Skip to content

Гарчиг руу орох

«Ирж, намайг дага»

«Ирж, намайг дага»

«Ирж, намайг дага»

«Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага» (ЛУК 9:23).

1, 2. а) Есүс ямар урилга өгсөн бэ? б) Та Есүсийн урилгыг яаж хүлээж авсан бэ?

 ЕСҮС дэлхий дэх амьдралынхаа эцсээр Иордан голын зүүнтээд, Иудей нутгаас баруун хойд зүгт байдаг Пер гэдэг газар дэлгэрүүлж байв. Нэгэн залуу Есүс дээр хүрч ирээд, мөнх амийг өвлөхийн тулд яах хэрэгтэйгээ асуужээ. Тэр залуу Мосегийн хуулийг чанд сахидаг хүн болохыг Есүс мэдээд, нэгэн тусгай урилга өгчээ. Есүс: «Явж, өөрийн бүх өмчөө зарж, ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд ирж, Намайг дага» гэж айлдав (Марк 10:21). Хамгийн дээд Бурхны цорын ганц Хүү Есүсийг дагах урилга авна гэдэг ямар аз завшаантай хэрэг вэ!

2 Есүсийн урилгыг тэр залуу аваагүй боловч өөр хүмүүс хүлээж авсан юм. Өмнө нь Есүс Филипт: «Намайг дага» гэж хэлэхэд тэрбээр уг урилгыг аваад, хожим нь Есүсийн элч болсон (Иох. 1:43). Есүс энэ урилгаа бас Матайд өгөхөд тэр ч авчээ (Мат. 9:9; 10:2–4). Есүс: «Хэрэв хэн нэгэн Миний араас явахыг хүсвэл, тэр хүн өөрийгөө үгүйсгэж, өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага» гэж хэлсэн нь, үнэн хэрэгтээ, зөв шударгыг хайрладаг бүх хүнд тэр урилгаа өгсөн хэрэг байв (Лук 9:23). Тэгэхлээр, өөрөө л хүсвэл хүн болгон Есүсийг дагаж болох ажээ. Та Есүсийг дагахыг хүсдэг үү? Бидний ихэнх нь Есүсийн урилгыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд эдүгээ дэлгэрүүлэх ажил хийхдээ тэр урилгыг бусдад тараадаг.

3. Есүсийг дагах замаас урсаад явчихгүйн тулд яах хэрэгтэй вэ?

3 Зарим хүн Библийн үнэнийг сонирхож байснаа больдог нь харамсалтай. Тийм хүмүүсийн дур сонирхол буурсаар, тэд Есүсийг дагах замаас аажмаар «урсаад явчих[даг]» (Евр. 2:1). Ийм урхинд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ? «Анх яагаад Есүсийг дагадаг болсон билээ? Есүсийг дагах гэж юу гэсэн үг вэ?» гэсэн асуултыг өөрсдөөсөө асуух нь зүйтэй. Энэ хоёр асуултын хариуг санаж явах нь сонгосон замаараа тууштай замнах шийдвэрээсээ няцахгүй байхад тусална. Бас Есүсийг дагах урилгыг бусдад түгээхэд ач тустай.

Есүсийг дагахын учир

4, 5. Есүсийг Удирдагч байх чадвартай төдийгүй бүрэн эрхтэй гэж хэлэхийн учир юу вэ?

4 Зөнч Иеремиа: «Өө, Ехова! Газар дэлхийн хүний зам өөрийн нь мэдлийнх биш гэдгийг би сайн мэднэ. Алхаж байгаа хүн ч алхаагаа чиглүүлэх мэдэлгүй юм» гэж хэлжээ (Иер. 10:23, ШЕ). Түүх энэ үгийн үнэнийг баталдаг. Төгс бус хүн хүнийг удирдах чадваргүй гэдэг нь улам бүр илэрхий болж байна. Бид Есүсийг ямар ч хүнтэй зүйрлэшгүй чадвартай, бүрэн эрхтэй Удирдагч гэж ойлгоод урилгыг нь авсан билээ. Ийн дүгнэх зарим шалтгааныг үзье.

