Skip to content

Гарчиг руу орох

Ехова чин сэтгэлийн залбиралд хариулна

Ехова чин сэтгэлийн залбиралд хариулна

Ехова чин сэтгэлийн залбиралд хариулна

«Ингэснээр Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь гэдгийг хүмүүс мэдэг» (Дуу. 83:18, ШЕ).

1, 2. Бурхны нэрийг мэдсэн олон хүнд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Ямар ямар асуулт гарч байна вэ?

 НЭГЭН эмэгтэй айл саахалтынханд нь тохиолдсон эмгэнэлт явдлаас болж тун их шаналж байжээ. Католик шашин шүтдэг эцэг эхийн гар дээр өссөн тэрбээр сүмийнхээ ламаас тусламж хүссэн боловч лам эмэгтэйтэй уулзаж ярилцахыг хүсээгүй аж. Тиймээс Бурханд хандан: «Би таны хэн болохыг мэдэхгүй... Гэхдээ таныг байдаг гэдэгт итгэдэг. Надад өөрийгөө таниулаач!» гэж залбирчээ. Түүнээс хойш удалгүй Еховагийн Гэрчүүд тэднийд ирж, мэдэхийг хүсэж байсан зүйлийг нь хэлж өгч, эмэгтэйг тайвшруулжээ. Тэрбээр Гэрчүүдээс олон зүйлийг, ялангуяа, Бурхны нэрийг Ехова гэдгийг ч мэдэж авчээ. Эмэгтэй Бурхны нэрийг мэддэг болсондоо тун их баярлажээ. «Бага байхаасаа л эрж хайж явсан Бурхантайгаа ингэж нэг танилцсан юм даа» гэж эмэгтэй ярьсан юм.

2 Бурхны нэрийг анх мэдээд энэ эмэгтэй шиг баярласан хүн олон бий. Библийн олон орчуулгад Бурхны нэрийг бичсэн байдаг. Тухайлбал, «Шинэ ертөнцийн орчуулга»-д Дуулал 83:18-ыг «Ингэснээр Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь гэдгийг хүмүүс мэдэг» гэж хөрвүүлжээ. Бас 1838 оны монгол орчуулгад: «[Таны] нэрийг Ехова мөн хийгээд, [таныг] бүх дэлхий дээр ганцхан хамгийн дээд мөн хэмээн тэд нь мэдэх болтугай» гэж бичжээ. «83-р дууллыг ямар зорилгоор бичсэн юм бол? Ямар үйл явдлын улмаас бүх хүн Еховаг цорын ганц, жинхэнэ Бурхан мөн гэж хүлээн зөвшөөрөх вэ? Энэ дуулал өнөөгийн бидэнд ямар ач холбогдолтой вэ?» гэж та ер нь бодож байсан уу? Эдгээр асуултын хариултыг энэ өгүүллээс мэдэж авцгаая. *

Еховагийн ард түмний эсрэг хуйвалдсан нь

3, 4. 83-р дууллыг хэн зохиосон бэ? Уг дуулалд бичсэнээр, Израильд ямар аюул нүүрлээд байсан бэ?

3 83-р дууллын оршилд «Асафын дуулал» гэсэн байдаг. Тэгэхлээр, уг дууллыг Давид хааны үед амьдарч байсан гарамгай хөгжимчин, Леви овгоос гаралтай Асафын удмын хүн бичсэн бололтой. Тэрбээр Еховаг хэмжээгүй эрх мэдэлтэй гэдгээ баталж, нэрээ олон түмэнд мэдүүлээч гэж гуйсан байдаг. Уг дууллыг Соломоныг нас барснаас хойш бичсэн байж таарна. Учир нь Давид болон Соломон хааны үед Тирийн хаан израильчуудад найрсаг ханддаг байв. Харин 83-р дууллыг бичих үед Тирийн оршин суугчид Израилиас нүүр буруулан, дайснуудтай нь хуйвалддаг болсон байжээ.

4 Дуулалч Бурхны ард түмнийг устгахаар хуйвалдсан арван үндэстнийг нэрлэжээ. Тэд бүгдээрээ Израилийн хөрш зэргэлдээ байсан бөгөөд дуулалд: «Едомын майхнууд болон ишмаелчууд, Моаб болон хагирчууд, Гебал, Аммон болон Амалек, Филист, Тирийн оршин суугчидтай хамт Ассири ч тэдэнтэй холбоо тогтоожээ» гэж бичжээ (Дуу. 83:6–8). Энд түүхэн ямар үйл явдлын талаар хэлсэн юм бол оо? Зарим судлаач Иехошафатын үед Моаб, Аммон болон Сеир уулын суугчид хүч хавсран Израиль руу дайрсныг уг дуулалд тэмдэглэсэн гэж үздэг (Ш.дэд 20:1–26). Харин зарим нь Израилийн хөрш зэргэлдээ үндэстнүүд байнга дайсагнадаг байсныг ерөнхийд нь хэлсэн хэрэг гэж үздэг.

