Skip to content

Гарчиг руу орох

«Ертөнцийн Сүнсийг» Эсэргүүцэгтүн

«Ертөнцийн Сүнсийг» Эсэргүүцэгтүн

«Ертөнцийн Сүнсийг» Эсэргүүцэгтүн

«Бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурхнаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм» (1 КОР. 2:12).

1, 2. а) Дээр үед Английн уурхайд канар бялзуухай тэжээдэг байсны учир юу вэ? б) Христиануудад ямар аюул нүүрлэдэг вэ?

 АНГЛИЙН эрх баригчид 1911 онд нүүрсний уурхайчдыг хамгаалах нэгэн хууль баталжээ. Хуульд зааснаар, уурхай бүр хоёр канар бялзуухай тэжээх ёстой байлаа. Энэ нь ямар учиртай байсан бэ? Уурхайд гал гарвал аврагчид бялзуухайг авч уурхайн гүн рүү орох ёстой байв. Канар бялзуухай нь угаарын хий гэх мэтийн хорт хийнд маш мэдрэг шувуу бөгөөд агаар хорт хийгээр бохирдсоныг мэдмэгцээ түгшиж сандран, тэр байтугай, хөндлөвч модноосоо унадаг аж. Анхны энэ дохио маш чухал үүрэгтэй. Угаар нь өнгө, үнэргүй бөгөөд цусны улаан эсийн хүчилтөрөгч зөөх үйл ажиллагааг саатуулдаг маш хортой хий юм. Аврагчид аюулын дохиог анзаарахгүй бол хордож байгаагаа мэдрэхгүй байсаар ухаан алдаж, улмаар үхдэг байна.

2 Христиануудад сүнслэг утгаар уурхайчдынхтай адилхан аюул нүүрлэж байдаг. Есүс дэлхий даяар сайн мэдээ тунхаглах ажлыг шавь нартаа даалгахдаа тэднийг Сатаны эрхшээлд байдаг, ертөнцийн сүнсний нөлөөнд автсан аюултай орчинд явуулж байгаагаа мэдэж байсан (Мат. 10:16; 1 Иох. 5:19). Тэрбээр шавь нарынхаа төлөө маш их санаа зовж байсан учраас үхэхийнхээ өмнөх шөнө Эцэгтээ хандан: «Би Танаас тэднийг ертөнцөөс аваач гэж гуйхгүй, харин тэднийг муугаас хамгаалаач гэж гуйж байна» хэмээн залбирчээ (Иох. 17:15).

3, 4. Есүс шавь нартаа юу гэж анхааруулсан бэ? Энэ анхааруулга бидэнд яагаад хамаатай вэ?

3 Сүнслэгээр нойрмоглох нь үхэлд хүргэх аюултайг Есүс дагалдагчдадаа анхааруулсан. Түүний хэлсэн үг эд юмсын тогтолцооны төгсгөлийн үед амьдарч буй бидэнд онцгой хамаатай. Тэрбээр шавь нартаа: «Хүний Хүүгийн өмнө зогсох, мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд... ямагт сэргэг байгтун» хэмээн анхааруулжээ (Лук 21:34–36). Үүний зэрэгцээ, Эцэг нь ариун сүнс өгнө гэдгийг Есүс батлан хэлсэн. Ариун сүнсний ачаар тэд сурч мэдсэнээ эргэн санаж, ямар цаг үед амьдарч байгаагаа мэдэрч, зоригтой байж чадах байлаа (Иох. 14:26).

4 Тэгвэл бидний тухайд юу хэлж болох вэ? Бурхан тэр сүнсээ бидэнд өгдөг үү? Хэрэв өгдөг бол түүнийг авахын тулд бид яах ёстой вэ? Ертөнцийн сүнс гэж юу вэ, яаж нөлөөлдөг вэ? Ертөнцийн сүнсийг хэрхэн амжилттай эсэргүүцэх вэ? (1 Коринт 2:12-ыг уншина уу).

Ариун сүнсийг, эсвэл ертөнцийн сүнсийг...

5, 6. Ариун сүнс бидэнд яаж тусалдаг вэ? Ариун сүнс авахын тулд яах ёстой вэ?

