Skip to content

Гарчиг руу орох

«Бурхан ургуулдаг»

«Бурхан ургуулдаг»

«Бурхан ургуулдаг»

«Таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж» (1 КОР. 3:7).

1. Бид яаж «Бурхны хамтран зүтгэгчид» болдог вэ?

 «БУРХНЫ хамтран зүтгэгчид». Еховатай хамтран ажиллах завшаантай хүмүүсийг Паул тийнхүү нэрлэжээ (1 Коринт 3:5–9-ийг уншина уу). Тэгэхлээр бид үр тарьж, услах ажилтай зүйрлэсэн шавь бэлдэх ажлыг Бурхантай хамтран хийдэг нь Паулын хэлсэн үгнээс харагдаж байна. «Бурхан ургуулдаг» учраас энэ чухал ажлыг амжилттай хийхэд Бурхны тусламж хэрэгтэй.

2. «Бурхан ургуулдаг» гэдгийг хүлээн зөвшөөрөх нь Бурханд үйлчлэхдээ зөв үзэлтэй байхад тусалдгийн учир юу вэ?

2 Бурхан ургуулдаг гэдгийг даруухнаар хүлээн зөвшөөрдөг бол Бурханд үйлчлэхдээ зөв үзэлтэй байж чадна. Бид дэлгэрүүлэх, заах ажилдаа нөр их хичээл зүтгэл гаргаж, суралцагчид маань сүнслэгээр өсөхөд, үүний төлөө Еховаг магтан алдаршуулах учиртай. Яагаад тэгж хэлж болох вэ? Бид яаж ч хичээгээд, шинэ хүний сүнслэгээр өсөх үйл явцыг бүрэн ойлгож, хянаж чаддаггүй. Соломон хаан: «Бүхнийг бүтээгч Бурхны үйлсийг чи тааж мэдэхгүй» хэмээн бичсэн нь яах аргагүй үнэн (Ном. 11:5).

3. Үр тарих, шавь бэлдэх ажил юугаараа адилхан бэ?

3 Хүнийг сүнслэгээр хэрхэн өсдөгийг нь ойлгодоггүйгээсээ болоод бид ажилдаа сэтгэл дундуур байдаг уу? Үгүй ээ. Харин ч бидний ажил бол сэтгэл сэргээдэг, сонирхолтой ажил юм. Соломон хаан: «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» хэмээн хэлсэн байдаг (Ном. 11:6). Хүн үр тарихдаа аль нь ургах вэ, ер нь ургах уу, үгүй юү гэдгийг мэддэггүй. Хүнээс шалтгаалахгүй юм олон байдаг. Шавь бэлдэх ажлын тухайд ч мөн ялгаагүй. Есүс энэ санааг «Марк» номын 4-р бүлэгт байдаг хоёр ёгт үлгэрээрээ онцолжээ. Энэ хоёр үлгэр бидэнд ямар сургамжтайг ярилцъя.

Өөр өөр хөрс

4, 5. Үр цацсан тариачны тухай Есүсийн ярьсан үлгэрийг товч хэлнэ үү.

4 Есүс нэгэн тариачны тухай ёгт үлгэр ярьсныг Марк 4:1–9-д тэмдэглэжээ. Тэр тариачны цацсан үр янз янзын газар унадаг. Есүс: «Үүнийг сонс. Тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим үр нь зам хавиар унасанд, шувууд ирээд түүгээд идчихжээ. Зарим үр нь хөрс багатай чулуурхаг газар унаж, хөрс нь гүн биш тул тэр даруй соёолжээ. Нар мандсаны дараа үндэсгүй учир тэдгээр нь хорчийн хатжээ. Зарим нь хогийн ургамлын дунд унахад, хогийн ургамал ургаж тэднийг барьчихаж. Ингээд тэр үр ургац өгсөнгүй. Зарим үр нь сайн хөрсөнд унаж, урган өсөж ургацаа өгөхөд гуч, жар, зуу дахин их болжээ» хэмээн ярьжээ.

