Skip to content

Гарчиг руу орох

Еховагийн зарц «бидний нүглийн төлөө хатгагдсан»

Еховагийн зарц «бидний нүглийн төлөө хатгагдсан»

Еховагийн зарц «бидний нүглийн төлөө хатгагдсан»

«Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. ...Түүний шархаар бид эдгэрсэн» (ИС. 53:5).

1. Христийн үхлийг дурсахдаа юу санах ёстой вэ? Тэр чухал зүйлийг санахад ямар зөгнөл тус болох вэ?

 БИД Христийн үхэл болон амилалттай холбоотой бүхнийг санахын тулд Дурсах арга хэмжээг зохион байгуулдаг. Ехова хэмжээгүй эрх мэдлээ зөвтгөн, нэрээ ариусгаж, хүн төрөлхтнийг аврах санаа зорилгоо биелүүлнэ гэдгийг Дурсах арга хэмжээ бидэнд сануулдаг. Библийн зөгнөлүүдээс Христийн золиос хийгээд түүний ач холбогдлын талаар хамгийн хурц тод дүрсэлсэн зөгнөл Исаиа 53:3–12-т бичсэнээс өөр бараг байхгүй болов уу. Исаиа, Зарцад тохиолдох зовлон зүдүүр, үхлийн тухай, мөн тослогдогсод ба тэдний нөхөд болох «өөр хонинууд» Христийн үхлээс ач тус хүртэх тухай нарийн ширийн зүйлийг зөгнөжээ (Иох. 10:16, ШГ).

2. Исаиагийн зөгнөл юуны баталгаа болдог вэ? Энэ нь бидэнд ямар ач холбогдолтой вэ?

2 Есүсийг дэлхийд ирэхээс долоон зууны өмнө, сонгосон Зарц нь эцсээ хүртэл соригдлоо ч үнэнч хэвээрээ үлдэнэ гэдгийг Ехова Исаиагаар хэлүүлжээ. Энэ нь Ехова Хүүгийнхээ үнэнч байдалд бүрэн итгэдгийн баталгаа юм. Уг зөгнөлийг дэлгэрэнгүй авч үзвэл Ехова болон түүний Зарцад талархах сэтгэл лавширч, итгэл бэхэжнэ.

«Тэр үзэн ядагдсан» бөгөөд хүмүүс «Түүнийг хүндэтгээгүй»

3. Иудейчүүд Есүсийг яаж хүлээн авах ёстой байсан бэ? Гэвч яасан бэ?

3 Исаиа 53:3-ыг уншина уу. Бурхны цорын ганц Хүү Эцгийнхээ дэргэд баяр баясгалантай үйлчилж байсан байр сууриндаа хоргодолгүй, хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аврахын тулд амиа золиослохоор дэлхийд ирнэ гэдэг ямар байхыг төсөөлөөд үз дээ! (Флп. 2:5–8). Есүсийн золиос нүглийг жинхэнэ ёсоор уучлах арга хэмжээ болох учиртай байв. Харин Мосегийн хуулийн дагуу амьтнаар өргөдөг байсан тахил нь энэ золиосны сүүдэр төдий зүйл байжээ (Евр. 10:1–4). Тийм болохоор, амласан Мессиаг хүлээж байсан иудейчүүд түүнийг хүндэтгэлтэйгээр угтан авах ёстой байсан нь ойлгомжтой (Иох. 6:14). Гэтэл тэд Христийг үзэн ядсан бөгөөд Исаиагийн зөгнөсөн ёсоор, «Түүнийг хүндэтгээгүй» юм. Элч Иохан: «Тэр өөрийнхөндөө ирсэн боловч, өөрийнхөн нь Түүнийг хүлээн авсангүй» хэмээн бичсэн байдаг (Иох. 1:11). Элч Петр иудейчүүдэд: «Бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ. Ариун агаад зөвт Нэгнийг та нар үгүйсгэсэн» гэж хэлжээ (Үйлс 3:13, 14).

4. Есүс өвчин зовлонг яаж мэдсэн бэ?

