Үнэнч байхын учир
Үнэнч байхын учир
«Миний... үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч» (ДУУ. 7:8).
1, 2. Ямар ямар үед Бурханд үнэнч байх амаргүй вэ?
ДАРААХ гурван явдлыг бодоод үз дээ. Нэг хүүг ангийнх нь хүүхдүүд өдөж, тэвчээрийг нь алдуулан, хэрүүл юм уу зодоон гаргуулах гэсэндээ янзыг нь үзэж байв. Хүү бачимдан уурлах болов уу эсвэл биеэ бариад тэднээс салах болов уу? Гэр бүлтэй нэг эрэгтэй гэртээ ганцаараа Интернетээс мэдээлэл хайж байлаа. Гэнэт компьютерийнх нь дэлгэцэн дээр садар самууныг сурталчилсан материал бүхий цонх гарч иржээ. Хорхой нь хүрч, тэр цонхыг нээж үзэх болов уу эсвэл шууд хаах болов уу? Христиан эмэгтэй итгэл нэгт хэдэн эмэгтэйтэй ярилцаж байлаа. Гэтэл бусад нь хурлынхаа нэг эмэгтэйн талаар хов жив ярьж эхлэх нь тэр. Өнөөх эмэгтэй бас хов жив ярих болов уу эсвэл ярианы сэдвийг өөрчлөх болов уу?
2 Эдгээр явдлыг өнгөцхөн харахад ялгаатай мэт боловч үнэндээ нэг л дүр зураг бууж байна. Христиан ёсоор үнэнч байж чадах уу үгүй юу гэдэг асуулт урган гарч байна. Та санаа зовоосон асуудлаа шийдэхдээ, амьдралын төлөө зүтгэхдээ, өмнөө зорилго тавихдаа Бурханд яаж үнэнч байх тухайгаа боддог уу? Ер нь, хүн өдөр бүр царай зүс, эрүүл мэнд, амьдрал ахуйдаа анхаарал тавьж, найз нөхөд, хайртай хүнийхээ талаар боддог. Бид ч бас иймэрхүү зүйлийг ихээхэн анхаардаг байж болох юм. Харин Ехова бидний зүрхийг шалгахдаа юуг хамгийн их анхаардаг вэ? (Дуу. 139:23, 24). Үнэнч байдаг эсэхийг маань онцолж хардаг.
3. Ехова бидэнд ямар эрх өгдөг вэ? Энэ өгүүллээр юуны талаар үзэх вэ?
3 «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлгийг» хайрладаг Ехова Бурхан бид бүгдэд үнэхээр олон төрлийн бэлэг өгчээ (Иак. 1:17). Бурхан хүмүүст бие махбод, оюун ухаан, олон талын авьяас чадвар заяадаг (1 Кор. 4:7). Гэхдээ Ехова биднийг өөртөө үнэнч байлгах гэж албаддаггүй. Үнэнч байх уу үгүй юу гэдгээ шийдэх эрх өгдөг (Д.хууль 30:19). Тиймээс, үнэнч байх гэдэг нь юу гэсэн үг болохыг энэ өгүүллээр нарийвчлан үзье. Бас Бурханд үнэнч байхыг туйлын чухал гэж үзэх гурван шалтгааныг ярилцъя.
Үнэнч байх гэдэг нь юу гэсэн үг вэ?
4. Үнэнч байдал гэж орчуулдаг еврей үгсийн үндэс ямар утгатай вэ? Тахил болгон өргөх амьтны талаарх Хуулийн заалтаас юу мэдэж болох вэ?
4 Монгол Библид «үнэнч байдал» гэх зэргээр орчуулсан еврей үгс нь сайн, бүрэн бүтэн, өө сэвгүй гэсэн утгатай үндсээс үүсдэг ажээ. Бурханд тахил болгон өргөх амьтан ямар байх ёстойг эдгээр үгийн нэгээр нь хэлдэг байжээ. Ехова ямар ч согоггүй буюу өө сэвгүй амьтнаар өргөсөн тахилыг л таалдаг байсан (Левит 22:19, 20-ийг уншина уу). Тэрбээр тушаалыг нь үл тоомсорлон, доголон, өвчтэй, сохор малаар тахил өргөдөг хүмүүсийг хатуу зэмлэсэн байдаг (Мал. 1:6–8).