5. Өнөөгийн христиануудад 83-р дуулал ямар ач холбогдолтой вэ?

5 Аль нь ч байсан, ард түмэнд нь аюул тулгарч байсан тэр үед Ехова Бурхан дуулалчийг ариун сүнсээрээ удирдан, уг дууллыг бичүүлсэн нь тодорхой байна. Энэ дуулал өнөөдөр ч Бурхны ард түмэнд урам хайрладаг. Тэд өөрсдийг нь устгах гэж улайран зүтгэсэн дайснуудын довтолгоонд түүхийнхээ туршид өртөж ирсэн. Бас тун удахгүй Магогийн Гог, Бурхныг сүнс ба үнэнээр шүтдэг хэн бүхнийг нэг дайралтаар бүрмөсөн устгахаар довтлох тэр цагт уг дуулал биднийг зоригжуулах нь гарцаагүй (Езекиел 38:2, 8, 9, 16-г уншина уу).

Хамгийн чухал зүйл

6, 7. а) 83-р дууллын эхэнд дуулалч юуны талаар залбирсан байдаг вэ? б) Дуулалчийн хувьд юу хамгийн чухал байсан бэ?

6 Дуулалч сэтгэлээ уудлан: «Өө, Бурхан, бүү дуугүй байгаач. Өө, Бурхан, бүү дуугүй байгаач, бүү нам жим болооч. Харагтун, Таны дайснууд шуугьж, Таныг үзэн ядагчид толгойгоо өргөсөн. Тэд Таны хүмүүсийн эсрэг хорон санаатай төлөвлөгөөг гарга[даг]... Тэд нэг оюун бодлоор хамтран хуйвалджээ. Таны эсрэг тэд гэрээ байгуулдаг» гэж залбирчээ (Дуу. 83:1–3, 5).

7 Дуулалч юунд хамгийн их шаналж байсан бол? Өөрийнхөө болон гэрийнхнийхээ амь нас, аюулгүй байдалд санаа зовж байсан нь ойлгомжтой. Гэхдээ Еховагийн нэр гутамшиг болох вий гэж, бас Бурхны нэрийг авч явдаг ард түмэнд аюул занал учраад байсанд хамгийн их зовж байсныг залбирал нь харуулдаг. Бид ч гэсэн өнөөгийн ертөнцийн эцсийн өдрүүдийн хүнд бэрхийг туулахдаа дуулалч шиг дүн нуруутай байх нь зүйтэй (Матай 6:9, 10-ыг уншина уу).

8. Израилийн эсрэг хуйвалдсан үндэстнүүд ямар зорилготой байсан бэ?

8 Израилийн дайснууд: «Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё» гэцгээж байсныг нь дуулалч иш татжээ (Дуу. 83:4). Тэд Бурхны сонгосон ард түмнийг ямар их үзэн ядаж байсан юм бэ! Гэхдээ тэд хуйвалдан нэгдсэн нь өөр нэг зорилготой байлаа. Дайснууд Израилийн газар нутагт шунан, «Өөрсдөдөө зориулан Бурхны бэлчээрийг эзэмшицгээе» гэж бардамнан сагсуурч байжээ (Дуу. 83:12). Үүнтэй төстэй явдал орчин үед ч гардаг.

Бурхны «ариун орон»

9, 10. а) Эрт цагт юуг Бурхны «ариун орон» гэдэг байсан бэ? б) Тослогдсон үлдэгдэл болон «өөр хонинууд» өнөөдөр ямар ивээл хүртдэг вэ?

9 Эрт цагт Амласан газрыг Бурхны «бэлчээр», «ариун орон» гэдэг байсан. Израильчууд Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнийхөө дараа ялалтын дуундаа: «Та зольсон ард түмнээ хайр энэрлээрээ удирдаж, Өөрийн хүчээр Та тэднийг ариун орон руугаа дагуулсан» гэж дуулжээ (Ег. 15:13). Хожим нь, тэрхүү «ариун орон» гэдэгт тахилчдын үйлчилж байсан сүм, Давидын удмын хаад Еховагийн сэнтийд заларч байсан нийслэл хот Иерусалим ч багтах болжээ (Ш.дээд 29:23). Тиймээс Есүс Иерусалимыг «агуу их Хааны хот» хэмээсэн нь зүйн хэрэг юм (Мат. 5:35).

