Skip to content

Гарчиг руу орох

Сайн мэдээг сайтар гэрчлэгтүн!

Сайн мэдээг сайтар гэрчлэгтүн!

Сайн мэдээг сайтар гэрчлэгтүн!

«[«Сайтар», ШЕ] гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тушаасан юм» (ҮЙЛС 10:42).

1. Петр Корнелийнд цугласан хүмүүст ямар даалгаврын тухай онцолж хэлсэн бэ?

 БУРХНЫ, хүмүүстэй харьцах харьцаанд эргэлт гарсан нэгэн чухал үйл явдлыг угтан Италийн цэргийн офицер хамаатан садан, найз нөхдөө цуглуулжээ. Бурхнаас эмээгч тэр хүнийг Корнел гэдэг аж. Элч нар Есүсийн тухай «сайтар гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэх» даалгавар авсныг Петр Корнелийнд цугласан хүмүүст ярьжээ. Үүний дүнд хөвч хөндүүлээгүй харь үндэстнүүд Бурхны сүнсийг авч, баптисм хүртэн, Есүстэй хамт тэнгэрт хаанчлах эрхтэй болсон байна. Петр сайтар гэрчилсэн нь үнэхээр гайхалтай үр дүнд хүрчээ! (Үйлс 10:22, 34–48).

2. Сайн мэдээ гэрчлэх даалгаврыг зөвхөн 12 элчид өгөөгүй гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

2 Энэ явдал МЭ 36 онд болжээ. Үүнээс хоёр жилийн өмнө, христиануудыг улайран эсэргүүцдэг байсан нэгэн хүний амьдрал эрс өөрчлөгдсөн юм. Тарсын Саул гэгч тэр хүнийг Дамаск руу явж байтал Есүс түүнд үзэгдэн: «Хот руу оч. Чиний юу хийх ёстойг чамд хэлэх болно» хэмээн айлдсан бөгөөд шавь Ананиадаа Саулыг «харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө» сайтар гэрчлэх болно гэж хэлсэн аж (Үйлс 9:3–613–20-ийг уншина уу). Ананиа Саулд: «Манай өвөг дээдсийн Бурхан ... чамайг урьдаас томилжээ. Учир нь чи ... бүх хүний өмнө гэрчлэх Түүний [Есүсийн] гэрч болно» гэжээ (Үйлс 22:12–16). Хожим Паул нэрээр алдаршсан Саул сайн мэдээ гэрчлэх даалгаварт аль хэр нухацтай хандсан бол оо?

Паул сайтар гэрчилсэн!

3. а) Энэ өгүүллээр бид юуг анхаарч үзэх вэ? б) Ефесийн ахлагчид Паулаас мэдээ аваад яасан бэ? Тэдний жишээ бидэнд ямар сургамжтай вэ?

3 Паулын хийж гүйцэтгэсэн бүхнийг нэгд нэгэнгүй судлах нь сонирхолтой ч, одоо «Үйлс» номын 20-р бүлэгт байдаг, МЭ 56 оны орчим хэлсэн үгэнд нь анхаарлаа хандуулъя. Паул энэ үгээ миссионерийн гурав дахь аяллаа дуусах дөхөж байхад хэлжээ. Тэрбээр Эгейн тэнгисийн боомт хот Милетэд буугаад, Ефесийн хурлын ахлагчид руу хүн явуулжээ. Милетээс Ефес хүртэл 50 км зайтай ч, тахирласан урт замтай тул олон цаг явж хүрдэг байв. Тэндхийн хурлын ахлагчид Паулаас мэдээ аваад сэтгэл нь ямар их хөдөлсөн бол оо (Сургаалт үгс 10:28-тай харьцуулна уу). Гэвч тэд Милетэд очих хэрэгтэй байлаа. Зарим нь ажлаасаа чөлөө авах юм уу дэлгүүр хоршоогоо хаах шаардлагатай байсан байж болох юм. Өнөөдөр ч гэсэн жил бүрийн мужийн чуулганы бүх хөтөлбөрийг сонсохын тулд ажлаа зохицуулдаг христиан олон бий.

4. Паул Ефест хэдэн жил байхдаа юу хийсэн бэ?

