Skip to content

Гарчиг руу орох

Есүсийг дуурайн, «Диаволыг эсэргүүцэгтүн»

Есүсийг дуурайн, «Диаволыг эсэргүүцэгтүн»

Есүсийг дуурайн, «Диаволыг эсэргүүцэгтүн»

«Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна» (ИАК. 4:7).

1. Есүс дэлхий дээр өөрт нь тулгарах эсэргүүцлийн талаар юу мэдэж байсан бэ?

 ЕСҮС ХРИСТ Диаволын эсэргүүцэлтэй тулгарна гэдгээ мэдэж байсан. Энэ нь Бурхны хэлсэн үгнээс тодорхой харагддаг. Бурхан могой буюу хорон санаат үймээн дэгдээгч сүнсэнд: «Би чамайг тэр эмэгтэйтэй [Еховагийн байгууллагын тэнгэр дэх хэсэгтэй] өс хонзонтой, бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд [Есүс Христ] чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно» хэмээн хэлжээ (Эх. 3:14, 15; Илч. 12:9). Есүс өсгийгөө няцлуулна гэдэг нь дэлхийд байхдаа алагдана гэсэн үг юм. Гэхдээ Ехова түүнийг тэнгэрт амилуулах учир түүний хувьд үхээд л бүх юм дуусах ёсгүй байв. Харин могойн толгойг няцлах гэдэг нь Диавол хэзээ ч сэхэхгүйгээр үхнэ гэсэн үг байлаа (Үйлс 2:31, 32; Еврей 2:14-ийг уншина уу).

2. Есүс Диаволыг амжилттай эсэргүүцнэ гэдэгт Ехова яагаад итгэлтэй байсан бэ?

2 Ехова Есүсийг дэлхийд очоод, даалгавраа амжилттай биелүүлж, Диаволыг эсэргүүцнэ гэдэгт итгэлтэй байв. Учир нь Есүсийг тэнгэрт маш олон жилийн өмнө бүтээж, эртнээс ажиглаж, «бүх бүтээлийн Ууган нь» болох энэхүү «уран дархныг» дуулгавартай бөгөөд итгэмжтэй гэдгийг мэджээ (Сур. 8:22–31; Кол. 1:15). Тийм учраас, Есүсийг дэлхий рүү илгээж, Диаволд соригдож, амиа алдахыг нь зөвшөөрөхдөө цорын ганц Хүүгээ ялна гэдэгт итгэж байсан (Иох. 3:16).

Ехова үйлчлэгчдээ хамгаалдаг

3. Диавол Еховагийн үйлчлэгчдийг яадаг вэ?

3 Есүс Диаволыг «энэ ертөнцийн захирагч» гээд, өөрийг нь хавчсаны адил шавь нарыг нь бас хавчина гэдгийг анхааруулж байсан (Иох. 12:31; 15:20). Сатан Диаволын мэдэлд байдаг энэ ертөнц жинхэнэ христиануудыг үзэн яддаг. Учир нь тэд Еховад үйлчилж, зөвт байдлыг тунхагладаг (Мат. 24:9; 1 Иох. 5:19). Христтэй хамт тэнгэрээс хаанчлах тослогдсон үлдэгсэд Диаволын гол бай болдог. Диваажин дэлхийд мөнх амьдрах найдвартай бусад Гэрч ч бас бай нь болдог. Бурхны Үг бидэнд: «Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээн анхааруулдаг (1 Петр 5:8).

4. Бурхны орчин үеийн ард түмэн Диаволын эсэргүүцлийг амжилттай давдгийн ямар баталгаа байдаг вэ?

4 Ехова Бурхан байгууллагаа дэмждэг учир бид Диаволын эсэргүүцлийг амжилттай давдаг. Тухайлбал, түүхэн дэх хамгийн харгис гэгддэг засгууд өнгөрсөн 100 жилийн хугацаанд Еховагийн Гэрчүүдийг нухчин дарахыг оролдсон. Гэсэн хэдий ч Гэрчүүдийн тоо өссөөр бараг 7 саяд хүрч, дэлхий даяар 100 гаруй мянган хуралтай болоод байна. Еховагийн ард түмнийг хяхан хавчиж байсан дарангуй засгууд одоо өөрсдөө үгүй болжээ!