5 Бурхан ариун сүнсээ Ι зуунд өгдөг байсан шигээ өнөөдөр ч бас өгдөг. Ариун сүнсний тусламжтайгаар бид зөв юм хийж, Бурхандаа идэвх зүтгэлтэй үйлчилдэг (Ром 12:11; Флп. 4:13). Бас «сүнсний үр жимсний» хэсэг болох хайр, энэрэл, сайхан сэтгэл гэх зэргийн гайхалтай чанаруудыг хөгжүүлдэг (Гал. 5:22, 23). Гэхдээ ариун сүнс авахыг хүсдэггүй хүнд Ехова хүчээр өгдөггүй.

6 Тэгвэл, ариун сүнс авъя гэвэл яах хэрэгтэй вэ? Хамгийн энгийн хэр нь нэг чухал алхам бол Бурхнаас ариун сүнс гуйх явдал юм (Лук 11:13-ыг уншина уу). Бас ариун сүнсээр бичигдсэн Үгийг нь судалж, зөвлөгөөг нь хэрэгжүүлэх нь их тустай (2 Тим. 3:16). Библийг зүгээр л уншаад Бурхны сүнсийг авахгүй нь ойлгомжтой. Харин чин сэтгэлээсээ судалдаг бол Бурхны сэтгэл мэдрэмж, үзэл бодлыг өөртөө шингээнэ. Түүнээс гадна, Ехова Есүсийг төлөөлөгчөөрөө томилсон бөгөөд түүгээр дамжуулан ариун сүнс өгдөг гэдгийг зөвшөөрөх нь чухал (Кол. 2:6). Тийн зөвшөөрдөг бол Есүсийн жишээг дуурайж, сургаалынх нь дагуу амьдарна (1 Петр 2:21). Христийг хэдийчинээ сайн дуурайна, ариун сүнсийг төдийчинээ их авна.

7. Ертөнцийн сүнс хүмүүст яаж нөлөөлдөг вэ?

7 Харин хүн ертөнцийн сүнсний нөлөөнд автвал Сатаныхтай адилхан зан чанар илэрхийлдэг болно (Ефес 2:1–3-ыг уншина уу). Ертөнцийн сүнс хүмүүст янз янзаар нөлөөлдөг. Энэ сүнс хүмүүсийг өдөн турхирч, Бурхны хэм хэмжээг зөрчихийг хөхүүлэн дэмждэг нь дэлхийд болж буй үйл явдлаас харагддаг. Түүнчлэн, «махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардам бахдалыг» хөөрөгддөг (1 Иох. 2:16). Завхайрал, шүтээн шүтэх, ид шид, хардалт, уур хилэн, архидалт гэх мэтийн махан биеийн үйлсийг өөгшүүлдэг (Гал. 5:19–21). Ариун юмыг бузарладаг тэрс үг яриаг дэвэргэдэг (2 Тим. 2:14–18). Ертөнцийн сүнсний нөлөөнд хэдийчинээ их автана, Сатантай төдийчинээ адилхан болох нь эргэлзээгүй.

8. Хүн бүр ямар сонголт хийх хэрэгтэй вэ?

8 Бид аль нэг сүнсний нөлөөнөөс ангид амьдрах боломжгүй. Хүн бүр ариун сүнс, ертөнцийн сүнс хоёрын аль нэгийг сонгох ёстой. Эдүгээ ертөнцийн сүнсний удирдлагад байгаа хүн түүний нөлөөнөөс ангижирч, ариун сүнсээр удирдуулах боломжтой. Бас эсрэгээр, ариун сүнсээр удирдуулж байсан хүн ертөнцийн сүнсэнд урхидуулж болдог (Флп. 3:18, 19). Одоо, ертөнцийн сүнсийг хэрхэн эсэргүүцэх талаар ярилцъя.

Аюулын анхны шинж тэмдгийг таних нь

9–11. Ертөнцийн сүнсний нөлөөнд автаж байгаагийн ямар ямар шинж тэмдэг байж болох вэ?

9 Английн уурхайчид хорт хий байгаагийн анхны шинж тэмдгийг канар бялзуухайгаар мэддэг байсныг өгүүллийн эхэнд дурдсан. Хэрэв бялзуухай хөндлөвч модноосоо унавал уурхайчин амиа аврахын тулд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай байв. Тэгвэл, ертөнцийн сүнсний нөлөөнд автаж байгаагийн анхны шинж тэмдэг юу вэ?