5 Нэгдүгээрт, Ехова өөрөө Есүсийг Жонон Мессиагаар томилсон. Бүтээгчээс маань өөр хэн бидэнд тохирох Удирдагчийг сонгож чадах билээ? Хоёрдугаарт, Есүс биширмээр, дуурайвал зохих зан чанартай (Исаиа 11:2, 3-ыг уншина уу). Тэрбээр бидэнд төгс үлгэр жишээ үлдээсэн (1 Петр 2:21). Гуравдугаарт, Есүс дагалдагчдадаа чин сэтгэлээсээ анхаарал халамж тавьдаг бөгөөд үүнийгээ баталж тэднийхээ төлөө амиа зориулсан (Иохан 10:14, 15-ыг уншина уу). Есүс биднийг өнөөдөр жаргалтай амьдруулж, мөнхийн ирээдүйд хүргэхээр хөтөлдөг нь халамжтай хоньчин гэдгийн баталгаа болдог (Иох. 10:10, 11; Илч. 7:16, 17). Эдгээр болон өөр бусад шалтгааны улмаас Есүсийг дагахаар шийдсэн маань ухаалаг хэрэг юм. Тэгвэл Есүсийг дагах гэж юу гэсэн үг вэ?

6. Есүсийг дагах гэж юу гэсэн үг вэ?

6 Христийг дагана гэдэг өөрийгөө христиан гэж хэлэхээс илүү гүнзгий утгатай. Эдүгээ бараг хоёр тэрбум хүн өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг боловч тэдний үйл хэрэг «ёс бусыг үйлдэгч» гэдгийг нь харуулдаг (Матай 7:21–23-ыг уншина уу). Харин жинхэнэ христиан хүн амьдралынхаа бүх хүрээнд өдөр бүр Есүсийн сургаалыг баримтлан, үлгэр жишээг нь дуурайх учиртайг бид Есүсийг дагах сонирхолтой хүн бүхэнд хэлж өгдөг. Есүсийн сургаалыг баримтлан, үлгэр жишээг нь дуурайх гэж юу гэсэн үг болохыг ойлгохын тулд Есүс ямар хүн байсныг санацгаая.

Есүсийн мэргэн ухааныг дуурайгтун

7, 8. а) Мэргэн ухаан гэж юу вэ? Есүс их мэргэн ухаантай байсны учир юу вэ? б) Есүс мэргэн ухаалаг гэдгээ хэрхэн харуулсан бэ? Түүнийг хэрхэн дуурайж болох вэ?

7 Есүсийн олон сайхан чанараас мэргэн ухаан, даруу зан, хичээл зүтгэл, хайр гэсэн дөрвөн чанарыг нь онцолж үзье. Эхлээд, мэргэн ухаан буюу мэдлэгээ амьдралд хэрэгжүүлэх чадварынх нь талаар ярилцъя. Элч Паул: «Христ дотор мэргэн ухаан болоод мэдлэгийн бүх эрдэнэс нуугдсан байдаг» гэж бичжээ (Кол. 2:3). Есүс яаж тийм мэргэн ухаантай болсон бэ? Есүс өөрөө: «Эцгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг» гэж хэлжээ (Иох. 8:28). Ехова мэргэн ухаан өгсөн учир Есүс ухаалаг шийдвэр гаргадаг байсан.

8 Жишээ нь, Есүс амьдралдаа ямар зорилго тавихаа шийдэхдээ мэргэн ухаанаа ашигласан юм. Тэрбээр Бурхны хүсэл тааллыг биелүүлэх гэдэг ганц л зорилгыг өмнөө тавьж, энгийн амьдрахаар шийдсэн. Есүс цаг зав, хүч чадлаа Хаанчлалын төлөө зориулдаг байсан нь ухаалаг хэрэг байв. Бид ч Есүсийн жишээг дуурайн, энгийн амьдрахын тулд чадах бүхнээ хийдэг. Тухайлбал, хэтэрхий их хүч, анхаарал шаарддаг атлаа ач холбогдол багатай зүйлээр хөөцөлдөж, өөртөө төвөг удахаас зайлсхийдэг (Мат. 6:22). Дэлгэрүүлэх ажилд илүү олон цагаар оролцохын тулд амьдралаа энгийн болгосон христианууд олон бий. Тэдний зарим нь эхлэгчээр үйлчилдэг. Та ч бас эхлэгчээр үйлчилдэг бол үнэхээр сайн хэрэг. «Эхлээд ...хаанчлалыг... хайдаг» хүн аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдардаг (Мат. 6:33).

Есүсийн даруу занг дуурайгтун

9, 10. Есүс даруу байсан нь юунаас харагддаг вэ?