5. Исаиа 54:17-д бичсэн амлалт Еховагийн үйлчлэгчид дээр хэрхэн биелдэг вэ?

5 Бурхан эртний Израильд: «Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг бүтэлтэй болохгүй. Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүр яллагдана. Энэ бол ЭЗЭНий зарцуудын өв бөгөөд Надаас ирэх тэдний зөвтгөл юм» хэмээн амлажээ (Ис. 54:17). Энэ амлалтын үнэн болохыг өнөөгийн «эцсийн өдрүүдэд» дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй Еховагийн ард түмэн биеэрээ үзэж байна (2 Тим. 3:1–5, 13). Бид Диаволыг зогсолтгүй эсэргүүцдэг. Тэрбээр Бурхны үйлчлэгчдийг газрын хөрснөөс арчихын тулд ямар ч зэвсэг хэрэглээд амжилт олдоггүй. Яагаад гэвэл, Бурхан бидний талд байдаг (Дуу. 118:6, 7).

6. Диаволын засаглалын ирээдүйг «Даниел» номд юу гэж зөгнөсөн байдаг вэ?

6 Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөл асар хурдтай ойртож байна. Төгсгөл болоход Сатаны засаглалаас юу ч үлдэхгүй. Зөнч Даниел Бурхнаар удирдуулан: «[Одоо байгаа] тэдгээр хаадын үед хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг тэнгэрийн Бурхан [тэнгэрт] байгуулах бөгөөд тэр хаанчлалын эрх мэдэл нь бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь [одоо байгаа] тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм» хэмээн бичжээ (Дан. 2:44). Энэ зөгнөл биелэхэд Сатан болон төгс бус хүний засаглалын аль аль нь байхгүй болно. Диаволын ертөнц тэр чигээрээ үүрд устаж, Бурхны Хаанчлал бүх дэлхийг ямар ч саадгүй захирна (2 Петр 3:7, 13-ыг уншина уу).

7. Еховагийн үйлчлэгчид дор бүрнээ Диаволын эсэргүүцлийг амжилттай давах боломжтой гэдгийг бид хаанаас мэддэг вэ?

7 Еховагийн байгууллага бүхэлдээ аюулгүй байж, цаашид ч сүнслэгээр хөгжин цэцэглэх нь эргэлзээгүй (Дуулал 125:1, 2-ыг уншина уу). Тэгвэл хувь хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Бидэнд Диаволыг Есүс шиг амжилттай эсэргүүцэх боломж байгаа гэдгийг Библи батлан хэлдэг. Дэлхийд амьдрах найдвартай «үй олон хүн» Сатаны эсэргүүцэлтэй тулгарлаа ч энэ ертөнцийн төгсгөлийг эсэн мэнд давна гэсэн зөгнөлийг Христ элч Иоханаар хэлүүлжээ. Библид бичсэнээр тэд: «Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд [Есүс Христэд] байдаг» гэж хашхирах ажээ (Илч. 7:9–14). Тослогдсон христианууд Сатаныг ялж байгаагаар дүрслэгддэг бөгөөд тэдний нөхөд болох «өөр хонинууд» ч бас Сатаны эсэргүүцлийг амжилттай давна (Иох. 10:16, ШГ; Илч. 12:10, 11). Гэхдээ үүний тулд их чармайж, «Муу нэгнээс авраач» гэж шаргуу залбирах хэрэгтэй (Мат. 6:13, МАБ).

Диаволыг эсэргүүцэхийн төгс жишээ

8. Есүсийг цөлд байхад нь Диавол эхлээд яаж сорьсон бэ? Есүс хэрхэн хариулсан бэ?