4 Таны бодлоор, Паул Ефесийн ахлагчдыг иртэл Милетэд гурав, дөрөв хоног юу хийж байсан бол? Та юу хийх байсан бэ? (Үйлс 17:16, 17-той харьцуулна уу). Ефесийн ахлагчдад хэлсэн Паулын үгнээс дээрх асуултын хариуг мэдэж болно. Тэрбээр олон жил хийж хэвшсэн дэлгэрүүлэх ажлынхаа талаар дурдахдаа Ефест урьд нь хэрхэн дэлгэрүүлж байснаа дурсжээ (Үйлс 20:18–21-ийг уншина уу). Өөртэй нь сөргөлдөх хүн гарахгүй гэдгийг мэдэж байсан учир: «Азид хөл тавьсан анхны өдрөөсөө эхлэн ... миний ямар байсныг та нар мэднэ. Би ... [«сайтар», ШЕ] гэрчилсэн» гэж хэлсэн. Үнэхээр ч Паул Есүсийн даалгаврыг тууштай биелүүлж байсан. Тэгвэл Ефест даалгавраа хэрхэн биелүүлсэн бэ? Иудейчүүдийн олноороо цугладаг газар очиж, гэрчилдэг байв. Түүнийг МЭ 52–55 оны орчим Ефест байхдаа синагогт «сургамжлан, ятгаж, зоригтой ярьж байсан» тухай Лук бичжээ. Иудейчүүдийг «дуулгаваргүй, зөрүүдлээд» байвал синагогоос өөр газар очиж дэлгэрүүлж байлаа. Тийнхүү, Ефес хэмээх их хотод байхдаа иудей, грек хүмүүст гэрчилжээ (Үйлс 19:1, 8, 9).

5, 6. Паул айлаар дэлгэрүүлэхдээ итгэгч бус хүмүүст гэрчилдэг байсан гэдэгт итгэлтэй байж болохын учир юу вэ?

5 Христиан болсон зарим хүн яваандаа ахлагч болох шаардлага хангасан ажээ. Паул Милетэд байхдаа чухамдаа тэдэнтэй ярилцсан бөгөөд өөрийнхөө хэрэглэж байсан аргыг сануулж: «Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй. Та нарт нийтэд чинь болон айлаас айлд сургасан» хэмээн хэлжээ. Паул итгэгч хүмүүст л хоньчны эргэлт хийдэг байсан шүү дээ гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ тийм биш ээ. «Нийтэд ... болон айлаас айлд сургах» гэдэг үгийг гол нь итгэгч бус хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэхэд хэрэглэдэг байсан. Үүнийг Паулын, цааш нь хэлсэн үг тодорхой харуулдаг. Тэрбээр «Бурхны өмнө гэмших гэмшил, бидний Эзэн Есүс Христэд итгэх итгэлийн тухай иудейчүүд болон грекчүүдэд» гэрчилсэн гэж хэлсэн нь гэмшиж, Есүст итгэх шаардлагатай итгэгч бус хүмүүст дэлгэрүүлсэн гэсэн үг юм (Үйлс 20:20, 21).

6 Нэг судлаач Христиан Грек Судрыг нямбай судлаад, Үйлс 20:20-ийг тайлбарлаж: «Паул Ефест гурван жил байхдаа айл болгонд очиж байжээ. Үгүй юм аа гэхэд, бүх хүнд дэлгэрүүлжээ (26-р зүйл). Сайн мэдээг айлаар дэлгэрүүлэх нь цуглаан дээр илтгэл тавихтай адилхан, Библийн үндэстэй юм» гэжээ. Паул энэ эрдэмтний хэлснээр айл болгонд очсон ч бай, үгүй ч бай, яаж гэрчилж, ямар үр дүнд хүрснээ Ефесийн ахлагчдад сануулахыг хүсжээ. Лук: «Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзний үгийг сонсоцгоожээ» гэж бичсэн байдаг (Үйлс 19:10). Тэгвэл Азийн «бүх» хүн яаж сонссон байх вэ? Эндээс бид гэрчлэх ажлынхаа талаар юу ойлгож болох вэ?

7. Паулын гэрчлэл нүүр тулж ярилцсан хүмүүсээс нь гадна өөр олон хүнд хүрсэн гэж хэлэхийн учир юу вэ?