5 Библи бичигдэж байх үед үрийг цацаж тарьдаг байжээ. Өөрөөр хэлбэл, тариачин үрийг өврөөсөө юм уу уутнаас атгаж аваад, даялан цацдаг байв. Тиймээс энэ үлгэрийн тариачин үрийг зориуд өөр өөр хөрсөнд тарьсан хэрэг биш, харин цацсан үр нь янз янзын газар унасан ажээ.

6. Есүс тариачны тухай үлгэрийг юу гэж тайлбарласан бэ?

6 Үлгэр цаанаа ямар утгатайг таах гэсний хэрэггүй. Учир нь, Есүс өөрөө утгыг нь тайлбарласныг Марк 4:14–20-д бичсэн байдаг. Тэнд: «Тэр тариачин үг тарьж байна. Эдгээр нь зам хавиар унагсад бөгөөд тэнд үг таригджээ. Тэд сонсоход тэр даруй Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг. Үүнчлэн эдгээр нь чулуурхаг газарт унагсад бөгөөд тэд үгийг сонсоод тэр даруй баяртайгаар хүлээн авдаг. Өөрсдөд нь бат үндэс байхгүй, харин тэд түр зуурынх бөгөөд дараа нь үгнээс болж зовлон, хавчлага тохиолдоход тэд тэр даруй унадаг. Зарим нь хогийн ургамлын дунд унагсад бөгөөд эдгээр нь үгийг сонсоод, харин ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал, бусад зүйлсийг хүсэх хүсэл нь үгийг шахан зайлуулахад тэр нь үр жимсгүй болдог. Зарим нь сайн хөрсөнд унагсад юм. Тэд үгийг сонсоод хүлээн авч, гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана» гэжээ.

7. Үр болон хөрс юуг төлөөлдөг вэ?

7 Тариачин өөр өөр үр тарьсан хэрэг биш, харин нэг төрлийн үр нь өөр өөр хөрсөнд унасан тул харилцан адилгүй үр дүн гарсан тухай Есүсийн хэлснийг анхаараарай. Эхний хөрс нь хатуу буюу олон хүний хөлд дагтаршсан, хоёр дахь нь гүн биш, гурав дахь нь хогийн ургамалд баригдсан, харин дөрөв дэх нь үржил шимтэй сайн хөрс байсан (Лук 8:8). Үр гэж юу вэ? Бурхны Үгэнд байдаг Хаанчлалын тухай мэдээ юм (Мат. 13:19). Хөрс юуг төлөөлдөг вэ? Зүрхний хандлага нь өөр өөр хүмүүсийг төлөөлдөг (Лук 8:12, 15-ыг уншина уу).

8. а) Тариачин гэж хэн бэ? б) Хүмүүс Хаанчлалын тухай мэдээг янз янзаар хүлээн авдгийн учир юу вэ?

8 Тариачин гэж хэн бэ? Хаанчлалын тухай сайн мэдээ тунхагладаг Бурхны хамтран зүтгэгчид юм. Тэд Паул Апол нарын адилаар, тарих, услах ажил хийдэг. Гэхдээ хэчнээн шаргуу хөдөлмөрлөлөө ч үр дүн нь харилцан адилгүй байдаг. Энэ нь, мэдээг сонсдог хүмүүсийн зүрхний хандлага янз бүр байдагтай холбоотой. Ёгт үлгэрийн тариачны тарьсан үр хэрхэн ургаад, ямар үр дүнд хүрэх нь тариачнаас шалтгаалаагүй шүү дээ. Бурхны үнэнч үйлчлэгчид, ялангуяа, олон жил, магадгүй бүр хэдэн арван жил үйлчилсэн ч, үр дүнд бараг хүрээгүй юм шиг санадаг хүмүүс үүнийг бодоод, сэтгэл нь уужирч, тайвширдаг! * Яагаад тэр вэ?

9. Элч Паул, Есүс хоёр сэтгэл тайвшруулах ямар санааг онцолсон бэ?

