Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг үү, эсвэл гэрлэлтэд ертөнцийнхөн шиг хөнгөн хуумгай ханддаг болсон уу?» гэж асуух нь зүйтэй.
11, 12. а) Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх нь залуу хүмүүст амаргүй байдгийн учир юу вэ? б) Еховагийн хууль, зарчмыг үл тоомсорлохын балгийг харуулах жишээ хэлнэ үү.
11 Гэрч залуус аа, Еховагийн эрх мэдлийг эсэргүүцэн, нэр төрийг нь гутаахыг оролддог Сатан та нарыг гол байгаа болгодгийг битгий мартаарай. «Идэр насныхаа дур хүслүүд» болон үе тэнгийнхнийхээ нөлөөнд автан, Бурхны хуулийг дарамт гэж үздэг болох амархан (2 Тим. 2:22). Тийм аюулаас сэрэмжлээрэй. Бурхны тогтоосон хэм хэмжээ хэр зэрэг мэргэн ухаалаг байдгийг ойлгохыг хичээгээрэй. Жишээ нь, Библид: «Садар самуун явдлаас зугтан явагтун» гэсэн тушаал байдаг (1 Кор. 6:18). «Энэ тушаалыг биелүүлэх нь яагаад ухаалаг вэ? Надад ямар ач тустай вэ?» гэдгийг бодож үзээрэй. Бурхны зөвлөгөөг тоогоогүйгээсээ болоод гашуун үр дагавар амссан хүмүүсийг та нар мэддэг байж болох юм. Тэд одоо үнэхээр жаргалтай байдаг уу? Еховагийн байгууллагад байх үеийнхээсээ илүү сайхан амьдардаг болсон болов уу? Еховагийн үйлчлэгчдийн эдэлдэггүй тийм аз жаргалыг үнэхээр олсон гэж үү? (Исаиа 65:14-ийг уншина уу).
12 Хэдэн жилийн өмнө Шарон гэдэг христиан эмэгтэй: «Би Еховагийн хуулийг зөрчсөнөөсөө болоод амь насанд аюултай ДОХ өвчин авсан юм. Еховад үйлчилж байх үеийнхээ жаргалтай он жилүүдийг би дандаа дурсан санадаг» гэж бичжээ. Еховагийн хуулийг зөрчсөн нь мунхаг хэрэг байсан бөгөөд Еховагийн хууль тушаалыг үнэлж эрхэмлэх ёстойг тэрбээр ухаарчээ. Бурхны хууль тушаал биднийг хамгаалдаг. Шарон дээрх үгийг бичсэнээсээ хойш 50 хонолгүй нас баржээ. Сатан өнөөгийн ёс бус ертөнцийн хүмүүст сайн юм хэзээ ч өгөхгүй гэдгийг Шаронд тохиолдсон эмгэнэлт явдал харуулж байна. «Худал хуурмагийн эцэг» Сатан Евад амласнаа биелүүлээгүй. Өнөөдөр ч бас олон зүйлийг амладаг боловч, биелүүлдэггүй (Иох. 8:44). Тэгэхлээр, Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх нь бидэнд л сайн гэдэг нь тодорхой байна.
Хараат бус байх гэсэн үзэлтэй болохоос болгоомжлогтун
13. Хараат бус байх гэсэн үзэлтэй болохоос болгоомжлох нэг арга юу вэ?
13 Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхийн тулд хараат бус байх гэсэн үзэлтэй болохоос болгоомжлох хэрэгтэй. Хэрэв бардам байвал ямар ч удирдлага заавар хэрэггүй юм шиг санагдаж мэднэ. Жишээ нь, Бурхны ард түмний дунд удирдах үүрэг хүлээсэн хүмүүсийн зөвлөгөөг үл хэрэгсэж магадгүй. Бурхан итгэмжит, ухаалаг боолын ангийг бидний дээр томилж, сүнслэг хоол ундаар цагт нь хангах ажлыг хариуцуулсан (Мат. 24:45–47). Ехова өнөөдөр ард түмэндээ тийн санаа тавьдгийг бид даруухнаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үнэнч элч нарын жишээг дуурайгаарай. Зарим шавь нь өөрийг нь дагахаа болиход, Есүс элч нараасаа: «Та нар бас явахыг хүсэж байна уу?» гэж асуудаг. Тэгэхэд нь Петр: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» гэж хариулдаг (Иох. 6:66–68).
14, 15. Библийн зөвлөгөөг даруухнаар сахих хэрэгтэйн учир юу вэ?
