Skip to content

Гарчиг руу орох

Мөнхийн амь олж авахын тулд та юугаа золиослох вэ?

Мөнхийн амь олж авахын тулд та юугаа золиослох вэ?

Мөнхийн амь олж авахын тулд та юугаа золиослох вэ?

«Амийнхаа оронд юугаа өгөх билээ?» (МАТ. 16:26).

1. Есүс ямар учраас Петрийн үгийг огт хүлээж аваагүй вэ?

 ЭЛЧ Петр чихэндээ ч итгэж чадахгүй байлаа. Хайртай Багш Есүс Христ нь зовлон үзэж, үхэх тухайгаа «ил шулуухан» ярьж байв. Петр Багшийгаа бодсондоо: «Эзэн минь, Таныг Бурхан өршөөг [«Өөрийгөө хайрлаач», ШЕ]. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэж зэмлэжээ. Тэгтэл Есүс эргэж, бусад шавь нар руугаа харав. Тэд ч бас Петр шиг ташаа бодож байсан бололтой. Тэгээд Есүс Петрт: «Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурхны юмыг бус, харин хүнийхийг л боддог» гэж хэлжээ (Марк 8:32, 33; Мат. 16:21–23).

2. Жинхэнэ дагалдагч нь байхын тулд Есүсийн хэлсэн ямар шаардлагыг хангах ёстой вэ?

2 Петр Есүсийн үгийг цааш нь сонсоод тэгж хатуу зэмлүүлснийхээ учрыг ойлгосон биз ээ. Есүс «хурсан олныг шавь нарынхаа хамт дуудаад», «Хэрэв хэн нэг нь Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, загалмайгаа барьж, Намайг дагаг. Учир нь хэн өөрийн амийг аврахыг хүснэ, тэр хүн түүнийгээ алдана, Харин хэн Миний төлөө, сайн мэдээний төлөө өөрийн амийг алдана, тэр хүн түүнийгээ аварна» гэж хэлжээ (Марк 8:34, 35). Есүс өөрөө амиа золиослох гэж байсныгаа төдийгүй дагалдагчид нь бас Бурханд үйлчлэхийн тулд амиа золиослоход бэлэн байх хэрэгтэйг хэлжээ. Хэрэв Христийг дагадаг хүн өөрийгөө золиосолбол агуу шагнал хүртэх ажээ (Матай 16:27-г уншина уу).

3. а) Есүс өөрийг нь сонсож байсан хүмүүст ямар хоёр асуулт тавьсан бэ? б) Хоёр дахь асуулт нь юуг сануулсан байж болох вэ?

3 Тэр үед Есүс: «Хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ?», «Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?» гэсэн гүнзгий утгатай хоёр асуулт тавьсан (Марк 8:36, 37). Эхний асуултын хариу хэнд ч ойлгомжтой. Бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ч ашиг байхгүй. Хүн амьд байж л эд хөрөнгө эдэлж хэрэглэнэ шүү дээ. Харин Есүсийг: «Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?» гэсэн хоёр дахь асуултаа тавихад хүмүүс Иовын үед Сатан: «Байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлснийг нь санасан байж болох юм (Иов 2:4). Еховаг шүтдэггүй хүний хувьд Сатаны үг үнэн санагдах байх. Тийм хүн амьд явахын тулд юугаа ч өгөхөөс, ямар ч хууль зарчмыг зөрчихөөс буцахгүй байх. Харин христиан хүн өөр бодолтой явдаг.

4. Есүсийн тавьсан хоёр асуулт ямар учраас христиануудын хувьд илүү гүнзгий утга илэрхийлдэг вэ?