8 Диавол Есүсийн үнэнч байдлыг эвдэхийг оролдож байсан. Есүсийг цөлд байхад нь Еховад дуулгаваргүй болгох гэж сорьжээ. Гэвч Есүс Сатаныг эсэргүүцэхийн төгс жишээ үзүүлсэн. 40 өдөр, 40 шөнө мацаг барьсныхаа дараа юм идэхийг маш их хүсэж байсан нь лавтай. Тийм ч учраас Сатан түүнд: «Хэрэв Чи Бурхны Хүү мөн бол энэ чулуунуудыг талх бол гэж тушаа» хэмээн хэлдэг. Гэвч Есүс Бурхны өгсөн хүчийг хувьдаа ашиглахыг үл хүссэн тул, «„Хүн зөвхөн талхаар бус, харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдарна“ гэж бичигдсэн байдаг» хэмээн хариулжээ (Мат. 4:1–4; Д.хууль 8:3).

9. Махан биеийн төрөлхийн дур хүслийг маань ашиглах гэсэн Диаволын оролдлогыг эсэргүүцэх ёстойн учир юу вэ?

9 Өнөөдөр Диавол Еховагийн үйлчлэгчдийн махан биеийн төрөлхийн дур хүслийг ашиглахыг оролддог. Тиймд, бид энэ ертөнцөд өргөн дэлгэрсэн садар самуун явдлыг шийдвэртэй эсэргүүцэх ёстой. Бурхны Үгэнд: «Та нар зөвт бус хүмүүс Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч... Бурхны хаанчлалыг өвлөхгүй» хэмээн онцлон анхааруулсан байдаг (1 Кор. 6:9, 10). Тэгэхлээр, садар самуун амьдралтай, үүнээсээ салах дургүй хүмүүс Бурхны шинэ ертөнцөд амьдрах эрхгүй гэдэг нь тодорхой.

10. Матай 4:5, 6-д бичсэнээр, Сатан Есүсийн үнэнч байдлыг эвдэхийн тулд хоёр дахь удаагаа яаж сорьсон бэ?

10 Есүсийн, цөлд байхдаа үзсэн бас нэг сорилтын талаар Сударт: «Диавол Түүнийг ариун хотод аваачиж, сүмийн орой дээр зогсоогоод, Түүнд: „Хэрэв Чи Бурхны Хүү мөн юм бол доошоо үсэр. Учир нь «Тэрээр тэнгэр элч нартаа чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ тэд гар дээрээ Чамайг өргөн явна» гэж бичигдсэн байдаг шүү дээ“ гэв» хэмээн бичжээ (Мат. 4:5, 6). Энэ нь Есүсийг Мессиа гэдгээ гайхамшгаар батлахыг ятгасан хэрэг байв. Хэрэв Сатаны хүсэлтийг биелүүлбэл, хэрэг дээрээ, бардамнасан, зохисгүй явдал болох байсан бөгөөд үүнээс болж Бурхан Есүсийг үл таалж, туслахаа болих байлаа. Есүс Еховад үнэнчээ дахин баталж, Судраас иш татан: «„Өөрийн Бурхан Эзнээ бүү сорь“ гэж бас бичигдсэн байдаг» хэмээн хариулдаг (Мат. 4:7; Д.хууль 6:16).

11. Сатан биднийг яаж сорьж магадгүй вэ? Энэ нь юунд хүргэж болзошгүй вэ?

11 Сатан биднийг янз бүрийн аргаар алдар нэр хайлган сорьж болох юм. Түүнчлэн, ертөнцийнхний хувцас хунар, гадаад төрхийг дуурайх юм уу чөлөөт цагаа зохисгүй өнгөрүүлэх хүсэл төрүүлж мэднэ. Библийн зөвлөгөөг үл тоомсорлон, ертөнцийг дуурайвал, үүний үр дагавраас тэнгэр элчүүд биднийг хамгаална гэж үү? Давид хаан Батшебатай завхайрч, нүгэл үйлдсэндээ гэмшсэн хэдий ч түүнийхээ гашуун үр дагаврыг амссан шүү дээ (2 Сам. 12:9–12). Ертөнцтэй нөхөрлөх зэргээр Еховаг зохисгүй аргаар сорихгүй байя (Иаков 4:4; 1 Иохан 2:15–17-г уншина уу).