9 Одоо, Есүсийн даруу зангийн тухай ярилцъя. Ер нь, төгс бус хүн эрх мэдэлтэй болохлоороо биеэ тоож эхэлдэг. Гэтэл төгс хүн Есүс тийм зан огт гаргаагүй. Тэрбээр Еховагийн санаа зорилгод гол үүрэг гүйцэтгэдэг боловч бардам ихэмсэг зан гаргаж байсан удаагүй. Бид ч Есүсийн даруу занг дуурайх учиртай. Элч Паул: «Өөр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай. Тэрбээр хэдийгээр Бурхны мөн чанараар оршин байсан боловч, Бурхантай тэгш байх явдлыг Өөртөө хадгалах зүйл гэж үзсэнгүй, харин Өөрийгөө хоосолж, боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ» хэмээн бичжээ (Флп. 2:5–7). Үүнийг юу гэж ойлгох вэ?

10 Есүс тэнгэрт Эцгийнхээ хажууд байх хосгүй завшаан эдэлж байсан боловч өөрийгөө дуртайяа «хоосолжээ». Ехова Есүсийн амийг нэгэн иудей онгон эмэгтэйн умайд шилжүүлсэн. Есүс есөн сарын дараа эгэл жирийн мужаан Иосефын гэрт хүн болон төрж, бусдын л адил өсөж өндийжээ. Тэрбээр нүгэлгүй, төгс байсан хэдий ч төгс бус эцэг эхдээ захирагддаг хүүхэд байв (Лук 2:51, 52). Үнэхээр даруу байжээ!

11. Есүсийн даруу занг яаж дуурайж болох вэ?

11 Бид Есүсийн даруу занг дуурайн, хүмүүст гологддог хар бор ажлыг дуртайяа хийдэг. Тухайлбал, сайн мэдээ дэлгэрүүлж явахад биднийг үл хүндэтгэдэг юм уу шоолдог, бидэнд бүр дайсагнадаг хүн цөөнгүй тааралддаг. Тийм үед дэлгэрүүлэх ажил маань үнэ хүндгүй ажил мэт санагдаж болох юм. Гэлээ ч шантрахгүй дэлгэрүүлбэл Есүсийн дагалдагч болж, аврагдахад нь хүмүүст тусалж чадна (2 Тимот 4:1–5-ыг уншина уу). Бид бас Хаанчлалын танхимаа цэвэрлэхээс эхлээд засаж тордох ажил тогтмол хийдэг. Тухайлбал, хог хаях, шал угаах, жорлон цэвэрлэх гэх мэтийн янз бүрийн хар ажил хийдэг. Гэхдээ бид Хаанчлалын танхимыг Еховаг шүтэхэд зориулсан газар гэж үнэлдэг учир цэвэрлэгээний ажлыг завшаанд тооцдог. Тэгэхлээр, хүмүүсийн голдог ажлыг сайн дураараа, дуртайяа хийдэг маань Христийн даруу занг дуурайж байгаа хэрэг юм.

Есүсийг дуурайн хичээл зүтгэлтэй байгтун

12, 13. а) Есүсийг хичээл зүтгэлтэй хүн байсан гэж хэлэхийн учир юу вэ? Тэрбээр ямар учраас хичээл зүтгэлтэй байсан бэ? б) Бид яавал дэлгэрүүлэх ажилдаа хичээл зүтгэлтэй оролцох вэ?

12 Есүс дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй хүн байв. Тэрбээр дэлхийд амьдарч байхдаа олон янзын ажил хийж байжээ. Жишээ нь, бага залуугаасаа хойд эцэг Иосефтоо туслан, мужааны эрдэмд суралцжээ. Бас баптисм хүртсэнийхээ дараа өвчтэй хүмүүсийг эдгээх, үхэгсдийг амилуулах гэх мэтийн гайхамшиг үйлддэг байсан. Гэхдээ хамгийн гол ажил нь сайн мэдээ тунхаглаж, сонирхсон хүмүүст үнэнийг заах явдал байв (Мат. 4:23). Есүсийн дагалдагч бид ч бас сайн мэдээ дэлгэрүүлдэг. Энэ ажлаа хийхдээ Багшийгаа яаж дуурайх вэ? Есүсийнх шиг үзэл бодолтой болох хэрэгтэй.

