Skip to content

Гарчиг руу орох

Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэгтүн

Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэгтүн

Еховад хоёргүй сэтгэлээр үйлчлэгтүн

«Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» (ДУУ. 86:11).

1, 2. а) Дуулал 86:2, 11-д бичсэнээр, сорилт, хорхой хүргэм зүйлтэй тулгарсан үед Еховад үнэнч хэвээрээ байхад юу туслах вэ? б) Бурханд хоёргүй сэтгэлээр үйлчилдэг байя гэвэл үнэнч байдлыг хэзээнээс хөгжүүлэх хэрэгтэй вэ?

 ЗАРИМ христиан шорон гянданд хоригдож, эсэргүүцэл хавчлагатай тулгарахын зовлонг эс тоон, Бурханд олон жил үнэнчээр үйлчилж байсан хэр нь, хожим хойно эд хөрөнгөнд буугаад өгчихдөгийн учир юу вэ? Энэ нь бэлэгдлийн зүрх буюу дотор хүн нь чухам ямар байсантай холбоотой. 86-р дуулалд үнэнч байдлыг нэгдмэл буюу хуваагдаагүй, бүтэн зүрхтэй холбон бичсэн байдаг. Дуулалч Давид: «Би бурханлаг [«үнэнч», ШЕ] хүн учир сэтгэлийг минь хамгаалаач. Өө, миний Бурхан Та Өөрт тань итгэдэг Өөрийн зарцыг авраач. Өө, ЭЗЭН, Өөрийн замыг надад зааж өгөөч. Би Таны үнэнээр явах болно. Таны нэрээс эмээхээр зүрхийг нэгтгээч» хэмээн залбирчээ (Дуу. 86:2, 11).

2 Хэрэв бид Еховад бүх зүрхээрээ итгэхгүй бол сүнслэг бус асуудлыг анхаарч, тэдгээрт татагдсанаас болоод үнэнч байдал маань сулрах аюултай. Хувийн хүсэл сонирхлыг замд нуусан тэсрэх бодистой зүйрлэж болно. Хүнд хэцүү нөхцөлд Еховад үнэнч байж чаддаг атлаа, Сатаны хэрэглэдэг уран арга, урхи занганд орох аюул байдаг. Тэгэхлээр, Еховад хоёргүй сэтгэлээр үйлчилдэг байхын тулд сорилт, хорхой хүргэм зүйлтэй тулгарахаасаа өмнө үнэнч байдлыг хөгжүүлэх нь туйлын чухал! Библид: «Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм» гэж байдаг (Сур. 4:23). Еховагийн даалгавраар Израилийн хаан Иеробоам руу очсон Иудагийн зөнчид тохиолдсон явдлаас сургамж авцгаая.

«Би танд шагнал өгье»

3. Иеробоам Бурхны зөнчийн хүргэсэн шүүх мэдээг хэрхэн хүлээн авсан бэ?

3 Израилийн арван овогт хойт хаант улсыг тугал шүтүүлдэг болгосон Иеробоам хаанд Бурхны хүн зэвүүг нь хүргэсэн муу мэдээ дуулгасанд хаан хилэгнэн уурлаж, зөнчийг барихыг хүмүүстээ тушаажээ. Гэвч Ехова үйлчлэгчтэйгээ хамт байв. Заналтайяа чичсэн хааны гар тэр дороо хатангиршиж, хуурамч шүтлэгийн тахилын ширээ нь хоёр хуваагджээ. Иеробоам гэнэт номхорч, Бурхны хүнээс: «ЭЗЭН Бурхнаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн миний төлөө залбирч өгнө үү» гэж гуйхад зөнч залбирч, хааны гар ч эдгэжээ (Х.дээд 13:1–6).

4. а) Хааны санал зөнчийн үнэнч байдалд ямар учраас том сорилт болсон бэ? б) Зөнч хэрхэн хариулсан бэ?

