Skip to content

Гарчиг руу орох

Ехова сайн сайхны маань төлөө биднийг хардаг

Ехова сайн сайхны маань төлөө биднийг хардаг

Ехова сайн сайхны маань төлөө биднийг хардаг

«Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор [Еховагийн] мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» (Ш.дэд 16:9).

1. Ехова биднийг шалгадаг нь ямар учиртай вэ?

 ЕХОВА бол төгс Эцэг билээ. Тэрбээр биднийг дэндүү сайн мэддэг учир «бодол санааны [маань] хандлага бүрийг» ойлгодог (Ш.дээд 28:9). Гэхдээ биднээс өө сэв хайдагтаа тэгж шалгадаг юм биш ээ (Дуу. 11:4; 130:3). Харин өөртэй нь тогтоосон харьцаанд маань сэв суулгах юм уу мөнх аминд хүрэх боломжийг маань үгүй хийх аюултай бүхнээс хамгаалах л гэж хайрын үүднээс харж байдаг (Дуу. 25:8–10, 12, 13).

2. Ехова ямар хүнд хүчтэй дэмжлэг үзүүлдэг вэ?

2 Ехова төгс хүчтэй бөгөөд бүхнийг хардаг. Тийм ч учраас, үнэнч үйлчлэгчдэдээ хэзээ л бол хэзээ тусалж, сорилтод орох үед нь дэмжлэг үзүүлж чаддаг. Шастирын дэд 16:9-д: «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор [Еховагийн] мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» гэж байдаг. Ехова өөрт нь бүх зүрхээрээ буюу амин хувиа бодолгүй, чин сэтгэлээсээ үйлчилдэг хүмүүст дэмжлэг үзүүлдэг. Харин хуурч мэхэлдэг юм уу хоёр нүүр гаргадаг хүмүүст хэзээ ч тийм анхаарал тавьдаггүй (Иош. 7:1, 20, 21, 25; Сур. 1:23–33).

Бурхантай хамт явах нь

3, 4. «Бурхантай хамт явах» гэж юу гэсэн үг вэ? Үүнийг ойлгоход Библийн ямар ямар жишээ туслах вэ?

3 Хязгааргүй уудам орчлонт ертөнцийг Бүтээгч, хүнийг өөртэй нь хамт яваасай гэж хүсдэг гэдэгт зарим хүн итгэж чаддаггүй. Гэвч Ехова үнэхээр тэгж хүсдэг юм. Эрт цагт Енох Ноа нар «Бурхантай хамт явж байсан» (Эх. 5:24; 6:9, 10). Бас Мосе «үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн» (Евр. 11:27). Давид хаан ч бас тэнгэрийн Эцэгтэйгээ хамт явдаг байв. Тэрбээр: «[Ехова] миний баруун гар талд байгаа учраас би ганхахгүй» хэмээжээ (Дуу. 16:8).

4 Бид шууд утгаар Еховад хөтлөгдөөд, хамт явж чадахгүй боловч бэлгэдлийн утгаар бол чадна. Тэгвэл үүнийг хэрхэн ойлгох вэ? Дуулалч Асаф: «Би үргэлж Тантай хамт байна. Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдана» хэмээжээ (Дуу. 73:23, 24). Товчхон хэлбэл, Бурхантай хамт явах гэдэг нь Бурхны Үгэндээ бичүүлсэн болон «итгэмжит ухаалаг боолоор» өгүүлдэг зөвлөгөөг чанд баримтлах гэсэн үг юм (Мат. 24:45; 2 Тим. 3:16).

5. Ехова үнэнч хүмүүсийг эцгийн ёсоор хардаг гэж юу гэсэн үг вэ? Бид Бурханд хэрхэн хандах ёстой вэ?

5 Ехова өөртэй нь хамт явдаг хүмүүсийг энхрийлэн хайрладаг учир тэднийг эцгийн ёсоор харах буюу анхаарч, хамгаалж, сургадаг. Бурхан: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж хэлсэн (Дуу. 32:8). Та өөрөөсөө: «Би Еховад хөтлөгдөөд, хамт явдаг хүн мөн үү? Өөрөөр хэлбэл мэргэн ухааныг нь хүлээн авч, хайрын үүднээс харж байдгийг нь ойлгодог уу? Бурхан хайрын үүднээс хардгийг ойлгоод, бодол санаа, үг яриа, үйл хэргээ цэгнэдэг үү? Алдаа гаргасан үедээ Еховаг хүйтэн хөндий, харгис хатуу Бурхан гэж санадаг уу, эсвэл гэмшсэн хүнийг халуун энгэртээ дахин тэврэх хүсэлтэй өршөөнгүй Эцэг гэж санадаг уу?» гэж асуугаарай (Дуу. 51:17).

