Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн мэлмий хүн бүрийг шалгадаг

Еховагийн мэлмий хүн бүрийг шалгадаг

Еховагийн мэлмий хүн бүрийг шалгадаг

«[Еховагийн] мэлмий, Түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм» (Дуу. 11:4).

1. Ямар хүн таны сэтгэлийг татдаг вэ?

 ТАНД чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг хүнийг та юу гэж боддог вэ? Тийм хүн таны тусын тулд санасан бодсоноо шударгаар хэлж, хэрэгтэй цагт чин сэтгэлээсээ туслан, хайрын сэтгэлээр зааж зөвлөх биз ээ (Дуу. 141:5; Гал. 6:1). Та тийм хүнд татагдана биз дээ? Ехова болон түүний Хүү тийм хүнтэй адил юм. Тэд танд ямар ч хүнээс илүү анхаарал тавьдаг бөгөөд хувийн ашиг сонирхлыг огт хардаггүй. Бас таныг «жинхэнэ аминд хүрээсэй» гэж хүсдэг (1 Тим. 6:19; Илч. 3:19).

2. Ехова үйлчлэгчдэдээ хэр зэрэг анхаарал тавьдаг вэ?

2 Дуулалч Давид: «[Еховагийн] мэлмий, Түүний зовхи хүний хөвгүүдийг шалгадаг юм» хэмээн бичиж, Ехова үнэхээр сэтгэлийнхээ угаас бидэнд анхаарал тавьдгийг харуулжээ (Дуу. 11:4). Бурхан биднийг зүгээр нэг хардаг бус, бүр шалгадаг. Давид өөр нэгэн дуулалдаа: «Та миний зүрхийг шалгав. Та шөнөөр шалгасан. ...Хорон санаа өвөрлөөгүйг минь Та мэдэх болно» гэж бичжээ (Дуу. 17:3, ШЕ). Ехова өөрт нь чин сэтгэлийн угаас анхаарал тавьдгийг Давид мэддэг байв. Нүгэлтэй юм бодох юм уу хорон муу зүрхтэй болбол Еховаг гомдоож, дургүйг нь хүргэнэ гэдгийг ч ойлгодог байж. Ехова таны хувьд ч бас тийм бодитой юу?

Ехова зүрхийг хардаг

3. Ехова хүний төгс бус байдлыг ойлгодгоо хэрхэн харуулдаг вэ?

3 Ехова бидний зүрх буюу дотор хүнийг хамгийн их анхаардаг (Дуу. 19:14; 26:2). Биднийг хайрладаг учраас аар саар юманд алдахад дөвийлгөөд байдаггүй. Жишээлбэл, Абрахамын эхнэр Сараг хэлсэн үгээ мэлзэхэд нь хүний дүрд хувирсан тэнгэр элч Сараг айж балмагдан, сандарсандаа л тэгснийг нь ойлгоод хатуу зэмлээгүй (Эх. 18:12–15). Эрт цагт Бурхны үйлчлэгч Иов «өөрийгөө Бурхны өмнө зөвтгөсөн» ч Ехова түүнийг Сатаны гарт их зовлон үзсэнийг нь мэдэж байсан тул урьдын адил ивээсэн (Иов 32:2; 42:12). Бас зөнч Елиатай шулуухан ярилцсан Зарефат хотын бэлэвсэн эмэгтэйд Ехова уурлаагүй. Учир нь эмэгтэй, ганц хүүгээ алдчихаад эмгэнэн гашуудаж байсныг Ехова ойлгож байлаа (Х.дээд 17:8–24).

4, 5. Ехова Абимелехт хэрхэн уужим сэтгэлээр хандсан бэ?