12. Матай 4:8, 9-д бичсэнээр, Сатан Есүсийг юугаар сорьсон бэ? Бурхны Хүү яасан бэ?

12 Есүсийг цөлд байхад нь Диавол бас нэг удаа сорихдоо төрийн эрх мэдэл амладаг. Сатан Есүст дэлхийн бүх хаанчлалыг болон сүр хүчийг нь үзүүлээд, «Хэрэв Чи сөхрөн, надад мөргөвөл, энэ бүхнийг би Чамд өгье» гэж хэлсэн (Мат. 4:8, 9). Еховад хамаатай шүтлэгт санаархаж, Есүсийг Бурхнаас урвуулах гэж оролдсон нь тун ч ичгүүргүй хэрэг байлаа! Цагтаа үнэнч тэнгэр элч байсан энэ этгээд өөрийгөө шүтүүлэх гэсэн хүслээ өөгшүүлсний гайгаар нүгэлтэй, шуналтай, хорон санаатай соригч Сатан Диавол болсон (Иак. 1:14, 15). Гэтэл Есүс тэнгэрийн Эцэгтээ чин үнэнч байсан тул, «Зайл, Сатан аа! „Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг юм» хэмээн хариулж, Диаволыг дахин эрс шийдэмгий эсэргүүцсэн. Бурхны Хүү Сатаны ертөнцийнх болохыг хүсээгүй учир муу нэгнийг яасан ч шүтэхгүй байсан нь ойлгомжтой! (Мат. 4:10; Д.хууль 6:13; 10:20).

«Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна»

13, 14. а) Диавол Есүст дэлхийн бүх хаанчлалыг үзүүлэхдээ юу амласан бэ? б) Сатан биднийг юугаар завхруулахыг оролддог вэ?

13 Диавол Есүст дэлхийн бүх хаанчлалыг үзүүлэн, урьд өмнө ямар ч хүний эдэлж байгаагүй тийм их эрх мэдэл өгөхөө амлахдаа Есүсийг үзсэн зүйлдээ татагдаж, дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч болохыг хүсэх нь эргэлзээгүй хэмээн бодсон биз ээ. Өнөөдөр Диавол бидэнд хаанчлал амладаггүй ч нүд, чих, бодол санаагаар маань дамжуулан зүрх сэтгэлийг маань завхруулахыг оролддог.

14 Диавол энэ ертөнцийг захирдаг учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч түүний мэдэлд байдаг. Тиймд, энэ ертөнцөд хүмүүсийн үзэж, сонсож, уншиж байгаа бүхэн садар самуун, хүчирхийллээр дүүрэн байдагт гайхах зүйлгүй. Ертөнц зар сурталчилгааны хэрэгслээрээ ямар ч хэрэггүй янз бүрийн эд бараа худалдан авах хүсэл төрүүлэхийг хичээдэг. Диавол нүд, чих, бодол санааг маань материаллаг зүйлээр татахын тулд дээрх арга хэрэгслээр биднийг байнга сорьдог. Хэрэв бид Библитэй зөрчилддөг зүйлийг үзэж, сонсож, уншихгүй бол «Зайл, Сатан аа!» гэж хэлж байна гэсэн үг. Тийнхүү Есүсийг дуурайн, Сатаны ёс бус ертөнцөөс эрс шийдэмгий нүүр буруулдаг. Түүнчлэн ажил, сургууль дээрээ болон айл хөрш, төрөл садангийнхныхаа дунд Еховагийн Гэрч, Христийн дагалдагч гэдгээ зоригтой мэдүүлж, Сатаны ертөнцийнх биш гэдгээ баталдаг (Марк 8:38-ыг уншина уу).