4 Есүс «өвчин зовлонг мэдэх» болно гэж Исаиа бас зөгнөжээ. Дэлхийд байхдаа Есүс заримдаа ядардаг байсан ч өвчин тусаж байгаагүй (Иох. 4:6). Гэхдээ мэдээг нь сонсож байсан хүмүүсийн өвчин зовлонг мэддэг болсон бөгөөд тэднийг өрөвдөн, олон хүнийг эдгээжээ (Марк 1:32–34). Тийнхүү, «Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав» хэмээсэн зөгнөл биелжээ (Ис. 53:4а; Мат. 8:16, 17).

«Бурханд... цохигдсон» мэт

5. Иудейчүүдийн ихэнх нь Есүсийн үхлийг юу гэж үзэж байсан бэ? Энэ нь Есүсийн зовлонг улам зузаатгасан гэхийн учир юу вэ?

5 Исаиа 53:4б-г уншина уу. Есүсийн үед амьдарч байсан олон хүн түүний зовж тарчлан, амиа алдсаны учрыг ойлгоогүй юм. Бурхан түүнийг шийтгэж байна гэж боджээ (Мат. 27:38–44). Иудейчүүд, Бурхныг доромжилсон гэж Есүсийг буруутгасан (Марк 14:61–64; Иох. 10:33). Есүс нүгэл үйлдээгүй бөгөөд Бурхныг доромжлоогүй нь ойлгомжтой. Гэвч Эцгээ дээд зэргээр хайрладаг түүний хувьд Бурхныг доромжилсон хэмээн яллагдаж, үхэх болсон нь зовлон дээр нь зовлон нэмсэн биз ээ. Хэдий тийм ч Зарцын хувьд Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн байсан (Мат. 26:39).

6, 7. Ехова үнэнч Зарцаа «няцалсан» гэдэг нь юу гэсэн үг байсан бэ? Энэ нь яагаад Бурхны «таалал» байсан бэ?

6 Исаиагийн нэг зөгнөлд хүмүүс Христийг «Бурханд... цохигдсон» гэж бодох тухай бичсэн байхад, өөр нэг зөгнөлд «Түүнийг няцлах... нь ЭЗЭНий таалал байна» гэж зөгнөжээ (Ис. 53:10). Ехова: «Миний ...Зарц, Миний сэтгэлд таалагддаг Миний сонгосон нэгнийг харагтун» гэж хэлсэн юм бол «Түүнийг няцлах» нь яаж Еховагийн таалал байх болж байна вэ? (Ис. 42:1). Ехова баярлана гэдэг нь юу гэсэн үг вэ?

7 Энэ зөгнөлийг ойлгохын тулд нэг зүйлийг санах хэрэгтэй. Сатан Еховагийн хэмжээгүй эрх мэдэлд халдахдаа тэнгэр, газар дахь Бурхны үйлчлэгчид бүгдээрээ үнэнч байж чадахгүй гэж мэтгэсэн (Иов 1:9–11; 2:3–5). Есүс үхэн үхтэлээ үнэнч байж, Сатаны босгосон асуудалд төгс хариу өгчээ. Дайснуудынхаа гарт амиа алдахыг нь Ехова Христэд зөвшөөрсөн ч сонгосон Зарцынхаа үхэхийг хараад зовж шаналж байсан нь лавтай. Гэхдээ Хүүгийнхээ туйлын үнэнч байгааг хараад баярлажээ (Сур. 27:11). Түүнээс гадна, Хүүгийнх нь үхэл гэмшсэн хүмүүст ач тустайг мэддэг учраас асар их баярлаж байв (Лук 15:7).

«Бидний нүглийн төлөө хатгагдсан» нь

8, 9. а) Есүс «бидний нүглийн төлөө» хэрхэн «хатгагдсан» бэ? б) Петр үүнийг хэрхэн баталсан бэ?

