Skip to content

Гарчиг руу орох

Ехова бидний «Аврагч»

Ехова бидний «Аврагч»

Ехова бидний «Аврагч»

«ЭЗЭН тэдэнд тусалж, тэднийг [...] авардаг» (ДУУ. 37:40).

1, 2. Еховаг ямар гэдгийг мэддэг хүн тайван, сэтгэлийн тэнхээтэй байдаг вэ?

 ДЭЛХИЙ нарыг тойрон тэнхлэгээ эргэх аясаар аливаа бүхний сүүдэр хувьсан өөрчлөгддөг. Харин дэлхий болон нарыг бүтээсэн Нэгэн өөрчлөгддөггүй (Мал. 3:6). «Түүнд өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй» гэж Библид бичжээ (Иак. 1:17). Бид Еховагийн талаарх энэ чухал үнэнийг мэддэг учир хүнд сорилтод орох юм уу бэрхшээлтэй тулгарсан ч тайван, сэтгэлийн тэнхээтэй байдаг.

2 Ехова эртний үйлчлэгчдийнхээ «Аврагч» байсныг өмнөх өгүүллээр ярилцсан (Дуу. 70:5). Тэрбээр хэлсэндээ хүрдэг, өөрчлөгддөггүй Бурхан учир өнөөдөр ч үйлчлэгчдэдээ «тусалж, [...] авардаг» гэдэгт бид бүрэн дүүрэн итгэлтэй байж болно (Дуу. 37:40). Ехова өнөөдөр үйлчлэгчдээ яаж авардаг вэ? Хүн нэг бүрийг хэрхэн аварч болох вэ?

Дайснаас авардаг

3. Дайснууд Еховагийн ард түмний дэлгэрүүлэх ажлыг зогсоож чадахгүй гэдэгт эргэлзэхгүй байж болохын учир юу вэ?

3 Сатан Еховагийн Гэрчүүдэд яаж ч дайсагнаад Бурхандаа чин үнэнч байхыг нь болиулж чадахгүй. Бурхны Үг: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана» гэж батлан хэлдэг (Ис. 54:17). Дайснууд Бурхны ард түмний дэлгэрүүлэх ажлыг таслан зогсоох гэж оролдсон ч чадаагүй. Хоёр баримт үзье.

4, 5. 1918 онд Еховагийн ард түмэн ямар эсэргүүцэлтэй тулгарсан бэ? Хожим нь, ямар үр дүнд хүрсэн бэ?

4 1918 онд лам хуврагууд Еховагийн ард түмний дэлгэрүүлэх ажлыг таслан зогсоох зорилгоор харгис хавчлага дэгдээжээ. 5-р сарын 7-нд АНУ-ын засгийн газар тухайн үед дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг хариуцаж байсан Ж. Ф. Рутерфорд болон байгууллагын төвд ажиллаж байсан хэдэн хүнийг баривчлах тушаал гаргасан байна. Тэдний хэргийг хоёр хүрэхгүй сарын дотор шударга бусаар шүүн хэлэлцээд, хуйвалдаан зохион байгуулсан хэмээн хилсээр буруутган, шоронд олон жилээр хорих ял оноов. Хууль хяналтын байгууллагыг гар хөлөө болгосон дайснууд дэлгэрүүлэх ажлыг бүрмөсөн зогсоож чадсан уу? Чадаагүй ээ.

5 «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» гэж Ехова эртнээс амласан байсан. Үйл явдал санаанд оромгүйгээр эргэж, Ж. Ф. Рутерфорд болон түүний нөхөд 1919 оны 3-р сарын 26-нд буюу хоригдсоноосоо хойш 9 сарын дараа барьцаагаар суллагдсан юм. Дараа жил нь буюу 1920 оны 5-р сарын 5-нд тэдний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэд эрх чөлөөгөө Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэхэд зориулсан. Тэдний өрнүүлсэн ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа бөгөөд гайхалтай үр дүнд хүрч байна! Энэ бүхэн бол «Аврагчийн» гавьяа юм (1 Кор. 3:7).

6, 7. а) Германд нацист дэглэмийн үед Еховагийн Гэрчүүдийг хэрхэн хавчсан бэ? Хожим нь Гэрчүүд ямар үр дүнд хүрсэн бэ? б) Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх юуг баталдаг вэ?

