Skip to content

Гарчиг руу орох

Эрүүл мэндээ анхаарахдаа Библийн зарчим баримтлагтун

Эрүүл мэндээ анхаарахдаа Библийн зарчим баримтлагтун

Эрүүл мэндээ анхаарахдаа Библийн зарчим баримтлагтун

«Чи өөрийн Бурхан Эзнийг ...бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун» (МАРК 12:30).

1. Бурхан хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготой байсан бэ?

 ЕХОВА БУРХНЫ анхны санаа зорилгоор бол хүмүүс өвдөх, үхэх учиргүй байлаа. Адам Ева хоёрт Еден буюу «жаргалангийн диваажинг» орон гэр болгон өгч, «арчлуулан сахиулахдаа» тэнд 70, 80-хан жил бус, мөнх амьдруулах зорилготой байв (Эх. 2:8, 15; Дуу. 90:10). Анхны хос Еховад үнэнч байж, хэмжээгүй эрх мэдэлд нь хайрын үүднээс захирагдсан бол өвдөх, хөгшрөх, үхэх гэдгийг үзэхгүй байх байсан.

2, 3. а) «Номлогчийн үгс » номд бичсэнээр хүн өтлөхлөөрөө яадаг вэ? б) Адамаас удамшсан үхлийн буруутан хэн бэ? Үхлийн үр дагаврыг хэрхэн устгах вэ?

2 «Номлогчийн үгс» номын 12-р бүлэгт төгс бус хүн өтлөхөд «хүнд өдрүүд ирдэг» тухай өгүүлсэн байдаг (Номлогчийн үгс 12:1–7-г уншина уу). Үс нь бууралтаж, «эр чадал нь хумигдах» буюу хөл нь матийж, тэнтэр тунтар алхалдаг болж, «цонхоор харж, уйтгарт автагдах» буюу нүдний хараа нь муудаж, «цөөхөн хэдэн шүд нь үүрэггүй хоцордог» аж.

3 Энэ бүхэн Бурхны анхны санаа зорилго байгаагүй. Адамаас удамшсан үхэл бол «Диаволын үйлс» бөгөөд үүнийг Бурхны Хүү Хаанчлалынхаа тусламжтайгаар устгах юм. «Диаволын үйлсийг устгахын тулд Бурхны Хүү энэ зорилгын төлөө үзэгджээ» хэмээн элч Иохан бичжээ (1 Иох. 3:8).

Эрүүл мэндээ зохих ёсоор анхаарах нь зүйн хэрэг

4. Еховагийн үйлчлэгчид эрүүл мэндээ зохих ёсоор анхаарах нь яагаад зүйн хэрэг вэ? Гэхдээ юуг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

4 Орчин үед Еховагийн зарим үйлчлэгч нүгэлт хүмүүст нийтлэг тохиолддог өвчин хууч, өтөл насны зовлон амсдаг. Тийм үед эрүүл мэндээ зохих ёсоор анхаарах нь зүйн хэрэг бөгөөд анхаарах ч ёстой. Учир нь, бид Еховад «бүх хүчээрээ» үйлчлэхийг хүсдэг (Марк 12:30). Гэхдээ эрүүл мэндийнхээ төлөө яаж ч санаа тавилаа гээд хөгшрөх явцыг удаашруулах юм уу огт өвдөхгүй байх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, асуудалд бодитойгоор хандах хэрэгтэй.

5. Бурхны үнэнч үйлчлэгчид өвчнөө хэрхэн давж байснаас ямар сургамж авч болох вэ?

