Бурхны санаа зорилго дахь Есүсийн хосгүй үүргийг өндөр үнэлэгтүн
Бурхны санаа зорилго дахь Есүсийн хосгүй үүргийг өндөр үнэлэгтүн
«Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» (ИОХ. 14:6).
1, 2. Бурхны санаа зорилго дахь Есүсийн хосгүй үүргийг судлах хэрэгтэйн учир юу вэ?
ОЛОН зууны турш хүмүүс бусдаасаа онцгойрохыг хичээсээр ирсэн ч амжилтад хүрсэн нь цөөхөн. Үнэхээр хосгүй гэдгээ баталсан нь бүр ч цөөхөн. Харин Бурхны Хүү Есүс Христ олон талаараа хосгүй юм.
2 Есүсийн хосгүй үүрэг тэнгэрийн Эцэг Еховатай тогтоосон харьцаатай маань холбоотой учир анхаарч үзэх хэрэгтэй! Есүс: «Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй» гэж хэлжээ (Иох. 14:6; 17:3). Есүс юугаараа хосгүй болохыг судалбал Бурхны санаа зорилгод түүний ямар үүрэг гүйцэтгэдгийг ойлгож, өндөр үнэлдэг болно.
«Цорын ганц Хүү»
3, 4. а) Есүс цорын ганц Хүү гэдгээрээ хосгүй гэхийн учир юу вэ? б) Бурхныг бүтээлээ туурвихад Есүс яаж хосгүй үүрэг гүйцэтгэсэн бэ?
3 Есүс Сатанд соригдохдоо хэлүүлж байсан шигээ зүгээр нэг «Бурхны Хүү» биш билээ (Мат. 4:3, 6). «Бурхны цорын ганц Хүү» гэж хэлүүлэх бүрэн эрх түүнд бий (Иох. 3:16, 18). «Цорын ганц» гэж орчуулсан грек үг «тухайн төрөлдөө ганцхан», «хосгүй» гэсэн утга илэрхийлдэг. Ехова олон зуун сая сүнсэн хөвгүүнтэй. Тэгвэл Есүсийг яагаад «тухайн төрөлдөө ганцхан» гэдэг вэ?
4 Эцэг нь хэний ч оролцоогүйгээр, ганцаараа бүтээсэн учир Есүс хосгүй юм. Тэрбээр Бурхны ууган Хүү буюу «бүх бүтээлийн Ууган нь мөн» (Кол. 1:15). Есүсийг «Бурхны бүтээлийн Анхдагч» гэдэг (Илч. 3:14). Түүнчлэн, Бурхныг бүтээлээ туурвихад энэ цорын ганц Хүү хосгүй үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр Бүтээгч буюу Зохион бүтээгч биш ч Ехова түүний оролцоотойгоор бусад бүх зүйлийг бүтээсэн (Иохан 1:3-ыг уншина уу). Элч Паул: «Бидний хувьд ганц Бурхан, Эцэг байна. Бүх юм Түүнээс гарсан бөгөөд бид Түүний төлөө юм. Мөн ганц Эзэн Есүс Христ байна. Бүх юм Түүгээр байгаа бөгөөд бид ч Түүгээр байгаа юм» хэмээн бичжээ (1 Кор. 8:6).
5. Есүсийн хосгүй болохыг Сударт хэрхэн онцолдог вэ?
5 Есүс өөр олон зүйлээрээ хосгүй нэгэн. Түүнийг Бурхны санаа зорилгод ямар хосгүй үүрэгтэйг онцолсон цол гуншин Сударт олон бий. Есүст хэрэглэдэг өөр таван цолыг Христиан Грек Судраас авч үзье.
«Үг»
6. Есүсийг «Үг» гэсэн нь яагаад зөв бэ?