7 Паул их хөлийн газар болон айлаар дэлгэрүүлж, олон хүнд сайн мэдээ дуулгадаг байв. Ефест сайн мэдээ сонссон хүмүүсийн зарим нь ажил хийхээр, төрөл төрөгсдөө бараадахаар, эсвэл их хотын чимээ шуугиантай амьдралаас зугтаж өөр хаа нэгтээ нүүсэн нь эргэлзээгүй. Өнөөдөр олон хүн тийм шалтгаанаар нүүдэг. Магадгүй та тэдний нэг байж болох юм. Бас зарим хүн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Ефест ирдэг байжээ. Тэнд тэд Паултай уулзах юм уу сайн мэдээг нь сонсдог байсан биз ээ. Дараа нь гэртээ хариад яадаг байсан бол? Хүлээн авсан нэг нь үнэнийг гэрчилдэг байсан. Харин зарим нь итгэгч болоогүй ч Ефест байхдаа сонссон зүйлээ бусдадаа ярьдаг байсан байх. Үүний дүнд хамаатнууд, хөршүүд, үйлчлүүлэгчид нь үнэнийг сонсож, зарим нь хүлээн авдаг байсан нь дамжиггүй (Марк 5:14-тэй харьцуулна уу). Хэрэв та сайтар гэрчилбэл үр дүн нь ямар байх бол? Дээрх явдал юу хэлдэг вэ?

8. Ази муж даяар үнэн хэрхэн тархсан байж болох вэ?

8 Паул урьд нь Ефест үйлчилж байсан тухайгаа «миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн» гэж бичжээ (1 Кор. 16:8, 9). Паулын өмнө юун хаалга, яаж нээгдсэн бэ? Тэрбээр Ефест үргэлжлүүлэн дэлгэрүүлсний үр дүнд сайн мэдээ өргөн тархсан. Ефесийн ойролцоох Колоссай, Лаодик, Хиерапол гэдэг гурван хотыг аваад үзье. Паул энэ гурван хотод очиж байгаагүй хэр нь сайн мэдээ тэнд хүрчээ. Епафр тэр нутгийн хүн байв (Кол. 2:1; 4:12, 13). Епафрыг Ефест байхдаа Паулын гэрчлэхийг сонсоод, христиан болсон эсэх тухай Библид тодорхой бичээгүй. Гэхдээ тэрбээр Паулыг төлөөлөн, нутагтаа үнэнийг түгээж байсан бололтой (Кол. 1:7). Паулын Ефест гэрчилж байсан он жилүүдэд сайн мэдээ Филаделфи, Сардей, Туатейр хотод ч хүрсэн байж болох юм.

9. а) Паулын чин хүсэл юу байсан бэ? б) 2009 оны уриа юу вэ?

9 Тиймээс Ефесийн ахлагчид Паулын: «Би Бурхны нигүүлслийн сайн мэдээг [«сайтар», ШЕ] гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн» хэмээснийг хүлээн зөвшөөрсөн. Энэ зүйлд байдаг урам зориг, эрч хүч нэмсэн, «Сайн мэдээг сайтар гэрчлэгтүн» гэдэг үгийг 2009 оны уриа болгож байна (Үйлс 20:24, ШЕ).

Орчин үед сайтар гэрчилж байна

10. Бид ч бас сайтар гэрчлэх ёстой гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

10 «Сайтар гэрчлэн, ард олонд дэлгэрүүлэх» тушаалыг зөвхөн элч нарт өгөөгүй. Есүс амилсныхаа дараа Галилд цугласан 500 орчим шавьдаа: «Явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа» гэж тушаасан. Энэ тушаал орчин үеийн жинхэнэ христиануудад бүгдэд нь хамаатай гэдгийг Есүсийн хэлсэн дараах үг харуулдаг. Тэрбээр: «Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно» хэмээн айлджээ (Мат. 28:19, 20).

11. Еховагийн Гэрчүүдийг ямар чухал ажил хийдгээр нь хүмүүс мэддэг вэ?