9 Тариачны хэр зэрэг үнэнчийг дан ганц ажлынх нь үр дүнгээр дүгнэдэггүй. Паул энэ санааг илэрхийлж: «[Хүн бүр] хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно» гэж хэлжээ (1 Кор. 3:8). Хөдөлмөрлөснийх нь төлөө шагнал өгөхөөс бус, ажлынх нь үр дүн ямар байсан гэдгээр шагнахгүй. Есүс дэлгэрүүлэх ажлаа дуусгаад буцаж ирсэн шавь нартаа энэ санааг бас онцолсон байдаг. Шавь нар нь Есүсийн нэрээр чөтгөрүүдийг эрхшээлдээ оруулж байсандаа ихэд баярлан хөөрчээ. Энэ нь яах аргагүй сэтгэл хөдөлгөм явдал байсан ч Есүс: «Сүнснүүд эрхшээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла, харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун» гэж хэлдэг (Лук 10:17–20). Ажлынх нь үр дүн хурдан гарч, олон шинэ шавь төрүүлэхгүй байгаа хүнийг бусдаас бага ажилласан, үнэнч бус хүн гэж дүгнэж болохгүй. «Тариачин» хүний хөдөлмөрийн үр дүн сонсогчийн зүрхний хандлагаас ихээхэн хэмжээгээр шалтгаалдаг. Харин ургуулдаг нь Бурхан юм!

Үгийг сонссон хүмүүсийн хүлээх хариуцлага

10. Үгийг сонссон хүний «сайн хөрс» болох эсэх нь юунаас шалтгаалах вэ?

10 Тэгвэл үгийг сонссон хүмүүсийн талаар юу хэлж болох вэ? Хаанчлалын тухай мэдээг яаж хүлээн авахыг нь Бурхан урьдаас тогтоочихсон байдаг уу? Үгүй ээ. Сайн хөрс болох уу, үгүй юү гэдэг нь тэднээс өөрсдөөс нь л шалтгаална. Хүний зүрхний хандлага сайн юм уу муу болж өөрчлөгдөж болдог шүү дээ (Ром 6:17). Есүс ёгт үлгэртээ, зарим хүн үгийг «сонсоход тэр даруй» Сатан ирж, тэдэнд суулгагдсан үгийг зайлуулдаг тухай хэлсэн. Гэхдээ заавал тийм байх албагүй. Иаков 4:7-д: «Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» гэж байдаг. Зарим хүн үгийг анх сонсоод л баяртайгаар хүлээн авдаг боловч «бат үндэс байхгүй» тул дараа нь унадаг гэж Есүс хэлсэн. Гэтэл Бурхны үйлчлэгчид «үндэслэж суурилсан» байх учиртай. Тэгж байж «хайрын ямар өргөн, урт, өндөр хийгээд гүн болохыг ойлгох» бөгөөд «мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэднэ» (Ефес 3:17–19; Кол. 2:6, 7).

11. Үгийг шахан зайлуулдаг зовнил, эд баялагт автахгүйн тулд яах хэрэгтэй вэ?

11 Үгийг сонсдог зарим хүн «ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдалд» автахад, тэдгээр нь үгийг шахан зайлуулдаг (1 Тим. 6:9, 10). Тэдэн шиг болохгүйн тулд яах нь зүйтэй вэ? Элч Паул энэ асуултад хариулж: «Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө „Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй“ гэж айлдсан» хэмээн бичжээ (Евр. 13:5).

12. Сайн хөрсөнд унасан үр яагаад харилцан адилгүй хэмжээгээр үр жимс ургуулдаг вэ?

12 Хамгийн сүүлд нь Есүс сайн хөрсөнд унасан үр «гуч, жар, зуу дахин их үр жимс гаргана» гэж хэлсэн. Үгийг хүлээн авсан зарим хүний зүрхний хандлага нь сайн бөгөөд үр жимс ургуулдаг ч гэсэн ахуй байдлаасаа шалтгаалаад сайн мэдээг тунхаглах ажилд янз бүрийн хувь нэмэр оруулдаг. Жишээ нь, өндөр нас, өвчин эмгэгийн улмаас дэлгэрүүлэх ажилд хүссэнээрээ оролцох боломж хязгаарлагддаг (Марк 12:43, 44-тэй харьцуулна уу). Ёгт үлгэрийн тариачинд өөрийнхөө хүчээр хийж чадахгүй зүйл олон байсан шүү дээ. Тэглээ ч гэсэн, Еховаг тарьсан үрийг нь ургуулахад баярласан (Дуулал 126:5, 6-г уншина уу).