6 Иохан 1:14-ийг уншина уу. Есүсийг яагаад «Үг» буюу Логос гэдэг вэ? Оюун ухаант бусад бүтээлийг бий болсноос хойш түүний гүйцэтгэж байсан үүргийг уг цол онцолдог. Ехова энэ Хүүгээрээ дэлхий дээрх хүмүүс болон тэнгэр дэх сүнсэн хөвгүүддээ мэдээ хүргүүлж, заавар зөвлөгөө өгүүлдэг байсан. Есүс Христ Үг буюу Бурхны Төлөөлөгч байсныг өөрийнх нь хэлсэн үг баталдаг. Тэрбээр иудейчүүдэд: «Миний сургаал бол Минийх биш, харин Намайг Илгээгчийнх. Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсэж байвал тэр нь энэ сургаал Бурхнаас ирсэн үү, эсвэл Би Өөрөөсөө ярьж байна уу гэдгийг мэднэ» хэмээн хэлжээ (Иох. 7:16, 17). Есүс тэнгэрт буцаж очсоныхоо дараа ч «Бурхны Үг» гэдэг цолтой хэвээрээ байсан (Илч. 19:11, 13, 16).
7. «Үг» болох Есүсийн даруу занг хэрхэн дуурайж болох вэ?
7 «Үг» гэдэг цол цаанаа ямар утгатайг бодож үзье. Тэрбээр Еховагийн бүтээлүүд дотроос хамгийн ухаантай нь мөртлөө өөртөө найдалгүй, Эцгийнхээ зааснаар ярьдаг байв. Хүмүүсийн анхаарлыг өөртөө бус, харин үргэлж Ехова руу хандуулдаг байжээ (Иох. 12:50). Дуурайвал зохих сайхан жишээ байгаа биз! Бид ч бас «сайн мэдээг тунхаглах» хосгүй завшаантай (Ром 10:15). Есүсийн үзүүлсэн даруу зангийн жишээг өндөр үнэлдэг хүн өөрийн санааг хэлдэггүй. Амь аврах Библийн мэдээг хүмүүст хүргэхдээ «бичигдсэнээс хэтрэхгүй» байхыг хичээдэг (1 Кор. 4:6).
«Амен»
8, 9. а) «Амен» гэдэг үг ямар утгатай вэ? Есүсийг яагаад «Амен» гэдэг вэ? б) «Амен» Есүс үүргээ хэрхэн биелүүлсэн бэ?
8 Илчлэлт 3:14-ийг уншина уу. Есүсийг яагаад «Амен» гэдэг вэ? Еврей хэлнээс шууд авч хэрэглэсэн энэ үг «хэлснээр болог», «ёсоор болтугай» гэсэн утгатай бөгөөд уг үгийн үндэс нь «үнэнч» буюу «итгэмжит» байх гэсэн санаа илэрхийлдэг. Энэ үгийг Еховагийн үнэнч байдлыг тодорхойлоход хэрэглэсэн байдаг (Д.хууль 7:9; Ис. 49:7). Тэгвэл «Амен» хэмээх цол нь Есүсийг ямар утгаар хосгүй болгодог вэ? Үүний хариуг 2 Коринт 1:19, 20-оос үзье. Тэнд: «Та нарын дунд тунхаглагдсан Бурхны Хүү, Христ Есүс нь „За ба үгүй“ байгаагүй. Харин Түүний дотор „За“ байгаа юм. Учир нь Бурхны бүх амлалт Түүний дотор „За“ гэдэг. Тиймд бид Бурхны алдрын тулд Түүгээр дамжуулан „Амен“ гэдэг» хэмээн бичжээ.
9 Есүс бол Бурхны бүх амлалтын «Амен» юм. Тэрбээр дэлхийд амьдарч байхдаа ямар ч өө сэв гаргаагүй бөгөөд эцэст нь төгс амиа золиосолсон. Үүгээрээ Ехова Бурхны бүх амлалт биелэх боломжтой гэдгийг баталсан төдийгүй биелэх боломжтой болгосон. Бас үнэнч байснаараа, Бурхны үйлчлэгчид дутагдаж гачигдан, зовж зүдрэх юм уу сорилттой тулгарвал Бурхнаас нүүр буруулна хэмээн «Иов» номд бичсэн Сатаны үг худал болохыг баталсан (Иов 1:6–12; 2:2–7). Бурхны бүх бүтээлийн ууган нь болох Есүс Сатаны энэ худал үгэнд эцсийн хариуг өгсөн. Түүнээс гадна, маргаантай асуудлаар Эцгийнхээ талд зогсон, Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөв гэдгийг хөдөлгөөнгүй нотолсон.