4 Иеробоам жинхэнэ Бурхны үйлчлэгчид: «Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье» гэж хэлжээ (Х.дээд 13:7). Зөнч яасан бол? Хаанд шүүх мэдээ хүргэчихээд, дараа нь урилгыг нь хүлээн авбал зүйд нийцэх үү? (Дуу. 119:113). Эсвэл хаан үнэхээр гэмшсэн байлаа ч урилгыг нь авахгүй байх нь дээр үү? Иеробоам магтаал сайшаалыг нь хүлээсэн хүмүүсийг харамгүй шагнах хөрөнгөтэй байсан нь лавтай. Хэрэв Бурхны зөнч эд хөрөнгөтэй болохыг нууцхан хүсдэг байсан бол хааны санал том сорилт болох байсан биз ээ. Гэвч Ехова өөрт нь: «Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй» гэж тушаасан учраас тэрбээр хаанд: «Та өөрийнхөө гэрийн тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй» хэмээн тов тодорхой хариулаад, Бетелээс зам буруулан явжээ (Х.дээд 13:8–10). Бурханд чин сэтгэлээсээ үнэнч байх тухайд зөнчөөс юунд суралцаж болох вэ? (Ром 15:4).

«Сэтгэл хангалуун бай»

5. Эд хөрөнгөнд дурлах, Бурханд үнэнч байх хоёр ямар холбоотой вэ?

5 Эд хөрөнгөнд дурлах, Бурханд үнэнч байх хоёр холбоогүй юм шиг санагдаж болох юм. Гэхдээ тийм биш. Зайлшгүй шаардлагатай зүйлийг маань өгнө гэсэн Еховагийн амлалтад бид итгэдэг үү? (Мат. 6:33; Евр. 13:5). Амьдралд «хэрэгтэй» гэгддэг эд зүйлгүйгээр амьдарч чадах уу? (Филиппой 4:11–13-ыг уншина уу). Хүссэн юмаа олж авахын тулд сүнслэг зүйлийг золиосолчихмоор санагдах үе гардаг уу? Еховад үнэнчээр үйлчлэх нь бидний амьдралын эн тэргүүний зорилт мөн үү? Энэ бүх асуултад яаж хариулах нь Бурханд чин сэтгэлээсээ үйлчилдэг эсэхээс ихээхэн шалтгаална. Элч Паул: «Сүсэглэл [«Бурханд үнэнч байдал», ШЕ] ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцөд юуг ч авчраагүй. Мэдээж бид эндээс юуг ч бас авч гарч чадахгүй. Хэрэв бидэнд хоол хүнс, хувцас хунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно» гэж бичжээ (1 Тим. 6:6–8).

6. Бидэнд ямар «шагнал» амлаж болох вэ? Тэр «шагналыг» авах эсэхээ шийдэхийн тулд яах хэрэгтэй вэ?

6 Жишээ нь, дарга тань таныг албан тушаал дэвшүүлж, өндөр цалин өгч, зарим нэг хөнгөлөлт үзүүлэхээ амлажээ гэж бодъё. Эсвэл, өөр улс орон, газар нутагт очиж ажил хийвэл мөнгө төгрөг ахиухан олох боломж байгааг та олж харжээ. Энэ бүхэн Еховагийн ивээл юм шиг санагдаж болох юм. Гэхдээ шийдвэр гаргахаасаа өмнө чухам яагаад тэгж хүсээд байгаагаа сайтар бодож үзэх нь зүйтэй. Гол нь, «Миний гаргах шийдвэр Еховатай тогтоосон харьцаанд яаж нөлөөлөх вэ?» гэдгийг бодоорой.

7. Эд хөрөнгөтэй болох гэсэн хүслийг ул мөргүй арилгах нь яагаад чухал бэ?