Тариачин унтдаг гэдэг нь...

13, 14. а) Үр цацсан хүний тухай ёгт үлгэрийг товч хэлнэ үү. б) Тариачин гэж хэн бэ? Үр нь юу вэ?

13 Марк 4:26–29-д өөр нэгэн тариачны тухай үлгэр байдаг. Тэнд: «Бурхны хаанчлал нь газарт үр цацаж байгаа хүнтэй адил юм. Шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй. Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж, дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог. Харин үр боловсормогц ургац хураах цаг болсон тул тэр даруй тэр хүн хадуур хүргэнэ» хэмээн бичжээ.

14 Энэ тариачин хэнийг төлөөлдөг вэ? Христ шашны ертөнцийн зарим хүн энэ тариачныг Есүс гэж үздэг. Гэтэл Есүсийг унтаад, үр яаж урган өсөж байгааг ч мэддэггүй гэж хэлж болох уу? Болохгүй. Харин ч сайн мэддэг! Тэгэхлээр тариачин бол өмнөх ёгт үлгэрт гардгийн нэгэн адил, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцон, үр тарьдаг хүмүүс юм. Газарт цацагдсан үр нь тэдний тунхагладаг үгийг төлөөлдөг. *

15, 16. Есүс тариачны тухай сургаалт зүйрлэлээрээ үр ургаж боловсрох болон хүний сүнслэгээр өсөх явцын талаар ямар санааг онцолсон бэ?

15 Есүсийн хэлснээр, тариачин «шөнө нь унтаж, өдөр нь боссоор» байсан. Энэ нь, тариачин үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үг биш, харин ихэнх хүний жирийн амьдралыг дүрсэлсэн хэрэг юм. Энэ зүйлд хэрэглэсэн үг тодорхой хугацаанд өдөр нь ажиллаж, шөнө нь унтах тасралтгүй үргэлжилсэн үйл явцыг заадаг. Тэр хугацаанд юу болдгийг Есүс тайлбарлан: «Үр яаж урган өсөж байгааг тэр хүн өөрөө ч мэдэхгүй» гэж хэлсэн. Эндээс үзвэл, үр өөрөө ургаж боловсордог нь тодорхой харагдаж байна.

16 Есүс үүгээрээ ямар санаа хэлэх гэсэн бэ? Үр соёолж, аажмаар ургаж боловсордгийг онцолсон байна. «Газар эхлээд өөрөөсөө үрийг соёолуулж, дараа нь түрүүг, тэгээд боловсорсон тариаг бий болгодог» (Марк 4:28). Үр аажмаар, үе шаттайгаар ургаж боловсордог. Ургах явцыг хүчээр түргэсгэж болдоггүй. Хүний сүнслэгээр өсөх явц ч мөн ялгаагүй. Энэ нь бас үе шаттайгаар явагддаг бөгөөд Ехова «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийн» зүрхэнд Библийн үнэнийг ургуулдаг (Үйлс 13:48; Евр. 6:1).

17. Үнэний үрээс жимс ургахад хэн хэн баярладаг вэ?

17 «Үр боловсорч», ургац хураах болоход тариачин яадаг вэ? Ехова Хаанчлалын тухай үнэнийг шинэ шавь нарын зүрхэнд ургуулахад тэд Бурхныг хайрлах хайрандаа хөтлөгдөн, өөрсдийгөө түүнд зориулахаар шийддэг. Үүнийгээ бүх нийтэд харуулж, баптисм хүртдэг. Эрэгтэйчүүд улам төлөвшвөл яваандаа хуралд илүү хариуцлагатай үүрэг хүлээх боломжтой болдог. Шинэ шавь төрөхөд анх үр тарьсан хүн төдийгүй, тэр үрийг тарилцаагүй дэлгэрүүлэгчид ч баярладаг (Иохан 4:36–38-ыг уншина уу). «Тариачин тариа хураагчийн хамт баярладаг» гэдэг нь энэ буюу.