10. Хосгүй үүрэг гүйцэтгэсэн «Амен» Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?
10 Хосгүй үүрэг гүйцэтгэсэн «Амен» Есүсийг хэрхэн дуурайж болох вэ? Еховад үнэнч байж, орчлонт ертөнц дэх хэмжээгүй эрх мэдлийг нь дэмжих хэрэгтэй. Тэгэх аваас, Сургаалт үгс 27:11-д: «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» хэмээсэн Бурхны шаардлагыг биелүүлнэ.
«Шинэ гэрээний зууч»
11, 12. Зууч Есүс юугаараа хосгүй вэ?
11 1 Тимот 2:5, 6-г уншина уу. Есүс бол «Бурхан ба хүмүүсийн хоорондох ганц зууч» мөн. Тэрбээр «шинэ гэрээний зууч» юм (Евр. 9:15; 12:24). Гэхдээ Мосег ч бас Хуулийн гэрээний зууч гэдэг шүү дээ (Гал. 3:19). Тэгвэл Зууч Есүс юугаараа хосгүй вэ?
12 «Зууч» гэж орчуулсан грек үг нь хуулийн нэр томьёо учраас Есүс шинэ гэрээний хууль ёсны Зууч болдог. Тэрхүү гэрээний ачаар «Бурхны Израиль» хэмээх шинэ үндэстэн бий болох боломж бүрдсэн (Гал. 6:16). Энэ үндэстэн ирээдүйд тэнгэрийн «хаант тахилч нар» болох сүнсээр тослогдсон христиануудаас бүрддэг (1 Петр 2:9; Ег. 19:6). Мосе хэмээх зуучтай Хуулийн гэрээ тийм үндэстнийг бий болгож чадаагүй.
13. Есүс Зуучийн хувьд ямар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
13 Есүс Зуучийн хувьд ямар ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Ехова Есүсийн цусны ач тусыг шинэ гэрээнд оролцогчдод хүртээж, тэднийг албан ёсоор зөвт гэж үздэг (Ром 3:24; Евр. 9:15). Тэгээд тэднийг тэнгэрийн хаан-тахилч болгох шинэ гэрээнд хамруулдаг. Есүс Зуучийн хувьд тэднийг Бурхны өмнө үргэлж цэвэр ариун байхад нь тусалдаг (Евр. 2:16).
14. Христианууд ямар ч найдвартай бай, шинэ гэрээний Зууч Есүсийн үүргийг өндөр үнэлэх хэрэгтэйн учир юу вэ?
14 Тэгвэл, шинэ гэрээнд хамрагдаагүй, дэлхийд мөнх амьдрах найдвартай хүмүүсийн тухайд юу хэлж болох вэ? Тэд шинэ гэрээнд оролцогчид биш ч гэсэн ач тусыг нь хүртэгчид юм. Тэд нүглээ уучлуулж, Бурхны анд нөхөд, зөвт хүмүүс хэмээн тооцогддог (Иак. 2:23; 1 Иох. 2:1, 2). Тэнгэр газрын алинд нь ч амьдрах бай, бид бүгдээрээ шинэ гэрээний Зууч Есүсийн үүргийг өндөр үнэлэх учиртай.
«Тэргүүн Тахилч»
15. Тэргүүн Тахилч Есүс бусад тэргүүн тахилчаас юугаараа ялгаатай вэ?
15 Эрт үед тэргүүн тахилчаар үйлчилдэг хүн олон байсан. Гэхдээ Тэргүүн Тахилч Есүсийг үнэхээр хосгүй гэж хэлж болно. Юугаараа тэр вэ гэдгийг элч Паул тайлбарлаж: «Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ. Учир нь Хууль мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол, харин Хуулийн дараа ирсэн андгайн үг нь мөнхөд төгс болгогдсон Хүүг томилдог билээ» хэмээн бичжээ (Евр. 7:27, 28). *
16. Есүсийн өргөсөн тахил яагаад хосгүй вэ?
