Skip to content

Гарчиг руу орох

Даруй буцаж ирэхэд нь туслагтун

Даруй буцаж ирэхэд нь туслагтун

Даруй буцаж ирэхэд нь туслагтун

«Бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» (ИОХ. 6:68).

1. Олон шавь нь Есүсийг орхин явахад Петр юу гэж хэлсэн бэ?

 НЭГ сургаалаас болж олон шавь нь Есүс Христийг орхин явжээ. Тэгэхэд нь Есүс элч нараасаа: «Та нар бас явахыг хүсэж байна уу?» хэмээн асуухад Петр: «Эзэн, бид хэн рүү явах юм бэ? Мөнх амийн үгс Танд байна» гэж хэлдэг (Иох. 6:51–69). Тийм ээ, явах газар үнэхээр байхгүй байлаа. «Мөнх амийн үгс» тэр үеийн иудаизмд ч байгаагүй, өнөөдрийн агуу Вавилон буюу хуурамч шашны тогтолцоонд ч байхгүй. Сүргээсээ төөрсөн хэдий ч Еховагийн тааллыг олохыг хүсдэг хэн бүхний хувьд «нойрноосоо сэрж», сүрэгтээ буцаж ирэх цаг нь болчихоод байна (Ром 13:11).

2. Идэвхгүй болсон хүний ноцтой нүгэл үйлдсэнийг нь мэдвэл яах нь зүйтэй вэ?

2 Ехова Израилийн төөрсөн хонинуудад чин сэтгэлийн анхаарал халамж тавьдаг байсан (Езекиел 34:15, 16-г уншина уу). Христиан ахлагчид ч бас сүргээсээ төөрсөн хонинд туслах үүрэг хүлээдэг бөгөөд энэ үүргээ дуртайяа биелүүлдэг. Ахлагчид тусламж авах хүсэлтэй идэвхгүй болсон хүнд Библийн хичээл заахыг хурлын нэг дэлгэрүүлэгчид даалгажээ гэж бодъё. Тэгтэл дэлгэрүүлэгч тухайн хүнийг ноцтой нүгэл үйлдсэнийг нь мэдвэл яах вэ? Өөрөө зөвлөгөө өгөхийн оронд энэ тухайгаа ахлагчдад хэлэхийг сануулах хэрэгтэй. Сануулгыг нь хүлээж авахгүй бол дэлгэрүүлэгч өөрөө ахлагчдад мэдэгдэх учиртай (Лев. 5:1; Гал. 6:1).

3. 100 хониныхоо нэгийг нь алдчихаад олж авсан хүн яасан бэ?

3 Бид өмнөх өгүүлэлд 100 хоньтой хүний тухай Есүсийн ярьсан жишээг дурдсан. Нэг хонь нь сүргээсээ төөрсөн тул хоньчин 99 хонио орхиод төөрсөн хонио хайхаар явдаг. Тэгээд хонио олчихоод тун их баярлажээ (Лук 15:4–7). Үүнтэй адилаар, Бурхны сүргээс төөрсөн хонийг буцаж ирэхэд нь бид бүгдээрээ баярладаг. Хурлын ахлагчид болон зарим гишүүн хайрандаа хөтлөгдөн тэр хүнийг эргэж байсан биз ээ. Тэд төөрсөн хүнийг сүрэгтээ буцаж ирээсэй, Бурхны дэмжлэг, хамгаалалт, ивээлийг өөрийн биеэр үзээсэй гэж хүсдэг нь гарцаагүй (Д.хууль 33:27; Дуу. 91:14; Сур. 10:22). Идэвхгүй болсон хүнд туслах боломж олдвол яах хэрэгтэй вэ?

4. Галат 6:2, 5-аас юу мэдэж болох вэ?

