Skip to content

Гарчиг руу орох

Аливаад хүндэтгэлтэй хандаж, цог жавхлант Еховаг алдаршуулагтун

Аливаад хүндэтгэлтэй хандаж, цог жавхлант Еховаг алдаршуулагтун

Аливаад хүндэтгэлтэй хандаж, цог жавхлант Еховаг алдаршуулагтун

«[Еховагийн] ажил бол цог жавхлантай ба сүр хүчтэй» (ДУУ. 111:3).

1, 2. а) Библид гардаг «цог жавхлан» гэдэг үг ямар утгатай вэ? б) Энэ өгүүллээр ямар ямар асуулт авч үзэх вэ?

 БИБЛИД Бурхныг «цог жавхлан, сүр хүчээр хувцасласан» гэж бичсэн байдаг (Дуу. 104:1). Сайхан хувцасласан, өнгө жавхаатай хүмүүсийг заримдаа цог жавхлантай харагдаж байна гэлцдэг. Элч Паул христиан эмэгтэйчүүдийг «зохистой хувцаслан өөрсдийгөө» «сүлжсэн үс, алт, сувдаар, эсвэл үнэтэй хувцсаар биш», «даруу, түвшин байдлаар чимэхийг» уриалжээ (1 Тим. 2:9). Гэхдээ Еховагийн цог жавхлан, сүр хүчийг алдаршуулахаар биеэ авч явна гэдэг нь гоё сайхан хувцаслахаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм (Дуу. 111:3).

2 Библид «цог жавхлан» гэж орчуулсан еврей үг бас «сүр хүч», «алдар», «хүндэтгэл» гэсэн утга илэрхийлдэг. Аугаа хүндэтгэл хүлээж, бишрэн дээдэлбэл зохистой нэгэн Еховагаас өөр байхгүй. Тийм учраас, Еховад өөрсдийгөө зориулсан бид үг яриа, үйл хэргээрээ түүнийг алдаршуулах ёстой. Энэ өгүүллээр, «Хүмүүс хүндэтгэл хүлээж, бусдад хүндэтгэл үзүүлдгийн учир юу вэ? Еховагийн цог жавхлантай, сүр хүчтэйн баталгааг хаанаас харж болох вэ? Бурхны цог жавхлан бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ? Есүс Христ өрөөлийг хүндэтгэж, өөрөө хүндэтгэл хүлээх талаар бидэнд юу заасан бэ? Бурхныг шүтэхдээ яаж хүндэтгэл үзүүлж болох вэ?» гэх зэргийн асуултыг авч үзнэ.

Хүмүүс хүндэтгэл хүлээж, бусдыг хүндэтгэдгийн учир

3, 4. а) Ехова бидэнд хүндэтгэл үзүүлсний хариуд бид яах ёстой вэ? б) Дуулал 8:5–9-д бичсэн зөгнөлийн утгатай үг хэнд хамаатай вэ? (Зүүлт үзнэ үү). в) Дээр үед Ехова хэнд хүндэтгэл үзүүлсэн бэ?

3 Хүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас хүндэтгэл хүлээж, бусдыг хүндэтгэх чадвартай. Ехова анхны хүнд газар дэлхийг арчлан сахиулах хүндтэй үүрэг оноосон (Эх. 1:26, 27). Хүнийг төгс бус болсны дараа ч тэр үүргээ өөрчлөөгүй. Тийнхүү, хүмүүст «хүндэтгэлийн титэм» өмсгөсөн (Дуулал 8:5–9-ийг уншина уу). * Ехова бидэнд тийнхүү хүндэтгэл үзүүлсэн учир бид ч бас агуу нэрийг нь сүсэглэн хүндэтгэж, алдаршуулах ёстой.

4 Ехова өөрт нь үйлчилдэг хүмүүст онцгой хүндэтгэл үзүүлдэг. Бурхан Абелын өргөлийг хүлээн авснаараа түүнийг хүндэтгэж байгаагаа харуулсан. Харин ах Каиных нь өргөлийг аваагүй (Эх. 4:4, 5). Мосе өөрийнх нь дараа Израилийг удирдах Иошуа дээр «өөрийн эрх мэдлээс заримыг нь» тавих тушаалыг Бурхнаас авчээ (Тоо. 27:20). Давидын хүү Соломоны талаар Библид: «ЭЗЭН Соломоныг бүх Израилийн нүдэнд өндөрт өргөмжилж, түүний өмнө Израильд ямар ч хааны эдэлж байгаагүй сүр жавхланг түүн дээр цутгав» гэж байдаг (Ш.дээд 29:25). Өөрийнх нь «хаанчлалын сүр жавхлангийн яруу алдрыг» үнэнчээр тунхагладаг тослогдсон христиануудыг дахин амилуулахдаа онцгой эрх мэдэл өгнө (Дуу. 145:11–13). Өсөн нэмэгдэж байгаа «өөр хонинууд» ч ивээл хүртэж, хүндтэй үүрэг хүлээдэг. Ийнхүү Ехова тэднийг өргөмжилдөг (Иох. 10:16, ШГ).