5 Еховагийн үнэнч үйлчлэгчдийн дунд өвдөж зовдог хүн цөөнгүй байжээ. Тэдний нэг нь Епафродит юм (Флп. 2:25–27). Үнэнч нөхөр Тимотынх нь ходоод байнга өвддөг байсан тул Паул түүнд «бага зэрэг дарс» ууж байхыг зөвлөсөн байдаг (1 Тим. 5:23). Паул өөрөө махан биедээ «өргөстэй» байсан нь нүдний эмгэг юм уу тухайн үед эмчилгээ авдаггүй өөр ямар нэг өвчин байсан бололтой (2 Кор. 12:7; Гал. 4:15; 6:11). Тэрбээр махан биеийнхээ «өргөснөөс» салах гэж Еховагаас шаргуу гуйж байжээ (2 Коринт 12:8–10-ыг уншина уу). Бурхан Паулын махан биеийн «өргөсийг» гайхамшгаар авч өгөөгүй ч тэвчих хүч өгсөн. Тийнхүү Еховагийн хүч Паулын мөхөс байдлаар илэрсэн. Эндээс бид сургамж авч болно.

Эрүүл мэндээ хэт их анхаарахаас зайлсхийх нь

6, 7. Эрүүл мэндээ хэт их анхаарахаас зайлсхийх хэрэгтэйн учир юу вэ?

6 Еховагийн Гэрчүүд эмнэлгийн тусламж авч, янз бүрийн эмчилгээ хийлгэдэг. «Сэрцгээ!» сэтгүүлд эрүүл мэндтэй холбоотой өгүүлэл байнга гардаг. Хэдийгээр бид тодорхой нэг эмчилгээний аргыг шүтдэггүй ч эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд бидэнтэй хамтран ажиллаж, тусалдагт нь талархдаг. Үүний зэрэгцээ, одоохондоо төгс эрүүл болох боломжгүй учраас эрүүл мэндээ хэт их анхаарах нь ухаалаг хэрэг биш гэдгийг ойлгодог. Бид, нэг л амьдрахаас хойш гэж боддог, өвчнөө эдгээхийн тулд сайн гэсэн бүхнийг хийлгэхийг хичээдэг, «ямар ч найдваргүй» хүмүүсээс өөр байх учиртай (Ефес 2:2, 12). Бид Бурханд үнэнч үлдэж чадвал «жинхэнэ аминд хүрэх» буюу түүний амласан шинэ ертөнцөд мөнх амьдарна гэдэгтээ бат итгэдэг учраас Еховагийн тааллыг алдан байж, амиа аврахгүй (1 Тим. 6:12, 19; 2 Петр 3:13).

7 Түүнээс гадна, эрүүл мэндээ хэт их анхаарвал аминч үзэлтэй болох аюултай. Паул Филиппой хотын христиануудыг энэ аюулаас сэрэмжлүүлж, «Хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар» хэмээн уриалжээ (Флп. 2:4). Өөртөө зохих ёсоор санаа тавих нь зөв хэдий ч итгэл нэгтнүүд болон «Хаанчлалын энэхүү сайн мэдээг» хүргэдэг хүмүүстээ санаа тавивал эрүүл мэндээ хэт их анхаарахаас зайлсхийж чадна (Мат. 24:14).

8. Эрүүл мэндээ хэт их анхаарах нь юунд хүргэж болзошгүй вэ?

8 Христиан хүн эрүүл мэндээ хэт их анхаарснаас болоод Хаанчлалын эрх ашгийг хойш тавьдаг болж мэдэх юм. Түүнчлэн, хоолны дэглэм, эмчилгээ, нэмэлт тэжээлийн талаарх үзэл бодлоо бусдад тулгадаг болж магадгүй. Үүнтэй холбоотой зарчмыг Паулын хэлсэн үгнээс анхаараарай. Тэрбээр: «Христийн өдрийг хүртэл цэвэр, гэм зэмгүй байхын тулд аль нь сайн болохыг ялгах чадвартай бол [«илүү чухал юм нь юу болохыг магадал», ШЕ]» гэж хэлжээ (Флп. 1:10).

Илүү чухал юм нь юу вэ?

9. Бидний анхаарвал зохих илүү чухал нэг зүйл юу вэ? Яагаад?