4 Идэвхгүй болсон хүнд хуралдаа буцаж ирэхийг уриалахдаа Ехова бол хоньдоо их хайрладаг, хэрээс нь хэтэрсэн юм шаарддаггүй Бурхан гэдгийг тайлбарлах нь зүйтэй. Ехова биднээс Судрыг судлах, цуглаанд очих, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцох гэх зэргийг шаарддаг. Галат 6:2, 5-ыг уншаад, христианууд бие биедээ туслах нь зүйтэй боловч эцсийн эцэст «хүн бүр өөрийн ачааг үүрч», Еховагийн өмнө үүргээ биелүүлэх ёстой бөгөөд хэн ч бусдын өмнөөс Бурханд үнэнч байх аргагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

«Амьдралын санаа зовнилоос» болж төөрөв үү?

5, 6. а) Идэвхгүй болсон итгэл нэгтнүүдийнхээ сэтгэлийн үгийг анхааралтай сонсох нь яагаад чухал бэ? б) Бурхны ард түмнээс хөндийрсөн нь муугаар нөлөөлснийг идэвхгүй болсон хүмүүст яаж ойлгуулах вэ?

5 Ахлагчид болон төлөвшсөн христианууд идэвхгүй болсон итгэл нэгтнүүддээ тохирсон тусламж үзүүлэхийн тулд тэднийг сэтгэлээ уудлан ярихад нь анхааралтай сонсох хэрэгтэй. Жишээлбэл, «амьдралын санаа зовнилоос» болж идэвхгүй болсон христиан хосыг ахлагч эргэж очжээ гэж бодъё (Лук 21:34). Тэдний идэвх суларсан нь мөнгө төгрөгний бэрхшээл, ар гэртээ хүлээх үүрэг нь нэмэгдсэн зэргээс болсон байж болох юм. Тэд жаахан амаръя гэж бодсон байж ч магадгүй. Гэхдээ итгэл нэгтнүүдээсээ хөндийрөх нь бэрхшээлээ шийдэж байгаа хэрэг биш гэдгийг сануулах нь зүйтэй (Сургаалт үгс 18:1-ийг уншина уу *). «Цуглаандаа очихоо больсноос хойш илүү баяр баясгалантай болсон уу? Танай гэр бүлийн амьдрал дээрдсэн үү? Еховад найдахын баяр баясгалан тань урьдынх шигээ байна уу?» гэх мэтийн асуултыг тэднээс эвтэйхэн асууж болно (Нех. 8:10).

6 Идэвхгүй болсон хүмүүс иймэрхүү асуултыг эргэцүүлж бодоод, хурлаасаа хөндийрсөн нь сүнслэг байдалд нь сөргөөр нөлөөлж, урьдынх шиг баяр баясгалангүй болсноо ухаарч болох юм (Мат. 5:3; Евр. 10:24, 25). Сайн мэдээ дэлгэрүүлэхээ больсон нь баяр баясгалангүй болсны бас нэг шалтгаан гэдгийг ч ойлгож магадгүй (Мат. 28:19, 20). Тэгвэл идэвхгүй болсон хүмүүс одоо яах нь зүйтэй вэ?

7. Сүргээсээ төөрсөн хүмүүст юу хийхийг уриалах хэрэгтэй вэ?

7 Есүс: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. ...Болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун» гэж захисан (Лук 21:34–36). Сүргээсээ төөрсөн ч гэлээ урьдынх шигээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг хүмүүст Бурхнаас ариун сүнс, тусламж гуйн залбирч, залбиралтайгаа уялдаатай үйл хэрэг хийхийг уриалах хэрэгтэй (Лук 11:13).

Бүдэрсэн учраас төөрөв үү?

8, 9. Бүдэрсэн хүнийг ахлагч хэрхэн ухааруулж болох вэ?