10 Орчин үеийн «ариун орны» тухайд юу хэлж болох вэ? МЭ 33 онд «Бурхны Израиль» гэдэг шинэ үндэстэн бий болсон (Гал. 6:16). Есүс Христийн тослогдсон ах дүү нараас бүрдсэн энэ үндэстэн Израиль үндэстний биелүүлж чадаагүй үүргийг хүлээн Бурхны нэрийг гэрчлэх болсон билээ (Ис. 43:10; 1 Петр 2:9). Ехова: «Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно» хэмээн эртний Израильд амласнаа тэдэнд бас амласан юм (2 Кор. 6:16; Лев. 26:12). 1919 онд Ехова, «Бурхны Израилийн» үлдэгдэлтэй онцгой харьцаа тогтоож, тэр үеэс тэд «газар» эзэмших болсон. «Газар» гэдэг нь тослогдсон христиануудын сүнслэг үйл хэрэг бөгөөд тэд ийм үйл хэрэг явуулдгийнхаа ачаар сүнслэг диваажинд амьдардаг (Ис. 66:8). 1930-аад оноос хойш олон сая «өөр хонинууд» тэдэнтэй нэгдсэн билээ (Иох. 10:16, ШГ). Орчин үеийн христианууд Бурхандаа баяр хөөртэй үйлчлэн, сүнслэгээр цэцэглэн хөгжиж байгаа нь Еховагийн хэмжээгүй эрх мэдэлтэй байхын зөвийг хөдөлшгүйгээр баталдаг (Дуулал 91:1, 2-ыг уншина уу). Харин Сатан үүнд хилэгнэн уурладаг.

11. Бурхны дайснуудын гол зорилго юу вэ?

11 Сатан тослогдсон үлдэгдэл болон тэдний хамтран зүтгэгч өөр хонинуудыг эсэргүүцэх зорилгоор газар дээрх гар хөл бологсдоо төгсгөлийн цаг үеийн туршид ашигласаар ирсэн. Иймэрхүү явдал баруун Европт нацист дэглэм, зүүн Европт Зөвлөлт Холбоот улсад коммунист дэглэм ноёрхож байхад гарч байсан. Өөр орнуудад ч гарч байсан бөгөөд хойшид, ялангуяа, Магогийн Гогийг эцсийн удаа довтлоход дахин гарах нь дамжиггүй. Тэр үед эсэргүүцэгчид Еховагийн ард түмний өмч хөрөнгийг урьдынх шиг хураан авч болох юм. Гэхдээ Сатан Еховагийн Гэрчүүд гэдэг нэрийг арчин хаяхын тулд Бурхны ард түмнийг хагалан бутаргахыг гол зорилгоо болгодог. Эрх мэдлийг нь ингэж эсэргүүцэхэд Ехова яадаг вэ? Дуулалчийн үгийг санацгаая.

Ехова хэзээд ялдаг

12–14. Дуулалч Мегиддо хотын ойролцоо болсон ямар хоёр тулалдааны ялалтын тухай дурдсан бэ?

12 Ехова дайсны төлөвлөгөөг нураах чадалтай гэдэгт дуулалч бат итгэж байсныг анхааръя. Эрт цагт изриальчууд Мегиддо гэдэг уудам талд байсан Мегиддо хотын ойролцоо хоёр удаа шийдвэрлэх тулалдаан хийж, дайснаа ялсныг дуулалч дурдсан байдаг. Зуны цагт Кишон голын хуурай голдрил Мегиддогийн талд тахиралдан харагддаг ажээ. Харин өвлийн улиралд аадар борооны улмаас гол үерлэдэг байж. «Мегиддогийн ус» гэж ярьдаг байсан нь бас үүнтэй холбоотой бололтой (Шүү. 4:13; 5:19).