16 Есүс, нүгэл үйлдэхээс өмнөх үеийн Адамтай эн тэнцэх төгс хүн байсан (1 Кор. 15:45). Тийм учраас, дахин дахин өргөх шаардлагагүй төгс тахил өргөж чадах цорын ганц хүн байв. Мосегийн хуулиар, тахилыг өдөр бүр өргөдөг байв. Тийм тахил болон тахилчийн үйлчлэл Есүсийн гүйцэтгэх ёстой байсан үүргийн сүүдэр төдий зүйл байжээ (Евр. 8:5; 10:1). Тэгэхлээр, Тэргүүн тахилч Есүсийн үүрэг үр нөлөөгөөрөө болон үүрдийнх гэдгээрээ хосгүй ажээ.
17. Тэргүүн тахилч Есүсийн үүргийг ямар учраас өндөр үнэлэх ёстой вэ? Өндөр үнэлдгээ яаж харуулах вэ?
17 Бурханд зөв гэж тооцогдоход Тэргүүн тахилч Есүсийн үйлчлэл хэрэгтэй. Тэгэхлээр, Есүс үнэхээр хосгүй Тэргүүн тахилч байгаа биз! Элч Паул: «Бидэнд байгаа нь бидний мөхөс байдлыг хуваалцаж чаддаггүй тэргүүн тахилч бус, харин нүгэлгүй атлаа бүх талаар бидэн шиг соригдсон Нэгэн билээ» гэж бичжээ (Евр. 4:15). Есүсийн Тэргүүн тахилчийн үүргийг өндөр үнэлдэг хүмүүс «өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдардаг» (2 Кор. 5:14, 15; Лук 9:23).
Зөгнөсөн «Үр»
18. Адамыг нүгэл үйлдсэний дараа Бурхан юун тухай зөгнөсөн бэ? Энэ зөгнөлийн талаар хожим юу тодорхой болсон бэ?
18 Еденд хүмүүс Бурхантай тогтоосон сайхан харьцаа, мөнхийн амь, аз жаргал, диваажин гээд юм юмаа алдах болоход Ехова Бурхан Аврагчийн тухай зөгнөж, түүнийг «үр» гэжээ (Эх. 3:15, ШЕ). Энэ нууцлаг Үр эрт цагаас Библийн олон зөгнөлийн гол сэдэв болсон бөгөөд Абрахам, Исаак, Иаковын удмаас гарах ёстой байв. Бас Давид хааны удмын хүн байх байлаа (Эх. 21:12; 22:16–18; 28:14; 2 Сам. 7:12–16).
19, 20. а) Амласан Үр хэн бэ? б) Зөгнөсөн үр нь зөвхөн Есүсээр тогтохгүй гэхийн учир юу вэ?
19 Амласан Үр хэн байсан бэ? Хариу нь Галат 3:16-д бий (Уншина уу). 3-р бүлгийн сүүлийн хэсэгт элч Паул тослогдсон христиануудад: «Хэрэв та нар Христийнх юм бол та нар Абрахамын үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид мөн» гэж бичсэн (Гал. 3:29). Өөр хүмүүс ч бас үр юм бол Христийг амласан Үр гэснийг юу гэж ойлгох вэ?
20 Олон сая хүн өөрийгөө Абрахамын удам гэж хэлэн, зарим нь зөнч болж аяглах нь ч бий. Зарим шашин зөнчдөө Абрахамаас гаралтай гэж батлахыг их чухалд үздэг. Гэхдээ тэд бүгдээрээ амласан Үр мөн үү? Тэгж ойлгож болохгүй. Абрахамын бүх үр удам амласан Үр биш гэдгийг элч Паул Бурхны сүнсээр удирдуулан бичжээ. Хүн төрөлхтөн Абрахамын бүх хөвгүүдээр дамжуулан ивээл хүртэх учиргүй байсан. Тэр үр зөвхөн Исаакаас гарах ёстой байжээ (Евр. 11:18). Есүс Христ гэдэг ганцхан хүн л зөгнөсөн үрийн гол хэсэг юм. Түүнийг Абрахамын удмын хүн гэдгийг Библид бичсэн угийн бичиг баталдаг. * Хожим нь «Христийн» хүмүүс Абрахамын үрийн туслах хэсэг болсон. Үрийн тухай зөгнөл биелэхэд Есүс үнэхээр хосгүй үүрэг гүйцэтгэсэн.