8 Төгс бусын гайгаар заримдаа хүмүүсийн санал зөрдөг. Үүнээс болж христиан хүн бүдэрч болох юм. Зарим хүн хуралд хүндэтгэл хүлээдэг хүний зохисгүй авирлахыг үзээд бүдэрдэг. Ийм шалтгаанаар идэвхгүй болсон христиан хүнд Ехова хэнийг ч бүдрүүлдэггүйг хэлээд, Бурхан болон Бурхны ард түмнээс харьцаагаа таслах нь ухаалаг хэрэг биш гэдгийг эргэж очсон ахлагч тайлбарлаж болох юм. «Газар дэлхийн Шүүгч» тухайн хэрэг явдлыг мэдэж байгаа бөгөөд тохирсон арга хэмжээ авна гэдэгт эргэлзэхгүйгээр Бурхандаа үйлчлэх нь зөв гэдгийг хэлж болно (Эх. 18:25; Кол. 3:23–25). Бас хүн бүдрээд уначихлаа гэхэд босъё гэж бодох ч үгүй хэвтээд байдаггүйг жишээ болгон хэлж болно.

9 Ахлагч бүдэрсэн хүнд туслах зорилгоор дараах зүйлийг ярьж болох юм. Тухайлбал, өөрийг нь бүдрүүлсэн зүйл тийм ч сүртэй юм биш байсныг зарим хүн хожим нь ойлгодгийг дурдаж болно. Бас тухайн хүнийг бүдрүүлсэн тийм явдал дахин гарахаа больсон байж болохыг хэлэх нь зүйтэй. Нөгөөтэйгүүр, өөрт нь өгсөн зөвлөгөө, сануулга зэргээс болж бүдэрсэн христианыг залбирч байгаад тухайн хэргийг эргэцүүлж бодохыг уриалж болно. Тэгвэл тэр хүн өөрөө ч гэсэн зохих хэмжээгээр буруутай байснаа ухаарч, зөвлөгөө сануулга зэргийг бүдрэх шалтаг болгох учиргүйг ойлгож болох юм (Дуу. 119:165; Евр. 12:5–13).

Сургаалаас болж төөрөв үү?

10, 11. Библийн зарим сургаалыг хүлээн авч чадаагүй хүнийг ухааруулахын тулд юуны тухай ярьж болох вэ?

10 Библийн зарим сургаалыг хүлээж авч чадаагүйгээсээ болж сүргээсээ холддог христиан бас байдаг. Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн эртний израильчууд өөрсдийнх нь төлөө хийсэн «[Бурхны] үйлсийг хурдан март[аж] ...Түүний зөвлөгөөг хүлээгээгүй» (Дуу. 106:13). «Итгэмжит ухаалаг боол» хамгийн шим тэжээлтэй сүнслэг хоол өгдгийг ахлагч идэвхгүй болсон хүнд сануулах нь тустай болов уу (Мат. 24:45). Боолын ангийн өгдөг сүнслэг хоолны ачаар л Библийн үнэнийг анх мэдсэнийг нь тэр хүнд хэлээд үнэн дотор урьдынх шигээ явахыг уриалах нь зүйтэй (2 Иох. 4).

11 Түүнчлэн, нэг сургаалыг нь хүлээж аваагүйгээсээ болж Есүсийг бүрмөсөн орхисон хүмүүсийн талаар яривал Бурхны сүргээс төөрсөн хүн ухаарч болох талтай (Иох. 6:53, 66). Тэр хүмүүс Христ болон түүний үнэнч дагалдагчидтай харьцахаа больсны улмаас Бурхантай тогтоосон дотно харьцаагаа ч, баяр баясгалангаа ч алдсан. Тэгвэл өнөөдөр христиан хурлаас холбоогоо тасалсан хүмүүс сүнслэг хоолыг элбэг дэлбэг өгдөг өөр ямар нэг газрыг олсон уу? Олоогүй. Тийм газар христиан хурлаас өөр байхгүй шүү дээ!

Ноцтой нүгэл үйлдээд төөрөв үү?