Еховагийн цог жавхлантай, сүр хүчтэйн баталгаа

5. Еховагийн цог жавхлан хэр зэрэг агуу вэ?

5 Дуулалч Давид Бурхны агуу, хүний өчүүхнийг харьцуулан: «ЭЗЭН, бидний Эзэн, Таны нэр бүх газар дэлхийд ямар суу алдартай вэ! Та Өөрийн цог жавхланг тэнгэрүүдийн дээгүүр байрлуулсан билээ» гэж дуулжээ (Дуу. 8:1). Ехова Бурхан бол үүрдээс үүрд мөнх хүртэл орчлонт ертөнцийн хамгийн агуу, хамгийн цог жавхлантай Бодгаль юм. Түүнтэй эн зэрэгцэх нэгэн «тэнгэр газрыг» бүтээхээс нь өмнө ч байгаагүй, дэлхийг диваажин, хүн төрөлхтнийг төгс болгох санаа зорилгоо биелүүлснийх нь дараа ч гарч ирэхгүй (Эх. 1:1; 1 Кор. 15:24–28; Илч. 21:1–5).

6. Дуулалч, Еховаг «цог жавхлангаар хувцасласан» гэж хэлсний учир юу вэ?

6 Бурхнаас эмээдэг дуулалч тэнгэрт түгсэн од мичдийн эрдэнийн чулуу лугаа адил гялалзан гялтганахыг хараад зүрх сэтгэл нь хэчнээн их догдолсон бол оо! «Тэнгэрийг хөшиг шиг татдаг» агуу ур чадварыг нь гайхан биширсэн тэрбээр Еховаг «цог жавхлангаар хувцасласан» хэмээн яруу тодоор дүрсэлжээ (Дуулал 104:1, 2-ыг уншина уу). Үл үзэгдэх, төгс хүчит Бүтээгчийн цог жавхлан, сүр хүчийг үзэгдэх бүтээлүүд нь нотолдог.

7, 8. Еховагийн цог жавхлан, сүр хүчийг тэнгэр хэрхэн гэрчилдэг вэ?

7 Жишээ болгон Тэнгэрийн заадас галактикийг авч үзье. Од, гариг, нарны аймаг орчсон энэхүү асар уудам огторгуйн далайд манай Дэлхий тоо томшгүй элсний өчүүхэн жижиг ширхэг лугаа адил харагддаг. Ганц энэ галактикт л гэхэд 100 гаруй тэрбум од байдаг гээд бод доо! Хэрэв секунд тутам нэг од тооллоо гэж бодвол, 24 цаг тасралтгүй тоолоход 100 тэрбум одыг 3000 гаруй жил тоолно.

8 Ганцхан Тэнгэрийн заадас галактикт 100 тэрбум од байдаг гэвэл орчлонт ертөнцийн тухайд юу хэлж болох вэ? Одон орон судлаачид Тэнгэрийн заадас шиг 50-аас 125 тэрбум галактик байдгийг тогтоожээ. Тэгвэл орчлонт ертөнц даяар хэчнээн од байдаг вэ? Ухаан санаанд багтамгүй тоо гарна. Гэхдээ Ехова «оддыг тоолдог... тэд бүгдэд нэр өгдөг» (Дуу. 147:4). Ехова өөрийгөө ийнхүү цог жавхлан, сүр хүчээр хувцасладгийг хараад түүний агуу нэрийг магтан өргөмжлөх хүсэл төрөхгүй гэж үү?

9, 10. Бүтээгчийн мэргэн ухааныг талх хэрхэн гэрчилдэг вэ?

