Skip to content

Гарчиг руу орох

Та бусдыг хүндлэхийн үлгэр жишээ үзүүлдэг үү?

Та бусдыг хүндлэхийн үлгэр жишээ үзүүлдэг үү?

Та бусдыг хүндлэхийн үлгэр жишээ үзүүлдэг үү?

«Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» (РОМ 12:10).

1. Ямар хандлага газар авч байна вэ?

 ЗАРИМ үндэстэнд хүүхэд багачууд нь томчуудын дэргэд сөхөрч суудаг ёс байдаг. Энэ нь өөрөөсөө ах хүнээс өндөр харагдахгүй байх буюу хүндэтгэж байгаа хэрэг ажээ. Бас ахмад хүнд нуруугаа харуулахыг хүндэтгэлгүйн шинж гэж үздэг байна. Хүмүүс ёс заншлаасаа шалтгаалан хүндэтгэлээ янз бүрээр илэрхийлдгийг бодохлоор Мосегийн хууль санаанд буудаг. Уг хуульд: «Буурлын өмнө босон зогсож, настанг дээдлэ» гэсэн тушаал байдаг (Лев. 19:32). Гэтэл өнөөдөр бусдыг үл хүндэтгэх хандлага газар авсан нь харамсалтай.

2. Бурхны Үгэнд бичсэнээр, бид хэнийг хүндлэх ёстой вэ?

2 Бусдыг хүндлэхийн чухлыг Бурхны Үг онцлон тэмдэглэдэг. Библид бичсэнээр, бид Ехова Есүс хоёрыг хүндлэх ёстой (Иох. 5:23). Бас гэрийнхэн, итгэл нэгтнүүд болон итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүсийг ч хүндлэх тушаалтай (Ром 12:10; Ефес 6:1, 2; 1 Петр 2:17). Тэгвэл Еховаг бишрэн хүндэтгэдгээ яаж харуулах вэ? Итгэл нэгт христиануудаа хүндэлдгээ хэрхэн харуулах вэ? Эдгээр болон бусад асуултыг энэ өгүүллээр ярилцъя.

Еховаг болон Еховагийн нэрийг хүндэтгэгтүн

3. Еховаг бишрэн хүндэтгэх нэг гол арга юу вэ?

3 Еховаг бишрэн хүндэтгэх нэг гол арга бол нэрийг нь хүндэтгэх явдал юм. Бид бол «Бурхны... нэрийн төлөөх хүмүүс» билээ (Үйлс 15:14). Төгс хүчит Бурхны Ехова гэдэг нэрийг авч явна гэдэг үнэхээр том завшаан. Зөнч Мика: «Хэдийгээр бүх ард түмэн тус бүр өөрийн бурхны нэр дотор алхах боловч бидний хувьд, бид үүрд мөнх өөрсдийн Бурхан ЭЗЭНий [«Еховагийн», ШЕ] нэр дотор алхана» гэж хэлсэн (Мика 4:5). «Еховагийн нэр дотор алхах» гэдэг нь Еховаг болон нэрийг нь өдөр бүр алдаршуулж амьдрах гэсэн үг юм. Хэрэв бид дэлгэрүүлдэг сайн мэдээнийхээ дагуу амьдрахгүй бол, Ромын христиануудад Паулын хэлснээр, Бурхны нэр «доромжлогдоно» (Ром 2:21–24).

4. Еховаг гэрчлэх үүргийг та юу гэж үздэг вэ?

4 Еховаг бишрэн хүндэтгэдгээ харуулах бас нэг арга бол дэлгэрүүлэх ажил хийх юм. Эрт цагт Ехова Израиль үндэстнийг гэрчээ болгон сонгосон боловч тэд тэр үүргийг биелүүлж чадаагүй (Ис. 43:1–12). Израильчууд олон удаа Еховагаас нүүр буруулж, «Израилийн Ариун Нэгнийг өвтгөж» байсан (Дуу. 78:40, 41). Эцэст нь, Еховагийн тааллыг бүрмөсөн алджээ. Харин бид Еховаг гэрчилж, нэрийг нь тунхаглах завшаантай үүрэг хүлээдэгтээ баярладаг. Бид Бурхныг хайрлаж, нэр нь ариусаасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг учир Еховаг гэрчилдэг. Тэнгэрийн Эцгийнхээ тухай үнэнийг мэддэг, санаа зорилгыг нь ойлгодог хүн дэлгэрүүлэхгүй байж яахин чадах билээ! «Би шахалтад байдаг. Хэрэв би сайн мэдээг тунхаглахгүй бол энэ нь надад зовлон болдог» хэмээсэн Паулынх шиг сэтгэл бидэнд ч бас төрдөг (1 Кор. 9:16).