7 Сатаны ертөнц эд хөрөнгийг хайрлах үзлийг хөөрөгддөг (1 Иохан 2:15, 16-г уншина уу). Диаволын зорилго бол бидний зүрх сэтгэлийг урвуулах явдал юм. Тиймээс бид эд хөрөнгөтэй болох гэсэн хүслийг зүрхнээсээ олж илрүүлэн, ул мөргүй арилгах шаардлагатай (Илч. 3:15–17). Сатан ертөнцийн бүх хаанчлалыг өгье гэхэд Есүс шууд татгалзсан (Мат. 4:8–10). Тэрбээр: «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» гэж анхааруулсан (Лук 12:15). Хэрэв бид үнэнч байвал өөртөө бус, Еховад найдна.

Хөгшин зөнч «худал ярив»

8. Бурхны зөнч үнэнч байдлын ямар сорилттой тулгарсан бэ?

8 Бурхны зөнч сааталгүй явсаар гэртээ харьсан бол бүх юм сайнаар төгсөх байлаа. Гэвч замд гармагцаа өөр нэг сорилттой тулгарчээ. «Бетелд нэгэн хөгшин эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд ирээд, тэр өдөр» болсон бүхнийг «эцэгтээ ярьж өгөв» гэж Библид бичсэн байдаг. Өвгөн хүүхдүүдийнхээ яриаг сонсоод илжгэндээ эмээл тохуулан унаж, Бурхны зөнчийн араас явжээ. Нэг ч их хол явсангүй, зөнчийг том модны сүүдэрт амарч байхад нь олоод, «Надтай хамт гэрт очиж, талх иднэ үү» гэлээ. Бурхны хүнийг татгалзахад мөнөөх өвгөн: «Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ „Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай“ гэсэн юм» хэмээн өчив. Гэвч «тэрбээр худал ярив» (Х.дээд 13:11–18).

9. Библи худалч хүмүүсийн талаар юу хэлдэг вэ? Тэд хэнд хор хохирол учруулдаг вэ?

9 Өвгөн зөнч цаанаа юу бодож санасныг бид мэдэхгүй. Юутай ч, худал хэлсэн. Цагтаа Еховагийн үнэнч зөнч байсан байж болох ч энэ удаа худал ярьжээ. Ийм явдлыг Библид эрс буруушаадаг (Сургаалт үгс 3:32-ыг уншина уу). Худалч хүмүүс өөрсдөө сүнслэг хохирол амсаад зогсохгүй, бусдыг ч бас хорлодог.

Бурхны хүн өвгөнтэй хамт явсан нь

10. Бурхны зөнч өвгөний урилгыг хэрхэн хүлээн авсан бэ? Үр дагавар нь ямар байсан бэ?

10 Уг нь, хөгшин зөнч өөрийг нь хуурч байгааг Иудагийн зөнч ойлгох ёстой байв. «Ехова надад шинэ заавар өгөхдөө ямар учраас өөр хүн рүү тэнгэр элчээ илгээсэн юм бол?» гэж бодож болох л байсан. Бас хэрхэх тухайгаа Еховагаас асууж болох байсан. Гэхдээ энэ талаар Библид юу ч дурдаагүй. «Бурхны хүн [хөгшин эш үзүүлэгчтэй] хамт явж, гэрт нь талх идэж, ус уусан». Энэ нь Еховад таалагдаагүй. Хууртсан зөнч Иуда руу явах замдаа арсланд бариулдаг. Зөнч ийнхүү хорвоог эмгэнэлтэйгээр орхижээ! (Х.дээд 13:19–25). *

11. Ахиа ямар сайн жишээ үзүүлсэн бэ?