4 Ехова зүрхийг шалгадаг учир өөрт нь итгэдэггүй хүмүүст ч уужим сэтгэл гаргадаг. Жишээ болгон Филистийн Герар хотын хаан Абимелехт хэрхэн хандсаныг нь үзье. Абимелех, Абрахам Сара хоёрыг нөхөр эхнэр гэж мэдээгүй тул Сараг эхнэрээ болгохоор авчээ. Гэхдээ Ехова түүнийг Сарад ойртохоос нь өмнө зүүдэнд нь үзэгдэн: «Чи үүнийг шударга үнэнч сэтгэлээр үйлдсэнийг Би мэднэ. Би мөн чамайг Өөрийн эсрэг гэм хийлгээгүй. Тийм учраас Би чамайг түүнтэй ойртуулаагүй юм. Одоо чи тэр хүний эхнэрийг буцаа. Тэр бол эш үзүүлэгч мөн бөгөөд тэрээр чиний төлөө залбирна. Тэгээд чи амьдрах болно» гэж хэлдэг (Эх. 20:1–7).

5 Ехова хуурамч бурхад шүтдэг Абимелехт хатуу сэтгэл гаргаж болох байсан ч тэр хэргийг хийхдээ хорон муу санаа өвөрлөөгүйг нь мэдэж байлаа. Тиймээс, өөрөөс нь өршөөл хүртэн, «амьдрахын» тулд яах хэрэгтэйг хэлж өгөн, уужим сэтгэл гаргасан. Та ийм Бурхан шүтэхийг хүснэ биз дээ?

6. Есүс Эцгийгээ яаж дуурайдаг байсан бэ?

6 Эцгийгээ төгс дуурайсан Есүс шавь нарынхаа сайн талыг харж, алдаа дутагдлыг нь дуртайяа уучилдаг байсан (Марк 10:35–45; 14:66–72; Лук 22:31, 32; Иох. 15:15). Энэ нь ч Иохан 3:17-д: «Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц рүү илгээсэн билээ» гэж хэлсэнтэй нь тохирдог. Биднийг гэсэн Ехова Есүс хоёрын хайр чин сэтгэлийнх бөгөөд хувиршгүй юм. Тэд биднийг мөнхийн амьтай болоосой гэж хүсдэг нь үүнийг харуулдаг (Иов 14:15). Тэгэхлээр, биднийг шалгаж, сайн талыг маань харж, шаардлагатай бол засаж залруулдаг нь чин сэтгэлээсээ хайрладгийнх ажээ (1 Иохан 4:8, 19-ийг уншина уу).

Хайрын үүднээс шалгадаг

7. Ехова биднийг ямар сэтгэлээр шалгадаг вэ?

7 Ехова бол нүгэлтнийг үйлдэл дээр нь барихын тулд тэнгэрээс харж байдаг цагдаа биш ээ. Харин Сатан биднийг цаг ямагт буруутган, сэжиглэж байдаг (Илч. 12:10). Тэр бүү хэл, хорон санаа өвөрлөөгүй байхад ч хорон санаатай гэж гүтгэдэг! (Иов 1:9–11; 2:4, 5). Дуулалч Бурханд хандан: «ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, өө, ЭЗЭН, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ?» хэмээсэн байдаг (Дуу. 130:3). Хэрэв Ехова тэгдэг байсан бол хэн ч тэвчиж чадахгүй байх байсан! (Ном. 7:20). Үнэндээ Ехова үр хүүхдээ аюул ослоос хамгаалахыг хүсдэг халамжит эцгийн ёсоор биднийг энэрэнгүй, сайхан сэтгэлээр шалгадаг. Сул талтай төгс бус хүн гэдгийг маань сануулж, өөрөө өөрсдөдөө гай тарихаас сэрэмжлүүлдэг (Дуу. 103:10–14; Мат. 26:41).

8. Ехова үйлчлэгчдээ хэрхэн сургаж, сахилгажуулдаг вэ?

8 Ехова Бурхан бидэнд хайртай учраас Судар болон «итгэмжит, ухаалаг боолоор» сүнслэг хоол өгүүлэн, биднийг сургаж, сахилгажуулдаг (Мат. 24:45; Евр. 12:5, 6). Бас христиан хурал болон хурал дахь «хүн бэлгүүдээр» туслуулдаг (Ефес 4:8, ШЕ). Түүнээс гадна, эцгийн ёсоор зааж сургасныг нь хэрхэн хүлээн авахыг маань ажиглаад, тохирсон тусламж үзүүлэхэд бэлэн байдаг. Дуулал 32:8-д: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж байдаг. Тэгэхлээр, Еховад цаг ямагт дуулгавартай байх нь их чухал юм. Бурхан бол халамжтай Багш, Эцэг гэдгийг ухамсарлан, Бурхны өмнө үргэлж даруу байх хэрэгтэй (Матай 18:4-ийг уншина уу).