4 Есүс биднийг энэ ертөнцөд эрүүл саруул, баян чинээлэг амьдруулж, урт наслуулах гэж бус, харин шинэ ертөнцөд мөнх амьдрах боломжтой болгох гэж дэлхийд ирсэн билээ. Бид ч шинэ ертөнцөд мөнх амьдрах найдварыг өндөр үнэлдэг (Иох. 3:16). Тиймээс христиан хүн Есүсийн эхний асуултыг: «Хүн бүх дэлхийг олж авсан ч мөнх амийн найдвараа алдвал ямар ашиг байх билээ?» гэж ойлгоод, ямар ч ашиг байхгүй гэж хариулна (1 Иох. 2:15–17). Харин Есүсийн хоёр дахь асуултад хариулахын тулд «Шинэ ертөнцөд амьдрах найдвараа баталгаажуулахын тулд би одоо юугаа золиослоход бэлэн байгаа билээ?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй. Бидний амьдралын хэв маяг энэ асуултын жинхэнэ хариу болоод зогсохгүй ирээдүйн найдвар маань хэр бат бэх болохыг илчилдэг (Иохан 12:25-тай харьцуулна уу).

5. Мөнх амийн бэлгийг яаж хүртэх вэ?

5 Хүн золиосолсон зүйлийнхээ хөлсөнд мөнх амь авна гэж Есүс хэлээгүй. Амьд явна гэдэг, тэр бүү хэл, энэ ертөнцөд ахар богино хугацаагаар амьдрах ч Бурхны бэлэг юм. Амь бол мөнгө төгрөг, хүч хөдөлмөр, авьяас чадвараар олддог юм биш ээ. Мөнх амийн бэлгийг хүртэх цорын ганц арга бол Христ Есүст болон «өөрийг нь хайгч хүмүүст ...Шагнагч нь болдог» Еховад итгэх явдал юм (Гал. 2:16; Евр. 11:6). Итгэлээ үйл хэргээрээ батлах хэрэгтэй. Учир нь «үйлсгүй итгэл... үхмэл» юм (Иак. 2:26). Тиймээс, Есүсийн хоёр дахь асуултыг лавшруулан бодоод, «Би энэ ертөнцөд юугаа золиослоход бэлэн байгаа вэ? Итгэлээ амьд гэж батлахын тулд Еховагийн төлөө юу хийх хүсэлтэй вэ?» гэсэн асуултыг нухацтай авч үзэх хэрэгтэй.

«Христ... Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй»

6. Есүс юуг эн тэргүүнд тавьсан бэ?

6 Есүс тухайн үеийнхээ ертөнцөөс авч болох зүйл болон тав тухтай амьдралд шунадаггүй, чухал зүйлд анхаарлаа хандуулдаг хүн байв. Тэрбээр Бурханд дуулгавартай байн, өөрийгөө золиосолж амьдарсан юм. Есүс: «Би үргэлж [Бурханд] тааламжтай зүйлсийг үйлддэг» гэж хэлсэн нь хэзээ ч өөрийнхөө ашиг сонирхлыг хардаггүй байсныг нь баталдаг (Иох. 8:29). Тэгвэл Бурханд таалагдахын тулд Есүс юугаа золиосолсон бэ?

7, 8. а) Есүс юугаа золиосолж, ямар шагнал хүртсэн бэ? б) Бид өөрсдөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ?

7 Нэгэн удаа Есүс шавь нартаа: «Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн бөгөөд амиа олны төлөө золиос болгон өгөхөөр ирсэн билээ» гэж хэлдэг (Мат. 20:28). Өмнө нь Есүсийг «амиа ...золиос болгон өгөх» тухайгаа ярихад нь Петр «өөрийгөө хайрлаач» гэж хэлж байсан. Гэсэн ч Есүс тууштай байж, хүн төрөлхтний төлөө төгс амиа дуртайяа золиосолсон. Есүс хувиа боддоггүй байсныхаа ачаар ирээдүйгээ баталгаажуулсан юм. Бурхан түүнийг дахин амилуулж, «баруун гартаа өргөмжилсөн» билээ (Үйлс 2:32, 33). Есүс бидэнд үнэхээр сайхан жишээ үзүүлжээ.

8 Элч Паул Ром дахь христиануудад: «Өөрсдийнхөө сэтгэлд нийцүүлэхгүй» байхыг захиад, «Христ ч... Өөрийнхөө сэтгэлд нийцүүлээгүй» гэж сануулсан байдаг (Ром 15:1–3). Тэгвэл бид элч Паулын зөвлөгөөг хэрэгжүүлэн, Есүсийн үлгэр жишээгээр өөрсдийгөө хэр зэрэг их золиосолдог вэ?