5. Еховад итгэх, Еховаг хүндэтгэх хоёр ямар холбоотой вэ?

5 Давид: «Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй» гэж дуулалдаа бичжээ (Дуу. 9:10). Хэрэв бид Еховаг үнэхээр мэддэг, нэрийг нь хүндэтгэдэг бол эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар Бурханд итгэж найдна. Бурханд итгэж найдах нь түүнийг бишрэн хүндэтгэдгийн бас нэг шинж юм. Еховад итгэж найдах болон Еховаг хүндэтгэх хоёрын уялдаа холбоог Библиэс үзье. Эртний израильчуудыг өөрт нь найдахаа болиход Ехова Мосед: «Энэ ард түмэн Намайг хэр удаан голохүл хүндэтгэх», ШЕ] вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдгийг үл ойшоон тэд хэр удаан Надад итгэхгүй байх юм бэ?» гэж хэлсэн байдаг (Тоо. 14:11). Тэгэхлээр, Еховад итгэдэг бол түүнийг хүндэтгэдэг гэсэн үг байх нь ээ. Ехова биднийг сорилтын үед ч хамгаалж, тусалж дэмжинэ гэж найдах нь хүндэтгэдгээ харуулж буй хэрэг юм.

6. Бид ямар учраас Еховаг гүнээ хүндэтгэдэг вэ?

6 Еховаг хүндэтгэх сэтгэл дотор хүнээс гарах учиртайг Есүс хэлсэн. Бурхныг чин сэтгэлээсээ шүтдэггүй хүмүүст хандан Есүс: «Энэ ард түмэн Намайг амаараа хүндэлдэг. Гэвч тэдний зүрх Надаас алс хол байдаг» гэж хэлэхдээ Еховагийн үгийг иш татжээ (Мат. 15:8). Еховаг гүнээ хүндэтгэх сэтгэл чин зүрхний хайраас ундардаг (1 Иох. 5:3). Ехова: «Намайг хүндэтгэдэг хүнийг Би хүндэтгэнэ» гэж амласныг бид бас санаж явдаг (1 Сам. 2:30).

Хариуцлагатай үүрэг хүлээдэг христианууд бусдыг хүндэлдэг

7. а) Хариуцлагатай үүрэг хүлээдэг христианууд удирдлагад нь байдаг хүмүүсийг хүндэтгэх ёстойн учир юу вэ? б) Паул итгэл нэгтнүүдээ хэрхэн хүндэтгэдэг байсан бэ?

7 Элч Паул итгэл нэгтнүүддээ: «Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээн уриалжээ (Ром 12:10). Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд энэ талаар үлгэр жишээ үзүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, өөрсдөд нь захирагддаг хүмүүсийг эхлээд өөрсдөө хүндэтгэн, Паулын жишээг дуурайх нь зүйтэй (1 Тесалоник 2:7, 8-ыг уншина уу). Паул өөрийнхөө дургүй юмыг бусдаар хийлгэх хүн биш гэдгийг очсон газрынх нь христианууд мэддэг байжээ. Паул өөрөө итгэл нэгтнүүдээ хүндэтгэдэг байсан учир тэдний хүндэтгэлийг хүлээсэн юм. Ийнхүү сайн жишээ үзүүлсэн Паулын: «Тиймээс та нараас гуйя. Намайг дуурайгсад бай» хэмээн уриалсныг олон хүн дуртайяа хүлээж авсан нь эргэлзээгүй (1 Кор. 4:16).

8. а) Есүс шавь нараа яаж хүндэтгэдэг байсан бэ? б) Харгалзагчид Есүсийн жишээг хэрхэн дуурайж болох вэ?