5, 6. а) Хүмүүс бүрэн бүтэн зүйлийг илүүд үздэгийг жишээгээр тайлбарлана уу. б) Үнэнч байх гэдэг нь төгс байх гэсэн үг үү? Тайлбарлана уу.
5 Ер нь, хүмүүс аливаа зүйлийн бүрэн бүтнийг нь илүүд үздэг. Жишээлбэл, ном цуглуулдаг хүн их ховор номыг удаан хайж яваад олжээ. Гэтэл тэр номынх нь хэдэн чухал хуудас алга болсон байвал урам нь хугарч, өнөөх номыг байранд нь буцаагаад тавих байх. Нэг эмэгтэйг дэлгүүрээс өндөг авч байна гэж бодъё. Чухам ямрыг нь авах бол? Хайж байгаад, хагарч цуураагүй, бүрэн бүтнийг нь л авна шүү дээ. Үүнтэй адилаар, Бурхан өөрт нь зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хүмүүсийг л хайдаг (Ш.дэд 16:9).
6 «Үнэнч байя гэвэл төгс байх шаардлагатай юу?» гэж асуух хүн гарч болох юм. Бид нүгэлтэй, төгс бус учраас өөрсдийгөө дээрх жишээний хуудас нь дутуу ном, хагархай өндөг шиг санадаг байж болох юм. Хэрэв та заримдаа тэгж боддог бол Ехова биднээс туйлын төгс байхыг шаарддаггүйг санаарай. Хэрээс маань хэтэрсэн зүйл шаарддаггүй шүү дээ * (Дуу. 103:14; Иак. 3:2). Гэхдээ Бурхан үнэнч байхыг шаарддаг. Тэгвэл үнэнч байх, төгс байх хоёр ялгаатай юу? Ялгаатай. Жишээ татъя. Гэрлэх гэж байгаа залуу хайртай бүсгүйгээсээ төгс байхыг шаардвал мунхаг хэрэг болно. Харин өөрт нь хайр сэтгэлээ бүрэн бүтнээр нь зориулаасай гэж, өөрөөр хэлбэл, ганцхан өөрийг нь хайрлаасай гэж хүсэх нь зүйн хэрэг. Үүнтэй адилаар, Ехова бол «зөвхөн өөрт нь үнэнч байхыг шаарддаг Бурхан» билээ (Ег. 20:5, ШЕ). Бурхан биднээс төгс байхыг шаарддаггүй боловч өөрт нь зүрх сэтгэлээ бүрэн зориулж, ганцхан өөрийг нь шүтээсэй гэж хүсэн хүлээдэг.
7, 8. а) Үнэнч байх тухайд Есүс ямар жишээ үзүүлсэн бэ? б) Библийн үүднээс тодорхойлбол, үнэнч байх гэж юу гэсэн үг вэ?
7 Үүнээс үүдээд, бүх хууль тушаалын аль нь хамгийн чухал болохыг асуусан хүнд Есүсийн юу гэж хариулсныг санаж болох юм (Марк 12:28–30-ийг уншина уу). Есүс тэр асуултад үгээр төдийгүй үйлсээр хариулсан билээ. Тэрбээр Еховаг бүх оюун ухаан, зүрх сэтгэл, хүчээрээ хайрлахын хамгийн сайн жишээ үлдээсэн. Үнэнч байх нь үг яриа төдийхнөөр бус, чин сэтгэлээс үүдэлтэй үйл хэргээр илэрдгийг харуулсан. Тиймээс үнэнч байхын тулд Есүсийн мөрөөр дагах хэрэгтэй (1 Петр 2:21).
8 Тэгэхлээр, үнэнч байх гэдгийг Библийн үүднээс тодорхойлбол Ехова Бурхан болон түүний хүсэл таалал, санаа зорилгод хамаг бүхнээ хоёргүй сэтгэлээр зориулна гэсэн үг. Үнэнч байх гэдэг нь өдөр бүр Ехова Бурханд таалагдахыг хамгийн гол зорилгоо болгож, чухал гэж үздэг зүйлийг нь амьдралынхаа чухал зүйлд тооцно гэсэн үг юм. Үнэнч байх нь ямар учраас тийм чухал байдгийн гурван шалтгааныг авч үзье.