8 Исаиа 53:6-г уншина уу. Нүгэлт хүн төрөлхтөн Адамаас өвлөн авсан өвчин, үхлээс ангижрах арга зам хайн, төөрсөн хонь мэт хэрэн тэнэсэн (1 Петр 2:25). Төгс бус учир үр удмаас нь нэг ч хүн Адамын алдсаныг нөхөн төлж чадахгүй байлаа (Дуу. 49:7). Харин Ехова агуу хайраараа «бидний гэмийг бүгдийг нь» хайрт Хүү, сонгосон Зарцдаа «тохсон». Христ «бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцрах» саналыг дуртайяа хүлээн авч, бидний нүглийг шонд өлгөн, бидний өмнөөс үхсэн.

9 Элч Петр: «Та нар энэхүү зорилгын төлөө дуудагдсан билээ. Яагаад гэвэл та нарыг Өөрийнхөө мөрөөр дагуулахын тулд та нарт үлгэр дуурайллыг үлдээн, Христ та нарын төлөө зовлон эдэлсэн. Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн» гээд, Исаиагийн зөгнөлөөс иш татан: «Та нар Түүний шархаар эдгээгдсэн» хэмээн бичжээ (1 Петр 2:21, 24; Ис. 53:5). Тийнхүү Есүс нүгэлтнүүдэд Бурхантай эвлэрэх замыг нээж өгчээ. Энэ тухай Петр цааш нь: «Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой» гэж бичсэн байна (1 Петр 3:18).

«Алагдахаар хөтлөгдөх хурга шиг»

10. а) Баптисм хүртээгч Иохан Есүсийг хэрхэн дүрсэлсэн бэ? б) Иохан яг онож хэлсэн нь юунаас харагддаг вэ?

10 Исаиа 53:7, 8-ыг уншина уу. Баптисм хүртээгч Иохан өөр рүү нь ирж яваа Есүсийг хараад, «Ертөнцийн нүглийг үүрэгч Бурхны Хургыг харагтун!» хэмээн дуу алджээ (Иох. 1:29). Тэрбээр Есүсийг Хурга гэж хэлэхдээ Исаиагийн: «Алагдахаар хөтлөгдөх хурга шиг» гэснийг санаж байсан биз ээ (Ис. 53:7). «Тэр Өөрийн амийг үхэл рүү асгасан» гэж Исаиа зөгнөжээ (Ис. 53:12). Есүс өөрийнхөө үхлийг Дурсах арга хэмжээг зохион байгуулсан тэр үдэш 11 элчдээ дарс аягалж өгөөд: «Энэ бол нүглүүдийн уучлалын тулд олны төлөө урсгах [буюу асгах] гэрээний Миний цус» хэмээн хэлсэн нь сонирхолтой (Мат. 26:28).

11, 12. а) Исаак тахил болоход бэлэн байсан нь Христийн золиосны талаар юу хэлдэг вэ? б) Христийн үхлийг дурсахдаа Их Абрахам Еховагийн талаар юу санах хэрэгтэй вэ?

11 Есүс Абрахамын хүү Исаактай адил, Еховагийн хүсэл тааллын дагуу өөрийгөө тахил болгон өргөхөд бэлэн байв (Эх. 22:1, 2, 9–13; Евр. 10:5–10). Исаак өөрийгөө тахил болгон өргөхийг дуртайяа зөвшөөрсөн ч тахил өргөгч нь Абрахам байсан (Евр. 11:17). Түүнтэй адил, Есүс үхэхийг дуртайяа зөвшөөрсөн ч золиосны арга хэмжээг Зохион байгуулагч нь Ехова байв. Хүүгийнх нь золиос бол Бурхны хүн төрөлхтнийг гэсэн агуу хайрын илэрхийлэл юм.

12 Есүс өөрөө: «Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм» гэж хэлжээ (Иох. 3:16). Элч Паул: «Биднийг нүгэлтнүүд байхад л Христ бидний төлөө үхсэн. Үүгээрээ Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан юм» хэмээн бичсэн байдаг (Ром 5:8). Тийм учраас, бид Христийн үхлийг дурсаж, түүнд хүндэтгэл үзүүлэхдээ золиос төлөх арга хэмжээ авсан нь Их Абрахам Ехова гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Бид Еховаг алдаршуулахын тулд Христийн үхлийг дурсдаг.