6. Ехова хүмүүн эцэг эхээс ямар давуу талтай вэ?

6 Заримдаа Ехова биднийг буруу замд орохоос урьтаж тусалдаг. Жишээ нь, хувирахдаа амархан зүрхэнд маань буруу хүсэл төрж эхэлснийг ажиглажээ гэж бодъё (Иер. 17:9). Тийм үед Ехова хүмүүн эцэг эхээс маань ч хурдан сэрэмжлүүлж чаддаг. Учир нь түүний «мэлмий» бидний дотор хүнийг харж, хамгийн далд нууц бодлыг ч шалгах чадвартай (Дуу. 11:4; 139:4; Иер. 17:10). Бурхан зөнч Иеремиагийн бичээч, дотнын нөхөр Барухт хэрхэн хандсаныг үзье.

Эцгийн ёсоор Барухт анхаарал тавьсан нь

7, 8. а) Барух ямар хүн байсан бэ? Барухт ямар буруу хүсэл төрсөн байж болох вэ? б) Ехова Барухт хэрхэн эцгийн ёсоор анхаарал тавьсан бэ?

7 Барух бол зөнч Иеремиатай хамт үнэнчээр үйлчлэн, Еховагийн шүүх мэдээг Иудад тунхаглах амаргүй үүрэг хүлээсэн мэргэжлийн бичээч байв (Иер. 1:18, 19). Бас удам угсаа сайтай хүн байсан бололтой. Барух өөртөө «агуу зүйлсийг» хайх болжээ. «Агуу зүйлс» гэдэг нь хувийн сонирхол юм уу эд мөнгө байсан байж болох юм. Юутай ч, Ехова Барухын зүрхэнд ийм аюултай бодол төрж эхэлснийг хараад, учир байдлыг цаг алдалгүй ойлгуулахын тулд Иеремиагаар ингэж хэлүүлжээ. «Чи: „Өө, би золгүй еэ! Учир нь ЭЗЭН миний шаналалд зовлон нэмэв. Би ёолсоор сульдсан бөгөөд ямар ч амралт олсонгүй“ гэж хэлсэн билээ. Чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай» гэж захижээ (Иер. 45:1–5).

8 Ехова Барухт буруу юм бодож байгааг нь шулуухан хэлсэн хэдий ч эцэг шиг нь хандсан юм. Барух буруу юм хүсэж байсан ч зүрх нь бузар муу биш гэдгийг Бурхан харсан бололтой. Бас Иерусалим болон Иуда удахгүй устгагдах гэж байсныг Ехова мэдэж байсан бөгөөд Барухыг тийм эгзэгтэй цагт бүү бүдрээсэй гэж хүсэж байжээ. Тиймээс ямар аюул нүүрлээд байгааг ойлгуулахын тулд «бүх махан бие дээр гай гамшиг авчрах гэж байгаагаа» сануулаад, ухаалаг байвал амьд үлдэхийг нь хэлж өгчээ (Иер. 45:5). Нэг ёсондоо, Ехова: «Барух минь, одоо ямар цаг билээ гэдгийг ухаараач. Нүгэлт Иуда болон Иерусалимд юу тохиолдох гэж байгааг бүү мартаарай. Үнэнч байвал эсэн мэнд үлдэнэ шүү дээ! Би чамайг хамгаална» гэж хэлжээ. Еховагийн үг түүний зүрх сэтгэлд хүрч, хоногшсон нь лавтай. Учир нь Барух түүнээс хойш 17 жилийн дараа болсон Иерусалимын сүйрлийг эсэн мэнд давсан билээ.

9. Догол мөрд бичсэн асуултуудад та юу гэж хариулах вэ?