8 Хариуцлагатай үүрэг хүлээдэг христиан өөрт нь захирагддаг хүмүүст ажил үүрэг даалгах юм уу заавар зөвлөгөө өгөхдөө учир шалтгааныг тайлбарладаг бол тэднийг хүндэтгэж байна гэсэн үг. Үүгээрээ бас Есүсийг дуурайж байгаа хэрэг юм. Жишээ нь, Есүс ургац хураах олон ажилчин өгөхийг гуйж залбирахыг шавь нартаа уриалахдаа тийн залбирахын учрыг хэлсэн. Тэрбээр: «Ургац үнэндээ арвин боловч ажилчид нь цөөн байна. Тиймээс ургацын Эзнээс ургацандаа ажилчдыг явуулахыг залбиран гуйцгаа» гэсэн билээ (Мат. 9:37, 38). Бас сонор сэрэмжтэй байхыг захихдаа ч учрыг нь тайлбарлаж: «Эзэн тань ямар өдөр ирэхийг та нар мэдэхгүй тул сонор сэргэг бай» хэмээсэн (Мат. 24:42). Есүс шавь нартаа юу хийхийг нь хэлээд зогсохгүй ямар учраас хийх ёстойг нь үргэлж тайлбарладаг байсан. Ийнхүү шавь нараа хүндэтгэдэг байв. Христиан харгалзагчдад үнэхээр сайхан жишээ үлдээжээ!

Еховагийн хурал болон хурлын зааварт хүндэтгэлтэй хандагтун

9. Дэлхий дахины христиан хурал болон төлөөлөгчдийг нь хүндэтгэх нь юуны илрэл бэ? Тайлбарлана уу.

9 Еховаг бишрэн хүндэтгэе гэвэл дэлхий дахины христиан хурал болон төлөөлөгчдийг нь бас хүндэтгэх хэрэгтэй. Итгэмжит боолын ангиас өгсөн, Библийн үндэстэй зөвлөгөөг хүлээн авах нь Еховагийн дэлхий дэх байгууллага болон байгууллагынх нь зааварт хүндэтгэлтэй хандаж байгаа хэрэг юм. Томилогдсон эрчүүдийг хүндэтгэдэггүй байсан І зууны зарим христианыг элч Иохан зэмлэсэн байдаг (3 Иохан 9–11-ийг уншина уу). Тэд харгалзагчдыг хүнийх нь хувьд үл хүндэтгэдэг төдийгүй тэдний заасан сургаал, өгсөн зааврыг үл ойшоодог байсан нь Иоханы үгнээс харагддаг. Гэхдээ ихэнх христиан харгалзагчдыг хүндэтгэдэг байсан нь сайшаалтай. Элч нарыг амьд сэрүүн байхад христиануудын дийлэнх нь хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдийг гүнээ хүндэтгэдэг байв (Флп. 2:12).

10, 11. Христиан хуралд зохих хэмжээний эрх мэдэлтэй хүмүүс байдаг нь зүйн хэрэг гэдгийг Библиэс тайлбарлана уу.

10 Есүс шавь нартаа: «Та нар бүгд ахан дүүс билээ» гэж хэлсэн учир христиан хуралд эрх мэдэлтэй хүн байх шаардлагагүй гэж зарим хүн үзэж болох юм (Мат. 23:8). Гэхдээ Бурхан ард түмнийхээ дундаас тодорхой хүмүүст эрх мэдэл олгодог байсны цөөнгүй жишээ Еврей болон Грек сударт байдаг. Эртний Израилийн шүүгчид болон хаадын түүхийг үзвэл Ехова томилсон төлөөлөгчдөөрөө дамжуулан ард түмэндээ удирдлага заавар өгдөг байсан нь илэрхий харагддаг. Томилсон хүмүүсийг нь хүндэтгэдэггүй этгээдүүдийг Ехова шийтгэдэг байсан (Х.дэд 1:2–17; 2:19, 23, 24).