11 Харин Иеробоам хааныг тослох даалгавар авч байсан зөнч Ахиа өндөр настай болсон хойноо ч үнэнч хэвээрээ байсан билээ. Ахиаг нас дээр гарч, юм харж чадахаа больсон үед нь Иеробоам өвчтэй хүүгийнхээ тухай асуулгахаар эхнэрээ явуулдаг. Тэгэхэд нь хүүг үхнэ гэдгийг Ахиа зоригтой хэлсэн (Х.дээд 14:1–18). Тэрбээр их ивээл хүртсэний нэг нь Бурхны Үгийг бичихэд хувь нэмрээ оруулсан явдал юм. Тахилч Езра түүний бичсэн материалд үндэслэн номоо бичжээ (Ш.дэд 9:29).

12–14. а) Иудагийн зөнчид тохиолдсон явдлаас ямар сургамж авч болох вэ? б) Ахлагчдын өгсөн, Библийн үндэстэй зөвлөгөөг залбирч байгаад, нухацтай бодох хэрэгтэйн учрыг жишээгээр тайлбарлана уу.

12 Иудагийн зөнч мөнөөх өвгөнтэй хамт буцаж, идэж уух эсэхээ эхлээд Еховагаас асуугаагүйн учрыг Библид бичээгүй. Өвгөн, тэр зөнчийн сонсохыг хүссэн зүйлийг нь хэлсэн байж болох юм. Эндээс бид ямар сургамж авч болох вэ? Еховагийн шаардлага хэзээд зөв байдаг гэдэгт бүрэн дүүрэн итгэж, юу ч болж байсан, шаардлагыг нь биелүүлэх шийдвэр төгс байх хэрэгтэй.

13 Зарим хүн зөвлөгөө авахыг хүсдэг мөртлөө зөвхөн сонсохыг хүссэн юмаа л анхаарч сонсдог. Жишээ нь, нэг дэлгэрүүлэгч ажил олжээ гэж бодъё. Гэхдээ тэр ажилд орвол гэрийнхэндээ болон христиан үйл хэрэгт зориулах цаг нь хомсдох байлаа. Дэлгэрүүлэгч ахлагчаас зөвлөгөө авахыг хүсжээ. Ахлагч үгийг нь сонсоод, гэр бүлээ яаж тэжээхийг нь заах эрхгүй гэдгээ эхлээд хэлнэ. Дараа нь, уг ажилд орвол ямар ямар сүнслэг аюул учирч болохыг сануулах нь лав. Дэлгэрүүлэгч ахлагчийн хэлсэн үгийн аль хэсгийг анхаарах бол? Тэр дэлгэрүүлэгчийн хувьд сүнслэг байдалдаа тустай шийдвэр гаргавал сайн гэдэг нь ойлгомжтой.

14 Өөр нэг жишээ авъя. Гэрч эмэгтэй итгэгч биш нөхрөөсөө салах эсэхээ ахлагчаас асуужээ. Энэ асуудлыг өөрөө шийдэх учиртайг нь ахлагч тайлбарлаад, Библид үндэслэсэн зөвлөгөө өгчээ (1 Кор. 7:10–16). Гэрч эмэгтэй ахлагчийн хэлсэн үгийг нухацтай бодох болов уу? Эсвэл, нөхрөөсөө салахаар хэдийнээ шийдчихсэн учраас ахлагчийн үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөх болов уу? Шийдвэр гаргахаасаа өмнө, ахлагчийн өгсөн, Библийн үндэстэй зөвлөгөөг залбирч байгаад эргэцүүлэн бодох нь ухаалаг хэрэг болно.

Даруу бай

15. Бурхны зөнчийн алдаанаас ямар сургамж авч болох вэ?

15 Иудагийн зөнчийн алдаанаас өөр ямар сургамж авч болох вэ? Сургаалт үгс 3:5-д: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ» гэж байдаг. Зөнч урьдынх шигээ Еховад найдахын оронд энэ удаад өөртөө найдсаны харгайгаар Бурхны өмнө нэрээ хугалж, амиа алджээ. Еховад даруухнаар, чин үнэнчээр үйлчлэхийн чухлыг зөнчид тохиолдсон явдал харуулж байна!

16, 17. Еховад үнэнч хэвээрээ байхад юу туслах вэ?

