Та «бурхны ...нигүүлслийн» нярав мөн үү?
Та «бурхны ...нигүүлслийн» нярав мөн үү?
«Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» (РОМ 12:10).
1. Библид юуг батлан хэлсэн байдаг вэ?
БИДНИЙГ сэтгэлээр унаж, урам хугарах цагт Ехова тусална гэдгийн баталгааг Библид олон удаа бичсэн байдаг. Жишээ нь, «ЭЗЭН унасан бүхнийг өндийлгөж, сөхөрсөн бүхнийг босгодог», «Тэр эмтэрсэн зүрхтэй хүмүүсийг анагааж, тэдний шархыг боодог» гэсэн нь үнэхээр сэтгэл сэргээдэг (Дуу. 145:14; 147:3). Түүнээс гадна, тэнгэрийн Эцэг маань: «Би бол чиний баруун гараас атгадаг чиний Бурхан ЭЗЭН билээ. Би чамд: „Бүү ай. Би чамд тусална“ гэж айлдаж байна» гэж өөрөө хэлсэн (Ис. 41:13).
2. Ехова ард түмнээ ямар ямар аргаар дэмждэг вэ?
2 Гэхдээ тэнгэрт оршигч Ехова Бурхан бидний гараас яаж «атгадаг» вэ? Биднийг зовлон бэрхшээлээс болж «сөхрөхөд» хэрхэн «босгодог» вэ? Ехова Бурхан олон аргаар тусалж дэмждэг. Тухайлбал, ариун сүнсээрээ дамжуулан ард түмэндээ «хэрээс хэтэрсэн хүч» өгдөг (2 Кор. 4:7, ШЕ; Иох. 14:16, 17). Бас өөрийн Үг буюу Библиэр сэтгэлийг нь сэргээж, хүч өгдөг (Евр. 4:12). Ехова өөр ямар аргаар биднийг дэмждэг вэ? Энэ асуултад Петрийн бичсэн эхний захидал хариу өгдөг.
«Бурхны олон төрлийн нигүүлсэл»
3. а) Элч Петр христиануудад тулгардаг зовлонг ямар гэсэн бэ? б) Петр нэгдүгээр захидлынхаа төгсгөлд юуны талаар бичсэн бэ?
3 Сүнсээр тослогдсон христианууд ирээдүйд том шагнал авах учир баяр баясгалантай байх үндэстэй гэдгийг элч Петр тэдэнд бичсэн захидалдаа тэмдэглэжээ. Тэрбээр цааш нь: «Та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол, элдвийн зовлон эдэлж байгаа» гэж бичжээ (1 Петр 1:1–6). «Элдвийн зовлон» гэж бичсэнийг анхаараарай. Энэ нь сорилт бэрхшээл олон янз байхыг хэлсэн аж. Гэхдээ христианууд тийм олон янзын сорилтыг ч давж чадахыг Петр бас бичсэн. Учир нь тэдэнд ямар ч сорилт тулгарсан, тэр болгоныг давахад нь Ехова туслах ажээ. Үүнд итгэлтэй байж болохын учрыг Петр захидлынхаа төгсгөлд «бүх юмсын төгсгөлийн» тухай дурдсан тэр хэсэгт тайлбарлажээ (1 Петр 4:7).
4. 1 Петр 4:10-т бичсэн үг биднийг яагаад тайвшруулдаг вэ?
4 «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» гэж Петр захисан (1 Петр 4:10). Энд Петр «олон төрлийн» гэдэг үгийг бичсэн. Энд байгаа «олон төрлийн» гэдэг үг, 1 Петр 1:6-д гардаг «элдвийн» гэдэг үг, угтаа, нэг үг ажээ. Тэгэхлээр, Петр зовлон бэрхшээл ч элдэв буюу олон төрлийнх байдаг, Бурхны нигүүлсэл ч олон төрлийнх байдаг хэмээжээ. Үүнийг мэдэхлээр сэтгэл тайвширдаг. Бидэнд ямар ч сорилт тулгарсан, Бурхан тухайн сорилтыг давахад тохируулан нигүүлслээ үзүүлнэ гэсэн үг. Гэхдээ Бурхан нигүүлслээ хэрхэн үзүүлдгийг та Петрийн үгнээс анзаарав уу? Итгэл нэгтнүүдээр маань дамжуулж нигүүлслээ үзүүлдэг.