11 Нэгдүгээр зууны христианууд Еховагийн томилсон элч нарыг хүндэтгэдэг байв (Үйлс 2:42). Тухайлбал, элч Паул итгэл нэгтнүүддээ заавар өгдөг байсан (1 Кор. 16:1; 1 Тес. 4:2). Бас өөрөө ч өөрөөс нь илүү эрх мэдэлтэй хүмүүст дуулгавартай захирагддаг байсан (Үйлс 15:22; Гал. 2:9, 10). Тэгэхлээр, Паул христиан хурал дахь эрх мэдэлд зөв ханддаг хүн байжээ.

12. Библийн жишээнүүдээс ямар хоёр дүгнэлт хийж болох вэ?

12 Эндээс, хоёр дүгнэлт хийж болно. Нэгдүгээрт, «итгэмжит, ухаалаг боол» өөрийн төлөөлөгч болох Удирдах зөвлөлөөр дамжуулан тодорхой хүмүүсийг томилон, хариуцлагатай үүрэг хүлээлгэж, мөн тэднийг харгалзах эрчүүдийг томилдог нь Библийн зарчимд нийцдэг (Мат. 24:45–47; 1 Петр 5:1–3). Хоёрдугаарт, хариуцлагатай үүрэг хүлээдэг ч бай, үгүй ч бай, христианууд бүгдээрээ эрх мэдэлтэй хүмүүсийг хүндлэх ёстой. Тэгвэл дэлхий дахины христиан хуралд харгалзагчийн үүрэг хүлээдэг хүмүүсийг хүндэлдгээ ямар ямар аргаар харуулж болох вэ?

Явуулын харгалзагчдыг хүндлэгтүн

13. Дэлхий дахины христиан хурлын төлөөлөгчдийг хүндэлдгээ хэрхэн харуулах вэ?

13 Паул: «Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзний дотор та нарыг удирдаж, заавар өгдөг хүмүүсийг хүндлэхийг бид та нараас хүсэж байна. Мөн тэдний ажил хөдөлмөрийнх нь төлөө та нар хайр дотор тэднийг үлэмж өндрөөр үнэлэхийг хүсэж байна. Нэг нэгэнтэйгээ эв найртай амьдар» хэмээн бичжээ (1 Тес. 5:12, 13). Явуулын харгалзагчид бол хичээл зүтгэлтэй «ажилладаг» хүмүүс гарцаагүй мөн. Тиймээс тэднийгээ «үлэмж өндрөөр үнэлж» байцгаая. Үүний тулд тэдний зөвлөгөө, уриалгыг чин сэтгэлээсээ хүлээж авах хэрэгтэй. Явуулын харгалзагчид итгэмжит боолын ангийн зааврыг уламжилдаг бөгөөд бид «дээрээс ирэгч мэргэн ухаанаар» удирдуулан, тэр зааврыг нь «дуулгавартай» (ШГ) дагах учиртай (Иак. 3:17).

14. Хурлын гишүүд явуулын харгалзагчийг хүндэлдгээ хэрхэн харуулж болох вэ? Үүний дүнд ямар ач тус хүртэх вэ?

14 Гэтэл харгалзагч бидний мэддэгээс өөр зүйлийг зааж зөвлөвөл яах вэ? «Манай энд ингэдэггүй шүү дээ», «Энэ зөвлөгөө бусад газар тохирдог л юм байгаа биз. Манай хуралд л лав тохирохгүй юм байна» гэмээр санагдсан ч биеэ баривал харгалзагчийг хүндэлж байгаа хэрэг. Тиймээс зөвлөгөөг нь хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Үүний тулд христиан хурал бол Еховагийнх бөгөөд хурлын Тэргүүн нь Есүс гэдгийг санах нь тустай. Хурлын гишүүд явуулын харгалзагчийн зөвлөгөөг дуртайяа хүлээн авч, хэрэгжүүлэх нь чин сэтгэлийн хүндэтгэлийн илрэл болдог. Коринт хотын хурлынхан өөрсдийг нь эргэж очсон ахлагч Титийг хүндлэн, заавар зөвлөгөөг нь дуулгавартай хүлээн аваад элч Паулаас магтаал хүртсэн (2 Кор. 7:13–16). Бид ч гэсэн явуулын харгалзагчийн зөвлөгөөг дуртайяа хэрэгжүүлбэл дэлгэрүүлэх ажлаасаа илүү их баяр жаргал эдлэх нь гарцаагүй (2 Коринт 13:11-ийг уншина уу).