16 Хүн зүрхэн дэх аминч үзэлдээ хөтлөгдвөл замаасаа хазайх аюултай. «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм» (Иер. 17:9). Еховад үнэнч хэвээрээ байя гэвэл бардам ихэрхүү, өөртөө хэт найддаг зантай хуучин хүнээ тайлж хаяхыг үргэлж хичээхийн зэрэгцээ «зөвт байдал болон үнэний ариун [«үнэнч», ШЕ] байдал дотор Бурхны дагуу бүтээгдсэн» шинэ хүнийг өмсөх шаардлагатай (Ефес 4:22–24-ийг уншина уу).

17 «Даруу зан болбоос мэргэн ухаан» гэж Сургаалт үгс 11:2-т бичсэн байдаг. Даруу байж, Еховад найдвал ноцтой алдаа гаргахгүй. Жишээ нь, хүн сэтгэлээр унасан үедээ эрүүлээр сэтгэж чадахаа больдог (Сур. 24:10). Заримдаа христиан үйл хэрэгт оролцохоос халширч, олон жил чадлаараа л үйлчиллээ, одоо энэ ачааг бусад нь үүрэг гэж бодож болох юм. Эсвэл, «жирийн» амьдрах хүсэл төрж мэднэ. Гэхдээ «хичээж», «Эзний үйл хэрэгт үргэлж баялхвал» зүрхээ хамгаалж чадна (Лук 13:24; 1 Кор. 15:58).

18. Ямар шийдвэр гаргахаа мэдэхгүй бол яах хэрэгтэй вэ?

18 Заримдаа чухам яаж шийдвэл зөв болохыг шууд мэдэх аргагүй, шийдэхэд төвөгтэй асуудал гарч ирдэг. Тийм үед өөрийнхөөрөө шийдчихмээр санагдаж магадгүй. Гэвч Еховагаас тусламж гуйх нь туйлын ухаалаг хэрэг болно. Иаков 1:5-д: «Хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр... өгөгч Бурхнаас гуйг» гэж бичсэн байдаг. Тэнгэрийн Эцэг маань бидэнд ариун сүнсээ өгч, зөв шийдвэр гаргахад тусална (Лук 11:9, 13-ыг уншина уу).

Үргэлж үнэнч байх шийдвэр төгс байгтун

19, 20. Бид юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?

19 Соломоныг жинхэнэ шүтлэгийг орхисны дараа Бурхны үйлчлэгчдийн үнэнч байдлыг айхтар сорьсон цөвүүн цаг иржээ. Тэр үед нөхцөл байдалтайгаа эвлэрсэн хүн олон байсан ч, Еховад үнэнч үлдсэн хүмүүс ч бас байсан.

20 Бид өдөр бүр янз бүрийн сонголт хийж, шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Энэ нь бидний үнэнч байдлыг сорьдог. Бурхны эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар бид ч бас үнэнч байж чадна. Үнэнч байвал Еховагийн ивээлийг алдахгүй гэдэгт бүрэн дүүрэн итгэж, «зүрхээ нэгтгэн», Еховадаа үргэлж үнэнч үйлчилцгээе (2 Сам. 22:26).

[Зүүлт]

^ Ехова хөгшин зөнчийг үхүүлсэн эсэх талаар Библид байдаггүй.

Хариулна уу

• Эд хөрөнгөтэй болох гэсэн хүслийг зүрхнээсээ ул мөргүй арилгахыг хичээх хэрэгтэйн учир юу вэ?

• Еховад үргэлж үнэнч байхад юу туслах вэ?

• Бурханд үнэнч байхад даруу зан ямар үүрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Хорхой хүргэм зүйлийг тэвчихэд хэцүү юү?

[10-р хуудасны зураг]

Библийн үндэстэй зөвлөгөөг залбирч байгаад нухацтай бодвол ямар вэ?