9 Барухт тохиолдсон явдлыг бодонгоо дараах гурван асуулт болон Библийн зүйлүүдийг эргэцүүлэн бодно уу. Барухт яаж хандсаныг нь үзвэл, Ехова үйлчлэгчдэдээ хэрхэн ханддаг, ямар Бурхан бэ? (Еврей 12:9-ийг уншина уу). Эгзэгтэй цаг үед амьдарч буй бидний хувьд Барухт өгсөн Бурхны зөвлөгөө, бас тэр зөвлөгөөг Барухын хэрхэн хүлээж авсан нь ямар сургамжтай вэ? (Лук 21:34–36-г уншина уу). Христиан ахлагчид Иеремиаг дуурайн, Бурхны хайр халамжийг итгэл нэгтнүүддээ хэрхэн үзүүлж болох вэ? (Галат 6:1-ийг уншина уу).

Эцгийнхээ хайрыг шингээсэн Хүү

10. Есүсийг христиан хурлын Тэргүүн байх бүрэн чадвартай гэж үзэх ямар үндэс байна вэ?

10 Эрт цагт Ехова зөнчид болон бусад үнэнч үйлчлэгчдээрээ дамжуулан ард түмэндээ хайраа илэрхийлдэг байжээ. Орчин үед, гол нь, христиан хурлын Тэргүүн Есүс Христээр дамжуулан хайраа мэдрүүлдэг (Ефес 1:22, 23). «Илчлэлт» номд Есүсийг Хурга гэсэн байдаг бөгөөд тэр Хурга «долоон нүдтэй бөгөөд долоон нүд нь дэлхий даяар илгээсэн Бурхны долоон сүнс юм» (Илч. 5:6). Бурхны ариун сүнсээр дүүрч, хүч авсан Есүс төгс хэрсүү ухаантай билээ. Есүс ч бас бидний дотор хүнийг хардаг бөгөөд түүний хараанд үл өртөх нэг ч зүйл үгүй.

11. Христ ямар үүрэг гүйцэтгэх вэ? Есүс Эцгийгээ дуурайн, биднийг хайрладаг гэж хэлэхийн учир юу вэ?

11 Ехова цагдаа биш шиг Есүс ч цагдаа биш ээ. Есүс биднийг хайрын үүднээс шалгадаг. Тэрбээр өөрт нь итгэдэг бүх хүнийг мөнхийн амьтай болоход чухал үүрэг гүйцэтгэх нь «Мөнхийн Эцэг» гэдэг цолоос нь харагддаг (Ис. 9:6). Түүнээс гадна, христиан хурлын Тэргүүн Есүсийн удирдлагаар, сүнслэгээр төлөвшсөн, чин сэтгэлтэй христианууд, ялангуяа, ахлагчид тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүддээ зөвлөгөө өгч, тайвшруулдаг (1 Тес. 5:14; 2 Тим. 4:1, 2).

12. а) Бага Азийн долоон хуралд бичсэн захидлаас нь Есүсийн талаар юу мэдэж болох вэ? б) Ахлагчид Бурхны сүргийг хариулахдаа Христийг яаж дуурайдаг вэ?

12 Христ сүрэгтээ чин сэтгэлээсээ анхаарал тавьдаг нь Бага Азийн долоон хурлын ахлагчдад илгээсэн захидлаас харагддаг (Илч. 2:1–3:22). Тэрбээр хурал тус бүрийн нөхцөл байдлыг мэдээд зогсохгүй дагалдагчдадаа санаа тавьдгийг тэдгээр захидалд бичсэн байдаг. Есүс өнөөдөр ч тэр л хэвээрээ байгаа. «Илчлэлт» номд бичсэн уг үзэгдэл «Эзний өдөр» биелж байгаа тул бүр илүү мэддэг, илүү санаа тавьдаг гэж хэлж болно * (Илч. 1:10). Христ сүнслэг хоньчны үүрэг хүлээдэг ахлагчдаар дамжуулан христиануудад хайраа илэрхийлдэг. Хэрэгтэй үед маань биднийг тайвшруулж, урамшуулж, бас зөвлөгөө өгөхдөө «хүн бэлгүүдээ» ашигладаг (Ефес 4:8, ШЕ; Үйлс 20:28; Исаиа 32:1, 2-ыг уншина уу). Та ахлагчдын хичээл зүтгэлийг таныг гэсэн Христийн анхаарал халамжийн илрэл гэж ойлгодог уу?

Цагт нь тусалдаг

13–15. Бурхан ямар ямар аргаар залбиралд хариулдаг вэ? Жишээ хэлнэ үү.