«Бие биедээ ...үйлчил»
5. а) Христиан хүн бүр яах ёстой вэ? б) Ямар асуултууд урган гарч байна вэ?
5 Петр христиан хурлын бүх гишүүнд: «Юуны өмнө, бие биеэ халуунаар хайрла» хэмээн захиад, «Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биедээ Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчил» гэж бичсэн (1 Петр 4:8, 10). Тиймээс, хурлын гишүүн болгон итгэл нэгт христиануудаа босгон байгуулахад хувь нэмэр оруулах учиртай. Ехова бидэнд өөрийнхөө мэдлийн нэг үнэтэй зүйлийг хариуцуулсан бөгөөд бид үүнийг бусадтай хуваалцах үүрэгтэй. Бурхан бидэнд юу өгсөн бэ? Петр үүнийг «бэлэг» гэсэн. Тэр «бэлэг» гэдэг нь чухам юу вэ? «Бие биедээ ...үйлчлэхдээ» үүнийгээ хэрхэн хэрэглэх вэ?
6. Бурхан христиануудад ямар ямар бэлэг өгсөн бэ?
6 «Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс ...ирдэг» гэж Бурхны Үгэнд байдаг (Иак. 1:17). Үнэн хэрэгтээ, Еховагийн ард түмэндээ өгдөг бүх бэлэг нигүүлслийнх нь илрэл билээ. Еховагийн өгдөг нэг онцгой бэлэг бол ариун сүнс юм. Бид энэ бэлгийн ачаар хайр, сайхан сэтгэл, дөлгөөн зан гэх зэргийн Бурханд таалагддаг чанарыг хөгжүүлж чаддаг. Ийм чанар биднийг итгэл нэгтнүүдээ хайрлаж, чин сэтгэлээсээ дэмжих хүсэл төрүүлдэг. Жинхэнэ мэргэн ухаан, мэдлэг бол ариун сүнсний тусламжтайгаар бидний олж авдаг сайн соёрхлын нэг хэсэг юм (1 Кор. 2:10–16; Гал. 5:22, 23). Тэгэхлээр, бид хүч чадал, ур чадвар, авьяас билгээ тэнгэрийн Эцгээ магтан алдаршуулахад зориулах ёстой бэлэг гэж үзэх нь зүйтэй. Итгэл нэгтнүүддээ Бурхны нигүүлслийг хүртээхийн тулд зан чанар, авьяас чадвараа зориулах нь Бурхны үйлчлэгч бидний үүрэг юм.
«Бэлгээрээ ...үйлчил» Яаж?
7. а) Христиан хүн бүрийн бэлэг юу юугаараа ялгаатай вэ? б) Өөрөөсөө юу гэж асуух нь зүйтэй вэ? Ингэж асуухын учир юу вэ?
7 1 Петр 4:10-ыг үзвэл, хүн бүр бэлэг буюу зан чанар, авьяас чадвартай. Эдгээр нь янз бүрийн бас их, бага байдаг. Тэглээ ч гэсэн, хүн бүр хүлээн авсан, «[тэрхүү өвөрмөц] бэлгээрээ бие биедээ ...үйлч[лэхийг]» Библид уриалдаг. Нарийн яривал, «бэлгээрээ ...сайн нярвууд шиг үйлчил» хэмээсэн нь тушаал юм. Тиймээс «Би Бурхны өгсөн бэлгийг итгэл нэгтнүүдээ зоригжуулахад зориулдаг уу? (1 Тимот 5:9, 10-тай харьцуулна уу). Эсвэл Еховагийн өгсөн авьяас чадварыг, гол нь, эд баялагтай болох, нийгэмд өндөр байр суурь эзлэх зэргээр өөртөө л зориулдаг уу?» гэж өөрөөсөө асуух нь зүйтэй (1 Кор. 4:7). Хэрэв бид «бэлгээрээ бие биедээ ...үйлчилдэг» бол Еховагийн тааллыг олно (Сур. 19:17; Еврей 13:16-г уншина уу).