Өнөөдөр авах сургамж

18, 19. а) Есүсийн ярьсан ёгт үлгэрийг дэлгэрэнгүй авч үзээд та хэрхэн урам авсан бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 «Марк» номын 4-р бүлэгт гардаг хоёр ёгт үлгэрээс ямар сургамж авч болох вэ? Бидэнд үр тарих ажил байгааг тодорхой ойлгож болно. Бид шалтаг заах юм уу тулгарч болзошгүй бэрхшээлээс болоод энэ ажлаа зогсоохыг огтхон ч хүсдэггүй (Ном. 11:4). Үүний зэрэгцээ, Бурхны хамтран зүтгэгч хэмээн тооцогдох агуу завшаантайгаа ойлгодог. Ехова бидний болон сайн мэдээ хүлээн авсан хүмүүсийн хүчин чармайлтыг ивээж, тэднийг сүнслэгээр өсгөдөг. Бид хэнийг ч хүчээр шавь болгож чадахгүйгээ мэддэг. Түүнчлэн, суралцагч маань сүнслэгээр өсөхгүй юм уу удаан өсөж байвал гутарч, сэтгэлээр унах хэрэггүй гэдгийг ч сайн ойлгодог. Еховад үнэнч байж, «Хаанчлалын ...сайн мэдээг бүх үндэстэнд гэрчлэл» болгон тунхаглуулахаар даалгасан ажлыг нь үнэнчээр биелүүлж байгаа эсэхээс бидний амжилт шалтгаалдаг гэж бодохлоор үнэхээр тайвширдаг (Мат. 24:14).

19 Есүс шинэ шавь нар өсөн нэмэгдэж, Хаанчлалын үйл хэрэг өргөжин тэлэх талаар өөр юу заасан бэ? Энэ асуултын хариуг Евангелид бичигдсэн өөр ёгт үлгэрүүдээс мэдэж болно. Дараагийн өгүүллээр зарим ёгт үлгэрийг дэлгэрэнгүй ярилцъя.

[Зүүлт]

^ 2005 оны Еховагийн Гэрчүүдийн жил тутмын номын 210, 211-р хуудаснаас Исландад үйлчилж байсан Георг Фьөлнер Линдалын жишээ, мөн шууд үр дүнд хүрээгүй ч олон жил үнэнч үйлчилсэн Ирландын Гэрчүүдийн түүхийг 1988 оны Еховагийн Гэрчүүдийн жил тутмын номын 82–99-р хуудаснаас уншаарай (англи).

^ Өмнө нь «Харуулын цамхаг» сэтгүүлд үрийг гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр төлөвшдөг зан чанар гэж тайлбарлаж байсан. Гэхдээ Есүсийн ярьсан ёгт үлгэрийн үр муудаагүй бөгөөд муудсан жимс гаргаагүй, зүгээр л ургаж боловсорсон гэдгийг анхаарах хэрэгтэй («Харуулын цамхаг» сэтгүүлийн 1980 оны 6 сарын 15-ны дугаарын 17–19-р хуудсыг үзнэ үү [англи]).

Санаж байна уу?

• Үр тарих, Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх хоёр юугаараа ижил төстэй вэ?

• Ехова дэлгэрүүлэгч хүний үнэнч эсэхийг юугаар нь дүгнэдэг вэ?

• Есүсийн онцолсноор, үр ургаж боловсрох явц хүний сүнслэгээр өсөх явцтай юугаараа төстэй вэ?

• «Тариачин тариа хураагчийн хамт баярладаг» гэхийн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Есүс сайн мэдээ дэлгэрүүлэгчийг үр тарьдаг тариачинтай зүйрлэсний учир юу вэ?

[15-р хуудасны зураг]

Сайн хөрсөөр төлөөлүүлсэн хүмүүс Хаанчлалыг тунхаглах ажилд ахуй байдалдаа тохируулан чин сэтгэлээсээ оролцдог

[16-р хуудасны зураг]

Бурхан ургуулдаг