1. Бидний үнэнч байдал ба Еховагийн эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал
9. Хүн бүр үнэнч байх, Бурхны эрх мэдэлд хамаатай маргаантай асуудал хоёр ямар холбоотой вэ?
9 Үнэндээ, биднийг үнэнч байсан байгаагүй, Ехова эрх мэдэл эдлэх эрхтэй. Еховагийн эрх мэдэл зүй ёсны, үүрдийнх бөгөөд хэмжээгүй билээ. Үүнийг ямар нэг бүтээл яагаад ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ тэнгэр болон газар дахь оюун ухаант бүх бүтээлийн өмнө Бурхны эрх мэдэлд аймшиггүйгээр халдсан нэгэн хэрэг гарсан. Тиймээс Бурхан захирах эрхээ зөвтгөх буюу зүй ёсны эрхтэй, шударга бөгөөд хайрын сэтгэлтэй Захирагч гэдгээ нотлох ёстой болов. Еховагийн Гэрчүүд бид Бурхныхаа хэмжээгүй эрх мэдэлд хамаатай энэхүү маргаантай асуудлын талаар сонирхсон бүх хүнд хэлж өгөхийг хүсдэг. Гэхдээ бид өөрсдөө уг асуудлаар өөрийн гэсэн байр суурь баримтлахын тулд ямар байх хэрэгтэй вэ? Еховаг хэмжээгүй эрхт Захирагчаа болгохоор шийдсэнээ харуулъя гэвэл яах хэрэгтэй вэ? Үнэнч байх хэрэгтэй.
10. Сатан хүмүүсийг юу гэж гүтгэсэн бэ? Та энэ гүтгэлгийг яах вэ?
10 «Миний үнэнч байх маргаантай асуудалтай ямар хамаатай вэ?» гэж та бодож болох юм. Сатан: «Нэг ч хүн Бурхны эрх мэдлийг дэмжихгүй. Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх хүн ганц ч гарахгүй» гэсэн утгатай үг хэлжээ. Тэрбээр асар олон мянган сүнсэн бүтээлийн өмнө Еховад: «Өөрт байгаа бүхнээ хүн амийнхаа төлөө өгдөг юм» гэж хэлсэн (Иов 2:4). Сатан зөвхөн үнэнч Иовыг бус, бүх хүнийг ингэж улайм цайм гүтгэсэн шүү дээ. Тиймээс Библид Сатаныг «ах дүүсийг маань ...буруутгадаг» гэж зүгээр ч нэг бичээгүй юм (Илч. 12:10). Тэрбээр Еховаг доромжлон, бүх үйлчлэгчийг нь, таныг ч бас үнэнч байж чадахгүй гэж мэтгэсэн. Сатаны хэлснээр бол, та хар амиа аврахын тулд Еховагаас урвах хүн байх нь. Ингэж гүтгүүлэхэд ямар санагдаж байна вэ? Сатаны худалчийг батлах боломжийг хайна биз дээ? Үнэнч байвал Сатаны худалчийг батална гэсэн үг.
11, 12. а) Үнэнч байх нь өдөр тутам биеэ хэрхэн авч явах, ямар шийдвэр гаргахтай холбоотой гэдгийг ямар ямар жишээ харуулж байна вэ? б) Үнэнч байхыг завшаан гэж үзэхийн учир юу вэ?