8, 9. а) Дэлхий дахинд христианууд итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө юу хийдэг вэ? б) Танай хурлын христианууд бие биедээ хэрхэн тусалдаг вэ?
8 Нэгдүгээр зууны христианууд бие биедээ янз бүрээр үйлчилдэг байсныг Бурхны Үгэнд бичсэн байдаг (Ром 15:25, 26; 2 Тимот 1:16–18-ыг уншина уу). Өнөөдөр ч мөн адил жинхэнэ христианууд бэлгээрээ итгэл нэгтнүүддээ үйлчлэх тушаалыг чин сэтгэлээсээ биелүүлдэг. Зарим жишээ үзье.
9 Олон христиан эрэгтэй сар бүр олон цаг зарцуулж, цуглааны хөтөлбөрийг бэлддэг. Тэд Библи судлах явцдаа олж мэдсэн чухал санааг цуглаан дээр хэлж хурлынхаа бүх гишүүнийг урамшуулан зоригжуулдаг (1 Тим. 5:17). Бас итгэл нэгтнүүдээ гэсэн элгэмсэг халуун, өрөвч энэрэнгүй сэтгэлээрээ хүндэтгэл хүлээдэг христиан олон байдаг (Ром 12:15). Сэтгэлээр унасан итгэл нэгтнүүдээ байнга эргэж тойрч, хамт залбирдаг христианууд цөөнгүй бий (1 Тес. 5:14). Бас сорилтыг тэвчиж байгаа итгэл нэгтнүүдээ зоригжуулан, урам хайрласан захиа бичдэг хүмүүс ч байдаг. Өвчтэй, тахир дутуу итгэл нэгтнүүдээ цуглаанд очиход нь тусалдаг христианууд бас байдаг. Байгалийн гамшигт нэрвэгдэж, орон гэргүй болсон итгэл нэгтнүүддээ тусалдаг олон мянган Гэрч бий. Сайхан сэтгэлтэй ах дүү нарын маань халуун хайр, тусламж дэмжлэг нь «Бурхны олон төрлийн нигүүлслийн» баталгаа болдог (1 Петр 4:11-ийг уншина уу).
Аль нь хамгийн чухал бэ?
10. а) Паул Бурханд үйлчлэхдээ ямар хоёр зүйлийг анхаардаг байсан бэ? б) Бид Паулыг дуурайн юу юу хийх хэрэгтэй вэ?
10 Бурхан үйлчлэгчдэдээ итгэл нэгтнүүдийнхээ сайн сайхны төлөө зориулах бэлэг өгсний зэрэгцээ бусдад хүргэх нэг мэдээ даалгасан билээ. Бурханд үйлчлэхийн тулд христиан хүн итгэл нэгтнүүддээ ч үйлчилдэг, сайн мэдээг ч дэлгэрүүлдэг байх учиртайг элч Паул ойлгодог байжээ. Тиймээс, тэрбээр Ефес дэх христиануудад: «Та нарын төлөө надад өгөгдсөн Бурхны нигүүлслийн нярвын үүрэг» гэж бичсэн байдаг (Ефес 3:2). Түүнээс гадна, Паул: «Сайн мэдээ бидэнд даалгагдах нь Бурхнаар батлагдсан» гэж бичсэн (1 Тес. 2:4). Паулын адилаар, бид ч бас Бурхны Хаанчлалын тухай мэдээ тунхаглах даалгавартайгаа ойлгодог. Дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцох нь сайн мэдээг эцэж цуцахыг мэдэхгүй дэлгэрүүлдэг байсан Паулыг дуурайж байгаа хэрэг юм (Үйлс 20:20, 21; 1 Кор. 11:1). Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх нь хүний амь нас аврах ажил гэдгийг бид ухамсарладаг. Үүний зэрэгцээ Паулыг дуурайн, итгэл нэгтнүүдтэйгээ «сүнслэг зарим бэлгийг ...хуваалцах» боломжийг бас хайдаг (Ром 1:11, 12; 10:13–15-ыг уншина уу).