13 Та тусламж гуйн Еховад шаргуу залбираад, залбирлынхаа хариуг авч байсан уу? Жишээ нь, төлөвшсөн христиан тантай уулзаж, таныг урамшуулсан байж болох юм (Иак. 5:14–16). Эсвэл танд яг хэрэгтэй байсан зүйлийг цуглаан дээр ярьсан юм уу хэвлэлд бичсэн байж болох юм. Ер нь, Ехова залбиралд иймэрхүү аргаар хариулдаг. Нэг ахлагчийг илтгэл тавьсных нь дараа Гэрч эмэгтэй талархлаа илэрхийлжээ. Эмэгтэй хэдхэн долоо хоногийн өмнө шударга бус явдлын золиос болсон боловч элдэв зовлон тоочилгүй, харин ч тэр илтгэлээс өөрт нь тустай, Библийн чухал санааг ойлгоод тайвширснаа хэлсэн байна. Гэрч эмэгтэй тэр цуглаанд очсондоо хэчнээн их баярласан бол оо!

14 Бурхан залбиралд хариулж, тусалдгийг харуулах өөр нэг жишээ үзье. Шоронд хоригдож байхдаа Библийн үнэнийг мэдээд, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болсон гурван хүн байжээ. Нэг удаа хэдэн хоригдлыг эмх замбараагүй байдал гаргасны улмаас тухайн хэсгийн бүх хоригдлын зарим эрхийг хасжээ. Хоригдлууд үүнд ихээхэн дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлэх зорилгоор маргааш нь өглөөний хоолны дараа тавгаа буцааж өгөхгүй байхаар тохиролцжээ. Гурван дэлгэрүүлэгч хүнд байдалд орох нь тэр! Хэрэв эсэргүүцлийн ажиллагаанд оролцвол Ром 13:1-т байдаг Еховагийн тогтоосон зарчмыг зөрчих байв. Нөгөө талаас, хоригдлуудыг дэмжихгүй бол хоригдлууд тэдэнд өс хонзон санах байв.

15 Тэд тус тусдаа хоригдож байсан тул бие биетэйгээ ярилцаж зөвлөх аргагүй байжээ. Тэгээд мэргэн ухаан гуйж дор бүрнээ Еховад залбирчээ. Өглөө болоход тэд яг адилхан шийдвэр гаргасан байлаа. Өглөөний хоол идэхгүй байхаар болжээ. Тиймээс хоолны дараа харгалзагчдад хураалгах таваг тэдэнд байсангүй. «Залбирлыг сонсдог Нэгэн» өөрсдөд нь тийн ойрхон байсанд тэд хэчнээн их баярласан бол оо! (Дуу. 65:2).

Ирээдүйгээ итгэлтэйгээр харах нь

16. Ехова хонь шиг хүмүүст санаа тавьдгийн нэг баталгаа нь дэлгэрүүлэх ажил гэж үзэхийн учир юу вэ?

16 Дэлгэрүүлэх ажил дэлхий дахинд явагдаж байгаа нь Ехова газар газрын чин сэтгэлтэй хүмүүст анхаарал тавьдгийн бас нэг баталгаа юм (Эх. 18:25). Ехова үйлчлэгчдээ тэнгэр элчүүдээрээ удирдуулан, сайн мэдээ тунхаглагдаагүй нутагт амьдардаг хонь шиг хүмүүстэй уулзуулдаг (Илч. 14:6, 7). Жишээ нь, сайн мэдээ дэлгэрүүлэгч Филип Бурхны тэнгэр элчийн удирдлагаар Этиопын өндөр албаны нэгэн түшмэлийг олж уулзан, Судрыг тайлбарлаж өгдөг. Үүний ачаар түшмэл сайн мэдээг хүлээн авч, Есүсийн дагалдагч болж баптисм хүртсэн түүхтэй * (Иох. 10:14; Үйлс 8:26–39).

17. Ирээдүйдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүйн учир юу вэ?