9. Бид ямар байх ёсгүй вэ? Яагаад?

9 Нөгөөтэйгүүр, бид бардам зантай, итгэл дутмаг, «нүглийн мэхлэлээр хатуурсан» байж болохгүй (Евр. 3:13; Иак. 4:6). Ер нь, хүн зохисгүй юм бодож, түүнийгээ хүссэнээс болж ийм аюулд өртдөг. Тэгээд Библийн зөвлөгөөг ч үл тоомсорлох янзтай болдог. Бүр цаашлаад, муу зан, муу явдалдаа бүрмөсөн автаж Бурхны дайсан болдог. Ямар аймшигтай юм бэ! (Сур. 1:22–31). Одоо, Адам Ева хоёрын ууган хүү Каины жишээг үзье.

Ехова бүхнийг хардаг бөгөөд тохирсон арга хэмжээ авдаг

10. Ехова Каины өргөлийг ямар учраас таалаагүй вэ? Каин яасан бэ?

10 Каин Абел хоёрыг өргөл өргөхөд Ехова тэдний өргөлийг төдийгүй зүрхийг нь анхааралтай харжээ. Тэгээд бат итгэлээр өргөсөн Абелын өргөлийг таалж, харин итгэл нь ямар нэг байдлаар дутуу байсан Каины өргөлийг үл ойшоосон (Эх. 4:4, 5; Евр. 11:4). Каин энэ явдлаас сургамж аван, муу зангаа засахын оронд дүүдээ уурлан хорсох болжээ (Эх. 4:6).

11. Каины зүрх бузар муу байсан нь юунаас харагддаг вэ? Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ?

11 Ехова Каиныг ийнхүү муу зандаа автаж байгааг ажиглаад, засаж залруулах гэж түүнтэй ярилцан, сайныг үйлдвэл тэргүүнээ өргөхийг нь хэлжээ. Гэтэл Каин Бүтээгчийнхээ зөвлөгөөг үл тоомсорлон, эцэст нь дүүгээ хороосон нь даанч харамсалтай. Тэрбээр бузар муу зүрхтэй байсан нь Бурхантай эрээ цээргүй харьцсанаас нь бас харагддаг. «Чиний дүү Абел хаана байна?» гэж Еховаг асуухад Каин: «Би мэдэхгүй. Би дүүгийнхээ харгалзагч юм уу?» гэж хариулдаг (Эх. 4:7–9). Бурхан өөрөө зөвлөгөө өгч байхад Каины үл тоомсорлосныг бодохлоор хүний зүрх гэдэг мөн ч хуурамч юм даа! (Иер. 17:9). Иймэрхүү жишээнээс сургамж авч, зохисгүй юм бодогдох юм уу зохисгүй хүсэл төрвөл тэр даруйд нь таслан зогсоож байцгаая (Иаков 1:14, 15-ыг уншина уу). Хэрэв бидэнд Библийн үндэстэй зөвлөгөө өгвөл Еховагийн хайрын илрэл гэж үзээд дуртайяа хүлээн авч байцгаая.

Нүглийг нууж болдоггүй

12. Ехова гэм нүгэл үйлдсэн этгээдэд хэрхэн ханддаг вэ?

12 Буруу юм хийхийг нь хэн ч хараагүй бол ял шийтгэлээс зугтаж болно гэж зарим хүн боддог (Дуу. 19:12). Гэвч, үнэндээ, нүглийг нууж болдоггүй. «Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг» (Евр. 4:13). Ехова бол хүний зүрхний бүр мухарт юу байдгийг шалгадаг Шүүгч бөгөөд гэм нүгэл үйлдсэн этгээдэд хандахдаа ч шударга ёсыг төгс баримталдаг. Тэрбээр «өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан ба энэрэл хайр, үнэнээр бялхам» боловч «санаатайгаар нүгэл үйлддэг» буюу заль мэхтэй, хорон санаатай, гэмшдэггүй хүнийг «шийтгэлгүй орхихгүй» (Ег. 34:6, 7; Евр. 10:26). Үүнийг Ахан болон Ананиа Сапфир нарт тохиолдсон явдал харуулдаг.