10 Та анх Бурхны Үгнээс үнэнийг сурч мэдээд, дараа нь Еховад өөрийгөө зориулан, Библийг шамдан уншдаг болсон байх. Бас тогтмол, шаргуу залбирдаг болсон биз ээ. Хүйтэн булаг амны цангаа гаргадаг шиг, цуглаан болгоныг сүнслэг тайвшралын эх булаг гэж үзэн, цуглаандаа идэвхтэй очдог болсон нь лавтай. Энэ бүхний ачаар ертөнцийн сүнсний нөлөөнөөс ангижирч, тэр нөлөөнд автахгүй явж чаддаг болсон.

11 Тэгвэл одоо ч гэсэн Библиэ өдөр бүр уншихыг хичээдэг үү? (Дуу. 1:2). Чин сэтгэлээсээ, шаргуу залбирдаг уу? Бүх цуглаандаа дуртайяа, тогтмол очдог уу? (Дуу. 84:10). Эсвэл энэ сайхан зуршлаасаа заримыг нь гээчихсэн үү? Цаг, хүч шаардсан олон үүрэг хариуцлагаас болоод сүнслэг дэглэмээ сахих амаргүй байж болох л доо. Гэхдээ сайн зуршлаа гээнэ гэдэг нь ертөнцийн сүнсний нөлөөнд автсаны шинж биш гэж үү? Урьдын сайхан зуршлаа сэргээхийн тулд одооноос хүчин чармайлт гаргацгаая.

Бүү «дарамтлагд»

12. Есүс шавь нартаа юу гэж анхааруулсан бэ? Яагаад?

12 Ертөнцийн сүнсийг эсэргүүцэхийн тулд өөр яах хэрэгтэй вэ? Есүс шавь нартаа «сэргэг байхыг» захихынхаа өмнөхөн зарим аюулаас сэрэмжлүүлсэн. Тэрбээр: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ» хэмээн хэлжээ (Лук 21:34, 35).

13, 14. Идэж уух талаар өөрөөсөө ямар асуулт асуух хэрэгтэй вэ?

13 Энэ анхааруулгын талаар бодоцгооё. Есүс идэж, уухыг буруушаасан уу? Үгүй! Тэрбээр Соломоны: «Хүмүүсийн хувьд амьдрах хугацаандаа сайныг үйлдэх хийгээд баярлаж бахдахаас илүү дээр юм байдаггүй болохыг би мэдсэн. Хэрэв хүн идэж уух хийгээд эрхэлж буй бүхий л ажилдаа сэтгэл хангалуун байх аваас энэ нь Бурхны бэлэг буюу» хэмээсэн үгийг мэддэг байсан (Ном. 3:12, 13). Гэхдээ ертөнцийн сүнс энэ асуудлаар өөрийгөө хянах чадварыг алдагдуулдаг гэдгийг ч бас мэддэг байжээ.

14 Идэж, уух асуудлаар ертөнцийн сүнсний хорт нөлөөнд автаагүй гэдгээ яаж мэдэж болох вэ? «Ховдоглон идэх талаар Библи болон нийгэмлэгийн ном хэвлэлд бичсэн анхааруулгыг би хэрхэн хүлээж авдаг вэ? Хэтэрхий хатуу, тохиромжгүй зөвлөгөө байна гэж бодоод, өөрийгөө зөвтгөн өмөөрдөг үү? * „Архидаж“ болохгүй, уувал тохируулах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг би юу гэж үздэг вэ? Надад хамаагүй гэж үзэн, үл тоомсорлодог уу? Хүмүүс миний уудагт санаа зовж байгаагаа хэлбэл би өөрийгөө өмөөрөх юм уу уурладаг уу? Библид үндэслэсэн тийм зөвлөгөөг тоох хэрэггүй гэж бусдад уриалдаг уу?» гэж өөрөөсөө асуугаарай. Эдгээр асуултад хэрхэн хариулж байгаагаас ертөнцийн сүнсний нөлөөнд автсан эсэх маань харагдана (Ром 13:11–14-тэй харьцуулна уу).

Сүнслэгээр өсөхөд тань «зовнил» бүү саад болог

15. Есүс хүний ямар хандлагын талаар сэрэмжлүүлсэн бэ?