13 Есүс, гол нь, Бурхныг хайрладаг байсан учраас дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажил хийдэг байв. Бас үнэнийг буюу заадаг сургаалаа эрхэмлэдэг байсан. Есүс үнэнийг үнэлж баршгүй эрдэнэ мэт үздэг байсны зэрэгцээ бусдад хичээнгүйлэн заадаг байжээ. Библийн сургаалыг заадаг бид ч бас үнэнийг эрхэмлэн үздэг. Та Библиэс ямар үнэт сургаал мэдэж авснаа бодоод үз дээ. Бид олон чухал зүйлийг, ялангуяа, Бурхны хэмжээгүй эрх мэдэлд хамаатай маргаантай ямар асуудал гарсныг, энэ асуудлыг Ехова яаж шийдвэрлэхийг, хүн үхээд яадгийг, Бурхан үнэнч хүмүүсийг шинэ ертөнцөд яаж ивээхийг мэддэг болсон. Хэзээ, яаж олж авснаас шалтгаалж энэ мэдлэг үнэ цэнээ алддаггүй. Үнэн бол хосгүй эрдэнэс билээ (Матай 13:52-ыг уншина уу). Дэлгэрүүлэх ажилдаа урам зоригтой, гал цогтой оролцдог бол Еховагийн заадаг бүхнийг хэр зэрэг өндөр үнэлдгээ бусдад харуулна.

14. Есүсийн заах аргыг хэрхэн дуурайж болох вэ?

14 Есүс хүмүүст яаж заадаг байсныг анхааръя. Тэрбээр хүмүүсийн анхаарлыг ямагт Сударт хандуулдаг байсан. Чухал санааг онцлох бүрдээ «гэж бичигдсэн байдаг» хэмээн хэлдэг байжээ (Мат. 4:4; 21:13). Хэлсэн үгийг нь үзэхэд Есүс Еврей судрын 19 номоос иш татах юм уу дурдсан байдаг. Бид дэлгэрүүлэх ажилдаа Есүсийн жишээгээр Библийг өргөн хэрэглэж, боломж гарах бүрд хүмүүст Библийн зүйл уншуулахыг хичээдэг. Үүний ачаар, чин сэтгэлтэй хүмүүс биднийг өөрсдийнхөө бус, харин Библийн сургаал заадгийг анзаардаг. Библиэс уншиж, Бурхны Үгийн утга, ач тусын талаар ярилцах дуртай хүмүүстэй уулзахад бидний урам сэргэдэг. Хэрэв хүн Есүсийг дагах урилгыг хүлээн авбал бүр сайхан байдаг, тийм биз дээ?

Есүсийг дуурайн бусдыг хайрлагтун

15. Есүсийн илэрхийлсэн онцгой чанар юу вэ? Үүнийг эргэцүүлэн бодохлоор ямар хүсэл төрөх вэ?

15 Одоо, Есүсийн хамгийн гайхамшигтай чанар буюу агуу хайрынх нь тухай ярилцъя. Элч Паул: «Христийн хайр биднийг албаддаг» гэж бичжээ (2 Кор. 5:14). Есүс хүн төрөлхтнийг, хүн нэг бүрийг хэрхэн хайрладгийг гүнзгий эргэцүүлэн бодохлоор тэр хайр зүрх сэтгэлийг маань хөндөж, Есүсийг дагахыг «албадах» буюу жишээг нь дуурайх хүсэл төрүүлнэ.

16, 17. Есүс бусдыг хайрладгаа хэрхэн харуулсан бэ?

16 Есүс бусдыг хайрладгаа хэрхэн харуулсан бэ? Хүн төрөлхтний төлөө амиа дуртайяа золиосолсон нь бусдыг хайрладгийнх нь агуу илрэл юм (Иох. 15:13). Бас өөр олон аргаар хайраа илэрхийлсэн. Тухайлбал, зовж буй хүмүүсийн сэтгэлийг ойлгож, тэднийг өрөвддөг байв. Лазарыг нас барсанд уй гашуу болсон Мариа болон түүнтэй хамт байсан бусад хүнийг хараад, сэтгэлийнхээ гүнээс гашууджээ. Лазарыг амилуулах гэж байсан боловч өөрийн эрхгүй «уйлсан» (Иох. 11:32–35).

17 Есүсийг баптисм хүртээд удаагүй байхад нь нэг уяман өвчтэй хүн түүн рүү ирээд, «Хэрэв Та хүсвэл, намайг цэвэр болгож чадна шүү дээ» гэжээ. Тэгэхэд нь Есүс яасан бэ? Есүс мөнөөх хүнийг «өрөвдө[в]» гэж Библид байдаг. Тэгээд нэг гайхмаар зүйл хийсэн. Тэрбээр «мутраа сунган, түүнд хүрч: „Би хүсэж байна. Цэвэрш“ гэсэнд тэр даруй түүнээс уяман өвчин нь зайлж, тэр цэвэршжээ». Мосегийн хуулийн дагуу, уяман өвчтэй хүмүүс бузарт тооцогддог байсан бөгөөд Есүс биед нь хүрэхгүйгээр эдгээж чадах байсан. Гэтэл тэр хүнийг эдгээхдээ биед нь хүрч, олон жил үзээгүй хайр халамжийг мэдрүүлжээ. Өрөвч сэтгэлийн гайхалтай жишээ биш гэж үү? (Марк 1:40–42).