13. Ахан юунаас болж буруу юм хийсэн бэ?

13 Ахан Бурхны тушаалыг аймшиггүйгээр зөрчин, Иерихо хотоос олзолсон эд зүйлээс хулгайлан авч, майхандаа нуужээ. Гэрийнхэн нь ч түүнтэй хуйвалдсан бололтой. Ахан хийсэн хэргээ илчлэгдэхэд хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнээ ойлгожээ. Учир нь тэрбээр: «Би ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн» гэж хэлсэн байдаг (Иош. 7:20). Ахан Каины адилаар бузар муу зүрхтэй болжээ. Түүний хувьд шударга бус юм хийхэд хүргэсэн гол шалтгаан нь шунал байв. Иерихогоос олзолсон эд зүйл Еховагийнх байсан учир, нарийн яривал, Ахан Еховагийн юмыг хулгайлсан. Үүнээс болж тэрбээр өөрөө ч, гэрийнхэн нь ч амиа алдсан (Иош. 7:25).

14, 15. Ананиа Сапфир хоёр яагаад шийтгүүлсэн бэ? Энэ явдал ямар сургамжтай вэ?

14 Ананиа болон түүний эхнэр Сапфир Иерусалим дахь христиан хурлын гишүүд байв. МЭ 33 оны Пентекостын баярын дараа нутагтаа буцалгүй, Иерусалимд хэсэг зуур байсан шинэ итгэгчдэд тусламж үзүүлэх зорилгоор христианууд сайн дурын хандиваараа хуримтлал бүрдүүлжээ. Ананиа талбайгаа зарж, мөнгөнийхөө нэг хэсгийг тэр хуримтлалд өгчээ. Гэвч бүх мөнгөө өгсөн дүр эсгэсэн бөгөөд эхнэр нь ч үүнийг нь мэдэж байлаа. Тэд христиануудын дунд нэр хүнд олох гэж шунасандаа ийм худал хуурмаг хэрэг хийжээ. Ехова тэдний зальт хэргийн талаар элч Петрт ер бусын аргаар мэдэгдсэн байлаа. Тэгээд Петр Ананиад хийсэн хэргийг нь улаан нүүрэн дээр нь хэлжээ. Ананиа тэр даруй хөсөр унаж, амьсгал хураадаг. Удалгүй Сапфир ч бас үхдэг (Үйлс 5:1–11).

15 Ананиа Сапфир хоёрын хийсэн энэ хэрэг бол хормын дотор үйлдсэн санаандгүй алдаа биш байв. Тэд хорон санаа сэдээд, элч нарыг хуурч мэхлэхийг оролдсон. Хамгийн аймшигтай нь, ариун сүнс болон Бурханд «худал хэлсэн». Ехова тэр үед арга хэмжээ авсан нь христиан хурлыг хоёр нүүр гаргагчдаас хамгаалахад бэлэн байдгийг нь тодорхой харуулдаг. Үнэхээр «амьд Бурхны гарт орох нь аймшигтай!» (Евр. 10:31).

Үргэлж үнэнч байх нь

16. а) Сатан Бурхны ард түмний үзэл бодлыг завхруулахын тулд яадаг вэ? б) Диавол танай нутагт ямар ямар арга хэрэглэдэг вэ?

16 Сатан бидний үзэл бодлыг завхруулж, Еховагийн сайшаалыг хүлээх эрхгүй болгох гэж чадах бүхнээ хийж байна (Илч. 12:12, 17). Өнөөгийн нийгэмд садар самуун, хүчирхийлэл газар авч байгаа нь Диаволын хорон санааны тод илрэл юм. Тухайлбал, порно материалыг компьютер болон бусад хэрэгслээр үзэж сонирхох боломжтой болжээ. Сатаны довтолгоонд хэзээ ч бууж өгөхгүй байцгаая. «Би төгс замд анхааралтай явна. [...] Би гэр дотроо үнэнч зүрхээр явах болно» хэмээсэн дуулалч Давидыг дуурайцгаая (Дуу. 101:2).