15 Ертөнцийн сүнсийг эсэргүүцэх бас нэг чухал алхам нь аливаа асуудалд дүн нуруутай ханддаг байх явдал юм. Хүн төгс бус учраас өдөр тутмын асуудалд санаа зовох хандлагатай гэдгийг Есүс мэддэг байсан. Тэрбээр шавь нартаа хайрын үүднээс: «Бүү санаа зов» гэж хэлжээ (Мат. 6:25). Бид Бурханд таалагдахсан, христиан үүргээ нэр төртэй биелүүлэхсэн, гэр бүлийнхнийхээ хэрэгцээг хангахсан гэх зэргээр олон чухал зүйлд санаа тавьдаг нь мэдээж (1 Кор. 7:32–34). Тэгвэл Есүсийн анхааруулж хэлсэн үгнээс ямар сургамж авч болох вэ?

16. Ертөнцийн сүнс хүмүүст яаж нөлөөлдөг вэ?

16 Эд хөрөнгөөрөө сайрхан гайхуулах үзлийг хөөрөгддөг ертөнцийн сүнсний нөлөөнд автсан хүмүүс хэтэрхий их зүйлд санаа зовж, өөртөө зовлон хураадаг. Мөнгөтэй л бол аюулгүй амьдарна гэх буюу хүнийг христиан зан чанараар нь бус, эд хөрөнгөнийх нь хэмжээ, чанараар үнэлдэг гэж итгүүлэхийг ертөнц хүсдэг. Үүнд итгэсэн хүмүүс баян болохын төлөө үхэн хатан зүтгэж, хамгийн шинэ, хамгийн том, хамгийн сайн эд зүйл олж авах гэж тэмүүлэн, өөрийгөө зовоодог (Сур. 18:11). Эд хөрөнгөний талаарх ийм гаж үзэл христиан хүнд сэтгэлийн зовлон авчирдаг бөгөөд энэ нь сүнслэгээр өсөхөд саад болдог (Матай 13:18, 22-ыг уншина уу).

17. Яавал сүнслэгээр өсөхөд зовнил саад болохгүй вэ?

17 «Хаанчлал болон [Бурхны] зөвт байдлыг хайгтун» хэмээсэн Есүсийн тушаалыг дагавал сүнслэгээр өсөхөд зовнил саад болохгүй. Харин ч, Есүсийн хэлснээр, зайлшгүй хэрэгтэй зүйлээ нэмж авна (Мат. 6:33). Үүнд итгэдгээ хэрхэн харуулах вэ? Нэг арга нь эхлээд Бурхны зөвт байдлыг хайх буюу мөнгө төгрөгний талаарх Бурхны зөв хэм хэмжээг сахих явдал юм. Тухайлбал, татвараас зайлсхийх юм уу ажил хэргийн асуудалд өчүүхэн төдий ч хууран мэхлэх арга хэрэглэх ёсгүй. Өр барагдуулах амлалтаа биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, «За» гэсэн бол «За» байх ёстой (Мат. 5:37; Дуу. 37:21). Үнэнч шударга байлаа гээд баян болохгүй байж болно. Гэхдээ Бурхны сайшаалыг хүртэн, мөс чанар цэвэр, санаа зовох юм бага байна.

18. Есүс ямар сайхан жишээ үлдээсэн бэ? Есүсийг дуурайвал ямар ивээл хүртэх вэ?

18 Эхлээд Хаанчлалыг хайна гэдэг нь амьдралд юу хамгийн чухал болохыг ойлгоно гэсэн үг. Есүсийн жишээг авч үзье. Тэрбээр заримдаа сайн чанарын хувцас өмсдөг байжээ (Иох. 19:23). Бас сайн нөхдийнхөө хамт суугаад, сайхан хоол идэж, амтат дарс хүртдэг байсан (Мат. 11:18, 19). Гэхдээ эд хөрөнгө, зугаа цэнгэл амьдралынх нь гол зүйл биш, харин хоолны амтлагч төдий зүйл байлаа. Еховагийн хүсэл тааллыг биелүүлэх нь Есүсийн гол хоол байв (Иох. 4:34–36). Есүсийн жишээг дуурайдаг хүн их ивээл хүртдэг. Зовж шаналсан хүмүүсийг Библийн мэдээгээр тайвшруулахын баяр баясгаланг юутай ч зүйрлэшгүй. Итгэл нэгтнүүдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээж, тус дэмийг нь хүртэнэ гэдэг хэчнээн сайхан! Бас Еховаг баярлуулахын жаргал эдэлдэг. Хэрэв бид амьдралд юу хамгийн чухал болохыг ойлговол эд хөрөнгө, зугаа цэнгэл бидний эзэн биш, харин боол болно. Өөрөөр хэлбэл, тэдгээр зүйлийг Еховад үйлчлэхэд туслах багаж хэрэгсэл гэж үзнэ. Бас Бурхны Хаанчлалыг дэмждэг үйл хэрэгт хэдийчинээ их оролцоно, ертөнцийн сүнсний нөлөөнд тэр хэмжээгээр автахгүй байж чадна.