15. Сатаныг эсэргүүцье гэвэл яагаад цаг ямагт сонор сэрэмжтэй байх ёстой вэ?

15 Диавол Есүсийг Бурхнаас урвуулах гэж гурав дахь удаагаа оролдоод бүтэлгүйтсэнийхээ эцэст «Түүнийг орхисон» (Мат. 4:11). Гэвч Есүсийг сорихоо бүрмөсөн больё гэж бодоогүй. Учир нь Библид: «Диавол [цөлд] хамаг сорилтоо бараад, тохиромжтой цаг иртэл Түүнийг орхин оджээ» гэж бичсэн байдаг (Лук 4:13). Бид Диаволыг эсэргүүцээд амжилт олбол Еховад талархаж байх нь зүйтэй. Гэхдээ цаашид ч Бурхнаас тусламж гуйж байх шаардлагатай. Учир нь Диавол биднийг сорихоор өөрийнхөө тохиромжтой цагт, санаандгүй байтал маань эргэж ирнэ. Тиймээс, цаг ямагт сонор сэрэмжтэй байн, ямар ч сорилттой тулгарсан, Еховад зогсолтгүй үйлчлэхэд бэлэн байх ёстой.

16. Ехова бидэнд ямар агуу хүч өгдөг вэ? Тэр хүчийг гуйн залбирах хэрэгтэйн учир юу вэ?

16 Диаволыг амжилттай эсэргүүцэхийн тулд орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч болох ариун сүнсийг Бурхнаас гуйж, хүлээн авах хэрэгтэй. Ариун сүнс бидэнд өөрийн хүчээр хийж чадахгүй зүйлээ хийхэд тусална. Есүс дагалдагчдадаа Бурхны сүнс авах боломж байгааг нь сануулж: «Хэрэв та нар [төгс бус бөгөөд ямар нэг хэмжээгээр] бузар атлаа хүүхдүүддээ хэрхэн сайн бэлэг өгөхөө мэддэг юм бол, тэгэх тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13). Еховагаас ариун сүнсийг нь үргэлж гуйн залбирцгаая. Диаволыг эсэргүүцэх шийдвэрийг маань бэхжүүлдэг хамгийн агуу энэ хүчний тусламжтайгаар бид ялж чадна. Тогтмол, шаргуу залбирахаас гадна, «диаволын заль мэхний эсрэг бат зогсохын» тулд Бурхны сүнслэг бүрэн хуяг дуулгыг өмсөх хэрэгтэй (Ефес 6:11–18).

17. Есүс юуны ачаар Диаволыг эсэргүүцэж чадсан бэ?

17 Диаволыг эсэргүүцэхэд нь Есүст тус болсон бас нэг зүйл бидэнд ч тус болно. Библид: «[Есүс] Өөрийнх нь өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гутамшгийг эс тоомсорлон, загалмайг тэвчсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм» гэж байдаг (Евр. 12:2). Бид Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжиж, ариун нэрийг нь магтан алдаршуулж, өмнө маань мөнх амийн шагнал байгаа гэдгийг санан, Есүсийнх шиг баяр баясгалан эдэлж болно. Сатан ба түүний бүх үйлс бүрмөсөн устгагдаж, «даруу хүн газар нутгийг өвлөж, элбэг амар амгалангаар баярлах» цагт бид хэчнээн баяр хөөртэй байх бол оо! (Дуу. 37:11). Тиймээс, Есүсийг дуурайн, Диаволыг эсэргүүцсээр байя (Иаков 4:7, 8-ыг уншина уу).

Хариулна уу

• Ехова ард түмнээ хамгаалдгийг юу баталдаг вэ?

• Есүс Сатаныг эсэргүүцэх талаар ямар жишээ үлдээсэн бэ?

• Та Диаволыг хэрхэн эсэргүүцэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Ертөнцтэй найзалбал Бурхны дайсан болно

[31-р хуудасны зураг]

Есүс ертөнцийн бүх хаанчлалыг өгье гэсэн Сатаны саналыг хүлээж аваагүй