11 Идэвх зүтгэлтэй христианууд Есүсийн тушаалыг сахиж, сайн мэдээг сайтар гэрчилсээр байна. Тэд Паулын, Ефесийн ахлагчдад хэлж байсан, айлаар дэлгэрүүлэх аргыг голлон хэрэглэдэг. Дэйвид Стьюарт үр өгөөжтэй дэлгэрүүлэх талаар 2007 онд гаргасан номдоо: «Чин хүсэлтэй номлогч-гишүүн бэлтгэх талаар Еховагийн Гэрчүүдийн хэрэглэдэг практик ач холбогдолтой арга бол [индэр дээрээс] хийсвэрлэн онолдохоос илүү үр дүнтэй, шалгарсан арга юм. Еховагийн Гэрчүүдийн ихэнх нь итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах дуртай» гээд цааш нь, үүний үр дүн ямар байдаг тухай: «1999 онд Зүүн Европын хоёр орны нийслэлд судалгаа хийхэд, судалгаанд хамрагдагсдын 2–4 хувь нь Хожмын үеийн гэгээнтнүүд буюу «Мормон» миссионерүүдтэй ярилцаж байсан гэсэн бол 70 гаруй хувь нь Еховагийн Гэрчүүдтэй хэд хэдэн удаа биечлэн уулзаж байсан гэсэн байна» гэж хэлжээ.

12. а) Бид ямар учраас айлуудад «хэд хэдэн удаа» очдог вэ? б) Еховагийн Гэрчүүдийн хүргэдэг мэдээнд нааштай ханддаг болсон ямар хүний жишээг та мэдэх вэ?

12 Танай нутагт ч бас дээрхтэй адил байж болох юм. Үүнд таны хувь нэмэр ч байгаа байх. Та айлаар дэлгэрүүлэн, хүмүүстэй «биечлэн уулзаж» явахдаа эрэгтэй, эмэгтэй, хүүхэд залуус гээд янз бүрийн хүмүүстэй үүдэнд нь уулзаж ярилцсан нь лавтай. «Хэд хэдэн удаа» очсон ч сонсоогүй хүн байхад, Библиэс унших юм уу Библийн санаа хэлэхэд тодорхой хэмжээгээр сонссон хүн байсан биз ээ. Бас анхааралтай сонсоод, хүлээж авсан хүмүүс ч байгаа. Ер нь, «сайн мэдээг сайтар гэрчлэхэд» хүмүүс иймэрхүү байдлаар хүлээн авдаг. «Хэд хэдэн» удаа очиход бараг сонирхохгүй байсан хүн дараа нь өөрчлөгдсөн жишээ олон байдгийг та мэдэх байх. Тэдэнд юм уу гэр орныхонд нь ямар нэг юм тохиолдсоноос болоод оюун ухаан, зүрх сэтгэл нь нээгдэж, үнэнийг хүлээж авах хүсэлтэй болсон байж болох юм. Тэгээд итгэл нэгт ах дүүсийн маань нэг болдог. Тийм учраас, сайн мэдээг хүлээж авдаг хүн тэр бүр таарахгүй бол битгий бууж өгөөрэй. Хүн болгон үнэний замаар явахгүй гэдгийг христианууд бид мэддэг. Гэхдээ Бурхан биднийг сайн мэдээг сайтар гэрчлэх ажлаа нягт нямбай, хичээл зүтгэлтэй, тууштай хийгээсэй гэж хүсдэг.

Үр дүн нь ямар байхыг бид мэдэхгүй

13. Бидний гэрчлэл ямар үр дүнд хүрч болох вэ?

13 Паулын дэлгэрүүлэх ажлын үр дүн зөвхөн христиан болоход нь биечлэн тусалсан хүмүүсийн тоогоор хэмжигддэггүй. Бидний тухайд ч мөн ялгаагүй. Бид айлаар тогтмол дэлгэрүүлж, аль болохоор олон хүнд гэрчлэхийг хичээдэг. Айл хөрш, ажлын хамт олон, ангийн хүүхдүүд, төрөл садандаа дэлгэрүүлдэг. Эцсийн үр дүн ямар байх нь тэр бүр мэдэгдэггүй. Шууд л нааштай хүлээж авдаг хүмүүс байдаг. Зүрхэнд тарьсан үнэний үр сураг чимээгүй байснаа, хэсэг хугацааны дараа үндэслэж, ургах нь ч бий. Тэгдэггүй юм аа гэхэд, ярилцсан хүмүүс маань бидний ярьсныг, юунд итгэдгийг, юу хийдгийг бусад хүнд ярьж болох юм. Тийнхүү тэд бидний тарьсан үрийг өөр хаа нэгтээ байгаа үржил шимтэй хөрсөнд өөрийн мэдэлгүй суулгадаг байна.