9 Одоо, хүн бүхний мэдэх хамгийн ойрын жишээнд анхаарлаа хандуулъя. Ехова «тэнгэр ба газрыг бүтээсэн» төдийгүй «өлсөгчдөд ч хоол хүнс өгдөг» нэгэн билээ (Дуу. 146:6, 7). Бурхны «цог жавхлан, сүр хүч» гайхамшигт үйлсээс нь харагддаг. Тэдгээрийн дотор үр тариа ордог бөгөөд түүгээр бид хоол хүнс хийдэг (Дуулал 111:1–5-ыг уншина уу). Жишээ болгон талхыг аваад үзье. Есүс дагалдагчдадаа: «Өдөр тутмын минь талхыг энэ өдөр бидэнд өгөөч» хэмээн залбирч байхыг захижээ (Мат. 6:11). Талх нь эрт цагийн ард түмнүүдийн, тэр дундаа, израильчуудын гол хоол байв. Талхыг энгийн хүнс гэж үздэг ч сайхан амттай болгодог үндсэн хэдэн бодисын хооронд явагддаг химийн урвал тийм ч энгийн биш ээ.

10 Библи бичиж байх үед израильчууд улаан буудай юм уу арвайн гурилыг усаар зуурч талх барьдаг байжээ. Заримдаа хөрөнгө юм уу исгэгч хийдэг байв. Эдгээр энгийн бодис нь хоорондоо холилдоход, бие биетэйгээ урвалд ордог олон тооны химийн нэгдэл үүсдэг. Тэдгээр нэгдлүүд чухам ямар урвалд ордгийг одоогоор бүрэн тайлаагүй байна. Түүнээс гадна, талхны, хүний биед шингэх үйл явц гайхалтай нарийн юм. Дуулалч: «Өө, ЭЗЭН, Таны үйлс хэчнээн их вэ! Мэргэн ухаанаар Та тэд бүхнийг бүтээсэн» хэмээн дуулсан нь зүйн хэрэг (Дуу. 104:24). Та бас Еховаг тийн магтмаар байна уу?

Бурхны цог жавхлан, сүр хүч танд яаж нөлөөлдөг вэ?

11, 12. Бурхны бүтээлийг эргэцүүлэн бодох нь бидэнд ямар ач тустай вэ?

11 Одот тэнгэрийг биширч, талхны амтыг мэдрэхэд заавал одон орон судлаач, химич байх албагүй. Гэхдээ Бүтээгчийнхээ сүр хүчийг ойлгохын тулд мутрынх нь бүтээлүүдийг эргэцүүлэн бодох цаг гаргах хэрэгтэй. Тийнхүү эргэцүүлэн бодвол ямар үр дүнд хүрэх вэ? Еховагийн бусад үйлсийг эргэцүүлэн бодоход ямар үр дүнд хүрдэг шиг тийм үр дүнд хүрнэ.

12 Еховагийн, ард түмнийхээ төлөө хийсэн агуу үйлсийн талаар Давид: «Таны сүр хүчний цог жавхлант яруу алдар болон Таны гайхамшигт үйлсийг би тунгаан бодно» хэмээн дуулжээ (Дуу. 145:5). Библи судалж, уншсан зүйлээ эргэцүүлэх цаг гаргадаг бол тэр үйлсийг тунгаан бодож байна гэсэн үг. Энэ нь бидэнд яаж нөлөөлөх вэ? Бурхны цог жавхлан, сүр хүчийг улам үнэлдэг болно. Тэгээд, «Би ч Таны агуу байдлыг тунхаглана» хэмээн дуулсан Давидын адилаар, Еховаг магтан хүндэтгэх хүсэл төрөх нь дамжиггүй (Дуу. 145:6). Бурхны гайхамшигт үйлсийг эргэцүүлснээр Еховатай тогтоосон харьцаа маань бэхжиж, түүний тухай бусдад урам зоригтой, шийдвэр төгс ярих хүсэл төрнө. Та сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглан, Ехова Бурхны цог жавхлан, сүр хүчийг үнэлдэг болоход нь хүмүүст тусалдаг уу?

Есүс Бурхны цог жавхланг төгс тусгасан

13. а) Даниел 7:13, 14-т бичсэнээр, Ехова Хүүдээ юу өгсөн бэ? б) Хаан Есүс харьяат албатууддаа хэрхэн ханддаг вэ?

13 Бурхны Хүү Есүс Христ сайн мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглаж, цог жавхлан хийгээд сүр хүчтэй тэнгэрийн Эцгээ алдаршуулдаг байв. Ехова цорын ганц Хүүдээ онцгой хүндэтгэл үзүүлж, «эрх мэдэл, ...хаанчлал» өгчээ (Даниел 7:13, 14-ийг уншина уу). Гэсэн ч Есүс бардам ихэрхэг, хүйтэн хөндий зантай болоогүй. Харин ч харьяат албатуудынхаа хэр чадлыг ойлгодог, санаа тавьж, хүндэтгэл үзүүлдэг өрөвч сэтгэлтэй Удирдагч болсон. Тэрбээр, ялангуяа бусдад гологдож, нүд үзүүрлэгдсэн хүмүүст ирээдүйн Хааны хувьд хэрхэн хандаж байсан талаар нэг жишээ үзье.