13 Мегиддо хотоос зүүн тийш 15 орчим километр зайд Морегийн толгой байдаг. Шүүгч Гидеоны үед мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд израильчуудтай тулалдахаар уг газарт цуглажээ (Шүү. 7:1, 12). Гидеон цэргээ цөөлсөөр гурван зуухан цэрэгтэй болсон боловч хүчээр давуу дайснуудыг Еховагийн тусламжтайгаар ялсан түүхтэй. Тэд Бурхны тушааснаар шавар саванд бамбар хийж бариад шөнө нь дайсны хуаранг бүсэлжээ. Гидеоныг дохио өгмөгц цэргүүд саваа хага цохин бамбараа ил гаргаад, бүрээ үлээн «ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө илд» гэж хашхиралдсан. Дайснууд учраа ололгүй, үймэлдэн сандарч, бие биеэ алаад, үлдсэн нь Иордан голыг гатлан зугтсан. Тэр хооронд израилийн цэрэг хүчээ зузаатгаад, дайсны араас нэхэн хөөжээ. Эцэст нь дайсны 120 000 цэрэг алагдсан байлаа (Шүү. 7:19–25; 8:10).

14 Мегиддогоос зүүн зүгт, Морегийн толгойноос хойш 6 километр зайтай газар Табор уул бий. Тэнд шүүгч Барак Израилийн 10 000 цэргийг цуглуулан, Сисера жанжнаар удирдуулсан, Хазор хотын хаан, канаан хүн Иабины цэрэгтэй тулалдахаар болдог. Канаанчууд дугуйндаа урт төмөр илдтэй 900 байлдааны тэрэгтэй байлаа. Сисерагийн цэргүүд Табор ууланд цугласан, зэр зэвсэг муутай Израилийн армитай тулалдахаар тал руу явсан нь гэнэн хэрэг байв. Тэнд Ехова Сисера болон түүний бүх тэрэг, цэргүүдийг үймүүлжээ. Тэр үед гэнэт хүчтэй бороо орж, Кишон гол үерлэсний улмаас дайсны тэргүүд шаварт зоогдсон бололтой. Израильчууд дайснаа бүгдийг нь сөнөөжээ (Шүү. 4:13–16; 5:19–21).

15. а) Дуулалч Еховагаас юу гуйсан бэ? б) Бурхны сүүлчийн дайны нэр бидэнд юу сануулдаг вэ?

15 Дуулалч тухайн үед израильчуудад аюул учруулж байсан үндэстнүүдийг Ехова урьдынх шигээ ялаасай гэж шаргуу залбирчээ. Тэрбээр: «Тэдэнтэй Мидианд үйлдсэн шиг, Кишон голын урсгалын дэргэд Сисера ба Иабинд үйлдсэн шиг хандаач. Тэд Ен-дорт сөнөж, газарт хаягдах хог мэт болсон» хэмээн залбирчээ (Дуу. 83:9, 10). Сонирхолтой нь, Сатаны ертөнцийг устгах Бурхны сүүлчийн дайныг Хармагедон гэдэг бөгөөд энэ нэр нь «Мегиддогийн уул» гэсэн утгатай ажээ. Энэ үг Мегиддогийн орчим болсон шийдвэрлэх тулалдаануудыг санагдуулдаг. Эрт цагийн тулалдаанд Еховагийн ялж байсныг бодохлоор Хармагедон гэдэг дайнд ч гарцаагүй ялна гэсэн итгэл төрдөг (Илчлэлт 16:13–16-г уншина уу).

Еховаг хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөөч гэж залбирах нь

16. Ехова дайснуудын «нүүрийг ичгүүрээр дүүргэсэн» гэж хэлж болохын учир юу вэ?

16 Өнөөгийн «эцсийн өдрүүдэд» ард түмнийг нь устгах гэсэн дайсны бүх оролдлогыг Ехова бүтэлгүй болгож байгаа (2 Тим. 3:1). Үүний улмаас эсэргүүцэгчид ичгүүрт ордог. Энэ тухай Дуулал 83:16-д: «[Хүмүүс] Таны нэрийг эрж хайдаг болохын тулд тэдний нүүрийг ичгүүрээр дүүргээч» гэж байдаг нь зөгнөлийн утгатай ажээ. Олон оронд эсэргүүцэгчид Еховагийн Гэрчүүдийг дуугүй болгохыг оролдсон ч амжилтад хүрэлгүй гутамшиг болсон юм. Харин цорын ганц жинхэнэ Бурхны үйлчлэгчид тууштай байдал, тэвчээрээрээ чин сэтгэлтэй хүмүүсийн анхаарлыг татсан бөгөөд олон хүн Еховагийн «нэрийг эрж хайдаг» болсон билээ. Еховагийн Гэрчүүдийг хавчиж хяхдаг байсан улс орнуудад өнөөдөр олон зуун мянган хүн Ехова Бурханд баяр хөөртэй үйлчилж байна. Тэгэхлээр, Ехова ялалт байгуулж, харин дайснууд нь ичгүүр шившиг болжээ (Иеремиа 1:19-ийг уншина уу).