11. Дэлгэрүүлэх болон итгэл нэгтнүүдээ босгон байгуулах үүргээ хэрхэн үзэх ёстой вэ?
11 Христиан хүний хүлээдэг энэ хоёр үүргийн аль нь илүү чухал бэ? Ингэж асуувал шувууны хоёр далавчны аль нь илүү чухал бэ гэж асуусантай адил юм. Хариулт нь ойлгомжтой шүү дээ. Шувуу хоёр далавчаа дэвж байж л нисдэг. Үүнтэй адилаар, бид христиан хүнд тавигддаг шаардлагыг бүрэн дүүрэн хангахын тулд аль алийг нь хийх ёстой. Тиймд, сайн мэдээ дэлгэрүүлэх болон итгэл нэгтнүүдээ босгон байгуулах үүргээ ялгаж салгаж үзэхийн оронд элч Петр Паул хоёрыг дуурайн холбож үзэх нь зүйтэй. Энэ хоёр үүрэг ямар холбоотой вэ?
12. Бид яавал Еховагийн гар дахь багаж хэрэгсэлтэй адил болох вэ?
12 Сайн мэдээ дэлгэрүүлэгчид бид Бурхны Хаанчлалын тухай сэтгэл сэргээм мэдээг хүмүүсийн зүрх сэтгэлд хүргэхийн тулд заах ур чадвараа шавхдаг. Энэ нь тэднийг Христийн шавь болоход нь тусалж байгаа хэрэг юм. Нөгөөтэйгүүр, Бурхны нигүүлслийг тусган, урам хайрласан үг хэлж, тустай үйл хийн итгэл нэгтнүүдийнхээ сэтгэлийг сэргээхийн тулд өөртөө байгаа авьяас чадвар болон бусад бэлгээ зориулдаг (Сур. 3:27; 12:25). Энэ нь тэднийг Христийн шавь байхад нь тусалж байгаа хэрэг юм. Хүмүүст сайн мэдээ дэлгэрүүлэх, «бие биедээ ...үйлчлэхийн» аль аль нь Еховагийн гар дахь багаж хэрэгсэл болохтой адил юм. Энэ бол бидний хувьд том завшаан юм (Гал. 6:10).
«Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул»
13. «Бие биедээ ...үйлчлэхээ» боливол ямар аюултай вэ?
13 Паул итгэл нэгтнүүддээ: «Ах дүүсийн хайраар бие биедээ өөрсдийгөө зориул. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл» хэмээн уриалсан (Ром 12:10). Бид итгэл нэгтнүүдээ гэсэн хайрандаа хөтлөгдөн Бурхны нигүүлслийн нярвын үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг. Хэрэв бид Сатанд дийлдээд «бие биедээ ...үйлчлэхээ» боливол Сатан эв нэгдлийг маань эвдэн бусниулж байгаа нь тэр (Кол. 3:14). Бид эв нэгдэлгүй болбол дэлгэрүүлэх ажилдаа хичээл зүтгэлгүй болно. Сатан ганц л «далавчийг» маань гэмтээгээд биднийг «нисдэггүй» болгож чадна гэдгээ сайн мэддэг.
14. «Бие биедээ ...үйлчлэх» нь хэн хэнд тустай вэ? Жишээ хэлнэ үү?