9 Хэрэв бид илүү чухал юмыг магадалдаг бол сүнслэгээр эдгээх ажилд идэвхтэй оролцоно. Энэ нь Бурхны Үгийг дэлгэрүүлэх, заах ажил юм. Энэ сайхан ажил бидэнд ч, биднээр заалгадаг хүмүүст ч тустай (Сур. 17:22; 1 Тим. 4:15, 16). «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүлд хүнд өвчин туссан сүнслэг ах дүүсийн маань тухай өгүүллүүд үе үе гардаг. Тэд өвчин зовлонгоо хэрхэн тэвчиж, Еховаг болон түүний гайхамшигт амлалтуудыг хүмүүст мэдүүлэхийг хичээхдээ өвчнөө хэсэг зуур ч болов хэрхэн мартдаг тухай бичсэн байдаг. *

10. Эмчилгээний талаар гаргах шийдвэр маань яагаад чухал бэ?

10 Насанд хүрсэн христиан өвчин тусвал ямар эмчилгээ хийлгэхээ өөрөө шийдэж, ачаагаа үүрэх ёстой (Гал. 6:5). Гэхдээ гаргасан шийдвэр нь Еховад хамаатай гэдгийг мартах ёсгүй. Бид Библийн зарчмыг хүндэтгэдэг учраас «цуснаас цээрлэдэг» шигээ сүнслэг байдалд аюултай юм уу Еховатай тогтоосон харьцааг сэвтүүлж болзошгүй эмчилгээ хийлгэхээс татгалзах учиртай (Үйлс 15:20). Эмчилгээ, оношлогооны зарим арга ид шидтэй холбоотой гэж хэлж болохоор байдаг. «Бузар гэм» буюу ид шидтэй орооцолдох болсон тэрслүү израильчуудыг Ехова эс таашаан, «Зохисгүй өргөлөө цаашид бүү авчрагтун. Утлага чинь Надад жигшүүртэй байна. Шинэ сар, амралтын өдөр, цугларалтын дуудлага болох бузар гэм болон ёслолын чуулганыг Би тэвчиж чадахгүй» гэж хэлжээ (Ис. 1:13). Бид өвчин туссан үедээ залбиралд маань саад болох юм уу Бурхантай тогтоосон харьцаанд маань аюул учруулж болзошгүй юм хийх ёсгүй (Гаш. 3:44).

«Ухаалаг» байх нь амин чухал

11, 12. Хэрэв бид «ухаалаг» байвал эмчилгээний арга сонгохдоо яах вэ?

11 Өнөөдөр Ехова гайхамшгаар өвчин эдгээхгүй ч эмчилгээгээ зөв сонгох мэргэн ухаан өгдөг. Бид эмчилгээний арга сонгохдоо Библийн зарчмыг удирдлага болгож, эрүүл ухаанаар хандах ёстой. Хүнд өвчин туссан үедээ, болж өгвөл хэд хэдэн мэргэжилтнээс зөвлөгөө авах нь ухаалаг хэрэг байж болох юм. Энэ талаар Сургаалт үгс 15:22-т: «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» гэж бичжээ. Элч Паул итгэл нэгтнүүддээ «эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг» уриалсан (Тит 2:12).

12 Есүсийн үед амьдарч байсан өвчтэй эмэгтэйнхтэй адилхан зовлон амсдаг хүн өнөөдөр олон бий. Марк 5:25, 26-д: «Арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэр эмэгтэй олон эмчийн гарт шаналж, өөртөө байсан бүгдийг зарцуулсан боловч ямар ч тус болсонгүй, харин ч бие нь улам мууджээ» хэмээн бичжээ. Есүс өөрт нь хүрч эдгэсэн тэр эмэгтэйд өрөвч сэтгэлээр хандсан байдаг (Марк 5:27–34). Зарим христиан цөхрөнгөө барахдаа цэвэр шүтлэгийн зарчимд харш эмчилгээ, оношлогооны арга сонгох сорилттой тулгардаг.