18. Бусдад «энэрэнгүй, ах дүүсэг» хандахын тулд яах хэрэгтэй вэ?

18 Христийн дагалдагчид бид бусдыг хайрлахын тулд «энэрэнгүй, ахан дүүсэг» байх учиртай (1 Петр 3:8). Бид, архаг хууч юм уу сэтгэл гутрах өвчнөөсөө болоод зовж байгаа итгэл нэгтнийхээ сэтгэлийг ойлгохгүй байж болох юм. Ялангуяа, өөрөө тийм зовлон үзээгүй бол тэдэнд энэрэнгүй хандах амаргүй. Гэхдээ Есүс өвдөж шаналж байгаагүй ч, өвчтэй хүмүүсийг өрөвддөг байсан. Яаж Есүс шиг өрөвч сэтгэлтэй болох вэ? Хүмүүсийг зовлонгоо ярьж, сэтгэлээ уудлахад нь тэвчээртэй сонсох хэрэгтэй. Мөн «Би энэ хүний оронд байсан бол яах байсан бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Бусдын сэтгэлийг илүү сайн ойлгодог болохыг хичээвэл «гутарсан хүмүүсийг тайвшруулж» чаддаг болно (1 Тес. 5:14, ШЕ). Тийнхүү Есүсийн дагалдагч гэдгээ батална.

19. Есүсийн жишээ бидэнд ямар хүсэл төрүүлдэг вэ?

19 Есүс Христийн үг сургаал, үйл хэргийг судлахлаар их юм мэдэж болохоор байгаа биз? Есүсийн тухай хэдийчинээ ихийг мэднэ, түүнийг дуурайх хүсэл төдийчинээ оргилдог. Бас бусдад Есүсийг дуурайхад нь туслах хүсэл тэр хэрээр нэмэгддэг. Тиймээс Хаан Есүсийг үүрд баяр хөөртэй дагацгаая!

Тайлбарлана уу

• Есүсийг дуурайн, яаж мэргэн ухаалаг байх вэ?

• Яаж даруу байх вэ?

• Дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцохын тулд яах хэрэгтэй вэ?

• Бусдыг хайрлах тухайд Есүсийг хэрхэн дуурайж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[5-р хуудасны хавсралт/зураг]

ХРИСТИЙГ ДАГАХАД ТУСЛАХ НОМ

2007 онд болсон мужийн чуулганаар 192 хуудастай, «Ирж, намайг дага» («Come Be My Follower») гэдэг ном англи хэлээр гарсан билээ. Энэ ном нь христиануудад Есүсийг сайн мэддэг болоход, ялангуяа, зан чанар, үйл хэргийг нь мэддэг болоход туслах зорилготой. Эхний хоёр бүлгийн дараа Есүсийн гайхамшигтай зан чанарыг ерөнхийд нь тэмдэглээд, даруу зан, эр зориг, мэргэн ухаан, дуулгавартай байдал, тэвчээрийг нь тус бүрд нь онцолж бичсэн бүлэг бий.

Дараа дараагийн бүлгүүдэд нь Есүсийн заах болон сайн мэдээ дэлгэрүүлэх ажлын талаар, бас агуу хайраа хэрхэн илэрхийлснийг нь бичсэн болно. Ном бүхэлдээ христиануудад Есүсийг дуурайхад нь туслах зорилготой.

Энэ ном бидэнд өөрсдийгөө шалгаж, «Би Есүсийг үнэхээр дуурайдаг уу? Яавал Есүсийг илүү сайн дуурайж болох вэ?» гэдэг асуултыг эргэцүүлэн бодох хүсэл төрүүлнэ гэж найдаж байна. Бас «мөнхийн аминд зөв хандлагатай хүмүүсийг» Христийн дагалдагч болоход нь тус болно (Үйлс 13:48, ШЕ).

[4-р хуудасны зураг]

Есүс дэлхийд ирж хүн болж төрөхийг дуртайяа зөвшөөрсөн. Үүнээс нь Есүсийн ямар зан чанарыг мэдэж болох вэ?

[6-р хуудасны зураг]

Дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцоход юу туслах вэ?