17 Өнөөгийн тогтолцооны төгсгөл ойртохын хэрээр Библид зөгнөсөн «төрөх өвдөлт» үргэлжлэх нь гарцаагүй (Мат. 24:8). Хүн ам өсөхийн хэрээр хоол хүнс хомсдож, үүнийг дагаад үнэ нь нэмэгдэж, бас цаг агаар өөрчлөгдөн, эдийн засгийн хямрал гарч байна. Түүнчлэн, ажилгүйдэл газар авч байгаа бөгөөд ажилтай нэг нь олон цагаар ажиллах шаардлагатай болж байна. Гэхдээ ямар ч саад учирсан, сүнслэг үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавин, «нүдээ цэвэр» байлгадаг буюу Бурханд үйлчлэхийг гол зорилгоо болгодог хүмүүс ирээдүйдээ хэтэрхий их санаа зовдоггүй. Учир нь тэд Бурхан өөрсдийг нь хайрладаг бөгөөд анхааран халамжилдаг гэдэгт итгэлтэй байдаг (Мат. 6:22–34). МЭӨ 607 онд Иерусалимыг аймшигтайгаар сүйрэхэд Ехова Иеремиаг хэрэгцээтэй зүйлээр нь хэрхэн хангаж байсныг жишээ болгон үзье.

18. Ехова Иеремиад хайртайгаа Иерусалимын бүслэлтийн үеэр хэрхэн харуулсан бэ?

18 Иерусалим вавилончуудын бүслэлтэд байх үеэр Иеремиа харуулын гэрийн хашаанд хоригдож байлаа. Хоол хүнс хаанаас олох бол? Эрх чөлөөтэй байсан бол хайгаад явж болох байсан. Гэтэл түүнийг үзэн ядагчид нь хорьсон байв. Тэр үед Иеремиа хүнд бус, өөрийг нь халамжлахаа амласан Бурханд найдаж байлаа. Ехова хэлсэндээ хүрсэн болов уу? Хүрсэн. Ехова «хотын бүх талх дуустал түүнд... өдөр тутам бүтэн талх» өгүүлж байсан юм (Иер. 37:21). Иеремиа Барух, Ебед-мелех болон бусад хүмүүсийн хамтаар өлсгөлөн, өвчин, үхлийн аюулыг эсэн мэнд давсан (Иер. 38:2; 39:15–18).

19. Ирээдүйгээ итгэлтэйгээр харахын тулд юунд шийдвэр төгс байх хэрэгтэй вэ?

19 «Эзний мэлмий зөвт хүмүүс дээр байдаг. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг» нь үнэхээр үнэн билээ (1 Петр 3:12). Та өөрөөсөө: «Тэнгэрийн Эцэг маань намайг харж байдагт би баярладаг уу? Ехова сайн сайхны минь төлөө намайг хардаг гэж бодоод тайван байдаг уу?» гэж асуугаарай. Тийм бол, ирээдүйд юу ч болох байсан, Бурхантай хамт явах шийдвэрээсээ бүү няцаарай. Ехова үнэнч үйлчлэгчдээ эцгийн ёсоор хардаг гэдэгт итгэлтэй байж болно (Дуу. 32:8; Исаиа 41:13-ыг уншина уу).

[Зүүлт]

^ Тэдгээр захидал, гол нь, Христийн тослогдсон дагалдагчдад хамаатай боловч, зарчмын хувьд, Бурхны бүх үйлчлэгчид тустай.

^ Дэлгэрүүлэх ажлыг Бурхан удирдан явуулдгийг батлах бас нэг жишээ бол Үйлс 16:6–10-т бичсэн үйл явдал юм. Тэнд бичсэнээр, Паул болон түүний хамтран зүтгэгчдийг Ази болон Битинд дэлгэрүүлэхийг нь «Ариун Сүнс хориглосон» ажээ. Харин Македонид очиж дэлгэрүүлэхийг тушаасан бөгөөд тэндхийн чин сэтгэлтэй олон хүн сайн мэдээг хүлээн авчээ.

Тайлбарлана уу

• «Бурхантай хамт явдгаа» яаж харуулах вэ?

• Ехова Барухт хайртайгаа хэрхэн харуулсан бэ?

• Христиан хурлын Тэргүүн Есүс Эцгийнхээ зан чанарыг хэрхэн дуурайдаг вэ?

• Өнөөгийн эгзэгтэй цагт Бурханд найддагаа яаж харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[9-р хуудасны зураг]

Христиан ахлагчид Барухт тусалсан Иеремиаг дуурайн, бидэнд Еховагийн хайр халамжийг үзүүлдэг

[10-р хуудасны зураг]

Хэрэгтэй цагт Ехова бидэнд хэрхэн тусалж болох вэ?