13, 14. а) Эмчилгээний арга сонгох болоход Сатан үнэнч байдлыг маань эвдэн бусниулахын тулд юу хийдэг вэ? б) Далдын хүчтэй холбоотой байж болзошгүй аливаа бүхнээс хол байх хэрэгтэйн учир юу вэ?

13 Сатан биднийг жинхэнэ шүтлэгээс холдуулахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг. Садар самуун, эд хөрөнгөөр зарим христианыг бүдрүүлэхийг оролддог шигээ далдын хүч, ид шид орсон байж болзошгүй, сэжиг бүхий эмчилгээгээр зарим христианы үнэнч байдлыг эвдэхийг оролддог. Бид «бузар муугаас» болон «алив ёс бус явдлаас» авраач гэж Еховагаас гуйдаг. Тийм учраас, ид шид, далдын хүчтэй холбоотой байж болзошгүй ямар нэг юмаар хөөцөлдөн, Сатанд өөрийгөө барьж өгч болохгүй (Мат. 6:13; Тит 2:14).

14 Ехова израильчуудыг мэргэ төлөг, ид шидээр хөөцөлдөхийг хориглодог байв (Д.хууль 18:10–12). Паул «махан биеийн үйлсийн» тоонд «ид шидийг» оруулжээ (Гал. 5:19, 20). Түүнээс гадна, ид шидээр хөөцөлдөгч нь Еховагийн шинэ ертөнцөд орж чадахгүй (Илч. 21:8). Тэгэхлээр, Ехова ид шидтэй өчүүхэн ч атугай холбоотой бүхнийг жигшдэг нь тодорхой байна.

«Та нарын ухаалаг байгааг бүх хүн мэддэг байг»

15, 16. Эмчилгээ сонгохдоо ухаалаг байх хэрэгтэйн учир юу вэ? І зуунд удирдах зөвлөл ямар мэргэн зөвлөгөө өгсөн бэ?

15 Дээр ярьсан зүйлийг бодоод, эмчилгээ, оношлогооны зарим аргад эргэлзэж байвал тэдгээрээс татгалзах нь ухаалаг хэрэг болно. Сайн ойлгохгүйгээсээ болоод тухайн эмчилгээний аргыг ид шидийн ямар нэг хэлбэртэй холбоотой гэж үзэж болохгүй нь мэдээж. Эрүүл мэндийн асуудалд Библийн зарчим баримтлахын тулд Бурхнаас мэргэн ухаан авч, өөрсдөө хэрсүү байх хэрэгтэй. «Сургаалт үгс » номын 3-р бүлэгт: «Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно. ...Саруул мэргэн ухаан хийгээд хэрсүү ухааныг сахь.... Тийм байх бөгөөс эдгээр нь сэтгэлд чинь амь... болно» гэж зөвлөжээ (Сур. 3:5, 6, 21, 22).

16 Аль болохоор эрүүл байхыг хичээх нь зүйн хэрэг боловч өвчнөө эмчилж, хөгшрөлөөс сэргийлэхдээ Бурхны тааллыг алдахаас болгоомжлох ёстой. Бид бусад асуудлаар Библийн зарчмыг баримталж, «ухаалаг байгаагаа бүх хүнд мэдүүлэх» ёстойн адил эрүүл мэндийн асуудалд ч бас тийм байх учиртай (Флп. 4:5, ШЕ). І зууны удирдах зөвлөл христиануудад илгээсэн маш чухал нэг захидалдаа шүтээн, садар самуун, цуснаас цээрлэхийг тушаагаад, «Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр» хэмээжээ (Үйлс 15:28, 29). Энэ тушаалыг сахих нь ямар ач тустай вэ?

Төгс эрүүл болох цагийг хүлээн, эрүүл мэндээ зохих ёсоор анхаарагтун

17. Библийн зарчмыг хэрэгжүүлснээр бие махбодын хувьд ямар ямар ач тус хүртдэг вэ?