17. Хүн төрөлхтөн ямар эгзэгтэй үйл явдлын өмнө тулж ирээд байна вэ? Бид удахгүй ямар үгийг санах вэ?

17 Дайснууд өнөөдөр ч, ирээдүйд ч биднийг хавчихаа болихгүйг бид сайн мэддэг. Гэхдээ бид ч бас сайн мэдээ тунхаглахаа, тэр бүү хэл, эсэргүүцэгчдэд дэлгэрүүлэхээ зогсоохгүй (Мат. 24:14, 21). Өнөөдөр эсэргүүцэгчдийн гэмшиж, аврагдах боломж нь улам бүр хумигдаж байна. Учир нь Еховагийн нэр ариусах нь хүний аминаас илүү чухал юм (Езекиел 38:23-ыг уншина уу). Зөгнөсөн ёсоор, дэлхийн бүх үндэстэн Бурхны ард түмнийг устгахаар хүчээ нэгтгэх тэр цагт бид дуулалчийн «Тэднийг мөнхөд ичгүүрт оруулан айлгаж, тэднийг дорд болгон мөхөлд учруулаач» хэмээн залбирсныг санах болно (Дуу. 83:17).

18, 19. а) Еховагийн эрх мэдлийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс яах вэ? б) Ехова удахгүй эрх мэдлээ бүрмөсөн зөвтгөнө гэдгийг мэдэхлээр танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

18 Еховагийн эрх мэдлийг санаатайгаар эсэргүүцэгчдийн төгсгөл нь ичгүүр шившиг байх юм. «Сайн мэдээг дагадаггүйн» улмаас Хармагедоноор устгагдах хүмүүс «мөнх сүйрлийн төлөөсийг төлнө» гэж Бурхны Үг хэлдэг (2 Тес. 1:7–9). Тийм хүмүүс устаж, харин Еховаг үнэнээр шүтдэг хүмүүс эсэн мэнд үлдэнэ гэдэг нь Ехова бол цорын ганц жинхэнэ Бурхан мөн гэдгийн хөдөлшгүй баталгаа байх болно. Энэхүү агуу ялалтыг шинэ ертөнцөд амьдрах хүмүүс хэзээ ч мартахгүй. Дахин амилах «зөвт ба хилэнцэт хүмүүс» Еховагийн агуу үйлсийн талаар мэдэж авна (Үйлс 24:15). Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд захирагдаж амьдрах нь хэчнээн ухаалаг хэрэг болохыг тэд шинэ ертөнцөд нүдээрээ үзнэ. Тэгээд тэдний дундаас даруу хүмүүс нь Ехова бол цорын ганц жинхэнэ Бурхан мөн гэдгийг тэр даруй ойлгоно.

19 Халамжит тэнгэрийн Эцэг маань үйлчлэгчдийнхээ төлөө ийм гайхамшигтай сайхан ирээдүйг бэлджээ. Дуулалч: «[Дайснуудаа] дорд болгон мөхөлд учруулаач» гээд, цааш нь «Ингэснээр Ехова гэдэг нэртэй зөвхөн Та л бүх дэлхийн цорын ганц Хамгийн дээд нь гэдгийг хүмүүс мэдэг» (ШЕ) хэмээн залбирсан билээ (Дуу. 83:17, 18). Еховаг энэ залбиралд нэн даруй, бүрмөсөн хариулаасай гэж залбирах хүсэл танд төрж байна уу?

[Зүүлт]

^ Энэ өгүүллийг судлахаасаа өмнө 83-р дууллыг уншиж, утга агуулгатай нь танилцвал илүү тустай.

Тайлбарлана уу

83-р дууллыг бичих үед Израильд байдал ямар байсан бэ?

83-р дууллыг бичигчийн хувьд юу хамгийн чухал байсан бэ?

• Өнөөдөр хэн Сатаны бай болж байна вэ?

Дуулал 83:18-д бичсэн залбиралд Ехова яаж бүрмөсөн хариулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны газрын зураг]

(For fully formatted text, see publication)

Эрт цагт Мегиддогийн орчимд болсон тулалдаанууд ирээдүйн ямар үйл явдалтай холбоотой вэ?

Кишон гол

Харошет

Кармел уул

Иезреелийн хөндий

Мегиддо

Таанах

Гилбоа уул

Хародын булаг

Море

Ен-дор

Табор уул

Галилын тэнгис

Иордан гол

[12-р хуудасны зураг]

Ямар учраас нэгэн дуулалч чин сэтгэлээсээ залбирсан бэ?