Зарц «олныг зөвтгөдөг»

13, 14. Еховагийн Зарц яаж «олныг зөвтгөсөн» бэ?

13 Исаиа 53:11, 12-ыг уншина уу. Ехова сонгосон Зарцынхаа тухай: «Миний Боол, Зөв шударга Нэгэн ...олныг зөвтгөнө» гэж хэлсэн. Яаж зөвтгөх байсан бэ? 12-р зүйлийн төгсгөлд үүний учгийг тайлж: «[Зарц] хилэнцтэнүүдийн төлөө зуучилсан» гэж бичжээ. Адамын бүх үр удам «хилэнцтэнүүд» буюу нүгэлтнүүд болж төрдөг учраас «нүглийн хөлс» төлж, үхдэг (Ром 5:12; 6:23). Ехова болон нүгэлт хүмүүс хоорондоо эвлэрэх шаардлагатай. Исаиагийн зөгнөлийн 53-р бүлэгт Есүсийг нүгэлт хүн төрөлхтний төлөө хэрхэн «зуучилсныг» дүрслэн: «Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн» хэмээн бичжээ (Ис. 53:5).

14 Христ бидний нүглийг үүрч, бидний төлөө үхэн, «олныг зөвтгөсөн». Паул: «Бурхан Түүний дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг болон Түүний загалмайн цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан газар дээрх, эсвэл тэнгэр дэх юмсыг, бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлснийг таалдаг» хэмээн бичжээ (Кол. 1:19, 20).

15. а) Паулын хэлсэн «тэнгэр дэх юмс» гэж хэн бэ? б) Бэлгэдлийн идээнээс ямар хүмүүс хүртэх эрхтэй вэ? Яагаад?

15 Христийн асгаруулсан цусаар Еховатай эвлэрэх учиртай «тэнгэр дэх юмс» гэдэг нь тэнгэрт Христтэй хамт захирахаар дуудагдсан тослогдсон христианууд юм. «Тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч» христианууд «амийн зөвтгөлд хүрсэн» (Евр. 3:1; Ром 5:1, 18). Дараа нь Ехова тэднийг сүнслэг хөвгүүдээ болгон авсан. Ариун сүнс тэднийг тэнгэрийн Хаанчлалын хаад, тахилч нар хэмээн дуудан, «Христийн хамтран залгамжлагчид» гэдгийг нь гэрчилдэг (Ром 8:15–17; Илч. 5:9, 10). Тэд «Бурхны Израиль» буюу сүнслэг Израилийн хэсэг болж, «шинэ гэрээнд» оролцдог (Иер. 31:31–34; Гал. 6:16). Тийм учраас, Дурсах арга хэмжээний бэлгэдлийн идээнээс хүртэх эрхтэй. Бэлгэдлийн идээний нэг болох улаан дарсны талаар Есүс: «Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм» хэмээн айлджээ (Лук 22:20).

16. «Газар дээрх юмс» гэж хэн бэ? Тэд Еховагийн өмнө хэрхэн зөвтгөгдсөн бэ?

16 «Газар дээрх юмс» гэдэг нь дэлхийд мөнх амьдрах найдвартай өөр хонинууд юм. Еховагийн сонгосон Зарц тэднийг ч бас Еховагийн өмнө зөвтгөдөг. Христийн золиосонд итгэн, «Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон» тэднийг Ехова сүнслэг хөвгүүдээ гэж үздэггүй ч, анд нөхдөө болгон, зөвт хэмээн тунхаглаж, «үлэмж их зовлонг» эсэн мэнд давах хосгүй боломж олгодог (Илч. 7:9, 10, 14; Иак. 2:23). Эдгээр өөр хонинууд шинэ гэрээнд оролцдоггүй ба тэнгэрт амьдрах найдваргүй учир Дурсах арга хэмжээнд бэлгэдлийн идээнээс хүртдэггүй. Гэхдээ тэд уг арга хэмжээнд хүндэтгэлтэйгээр оролцдог.