14 Библид үндэслэсэн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Жишээлбэл, итгэмжит, ухаалаг боолын анги бидэнд «сэргэг бөгөөд эрүүл ухаантай байхыг» уриалдаг (1 Тес. 5:6). Хүмүүс «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид» болсон эцсийн өдрүүдэд энэ бол тун цагаа олсон уриалга юм (2 Тим. 3:1, 2). Өнөөдөр газар аваад байгаа тийм үзэл бидэнд ч бас нөлөөлж болзошгүй. Хэрэв бид сүнслэг бус зорилго тавивал сүнслэгээр унтах юм уу эд мөнгөний хойноос хөөцөлддөг болж мэднэ (Лук 12:16–21). Тийм учраас, Библийн зөвлөгөөг сахиж, Сатаны ертөнцөд түгээмэл болсон, зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах гэсэн үзлээс зайлсхийх нь ухаалаг хэрэг мөн! (1 Иох. 2:16).
15 Итгэмжит, ухаалаг боолын өгдөг сүнслэг хоол тэжээлийг бид хурлын ахлагчдаар дамжуулан авдаг. Библид: «Удирдагчдаа дагаж, тэдэнд захирагдагтун. Учир нь тэд тооцоо хийгчид адил та нарын сэтгэлийг сэрэмжлэн харгалзаж байдаг. Тэд үүнийг санаа алдалгүйгээр, баяртайгаар хийг. Эс бөгөөс та нарт ямар ч ашиг болохгүй» гэж байдаг (Евр. 13:17). Ахлагчид алдаа гаргадаггүй гэсэн үг үү? Яалаа гэж! Алдаа дутагдлыг нь хэнээс ч илүү мэддэг Ехова Бурхан биднийг тэдэнд захирагдаасай гэж хүсэж байдаг. Ахлагчид төгс бус ч гэсэн бид тэдэнтэй хамтран ажиллавал Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдгөө харуулна.
Даруу байх нь нэн чухал
16. Есүсийг христиан хурлын Тэргүүн гэж хүндэтгэдгээ яаж харуулж болох вэ?
16 Есүс бол хурлын Тэргүүн гэдгийг үргэлж санах хэрэгтэй (Кол. 1:18). Ахлагчдад захирагдаж, «тэднийг үлэмж өндрөөр үнэлдгийн» маань нэг шалтгаан энэ юм (1 Тес. 5:12, 13). Хурлын ахлагчид ч бас өөрсдийнхөө санааг бус, Бурхны үгийг дамжуулдгаараа дуулгавартай захирагддагаа харуулдаг. Тэд хувийн үзэл бодлыг урьтал болгохгүйн тулд «бичигдсэнээс хэтрэхгүй байхыг» хичээдэг (1 Кор. 4:6).
17. Нэр алдрын хойноос хөөцөлдөх нь яагаад аюултай вэ?
17 Христианууд нэр алдрын хойноос хөөцөлдөхөөс зайлсхийх ёстой (Сур. 25:27). Нэгэн христиан тийм урхинд орсон бололтой. Элч Иохан түүний тухай: «Тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм. Иймээс хэрэв би очвол түүний хийдэг үйл хэргийг нь сануулна. Юу гэвэл, тэр биднийг балмад үгсээр зүй бусаар буруутгасан юм» гэж бичжээ (3 Иох. 9, 10). Энэ нь өнөөдөр ч бидэнд сургамжтай. Нэр алдрын хойноос хөөцөлдөх өчүүхэн төдий хандлага ажиглагдвал түүнийг зүрх сэтгэлээсээ үтэр түргэн зайлуулах хэрэгтэй. Библид: «Сүйрлийн өмнө бардам зан явдаг бол, бүдэрч унахын өмнө дээрэлхүү зан явдаг» гэж байдаг. Бардам зан нэр хугалдаг учраас Бурхны эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг хүмүүс тийм зангаас зайлсхийх ёстой (Сур. 11:2; 16:18).
18. Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөд юу туслах вэ?
18 Хараат бус байх гэсэн ертөнцийн үзлээс зайлсхийж, Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх явдлыг эрхэм зорилгоо болгоорой. Еховад үйлчлэхийг нэр төрийн хэрэг гэж үнэлж, энэ тухай байнга бодож байгаарай. Та Бурхны ард түмний дунд байгаа нь Бурхан таныг ариун сүнсээрээ татсаны нотолгоо юм (Иох. 6:44). Бурхантай тогтоосон харьцаагаа ямагт эрхэмлэж яваарай. Хараат бус байх гэсэн үзлээс зайлсхийж, Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрдгөө амьдралынхаа бүх хүрээнд харуулахыг хичээгээрэй.
Санаж байна уу?
• Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөх гэж юу гэсэн үг вэ?
• Мэдрэмжээ дадлагажуулах нь Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхтэй ямар холбоотой вэ?
• Сатан ямар ямар аргаар Бурхны эрх мэдлийг эсэргүүцэж, нэр төрийг нь гутаахыг оролддог вэ?
• Еховагийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрөхөд даруу зан яагаад чухал бэ?
[Догол мөрийн асуулт]
[18-р хуудасны зураг]
«Бид хүнийг дагахаасаа илүү, Бурхныг дагах ёстой»
[20-р хуудасны зураг]
Бурхны тогтоосон хэм хэмжээг сахих нь хамгийн ухаалаг хэрэг мөн