Ехова биднийг хамгийн сайнаа өгөөсэй гэж хүсдэг

9. Бид ямар шийдвэр гаргаж Бурханд өөрийгөө зориулдаг вэ?

9 Эртний Израильд мөрдөж байсан Мосегийн хуулиар еврей боол эзэндээ зургаан жил үйлчлээд долоо дахь жилд нь юм уу Тавь дахь жилд чөлөөлөгдөх эрхтэй байсан. Гэхдээ өөр шийдвэр гаргаж болдог байж. Хэрэв боол эзэндээ хайртай болбол насан туршдаа боол нь байхаар үлдэж болдог байв (Дэд хууль 15:12, 16, 17-г уншина уу). Бид ч гэсэн тийм шийдвэр гаргаж Бурханд өөрийгөө зориулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө хүслийг бус, Бурхны хүсэл тааллыг биелүүлнэ гэж сайн дураараа шийддэг. Ийнхүү Еховад чин сэтгэлээсээ хайртайгаа, үүрд мөнх үйлчлэх хүсэлтэйгээ батлан харуулдаг.

10. Биднийг Бурхны «өмч» гэж хэлж болохын учир юу вэ? Үүнийг ойлгох нь бидний үзэл бодол, үйл хэрэгтэй ямар холбоотой вэ?

10 Хэрэв та одоо Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалган, дэлгэрүүлэх ажилд оролцож, цуглаанд тогтмол очиж байгаа бол үнэхээр сайн байна. Удахгүй таныг Бурханд өөрийгөө зориулах хүсэлд автан, Филиптэй ярилцсан этиоп хүний адилаар: «Баптисм хүртэхэд болохгүй нь юу билээ?» гэж асууна хэмээн найдаж байна (Үйлс 8:35, 36). Хэрэв та баптисм хүртвэл Паулын: «Та нар өөрсдийнх биш... Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм» гэж хэлснээр Еховад хамаатай болно (1 Кор. 6:19, 20). Христиан хүн тэнгэр газрын алинд ч амьдрах бай, Еховад өөрийгөө зориулсан л бол Еховаг эзнээ болгодог. Тиймээс, амин хувийн хүслээ хойш тавьж, «хүмүүсийн боол... болохгүй» байх нь их чухал юм (1 Кор. 7:23). Еховад үнэнч байж, хүссэнээр нь үйлчилнэ гэдэг үнэхээрийн завшаантай хэрэг мөн.

11. Христианууд ямар тахил өргөх ёстой вэ? Энэ нь юу гэсэн үг вэ? Мосегийн хуулиас жишээ татаж тайлбарлана уу.

11 Паул итгэл нэгтнүүддээ: «Өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргө... Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн» гэж уриалжээ (Ром 12:1). Христиан болохоосоо өмнө иудаизмыг шүтдэг байсан хүмүүс энэ уриалгыг уншаад тахил өргөдөг байснаа санасан болов уу. Хүн өөртөө байгаа хамгийн сайн амьтнаар Еховад тахил өргөх ёстой бөгөөд элдэв согогтой амьтныг тахил болговол Бурхан хүлээж авдаггүйг тэд Мосегийн хуулиас мэддэг байв (Мал. 1:8, 13). Бид ч гэсэн биеэ «амьд тахил» болгохдоо энэ зарчмыг баримтлах учиртай. Бид хувийн хүслээ хангахын төлөө байгаа бүхнээ зориулдаггүй, харин Ехова Бурхандаа хамгийн сайнаа өгдөг. Учир нь бид өөрсдийгөө Бурханд зориулахдаа амь амьдрал буюу хүч чадал, өмч хөрөнгө, авьяас чадвараа Бурхандаа хоёргүй сэтгэлээр өгсөн билээ (Кол. 3:23). Тэгвэл үүнийгээ амьдрал дээр яаж харуулах вэ?