12, 13. Сүргээсээ төөрсөн хүн ноцтой нүгэл үйлдсэнээ хэлбэл яаж туслах вэ?

12 Зарим христиан ноцтой нүгэл үйлдсэнээсээ болж дэлгэрүүлэх ажилд оролцох болон цуглаанд очихоо больдог. Тэд нүгэл үйлдсэнээ ахлагчдад хэлбэл хурлаас хасагдана гэж бодож байж болох юм. Хэрэв христиан хүн Библид буруушаадаг үйл хийхээ больж, чин сэтгэлээсээ гэмшвэл хурлаас хасдаггүй (2 Кор. 7:10, 11). Тийм хүнийг хурлынх нь гишүүд халуун дотноор хүлээн авч, ахлагчид шаардлагатай сүнслэг тусламж үзүүлдэг.

13 Хэрэв танаар туслуулж байгаа идэвхгүй болсон хүн ноцтой нүгэл үйлдсэнээ хэлбэл яах хэрэгтэй вэ? Өгүүллийн эхэнд бичсэнээр, үйлдсэн нүглийнх нь талаар нарийвчлан асууж лавлахын оронд ахлагчдад хандахыг зөвлөөрэй. Хэрэв тэр хүн ахлагчдад хэлэхгүй бол та Еховагийн нэр болон хурлын сайн сайхныг бодож, тухайн асуудалд Библийн зааврын дагуу хандах хэрэгтэй (Левит 5:1-ийг уншина уу). Хуралдаа буцан ирж, Бурхны хүсэл тааллын дагуу амьдрахыг хүсдэг хүнд яаж тусалж болохыг ахлагчид мэддэг. Тийм хүний тусын тулд сахилга батын арга хэмжээ авах шаардлагатай байж болох юм (Евр. 12:7–11). Хэрэв хүн Бурхны өмнө нүгэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, нүгэл үйлдэхээ болиод, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа бол ахлагчид тусална, Ехова ч уучилна (Ис. 1:18; 55:7; Иак. 5:13–16).

Буцаж ирсэн хүү баяр хөөр авчирсан нь

14. Есүсийн хэлсэн самуун хүүгийн тухай ёгт үлгэрийг өөрийн үгээр товч ярина уу.

14 Сүргээсээ төөрсөн хонинд туслах даалгавар авсан хүн Лук 15:11–24-т бичсэн Есүсийн ёгт үлгэрийг ярьж болох юм. Үлгэрт гардаг залуу өв хөрөнгө таслуулж аваад, ёс журамгүй амьдран, байсан бүхнээ үрэн таран хийдэг. Гэвч хожим нь эх захгүй явдлаа жигших болжээ. Өлсөж цангахын зовлон үзэж, орон гэрээ санахын эрхээр гэртээ харихаар шийддэг. Хүүгийнхээ барааг алсаас харсан эцэг нь гүйн очиж, хүзүүдэн тэврээд, энхрийлэн үнсэж, магнай тэнийн баярлажээ. Төөрсөн хүн энэ үлгэрийг бодож байгаад сүрэгтээ буцаж очихыг хүсэж болох юм. Өнөөгийн ёс бус ертөнц удахгүй устгагдах учир төөрсөн хүний хувьд «гэртээ» даруйхан харих нь амийн чухал болоод байна.

15. Зарим хүн ямар учраас сүргээсээ төөрдөг вэ?

15 Хурлаас төөрсөн хүмүүс бүгдээрээ самуун хүүтэй адилгүй. Завь эргээс алгуурхан хөвсөөр холддог шиг зарим хүн аажуухан урсаад явчихдаг. Өдөр тутмын зовнилд хэтэрхий их автаад сүнслэг зүйлийг анхаарахаа больдог хүмүүс ч байдаг. Зарим нь хурлын гишүүнээс болж бүдрэх юм уу Библийн зарим сургаалыг хүлээж авч чадаагүйн улмаас сүргээсээ тасардаг. Библийн хэм хэмжээг зөрчсөнөөсөө болж төөрсөн хүмүүс бас бий. Энэ мэтийн шалтгаанаар сүргээсээ төөрсөн хүмүүст хэрхэн тусалж болохыг нэгбүрчлэн ярилцлаа. Дээрх зөвлөгөөг хэрэгжүүлбэл төөрсөн хүмүүсийг хэтэрхий оройтоогүй дээр нь сүрэгтээ буцаж ирэхэд нь тус болох болов уу.