6 Хоёр дахь баримтыг үзье. 1934 онд Гитлер Герман дахь Еховагийн Гэрчүүдийг бүрмөсөн устгахаа мэдэгджээ. Энэ нь хоосон сүрдүүлэг биш байлаа. Гитлерийг тийн мэдэгдсэнээс хойш Гэрчүүдийг олноор нь баривчлан, шоронд хорих болжээ. 10 000 гаруй Гэрч харгис хавчлагад өртөж, 250 гаруй Гэрч бөөнөөр хорих лагерьт амиа алдсан юм. Тэгээд Гитлер Гэрчүүдийг үндсээр нь устгаж чадсан уу? Сайн мэдээ дэлгэрүүлэх ажлыг Германд бүрмөсөн зогсоож дөнгөсөн үү? Үгүй ээ! Хавчлагын үеэр христианууд сайн мэдээг нууцаар дэлгэрүүлдэг байсан. Харин нацист дэглэмийг нуран унаснаас хойш дэлгэрүүлэх ажлыг эрх чөлөөтэй хийх болсон. Өнөөдөр Германд 165 000 гаруй Гэрч идэвхтэй дэлгэрүүлж байна. Тийм ээ, «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй» хэмээсэн «Аврагчийн» маань амлалт үнэхээр биелдэг нь дахин батлагдлаа.

7 Ехова ард түмнээ бүгдийг нь ор мөргүй устгуулахгүй гэдгийг Еховагийн Гэрчүүдийн орчин үеийн түүх батлан харуулдаг (Дуу. 116:15). Тэгвэл хувь хүнийг хамгаалдаг уу? Хүн нэг бүрийг яаж авардаг вэ?

Ехова шууд утгаар хамгаалдаг уу?

8, 9. а) Ехова хүн нэг бүрийг шууд утгаар хамгаална гэж амлаагүйг бид хаанаас мэддэг вэ? б) Бид юу ойлгох хэрэгтэй вэ?

8 Ехова хүн нэг бүрийг шууд утгаар хамгаална гэж амлаагүйг бид ойлгодог. Бид Небухаднезар хааны бариулсан алтан хөрөгт мөргөөгүй зоригт гурван еврей залууг дуурайдаг. Бурхнаас эмээдэг тэд Еховаг гайхамшиг үйлдэн өөрсдийг нь заавал хамгаалах ёстой гэж бодоогүй (Даниел 3:17, 18-ыг уншина уу). Гэхдээ эцэстээ яасныг нь үзвэл Бурхан тэднийг галтай зуухнаас аварсан нь харагддаг (Дан. 3:21–27). Гэвч эрт цагт ч гэсэн Бурхан үйлчлэгчдээ гайхамшгаар аврах нь ховор байжээ. Еховагийн олон үйлчлэгч дайсны гарт амиа алдсан (Евр. 11:35–37).

9 Тэгвэл өнөөдрийн тухайд юу хэлж болох вэ? «Аврагч» Ехова үйлчлэгч нэг бүрээ аюулаас аварч чадах нь ойлгомжтой. Гэвч яг ямар тохиолдолд авардгийг тодорхойлон хэлэх аргагүй. Аюултай байдлаас гарсан христиан хүн Ехова өөрийг нь аварсан гэж бодож болох юм. Тэгвэл бусад нь үүнийг үгүйсгэх учиргүй. Нөгөөтэйгүүр, христиан хүн нацист дэглэмийн үед амиа алдаж байсан шиг өнөөдөр ч хавчлагаас болж эсвэл золгүй явдлаар амиа алдаж болохыг ойлгох хэрэгтэй (Ном. 9:11). «Тэгвэл Ехова үнэнч үйлчлэгчдээ зуурдаар амиа алдахаас нь аварч чадаагүй гэсэн үг үү?» гэдэг асуулт гарч болох юм. Тийм биш ээ.

10, 11. Хүн үхлийн өмнө хүчин мөхөсддөг нь ямар учиртай вэ? Гэхдээ Ехова яах вэ?