17 Хүн бүр өөрөөсөө: «Цус, садар самуунтай холбоотой Библийн зарчмыг чанд сахих нь өөрт минь сайн гэдгийг би ойлгодог уу?» гэж асуух хэрэгтэй. Түүнчлэн, «өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэх» гэж хичээснээр ямар сайн үр дүнд хүрдгээ бодоорой (2 Кор. 7:1). Хувийн ариун цэврийн талаарх Библийн хэм хэмжээг сахивал янз бүрийн өвчнөөс сэргийлдэг. Биеийг хордуулдаг, Бурхантай тогтоосон харьцааг сэвтүүлдэг тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй бол ашигтай. Идэж уухдаа хэр хэмжээгээ тохируулах нь эрүүл мэндэд сайн байдгийг бас бодоорой (Сургаалт үгс 23:20; Тит 2:2, 3-ыг уншина уу). Амралт, биеийн тамирын дасгал ч бас эрүүл мэндэд сайн. Гэхдээ Библийн заавар зөвлөгөөг хүлээн авч хэрэгжүүлэх нь бие махбод, сүнслэг байдалд онцгой ач тустай.

18. Бидний анхаарах ёстой гол юм юу вэ? Эрүүл мэндтэй холбоотой ямар зөгнөл удахгүй биелэх вэ?

18 Хамгийн гол нь, сүнслэг эрүүл мэнддээ санаа тавьж, «одоогийн болон [шинэ ертөнцөд] ирэх амийн» Эх булаг болох тэнгэрийн Эцэгтэйгээ тогтоосон эрхэм харьцаагаа бэхжүүлэх хэрэгтэй (1 Тим. 4:8; Дуу. 36:9). Бурхны шинэ ертөнцөд Есүсийн золиосны үндсэн дээр бүх хүн нүглээ уучлуулж, сүнслэгээр ч, бие махбодын хувьд ч төгс эрүүл болно. Бурхны Хурга Есүс Христ биднийг «амийн усны булгууд руу хөтөлж», Бурхан бидний нүднээс нулимс бүрийг арчина (Илч. 7:14–17; 22:1, 2). Тэгэхэд бид «„Би өвчтэй байна“ гэж нэг ч оршин суугч өгүүлэхгүй» хэмээсэн сэтгэл хөдөлгөм зөгнөл биелэхийг үзнэ (Ис. 33:24).

19. Эрүүл мэндээ зохих ёсоор анхаарахдаа юунд итгэлтэй байж болох вэ?

19 Аврагдах цаг маань ойрхон байгаа гэдэгт бид итгэж, өвчин, үхлээс ангижрах өдрийг тэсэн ядан хүлээдэг. Харин тэр болтол, халамжит Эцэг маань биднийг өвчин зовлонгоо тэвчихэд тусална. Учир нь тэр бидний төлөө «санаа тавьдаг» юм (1 Петр 5:7). Тиймд, эрүүл мэндээ анхаарахдаа Бурхны Үгэнд байдаг тов тодорхой удирдлага зааврыг ямагт баримталж явцгаая!

[Зүүлт]

Давтах асуулт

• Хүн төрөлхтөн өвддөг болсон нь хэний буруу вэ? Биднийг нүглийн үр дагавраас хэн ангижруулах вэ?

• Эрүүл мэндээ зохих ёсоор анхаарах нь зүйн хэрэг боловч юунаас зайлсхийх шаардлагатай вэ?

• Хийлгэх эмчилгээнийхээ талаар гаргасан шийдвэр маань Еховад хамаатай байдгийн учир юу вэ?

• Эрүүл мэндтэй холбоотой Библийн зарчмыг баримтлах нь ямар ач тустай вэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Хүн өвдөж, хөгшрөх ёсгүй байв

[25-р хуудасны зураг]

Бие муутай ч Еховад үйлчлээд, баяр баясгалантай амьдардаг хүн олон