Цагаа ухаалаг ашиглагтун

12, 13. Еховад хамгийн сайнаа өгөх аргын нэг юу вэ?

12 Еховад хамгийн сайнаа өгөх аргын нэг бол цагаа ухаалаг ашиглах явдал юм (Ефес 5:15, 16-г уншина уу). Үүний тулд биеэ захирч сурах хэрэгтэй. Бид төгс бус байдал болон ертөнцийн нөлөөгөөр цаг заваа зугаа цэнгэл, дуртай сонирхолтой юмандаа зориулах хандлагатай байдаг. Аятай сайхан амрах, христиан үүргээ биелүүлэхийн тулд ажил хөдөлмөр эрхлэх гэх зэргийн «бүх юмс цаг хугацаатай» нь үнэн (Ном. 3:1). Гэхдээ Бурханд өөрийгөө зориулсан христиан хүн дүн нуруутай байж, цагаа ухаалаг ашиглах хэрэгтэй.

13 Элч Паул Афинд байхдаа «афинчууд цөмөөрөө болон тэнд зочлон буй гадаадынхан нэгэн шинэ зүйл сонсох, эсвэл ярихад л цагаа зарцуулдгийг» анзаарчээ (Үйлс 17:21). Өнөөдөр хүмүүс зурагт, видео тоглоом, Интернет гэх мэтэд ихэнх цагаа зарцуулдаг. Сонирхол татдаг, цаг завыг маань бардаг зүйл улам л нэмэгдэж байна. Хэрэв бид тиймэрхүү зүйлд автвал сүнслэг хэрэгцээгээ үл тоомсорлох аюултай. Цагт хавчигдсандаа, «илүү чухал юмыг» анхаарах буюу Еховад үйлчлэх завгүй гэж боддог болж мэднэ (Флп. 1:9, 10, ШЕ).

14. Ямар ямар асуултыг анхааралтай авч үзэх хэрэгтэй вэ?

14 Тиймээс Еховад өөрийгөө зориулсан христиан хүн та өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай. «Би өдөр бүр Библиэ унших, эргэцүүлэн бодох, залбирах цаг гаргадаг уу?» (Дуу. 77:12; 119:97; 1 Тес. 5:17). «Бүх цуглаанд бэлдэх зав гаргадаг уу? Цуглаанд оролцон хариу өгч бусдыгаа урамшуулдаг бил үү?» (Дуу. 122:1; Евр. 2:12). Паул Барнаб хоёр «Эзэнд найдан», «нэлээд хугацаагаар» «зоригтой ярьжээ» гэж Библид бичсэн байдаг (Үйлс 14:3). Та ажил амьдралаа зохицуулаад, дэлгэрүүлэх ажилд илүү их, бүр «нэлээд» цаг гаргах, цаашилбал эхлэгчээр үйлчлэх боломжтой юу? (Еврей 13:15-ыг уншина уу).

15. Ахлагчид цагаа ухаалгаар яаж ашигладаг вэ?

15 Элч Паул Барнаб хоёр Антиохын хуралд очоод тэндхийн христиануудыг урамшуулахын тулд тэнд «удаан хугацаагаар байжээ» (Үйлс 14:28). Өнөөдөр ч гэсэн христиан ахлагчид итгэл нэгтнүүдээ бэхжүүлэхийн тулд ихээхэн цаг зарцуулдаг. Тэд дэлгэрүүлэх ажилд оролцохын хажуугаар сүргээ хариулах, төөрсөн хонийг хайх, өвдөж зовсон нэгэндээ туслах гэх зэргийн олон ажил амжуулдаг. Хэрэв та баптисм хүртсэн эрэгтэй бол нэмэлт үүрэг хүлээхийн тулд тодорхой алхам хийх боломжтой юу?

16. «Итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдье» гэвэл юу юу хийж болох вэ?