Ехова болон түүнд таалагддаг Зарцад бүгд талархдаг

17. Дурсах арга хэмжээнд зүрх сэтгэлээ бэлдэхэд Зарцын тухай өгүүлдэг Исаиагийн зөгнөл танд хэрхэн тусалсан бэ?

17 Зарцын тухай өгүүлдэг Исаиагийн зөгнөлийг дэлгэрэнгүй авч үзсэнээр бид Христийн үхлийг дурсахад зүрх сэтгэлээ бэлдлээ. Үүний ачаар, «итгэлийг Эхлүүлэгч бөгөөд бүрэн дүүрэн Төгсгөгч болох Есүс рүү хараагаа чиглүүллээ» (Евр. 12:2). Бурхны Хүү Эцэг Еховагаа орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн хэмээн хүлээн зөвшөөрч, түүгээр заалгадагтаа баярладаг байсан бөгөөд үүгээрээ тэрслүү Сатанаас ялгаатай болохыг үзлээ. Түүнчлэн, Есүс дэлхийд байхдаа сайн мэдээг нь сонсож байсан хүмүүсийг өрөвдөн, олон хүнийг бодитоор ч, сүнслэгээр ч эдгээж байсныг ярилцлаа. Тийнхүү Есүс «дэлхийд шударга ёсыг тогтоохдоо» Мессиа Хааны хувьд шинэ ертөнцөд юу хийхээ үзүүлжээ (Ис. 42:4). «Үндэстнүүдийн гэрэл» болж, Хаанчлалын тухай мэдээг идэвх зүтгэлтэй тунхаглаж байсан нь сайн мэдээг дэлхий даяар идэвх зүтгэлтэй тунхаглах хэрэгтэйг дагалдагчдад нь сануулдаг (Ис. 42:6).

18. Исаиагийн зөгнөл Ехова болон түүний үнэнч Зарцад талархах сэтгэлийг лавшруулдгийн учир юу вэ?

18 Ехова хайртай Хүүгээ бидний төлөө зовлон эдлүүлж, үхүүлэхийн тулд дэлхий рүү илгээн, асар том юмаа золиосолсныг Исаиагийн зөгнөл бидэнд улам сайн ойлгуулдаг. Ехова Хүүгийнхээ зовж байгааг хараад баярлаагүй. Харин үхэн үхтэлээ туйлын үнэнч байгааг нь хараад баярласан юм. Бид ч бас Еховагийн баяр хөөрийг хуваалцаж, Сатаны худалч болохыг батлан, Еховагийн нэрийг ариусгаж, улмаар хэмжээгүй эрх мэдлийг нь зөвтгөхийн төлөө Есүсийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрөх учиртай. Христ бидний нүглийг үүрч, бидний сайн сайхны төлөө амиа алдсан билээ. Тийнхүү тослогдсон ах дүүсээсээ бүрдсэн өчүүхэн сүрэг болон өөр хонинуудыг Еховагийн өмнө зөвтгөх боломжтой болсон. Дурсах цуглаанд бүгдээрээ очиж, Ехова болон түүний үнэнч Зарцад талархах сэтгэлээ улам лавшруулцгаая.

Давтах асуулт

• Хүүгээ «няцлах» нь Еховагийн «таалал» байсан гэдэг нь юу гэсэн үг вэ?

• Есүс яаж «бидний нүглийн төлөө хатгагдсан» бэ?

• Зарц яаж «олныг зөвтгөсөн» бэ?

• Зарцын тухай зөгнөлийг судалснаар та зүрх сэтгэлээ Дурсах арга хэмжээнд хэрхэн бэлдсэн бэ?

[Догол мөрийн асуулт]

[26-р хуудасны зураг]

«Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй»

[28-р хуудасны зураг]

«Тэр Өөрийн амийг үхэл рүү асгасан»

[29-р хуудасны зураг]

«Өөр хонинууд» Дурсах цуглаанд хүндэтгэлтэйгээр оролцдог