17. а) Ехова цаг нь болохлоор нүглийг илчилдгийн учир юу вэ? б) Бид ямар шийдвэр гаргах нь зүйтэй вэ?

17 Өнөөдөр Ехова ноцтой нүгэл юм уу худал хуурмаг явдлыг дээр үеийнх шиг илчилдэггүй боловч бүх юмыг харж байгаа бөгөөд цаг нь болохлоор тохирох аргаар ил болгоно. Паул: «Зарим хүний нүгэл тэднийг шүүгдэхээс нь өмнө бүр илэрхий болжээ. Харин заримынх нь хожим илрэх болно» гэсэн (1 Тим. 5:24). Ехова, гол нь, хайрын сэтгэлээр муу хэргийг илчилдэг. Бурхан христиан хурлыг хайрладаг бөгөөд цэвэр ариун байлгахын тулд хамгаалдаг. Бас нүгэлд дийлдсэн хэдий ч чин сэтгэлээсээ гэмшсэн хүмүүст өршөөл энэрлээ үзүүлдэг (Сур. 28:13). Тиймээс бүх зүрхээ Бурханд зориулан, үзэл бодлыг маань завхруулах аюултай бүхнээс хол байцгаая.

Бүх зүрхээрээ үйлчлэгтүн

18. Давид хаан хүүгээ Бурханд хэрхэн хандаасай гэж хүсдэг байсан бэ?

18 Давид хаан хүү Соломондоо: «Өөрийн эцгийн Бурхныг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм» гэж захижээ (Ш.дээд 28:9). Давид хүүгээ Бурхан байдаг гэж итгэдэг төдий бус, харин Еховаг үйлчлэгчдэдээ сэтгэлийнхээ угаас анхаарал тавьдагт нь талархдаг хүн болоосой гэж хүсэж байсан. Та ч бас Еховаг чин сэтгэлээсээ анхаарал тавьдагт нь талархдаг уу?

19, 20. Дуулал 19:7–11-д бичсэнээр, Давид юуны ачаар Бурхантай илүү ойр дотно болсон бэ? Давидыг яаж дуурайх вэ?

19 Зөв хандлагатай хүн Бурханд татагдаж, зан чанарынх нь талаар мэдэхлээрээ илүү дотно харьцаатай болохыг хүсдэг. Ехова үүнийг мэддэг учир өөртэй нь танилцаж, зан чанарыг нь сайн мэддэг болохыг бидэнд уриалдаг. Тэгвэл Бурхныг яаж сайн мэддэг болох вэ? Бурхны Үгийг судалж, яаж ивээдгийг нь биеэрээ үзэх хэрэгтэй (Сур. 10:22; Иох. 14:9).

20 Та Бурхны Үгийг өдөр бүр уншиж, эргэцүүлэн боддог уу? Хэрэгжүүлэхэд туслахыг гуйж Еховад залбирдаг уу? Библийн зарчмын дагуу амьдрахын ач тусыг үнэлдэг үү? (Дуулал 19:7–11-ийг уншина уу). Тэгдэг бол Еховад илүү бат итгэж, улам их хайртай болно. Ехова ч яг л гараас тань хөтөлж байгаа юм шиг санагдаж, танд илүү ойр дотно болно (Ис. 42:6; Иак. 4:8). Ехова таныг амь руу хөтлөх нарийн замаар явахад ивээж, сүнслэгээр хамгаалан, хайртайгаа батлан харуулна (Дуу. 91:1, 2; Мат. 7:13, 14).

Хариулна уу

• Ехова биднийг шалгадаг нь ямар учиртай вэ?

• Зарим хүн юунаас болж Бурхны дайсан болсон бэ?

• Ехова бидний хувьд бодитой байдгийг яаж харуулах вэ?

• Бурханд бүх зүрхээрээ үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[4-р хуудасны зураг]

Ехова халамжит эцгийн ёсоор биднийг хардаг гэхийн учир юу вэ?

[5-р хуудасны зураг]

Ананиагийн жишээ ямар сургамжтай вэ?

[6-р хуудасны зураг]

Еховад бүх зүрхээрээ тасралтгүй үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?