16 Хүний буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй гай зовлон юм уу байгалийн гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ туслахын баяр баясгаланг олон Гэрч биеэрээ үзжээ. Тухайлбал, Бетелд үйлчилдэг 60 гаруй настай нэг Гэрч эмэгтэй тусламжийн ажилд оролцохоор нэг бус удаа хол газар явж байжээ. Бүр амралтаа аваад тийм ажилд оролцдогийн учир нь юу юм бол оо? Тэрбээр: «Би онцгой авьяас чадвартай хүн биш боловч итгэл нэгтнүүддээ чадах чинээгээрээ тусалсандаа баярладаг. Ах дүү нар маань эд материалын хохирол үзсэн ч бат итгэлтэй байсан нь надад их урам өгсөн» гэж ярьжээ. Түүнээс гадна, Хаанчлалын болон чуулганы танхим барих ажилд сайн дураараа оролцдог олон мянган Гэрч бий. Ийм үйл хэрэгт оролцох нь «итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэж» байгаа хэрэг юм (Гал. 6:10).

«Би та нартай үргэлж хамт байх болно»

17. Мөнхийн амь олж авахын тулд та юугаа золиослох вэ?

17 Бурхнаас хөндийрсөн хүний нийгэм удахгүй өнгөрөн одно. Чухам хэзээ гэдгийг нь бид яг таг мэдэхгүй боловч «цаг хугацаа охор богино болж», «энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байгааг» ойлгодог (1 Коринт 7:29–31-ийг уншина уу). Тиймээс, «Амиа сольж авахын тулд хүн юугаа өгөх юм бэ?» хэмээсэн Есүсийн асуултын утга агуулга улам бүр нарийсаж байна. Бид «жинхэнэ аминд хүрэхийн» тулд Еховагийн шаардсан бүхнийг дуртайяа золиосолно (1 Тим. 6:19). «Намайг дагаж», «эхлээд ...хаанчлалыг ...хайгтун» хэмээсэн Есүсийн захиасыг биелүүлэх нь амин чухал юм (Мат. 6:31–33; 24:13).

18. Бид юунд, ямар учраас итгэлтэй байж болох вэ?

18 Есүсийг дагах тэр бүр амаргүй байдаг нь үнэн. Есүсийн сануулж байснаар, түүнийг дагаснаасаа болж амиа алдсан хүмүүс ч бий. Гэлээ ч бид түүнийг дуурайн, «өөрийгөө хайрлах» хүсэл төрүүлж болзошгүй аливаа бүхнээс зайлсхийдэг. Есүс І зууны тослогдсон дагалдагчдадаа: «Үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» гэж амласанд нь бид итгэлтэй байдаг (Мат. 28:20). Тиймээс бүгдээрээ Бурханд үйлчлэхийн тулд цаг зав, авьяас чадвараа аль болох бүрэн дүүрэн зориулцгаая. Ингэвэл Ехова биднийг агуу их гай гамшгаар эсэн мэнд үлдээх юм уу шинэ ертөнцөд дахин амилуулна гэдэгт итгэдгээ харуулна (Евр. 6:10). Бас Бурхны өгсөн амь гэдэг бэлгийг өндөр үнэлдгээ харуулна.

Хариулна уу

• Есүс, Бурхан болон хүмүүст үйлчлэх чин хүсэлтэй байснаа юугаар харуулсан бэ?

• «Өөрийгөө үгүйсгэх» хэрэгтэйн учир юу вэ? Үүний тулд яах хэрэгтэй вэ?

• Эрт цагт Ехова ямар тахилыг хүлээн авдаг байсан бэ? Энэ нь бидэнд ямар сургамжтай вэ?

• Цагаа яаж ухаалаг ашиглах вэ?

[Догол мөрийн асуулт]

[26-р хуудасны зураг]

Есүс дандаа Бурханд таалагддаг зүйлийг хийдэг байсан

[28-р хуудасны зураг]

Талархуу сэтгэлтэй израильчууд жинхэнэ шүтлэгийг дэмжин, хамгийн сайнаа өгдөг байсан

[29-р хуудасны зураг]

Цагаа ухаалаг ашиглавал Бурханд таалагдана