«Бүх хүнийг хүндэл»

15. Итгэл нэгтнүүдээ хүндэлдгээ хэрхэн харуулж болох вэ?

15 Паул: «Настай эрийг бүү ширүүн зэмлэ. Харин эцэг шигээ ятга. Залуусыг ах дүү шигээ, настай эмэгтэйчүүдийг эхчүүд шигээ, залуу эмэгтэйчүүдийг эгч дүү шигээ үзэж, бүх цэвэр ариун байдал дотор ханд. Үнэхээр ганц бие бэлэвсэн эмэгтэйчүүдийг хүндэлж бай» хэмээн бичжээ (1 Тим. 5:1–3). Тийм ээ, Библид бичсэнээр бид хурлынхаа гишүүн бүрийг хүндлэх учиртай. Гэтэл хурлын нэг гишүүн та хоёрын дунд маргаан гарчээ гэж бодъё. Ингэлээ гээд та итгэл нэгтнээ хүндлэх христиан үүргээ умартах уу? Эсвэл тэр хүний сайн талыг нь олж хараад үзэл бодлоо өөрчлөх үү? Христиан хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүд итгэл нэгтнүүддээ хүндэтгэлтэй хандахыг онцгой анхаарах ёстой бөгөөд «хонин сүргээ» «ноёлох» учиргүй (1 Петр 5:3). Бие биеэ хайрлах чин сэтгэлийн хайраар ялгардаг христианууд бидэнд итгэл нэгтнүүдээ хүндэлдгээ үйл хэргээрээ харуулах боломж олон байдаг (Иохан 13:34, 35-ыг уншина уу).

16, 17. а) Дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүст төдийгүй эсэргүүцэгчдэд ч хүндэтгэлтэй хандах нь яагаад чухал бэ? б) Бүх хүнийг яаж хүндлэх вэ?

16 Бид итгэл үнэмшлийг маань хуваалцдаггүй хүмүүсийг ч хүндлэх учиртай. Паул тухайн үеийнхээ христиануудад: «Боломж завшаантай байх үедээ бүх хүнд, юуны түрүүнд итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэцгээе» гэж бичсэн (Гал. 6:10). Биднийг таашаадаггүй ажлын газрын хүн юм уу ангийн хүүхдэд энэ зарчмын дагуу хандана гэдэг амаргүй. Тийм л үед «Бузар мууг үйлдэгчээс болж бүү санаа зов [«бүү зэвүүц», ШЕ]» гэсэн зөвлөгөөг санах хэрэгтэй (Дуу. 37:1). Уг зөвлөгөөг хэрэгжүүлбэл эсэргүүцэгчдэд ч хүндэтгэлтэй хандаж чадна. Бас дэлгэрүүлж явахдаа даруу байвал бүх хүнд «дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариулж» чадна (1 Петр 3:15). Хүмүүсийг хүндэлдгээ гадаад байдал, хувцас хунараараа ч харуулах нь зүйтэй.

17 Тэгэхлээр, итгэл нэгтнүүддээ ч, бусад хүмүүст хандахдаа ч «Бүх хүнийг хүндэл. Ахан дүүсийн барилдлагааг хайрла. Бурхнаас эмээ. Хааныг хүндэл» гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлцгээе! (1 Петр 2:17).

Хариулна уу

• Еховаг бишрэн хүндэтгэдгээ харуулах ямар ямар арга байдаг вэ?

• Хурлын ахлагчид, явуулын харгалзагчдыг хүндэтгэдгээ яаж харуулах вэ?

• Хурлынхаа гишүүн бүрийг хүндэтгэдгээ харуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

• Дэлгэрүүлж явахад тааралддаг хүмүүсийг хүндэтгэдгээ хэрхэн харуулах вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Нэгдүгээр зууны христианууд удирдах зөвлөлийн удирдлагыг хүндэлдэг байсан

[24-р хуудасны зураг]

Газар газрын христиан ахлагчид Удирдах зөвлөлийн томилсон явуулын харгалзагчдыг хүндэлдэг