14. Эртний Израильд уяман өвчтэй хүнд хэрхэн ханддаг байсан бэ?

14 Эрт цагт уяман өвчин туссан хүмүүс удаан тарчилж үхдэг байв. Эл өвчин хүний биеийн эд эрхтнийг ягуухан иддэг аж. Уяманг эмчлэхийг үхсэн хүн амилуулахтай адил, бараг бүтэшгүй зүйл гэж үздэг байжээ (Тоо. 12:12; Х.дэд 5:7, 14). Уяман өвчтэй хүнийг бузартсан гэж үзэн, жигшиж зэвүүцэн, олон түмнээс тусгаарладаг байв. Хүмүүсийг ойртоход тэд «Бузартсан, бузартсан» гэж хашгиран анхааруулах ёстой байжээ (Лев. 13:43–46). Уяман өвчин туссан хүнийг үхсэнд тооцдог байв. Хуулийн багш нарын зохиосон дүрмийн дагуу, уяман өвчтэй хүн бусдад нэг алдаас илүү ойртох ёсгүй байлаа. Шашны нэгэн удирдагч өөрөөс нь хол байгаа уяман өвчтэй хүнийг хараад, ойртуулахгүйн тулд түүн рүү чулуу шидсэн тухай тэмдэглэл байдаг.

15. Есүс уяман өвчтэй хүнд хэрхэн хандсан бэ?

15 Гэтэл Есүс өөр рүү нь ирж, уяман өвчнөө эдгээлгэхийг хүссэн хүнд хэрхэн хандсаныг анхааръя (Марк 1:40–42-ыг уншина уу). Бусдад ад үзэгддэг тэр хүнийг хөөж явуулалгүй, харин ч өрөвдөн хайрлаж, хүндэтгэлтэйгээр хандсан билээ. Есүсийн хувьд тэр хүн тусламж хэрэгтэй, хөөрхийлөлтэй нэгэн байв. Өр нь өвдсөн Есүс түүнийг хайрлан энэрч, туслахыг хүссэн. Тэгээд гараа сунган, биед нь хүрч, өвчнийг нь эдгээжээ.

16. Есүсийн бусдад хандаж байсан арга барилаас та ямар сургамж авсан бэ?

16 Христианууд бид Эцгийнхээ цог жавхланг тусгасан Есүсийг хэрхэн дуурайж болох вэ? Нэг арга нь байр суурь, эрүүл мэнд, нас сүүдэр харгалзахгүйгээр бүх хүнийг зохих ёсоор хүндэтгэх явдал юм (1 Петр 2:17). Ялангуяа, нөхөр, эцэг эх, хурлын ахлагч гэх мэтийн халамжлан харгалзах үүрэгтэй хүмүүс энэ талаар онцгой анхаарч, халамждаа байдаг хүмүүсийг хүндэтгэхийн зэрэгцээ өөрийгөө хүндлэх сэтгэлийг нь дэмжих хэрэгтэй. Энэ шаардлага бүх христианд хамаатайг онцолж Библид: «Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээн бичжээ (Ром 12:10).

Шүтлэгийн асуудалд хүндэтгэлтэй хандах нь

17. Еховаг шүтэхдээ хэрхэн хандах талаар Библиэс ямар сургамж авч болох вэ?

17 Бид Еховаг шүтэхдээ онцгой хүндэтгэлтэй хандах ёстой. Номлогчийн үгс 5:1-д «Бурхны өргөө рүү явахдаа чи алхмаа хянагтун» гэж байдаг. Мосе Иошуа нарын хэн хэн нь ариун газар байхдаа шаахайгаа тайлах тушаал авдаг (Ег. 3:5; Иош. 5:15). Энэ нь шүтлэгийн асуудалд хүндэтгэлтэй хандаж буйн илрэл болох байв. Израилийн тахилчид «нүцгэн биеийг нь халхлах» маалинган дотуур өмд өмсөх ёстой байсан (Ег. 28:42, 43). Энэ нь тэднийг тахилын ширээний дэргэд үйлчлэхдээ нүцгэн биеэ ил гарган ёс алдахаас сэрэмжлүүлсэн хэрэг байв. Тахилчийн гэрийн бүх хүн биеэ хүндэтгэлтэйгээр авч явах талаар Бурхны тогтоосон хэм хэмжээг сахих ёстой байжээ.