14 «Бие биедээ ...үйлчлэх» нь Бурхны нигүүлслийг хүртэж байгаа төдийгүй хүртээж байгаа хүмүүст ч ач тустай (Сур. 11:25). АНУ-ын Иллинойс мужид суудаг гэр бүлийн хос Райен Рони хоёрын жишээг үзье. Олон зуун итгэл нэгтэн нь Катрина хар салхины уршгаар орон гэргүй хоцорсныг дуулаад тэд ах дүүсийн хайрандаа хөтлөгдөн, ажлаасаа гарч, байраа зараад, хуучин чингэлэг тэрэг авч, тохижуулаад 1 400 км замыг туулан Луизиан мужид очжээ. Тэнд тэд ах дүү нартаа туслан цаг зав, хүч чадал, мөнгө төгрөгөө зориулан жил гаруй амьдарчээ. 29 настай Райен: «Би тусламжийн ажилд оролцсоны ачаар Бурхантай илүү дотно харьцаатай болсон. Ехова ард түмнээ хэрхэн халамжилдгийг би үзсэн. Ахмад хүмүүстэй хамтран ажиллахдаа итгэл нэгтнүүддээ яаж санаа тавих хэрэгтэйг мэдэж авсан. Бас залуучууд бидний хувьд Еховагийн байгууллагад хийх ажил их байдгийг ойлгосон» гэж хэлжээ. 25 настай Рони: «Би тусламжийн ажилд хувь нэмэр оруулсандаа их баяртай явдаг. Одоо би урьдынхаас илүү жаргалтай амьдарч байна. Энэ ажлын ачаар хуримтлуулсан туршлага ирээдүйд тус болно гэж бодож байна» гэж ярьжээ.
15. «Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчилсээр» байх ямар ямар хүндтэй шалтгаан байдаг вэ?
15 Тэгэхлээр, сайн мэдээ дэлгэрүүл, итгэл нэгтнүүдээ босгон байгуул хэмээсэн Бурхны тушаалыг биелүүлэх нь бүх хүнд ач тустай байдаг нь харагдаж байна. Биднээр туслуулсан хүмүүс сүнслэгээр бэхэждэг, бид өөрсдөө ч өгөхийн жаргал эдэлдэг (Үйлс 20:35). Гишүүд нь бие биедээ чин сэтгэлээсээ санаа тавихын хэрээр хуралд халуун дулаан уур амьсгал бүрддэг. Түүнээс гадна, бид итгэл нэгтнүүдээ гэсэн халуун хайраараа жинхэнэ христиан гэдгээ баталдаг. Есүс: «Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлсэн (Иох. 13:35). Хамгийн гол нь, тусламж шаардагдсан хүмүүст үйлчлэгчдээрээ туслуулдаг халамжит Эцэг Ехова алдаршина. Тэгэхлээр, хүлээн авсан бэлгээрээ «бие биедээ Бурхны олон төрлийн нигүүлслийн сайн нярвууд шиг үйлчлэх» хүндтэй шалтгаан үнэхээр олон байгаа биз? Та бусдадаа үйлчилсээр байх уу? (Еврей 6:10-ыг уншина уу).
Санаж байна уу?
• Ехова үйлчлэгчдээ ямар ямар аргаар бэхжүүлдэг вэ?
• Ехова бидэнд юу өгч, юу даалгасан бэ?
• Итгэл нэгтнүүддээ ямар аргаар үйлчилж болох вэ?
• Бие биедээ дандаа «үйлчлэх» ямар ямар шалтгаан байна вэ?
[Догол мөрийн асуулт]
[13-р хуудасны зураг]
Та «бэлгээрээ» бусдад үйлчилдэг үү, өөрийгөө л баясгадаг уу?
[15-р хуудасны зураг]
Бид бусдад сайн мэдээ ч дэлгэрүүлдэг, итгэл нэгтнүүдээ ч дэмждэг
[16-р хуудасны зураг]
Тусламжийн ажилд оролцож, өөрсдийгөө золиосолдог христиануудыг магтах нь зүйтэй