10 Дээрх асуултын хариуг ойлгохын тулд дараах зүйлийг бодож үзье. Хүн үхлийн өмнө хүчин мөхөсддөг. Учир нь ямар ч хүн өөрийгөө «Үхэгсдийн орон» буюу хүн төрөлхтний нийтийн булшнаас аварч чаддаггүй (Дуу. 89:48). Тэгвэл Ехова аварч чадах уу? Нацист дэглэмийн хавчлагыг давж гарсан нэг Гэрч эмэгтэй ээжийнхээ хэлсэн үгийг одоо ч санаж явдаг ажээ. Түүнийг бөөнөөр хорих лагерьт үрэгдсэн дотнынхоо хүмүүсийн хойноос харамсан гашуудахад ээж нь: «Хэрэв үхэл хүн төрөлхтнийг эрхшээлдээ үүрд мөнх байлгавал Бурхнаас хүчтэй болж таарна. Гэхдээ тийм биш шүү дээ» гэж тайтгаруулж байжээ. «Амийн эх булаг», төгс хүчит Ехова Бурхан үхлээс хавьгүй илүү хүчтэй! (Дуу. 36:9). Ехова Үхэгсдийн оронд байгаа бүх хүнийг санаж байгаа бөгөөд бүгдийг нь аварна (Лук 20:37, 38; Илч. 20:11–14).

11 Тэр цаг хараахан болоогүй байгаа ч Ехова орчин үеийн үнэнч үйлчлэгчдэдээ анхаарал халамж тавьдаг. Христиануудыг ямар гурван аргаар авардгийг нь одоо ярилцъя.

Сүнслэгээр хамгаалдаг

12, 13. Сүнслэг хамгаалалт хамгийн чухал гэж хэлж болохын учир юу вэ? Ехова биднийг сүнслэгээр яаж хамгаалдаг вэ?

12 Еховагийн сүнслэг хамгаалалт бидний хувьд хамгийн чухал юм. Жинхэнэ христиануудын хувьд Еховатай тогтоосон хувийн харьцаа нь одоогийн амь наснаас нь илүү үнэтэй байдаг (Дуу. 63:3; Сур. 3:32). Хэрэв Бурхантай тогтоосон харьцаагаа тасалбал одоогийн амьдрал утга учраа алдаж, ирээдүйн найдвар тасарна.

13 Ехова биднийг өөртэй нь дотно харьцаатай байгаасай гэсэндээ бүх талын тусламж дэмжлэг үзүүлдэгт талархаад баршгүй. Бурхан Үг, ариун сүнс, дэлхий дэх байгууллагаараа дамжуулан бидэнд тусалдаг. Энэ бүхний ач тусыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ? Бурхны Үгийг тогтмол, нямбай судалбал итгэл, найдвараа бэхжүүлнэ (Ром 15:4). Ариун сүнсийг нь гуйж чин сэтгэлээсээ залбирдаг бол Бурхантай тогтоосон харьцааг маань эвдэх аюултай, хорхой хүргэм зүйлийг тэвчиж чадна (Лук 11:13). Бас Библид үндэслэсэн ном хэвлэл, цуглаан, чуулганаар дамжуулан өгдөг итгэмжит боолын ангийн заавар зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол сүнслэг хоолоор өөрийгөө «цагт нь» тэжээнэ гэсэн үг (Мат. 24:45). Энэ бүхэн биднийг сүнслэгээр хамгаалж, Бурхантай дотно харьцаатай байхад тусална (Иак. 4:8).

14. Ехова ард түмнээ сүнслэгээр хамгаалдгийг батлах нэг явдлыг ярина уу.

14 Ехова сүнслэгээр яаж хамгаалдгийг ойлгохын тулд өмнөх өгүүллийн эхэнд дурдсан эцэг эхийг санацгаая. Тэд охин Терезагаа алга болсныг мэдсэнээсээ хойш хэд хоногийн дараа охиныг нь зэрлэгээр хөнөөжээ гэсэн зүрх зүсэм мэдээ сонсжээ. * Энэ явдлын талаар эцэг нь ингэж ярьсан юм. «Охиныг минь хамгаалаач гэж би Еховад залбирч байсан. Үнэнийг хэлэхэд, би охиноо алуулсныг дуулаад, залбиралд минь яагаад хариулаагүй юм бол оо гэж бодож билээ. Ехова үйлчлэгч нэг бүрээ гайхамшгаар хамгаална гэж амлаагүйг би мэднэ л дээ. Тэгээд учир шалтгааныг ойлгох гэж Еховад залбирч байлаа. Ехова ард түмнээ сүнслэгээр хамгаалдгийг, өөрөөр хэлбэл, өөртэй нь тогтоосон харьцаагаа таслахгүй байхад нь хэрэгтэй бүхнийг өгдгийг бодож байгаад тайвширч билээ. Ийм хамгаалалтаас бидний ирээдүй шалтгаалдаг учир хамгийн чухал юм. Ингэж бодоод, Тереза маань үхэн үхтэлээ үнэнч үйлчилсэн нь Ехова хамгаалж байсных юм байна гэдгийг ухаарсан. Ехова охиныг маань ирээдүйд амилуулна гэж бодохлоор сэтгэл уужирдаг» гэж ярьжээ.