21. Еховагийн санаа зорилго дахь Есүсийн хосгүй үүргийг судлаад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
21 Еховагийн санаа зорилго дахь Есүсийн хосгүй үүргийг товч үзлээ. Эндээс ямар сургамж авч болох вэ? Бурхны цорын ганц Хүү бүтээгдсэн цагаасаа эхлэн үнэхээр хосгүй байсан. Гэхдээ Есүс гэдэг хүн болсон Бурхны энэ хосгүй Хүү өөрийгөө алдаршуулахыг огтхон ч бодолгүйгээр, Эцгийнхээ хүсэл тааллын дагуу, ямагт даруухнаар үйлчилдэг (Иох. 5:41; 8:50). Энэ бол дуурайвал зохих үнэхээр сайхан жишээ мөн! Есүсийг дуурайн, «Бурхны алдрын төлөө бүхнийг хийх» зорилго тавьцгаая (1 Кор. 10:31).
[Зүүлт]
^ Нэгэн Библи судлаачийн хэлснээр, «нэг удаа бүгдийн төлөө» гэж орчуулсан [грек] үг нь Христийн золиос бол хосгүй [буюу «онцгой»], дахин давтагдахгүй гэсэн Библийн чухал ойлголтыг илэрхийлдэг аж.
^ I зууны иудейчүүд өөрсдийгөө Абрахамын үр удам учраас ерөөгдсөн хүмүүс гэж үздэг байсан ч Мессиа буюу Христээр тодрох нэг хүнийг хүлээж байжээ (Иох. 1:25; 7:41, 42; 8:39–41).
Санаж байна уу?
• Есүсийн цол хосгүй үүргийг нь хэрхэн харуулдаг вэ? (Хавсралт үзнэ үү)
• Еховагийн хосгүй Хүүгийн жишээг хэрхэн дуурайж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[15-р хуудасны хавсралт/зураг]
Бурхны санаа зорилгод Есүсийн хосгүй үүрэгтэйг харуулах зарим цол
◼ Цорын ганц Хүү (Иох. 1:3). Есүсийг Эцэг нь хэний ч оролцоогүйгээр, ганцаараа бүтээсэн.
◼ Үг (Иох. 1:14). Ехова энэ Хүүгээрээ бусад бүтээлдээ мэдээ хүргүүлж, заавар зөвлөгөө өгүүлдэг байсан.
◼ Амен (Илч. 3:14). Есүс дэлхийд амьдрахдаа ямар ч өө сэв гаргаагүй бөгөөд эцэст нь төгс амиа золиосолсон. Үүгээрээ Ехова Бурхны бүх амлалт биелэх боломжтой гэдгийг баталсан төдийгүй биелэх боломжтой болгосон.
◼ Шинэ гэрээний зууч (1 Тим. 2:5, 6). Хууль ёсны Зууч Есүсийн ачаар, ирээдүйд тэнгэрийн «хаант тахилч нар» болох христиануудаас бүрдсэн «Бурхны Израиль» хэмээх шинэ үндэстэн үүсэх боломжтой болсон (Гал. 6:16; 1 Петр 2:9).
◼ Тэргүүн тахилч (Евр. 7:27, 28). Есүс дахин дахин өргөх шаардлагагүй төгс тахил өргөж чадах цорын ганц хүн байсан. Тэрбээр биднийг нүглээс цэвэрлэж, нүглийн хор уршиг болох үхлээс чөлөөлж чадна.
◼ Амласан Үр (Эх. 3:15). Есүс Христ гэдэг ганцхан хүн л зөгнөсөн үрийн гол хэсэг юм. Хожим нь «Христийн» хүмүүс Абрахамын үрийн туслах хэсэг болжээ (Гал. 3:29).