11 Үнэнч байх нь өдөр тутам биеэ хэрхэн авч явах, ямар шийдвэр гаргахтай ч салшгүй холбоотой. Өгүүллийн эхэнд гарсан гурван хүнийг санацгаая. Тэд үнэнч гэдгээ яаж харуулах бол? Ангийнх нь хүүхдүүд өдөхөд хүү тэвчээр алддагийн даваан дээр «Хайртууд минь, хэзээ ч өөрийн өшөө хонзонг бүү ав. Харин Бурхны уур хилэнд зай гарга. Учир нь „«Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө» гэж Эзэн айлдав“ гэж бичигджээ» хэмээсэн Библийн уриалгыг санана (Ром 12:19). Тэгээд тэднээс салж явна. Интернетээс мэдээлэл хайж байсан христиан эрэгтэй садар самууныг сурталчилсан материал сонирхож болох байсан ч «Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?» хэмээсэн Иовын үгийг санана (Иов 31:1). Тэгээд тэр муухай юмыг хор мэт санаж, үзэж сонирхохгүй. Ярилцаж байсан хүмүүс нь хов ярьж эхэлмэгц эмэгтэй тэр ярианд оролцохоо азнаж, «Бидний хүн бүр хөршийнхөө сайн сайхны төлөө түүнийг босгон байгуулахын тулд сэтгэлд нь нийцүүлье» хэмээсэн уриалгыг санана (Ром 15:2). Хов жив ярих нь хэнийг ч босгон байгуулдаггүй бөгөөд итгэл нэгт эмэгтэйн нэр төрийг унагах төдийгүй тэнгэрийн Эцэгтээ таалагдахгүй гэж тэр эмэгтэй бодно. Тэгээд хэл амаа захирч, ярианы сэдвийг өөрчилнө.
12 Дээрх жишээнд гарсан хүмүүс дор дороо чухал шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, тэднийг «Би Еховад захирагдана. Ийм үед би Бурханд л таалагдах шийдвэр гаргана» гэж хэлжээ хэмээн үзэж болох юм. Та ч бас шийдвэр гаргахдаа тийн боддог уу? Тэгдэг бол Сургаалт үгс 27:11-д байдаг «Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул. Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм» гэсэн үгийн дагуу амьдарч байгаа хэрэг. Бурхнаа баярлуулна гэдэг ямар сайхан завшаан бэ! Тэгэхлээр, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй байгаа биз?
2. Бурхны шүүлтийн үндэс
13. Ехова биднийг шүүхдээ үнэнч байдлыг үндэс болгохыг Иов болон Давидын үг хэрхэн харуулдаг вэ?
13 Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ харуулъя гэвэл үнэнч байх хэрэгтэй. Тэгээд ч Бурхан биднийг үнэнч байсан эсэхэд маань үндэслэн шүүнэ. Иов үүнийг сайн ойлгодог байжээ (Иов 31:6-г уншина уу). Бурхан бидний үнэнч байсан эсэхийг тогтоохдоо шударга ёсны төгс хэм хэмжээгээ баримтлан бүх хүнийг «зөв шударга жингээр» жинлэнэ гэдгийг тэрбээр мэддэг байв. Бас Давид: «ЭЗЭН ард түмнүүдийг шүүдэг. Миний дотор буй миний зөв шударга болон үнэнч байдлын дагуу, ЭЗЭН, намайг зөвтгөөч [«шүүгээч», ШЕ] ...Зөв шударга Бурхан зүрх болон оюун бодлыг шалгадаг юм» хэмээжээ (Дуу. 7:8, 9). Бурхан бидний «зүрх болон оюун бодол» буюу дотор хүний хамгийн гүнд юу байдгийг хардаг гэж бид мэддэг. Гэхдээ чухам юу хайдгийг нь мартах учиргүй. Давидын хэлснээр, Ехова биднийг үнэнч байдалд маань үндэслэн шүүнэ.
14. Хүн төгс бус байдал болон нүглээсээ болоод үнэнч байж чадахгүй гэж үзэх ёсгүйн учир юу вэ?
14 Ехова Бурхан олон тэрбум хүний зүрхийг шалгадаг (Ш.дээд 28:9). Үнэнч хүн хэр олон олддог бол? Харьцангуй цөөн олддог. Тэглээ гээд, өөрсдийгөө үнэнч байж чадахааргүй хэтэрхий их алдаа дутагдалтай хүмүүс гэж бодохын хэрэггүй. Ехова биднийг төгс бус ч гэлээ үнэнч гэж тооцно хэмээн Давид Иов нарын адилаар итгэж найдах үндэс бий. Үнэндээ бол, төгс байх нь үнэнч байхын баталгаа биш ээ. Дэлхий дээр амьдарч байсан гурван төгс хүний хоёр нь буюу Адам Ева хоёр үнэнч байж чадаагүй шүү дээ. Гэтэл төгс бус олон сая хүн үнэнч байж чадсан. Та ч бас чадна.