«Хүү минь ирээ юү!»

16–18. а) Олон жил идэвхгүй байсан эрэгтэйд нэг ахлагч яаж тусалсан бэ? б) Тэр эрэгтэй ямар учраас идэвхгүй болсон бэ? Ямар тусламжийн ачаар сүрэгтээ буцаж ирсэн бэ? Хурлынх нь гишүүд түүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

16 Нэг христиан ахлагч: «Ер нь, манай хурлын ахлагчдын зөвлөл идэвхгүй болсон хүмүүст туслахыг их анхаардаг. Надтай Библийн хичээл хийж үнэнийг мэдээд Гэрч болсон нэг эрэгтэй байдаг юм л даа. Тэрбээр бараг 25 жилийн өмнө идэвхгүй болсон бөгөөд түүнд нэг айхавтар бэрхшээл тулгараад байгааг нь уулзаад мэдсэн юм. Тэгээд Библийн зарчмыг хэрэгжүүлбэл бэрхшээлээ давж болохыг хэлсэн. Түүнээс хойш тэр хүн цуглаанд ирдэг болж, сүрэгтээ буцаж ирэхээр шийдээд надтай дахин Библийн хичээл хийхээр болсон юм» гэж ярьжээ.

17 Тэр эрэгтэй ямар шалтгаанаар идэвхгүй болсон тухайгаа: «Би сүнслэг зүйлээс илүү ертөнцийн юманд анхаардаг болчихсон юм. Тэгээд бие даан судлах, дэлгэрүүлэх ажилд оролцох, цуглаанд очихоо больсон. Нэг мэдсэн чинь, би христиан хурлаас бүрмөсөн хөндийрчихсөн байлаа. Гэхдээ нэг ахлагч надад чин сэтгэлээсээ анхаарал тавьсны ачаар би хуралдаа эргэж ирсэн юм даа» хэмээн илэн далангүй ярьжээ. Тэрбээр Библийн хичээл хийдэг болсноосоо хойш бэрхшээлээ давж эхэлжээ. «Еховагийн хайр, байгууллагынх нь удирдлага заавар миний амьдралд дутагдаж байсныг би ухаарсан» гэж хэлсэн байна.

18 Тэгвэл хурлынх нь гишүүд түүнийг хэрхэн хүлээж авсан бол? Тэрбээр: «Би өөрийгөө Есүсийн хэлсэн ёгт үлгэрийн самуун хүүтэй адилхан гэж бодож байна. Бүр 30 жилийн өмнө манай хуралд байсан, одоо ч үнэнч яваа нэг настай эгч: „Хүү минь ирээ юү!“ гэж хэлж билээ. Энэ үгийг сонсоод сэтгэл минь их хөдөлж, яг л гэртээ ирсэн мэт санагдсан. Тэр ахлагч болон хурлын бусад гишүүн намайг хайрлаж, чин сэтгэлээсээ анхаарал тавин, тэвчээртэй байсанд би үнэхээр их талархаж байна. Еховаг болон бусдыг хайрлах тэдний хайр намайг сүрэгтээ буцаж ирэхэд их дэм болсон» хэмээн ярьжээ.

Даруй буцаж ирэхийг уриалагтун!

19, 20. Идэвхгүй болсон хүнд сүрэгтээ даруй буцаж ирэхийг хэрхэн уриалж болох вэ? Бурхан биднээс хэтэрхий ихийг шаарддаггүй гэдгийг яаж ойлгуулах вэ?