Өвчтэй байхад тэтгэдэг

15. Ехова өвдөж шаналсан үйлчлэгчдээ яаж тусалдаг вэ?

15 Ехова Давидыг «өвчтөний оронд хэвтэж байхад нь тэтгэсэн» шигээ биднийг ч бас тэтгэдэг (Дуу. 41:3). Өнөөдөр Ехова өвчин эмгэгийг гайхамшгаар эдгээдэггүй боловч бидэнд тусалдаг. Яаж? Оновчтой эмчилгээ сонгох гэх мэтийн чухал асуудлаар ухаалаг шийдвэр гаргахад Бурхны Үгийн зарчмууд тус болдог (Сур. 2:6). Бас «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлээр эрүүл мэндийн сэдвээр бичсэн ашигтай мэдээлэл, тустай зөвлөгөө өгдөг. Ямар ч өвчин зовлонтой байлаа гэсэн, Ехова ариун сүнсээрээ «хэрээс хэтэрсэн хүч» өгч, тэвчээртэй, үнэнч байхад тусалдаг (2 Кор. 4:7, ШЕ). Ийм тусламжийнх нь ачаар бид өвчин шаналлаасаа болж хэт их санаа зовдоггүй бөгөөд Еховатай тогтоосон харьцаагаа хадгалж чаддаг.

16. Нэг христиан залуу юуны ачаар өвчнөө тэвчиж сурсан бэ?

16 Өмнөх өгүүллийн эхэнд дурдсан христиан залууг санацгаая. 1998 онд тэрбээр булчингийн хатингарсан хажуугийн хатуурал гэдэг өвчин туссанаа мэдсэн бөгөөд хожим нь бүрмөсөн саажсан байна. * Энэ өвчнөө яаж тэвчиж сурсан юм бол оо? Тэрбээр: «Би заримдаа энэ зовлонгоос үхэж байж л салах юм байна гэж бодоод сэтгэлээр унаж, гутран шаналдаг. Тийм үедээ Еховад залбирч, гурван юм гуйдаг. Тайван, тэвчээртэй, хатуужилтай байхад туслахыг хүсдэг. Ехова ч залбиралд минь хариулдаг юм. Би Бурхны тусламжтайгаар тайван байдаг учир сэтгэл тайвшруулам зүйлийг, тухайлбал, шинэ ертөнцөд дахин хөл дээрээ босож, амттай хоол идэн, гэрийнхэнтэйгээ ярьж хөөрдөг болохоо эргэцүүлэн боддог. Хүнд өвчнөөсөө болж их хэцүү байдалтай байдаг ч тэвчээрийн ачаар энэ бүхнийг давж чаддаг. Бас хатуужилтай байдгийн үрээр Бурханд үнэнч байж, сүнслэг дүн нуруугаа алдаагүй. Би дуулалч Давидын үгийн үнэнийг өөрийн биеэр үзсэн. Үнэхээр, Ехова намайг „өвчтөний оронд хэвтэж байхад тэтгэдэг“ юм» гэж ярьжээ (Ис. 35:5, 6).

Хэрэгцээтэй зүйлээр хангадаг

17. Ехова бидэнд юу амласан бэ? Энэ амлалтыг нь юу гэж ойлгох нь зүйтэй вэ?