14, 15. Нэгэн Гэрч албан бусаар дэлгэрүүлсэн нь ямар үр дүнд хүрсэн бэ?

14 Нэг жишээ татъя. Райаных АНУ-ын Флорида мужид амьдардаг. Райан хамт ажилладаг хүндээ албан бусаар дэлгэрүүлжээ. Хинди шашинтай гэр бүлээс гаралтай тэр хүнд Райаны хувцаслалт, яриа хөөрөө нь ихэд таалагдсан аж. Ярилцах явцдаа Райан амилалт болон хүн үхээд яадаг тухай хэлжээ. Нэгдүгээр сарын нэгэн орой мөнөөх эр, эхнэр Жодигоосоо Еховагийн Гэрчүүдийн талаар юу мэддэгийг нь асуусанд католик шашинтай эхнэр нь Гэрчүүдийг зөвхөн «айлаар дэлгэрүүлдэг» гэдгээр нь мэддэг тухайгаа хэлсэн байна. Дараа нь Жоди «Еховагийн Гэрчүүд» гэж бичээд, Интернетээс хайсанд манай байгууллагын www.watchtower.org гэдэг Вэб хуудас гарчээ. Уг хуудаснаас хэдэн сарын турш Библи болон сонирхолтой өгүүлэл бүхий материал олж уншжээ.

15 Жоди сувилагч учраас ажлын шугамаар мэргэжил нэгт Мандитай тааралдсан байна. Манди Райаны эхнэр аж. Тэрбээр Жодигийн асуусан асуултад дуртайяа хариулж байв. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд, Жодигийн хэлснээр, «Адамаас авахуулаад Хармагедон хүртэл» ярилцжээ. Жоди ч гэрээрээ Библийн хичээл заалгахаар болсон байна. Удалгүй цуглаанд очдог болсон төдийгүй, аравдугаар сард дэлгэрүүлэгч болж, хоёрдугаар сард баптисм хүртжээ. Тэрбээр: «Одоо би үнэнийг мэддэг болж, амьдрал минь жаргалтай, утга учиртай болсон» гэж бичжээ.

16. Америкийн нэг Гэрчид тохиолдсон явдал сайтар гэрчлэх талаар бидэнд юу хэлдэг вэ?

16 Райан нэг хүнд гэрчилсний дүнд өөр хүн үнэнийг хүлээн авна гэж бодоо ч үгүй биз ээ. Ямартай ч, энэ явдлаас шийдэмгий бөгөөд «сайтар гэрчлэхийн» үр дүнг ойлгожээ. Айлын үүдэнд, ажлын газар болон сургууль дээрээ, албан бусаар гэрчилбэл, та өөрөө мэдэхгүй байлаа ч, өөр олон хүн үнэнийг сонсох боломжтой болж мэдэх юм. Паул Ази мужид дэлгэрүүлснийхээ үр дүнг бүгдийг нь мэдэхгүй байсан шиг, та ч бас сайтар гэрчилснийхээ үр дүнг бүгдийг нь мэдэж чадахгүй (Үйлс 23:11; 28:23-ыг уншина уу). Гэхдээ энэ ажлаа тууштай хийх нь амин чухал!

17. 2009 онд та яах вэ?

17 2009 онд айлаар болон бусад аргаар гэрчлэх даалгавраа нэр төртэй биелүүлцгээе. Тийнхүү биелүүлэх аваас Паул шиг: «Би Бурхны нигүүлслийн сайн мэдээг сайтар гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд өөрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн» хэмээн хэлэх болно.

Хариулна уу

• Петр, Паул болон І зууны бусад элч нар хэрхэн сайтар гэрчилдэг байсан бэ?

• Бидний гэрчлэх ажил бодож байснаас илүү үр дүнтэй байж болохын учир юу вэ?

• 2009 оны уриа юу вэ? Энэ уриаг яагаад цагаа олсон гэж хэлж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[19-р хуудасны товчлол]

2009 оны уриа: «Сайн мэдээг сайтар гэрчлэгтүн» (Үйлс 20:24, ШЕ).

[17-р хуудасны зураг]

Ефесийн ахлагчид Паулын айлаар дэлгэрүүлдгийг мэддэг байсан

[18-р хуудасны зураг]

Сайтар гэрчлэхийн алсын үр дүн юу байж болох вэ?