3. Найдварынхаа биеллийг үзэхэд амин чухал
15. Үнэнч байх нь ирээдүйн найдварынхаа биеллийг үзэхэд амин чухал гэж ойлгодгоо Давид хэрхэн харуулсан бэ?
15 Ехова биднийг шүүхдээ үнэнч байдалд маань үндэслэх учраас үнэнч байх нь ирээдүйн найдварынхаа биеллийг үзэхэд амин чухал үүрэгтэй. Давид үүнийг ойлгодог байжээ (Дуулал 41:12-ыг уншина уу). Тэрбээр Бурхны таалалд үүрд багтах найдвараа ихэд эрхэмлэдэг байсан. Давид бидэнтэй л адил Ехова Бурханд үүрд үйлчлэн, улам дотно харьцаатай болж, мөнх амьдарна гэж найдаж байв. Үнэнч л байвал тэр найдварынхаа биеллийг үзнэ гэж итгэдэг байсан. Биднийг ч гэсэн үнэнч байвал Ехова түшиж, сургаж, удирдаж, ивээнэ.
16, 17. а) Үргэлж үнэнч байх нь таны хувьд яагаад чухал бэ? б) Дараагийн өгүүллээр ямар ямар асуултыг ярилцах вэ?
16 Одоо ч аз жаргалтай амьдрахад найдвар чухал үүрэгтэй. Зовлон бэрхшээл тулгарсан ч баяр баясгалангаа алдахгүй байхад найдвар тусалдаг. Бас бидний ухаан санааг хамгаалдаг. Библид найдварыг дуулгатай адилтгадаг (1 Тес. 5:8). Дуулга цэргийн толгой тархийг хамгаалдаг шиг найдвар бидний ухаан санааг мөхөж байгаа энэ ертөнцөд Сатаны түгээдэг гутранги үзлээс хамгаалдаг. Хэрэв бид найдвараа алдвал амьдрал утга учиргүй болно. Тиймээс өөрийгөө шударгаар шалгаж, хэр зэрэг үнэнч байдгаа, үүнтэй уялдуулан найдварынхаа бат бөх эсэхийг нягталж үзээрэй. Үргэлж үнэнч байсан цагт л Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмждэгээ харуулж, ирээдүйд гайхамшигт найдварынхаа биеллийг үзнэ гэдгийг бүү мартаарай. Үргэлж үнэнч байхын төлөө чадах бүхнээ хийгээрэй!
17 Үнэнч байх нь их чухал учраас хэлэлцэх хэрэгтэй өөр асуулт бас байна. Үнэнч байж сурахад юу хэрэгтэй вэ? Үргэлж үнэнч байхад юу хэрэгтэй вэ? Хэрэв христиан хүн хэсэг хугацаанд үнэнч байж чадаагүй бол яах нь зүйтэй вэ? Дараагийн өгүүллээр эдгээр асуултыг ярилцъя.
[Зүүлт]
^ Есүс: «Тэнгэрлэг Эцэг тань төгс байдаг шиг та нар мөн төгс бай» гэж хэлсэн байдаг (Мат. 5:48). Төгс бус хүн ч тодорхой хэмжээгээр бүрэн бүтэн буюу төгс байж чадахыг Есүс мэддэг байсан. Бид бусдыг чин сэтгэлээсээ хайрлах тушаалыг биелүүлж чадах бөгөөд биелүүлбэл Бурханд таалагдана. Харин Ехова бол туйлын төгс Бурхан билээ. «Үнэнч байдал» гэж орчуулдаг еврей үгсийн нэгийг Еховад хамааруулж хэрэглэвэл төгс гэдгийг нь хэлж байгаа хэрэг ажээ (Дуу. 18:30).
Хариулна уу
• Үнэнч байх гэдэг нь юу гэсэн үг вэ?
• Үнэнч байх, Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай асуудал хоёр ямар холбоотой вэ?
• Үнэнч байвал найдварынхаа биеллийг үзнэ гэж хэлэхийн учир юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[5-р хуудасны зураг]
Үнэнч байдаг эсэх маань өдөр бүр соригддог