Үргэлж «сүнсний бодол санаатай» байгтун

19–21. Үргэлж «сүнсний бодол санаатай» байхын тулд яах хэрэгтэй вэ? Яагаад?

19 Хүн эхлээд боддог, дараа нь хийдэг. Хүмүүсийн «бодлогогүй» гэж ярьдаг үйлдэл гол төлөв махан биеийн хүслээс үүддэг. Тиймээс, элч Паул үзэл бодлоо хамгаалахыг сануулж: «Махан биеийн дагуу байгчид нь махан биеийн юмсыг боддог. Харин Сүнсний дагуу байгчид нь Сүнсний юмсыг боддог» хэмээн бичжээ (Ром 8:5).

20 Үзэл бодол, үйл хэргээ ертөнцийн сүнсний нөлөөнд автуулахгүйн тулд яах хэрэгтэй вэ? Ертөнцийн үзэл суртлаас бодол санаагаа хамгаалахыг чадах чинээгээрээ хичээх хэрэгтэй. Жишээ нь, үзэх харах юмаа сонгохдоо садар самуун, хүчирхийллийг дэмждэг хөтөлбөрөөр ухаан санаагаа хордуулахаас болгоомжлох ёстой. Бузартаж бохирдсон оюун ухаанд Бурхны цэвэр, ариун сүнс орохгүй нь ойлгомжтой (Дуу. 11:5; 2 Кор. 6:15–18). Түүнчлэн, бодол санаагаа Бурхны сүнсээр удирдуулахын тулд өдөр бүр Библи уншиж, тасралтгүй залбиран, байнга эргэцүүлэн бодож, цуглаанд тогтмол очих ёстой. Бас дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцвол Бурхны ариун сүнстэй хамтран ажиллаж чадна.

21 Бид ертөнцийн сүнс болон энэ сүнсний хөөрөгддөг махан биеийн хүсэл тачаалтай тэмцэх ёстой нь тодорхой байна. Гэхдээ ийнхүү тэмцэх нь бидэнд тустай. Учир нь Паул: «Махан биеийн бодол санаа бол үхэл, Сүнсний бодол санаа бол амь ба амар тайван болой» гэж хэлсэн билээ (Ром 8:6).

[Зүүлт]

^ Ховдоглон идэх нь сэтгэлгээний хандлагатай холбоотой бөгөөд шунахай, хэр хэмжээгээ мэддэггүйн шинж юм. Тэгэхлээр, хүний ховдог эсэхийг тарган туранхайгаар нь бус, харин идэх юманд яаж ханддагаар нь тодорхойлдог. Тухайн хүн хэвийн жинтэй, эсвэл бүр жин багатай мөртлөө ховдоглон иддэг байж болох юм. Нөгөө талаар, илүүдэл жин нь зарим тохиолдолд өвчний үр дагавар юм уу удамшлын гаралтай байж болдог. Тиймд, хүний тарган, туранхай нь бус, харин хэт шунаглан иддэг нь гол асуудал юм («Харуулын цамхаг» сэтгүүлийн 2004 оны 11-р сарын 1-ний дугаарын «Уншигчдын асуулт»-ыг үзнэ үү [англи]).

Санаж байна уу?

• Ариун сүнс авахын тулд яах ёстой вэ?

• Ертөнцийн сүнс бидэнд яаж нөлөөлдөг вэ?

• Ертөнцийн сүнсийг хэрхэн эсэргүүцэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Ажил, сургуульдаа явахын өмнө ариун сүнс гуйж залбираарай

[23-р хуудасны зураг]

Бид бодол санаагаа цэвэр байлгаж, ажил хэргийн асуудалд үнэнч шударга байж, сайн зуршилтай байх ёстой