18. Еховаг шүтэхдээ хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэрхэн харуулах вэ?

18 Тэгэхлээр бид Еховаг шүтэхдээ хүндэтгэлтэй хандах ёстой гэдэг нь тодорхой байна. Гэхдээ хүндэтгэж буй дүр эсгэх юм уу гоё ганган хувцас өмссөнөөр хүндэтгэлтэй хандаж байна гэж хэлж болохгүй. Ил харагдах гадна байдлаараа төдийгүй, бусдаас далд ч Бурханд ил байдаг зүрх сэтгэлээрээ хүндэтгэлтэй хандах учиртай (1 Сам. 16:7; Сур. 21:2). Энэ бол бидний хөгжүүлэх ёстой чанар бөгөөд биеэ авч явах байдал, зүрхний хандлага, бусадтай харьцах харьцаа, тэр байтугай өөрийгөө үзэх үзэлд нөлөөлнө. Энэ чанар үг яриа, үйл хэргээр маань цаг ямагт илэрч байх ёстой. Аливаа зүйлийг хийхдээ, зан чанар илэрхийлэхдээ, үс зүсээ янзлахдаа элч Паулын: «Үйлчлэл муучлагдах вий хэмээн бид хэнд ч юугаар ч саад тавьдаггүй. Харин бид өөрсдийгөө Бурхны үйлчлэгчид хэмээн бүхний дотор баталдаг юм» хэмээн бичсэнийг санах хэрэгтэй (2 Кор. 6:3, 4). Бид «Аврагч Бурхны сургаалыг бүх талаар хүндэтгэдэг» (Тит 2:10).

Бурхныг шүтэхдээ үргэлж хүндэтгэлтэй хандагтун

19, 20. а) Бусдыг хүндэтгэж байгаагаа харуулах ямар сайн арга байдаг вэ? б) Бид юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?

19 «Христийн төлөөх элчин сайд нар» буюу тослогдсон христианууд ажилдаа хүндэтгэлтэй ханддаг (2 Кор. 5:20). Тэднийг үнэнчээр дэмждэг «өөр хонинууд» бол Мессиагийн Хаанчлалын хүндэт төлөөлөгчид юм. Элчин сайд юм уу төлөөлөгч засгийн газрынхаа өмнөөс хүндэтгэлтэй бөгөөд зоригтой ярьдаг шиг бид Бурхны засгийн газар буюу Хаанчлалыг дэмжиж, хүндэтгэлтэй бөгөөд зоригтой ярих ёстой (Ефес 6:19, 20). Хүмүүст «аз жаргалын сайн мэдээг авчирдаг» маань тэднийг хүндэтгэж байгаа хэрэг биш гэж үү? (Ис. 52:7)

20 Бид биеэ авч явах байдлаараа Бурхнаа алдаршуулах шийдвэр төгс байх ёстой (1 Петр 2:12). Еховад, шүтлэгийн асуудалд, итгэл нэгтнүүддээ цаг ямагт гүн хүндэтгэл үзүүлцгээе. Цог жавхлан, сүр хүчээр хувцасласан Ехова үйлчлэгчид биднийхээ хүндэтгэлийг хүлээн авах болтугай.

[Зүүлт]

^ 8-р дуулалд бичсэн Давидын үг нь зөгнөлийн утгатай бөгөөд төгс хүн болох Есүс Христэд хамаатай (Евр. 2:5–9).

Хариулна уу

• Еховагийн цог жавхлангийн сүр хүчийг хүлээн зөвшөөрөх нь бидэнд яаж нөлөөлөх ёстой вэ?

• Уяман өвчтэй хүнд Есүсийн хэрхэн хандсанаас бид ямар сургамж авч болох вэ?

• Еховаг хүндэтгэнэ гэж яахыг хэлэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[12-р хуудасны зураг]

Ехова Абелыг хэрхэн хүндэтгэсэн бэ?

[14-р хуудасны зураг]

Еховагийн өгдөг талх ч агуу үйлсийнх нь илрэл мөн

[15-р хуудасны зураг]

Уяман өвчин туссан хүнтэй Есүсийн хэрхэн харьцсанаас бусдад хүндэтгэл үзүүлэх талаар та ямар сургамж авсан бэ?

[16-р хуудасны зураг]

Шүтлэгийн асуудалд хүндэтгэлтэй хандах гэдэг нь Еховаг хүндэтгэнэ гэсэн үг