19 Бид эцсийн өдрүүдэд амьдарч байгаа бөгөөд ёс бус ертөнцийн төгсгөл хаяанд ирчихээд байна. Тиймээс идэвхгүй болсон хүмүүст цуглаанд даруйхан очихыг уриалж, бүр шавдуулаарай. Сатан Еховатай тогтоосон харьцааг нь эвдэн бусниулахыг, жинхэнэ шүтлэгийг орхивол амьдралынх нь ачаа хөнгөн болно гэж итгүүлэхийг оролдож байгааг сануулаарай. Есүсийг үнэнчээр дагасан цагт л «амралтыг олох» буюу жинхэнэ ёсоор сэргэнэ гэдгийг ойлгуулаарай (Матай 11:28–30-ыг уншина уу).

20 Бурхан хүнийг юу чадахаа хийгээсэй гэж хүсдэгийг идэвхгүй болсон хүнд сануулаарай. Лазарын дүү Мариа Есүсийг үхэхээс нь өмнөхөн үнэтэй тосоор тосолжээ. Үүнээс болж хүмүүс түүнийг зэмлэхэд Есүс: «Түүнийг орхи [...] Тэр хийж чадахаа л хийсэн» гэж хэлдэг (Марк 14:6–8). Есүс сүмийн эрдэнэсийн санд маш бага хэмжээний хандив өргөсөн ядуу бэлэвсэн эмэгтэйг бас магтсан. Учир нь тэр эмэгтэй чадахыгаа л хийсэн юм (Лук 21:1–4). Ихэнх христиан цуглаанд очиж, Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд оролцож чаддаг. Тиймээс идэвхгүй болсон хүмүүсийн олонх нь Еховагийн тусламжтайгаар цуглаанд очиж, дэлгэрүүлэх ажилд оролцож бас чадна.

21, 22. Ехова руу буцаж ирэх хүсэлтэй хүмүүсийг хэрхэн зоригжуулж болох вэ?

21 Сүргээсээ төөрсөн хүн итгэл нэгтнүүдтэйгээ дахин уулзахаас халгаж байвал самуун хүүг гэртээ ирэхэд нь ямар их баяр хөөр болсныг сануулж, хуралдаа буцаж ирж байгаа хүмүүс ч гэсэн их баяр хөөр авчирдгийг хэлэх нь зүйтэй. Бурханд ойртож, Диаволыг эсэргүүцэхийн тулд даруй арга хэмжээ авахыг тэдэнд уриалаарай (Иак. 4:7, 8).

22 Ехова руу буцаж ирсэн хүнийг хурлынхан нь халуун дотноор хүлээн авдаг (Гаш. 3:40). Тэд Бурханд идэвхтэй үйлчилдэг байхдаа их баяр баясгалантай байсан нь дамжиггүй. Сүрэгтээ даруйхан буцаж ирвэл ирээдүйд ч их ивээл хүртэнэ.

[Зүүлт]

^ Сургаалт үгс 18:1 (ШЕ): «Зожиг хүн хувийн хүслээ эрж хайдаг ба хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ».

Хариулна уу

• Бүдэрсний улмаас идэвхгүй болсон христианд хэрхэн тусалж болох вэ?

• Библийн сургаалыг хүлээн авч чадаагүйн улмаас Бурхны сүргийг орхисон хүнийг хэрхэн ухааруулж болох вэ?

• Хуралдаа буцаж очихоос халгаж байгаа хүнд хэрхэн тусалж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Идэвхгүй болсон итгэл нэгтнээ сэтгэлээ уудлахад нь анхааралтай сонсоорой

[15-р хуудасны зураг]

Есүсийн ярьсан самуун хүүгийн тухай үлгэрийг эргэцүүлж бодоод зарим хүн сүрэгтээ буцаж ирэхийг хүсэж болох юм