17 Ехова бидний материаллаг хэрэгцээг хангахаа амласан билээ (Матай 6:33, 34; Еврей 13:5, 6-г уншина уу). Гэхдээ бид Еховаг хэрэгцээг маань гайхамшгаар хангана гэж найдаад ажлаас хойш суух ёсгүй (2 Тес. 3:10). Тэгвэл тэр амлалтыг юу гэж ойлгох нь зүйтэй вэ? Бурхны Хаанчлалыг амьдралынхаа эн тэргүүнд тавьж, амьдралаа залгуулахын тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөвөл Ехова амин зуулгад маань тусална гэж ойлгож болно (1 Тес. 4:11, 12; 1 Тим. 5:8). Бурхан хэрэгцээтэй зүйлээр маань хангахын тулд бидний төсөөлөө ч үгүй арга хэрэглэх нь бий. Тухайлбал, итгэл нэгтэн маань тусламж үзүүлэх юм уу ажилд авч болох юм.

18. Гачигдалтай үед Ехова яаж тусалж болохыг харуулах жишээ ярина уу.

18 Өмнөх өгүүллийн оршилд дурдсан ганц бие эхийг эргэн санацгаая. Тэрбээр охинтойгоо хамт өөр газар нүүж очоод ажил олж чадахгүй явжээ. «Би өдөр бүр өглөө нь дэлгэрүүлээд, үдээс хойш нь ажил хайдаг байлаа. Нэг удаа би сүү авахаар дэлгүүрт очсон юм. Лангуун дээр олон төрлийн ногоо харагдаж байсан ч ганцыг нь ч авч чадаагүй. Миний мөнгө хүрээгүй юм. Тэгэхэд би урьд нь хэзээ ч гутарч байгаагүйгээр гутарч билээ. Тэгээд гэртээ иртэл арын довжоон дээр олон төрлийн ногоо шуудай шуудайгаараа байсан юм. Охин бид хоёр, бүр хэдэн сар идээд барахааргүй тийм их байлаа. Би өөрийн эрхгүй уйлж, Еховад талархаж билээ» гэж тэр эмэгтэй дурсжээ. Удалгүй тэрбээр ногоо тарьдаг, хурлынх нь Гэрч эрэгтэй тэр ногоог өгснийг мэджээ. Эмэгтэй талархлаа илэрхийлсэн зурвастаа: «Тэр өдөр би танд маш их баярласан. Бас таны сайхан сэтгэлээр уламжлан хайраа харуулсан Еховад талархсан» гэж бичжээ (Сур. 19:17).

19. Агуу их гай гамшиг болоход Еховагийн үйлчлэгчид юунд итгэлтэй байж болох вэ? Юунд шийдвэр төгс байх нь зүйтэй вэ?

19 Ехова эртний үйлчлэгчдээ аварч байсан бөгөөд орчин үед ч авардаг нь түүнийг Туслагчаа гэж итгэж найдах үндэс болдог. Удахгүй Сатаны ертөнцөд агуу их гай гамшиг болоход бидэнд Еховагийн тусламж хэзээ хэзээнээс илүү хэрэг болно. Тэгэхэд христианууд Бурхандаа бүрэн дүүрэн итгэж найдна. Тэд «аврал» нь ойрхон гэдгийг мэддэг учир тэргүүнээ өргөн, баярлан баясах болно (Лук 21:28, МАБ). Тэр цагийг иртэл, ямар ч сорилтод орсон, өөрчлөгдөшгүй Бурхан Еховаг «Аврагчаа» гэж бат итгэн, бүрэн дүүрэн найдах шийдвэр төгс байцгаая!

[Зүүлт]

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 2001 оны 7-р сарын 22-ны дугаарын 19–23-р хуудсыг үзнэ үү (англи).

^ «Сэрцгээ!» сэтгүүлийн 2006 оны 1-р сарын дугаарын 25–29-р хуудсыг үзнэ үү (англи).

Санаж байна уу?

• Ехова зуурдаар амиа алдсан үйлчлэгчдээ яаж аврах вэ?

• Сүнслэг хамгаалалт хамгийн чухал гэж хэлж болохын учир юу вэ?

• Ехова материаллаг хэрэгцээг маань хангана гэж амласныг юу гэж ойлгох нь зүйтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны зураг]

Ж. Ф. Рутерфорд болон түүний хамтран зүтгэгчдийг 1918 онд баривчилсан ч, хожим нь суллаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ

[10-р хуудасны зураг]

Ехова биднийг «өвчтөний оронд хэвтэж байхад» тэтгэдэг